Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 183/ШШ2017/02488

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Б Э ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Н ХХК-д холбогдох,

 

гэрээний үүрэгт 1.451.823.900 /нэг тэрбум дөрвөн зуун тавин нэгэн сая найман зуун хорин гурван мянга есөн зуу/ төгрөг гаргуулах тухай үндсэн, гэрээнээс учирсан хохиролд 708.000.000 /долоон зуун найман сая/ төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сугармаа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Батжаргал, хариуцагчийн итгэмлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнхбат, хариуцагчийн өмгөөлөгч Д.Нямдорж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Нандинзаяа, нарийн бичгийн дарга Б.Цэнд-Аюуш нар оролцов.

                                                                                                   ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б Э ХХК нь Н ХХК-тай 2015 оны 10 сарын 21-ний өдөр БЭ-015 дугаартай Тэжээл худалдах, худалдан авах гэрээ байгуулж гэрээний дагуу 6.201.87 тонн хэмжээтэй тэжээлийг нийлүүлсэн. Гэрээний дагуу нийт 967 882 600 төгрөгийн тэжээлийг гэрээн заасан үүргийнхээ дагуу чанар, стандарт хангасан тахианы тэжээлийг гэрээний дагуу нийлүүлсэн. Гэтэл Н ХХК нь гэрээнд заасан үүргээ биелүүлэхгүй худалдан авсан тэжээлийн үнэ төлөхгүй болсон учир тооцоо нийлж 967.882.600 төгрөгийн авлага үүсэж тэжээлийн үнийг төлөөгүй болох нь тогтоогдсон. Гэрээний 5.4-т гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх алданги төлөхөөр заасан боловч Иргэний хуульд зааснаар гүйцэтгээгүй үүргийн 50 хувиар алдангийг тооцож 483.941.300 төгрөгийн алданги гаргуулах үндэстэй тул нийт 1.451.823.900 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс өмнөх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талуудын БЭ-015 дугаартай гэрээ нь 1 жилийн хугацаатай байгуулсан боловч Н ХХК нь бидэнд урьдчилан мэдэгдэхгүйгээр гэнэт худалдан авалтаа зогсоосон. Зөвхөн дангаараа гэрээний үүргээсээ Н ХХК нь татгалзсанаараа манай компанид асар их хохирол учруулаад байна. Н ХХК нь Жаргалсайхан гэж хүний нэр дээр байдаг, Ц.Баатарбилэг захирлын төрсөн дүү Ц.Нандинцэцэг гүйцэтгэх захирлаар нь ажилладаг “Агро газ” ХХК-ийн нэр дээр ОХУ-аас тэжээл худалдан авч эхэлсэн байдаг. Н ХХК нь манай тэжээлийн төлбөр 967,882.600 төгрөгийг өөрийн охин компани “Агро газ” ХХК-д шилжүүлэн авч өнөөдрийг хүртэл аишглаж байна. “Агрогаз” ХХК нь ОХУ-аас оруулж ирсэн тэжээлийн гаалийн мэдүүлэг болон Н ХХК-д нийлүүлсэн тэжээлийн санхүүгийн нотлох баримтыг үзэхэд тодорхой харагдана. Бид өр авлагаа барагдуулах талаар Ц.Баатарбилэг захиралтай маш олон удаа уулзаж гуйж, эв зүйгээр учраа олох санал санаачлага гаргаж байсан, анх өр үүссэн цагаас биднийг хууран мэхэлж байсныг мэдэхгүй өнөөдрийг хүртэл итгэж явж ирсэн. Манайхаас гэрээг дангаар цуцлах ямар ч санаачлага гаргаагүй, харин бидэнд урьдчилан мэдэгдсэн тохиолдолд хохирол бага учрах байсан. Өр авлага барагдуулах талаар манайх албан бичиг өгч байсан ч хариу өгдөггүй, очихоор захирал Ц.