Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 216/МА2017/00020

 

Д.С нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

Говьсүмбэр аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Тэгшсуурь даргалж, шүүгч Н.Батчимэг, шүүгч Х.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар;

Нэхэмжлэгч: Г аймгийн Ш сумын  дүгээр баг,  дугаар байрны  тоотод оршин суух, Х овогт Д С /РД:, утас:/-ийн нэхэмжлэлтэй 

Хариуцагч: Г аймгийн Ш сумын Э м т /Хуулийн этгээдийн РД:, утас:/-д холбогдох

Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 134/ШШ2017/00167 дугаар  шийдвэртэй,

ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Сайханаагийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг шүүх 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Х.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Жигжсүрэн, түүний өмгөөлөгч Э.Сайханаа, хариуцагчийн төлөөлөгч П.Ганчимэг, түүний өмгөөлөгч Б.Батчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Чанцалдулам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ :

      Нэхэмжлэгч Д.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2006 оноос Ш сумын Э м төвд санхехникчээр ажиллаж байгаад 2015 оны 11 сард сантехникчийн орон тоо байхгүй гэсэн үндэслэлээр ажлаас халагдаж шүүхэд нэхэмжлэл гаргаснаар 2016.12.27-нд тус сумын Эрүүл мэндийн төвд  сантехникчээр ажилдаа эргэн орсон хэдий ч тус төвийн даргын 2017.04.24-ний өдрийн Б/17 тоот тушаалаар сантехникчийн орон тоо байхгүй гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлсөнийг хүлээн зөвшөөрөхгүй. Шивээговь сумын Эрүүл мэндийн төвийн бүтэц орон тоо 2006 оноос хойш 6 үйлчлэх ажилтантай байсан, үүнд жолооч 1, сантехникч 1, нярав1, үйлчлэгч 2, тогооч 1 нийт 6 үйлчлэх ажилтан ажиллаж байсан, одоо ч энэ бүтэц орон тоогоор ажиллаж байгаа болно. Иймд Шивээговь сумын Эрүүл мэндийн төвийн сантехникчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг гаргуулан, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Тус төвийн даргын тушаалыг 2017.05.23-ны өдөр гардаж авсан болно   гэжээ.

 

 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Жигжсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа : Д.С нь 2015 оны 12 дугаар сарын 01-нд анх ажлаас үндэслэлгүй халагдаж байсан. Шүүхэд хандаад 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Хяналтын шатны шүүхээр шийдвэрлэгдээд ажилд нь авахгүй байж байгаад 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр тушаал гаргаад 28-нд тушаалаа танилцуулаад 2017 оны 01 дүгээр сарын 01-нээс ажилдаа орж, 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдөр мэдэгдэх хуудас өгөөд, 04 дүгээр сарын 24-ний өдөр ажлаас чөлөөлсөн.

Ажилд оруулахад хөдөлмөрийн гэрээ хийгээгүй. Хөдөлмөрийн гэрээг 2 хувь үйлдэж хийгээд ажилчиндаа 1 хувийг нь өгөх ёстой байсан ч өгөөгүй. Үүнийг нь би хөдөлмөрийн гэрээ хийгээгүй гэж үзэж байгаа. Нэг хувийг нь өгөөгүй болохоор гэрээ хийгээгүй гэж үзэж байгаа.

Мөн ажлаас халахдаа ажлаас халсан тушаалын эх хувийг өгөөгүй. Канондсан хувь өгсөн. Тушаалынхаа эх хувийг авч шүүхэд хандах гэсээр байгаад 05 дугаар сарын 23-ны өдөр тушаалынхаа эх хувийг авъя гэж байж аваад шүүхэд нэхэмжлэл гаргасан. Сантехникч слесарийн орон тоо нь туслах ажилчны орон тоонд багтаж явдаг. Бусдаар сантехникч слесерь гэсэн тусдаа орон тоо байдаггүй. 2006 оноос хойш туслах ажилчныхаа орон тоонд багтаж явж байсан.

