Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 001/ХТ2020/00578

 

З.Г-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 181/ШШ2019/01818 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр  сарын 20-ны өдрийн 1962 дугаар магадлалтай,

З.Г-ын нэхэмжлэлтэй,

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.У-, нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч З.Г-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 сарын 24-ний өдрийн 632 дугаар шийдвэрээр Г.О, З.Г- нараас 100.000.000 төгрөг гаргуулж Ц.Батцэцэг, Ё.Оюунжаргал нарт олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийн дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт явагдаж байгаа шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эд хөрөнгө болох Г.Огийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Рапид харш 17011, Махатма Ганди гудамж, 25 байр, 191 тоот хаягт байрлах орон сууцыг үнэлсэн Сэлэнгэ эстимэйт ХХК-ийн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь уг үл хөдлөх эд хөрөнгүүдийг өнөөгийн зах зээлийн ханшаас хэтэрхий доогуур үнэлсэн, үнэлгээ хийхдээ төлбөр төлөгч надад мэдэгдээгүй, намайг оролцуулаагүй, хөрөнгийн үнэлгээг дутуу тооцож гаргасан. Шийдвэр гүйцэтгэгч шинжээч томилж, үнэлгээ тогтоох ажиллагаа явуулахдаа шинжээчээр томилогдсон Сэлэнгэ эстимэйт ХХК-ийн төлөөлөгчид хууль сануулаагүй, мөн энэ компани үнэлгээ тогтоох ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй эсэхийг тодруулаагүй, үнэлгээ тогтоох ажиллагаа явуулахдаа төлбөр төлөгчийг байлцуулаагүй нь шийдвэр гүйцэтгэгч хуулийн дагуу ажиллагаа явуулаагүй гэж үзнэ. Иймд үнэлгээ дутуу хийгдсэн учир Сэлэнгэ эстимэйт ХХК-ийн барьцааны үл хөдлөх эд хөрөнгийг 100.000.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбарт: ...Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2017 оны 5 сарын 15-ны өдрийн 17290538 дугаар тогтоолоор үүсгэж, төлбөр төлөгч нарт шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхийг мэдэгдэж, барьцаа хөрөнгийг 2017 оны 5 сарын 24-ний өдрийн 179/01 дүгээр тогтоолоор битүүмжилж, 2017 оны 6 сарын 15-ны өдрийн 179/02 дугаар тогтоолоор хураасан. Төлбөрт хураагдсан хөрөнгөд Иргэний хуулийн 177 дугаар зүйлд заасны дагуу үнийн санал ирүүлэхийг 2017 оны 6 сарын 08-ны өдөр мэдэгдэхэд, төлбөр төлөгч З.Г- 210.000.000 төгрөгөөр үнэлж, төлбөр төлөгч Г.О үнийн санал ирүүлээгүй тул үнэлгээ тогтоолгохоор 2018 оны 3 сарын 12-ны өдрийн 94 дүгээр тогтоолоор хөрөнгийн үнэлгээний Сэлэнгэ-Эстимэйт ХХК-ийг томилоход, 129.854.000 төгрөгөөр үнэлсэн. Үнэлгээг 2018 оны 3 сарын 30-ны өдрийн 4/5889 дүгээр албан бичгээр төлбөр төлөгч нарт мэдэгдэж, мэдэгдлийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т заасны дагуу 2019 оны 3 сарын 18-ны өдөр баталгаат шуудангаар хүргүүлэхэд, 2018 оны 4 сарын 02-ны өдөр үнэлгээг эс зөвшөөрч тус газарт хүсэлт гаргасан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасны дагуу талууд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо шүүхэд гаргаж болно гэж заасан тул хүсэлтийг хүлээн авах боломжгүй талаар төлбөр төлөгч нарт мэдэгдсэн. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д үнэлгээг мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасан байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 сарын 17-ны өдрийн 181/ШШ2019/01818 дугаар шийдвэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.5-д заасныг баримтлан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох, үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай З.Г-ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр  сарын 20-ны өдрийн 1962 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 сарын 17-ны өдрийн 181/ШШ2019/01818 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч З.Г-ын хяналтын журмаар гаргасан гомдолд: ...Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдаагүй нотлох баримтыг иш татан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна. Миний бие анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэлд дурдсан зүйлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь 2019 оны 09 сарын 17-ны өдөр гарсан 01818 дугаар шүүхийн шийдвэрт үндэслээд байгаа 02443 дугаар шүүхийн шийдвэр хэрэгт байхгүй байсан ба хэрэв хариуцагч уг асуудлаар тайлбар гаргасан буюу нотлох баримтаар хэрэгт өгсөн бол тухайн асуудлаар хэрэгт ач холбогдол бүхий тайлбар гаргаж мэтгэлцэх байсан. Мөн уг асуудлаар ямар ч нотлох баримт хариуцагчийн зүгээс гаргаж өгөөгүй байхад 2018 оны 11 сарын 27-ны өдрийн 181/ШШ2018/02443 дугаар шийдвэрийг үндэслэл болгосон нь хэргийн оролцогчийн мэтгэлцэх эрхийг эдлүүлээгүй гэж үзэж байх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