Баатарбилэг, Б.Бүүвэй нар удаа дараа хэлэх, график гаргаж төлөх хуваарь гаргаад ир гэж явуулах, гарсан графикаа батлахгүй бие бие рүүгээ түлхэх зэрэг цаг хугацаа хожих гэсэн арга хэрэглэсээр өнөөдрийг хүрлээ. Төлбөрийг цаг тухай бүрт нь хийгээгүйгээс өр авлага үүссэн, өр авлагыг сар, бүр 2 талын санхүүгийн тооцоо нийлсэн акт, нөат-ын тайлан зэргээс тодорхой болно. Худалдан авсан тухай бүрт нь хийхээр Ц.Баатарбилэг захиралтай тохирч 2015 оны 10 сарын 21-ний өдрөөс эхлэн тэжээл нийлүүлж эхэлсэн. Гэрээний хугацаа 2016 оны 10 сарын 21-ний өдөр дуусгавар болсон. Гэрээний дагуу чанартай тэжээлийг заасан хугацаанд нийлүүлж байсан нь өдөр тутмын санхүүгийн гүйлгээгээр нотлогдож байгаа, тэжээлийн үнийг төлөхдөө дутуу төлсөөр 9 сарын дараа өр төлбөр 967 сая төгрөгт хүрсэн. Гэрээг 1 жилийн хугацаатай байгуулсан ч Н ХХК нь төлбөр төлөхөөс санаатайгаар зайлсхийж, хууран мэхлэх замаар өр авлага үүсгэн манайхыг санхүүгийн хүнд байдалд оруулсан. Бид чанарын шаардлага хангасан тэжээл тогтмол нийлүүлж ирсэн, гэрээний хугацаанд чанарын талаар 1 ч удаа гомдол гаргаж байгаагүй. Гэрээний 3.5-д худалдан авагч нь худалдан авсан тахианы тэжээлийн чанар, тоо хэмжээтэй холбоотой доголдол, дутагдлын талаар худалдагчид мэдэгдэж, чанарын шаардлага хангаагүй тахианы тэжээлийг худалдагчийн зардлаар буцаан хүргүүлж, шаардлага хангасан тахианы тэжээлээр хангуүлах, өөрийн байранд хүргүүлэн авах эрхтэй гэж, 3.2-т худалдан авагч нь тахианы тэжээлийн тоо хэмжээ, чанарыг шалгаж, хүлээн авах гэж заасан байдаг. Гэрээний хавсралтад тэжээлийн үнийг 1 жилийн хугацаанд хатуу мөрдөхөөр заасан боловч Н ХХК-ийн удаа дараагийн хүсэлтийн дагуу үнийг тодорхой хэмжээгээр буулгаж, тэжээлийн үнээс 20 сая төгрөгийг хасаж үзүүлсэн хөнгөлөлт тусламжийг хохирол төлсөн мэт болгож харуулах гэсэн арга хэрэглэж байгаатай санал нийлэхгүй байна гэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Талуудын хооронд гэрээ байгуулагдсаны дагуу Б Э ХХК-иас нийлүүлэгдэж байсан тэжээлийн үнийн тооцоо 2016 оны 6 дугаар сарын  30-ны өдрийн байдлаар 967.882.600 төгрөг байсан талаар маргахгүй байгаа. Хуульд зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байгаа үндэслэлээ өөрөө нотлох үүрэгтэй.  Хэрэгт авагдсан нотлох баримтууд  хариуцагчийн татгалзал үндэслэлгүйг харуулж байна. Гэрээ 1 жилийн хугацаатай байгуулагдан, худалдан авагч талын захиалсан барааг тухай бүрт нийлүүлж байсан. Чанар муутай тэжээл нийлүүлсэн гэдгийг нотлох баримт хэрэгт байхгүй. Иргэний  хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах, худалдан авах гэрээний  барааны доголдлын талаар 6 сарын дотор гаргах ёстой байтал хугацаа дууссанаас хойш 1 жил өнгөрсөн байна. Сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь  6 сараас ямар ч байсан хэтэрсэн тул шаардлага гаргах эрхээ алдсан. Н ХХК болон түүний охин  компани болох М ХХК нь аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэг. Тэгэхээр Иргэний хуульд заасны дагуу нэгэнт аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэг худалдан авагч нь тухайн үед барааг шалгаж авах ёстой ба шалгаж аваагүй бол гомдлын шаардлага гаргах эрхээ алддаг. Гэрээний 3.5-т худалдан авагч худалдан авсан тэжээлийн чанар, тоо хэмжээтэй холбоотой доголдол дутагдлын талаар худалдагчид мэдэгдэж, чанарын шаардлага хангаагүй тахианы тэжээлийг худалдагчийн зардлаар буцаан хүргүүлж, шаардлага хангасан тэжээлээр хангуулах, өөрийн байранд хүргүүлэн авах эрхтэй гэж заасан. заалт 1 ч удаа хэрэгжээгүй, бий болоогүй тул татгалзал нь үндэслэлгүй. Талууд тухай бүр тооцоо нийлж  байсан. Гэрээний хугацаанд 10 гаруй тэрбум гаруй төгрөгийн тэжээлийг зөвхөн зээлээр өгөөд хугацааны эцэст авна гэж угаасаа байж боломгүй. Иргэний хуулийн 198.1-198.6-д гэрээг тайлбарлах талаар тодорхой заасан. 198.1-198.5-д зааснаар гэрээг тайлбарлах боломжгүй нөхцөл байдал үүсч байгаа, яагаад гэвэл гэрээний төлбөрийг хэзээ төлөхийг заагаагүй. Тэгэхээр 198.6 хэсэг хэрэглэгдэнэ. Үүнд энэ хуулийн 198.1-198.5 дахь хэсэгт заасан журмаар гэрээний агуулгыг тодорхойлох боломжгүй бол гэрээний зорилгыг харгалзан талуудын нэгдмэл санааг тодруулах бөгөөд үүний тулд гэрээ байгуулахаас өмнө хийсэн хэлэлцээ, харилцан илгээсэн баримт бичиг талуудын хооронд тогтсон практик, ажил хэргийн хүрээнд тогтсон заншил зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзнэ  гэж заасан. Хавтаст хэрэгт талуудын хооронд харилцан өгч байсан албан бичгүүдийн утгаас харвал гэрээг цуцлах тухай санал 1 ч байхгүй. Б Э ХХК-иас барааныхаа үлдэгдэл төлбөрийг төл гэсэн утгатай байснаас гэрээг цуцлах санаа байдаггүй. Гэхдээ  2016 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Н ХХК-иас явуулсан  албан бичиг дээр гүйцэтгэх захирал н.Бүүвэй гэдэг хүн гэрээнээс татгалзан бид танайхаас гадна ОХУ-ын улсын компаниас давхар нийлүүлэх болсныг мэдэгдье гэсэн албан бичгүүдийн утгын хүрээнд ярих юм бол Б Э ХХК-ийн зүгээс гэрээнээс татгалзсан асуудал байхгүй. Хариуцагчаас өгсөн захиалгыг  Б Э ХХК хүргэж өгсний 1-2 хоногийн дараа мөнгө нь шилжиж ордог  практикийн дагуу явагдаж байсныг үзэхэд гэрээ нь зээлээр худалдах, худалдан авах гэрээ биш, барааг захиалгын дагуу нийлүүлэх, үнийг тэр дор нь төлөх гэсэн худалдах, худалдан авах гэрээний зохицуулалт юм. 967.882.600 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг гэрээний хугацаа дуусахаас өмнө гаргаж байсан нь Иргэний хуулийн 208.2, 208.3-т зааснаар нэн даруй шаардаж байсан нь Б Э ХХК-иас явуулж байсан албан бичгүүдээр тогтоогдоно. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа сунжрах хугацаанд гэрээний хугацаа дуусаж нэхэмжлэлийн шаардлагыг тодорхой болгох үүднээс Иргэний хуулийн 243.1, 208 дугаар зүйлийн 208.1-д заасныг баримтлан үндсэн нэхэмжлэлээс гадна алданги тооцохдоо  гэрээний хугацаа дууссан өдрөөс буюу 2016 оны 10 дугаар сарын  21-ний өдрөөс алдангийг тооцсон гэв.