Туслах ажилтны орон тоо 6 орон тоогоор батлагдаж орж ирсэн. Үүнд үйлчлэгч, жолооч, нярав, тогооч, сантехникч, нягтлан байж байгаад захиргааны мэдэлд очсон. Одоогийн байдлаар 4 орон тоотой болоод байгаа. Энэ 4 орон тоонд үйлчлэгч, нярав, тогооч, жолооч багтаж байгаа. Гэрээтээр 2 үйлчлэгч авч ажиллуулж байгаа. Сантехникийн слесарын орон тоо байхгүй гэсэн мөртлөө 2 гэрээт үйлчлэгч авсан. Тэр 2 гэрээт үйлчлэгчтэйгээ 6 орон тоо болоод байгаа. Д.С Дээд шүүхийн шийдвэрээр орж ирсэн 7 дахь хүн гэж дарга хэлээд байгаа. Миний бодлоор 4 орон тоо болоод байгаа. 2 гэрээт үйлчлэгч нь орон тоондоо ороод байгааг нь би сайн ойлгохгүй байна. Төсөв мөнгө байхгүй, орон тоо болохгүй гээд байгаа мөртлөө яагаад гэрээт ажилчид авч ажиллуулаад байгааг ойлгохгүй байна.

Иймд ажилдаа эргүүлэн томилуулах ба ажилгүй байсан хугацааны нөхөн олговор нэхэмжилсэн. Эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхээр шүүхэд хандсан. Тушаал өгсөн хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэсэн тайлбарыг хариуцагч тал тавьж байна. Хуулбар хувь өгснөө өөрсдөө хүлээн зөвшөөрсөн. Мөн сүүлд 2017 оны 05 дугаар сарын 23-нд эх хувиа өгснөө хүлээн зөвшөөрдөг. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-т хөдөлмөрийн гэрээ цуцалсан шийдвэрийг өгөх үүрэг нь ажил олгогч талд байдаг. Ажилтан тушаалаа авахаар шаардах үүрэггүй. Өгөх үүрэг нь байдаг тул түүнийг эх хувиар нь хуулийн дагуу хүчинтэй шийдвэрийг өгсөн бол энэ маргаан өөр цаг хугацаанд нэхэмжлэл гаргагдаад явах байсан. Тушаалаа 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдөр гардаж авснаас хойш 1 сарын дотор буюу 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдөр нэхэмжлэл гаргаснаараа хөөн хэлэлцэх хугацаа алдаагүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэж хүсч байна гэжээ.

    

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ганчимэг шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь манай байгууллагын бүтэц орон тоо сүүлийн 3 жилд 22 орон тоотой явсан ч 2015, 2016 онд 16 ажилтан ажиллаж байсан учир цалин сан хүрч байсан. 2017 онд бүтэц орон тоогоороо 22 хүн ажиллаж байгаа учраас цалин сан хүрэхгүй байгаа. Туслах ажилтны 6 гэсэн бүтэц орон тоон дээр нарийн бичиг, тогооч, жолооч, үйлчлэгч 2, нярав гэсэн албан тушаалууд багтдаг. Яагаад гэрээт 2 үйлчлэгч ажилд авсан бэ гэхээр Д.С ахыг манайд эргэж ажиллуул гэсэн шүүхийн магадлал гараагүй байх үед 2016 оны 11 дүгээр сард үйлчлэгч нэмж авсан байсан. Авахдаа манай цалин сан хүрэхгүй гэдгээрээ байгууллагыг хэмнэлтийн горимд шилжүүлэх тогтоолуудыг үндэслээд гэрээт ажилчнаар 2 үйлчлэгч авч ажиллуулсан. Тэр 2 үйлчлэгч 6 орон тоонд ордоггүй. Бичиг хэрэг гэдэг орон тоо байдаггүй тул бичиг хэргийг нийгмийн эрүүл мэндийн ажилтан хавсарч хийдэг. Цалин хүрэхгүй учир хавсарч хийлгэж, хавсарч хийлгэсэн хувь олгосоор ирсэн. 2016, 2017 онд энэ байдал үргэлжилсэн. Хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй гэдэг дээр хүлээн зөвшөөрнө, хөдөлмөрийн гэрээг манай боловсон хүчний асуудал хариуцсан ажилтан Ц байгуулах байсан боловч завсар нь үлдсэн байж гэдгийг би сүүлд харсан.

