Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганбатын Мөнхтулга |
Хэргийн индекс | 128/2020/0002/З |
Дугаар | 128/ШШ2020/0571 |
Огноо | 2020-09-07 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 09 сарын 07 өдөр
Дугаар 128/ШШ2020/0571
2020 оны 9 сарын 07 өдөр | Дугаар 128/ШШ2020/0571 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхтулга даргалж,
Нэхэмжлэгч: Б.А /РД:000000/
Хариуцагч: Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга,
Нэхэмжлэлийн шаардлага: “...Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны даргын 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн Б/******* дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албаны даргын албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.С, өмгөөлөгч Д.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Г.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.А нь Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албаны даргын албан тушаалд ажиллаж байх хугацаандаа үүрэгт ажилдаа нягт нямбай хандан сахилгын зөрчил гаргаж байгаагүй. Гэтэл Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны даргын үүрэг гүйцэтгэгч А.Э 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн Б/******* тоот “Б.А-галбан тушаал бууруулах тухай” захирамжийг хууль зөрчин гаргалаа.
Уг захирамж Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.2-т "албаны эрх мэдлээ хэтрүүлэх”, 39,1,3-т “хуульд нийцээгүй шийдвэр гаргах" хориглох тухай тус тус заасныг зөрчөөд зогсохгүй Төрийн албаны тухай хуулийн 47.1-т заасан төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас халах үндэслэл байхгүй байхад ажлаас халсанд гомдолтой байна. Улмаар Төрийн албаны тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-т "Төрийн жинхэнэ албан хаагчийг хуульд зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөх, халахыг хориглоно" гэсэн баталгааг зөрчиж байна.
Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 01/1428 тоот “хууль зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгуулах тухай" албан бичгээр Б.А-гүндэслэлгүй албан тушаал бууруулсан тушаалаа хүчингүй болгож ирүүлэхийг даалгасан боловч өнөөдрийг хүртэл биелүүлээгүй болно.
Иймд Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны даргын үүрэг гүйцэтгэгч А.Э-ийн Төрийн албаны тухай хуулийг зөрчсөн 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн Б/З11 тоот "Б.А-галбан тушаал бууруулах тухай" захирамжийг хүчингүй болгуулах, Сонгинохайрхан дүүргийн газар зохион байгуулалтын даргын албан тушаалд эргүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэр болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхээр тус тус нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг дундаж цалин хөлс тодорхойлох журамд заасны дагуу сүүлийн 3 сарын цалин хөлс болох 4,383,488 төгрөгөөр тооцоход нэг өдрийн 66,416 төгрөгөөр тооцож шүүх хуралдаан болох өдрийг хүртэл хугацаагаар нэхэмжилж байна” гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн Б/******* дугаар бүхий захирамж хууль зүйн хувьд үндэслэлгүй. Б.А-гСонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албаны даргын тушаалаас чөлөөлж, ахлах мэргэжилтний албан тушаалд томилсныг бид нар ажлаас халсан гэж үзэж байна. Төрийн албаны тухай хуулийн 45 дугаар зүйлд чөлөөлөх 3 үндэслэлийг зааж өгсөн. Мөн хуулийн 45 дугаар зүйлийн 45.1.1-д Хууль тогтоомж болон албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг, зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн, мөн хуулийн 45 дугаар зүйлийн 45.1.2-т Үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин нь тухайн албан тушаал эрхлэх шаардлага хангахгүй болсон, мөн хуулийн 45 дугаар зүйлийн 45.1.3-т Хуульд заасан бусад үндэслэл тус тус заасан байдаг.