З.Г- нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч зөвшөөрөөгүй байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг, давж заалдах шатны шүүх хянаж, шийдвэрийг хэвээр үлдээжээ.

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 сарын 24-ний өдрийн 181/ШШ2017/00632 дугаар шийдвэрээр Г.О, З.Г- нараас 100.000.000 төгрөг гаргуулж Ц.Батцэцэг, Ё.Оюунжаргал нарт олгож, үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ.

Г.О, З.Г- нар шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул төлбөр авагч Ц.Батцэцэг, Ё.Оюунжаргал нарын хүсэлтээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар төлбөрийг албадан гүйцэтгэх ажиллагааг эхлүүлж, уг ажиллагааны явцад төлбөрт барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгө болох Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Рапид 17011 Махатма Ганди гудамж, 25 дугаар байр, 191 тоотод байрлах 69.23 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 2017 оны 05 сарын 24-ний өдрийн 179/01 дугаар тогтоолоор битүүмжилж, 2017 оны 06 сарын 06-ны өдрийн 179/02 дугаар тогтоолоор хураах ажиллагаа явуулсан байна.  

Төлбөр төлөгч З.Г- нь үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан эд хөрөнгийг 210.000.000 төгрөгөөр үнэлэн анхны албадан дуудлага худалдааны үнийн саналыг өгсөн боловч төлбөр авагч нь шинжээч томилуулах хүсэлт гаргаснаар хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Сэлэнгэ эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилж, үнэлгээ хийлгэсэн нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасныг зөрчөөгүй байна.

Шинжээчээр ажилласан Сэлэнгэ эстимэйт ХХК нь хөрөнгийн үнэлгээ хийх арга, аргачлалыг, “...тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний орлогын хандлагын, өртгийн хандлагын, зах зээлийн хандлагын аргуудыг хослуулан үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээг тогтоосон нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д заасантай нийцжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар зохигч, ...тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтыг өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй ба нэхэмжлэгч нь шинжээчийн тогтоосон үнэлгээ зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн, хөрөнгийн үнэлгээг дутуу тооцож гаргасан, үнэлгээ хийхдээ төлбөр төлөгчид мэдэгдээгүй гэх боловч энэ талаарх баримтыг шүүхэд гаргаагүй буюу нэхэмжлэлийн үндэслэлээ баримтаар нотолж чадаагүй тул үнэлгээ тогтоосон ажиллагаа хууль зөрчөөгүй гэж үзэх үндэслэлтэй.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар төлбөр төлөгч Г.О, З.Г- нарт үнэлгээ тогтоосон тухай 2018 оны 03 сарын 30-ны өдрийн 4/5889 тоот мэдэгдлийг мөн оны 04 сарын 01-ний өдөр баталгаат шуудангаар хүргүүлсэн байх тул мэдэгдлийг хүлээн авсан гэж үзнэ. 

Нэхэмжлэгч З.Г- нь эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо үнэлгээг мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргах нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-т заасантай нийцэх бөгөөд тэрээр гомдлоо 2019 оны 04 сарын 25-ны өдөр шүүхэд гаргаж, хугацааг хэтрүүлсэн гэж үзсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт хууль зөрчөөгүй байна.

Түүнчлэн шүүх үл хөдлөх хөрөнгийн хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгох тухай З.Г-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн Сүхбаатар дүүргийн иргэний хэрэгийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 сарын 27-ны өдрийн 181/ШШ2018/02443 дугаар шийдвэр гарах үед барьцаа хөрөнгийн үнэлгээний талаар мэдэж байсан гэж дүгнэснийг буруутгах боломжгүй.

Дээрх 181/ШШ2018/02443 дугаар шийдвэр хэргийн 83-86 дугаар талд нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр авагдсан байх тул хэрэгт авагдаагүй нотлох баримтыг иш татсан гэх нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй байна.

Дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч З.Г-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 181/ШШ2019/01818 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр  сарын 20-ны өдрийн 1962 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгч З.Г-ын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгч З.Г- нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