Бид боломжтой байвал гэрээт ажилтнаар авъя гэсэн саналыг манай талаас анхнаасаа гаргаад байсан боловч өөрсдөө хүлээн зөвшөөрөхгүй явсаар өдийг хүрсэн. Манай цалин сан хаанаа ч хүрэхгүй байна. Манай байгууллага 2013 оноос Япон улстай хамтарсан Өвсний үндэс гээд төсөл хэрэгжүүлээд тухайн үедээ манай байгууллагын сантехникийг бүтнээр нь сольсон. Үүний дараа 2013 онд сум тосгоны эрүүл мэндийн төвийн баримтлах бүтэц орон тооны удирдамжийн дагуу бүтэц орон тоогоо шинэчилсэн. Үүнээс хойш манайд сантехникчийн ажил чухал биш гэж удирдах дээд байгууллагаас удаа дараа мэдэгдсэн байдаг. Ажилчдын хурал дээр ирж танилцуулсан байдаг. Ингээд бүтэц орон тоондоо сантехникийн ажилтан шаардлагагүй гэж баталж, 2015 оноос хойш явсан. 2016 оны 11 дүгээр сард Эрүүл мэндийн яамны санхүүжилтээр манайд 1 тэрбум төгрөгний хөрөнгө оруулалттай 2 давхар шинэ барилга ашиглалтанд орсон. Үүнтэй холбоотойгоор манай цэвэрлэгээний талбай болон ашиглах талбай ихэссэн. Энэ хугацаанд манай барилгыг барьсан компани барилгын засвар болон сангийн асуудлыг 5 жил хариуцах гэрээтэй. Тиймээс манай байгууллагад сантехникийн ажилтан шаардлагатай биш болсон. Би Д.С ахын ажлын тайланг нотлох баримт шинжлэн судлуулахад яагаад хэлэлцүүлсэн бэ гэхээр манайд 4 сар ажиллахдаа яг өөрийнхөө үндсэн орон тоон дээр хийсэн ажил гэвэл 1-2 ширхэг л байдаг. Тиймээс шаардлагатай ажилтнаар үйлчлэгчээ авах шаардлагатай байсан. Гэхдээ Д.С ахыг ажилд эргүүлж авахгүйн тулд үйлчлэгч авсан юм биш, 2016 оны 11 дүгээр сард үйлчлэгчээ авсан байсан.

Шүүхийн шийдвэрээр Д.С ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулахаар шийдвэрлэсэн учраас шүүхийн шийдвэрийг биелүүлж сантехникчийн ажилд эгүүлэн томилсон. Хэдийгээр ажил олгогч байгууллага шүүхийн шийдвэрийг биелүүлж буцаан томилсон ч бүтэц зохион байгуулалтын хувьд сантехникчийн орон тоонд ажиллуулах ямар ч боломжгүй, орон тоо байхгүй учраас цаашид ажлын байраар хангах боломжгүй болохыг түүнд хуулийн хугацаанд мэдэгдэж Эрүүл мэнд, спортын сайд, Сангийн сайдын хамтарсан 2015 оны 12 сарын 21-ны 498/345 дугаар тушаал, Сум, тосгоны эрүүл мэндийн төв, сум дундын эмнэлгийн бүтэц үйл ажиллагааны MNS5081:2013 стандартын А хавсралт, Засгийн газрын 2015 оны 147 дугаар тогтоолын 3.3, 5.1 Улсын их хурлын 2016 оны 47 дугаар тогтоолын 2.а дахь хэсгийг баримтлан 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр ажлаас чөлөөлсөн.

Д.С нь ажлаас чөлөөлөх тухай 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Б/17 тоот тушаалын хуулбарыг мөн өдрөө гардаж авсан. Гэхдээ Д.С хувьд 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдөр ажлаас үндэслэлгүй халагдсан гэж зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шүүхэд хандсан байдаг. Хэдийгээр зөрчигдсөн эрх нь хөндөгдөж байгаа боловч нэхэмжлэгчийн зүгээс хуульд заасан хугацаа хэтрүүлсэн гэдэг нөхцөл байдал хэргээс харагддаг.

    Яагаад гэхээр Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлыг ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш 1 сарын дотор шүүхэд гаргана гэж заасан байдаг. Хуулийн хүрээнд авч үзэхэд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хугацаа хэтрүүлсэн байна гэж үзэх үндэслэлтэй байна. 2017 оны 04 дүгээр сарын 24-нөөс 2017 оны 05 дугаар сарын 25 гэх 1 сарын дотор гэсэн хугацаанаас хойш 25 хоногийн хугацаа хэтрүүлж шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. Шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хугацаа хэтрүүлсэн бол түүнийгээ нотлох үүрэгтэй, нотолсон баримт хэрэгт авагдаагүй. Тиймээс хугацаа хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлтэй. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

    Анхан шатны шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 129 дүгээр зүйлийн 129.2-т зааснаар Д.С нэхэмжлэлтэй Говьсүмбэр аймгийн Ш сумын Э м т холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, энэхүү нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг, мөн гомдол гаргах эрхтэйг тус тус дурдаж  шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Э.Сайханаа давж заалдах гомдолдоо: Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 167 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт: Нэхэмжлэгч Д.С нь ажил олгогчийн ажлаас халсан шийдвэрийг 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авсан атлаа 2017 ны 06 дугаар сарын 19-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан “ажилтан ажлаас буруу халсан тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана” гэсэн маргааны талаар гомдол гаргах хуулийн хугацаа хэтрүүлсэн байна.