Гэтэл Б.А-н хувьд ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг, зорилго, зорилтоо хангалттай биелүүлж байсан. Хангалттай үүргээ биелүүлж байсан учраас 2018-2019 онуудын 1, 2 дугаар улиралд урамшуулал авч байсан. Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга А.Э шүүхэд ажлаа хийж чадахгүй байгаа хүнд хариуцлага тооцож чадахгүй бол би ажилдаа хайнга хандсан тохиолдол болно гэсэн тайлбарыг өгч байна. Гэтэл энэ хүн хэзээ томилогдсон бэ гэдэг зүйл гарна. Үүрэг гүйцэтгэгч яагаад албадын дарга нарыг чөлөөлөх эрхийг эдлээд байгаа юм бэ?
Тухайн албан тушаал дээр тавигдсан боловч энэ дарга тухайн Б.А-гажлаа хийж чадаж байна уу, үгүй юу гэдгийг хянаж, шалгах хугацаа байгаагүй. Албан тушаалд томилогдмогц миний хүн биш байна гээд ажлаас шууд чөлөөлсөн. Б.А-гсахилыг зөрчил гаргасан гэж хэлсэн. Зөрчил бол байж болох бөгөөд тэр тусмаа Газар зохион байгуулалтын албанд байдаг бөгөөд дангаараа шийдвэр гаргадаг албан тушаалтан биш юм. Нэхэмжлэгч Газрын тухай хуульд зааснаар Газар зохион байгуулалтын албыг удирдлагаар хангадаг үүрэгтэй. Газар эзэмших эрхийг Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга олгодог. Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй гэж ярьдаг хэдий ч яг ямар үүрэг даалгавар өгсөн нь тодорхойгүй. Ямар үүрэг даалгавар өгөх хугацаа А.Э даргад байгаагүй. Хэрэгт ирж байгаа баримтууд нь зөвхөн Нийслэлийн аудитын газраас ирсэн тайлан байдаг.
335 иргэн, аж ахуй нэгж, байгууллагад 529.9 га газрыг шууд олгосон гэж байна. Гэтэл өнөөдөр Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба нь дуудлага худалдаагүйгээр газар олгосон байдаг бөгөөд уг газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч А.Э нь 14 хоногийн өмнө өөрөө захирамж гаргасан байдаг. Гэтэл үүнд яагаад Б.А буруутай юм вэ. 335 иргэн, аж ахуй нэгжид газар олгосон ажлыг хянаж байх үүрэгтэй Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга юу хийж байсан бэ. Ингэж бодохоор Б.А-г гэм буруутайд тооцож болохгүй. Захиргааны байгууллагаас сонсох ажиллагаа хийх ёстой бөгөөд албан тушаал буруулах ажиллагаанд сонсох ажиллагаа хийгээгүй асуудал байдаг.
Хэзээ өгсөн үүрэг, даалгаврыг нь хэзээ биелүүлээгүй нь хөөн хэлэлцэх хугацаа дотор юм уу, гаргаснаас хойш 6 сар, илрүүлснээс хойш 1 жилийн дотор юм уу гэж бодохоор Нийслэлийн аудитын тайлантайгаа уялдаад 2015-2017 оны дуустал хугацааны тайлан байдаг. Хавтаст хэрэгтэй ирсэн тайлангууд нь бүгд Нийслэлийн аудиттай ирсэн тайлантай хамаатай. 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр илэрч байгаа бол 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр шийтгэх боломжтой. Үүнээс үзэхэд Б.А-н сахилгын зөрчил гаргасан гэдэг нь тогтоогддоггүй.
Төрийн аудитын тухай хуульд Нийслэлийн аудитын газар ийм тайлан гаргах эрхгүй байгаа. Төрийн аудитын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д Төрийн аудитын үндсэн зорилт нь төрийн санхүү, төсөв, нийтийн өмчийг хууль ёсны дагуу арвилан хэмнэлттэй, үр ашигтай, үр нөлөөтэйгөөр төлөвлөх, хуваарилах, ашиглах, зарцуулахад хяналт тавих, түүнчлэн төрийн санхүүгийн удирдлагыг сайжруулж, эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангахад дэмжлэг үзүүлэхэд чиглэнэ гэж заасан. Газар зохион байгуулалтын үйл ажиллагаанд аудит орох эрх байхгүй байна. Харин Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албаны санхүүд аудит орох эрх бий. Ийм учраас хууль зөрчсөн аудитын тайлан гарсан. Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн Б/******* дугаар бүхий тушаалын үндэслэлийг нотолж чадахгүй байна.
