Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Цагаатгах тогтоол

2016 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 11

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

нарийн бичгийн дарга Ц.Золзаяа,

улсын яллагч Д.Ширэндэв,

           шүүгдэгчийн өмгөөлөгч М.Цэрэнбат ҮД:17-49,Ч.Шүрэнцэцэг ҮД:05-05,

           хохирогчийн  өмгөөлөгч  Б.Наранцэцэг  ҮД:03-34,

хохирогч Т.Рэгзэнгомбо,

шинжээч эмч М.Энхбаяр,  Ж.Үржинлхам, Л.Давааням,

шүүгдэгч Ц.Анхцэцэг нарыг оролцуулан тус шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан  шүүх  хурлаар  Баянзүрх дүүргийн Прокурорын газраас:                                                                                                                                  

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Улаанбаатар хотод 1991 оны 10 дугаар сарын 13-ны өдөр төрсөн, 24 настай, дархад, эмэгтэй, дээд боловсролтой, шүдний их эмч мэргэжилтэй, “Цахиур дэнт” шүдний эмнэлэгт эмч ажилтай, ам бүл-4, аав, ээж, дүүгийн хамт Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 19 дүгээр гудамжны 415 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл хүлээж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, Цагаан хуулар овогт Цэенравдангийн Анхцэцэгт /РД:УУ91101346/

 

Монгол Улсын Эрүүгийн хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдсэн 201625010043 дугаартай 105/2016/0589/Э индекстэй эрүүгийн хэргийг 2016 оны 05 дугаар  сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хянан шийдвэрлээд ТОДОРХОЙЛОХ НЬ:  

 

Шүүгдэгч Ц.Анхцэцэг нь 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 01 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Цахиур дент” эмнэлэгт иргэн Т.Рэгзэнгомбын шүдийг эмчлэхдээ эмчлэгч багажны үзүүрээ шүдний ёзоорын сувагт хугалж үлдээн эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс улмаас түүний эрүүний зүүн хэсгийн эрүү, далавчны зай, амны хөндийн ёроолын зөөлөн эдийн идээт нэвчдэс, доод эрүүний зүүн талын ясны үрэвсэл зэрэг эрүүл мэндийг нь удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

 Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Анхцэцэг мэдүүлэхдээ:  Би 2015 оны 06 дугаар сард Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийг төгссөн. 8 дугаар сард эмчлэх эрхийнхээ лицензийг авч “Цахиур Дент” гэдэг хувийн эмнэлэгт ажилд орсон. Ажилд орсноос хойш 2 сарын дараа буюу 10 дугаар сард хохирогч манай эмнэлэгт шүд нь өвдөж байна гэж ирсэн. Би хэзээнээс эхэлж өвдсөн бэ гэж асуумж асуухад миний шүд ер нь өвдөж байгаа. 5 дугаар сараас хойш өвдсөн. Өвдөх үед нь өвчин намдаах эм ууж өвдөлтийг дардаг, хазахад илүү өвдөж байгаа талаар хэлсэн. Үзлэгээр нүүр нь ямар нэгэн хаван хавдар байхгүй. Нүүрний тэгш хэм алдагдаагүй байсан. Аман доторх үзлэгээр 3.6 дугаар шүд нь цоорлын хөндийтэй, тогшиход эмзэглэлтэй, шилжих нугалаасаараа айхтар хаван хавдаргүй. Ерөнхийдөө амны хөндийн буйл салст үрэвсэлтэй, шүдний цоорсон хөндийд диклоденк буюу өвчин намдаах эм чихсэн байсан. Би та яагаад өвчин намдаах эм хийсэн юм бэ гэж асуухад өвчин намдаах эм уугаад намдахгүй болохоор хийсэн гэсэн. Асуумж дээрээсээ тулгуурлаж шүдний холболтын архаг үрэвсэл гэж гэсэн онош тавьсан. Ийм оноштой шүдийг авах болон эмчлэх заалт байдаг. Энэ тохиолдолд эмчлэх нь зүйтэй байсан. Яагаад гэвэл тухайн шүдний хана нь бүтэн учир ломбодох боломжтой байсан. Тэгээд би зөвлөгөө өгч хохирогчид та шүдээ авахуулбал танд хор уршигтай. 1 шүд ч гэсэн хэрэгтэй, шүдээ эмчлүүлсэн дээр, 3-н удаа эмчилгээ хийнэ гэж хэлэхэд би шүдээ ломбодуулна гэсэн. Би 3-н удаа эмчлүүлэх учир та ирэх боломжтой юу гэж асуухад ах нь амралттай байгаа учир ирэх боломжтой гэсэн. Эмчилгээ эхлэхэд цоорлын хөндийд байгаа муу эдүүдийг нь авч, цэвэрлээд гурван  сувгийг нээсэн. Гурван  сувгийг нээхэд бага зэргийн идээ шүүс гарсан. Түүнийг нь сувгийн уусмалуудаар угааж цэвэрлэсэн. Тэгээд сувгийг өргөсөх явцад 25 дугаартай файлыг оруулж өргөсгөж байхад файл хугарч үлдсэн байдаг. Тухайн үед файлын үзүүр хугарч үлдсэнийг мэдсэн. Рентген зургийг авч үзэхэд сувгийн 3.1-т файлны үзүүр байсан. Би багажний үзүүрийг авах гэж оролдсон. Ажилд ороод удаагүй, туршлагагүй, урьд нь сувагт багаж хугалж үзээгүй. Сувгаас багаж авч байгаагүй, туршлагагүй эмчийн хувьд би өөрөө багажийг сугалж авахыг оролдсон учир гаргаж авч чадахгүй байсан. Тиймээс би зургаа бариад Загарзүсэм эмч байхаар нь сувагт багаж хугалчихлаа гээд авсан зургаа үзүүлэхэд үүнийг гаргаж авах боломжтой, хэзээ хугалсан юм бэ гэхэд нь би авах гэж бараг 1 цаг оролдсон гэхэд энэ хүнээ маргааш ирүүлээрэй, сувагт нь байгаа багажаа гаргаж авъя гэсэн. Би өөрөө шинэ эмч учир тэр хүнд энэ талаар хэлэх үү, байх уу гэж асуухад үүнийг гаргаж авах боломжтой учир хэлээд яах вэ, тэр хүн чинь үүнийг хүндээр хүлээж авна гэсэн. Би багаж хугалсан сувгаас өөр нөгөө 2 суваг нь холбоосын үрэвэлтэй байсан учир эмийн бодис үлдээгээд түр ломбо тавьсан. Энэ тохиолдолд шүдийг нь