             Нэхэмжлэгчийн зүгээс ажил олгогч ажлаас халсан шийдвэрээ эхээр нь өгөөгүй, хуулбарлаж  өгсөн, эх хувиар нь өгсөнөөс хойш тооцож шүүхэд нэхэмжлэл гаргасан тул хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй хэмээн тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй юм.

            Харин Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Эрүүл мэндийн төвийн тушаал, тогтоол, захирамж танилцуулсан бүртгэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-т зааснаар ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн гэрээ цуцалсан тухай шийдвэрийг халагдсан өдөрт нь өгөх үүргээ хэрэгжүүлсэн гэж үзэхээр байна.

            Өөрөөр хэлбэл хуулийн энэ агуулгаас үзэхэд ажил олгогч ажлаас халсан шийдвэрийг ямар хэлбэрээр ажилтанд хүлээлгэн өгөхийг нарийвчлан заагаагүй, харин ажлаас халсан болохыг мэдэгдэж, халсан шийдвэрийг өгөх үүргийг хүлээлгэсэн, уг үүргийг ажил олгогч биелүүлсэн байна гэжээ.

            Нэхэмжлэгч Д.С нь 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Шивээговь сумын Эрүүл мэндийн төвийн даргын Б/24 тоот тушаалыг эх хувиар нь /шүүхэд нэхэмжлэл гаргахад нотлох баримтын шаардлага хангахуйц хэлбэрээр/ гардуулж өгөөгүй буюу хариуцагч бланк байхгүй гэсэн үндэслэлээр тус тушаалыг хуулбарлаж өгсөн. Харин нэхэмжлэгч Д.С 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдөр ажлаас халагдсан тушаалаа эх хувиар нь гардаж аваад нэхэмжлэлээ 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдөр шүүхэд гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасныг зөрчөөгүй байна.

            Мөн “ажил олгогч ажлаас халсан шийдвэрийг ямар хэлбэрээр ажилтанд хүлээлгэн өгөхийг нарийвчлан заагаагүй” гэсэн нь эрх зүйн хувьд бодит байдалд үнэн зөв үнэлгээ дүгнэлт хийлгүй дүгнэсэн, “ажлаас халсан болохыг мэдэгдэж, халсан шийдвэрийг өгөх үүргийг хүлээлгэсэн, уг үүргийг ажил олгогч биелүүлсэн байна “ гэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулинд үл нийцэж байх ба Хөдөлмөрийн тухай хуулинд ажлаас халсан болохыг мэдэгдэх биш ажлаас халах тухай мэдэгдэх зохицуулалттай, ажлаас халсан шийдвэрийг өгөх үүргийг хүлээлгэсэн нь ажлаас халагдсан шийдвэрийг өгөх үүрэгтэйгээс ажлаас халсан шийдвэрийн хуулбарыг гардуулан өгөх үүрэггүй тул хариуцагч тал нь Хөдөлмөрийн хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-т заасан үүргийг биелүүлээгүй байна.

             Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ НЬ :

Нэхэмжлэгч Д.С нь Г аймгийн Ш сумын Э м төвд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх ба хариуцагч нь энэхүү шаардлагыг эс зөвшөөрч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй хэмээн  маргасан байна.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа “ажлаас чөлөөлөх тухай” Ш сумын Э м т даргын 2017.04.24-ний өдрийн Б/17 тоот тушаал /хх-2/, мөн төвийн даргын 2016.12.27-ны өдрийн Б/22 тоот “ ажилд томилох тухай” тушаал /хх-3/, 2017 оны цалингийн карт /хх-5/, нотариотаар гэрчлүүлсэн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хх-6/ , Шивээговь сумын Эрүүл мэндийн төвийн 2015, 2016, 2017 онуудын төсөв /хх-43-45/ зэрэгт үндэслэжээ.

Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 129 дүгээр зүйлийн 129.2-т заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч тал  нь уг шийдвэрийг эс зөвшөөрч...анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт хийсэн дүгнэлт нь Хөдөлмөрийн тухай хуульд үл нийцсэн, энэ хуулинд ажлаас халсан болохыг мэдэгдэх биш ажлаас халсан шийдвэрийг өгөх үүргийг хүлээлгэсэн, ажлаас халсан шийдвэрийн хуулбарыг гардуулан өгөх үүрэггүй тул ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-т заасан үүргийг биелүүлээгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэсэн агуулга бүхий  давж заалдах гомдол гаргажээ.