Төрийн албаны зөвлөлөөс Б.А-н өмнө нь гаргаж байсан сахилгын шийтгэлүүдийг хүчингүй болгож, мөн Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн Б/******* дугаар бүхий тушаалыг хүчингүй болгуулахаар шийдвэрлэсэн. Үүний биелэлтийг шаардаж, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд албан бичиг хүргүүлж байсан” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нийслэл дэх Төрийн Аудитын газрын “Нийслэл, дүүргийн хэмжээнд газар зохион байгуулалт, олголт, төлбөр хураамжийн байдал, түүний үр дүнд хийсэн гүйцэтгэлийн аудитын тайлангаар 2015 оноос 2017 он, “Иргэн, хуулийн этгээдэд газар олголтын байдал, газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээнд өөрчлөлт оруулах шийдвэр, үйл ажиллагаа нь газрын тухай хуульд нийцсэн эсэх”-д хийсэн нийцлийн аудитын тайлангаар 2015 оноос 2018 он хүртэлх Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба /хуучнаар Газрын алба/ болон Дүүргүүдийн Газар зохион байгуулалтын албадын үйл ажиллагаа холбогдох хууль тогтоомжид нийцээгүй, зөрчсөн, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй болох нь тогтоогдсон гэж үзэж аудитын албан шаардлагууд, төлбөрийн актыг Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албанд ирүүлсэн.Үүнд:
1. Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын алба нь дуудлага худалдаа зохион байгуулаагүй, төсөл сонгон шалгаруулалт зарлалгүйгээр хууль зөрчин 335 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад 529,9 га газрыг шууд олгосон.
Дээрх 529,9 га газрын дуудлага худалдааны анхны үнэлгээг хамгийн бага аргачлалаар тооцоход 20,982.4 тэрбум төгрөгийн орлогыг нийслэл, дүүргийн төсөвт төвлөрүүлэх боломжийг алдсан буюу улсад хохирол учруулсан байна.
2. Гэр бүлийн болон зуслангийн зориулалтаар 1 иргэнд олон газрыг дуудлага худалдааны анхны үнэ төлүүлээгүй эзэмших эрхийг давуу байдлаар олгосон Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албаны холбогдох буруутай албан тушаалтнуудыг хариуцлага тооцуулахаар аудитаар шийдвэрлэсэн. Жишээлэхэд: Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2017 оны А/******* тоот захирамжаар иргэн Б.Золбообаатарт тус дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт тус бүр 6 амины хашааны газрыг буюу нийтдээ 4 200 м.кв газрыг нэг удаагийн захирамжаар хууль зөрчин олгосон.
Өөрөөр хэлбэл, иргэнд гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан хувийн гэр, орон сууцны хашаа барих зориулалтаар 0.07 га, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ, таримал ургамал тарих зориулалтаар 0.1 га-аас илүүгүй газрыг тус тус үнэ төлбөргүй эзэмшүүлэхээр Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, 29.2 заалтад, уг хэмжээнээс илүү тохиолдолд дуудлага худалдаа, төсөл шалгаруулалтын зарчмаар шийдвэрлэхээр хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалтад заасныг зөрчсөн байна.