онгорхой орхих тохиолдол байгаагүй. Энэ тохиолдолд хаах нь зүйтэй байсан. Би тухайн үед яагаад хэлээгүй вэ гэхээр сувагт хугарсан багажны үлдэгдэл хүний биед хор нөлөө үзүүлэхээргүй, хугарсан багажийг гаргаж авсны дараа ч гэсэн сөрөг нөлөө үзүүлэхгүй байсан. Сувагт хугарсан багажийг гаргаж авах бүрэн боломжтой байсан учир хохирогч намайг залуу хүн учир өөр хүнд хандах юм шиг санагдаад би хэлээгүй. Хохирогч өөрөө 3-н удаа ирнэ гэдгээ мэдэж байсан. Тэгээд маргааш нь ирээгүй. Хохирогчийн хандсан эмнэлэгт Загарзүсэм эмчийн танидаг эмч Болороо гэдэг хүн Загарзүсэм эмчид тэр хүн шүдээ авахуулсан, 184.000 төгрөг болсон байна гэж мессеж бичсэн байсан. Загарзүсэм эмч та тэр хүнээ манай эмнэлэг рүү явуулаарай гэж хариу хэлсэн байсан. Маргааш нь бас ирэх юм болов уу гэхэд ирээгүй. 10 дугаар сарын 26-ны өглөө Загарзүсэм эмч рүү нөгөө Болороо гэдэг хүн залгаад 1 дүгээр эмнэлэгт хагалгаанд орсон гэсэн. Тэр үед нь би өөрөө очсон. Намайг очих үед хагалгаанд орсон байсан учир эхнэр нь гарч ирэхэд хохирогчийн биеийн байдлыг асууж, эм тариа авч өгөх үү гэхэд надаас тусламж авахыг хүсээгүй. Дараа нь би хохирогчийн биеийн байдлыг асуухад 5.000.000 төгрөг өг гэсэн. Надад тийм мөнгө өгөх боломж байхгүй гэхэд дараа яръя гээд Наранцэцэг өмгөөлөгч нь байна. Надтай ирж уулз гэхээр нь очиж уулзсан. Би өөрийнхөө боломжоор 1.000.000 төгрөг өгье гэхэд хүлээж авахгүй байсан. Тэгээд би 150.000 төгрөгийг дансанд нь хийсэн гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Т.Рэгзэнгомбо мэдүүлэхдээ:  2015 оны 10 дугаар сарын 21-ний өдөр би “Цахиур Дент” эмнэлэгт үзүүлэхэд миний шүдийг эмчилгээ хийлгэ гэсэн. 2 цаг гаран эмчилгээ хийлгэсэн. Тэгээд өвдөөд байхад нь жаахан өвдөж байгаад гайгүй болох байх диклоденк буюу өвчин намдаах эм хэрэглээрэй гэсэн. Тэгээд өвдөөд намдахгүй болохоор нь лаа хэрэглэхэд надад үйлчлэхгүй байсан. Би өвчин  намдаахаар  хэрэглэсэн  лаа  маань  хуурамч лаа байна гэж бодож байсан. Маргааш нөгөө эмнэлэгт үзүүлэхээс айгаад “Гляс” төв дээр үзүүлэхэд шүдэн дотор эмчилгээний багаж үлдсэн байна, авахуул гэсэн. Намайг 1 дүгээр эмнэлэгт 10 дугаар сарын 25-ны өдөр үзүүлэхэд зураг авахуул гэхээр нь зураг авахуулсан. Тэгээд зургаа үзүүлэхэд яаралтай хагалгаанд ор гээд хагалгаанд орсон. 8 хоног 1 дүгээр эмнэлэгт эмчилгээ хийлгэсэн. Тэгээд эмнэлгийн хяналтад намайг байх ёстой гэсэн. Ясандаа хусалт хийлгэсэн.  2016 оны 1 дүгээр сарын 10-нд 1 дүгээр эмнэлэгт хагалгаанд дахиж хагалгаанд орсон. Үүнээс болж миний эрүүл 3-н шүдийг авсан. Би эм авч уусан баримтаа хавтаст хэрэгт гаргаж өгсөн. Эмний зардал 1.364.000 төгрөгийн зардал  гарсан, энэ хэргээс болж би ажилгүй болсон. Миний үндсэн цалин 500.000 төгрөг. Шүүгдэгчээс 2 сарын цалингаа нэхэмжилж байна. Имплант шүд хийлгэхэд 1 ширхэг шүд 2.000.000 төгрөг болсон учир шүднүүдийнхээ хохирлыг шүүгдэгчээс  нэхэмжилж байна гэв.

           Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:

1.Мөрдөн байцаалтад гэрч С.Батсүрэнгийн: ... 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Рэгзэнгомбо гэдэг хүн манай "Дун" эмнэлэг дээр анх ирсэн. Ирэхдээ шүд өвдөөд байна гэсэн зовиуртай ирсэн. Өвдөж байгаа гэсэн шүдэнд нь эм хийгээд түр ломбоор хаасан эмчилгээ хийгдсэн байсан. Рэгзэнгомбо ярихдаа шүд өвдөөд байхаар нь ухсан гээд түр ломбоных нь тал ухагдаад авагдсан байсан. Тэгээд шүднийх нь зургийг авахад шүд нь оройдоо үрэвсэлтэй, уг өвдөж байгаа шүдний урд талын сувагт сувгийн багаж хугарч үлдсэн байдалтай байсан. Өвдөж байгаа шүдийг тогшиход хөндүүртэй, өвдөж байгаа шүднийх нь буйлны шилжих нугалаа орчмоор бага зэргийн хаван хавдартай, айхтар хавдар хаван байхгүй байсан. Хөндүүртэй байгаа учраас эхний ээлжинд шүдний сувгийг нь нээгээд онгорхой орхивол өвчин нь намддаг учраас сувгийг нь нээх гээд үзэхээр хугарсан багажны үзүүрээс цааш сувгийн оройг нээж болохгүй байсан учраас шүдийг аваад ципринол 0,5-тай эмийг 12 цагаар 5 хоног уух, трихопол 0,25-тайг 8 цагаар 7 хоног уух, ам зайлах уусмал бичиж өгсөн. Шүдний суваг гэдэг нь ёзоор доторхи нарийхан хөндий хэсгийг хэлдэг юм. Маргааш нь Рэгзэнгомбын дээд талд өвчтэй шүдэнд нь давтан эмчилгээ хийгдэх ёстой байсан учраас эмчилгээндээ ирсэн ба надад нэг их зовиур хэлээгүй, тэр шүдэнд нь сувгийн давтан эмчилгээ хийгдээд 2 хоногийн дараа ирэхээр явуулсан. Бүтэн сайн өдөр Рэгзэнгомбо над руу утсаар залгаад шүд өвдөөд байна жоохон хавдаад байна гэж хэлэхээр нь та 1 дүгээр эмнэлгийн эрүү нүүрний мэс заслын тасагт очиж үзүүл гэж зөвлөсөн. Маргааш нь Рэгзэнгомбын эхнэртэй нь утсаар ярихад хагалгаанд орсон гэж хэлсэн үүнээс хойш 1 сарын дараа буюу 11дүгээр  сарын 30-ны өдөр Рэгзэнгомбо манай эмнэлэг дээр ирж дээд талын арааныхаа давтан эмчилгээнд ирсэн эмчилгээг хийгээд явуулсан. 12 дугаар сарын 2-ны өдөр уг шүднийхээ эмчилгээг дуусгаж ломбодуулсан. 2016 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр Рэгзэнгомбо дахиж ирээд 1 дүгээр эмнэлгийн эмч дахиж хагалгаанд орох шаардлагатай, энэ шүдээ эмчлүүлэх шаардлагатай гээд тэр 34 дүгээр шүдээ эмчлүүлэхээр ирсэн ...1дүгээр  сарын 9-ний өдөр эмчилгээг дуусгаад ломбодож өгсөн. Түүнээс хойш Рэгзэнгомбо надтай холбогдоогүй байгаа...багажны үзүүртэй шүдийг авахгүй эмчлэх боломж байхгүй үрэвсэлтэй сувгийн дунд хэсэгт нь багаж байгаа учраас сувгийн оройг нээх ямар ч боломжгүй байсан учраас шүдийг авсан... гэх мэдүүлэг. /хх-ийн 34-35-р тал /

2.Мөрдөн байцаалтад гэрч Л.Загарзүсэмийн: … Ц.Анхцэцэг 2015 оны 8 дугаар  сараас манай эмнэлэгт шүдний эмчээр ажилд орсон. Анхцэцэгтэй хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Анхцэцэгийн туршилтын 6 сар нь 2 сард дуусна...Рэгзэнгомбын шүдийг эмчлэх үед би эмнэлэг дээрээ байгаагүй, тэр өдөр 18 цагийн үед эмнэлэг дээр очиход ийм байдал болсон талаар надад хэлсэн. Юу гэж хэлсэн бэ гэхээр "хронический периодонтит 36" гэсэн оношоор өвчтөнийг эмчилж байх явцад сувагт багаж хугарсан, тэгээд би эм тавиад өглөө ирүүлэхээр явуулсан гэж хэлсэн. Лавлаж асуухад нэг сурвалжийн сувганд багаж үлдсэн, бусад суваг нь бүрэн нээгдсэн, 15, 20-ыг оруулаад идээ шүүс нь бүрэн авагдаж эмийн бодисоор цэвэрлээд сурвалжийн сувгийн хөндийг бага зэрэг өргөсгөх гээд 30-ны багажийг оруулсан чинь үлдчихсэн, би өөрөө сувагт үлдсэн багажийг авах гэж оролдоогүй,тантай хамтарч авах санаатай өвчтөнөө өглөө ирүүлэхээр төлөвлөөд зөвлөлгөө өгөөд явуулсан гэж надад хэлсэн...маргааш нь тэр өвчтөн ирээгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 36-37-р хуудас/