 Дээрх давж заалдах гомдлын дагуу ИХШХШТХуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянан үзлээ.

Анхан шатны шүүх ИХШХШТХуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх журмыг бүрэн хэрэгжүүлээгүйгээс шийдвэр нь ИХШХШТХуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзсэн.

Учир нь хэргийн материалаас үзэхэд: 1. Нэхэмжлэгч Д.С нь Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Хүн эмнэлэгт 2006 оны 5 сарын 31-ний өдрөөс слесарь-мужаанаар томилогдон 2015 онд хүртэл ажиллаж байгаад Шивээговь сумын Эрүүл мэндийн төвийн даргын 2015.11.24-ний өдрийн Б/16 тоот тушаалаар слесарь-мужааны ажлаасаа чөлөөлөгдсөн байх ба тэрээр уг шийдвэрийг эс зөвшөөрч  марган шүүхэд гомдол гаргаж улмаар анхан болон давж заалдах, хяналтын шатны шүүхээр хэрэг нь хянагдаж урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоогдсоны улмаас тус сумын Эрүүл мэндийн төвийн даргын 2016.12.27-ны өдрийн Б/22 тоот тушаалаар сантехникчээр  эгүүлэн томилогдсон байх боловч мөн төвийн даргын 2017.04.24-ний өдрийн Б/17 тоот тушаалаар сантехникчийн ажлаасаа чөлөөлөгдсөн байна.

Энэ нь хэрэгт авагдсан Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Хүн эмнэлэгийн эрхлэгчийн 2006.05.31-ний өдрийн 18, 2011.11.14-ний өдрийн 60  дугаар тушаалууд /хх-21, 24/, тус сумын Эрүүл мэндийн төвийн даргын 2016.12.27-ны өдрийн Б/22 тоот тушаал /хх-3/, мөн төвийн даргын 2017.04.24-ний өдрийн Б/17 тоот тушаал /хх-2/, Д.С нийгмийн даатгалын дэвтрийн нотариотаар гэрчлүүлсэн хуулбар /хх-6/ зэргээр тогтоогдож байна.

Харин хариуцагч буюу ажил олгогч нь нэхэмжлэгчийг Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан  ажил олгогчийн шийдвэрийг гардан авснаас хойш 1 сарын дотор шүүхэд гомдол гаргана гэсэн хуульд заасан хугацааг хэтрүүлэн шүүхэд гомдол гаргасан, мөн хуулинд ажил олгогчийн шийдвэрийг заавал эх хувиар  гардуулсан байхыг шаардаагүй гэж,

 -нэхэмжлэгч тал нь ажил олгогчийн Б/17 тоот шийдвэрийг 2017.05.23-ны өдөр гардаж авсан, энэ хугацаанаас тооцон шүүхэд нэхэмжлэл гаргасан тул Хөдөлмөрийн тухай хуульд заасан хугацааг хэтрүүлээгүй  хэмээн талууд маргасан байна.

Хариуцагч буюу ажил олгогч Шивээговь сумын Эрүүл мэндийн төв нь “Д.С ажлаас халсан тухай” 2017.04.24-ны өдрийн Б/17 тоот тушаалыг гаргасан тухайн өдөрт нь нэхэмжлэгч Д.С, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Жигжсүрэн нарт танилцуулж улмаар байгууллагын “тушаал, тогтоол захирамж танилцуулсан бүртгэл”-д гарын үсэг зуруулсан, мөн өдөртөө  дээрх тушаалыг хуулбарлан /канондаж/ өгсөн   талаар талууд маргаагүй болно.

Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-т “Ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн гэрээ цуцалсан тухай  шийдвэр,  нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр, хуульд заасан бол ажлаас халагдсаны тэтгэмжийг халагдсан өдөрт нь өгөх үүрэгтэй гэж заасан. Энэ нь ажил олгогчийн хуулиар хүлээсэн үүрэг юм.

 Өөрөөр хэлбэл дээрх хуулиар  ажил олгогч нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж түүнийг ажлаас чөлөөлсөн буюу ажлаас халсан тохиолдолд энэ тухай шийдвэрийг халагдсан өдөрт нь ажилтанд өгөхийг ажил олгогчид  үүрэг болгосон  байна.

 Ийнхүү ажил олгогч нь  шийдвэрийн эх хувийг халагдсан өдөрт нь   ажилтанд өгөхийг ажил олгогчид хуулиар үүрэг болгосон нь зөрчигдсөн эрхээ хамгаалж шүүхэд гомдол гаргах эрхээ хэрэгжүүлэх боломжийг ажилтанд олгож байгаа агуулгатай болохоос биш “хуулбар” буюу конандсан хувийг өгсөнөөр тухайн ажилтанд гомдол  гаргах эрх нээгдсэн гэж үзэх нь дээрх хуулийн зорилго, агуулгад нийцэхгүй  юм.       