 

Хариуцагч, түүний өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талууд 2015 оны 10 дугаар сарын 21-нд тэжээл худалдах, худалдан авах гэрээ байгуулсан талаар маргадаггүй, 2016 оны 1 сарын 16-наас 2016 оны 6 сарын 30-ны өдөр тооцоо нийлэхэд 967.882.600 төгрөгийн үлдэгдэлтэй гарсныг гарын үсэг зурсан. 967.882.600 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй үндэслэл нь 1-д чанаргүй бараа нийлүүлсэн, 2-т тогтоосон хугацаанд нийлүүлээгүй учраас сөрөг нэхэмжлэлээр 708 сая төгрөгийн хохирол учирсан гэж нэхэмжилсэн. Иймд 967.882.600 төгрөгөөс 708 саяыг хасаад 259.882.000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Алдангийг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч шаардлагадаа 2016 оны 10 сарын 21-ний өдрөөс алданги тооцож эхэлсэн гэж байна. 2015 оны 10 сарын  21-ний өдөр 1 жилийн хугацаатай байгуулагдсан гэрээг 2016 оны 9 сарын 28-нд Б Э ХХК цуцалснаа 967.882.600 төгрөгөө өр авлагаа барагдуул гэж нэхэж байгаа үйлдлээрээ Иргэний хуульд заасны дагуу цуцлаад шууд шүүхэд нэхэмжлэл гаргасан. 2016 оны 7 сарын 19-өөс хойш дахин миний үйлчлүүлэгч компанид 1 ч удаа тэжээл нийлүүлээгүй. Өөрөөр хэлбэл Иргэний хуульд заасан үүрэгтэй холбоотойгоор харилцааг өөрийн үйлдэл болон эс үйлдлээр гэрээг цуцалснаа илэрхийлж хугацаа тогтоогоогүй, цаашид биелэгдэх боломжгүй гэж үзээд шууд нэхэмжлэл гаргаж  гэрээг цуцалсантай холбогдуулан Б Э ХХК 2016 оны 10 сарын 21-нээс алданги тооцох эрхээ алдсан. Гэрээг цуцлагдсанаар эрх, үүрэг дуусгавар болно гэж УДШ-ийн тайлбарт заасан. Тэжээл болон бусад зүйлээ зохих ёсоор бүрэн биелүүлээгүй, тогтоосон хугацаанд чанарын шаардлага хангасан тэжээл нийлүүлээгүйгээс үүдэн хохирол учирч байсан учраас алдангийг төлөхгүйгэв.

 

Гуравдагч этгээдийн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчийг дэмжиж оролцож байгаа тул түүний тайлбар, татгалзал болон сөрөг нэхэмжлэлийг дэмжиж байна гэв.

 