3.Мөрдөн байцаалтад гэрч Ч.Нармандахын:.. 2015 оны 10 дугаар  сарын 21-ний өглөө манай нөхөр Рэгзэнгомбо гэрээсээ ажилдаа гарахдаа шүдээ эмчлүүлнэ гэж явсан...тэгээд орой ирэхдээ шүдээ эмчлүүлж байгаа 3-4 хоноод дахиж ирээд ломбодуулаарай гэсэн миний эмчлүүлсэн шүд өвдөөд байна гээд өвчин намдаах эм лаа хэрэглээд энэ лаа чинь үйлчлэхгүй байна гээд шөнө унтахгүй уйлаад дэвхцээд хоносон. Манай нөхрийг шүдийг Анхцэцэг гэдэг эмч нь 2 цаг гаруй ухаад эм хийгээд харахад ломбодсон юм шиг болгочихсон байсан ба эмчилгээ хийж дуусаад миний шүд өвдөөд байна гэж хэлэхэд нь өвчин намдаах лаа хэрэглээрэй, бүр их өвдөөд байвал маргааш өглөө ирээрэй гайгүй бол 4-5 хоноод 80.000 төгрөгтэй ирээрэй гээд эмчилгээний зардал 15.000 төгрөг аваад явуулсан байсан. Өглөө бид хоёр гэрээс гараад эмчлүүлсэн эмнэлгийнх нь гадаа очсон чинь ...Рэгзэнгомбо би энэ эмнэлэг рүү орохгүй энэ шүдийг өөр эмнэлэгт гялс авахуулмаар байна гээд бид хоёр “Гялс” төв орж үзүүлээд шүдийг маань аваад өгөөч гэсэн чинь эмч шүднийх нь зургийг аваад шүдэнд чинь гадны биет байна энэ шүдийг авахгүй бол болохгүй юм байна гээд шүдийг нь аваад эм бичиж өгсөн...тэгээд 5 дахь өдрийн орой шүд нь бага зэрэг хавдсан байсан.бүтэн сайн өдрийн өглөө босохдоо гүрээрүүгээ хавдаад ам нь ангайхаа больсон байхаар нь нөхрөө дагуулаад 1 дүгээр эмнэлгийн Эрүү нүүрний мэс заслын тасаг дээр очиж үзүүлсэн чинь ...яаралтай хэвт гээд хагалгаанд орсон...үүнээс хойш 1 сар гаран эм ууж хянуулж байгаад үрэвсэл нь яс руугаа орсон байна гээд 1 удаа хэсгийн мэдээ алдуулалттайгаар хусуулсан дахиад сарын дараа буюу 2 сард дахиад үрэвсэл яваад байна гээд 1 дүгээр эмнэлэгт бүтэн наркозтой хагалгаанд ороод 34-37 дугаар 3 арааг нь авсан. Одоо ч гэсэн 1 дүгээр эмнэлгийн эмч Даваадоржид хянуулаад явж байгаа..." гэх мэдүүлэг /хх-ийн 38-39-р хуудас/

 

-Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн шүүх эмэнэлгийн үзлэг хийсэн №228 тоот дүгнэлтэнд:

          1.Хохирогч Т.Рэгзэнгомбо нь 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдөр “Цахиур дент” эмнэлэгт 36-р шүдний ёзоорын архаг үрэвсэл гэсэн оноштой үзүүлжээ.

 

2.Рэгзэнгомбо нь 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдөр “Цахиур дент” эмнэлэгт ирэх үедээ шүд өвдөөд байгаа, шөнө өвдсөн, 5 сараас хойш өвдсөн. Сүүлд эмэнд дарагдахаа больсон, хазахад өвддөг, халуураагүй гэсэн зовиуртай. Үзлэгээр: тогшилтонд хөндүүртэй,  Блокын том хөндий… сувгаас шүүс гарсан, 36-р шүдний ёзоорын архаг үрэвсэл гэсэн оноштой маргааш ирж үзүүл гэж зөвлөгөө өгөн буцаажээ. 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр “Дун “шүдний эмнэлэгт 36-р шүдний ёзоорын хурц үрэвсэл, 26-р шүдний зөөлцийн үрэвсэл гэсэн оноштойгоор ирж үзүүлэн рентген зургийг авахуулахад 36-р шүдний ёзоорын сувагт багаж хугарч үлдсэн байдалтай байсан тул уг шүдийг авсан байна. 2015 оны 10 сарын 25-ны өдөр шүдний гаралтай доод эрүүний зүүн хэсгийн эрүү, далавч зай  амны хөндийн ёроолын зөөлөн эдийн идээт нэвчдэс, доод эрүүний зүүн талын  ясны хурцавтар үрэвсэл гэсэн оноштой хэвтэж 2015 оны 10дугаар  сарын 25-ны өдөр зөөлөн эдийн идээт нэвчдэсийг цэвэрлэх мэс засал хийгдсэн байна. УНТЭ-ийн эрүү, нүүрний мэс заслын төвд доод эрүү ясны үрэвсэл оноштойгоор дахин эмчлэгдсэн байна.