           Мөн хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т “Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана гэж ажилтны гомдол гаргах эрхийг хуульчлан зохицуулсан. 

            Хуулиар  ажил олгогч шийдвэрээ ажилтанд танилцуулж улмаар   нэг хувийг нь гардуулж өгөх ёстой бөгөөд ингэснээр ажилтаны гомдол гаргах хугацаа нь  шийдвэрийг хүлээн авсан өдрөөс эхлэж  тоологдох учиртай ба энэ нь ажил олгогчийн шийдвэрийг “хүлээн авсан”-аар гомдол гаргах эрх ажилтанд үүсч  улмаар ажилтан  ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс эхлэн гомдол гаргах эрхээ хэрэгжүүлэх боломжтой болох юм.

             Гэтэл хариуцагч буюу ажил олгогч Шивээговь сумын Эрүүл мэндийн төв  нь Б/17 тоот тушаалыг ажилтанд танилцуулсан,  тэрээр 2017.04.24-ны өдрөөс ажлаас чөлөөлсөн талаар “мэдсэн” тул энэ хугацаанаас шүүхэд гомдол гаргах хугацаа тоологдох учиртай хэмээн тайлбарладаг.

              Энэхүү “мэдсэн” гэдгийг ажил олгогчийн шийдвэрийг зохих албан тушаалтан танилцуулсан буюу нэг хувийг нь өгсөн, ингэж албан ёсоор түүнд хандаагүй ч арга хэмжээ авагдсан гэдгээ уг ажилтан  бусдаас сонсох, өөр бусад байдлаар ч мэдсэн байж болохыг ойлгоно.

              Гэвч Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т зааснаас үзэхэд   ажил олгогчийн шийдвэрийг  ажилтан  “мэдсэн”  байхыг хууль шаардаагүй, харин хуулийн шаардлага  нь ажил олгогч  шийдвэрээ ажилтанд өгөх үүрэгтэй,  уг шийдвэрийг нь ажилтан хүлээн авсанаар түүний гомдол гаргах эрх хэрэгжих ёстой    байна. 

Тиймээс хариуцагч буюу  ажил олгогч Эрүүл мэндийн төвийг  2017.04.24-ны өдрийн Б/17 тоот тушаалыг ажилтанд тухайн өдөрт эхээр нь гардуулж өгөөгүй,  хуулбар хувийг өгсөн, нэхэмжлэгч буюу ажилтан Д.С нь 2017.05.23-ны өдөр  Б/17 тоот тушаалыг эхээр нь гардан авсан ба  энэ талаар талууд маргаагүй байх бөгөөд тэрээр  2017.06.19-ны өдөр шүүхэд гомдол гаргасан  нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан хугацааг зөрчөөгүй гэж үзэх үндэслэл болно.   

            Дээрх нөхцөл байдлуудаар хариуцагчийн “Нэхэмжлэгч Д.С нь 2017.06.19-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуульд заасан гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн, тэрээр  шаардах эрхгүй болсон”  гэсэн   тайлбар нь үгүйсгэгдэж байх  тул энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй гэж үзэх үндэслэлтэй  байна.

2. Хариуцагч буюу ажил олгогч Шивээговь сумын Эрүүл мэндийн төв нь бүтэц зохион байгуулалтын хувьд сантехникчийн орон тоонд ажиллуулах ямар ч боломжгүй, орон тоо байхгүй тул ажлын байраар хангах боломжгүйг түүнд хуулийн хугацаанд мэдэгдэж Эрүүл мэнд,Спортын сайд, Сангийн сайдын хамтарсан 2015.12.21-ний 498/345 дугаар тушаал /хх-30-31/, Сум тосгоны эрүүл мэндийн төв, сум дундын эмнэлгийн бүтэц үйл ажиллагааны  MNS5081: 2013 стандарт болон түүний А хавсралт, /хх- 27-29/, Засгийн газрын 2015 оны 147 дугаар тогтоолын 3.3,5.1 /хх-58-60/, УИХ-ын 2016 оны 47 дугаар тогтоолын 2.а /хх-61-62/ дахь хэсгийг баримтлан Д.С 2017.04.24-ны өдөр ажлаас чөлөөлсөн.