3. 2018 онд Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас иргэн, хуулийн этгээдэд газар шинээр эзэмшүүлэхдээ дүүргийн Засаг даргын захирамжид тусгагдсан тоо, хавсралтад тусгагдсанаас зөрүүтэй, хавсралтын дугаарлалт, түүнд тусгагдсан нэр, регистрийн дугаар, эзэмшүүлэх жил алдаатай, эсвэл овог, регистрийн дугаарыг тусгаагүй, нэг иргэний нэг газрыг хавсралтад давхардуулан оруулснаар 2 газар эзэмших эрх үүссэн, бичиг техникийн алдаа гарган хавсралт бүрт тэмдэг дарж баталгаажуулаагүй, Газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргын 2008 оны “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам”-ын 7.5, 7.6, 7.7 заалтыг тус тус зөрчжээ. Жишээлбэл:
1. Сонгинохайрхан дүүргийн 12, Сүхбаатар дүүргийн 2, Чингэлтэй дүүргийн 1, Налайх дүүргийн 4, нийт 19 захирамжид газар эзэмшигчийн нэр, регистрийн дугаарыг зөрүүтэй, алдаатай тусгасан;
2. Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2018 оны А/61 дүгээр захирамжийн хавсралтын 90 дүгээрт иргэн М.М-д газрын эзэмших эрхийг 500 жилээр олгохоор тусгасан;
3. Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2018 оны А/237 дугаар захирамжийн 1 дүгээр зүйлд “ ... хавсралтаар 147 иргэний газар эзэмших эрхийг шинээр баталгаажуулсугай” гэж заасан боловч хавсралтад 78, 79 гэсэн дугаарлалтуудыг орхигдуулан 145 хүртэлх дугаарласан буюу нийт 143 иргэнд газар эзэмших эрх олгосон жагсаалт гаргасан” зэрэг зөрчил дутагдлыг дурдсан.
Мөн Б.Ань 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн Б/111 дугаар тушаалаар сануулах, 06 дугаар сарын 05-ны өдрийн Б/114 дугаар тушаалаар цалингийн хувь хэмжээг багасгах сахилгын шийтгэлийг тус тус хүлээсэн байдаг. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн газрын албаны даргаас удаа, дараа хариуцлага алдсан Сонгинохайрхан дүүргийн Газрын албаны даргад хууль тогтоомж болон албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг, зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн тул захиргааны санаачлагаар албан тушаал бууруулах хариуцлагыг ногдуулсан. Ингэхдээ Аудитын хяналт шалгалтаар илэрсэн зөрчлүүдийг таслан зогсоогоогүй, таслан зогсоох арга хэмжээ авагдаагүй, зөрчлийг үргэлжлүүлэн гаргасан, аудитын албан шаардлагыг биелүүлж ажиллахгүй тул Төрийн албаны тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг баримтлан хариуцлага тооцсон.
Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нийслэл дэх аудитын газрын гаргасан дүгнэлттэй холбогдуулж, маргахтай холбоотой эсэх талаар нэхэмжлэгч талаас тайлбар хэлсэнгүй. Хугацааны хувьд илрүүлснээс хойш 6 сар, зөрчил гаргаснаас хойш 12 сарын хугацаанд шийтгэл ногдуулахгүй. Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлд Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах тухай заасан байдаг бөгөөд мөн хуулийн 45 дугаар зүйлд хамаагүй юм. Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.1-д Сануулах, мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.2-т Албан тушаалын цалингийн хэмжээг 6 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах, 48 дугаар зүйлийн 48.1.3-т Төрийн албанаас халах гэж тус тус заасан байна. Нэхэмжлэгч тал урамшуулал авч байсан талаар ярьсан. Урамшууллыг дүүргийн удирдлагуудаас өгч байсан байх. Дүүргийн удирдлага урамшуулал өгч байсан эсэх асуудал нь өөрөө Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас хууль зөрчсөн үйлдэлтэйн холбогдуулаад арга хэмжээ авахдаа албан тушаал бууруулсантай холбоотой асуудалд хамаатай зүйл биш юм. Шүүхэд гаргасан тайлбараа дэмжиж байна” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.А-стус шүүхэд хандан Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны даргад холбогдуулан “Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны даргын 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн Б/******* дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албаны даргын албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримт, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэгт үнэлэлт өгч, дараах үндэслэлээр хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны даргын 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн Б/******* дүгээр тушаалыг 3 сарын хугацаанд түдгэлзүүлж шийдвэрлэлээ.