 

3.Хохирогч Т.Рэгзэнгомбын шүдийг эмчлэх явцад шүдэнд нь багажны үзүүл ямар учраас хугарсан эсэхийг тогтоох боломжгүй. Эмч Ц.Анхцэцэгийн ажлын хариуцлагагүй, туршлагагүй байдал, буруутай үйл ажиллагаа байгаа эсэхийг шүүх эмнэлгийн шинжилгээгээр тогтоохгүй. Эмч Анхцэцэг нь өвчтөнд багаж хугарсан тухай хүндрэл гарсан талаар тайлбарлан хэлж, зөвлөгөө өгч, рентген зураг болон бодит үзлэгээр өвчтнийг хянах ёстой байжээ. Эмч Ц.Анхцэцэг нь шүдний холбоосын архаг үрэвслийн эмийн эмчилгээний үйлдлийн стандартыг зөрчсөн байна.

 

4.Шүдний сувагт багаж хугарах тохиолдол амьдрал нилээд тохиолддог ба шүдний сувагт хугарч үлдсэн багажны үзүүр нь тухайн хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлнө.Шүдний ёзоорын сувагт багаж хугарсан энэ тохиолдолд сурвалжийн сувгийг суваг өргөсгөх уусмалаар өргөсгөн багажийг гаргаж авах буюу хугарсан багажийг гаргаж авч чадахгүй, боломжгүй үед шүдийг авна.  "Дун" эмнэлгийн эмч С.Батсүрэн нь Т.Рэгзэнгомбын багажны үзүүр хугарч үлдсэн шүдийг авсан нь зөв байна. С.Батсүрэнгийн үзүүлсэн эмнэлгийн тусламж үйлчилгээ нь эмчилгээ оношлогооны стандартад нийцсэн байна.

           

            5.Хохирогч Т.Рэгзэнгомбо нь Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Эрүү нүүрний мэс заслын тасагт шүдний гаралтай доод эрүүний зүүн хэсгийн эрүү,  далавчны зай амны хөндийн ёроолын зөөлөн эдийн идээт нэвчдэс, доод  эрүүний зүүн талын ясны хурцавтар үрэвсэл гэсэн оноштой хэвтэж 2015  оны 10 дугаар сарын 25-ны өдөр зөөлөн эдийн идээт нэвчдэсийг цэвэрлэх мэс  засал хийгдсэн байна. Дээрх эмгэгт мэс заслын эмчилгээ хийгдэнэ.

 

             6.Хохирогч Т.Рэгзэнгомбын биед шүдний ёзоорын сувагт багаж хугарсан нь эрүү, далавчны зай амны хөндийн ёроол хэсгийн эдийн идээт нэвчдэс, доод эрүүний зүүн талын ясны идээт үрэвсэл хүндрэл үүсгэсэн нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах  тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

           

              7.Т.Рэгзэнгомбод үзүүлсэн эмнэлгийн тусламж үйлчилгээнүүд нь эмч үйлчилгээний түгээмэл стандарт, шүдний холбоосын архаг үрэвсэл эмийн эмчилгээний үйлдлийн стандартаар зохицуулагдана.

 Шинжээч эмч А.Амгаланболд, Т.Чимэд-Очир, М.Золзаяа гэх дүгнэлт /хх-н 44-р тал/

 

-Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн шүүх эмэнэлгийн үзлэг хийсэн № 357 тоот дүгнэлтэнд  

 

1.Шүүх змнэлгийн шинжилгээний хэлтсийн шинжээч эмч нарын 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн №228 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна.

2.Т.Рэгзэнгомбо нь 2015.10.21-ний өдөр "Цахиур Дент" эмнэлэгт 36 холбоосын архаг үрэвсэл оноштой ирж үзүүлсэн ба уг архаг үрэвсэл нь  идэвхжиж сэдэрсэн үед үзүүлсэн байна.

3.Шүдний холбоосын архаг үрэвсэл нь аажим явцтай бөгөөд хүний дархлаа суларсан үед идэвхждэг болно.