Хариуцагчаас шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Манай компани “Эс Эм Жи Ди Аудит” ХХК-иар тусгайлсан аудитын тайлан гаргуулж, учирсан хохирлын хэмжээг тогтоолгосон ба энэхүү тайлангийн хорогдлын дүгнэлтэд 2015 оны 10 сараас 2016 оны 7 сарыг дуусталх хугацаанд өндөгний хорогдол болон өндөглөгч тахианы хорогдол нь ойролцоогоор 708 сая орчим төгрөг байна гэж тогтоосон. Иргэний хуулийн 261.1-д “худалдах, худалдан авах гэрээний нэг тал нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөнөөс нөгөө талдаа учирсан хохирлыг гэм хор арилгах нийтлэг журмыг баримтлан арилгана” гэж заасан ба талууд гэрээний 7.5-д “аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөнөөс нөгөө талдаа учруулсан хохирлыг гэм хор арилгах нийтлэг журмыг арилгана” гэж тохиролцсон. Хариуцагч нь нэхэмжлэгчид гэрээний үүргийн биелэлт буюу тэжээл бэлтгэн нийлүүлэлтээс болоод байгууллагад хохирол учирч байгаа талаар 2016 оны 8 сарын 05-ны өдрийн 1/511 дугаар албан бичгээр “Өндөглөгч тахианы нийлүүлэх гэрээнд цагт нь хүргэлтийг хийх, тасалдаж үл болох, аргагүй нөхцөл үүссэн тохиолдолд нийлүүлэх боломжгүйгээ 14 хоногийн өмнө мэдэгдэх гэх мэт заалтуудтай, Тахиаг өндөглөх хүртэл нь өндөр өртөгтэй бөгөөд тэжээл нэг л өдөр тасалдахад олон хоногийн өндөглөлтийг огцом унагах, хорогдлыг өндөр тоогоор нэмэгдүүлэх, эргээд өндөглөлт нэмэгдэх удаан хугацаа шаардах нөхцөл бүрддэг тухай болон тэжээл нийлүүлэлт тасалдаж байгаа учраас давхар өөр нийлүүлэгч хайх шаардлагатай болсон” талаар мэдэгэдэж байсан. Иргэний хуулийн 227.3-т үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно гэж заасан ба аудитын тогтоогдсон 708 сая төгрөг нь манай байгууллагад орох байсан орлого юм. Нэхэмжлэгч тал гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хариуцагчид хохирол учирсан тул сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж гэрээ болон Иргэний дүгээр зүйлийн 261.1-д зааснаар нэхэмжилж байна. Гэрээний нэг тал болох Б Э ХХК гэрээнп заасны дагуу стандарт хангасан, чанартай тэжээлийг цаг хугацаанд нь нийлүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлсэн бол манай өндөглөгч тахианы өндөг хорогдолгүй хэвийн гарч, тахианы хорогдол ч гарахгүй байх байсан бөгөөд нэхэмжлэгч Иргэний хуулийн 206.1-д заасан үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэсэн зарчмыг зөрчсөн буруутай тул мөн хуулийн 219.1-д зааснаар учирсан хохиролд Б Э ХХК-иас 708 сая төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчөөс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зөвхөн аудитын тайлан дээр Б Э ХХК-ийн тэжээлээс болж өндөг хагарсан гэх зүйл байхгүй. Мөн өндөг хорогдол нь юунаас болсон талаар ганц ч үг, үсэг байхгүй. 1 дүгээр хавтаст хэргийн 116 дугаар хуудасны хүснэгтэд бүхэл дүн нь таарахгүй, тоо хэмжээ нь худлаа байна. Энэ аудитын дүгнэлт нь ганцхан Н ХХК-д л зориулсан. Дээрээс нь Н ХХК-ийн удирдлагад зориулан бэлтгэсэн бөгөөд аливаа гуравдагч этгээдийн өмнө хариуцлага хүлээхгүй гэсэн байна. Үүн дээр Б Э ХХК-ийн талаар ганц ч үг, үсэг байхгүй. Муу тэжээл идсэнээс өндөг нь хорогдсон гэдэг асуудал яригдаагүй, манайхтай холбоогүй тул сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

Шүүх нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэл, зохигчийн тайлбар, үзлэг хийсэн тэмдэглэл болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад YНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б Э ХХК нь хариуцагч Н ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 967.882.600, алданги 483.941.300, нийт 1.451.823.900 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь худалдах, хэдэлдэн авах гэрээнээс учирсан хохиролд 708.000.000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан байна.

 

                 1. Нэхэмжлэгчийн үндсэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

 

Нэхэмжлэгч тал шаардлагын үндэслэлийг хариуцагч гэрээгээр тохирсон тэжээлийн төлбөрийг төлөөгүй тул хугацаа хэтрүүлсэн хугацааны алдангийн хамт гаргуулна гэж тайлбарлав.