1. Нийслэлийн Газрын албаны даргын /хуучин нэрээр/ 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Б/16 дугаар тушаалаар нэхэмжлэгч Б.А-гСонгинохайрхан дүүргийн Газрын албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр, 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн Б/104 дүгээр тушаалаар Сонгинохайрхан дүүргийн Газрын албаны даргын албан тушаалд томилжээ.
Улмаар Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны даргын 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн Б/******* дүгээр тушаалаар “...удирдлагаас өгсөн албан даалгаврыг биелүүлээгүй, зохих зөвшөөрөлгүйгээр ажлын байраа удаан хугацаагаар орхин явсан, ажлын цагийг хангалтгүй ашигласан болон Төрийн аудитын газрын “Нийслэл, дүүргийн хэмжээнд газар зохион байгуулалт, олголт, төлбөр хураамжийн байдал, түүний үр дүн”-д хийсэн гүйцэтгэлийн аудитын тайлан, “Иргэн хуулийн этгээдэд газар олголтын байдал, газар эзэмших ашиглах эрхийн гэрчилгээнд өөрчлөлт оруулах шийдвэр, үйл ажиллагаа нь Газрын тухай хуульд нийсэн эсэх”-д хийсэн нийцлийн аудитын тайлангаар холбогдох хууль тогтоомжийг зөрчин, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй” гэх үндэслэлээр Б.А-гСонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албаны даргын үүрэгт ажлаас албан тушаал бууруулан Газрын үнэлгээ, төлбөрийн хэлтэст Газрын төлбөр хариуцсан мэргэжилтнээр томилжээ.
Нэхэмжлэгч уг тушаалыг эс зөвшөөрч тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийг үндэслэлээ “...ажиллах хугацаандаа ямар нэгэн ажлын алдаа дутагдал гаргаж байгаагүй, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлж, хууль журмыг сахин биелүүлж ирсэн байхад хууль зөрчиж албан тушаалаас халсан”, “төрийн албан хаагчийн нийгмийн баталгааг зөрчиж байна” хэмээн тайлбарлан маргаж байна.
2. Маргаан бүхий актад дурдагдсан үйл баримттай холбогдуулан:
Нийслэл дэх Төрийн Аудитын газар,
2018 оны 5 дугаар сарын 13-ны өдрөөс 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд 2015-2017 оны “Нийслэл, дүүргийн хэмжээнд газар зохион байгуулалт, олголт, төлбөр хураамжийн байдал, түүний үр дүн”-д гүйцэтгэлийн аудитыг /НТАГ-/2018/02-ГА/,
2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 6 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд 2015- 2018 оны “иргэн, хуулийн этгээдэд газар олголтын байдал, газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээнд өөрчлөлт оруулах шийдвэр, үйл ажиллагаа нь газрын тухай хуульд нийцсэн эсэх”-д нийцлийн аудитыг /ҮАГ-НАГ-2019/07/НА/ тус тус гүйцэтгэж, Нийслэл дэх Төрийн аудитын газрын 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 1043, 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 1125 дугаар албан бичгээр тайланг Нийслэл, дүүргийн газар зохион байгуулалтын албадад хүргүүлжээ.