4.Т.Рэгзэнгомбын шүдний ёзоорын сувагт багажийн үзүүр хугалж үлдээсэнээс  хүндэрч Т.Рэгзэнгомбо нь Улсын Клиникийн 1-р төв эмнэлгийн шүдний гаралтай доод эрүүний зүүн хэсгийн эрүү, далавчны зай, амны хөндийн  ёроолын зөөлөн эдийн идээт нэвчдэс, доод эрүүний зүүн талын ясны үрэвсэл  оноштой хэвтэж зөөлөн эдийн идээт нэвчдэсийг цэвэрлэх мэс засал  хийгдсэн  байна.

 5.Т.Рэгзэнгомбын биед шүдний ёзоорын сувагт багаж хугарсантай холбоотой байх тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд зааснаар гэмтлийн зэрэг тогтооно. Уг хүндрэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул уг журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

 6.Т.Рэгзэнгомбод үзүүлсэн эмнэлгийн тусламж үйлчилгээнүүд нь эмчилгээ түгээмэл стандарт, шүдний холбоосын архаг үрэвслийн эмийн эмчилгээний  үйлдлийн стандартаар зохицуулагдана. Уг тохиолдолд гарсан хүндрэлийг өвчтөнд танилцуулж арга хэмжээ аваагүй тул уг стандартыг зөрчсөн гэж үзнэ

 

Шинжээч эмч М.Энхбаяр, С.Чулуунсүх, Н.Туяа гэх дүгнэлт /хх-ийн 53-54-р тал/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Дээрхи нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож  цагаатгах  тогтоолын үндэслэл  болголоо.

 

Эрүүгийн хуулийн  тусгай  ангийн  106 дугаар зүйлд заасан гэмт хэргийн объектив тал нь  ямар нэгэн  хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр  өвчтөнд тусламж  үзүүлэхгүй байх  эс үйлдэхүйгээр өвчтөнд эмнэлэгийн дуудлагаар очихгүй байх, эмнэлэгийн байгууллагад  өвчтөнийг  хүлээн авахаас татгалзах гэх зэргээр илэрхийлэгдэнэ.

 

Субъектив  тал нь гэмт хэрэг нь  шууд санаатай гэм буруутай этгээд нь өвчтөнд  эмнэлэгийн тусламж  үзүүлэхгүй  байна гэдгээ ухамсарлаж, хэдийгээр энэхүү тусламжийг үзүүлэх боломж байсан ч өөрийн үүргээ биелүүлэхээс зайлсхийхийг хүссэн байна.Өвтөнд эмнэлэгийн тусламж үзүүлээгүйгээс  хүндэвтэр гэмтэл учирсан нь  гэм буруутай этгээдийн хувьд болгоомжгүй байж болно.

 

Субъект нь  өвчтөнд эмнэлэгийн тусламж үзүүлэх  үүрэг бүхий ажилтнууд байна. Үүнд: эмч, бага эмч сувилагч, эх баригч  хамаарна.

 

Шүүгдэгч Ц.Анхцэцэг нь  2015 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 01 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Цахиур Дент” эмнэлэгт эмчээр ажиллаж  байхдаа  иргэн Т.Рэгзэнгомбын шүдийг эмчлэх явцад  эмчлэгч багажны үзүүрээ шүдний ёзоорын сувагт хугалсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн  106 дугаар зүйлийн 106.1-т заасан гэмт хэргийн  бүрэлдэхүүнгүй байх тул  Эрүүгийн хариуцлага тооцох  үндэсгүй байна.

 

Харин  Ц.Анхцэцэг нь  2015 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 01 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Цахиур дент” эмнэлэгт иргэн Т.Рэгзэнгомбын шүдийг эмчилгээний явцад алдаа гаргаж  эмчлэгч багажны үзүүрээ шүдний ёзоорын сувагт хугалж үлдсэнээс түүний эрүүний зүүн хэсгийн эрүү, далавчны зай, амны хөндийн ёроолын зөөлөн эдийн идээт нэвчдэс, доод эрүүний зүүн талын ясны үрэвсэл зэрэг  эрүүл мэндийг нь удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр гэмтэл  үүссэн  болох нь шинжээчийн дүгнэлтээр  тогтоогдож  байх тул  иргэн  Т.Рэгзэнгомбод  учирсан  хохирлыг   бичгийн нотлох  баримтуудыг  үндэслэн  Ц.Анхцэцэгээр төлүүлэх  нь  зүйтэй байна.

