| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Очирбатын Чулуунцэцэг |
| Хэргийн индекс | 186/2018/0888/Э |
| Дугаар | 186 |
| Огноо | 2019-02-28 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Э.Бадрал |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 02 сарын 28 өдөр
Дугаар 186
М.Х-/Н-/, С.Ц-/Q-/, Г.Г-/G-/,
А.Э-/E-/ нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Б.Зориг, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Э.Бадрал,
шүүгдэгч М.Х-, С.Ц-, Г.Г-, А.Э-нарын өмгөөлөгч О.Анхбаяр,
нарийн бичгийн дарга Г.Алтанзул нарыг оролцуулан,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батжаргал даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 15 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч М.Х-, А.Э-, С.Ц-, Г.Г-нарын өмгөөлөгч О.Анхбаярын гаргасан давж заалдах гомдлоор М.Х-, А.Э-, С.Ц-, Г.Г-нарт холбогдох эрүүгийн 1811025821010 дугаартай хэргийг 2019 оны 2 дугаар сарын 4-ний өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
М.Х-/Н-/, С.Ц-/Q-/, Г.Г-/G-/, А.Э-/E-/ нар нь бүлэглэн 2018 оны 9 дүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө 04 цагийн орчимд, Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах, “Берлин бургер” рестораны ойролцоо хохирогч Б.М-г зодож, эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн чамархай, баруун зулайн хуйхны шарх, 4, 5 дугаар хурууны үе, 2 өвдөгний үений зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: М.Х-/Н-/, С.Ц-/Q-/, Г.Г-/G-/, А.Э-/E-/ нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч М.Х-/Н-/, С.Ц-/Q-/, Г.Г-/G-/, А.Э-/E-/ нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Х-/Н-/-ийг 500 цаг, Г.Г-/G-/, А.Э-/E-/, С.Ц-/Q-/ нарыг тус бүр 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч М.Х-/Н-/, Г.Г-/G-/, А.Э-/E-/, С.Ц-/Q-/ нарт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 3 цагаар хийлгэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч М.Х-/Н-/, Г.Г-/G-/, А.Э-/E-/, С.Ц-/Q-/ нар нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулж, шүүгдэгч М.Х-/Н-/, Г.Г-/G-/, А.Э-/E-/, С.Ц-/Q-/ нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогч Б.М- нь цаашид гарах эмчилгээний зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн 1 ширхэг СД-ийг хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгч нарын өмгөөлөгч О.Анхбаяр давж заалдах болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэж байна. Хавтас хэргийн 16-23 дугаар хуудсанд авагдсан гэрчийн мэдүүлэг, 92-110 дугаар хуудсанд авагдсан яллагдагчийн мэдүүлэг зэргээс үзэхэд шүүгдэгч М.Х-, А.Э-, С.Ц-, Г.Г-нар хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын үед буюу хэрэг нээн шалгах үеэс эхлээд өөрсдийн гэм бурууг сайн дураараа хүлээн зөвшөөрсөн байдаг. Хавтас хэргийн 124, 125 дугаар хуудсанд байх баримтаас үзэхэд шүүгдэгч нар нь хэрэгт баримтаар тогтоогдсон нийт 988.500 төгрөгийн хохирлыг хохирогчид бүгдийг нь төлж барагдуулсан байхад анхан шатны шүүх уг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг огт харгалзан үзээгүй.
Хавтас хэргийн 43-47 дугаар хуудсанд авагдсан ял шалгах хуудсаар шүүгдэгч М.Х-, А.Э-, С.Ц-, Г.Г-нар нь урьд өмнө ял шийтгүүлж байгаагүй буюу анх удаа, тохиолдлын шинжтэй гэмт хэрэгт холбогдсон гэх хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзээгүй.
Мөн хохирогч Б.М-гийн мэдүүлэг, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, хавтас хэргийн 63 дугаар хуудасны ар талд байх сэжигтний бүртгэл зэргээс үзэхэд, гэмт хэрэг гарахад хохирогчийн хууль бус үйлдлүүд нөлөөлсөн байдаг. Хохирогч нь дроцов төмөр гаргаж шүүгдэгч М.Хүслэнг араас нь хөөсөн, салж явах гэсэн шүүгдэгч нартай зууралдан зодолдох зэргээр явуулахгүй байсан. Урьд өмнө бусдыг зодсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар сэжигтнээр шалгагдаж байсан зэрэг шүүхийн дүгнэлтэд ноцтой нөлөөлж болох нөхцөл байдлыг харгалзан үзээгүй. Шүүгдэгч нарт ялгаварласан байдлаар хандаж ял шийтгэл оногдуулсан. Иймд дээр дурьдсан хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан үзээд шүүгдэгч нарт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг 450 нэгжээр торгох ялаар сольж өгнө үү” гэв.