Улмаар, Нийслэл дэх Төрийн аудитын газрын аудиторын:
2019 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 03/186 дугаар албан шаардлагаар:
1. “Дуудлага худалдаа зохион байгуулаагүй, төсөл сонгон шалгаруулалт зарлалгүйгээр 131 иргэн, ААН-д 521.25 га газар олгохдоо дуудлага худалдааны анхны үнэ 8 094.6 сая төгрөгийг төлүүлээгүй,
2. Дуудлага худалдаа зохион байгуулж олгох газарт төсөл сонгон шалгаруулалтаар 35 иргэн, ААН-д газар олгохдоо дуудлага худалдааны анхны үнэ 5 364.6 сая төгрөгийг төлүүлээгүй,
3. Төсөл сонгон шалгаруулалтаар газар эзэмшсэн 158 иргэн, ААНБ 595.32 га газар дээрээ зориулалтын дагуу үйл ажиллагаа явуулаагүй,
4. Дуудлага худалдаа зохион байгуулаагүй, төсөл сонгон шалгаруулалт зарлалгүйгээр газар олгосноос 194 иргэн, ААНБ 305.22 га газар дээрээ зориулалтыг дагуу үйл ажиллагаа явуулаагүй зөрчил илэрсэн “тул “166 иргэн, ААНб-д холбогдох хуулийг зөрчиж газар олгохдоо дуудлага худалдааны анхны үнэ 13 459.2 сая төгрөгийг төлүүлээгүй зөрчлийг давтан гаргахгүй байх, зөрчлийг арилгахад чиглэсэн арга хэмжээг хууль тогтоомжийн дагуу авч хэрэгжүүлэх.
Эзэмшил газар дээрээ үйл ажиллагаа явуулаагүй 194 иргэн, ААНБ 305.22 га зориулалтын дагуу ашиглаагүй 158 иргэн, ААНБ 595.32 га нийт 900.54 га газартай холбоотой зөрчлийг арилгах, хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэх”-ийг, 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 03/190 дугаар албан шаардлагаар:
“Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо Эмээлт өртөөнд дүүргийн Засаг даргын 2011 оны 252 дугаар захирамжаар 5 га газрыг аж ахуйн, 10 га газрыг мод үржүүлгийн зориулалтаар “Э” ХХК-нд олгосон ч зориулалтын дагуу ашиглаагүй, мал худалдаалах, нядалгаа хийх зориулалтаар ашиглаж гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байхад 2017 онд СХД-ын ЗД-ын А/234 дүгээр захирамжаар гэрээний хугацааг сунгасан байна... Газраа зориулалтын дагуу ашиглаагүй, газар эзэмших гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй газар эзэмшигчид хууль тогтоомжийн дагуу холбогдох арга хэмжээг” авч биелэлтийг 2019 оны 11 дүгээр сарын 01-ний дотор Нийслэл дэх Төрийн аудитын газарт ирүүлэхийг тус тус Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албаны даргад Б.А-ддаалгасан.
Улмаар Нийслэл дэх Төрийн Аудитын газрын 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 1125 дугаар албан бичигтэй холбогдуулан Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны даргаас:
2019 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 11 болон 12 дугаар албан даалгавраар дүүргүүдийн Газар зохион байгуулалтын албаны дарга нарт “аудитаар өгсөн акт, албан шаардлага, зөвлөмжийн биелэлтийг бүрэн хангуулж, албан даалгаврын хэрэгжилтийг ханган ажиллаж 2019 оны 9 дүгээр сарын 15-ны дотор тайланг гаргаж ирүүлэхийг үүрэг болгож”,
2019 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн “Ажил эрчимжүүлэх талаар авах арга хэмжээний тухай” 14 дүгээр албан даалгавраар “албан даалгаврын хэрэгжилтийг хангаж ажиллаж, 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөрт багтаан дэлгэрэнгүй тайланг хавсралтын дагуу бэлтгэж ирүүлэхийг” дүүргүүдийн Газар зохион байгуулалтын албаны дарга нарт үүрэг болгосон.