Мөн тус байгуулага MNS5081: 2013 стандартаар үйлчлэх ажилтны орон тоонд сантехникчийн орон тоо огт байхгүй учир уг стандартад нийцүүлэн Шивээговь сумын Эрүүл мэндийн төвийн даргын 2017.01.13-ны өдрийн А/01 тоот тушаалаар тус эрүүл мэндийн төвийн 2017 онд ажиллах бүтэц орон тоог хасч баталсан хэмээн тайлбарлаж, энэхүү баримтуудыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн байх боловч энэ бичгийн баримтууд нь сантехникчийн орон тоо байсан, түүнийг 2017 онд хассан гэдгийг бүрэн нотолж чадахгүй байгааг анхан шатны шүүх анхаараагүй, энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй байна.

Хэргийн 27-29 дүгээр талд  авагдсан Монгол улсын стандарт MNS 5081:2013 нь Стандартчиллын үндэсний зөвлөлийн 2013 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 63 дугаар тогтоолоор батлагдсан ба  2014 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөгдсөн байна.

Хариуцагч тайлбартаа дээрх стандартад нийцүүлэн тус төвийн даргын 2017.01.13-ны өдрийн А/01 тоот тушаалаар 2017 онд ажиллах бүтэц орон тоог хасч баталсан гэх боловч энэ тушаал нь хэрэгт авагдаагүй байна.

Хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заасан “..., орон тоо хасагдсан, ...” үндэслэлээр нэхэмжлэгч Д.С ажлаас чөлөөлсөн гэж тайлбарладаг.

   Энэхүү “орон тоо хасагдах” гэдгийг тухайн байгууллагын бүтцээс “тодорхой ажил, албан тушаалын байр байхгүй болохыг” ойлгох бөгөөд хэргийн 43 дугаар талд авагдсан Шивээговь сумын Эрүүл мэндийн төвийн 2015 оны батлагдсан төсөвт  “ажиллагсад бүгд 17,  “үйлчлэх ажилтан  6 “ гэсэн,

-хэргийн 44, 45 дугаар талд авагдсан тус төвийн 2016, 2017  оны батлагдсан төсөвт  “ажиллагсад бүгд 22, “үйлчлэх ажилтан 6” гэж тус тус хуваарилагдсан зэргээс үзэхэд 2015 онд 6 орон тоогоор батлагдсан үйлчлэх ажилтаны  “6 “ орон тоо нь  2016, 2017 онд мөн орон тоогоороо батлагдсан, улмаар 2015 онд “ажиллагсад бүгд 17” орон тоогоор батлагдсан атал  2016, 2017 онд  “ажиллагсад бүгд 22 “ орон тоогоор тус тус нэмэгдэж батлагдсан байх тул 2017 онд Шивээговь сумын Эрүүл мэндийн төвийн “үйлчлэх ажилтан”-ны орон тоог цөөрүүлсэн, “сантехникчийн”  орон тоо хасагдсан” гэж үзэх үндэслэлгүй байна.

Мөн  хэргийн 30 дугаар талд авагдсан  Эрүүл мэнд, спортын сайд, Сангийн сайдын хамтарсан 2015.12.21-ний өдрийн 498/345 дугаартай “ Сум, тосгоны эрүүл мэндийн төвийн санхүүжилтийн аргачлал батлах тухай” тушаалын 3 дугаар хавсралтаар  сантехникчийн  орон тоо байхгүй боловч  уг тушаал гарсанаас  хойш орон тоо, цөөрүүлсэн гэж үзэх боломжгүй байна.

 Учир нь  хэрэгт авагдсан 2016, 2017 оны төсвөөр “үйлчлэх ажилтан” орон тоо 6, цалин сан хасагдаагүй, харин ч  2016 онд батлагдсан цалин сан нь  2017 онд  нэмэгдэж батлагджээ  гэж үзэхээр байна.

Тиймээс хариуцагч байгууллагын зохион байгуулалтын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын ажлын байр үгүй болоогүй, тодорхой орон тоо хасагдаагүй байх бөгөөд хариуцагчийн  төлөөлөгч нь удирдах байгууллагаас стандартад заагдсан орон тоогоор ажиллах үүрэг чиглэл өгсөн, 2016 онд Эрүүл мэндийн яамны санхүүжилтээр 2 давхар шинэ барилга ашиглалтад орсон, тус барилгыг барьсан компани барилгын засвар болон сангийн асуудлыг 5 жил хариуцах гэрээтэй тул сантехникийн ажилтан шаардлагатай биш болсон гэж тайлбарлаж байх боловч энэ нь нэхэмжлэгч Д.С байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл биш юм.