Прокурор Э.Бадрал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгчийг ялгаварлан гадуурхаж ял оногдуулсан гэж хэлж болохгүй байх. Прокурорын зүгээс шүүгдэгч нарыг оюутан гэдгийг нь харгалзан үзээд тэдэнд торгох ялын саналыг оруулсан. Шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд шүүгдэгч нарт ял оногдуулсан тул ялын хувьд прокурорын зүгээс хэлэх зүйл байхгүй. Шүүгдэгч нар өөрсдөө монгол хэл, бичиг маш сайн мэддэг, ойлгодог. Орчуулагчийн талаар хэлэхэд шүүгдэгч нар өөрсдөө шаардлагагүй гэж хэлдэг. Торгох ял оногдуулахад миний зүгээс татгалзах зүйлгүй” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар гомдлыг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.
Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч М.Х-/Н-/, С.Ц-/Q-/, Г.Г-/G-/, А.Э-/E-/ нар нь бүлэглэн 2018 оны 9 дүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө 04 цагийн орчимд, Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах, “Берлин бургер” рестораны ойролцоо хохирогч Б.М-г зодож, эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн чамархай, баруун зулайн хуйхны шарх, 4, 5 дугаар хурууны үе, 2 өвдөгний үений зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
хохирогч Б.М-гийн: “...2018 оны 9 дүгээр сарын 14-ний 22:00 цагийн үед ...хувиараа таксинд явахаар гарсан. ... 05:00 цагийн орчим Баянгол дүүргийн 4 дүгээр хороонд байрлах, “Coco Banana” баарны гадна зогсож байтал үл таних 4 залуу “Хүнсний нэг” орно гээд суухдаа машины хаалга хүчтэй хаагаад суусан. … Хаашаа явах нь мэдэгдэхгүй, над руу “ийшээ яв, тийшээ яв” гээд дээрэнгүй харьцаад байхаар “та нар яг хаашаа явах юм бэ” гэтэл бөөн бөөнөөрөө “чамд ямар хамаатай юм” гээд хараалын үг хэлээр доромжлоод, голын хайрцагны тагийг татаад нугасыг нь хугалаад, хажууд сууж байсан залуу түлхээд “наанаа зогс, бид нар бууна” гэхээр нь Чингэлтэй дүүргийн автобусны буудал дээр зогсоод “таксины мөнгө 3000 төгрөг болсон” гэтэл .... “3000 төгрөг өө” гээд юм ярьж байснаа, хамгийн жижигхэн намхан залуу хүрч ирээд хаалга руу өшиглөхөд хаалгатай хавсрагдаж цохигдсон. Тэгтэл нэг залуу нь “миний утас алга болсон байна, миний гар утсыг өг” гээд миний барьж байсан утсыг авах гээд дөрвүүлээ нийлээд учир зүггүй зодоод эхлэхээр нь айж сандарсандаа болоод машины тээшинд байсан дорцовоор айлгаж байгаад явуулах санаатай гаргаад ирсэн чинь барьж байсан дорцовыг хамгийн намхан залуу булааж аваад зодох гээд байхаар нь би зүүн тийшээ зугтаад, ...гүйж байхдаа зодуулаад өнхөрч унаад босоод “Ялалт”-ын талбайн урдуур зам гараад сааданд зодуулчихаад босоод зам гараад “Берлин бургер”-ын урд машин дээрээ очиход 4 залуу намайг барьж авсан. Намхан жижигхэн залуу миний толгой руу дорцовоор цохисон, газар уначихсан байхад миний толгойноос цус гарч байхад энд тэндгүй цохиж өшиглөсөн. ...Гэмтлийн эмнэлэгт толгойндоо оёдол тавиулсан. Миний биед учирсан баруун зулайн хуйхны шарх гэмтлийг хамгийн намхан залуу дорцовоор цохисон, бусад гэмтлийг хэн хэн нь учруулсныг хэлж мэдэхгүй. Өвөрмонгол 4 залуу нийлээд зодоод байсан” /хх-9-10/, “...эмчилгээ, эмнэлэгт үзүүлж наашаа цаашаа явсан бензиний мөнгө гээд 1.466.160 төгрөг болон өмгөөлөгчийн 2.500.000 төгрөг, нийлээд 3.966.160 төгрөг нэхэмжилж байна” /хх-126/,
гэрч Ц.Б-ын: “...Би шөнийн цагаар хувиараа таксинд явдаг. 2018 оны 1 дүгээр сарын 14-ний шөнийн 04:00 цагийн орчим “Тэнгис кино театр”-ын урд талын автобусны буудал дээр зогсож байхдаа замын голын сааданд буюу тусгаарлах зайд үл таних 2 залуу хоорондоо маргалдаж зодолдож байхыг харсан. ... Тухайн үед автобусны буудал дээр миний урд зогсож байсан машинаас мөн үл таних 2 залуу бууж очоод сааданд муудалцаж байсан 2 залуу дээр очиж саарал цамцтай залууг нь гурвуулаа нийлээд өшиглөж зодож байх шиг байсан. Дараа нь улаан өнгийн биеийн тамирын цамцтай залуу нь цаашаа зам хөндлөн гараад ... түүний араас нөгөө 2 залуу нь явсан...” /хх-13-14/,
шүүгдэгч А.Э-ийн яллагдагчаар өгсөн: “...Би уг зүйлийг зөвшөөрч байна. Гэм буруугаа хүлээж байна. Хохирогчийн баримтаар гаргаж өгсөн хохирлыг төлж барагдуулна” /хх-94-95/,