3. Түүнчлэн, Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албаны даргын зүй бус харилцаа, ёс зүйн асуудлаар Сонгинохайран дүүрэгт оршин суух иргэн Н-аас Нийслэлийн мэдээлэл лавлагааны 1800-1200 тусгай дугаарт гомдол гаргасан хийгээд Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 01-04/3490 дугаар албан бичгээр нэхэмжлэгч Б.А-д“...Байгууллагын хөдөлмөрийн дотоод журам”-ын 7 дугаар зүйлийн 7.10-д “ээлжийн амралт олгох мэдэгдлийг Хүний нөөц хариуцсан мэргэжилтэн Санхүү болон албан хаагчид хүргүүлж, ээлжийн амралтын мөнгөн олговрыг бодуулж олгуулна ...” гэж заасныг зөрчиж, төрийн албан хэвийн үйл ажиллагааг алдагдуулж, ажлын байраа дур мэдэн орхисон нь хууль зөрчсөн үйлдэл болж байгааг үүгээр мэдэгдэж байна” гэсэн мэдэгдлийг хүргүүлж байсан гэх үйл баримт хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан баримтаар тус тус тогтоогдож байна.
4. Төрийн албаны тухай хуулийн 45 дугаар зүйлд “45.1. Төрийн жинхэнэ албан хаагчийг дараахь үндэслэлээр захиргааны санаачилгаар албан тушаал бууруулж болно:
45.1.1.хууль тогтоомж болон албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг, зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн;
45.1.2.үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин нь тухайн албан тушаал эрхлэх шаардлага хангахгүй болсон;
45.1.3.хуульд заасан бусад үндэслэл.
45.2.Энэ хуулийн 45.1-д заасан шийдвэрийг хуульд өөрөөр заагаагүй бол төсвийн шууд захирагч гаргана” хэмээн,
Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ” хэмээн тус тус заажээ.
5. Нэхэмжлэлийн нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан шүүхээс 2020 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 1/704, 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 1/1477 дугаар албан бичгүүдээр хариуцагчаас, шүүх хуралдааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөс маргаан бүхий акт болох Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны даргын 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн Б/******* дүгээр тушаалтай холбогдуулан Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-т заасан нөхцөл байдлыг тогтоох үүргийнхээ хүрээнд ямар ажиллагааг хийсэн болох, Нийслэл дэх Төрийн аудитын газрын НТАГ-/2018/02-ГА дугаар бүхий 2015-2017 оны “Нийслэл, дүүргийн хэмжээнд газар зохион байгуулалт, олголт, төлбөр хураамжийн байдал, түүний үр дүнд гүйцэтгэлийн аудит хийсэн тайлан, ҮАГ-НАГ-2019/07/НА дугаар бүхий 2015- 2018 оны “иргэн, хуулийн этгээдэд газар олголтын байдал, газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээнд өөрчлөлт оруулах шийдвэр, үйл ажиллагаа нь газрын тухай хуульд нийцсэн эсэх”-д нийцлийн аудитыг тайланд дурдсан зөрчлүүдээс аль аль нь нэхэмжлэгч Б.А-гСонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албаны дарга болсноос хойш хугацаанд хамаарах хийгээд албаны даргын ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэгт хамааралтай гэх нөхцөл байдлыг хэрхэн шалгаж тогтоосон болохыг тодруулсан боловч хариуцагчийн зүгээс энэ талаарх тайлбарыг шүүхэд ирүүлээгүй, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөс тухайлсан тодорхой тайлбарыг хийх боломжгүй болохоо илэрхийлсэн болно.
Иймд дээрх дурдсан нөхцөл байдлыг бүрэн тодруулалгүйгээр төрийн жинхэнэ албан хаагчийг захиргааны санаачлагаар албан тушаал бууруулсан маргаан бүхий актыг шүүх хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий хэмээн үзэх боломжгүй байх тул хариуцагчаас хууль журамд нийцүүлэн дахин шинэ акт гаргах хүртэл маргаан бүхий захиргааны актыг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.11 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, Төрийн албаны тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1.1-д заасныг тус тус үндэслэн Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны даргын 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн Б/******* дүгээр тушаалыг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасныг үндэслэн шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагч захиргааны байгууллага дахин шинэ акт гаргаагүй бол Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны даргын 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн Б/******* дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.М