Улмаар хариуцагч тайлбартаа  шинэ барилгыг барьсан компани барилгын засвар болон сангийн асуудлыг 5 жил хариуцах гэрээтэй гэсэн байх боловч энэ талаарх нотлох баримтыг хэрэгт ирүүлээгүй байна.

Харин  хариуцагч нь Засгийн газрын 2015 оны 147 дугаар тогтоол, /хх-58-60/, УИХ-ын 2016 оны 47 дугаар тогтоолуудыг тайлбар, татгалзлалынхаа үндэслэл болгож хуулбарлан хэрэгт хавсаргасан байх боловч эдгээрийг нотариотаар гэрчлүүлээгүй байна.

  Энэ нь ИХШХШТХуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан “бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариотчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө гэсэн хуульд заасан журмыг баримтлаагүй байх тул  шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй юм.

Иймд Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Эрүүл мэндийн төвд сантехникчийн орон тоо хасагдсан нь баримтаар тогтоогдоогүй байхад Д.С хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй тул түүнийг Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Эрүүл мэндийн төвийн “сантехникчийн” ажилд эгүүлэн тогтоох нь зүйтэй, энэ талаар гаргасан нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “ энэ хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тугаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор...олгоно”, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 тоот тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7-д “ажилтны дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалингаас тооцох”-оор тус тус заасан.

Нэхэмжлэгч тал нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа ажилгүй байсан хугацаа болон дундаж цалин хөлстэй тэнцэх олговрын мөнгөн дүнгийн хэмжээ зэргийг тодорхой заагаагүй байх боловч анхан шатны шүүх хуралдааны явцад   ажилгүй байсан хугацааг 2017 оны 04 дүгээр сарын 24-ны өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл гэж тодруулсан,   харин  дундаж цалин хөлстэй тэнцэх олговрын мөнгөн дүнгийн хэмжээг тодорхой заагаагүй байх тул  нэхэмжлэгчийн  сүүлийн 3 сарын дундаж цалинг тооцохдоо түүний 000061669 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хх- 6/, 2017 оны цалингийн карт /хх-5/ зэргийг үндэслэн ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг тооцох нь зүйтэй гэж үзсэн.

Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааг 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрөөс анхан шатны шүүийн шийдвэр гарах өдөр хүртэл буюу 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэлх ажлын 99 өдрөөр тооцож олговорт 1 906 740 /нэг сая есөн зуун зургаан мянга долоон зуун дөч/ төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй гэж үзлээ.

Мөн  Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д “ажил олгогч болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан нь хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй”,

46 дугаар зүйлийн 46.2-д “ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж,  түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх  үүрэгтэй” гэсэн байдаг тул  нэхэмжлэгч Д.С  нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт сар бүр шимтгэл, хураамж төлсөн тухай нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж  шийдвэрлэх нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар ажилгүй байсан хугацааны олговорт ногдох улсын тэмдэгтийн хураамж 45458 төгрөгийг хариуцагч Шивээговь сумын Эрүүл мэндийн төвөөс гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 134/ШШ2017/00167 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “ Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан Х овогт Д С /РД: / - г Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Эрүүл мэндийн төвийн сантехникчийн ажилд эгүүлэн тогтоосугай” гэж,

Шийдвэрийн тогтоох хэсэгт 2 дахь заалт нэмж  “Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан Шивээговь сумын Эрүүл мэндийн төвөөс ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй  тэнцэх 99 өдрийн олговорт 1 906 740 /нэг сая есөн зуун зургаан мянга долоон зуун дөч/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.С олгосугай гэж,

 Шийдвэрийн тогтоох хэсэгт 3 дахь заалт нэмж  Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасныг баримтлан Д.С  нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч Шивээговь сумын Эрүүл мэндийн төвд даалгасугай гэж,

 Шийдвэрийн тогтоох хэсгийн  2 дахь заалтыг 4 дэх заалт болгон Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар ажилгүй байсан хугацааны олговорт ногдох улсын тэмдэгтийн хураамж 45458 төгрөгийг хариуцагч Шивээговь сумын Эрүүл мэндийн төвөөс гаргуулж улсын орлогод оруулсугай гэж, 3 дахь заалтыг 5 гэж, 5 дахь  заалтыг 6  гэж тус тус  өөрчилж, энэхүү 5, 6 дахь заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

2. Нэхэмжлэгч нь давж заалдах гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх магадлал гаргахдаа хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

               

 

                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                 Г.ТЭГШСУУРЬ

                                      ШҮҮГЧИД                                                  Н.БАТЧИМЭГ

                                                             Х.БАЙГАЛМАА