шүүгдэгч М.Х-ийн яллагдагчаар өгсөн: “...Би уг зүйлийг зөвшөөрч байна. Хохирлыг нөхөн төлж барагдуулна. Тэр залуу миний гар луу араас хөөж төмрөөр цохисон. Би төмрийг нь булааж аваад толгой руу нь цохичихсон” /хх-99-100/,
шүүгдэгч Г.Цээлийн яллагдагчаар өгсөн: “...Би уг зүйлийг зөвшөөрч байна. Хүсэп цохичихсон. Тэр залуу бид нарын ярианы аялагыг мэдчихээд доромжилж үг хэлэхээр нь муудалцсан. ...” /хх-104-105/,
шүүгдэгч Р.Гансүхийн яллагдагчаар өгсөн: “...Би зүйлийг зөвшөөрч байна. Тэр залуу бид дөрөв лүү багаж бариад дайрсан. Хүсэлтийн баруун гар луу төмрөөрөө цохиж хөхрүүлсэн. Байцаагч хөхөрсөн гарыг нь харсан. …” /хх-109-110/ гэх мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн шинжээчийн 11269 дугаартай: “1. Б.М-гийн биед тархи доргилт, зүүн чамархай, баруун зулайн хуйхны шарх, баруун 4, 5-р хурууны үе, 2 өвдөгний үений зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээнээс хамаарна. 5. Уг гэмтэл нь тухайн болсон хэргийн нөхцөлд үүссэн байх боломжтой, шинэ гэмтэл” /хх-25/ гэх дүгнэлт, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-74-86/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүрэг бүхий субъектүүдийг оролцуулан хуульд зааснаар тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт өгч, шүүгдэгч М.Х-, С.Ц-, Г.Г-, А.Э-нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутай гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн байна.
М.Х-, С.Ц-, Г.Г-, А.Э-нарын бүлэглэн хохирогч Б.М-г зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, эрүүгийн хуулийн зөв тайлбарлан хэрэглэжээ.
Шүүгдэгч нарын өмгөөлөгч О.Анхбаяр нь “нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ялаар сольж өгнө үү” гэсэн давж заалдах гомдол гаргажээ.
Шүүгдэгч М.Х-, С.Ц-, Г.Г-, А.Э-нарын хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэн бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл, тэдний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм бурууд тохируулан анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Х-/Н-/-ийг 500 цаг, Г.Г-/G-/, А.Э-/E-/, С.Ц-/Q-/ нарыг тус бүр 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсэн байх бөгөөд уг ялыг торгох ялаар солих үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.
Харин шүүгдэгч нар анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах ажиллагааны шатнаас гэм буруугаа хүлээн зөвшөөрч үнэн зөвөөр мэдүүлэг өгч, хавтас хэрэгт бүрдсэн баримтын хэмжээгээр 988 500 төгрөгийн хохирлыг хохирогчид төлсөн болон тэдний хувийн байдлыг харгалзан үзэж, анхан шатны шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын хугацааг багасгаж, М.Х-/Н-/-ийг 300 цаг, Г.Г-/G-/, А.Э-/E-/, С.Ц-/Q-/ нарыг тус бүр 250 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, ял хөнгөрүүлөх боломжтой байна.
Иймээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар “хэргийн зүйлчлэл өөрчлөхгүйгээр ял шийтгэл хөнгөрүүлэн” анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иймд өмгөөлөгч О.Анхбаярын гаргасан “...нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ялаар сольж өгнө үү” гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулав.
Анхан шатны шүүх цаашдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар “Хэд, хэдэн шүүгдэгчид холбогдох хэргийг шийдвэрлэхдээ шүүгдэгч тус бүрийн үйлдэл оролцоо, гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэр”-ийг шийтгэх тогтоолд тодорхой дүгнэж байвал зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 15 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Х-/Н-/-ийг 500 цаг, Г.Г-/G-/, А.Э-/E-/, С.Ц-/Q-/ нарыг тус бүр 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.” гэснийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар М.Х-/Н-/-ийг 300 цаг, Г.Г-/G-/, А.Э-/E-/, С.Ц-/Q-/ нарыг тус бүр 250 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.” гэж өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.
2. Шүүгдэгч М.Х-/Н-/, Г.Г-/G-/, А.Э-/E-/, С.Ц-/Q-/ нарын өмгөөлөгч О.Анхбаярын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧ Б.ЗОРИГ
ШҮҮГЧ О.ЧУЛУУНЦЭЦЭГ