 

Хариуцагч нь тэжээлийн төлбөр 967.882.600 төгрөгийн тухайд маргаагүй, харин алдангийг гэрээгээр төлбөр төлөх хугацааг тодорхойлоогүй, гэрээний хугацаа дуусахад төлбөрийг төлнө гэж тохирсон тул үндэслэлгүй гэж мэтгэлцлээ.

 

Талууд 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдөр “Тэжээл худалдах, худалдан авах гэрээ” байгуулж, Б Э ХХК нь 11.263 тонн тэжээл нийлүүлэх, Н ХХК нь 11.702.890.000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон байна.

 

Зохигчийн хооронд байгуулагдсан хэлцэл нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д “гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэж заасан зарчимд нийцсэн, хүсэл зоригоо илэрхийлж, гэрээ хүчин төгөлдөр болсон, тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээний эрх зүйн харилцаа үүсчээ.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэж тодорхойлсон ба талууд гэрээний 5.4 дэх заалтаар 0.5 хувийн алданги төлөхөөр тохиролцсон байх тул нэхэмжлэгч нь алдангийг шаардах эрхтэй байна.

 

Нэхэмжлэгч тал алдангийг нэхэмжлэл гаргахдаа гэрээ байгуулагдсан өдрөөс хойш тооцсон тооцоолол байгаа боловч хэдний өдөр төлөхөөс хэдэнд төлж хугацаа хэтрүүлсэн нь тодорхойгүй, нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.6-д заасан тогтсон практик, заншлын хүрээнд нийлүүлмэгц төлбөрийг төлсөн гэж тайлбарлах ч баримтаар нотлогдохгүй байна.

 

Харин хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн үндэслэлийг төлөөлөгчөөс өөрчлөхдөө 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс хойш буюу шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш хугацааг тодорхойлж байгаа нь үндэслэлгүй байна.

 

Талуудын байгуулсан гэрээний хавсралтаар 2015 оны 10 сараас 2016 оны 10 сар хүртэл нийлүүлэх тэжээлийн болон үнийн хэмжээг тодорхойлсон байх бөгөөд гэрээгээр төлбөр хийх хугацааг тохиролцоогүй байна.

 

Б Э ХХК нь 2016 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 115/16 тоот албан бичгээр хариуцагчаас төлбөрийн үлдэгдлээ төлөхийг шаардсан байна.

 

Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.3-т хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол үүргийн шинж чанараас шалтгаалан үүрэг гүйцэтгүүлэгч үүргийн гүйцэтгэлийг шаардсанаас хойш 10 хоногийн дотор үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэх үүрэгтэй гэж заажээ.

 

Хариуцагч нь 2016 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн дотор үүргээ гүйцэтгээгүй байх тул энэ өдрөөс хойш шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийг хүртэл хүртэл 40 хоногийн хугацааны алдангийг тооцож, /гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 967.882.600 төгрөгийн 0.5 хувь нь 4.839.413 төгрөг/ 193.576.520 төгрөгийг гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дүгээр зүйлийн 232.6-д заасныг баримтлан Н ХХК-иас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 1.161.459.020 төгрөг гаргуулан, Б Э ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 290.364.880 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Энэ өдрийн шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч нь 82.862.500 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан тул Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар баталлаа.

 

2. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн тухайд:

 

Хариуцагч тал  “Эс Эм Жи Ди Аудит” ХХК-ийн тусгайлсан аудитын тайланг үндэслэж, гэрээний гэрээний 7.5, Иргэний хуулийн 227.3-т зааснаар өндөгний хорогдлыг орох байсан орлогод тооцон 708.000.000 төгрөгийн хохирол гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлав.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар биет байдлын доголдолгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдагч нь худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээхээр зохицуулсан буюу өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь хариуцагчийн өмчлөлд чанарын доголдолгүй тахианы тэжээлийг холдогдох эрх бүхий этгээдийн дүгнэлтийн хамт шилжүүлэх үүрэгтэй байна.