 

Иргэний хуулийн  497 дугаар зүйлийн  497.1-т …бусдын эрх, амь нас, эрүүл мэнд,  нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд  хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-гээр  гэм хор учруулсан этгээд  уг гэм хорыг  хариуцан арилгах үүрэгтэй  гэж хуульчилжээ.

 

Хохирогч  Т.Рэгзэнгомбо  нь  1.364.000 төгрөгийн  хохирол  нэхэмжилж  байгаа боловч   хавтаст  хэрэгт  54000 /хх-ийн 110-р тал/ 170.300 /хх-ийн 111-р тал/ 30.000 /хх-ийн 112-р тал/ 30.000 /хх-ийн 113-р тал/ 30.000 /хх-ийн 114-р тал/ 20.000+18.600=38.600 /хх-ийн 116-р тал/ 30.000+183.000=183.030 /хх-ийн 117-р тал/ 45.000 /хх-ийн 118-р тал/ 272.000 /хх-ийн 119-р тал/ 86.400 /хх-ийн 120-р тал/ 32.700 /хх-ийн 121-р тал/ 95.000 /хх-ийн 122-р тал/ нийт  1.097.000 төгрөгийн баримтыг ирүүлсэн нь нотлох баримтын шаардлага хангасан байна гэж үзэж  хохирлыг  гаргуулахаар шийдвэрлэв.

 

Харин Т.Рэгзэнгомбо нь өөрт учирсан гэмтлийн улмаас хөдөлмөрийн чадвараа түр  хугацаагаар алдсан гэж 2 сарын цалин хөлс нэхэмжилж байгаа боловч холбогдох нотлох  баримт хэрэгт  ирүүлээгүй  байна.  Мөн  энэ гэмтлийн улмаас 3-н эрүүл шүдээ авахуулсан тул имплант шүд хийлгэх  зардлаа нэхэмжилж байгаа боловч шүүхэд ирүүлсэн бичгийн баримт нь нотлох  баримтын  шаардлагыг хангалттай  хангаж чадахгүй  байх  тул түүнд холбогдох баримтаа бүрдүүлсний эцэст  жич  нэхэмжлэх  эрхтэйг дурьдах нь зүйтэй гэж үзлээ

 

Ц.Анхцэцэг нь  150.000 төгрөгийг “Капитрон“ банк дахь БЗД, СБД, ЧД ЭХАШШТГ төрийн сангийн 900005406 тоот дансанд 150.000 төгрөгийг байршуулсан  байх тул  Ц.Анхцэцэгийн  төлөх төлбөрөөс  150.000 төгрөгийг хасч тооцон уг  байршуулсан  мөнгийг Т.Рэгзэнгомбод  олгож шийдвэрлэх нь зүйтэй  гэж үзлээ.

 

           Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  248 дугаар зүйлийн  248.1, 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

           1.Монгол  улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  24 дүгээр  зүйлийн 24.1.1-т зааснаар Цагаан хуулар   овогт Цэенравдангийн  Анхцэцэгт  холбогдуулан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 106 дугаар зүйлийн 106.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож  цагаатгасугай.

2.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй,  цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай.

3. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1,  505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Ц.Анхцэцэгээс 947.000 /есөн зуун дөчин долоон мянган/ төгрөгийг,  “Капитрон “ банк дахь  БЗД, СБД, ЧД ЭХАШШТГ төрийн сангийн  900005406 тоот   данснаас 150.000 төгрөгийг тус тус гаргуулан хохирогч Т.Рэгзэнгомбод /РД:ЙП75052316/ олгосгуай.

4.Хохиорогч Т.Рэгзэнгомбо  өөрт учирсан  хохирлын талаархи нотлох баримтаа  бүрдүүлж  Иргэний Хэрэг Шүүхэд Хянан   Шийдвэрлэх   Тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.

5.Цагаатгах  тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Ц.Анхцэцэгт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй  болгосугай.

6.Цагаатгах  тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч нар, хохирогч, түүний өмгөөлөгч нар тус тус давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 7.Цагаатгах тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

             

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ч.АЛТАНЦЭЦЭГ