 

Нэхэмжлэгч талаас нийлүүлсэн тэжээлийн чанар байдалд дүгнэлт гаргуулсан гэж шүүхэд гаргаж өгсөн Мал аж ауй Биотехнологийн сургуулийн задлан шинжлэгч А.Эрдэнэчимэгийн дүгнэлтийг үнэн зөв эргэлзээгүй баримт гэж үзэх боломжгүй юм. Учир нь тухайн этгээдийн шинжлэх эрхтэйг нотолсон баримтгүй байна.  

 

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 7.5-д “аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөнөөс нөгөө талдаа учруулсан хохирлыг гэм хор арилгах нийтлэг журмаар арилгана” гэж тохиролцжээ.

 

Шүүхээс уг хэрэгт гуравдагч этгээдээр оролцож байгаа “Мон эгг” ХХК-ийн дэд захирал Банзрагчийн цахим шуудангийн хаягт хийсэн үзлэгээр “НВЦ” ХХК нь тахианы тэжээлийн чанарын доголдлын талаар нийлүүлсэн тухай бүрд нь “Баялаг эмээлт” ХХК-д мэдэгдэж харилцаж байсан нь нотлогдож байна.

 

Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж, 227 дугаар зүйлийн 227.3-т үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно гэжээ.

 

Хариуцагчийн шаардлагын үндэслэлийг тодорхойлж ирүүлсэн “Эс Эм Жи Ди Аудит” ХХК-ийн тусгайлсан аудитын тайланг нэхэмжлэгч тал компанийн удирдлагын захиалгаар өөрсдийн хэрэгцээнд зориулж хийлгэсэн, дүгнэлтийн тооцоолол буруу гэж маргаж байгаа боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан эрхээ хэрэгжүүлээгүй, энэ талаар дүгнэлт гаргуулахаар хүсэлтийг гаргаагүй байна.

 

Өөрөөр хэлбэл сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг өөрийн хэмжээнд нотолж дүгнэлт гаргуулсан байгааг буруутгах боломжгүй юм.

 

Дээрх дүгнэлтээр 2015 оны 10 дугаар сараас 2016 оны 7 дугаар сарыг дуусталх хугацаанд борлуулсан 3.312.400 өндөг устсан, хагарсан, цуурсан үндэслэлээр 470.00.000 орчим төгрөгийн хохирол, хорогдлыг тодорхойлсноор олох байсан орлогод тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Харин талууд тахианы хорогдлын талаар мараагүй тул дүгнэлтэд заагдсан 238.506.000 төгрөгийн өндөглөгч тахианы хорогдлыг хохирол тооцох үндэслэлгүй байна.

 

Иймд дээрх үндэслэлүүдээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д заасныг баримтлан Б Э ХХК-иас гэрээнээс учирсан хохиролд 470.000.000 төгрөг гаргуулан, Н ХХК-д олгож, шаардлагаас үлдэх 238.506.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 8.034.781 төгрөг, хариуцагчаас төлсөн 3.697.950 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, хариуцагчаас 5.965.245 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс 2.507.950 төгрөг гаргуулан хариуцагчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 73 дугаар зүйлийн 73.1, 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дүгээр зүйлийн 232.6-д заасныг баримтлан Н ХХК-иас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 1.161.459.020 /нэг тэрбум нэг зуун жаран нэгэн сая дөрвөн зуун тавин есөн мянга хорь/ төгрөг гаргуулан, Б Э ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 290.364.880 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар Б Э ХХК-иас гэрээнээс учирсан хохиролд 470.000.000 /дөрвөн зуун далан сая/ төгрөг гаргуулан, Н ХХК-д олгож, шаардлагаас үлдэх 238.506.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгчийн 82.862.500 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталсугай.

 

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 8.034.781 төгрөг, хариуцагчаас төлсөн 3.697.950 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, хариуцагчаас 5.965.245 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс 2.507.950 төгрөг гаргуулан хариуцагчид олгосугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Ж.ЭРДЭНЭЧИМЭГ