Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Гүррагчаа Алтанчимэг |
Хэргийн индекс | 181/2019/01453/И |
Дугаар | 001/ХТ2020/00648 |
Огноо | 2020-10-06 |
Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2020 оны 10 сарын 06 өдөр
Дугаар 001/ХТ2020/00648
СГ ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 181/ШШ2019/01822 дугаар шийдвэртэй,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 1879 дугаар магадлалтай,
СГ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох
Шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 154/01 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, тус компанийн харилцах данснаас хасалт хийсэн 14.473.673 төгрөгийг буцаан шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.М, нарийн бичгийн дарга Б.Уранзаяа нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч СГ ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Манай компани нь 2014 онд Т.Баярсайхантай хувьцаа худалдах, худалдан авах, эрх шилжүүлэх тухай гэрээ байгуулж, тус гэрээний үндсэн дээр 1.000.000 төгрөгийн хөрөнгийг МБ ХХК-д оруулж, тус компанийн 100 хувийн хувьцаа эзэмшигч болсон. Гэвч дээрх гэрээ хэрэгжихгүй болсонтой холбоотойгоор СГ ХХК нь гэрээнээс татгалзаж, МБ ХХК-ийн хувьцааг Т.Баярсайханд, Т.Баярсайхан нь 1.000.000 төгрөгийг СГ ХХК-д буцаан шилжүүлэхээр тус тус тохиролцсон. МБ ХХК-ний хувьцааг буцаан Т.Баярсайханд шилжүүлэн СГ ХХК-ийг хувьцаа эзэмшигчээс хасах ажиллагааны явцад Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 154-р тойргийн шийдвэр гүйцэтгэгч Ч.Оюунбилэг нь Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 786 тоот захирамжийг үндэслэн 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 154/01 дугаартай төлбөр төлөгчийн банк дахь хадгаламжийн болон харилцах данс битүүмжлэх, хасалт хийх тухай тогтоолоор манай СГ ХХК-ийн Хаан банк дахь 5133047271 тоот данснаас 14.933.673 төгрөгийн хасалт хийсэн. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар нь Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3, 9.5-д заасныг үндэслэн МБ ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч тул гээд дээрх шийдвэр гүйцэтгэлийн арга хэмжээг авсан ба манай компани нь тус хэрэг маргаантай ямар нэгэн холбогдолгүй байсан. Уг тогтоол нь хуульд нийцээгүй СГ ХХК-ийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг ноцтой зөрчиж, хувьцаа эзэмшигчийн эрх, ашиг сонирхолд халдсан гэж үзэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 44.4 дэх хэсэгт заасны дагуу холбогдох гомдлуудыг удаа дараа гаргасан боловч хангахгүй орхисон. СГ ХХК нь 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр МБ ХХК нь буцаан Т.Баярсайхан, Л.Сансартуяа нарт хувьцааг шилжүүлж, СГ ХХК нь тус компанийн хувьцаа эзэмшигчээс хасагдсан тул шийдвэр гүйцэтгэлийн арга хэмжээг авах хууль зүйн үндэслэл байхгүй болсон. Ийм байхад өнөөдрийг хүртэл шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах арга хэмжээг хүчингүй болгоогүй байна. Төлбөр төлөгч нь СГ ХХК биш, шийдвэр гүйцэтгэгч шүүхийн шийдвэр биелүүлэх тухай хуулийн 44.1., 44.2., 50, 95.1.-ийг зөрчиж шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авсан нь буруу юм. Мөн хуулийн 93.4 бол хувьцаа эзэмшигч өөрөө хариуцах тухай заалт бөгөөд өөрийн эзэмшиж буй хувьцааны хэмжээгээр хариуцна. Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3, 9.5.-д тус тус заасны дагуу МБ ХХК-ийн төлбөрийг СГ ХХК хариуцахгүй юм. Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 154-р тойргийн шийдвэр гүйцэтгэгч Ч.Оюунбилэгийн 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 154/01 дугаартай төлбөр төлөгчийн банк дахь хадгаламжийн болон харилцах данс битүүмжлэх, хасалт хийх тухай тогтоолыг хүчингүй болгож, хасалт хийсэн 14.473.673 төгрөгийг СГ ХХК-ийн Хаан банкны 5133047271 тоот дансанд буцаан шилжүүлэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбарт: ...Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 786 дугаартай захирамжаар МБ ХХК-иас 15.830.673 төгрөгийг гаргуулж Э.Төгөлдөрт олгохоор шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч МБ ХХК-д шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийг удаа дараа гардуулахад шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тул өмчлөл болон эзэмшилд байгаа эд хөрөнгийг тогтоохоор холбогдох бүртгэлийн байгууллагаас лавлагаа авахад эд хөрөнгө тогтоогдоогүй. Төлбөр төлөгч МБ ХХК-ийн арилжааны банкууд дахь харилцах болон хадгаламжийн дансан дахь мөнгийг тодруулахаар холбогдох бүртгэлийн байгууллагаас лавлагаа авахад банкны дансны үлдэгдэлгүй гэсэн хариу ирүүлсэн. МБ ХХК нь шүүхийн шийдвэртэй төлбөрөөс 1.000.000 төгрөгийг 2015 онд, 460.000 төгрөгийг 2018 онд, 500.000 төгрөгийг 2019 онд тус тус хэсэгчлэн төлж, үлдэгдэл төлбөрийг 4 жилийн хугацаанд төлөөгүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагаанаас зайлсхийсэн, хөрөнгө орлого тогтоогдоогүй байна. Төлбөр төлөгч МБ ХХК-ийн талаар 2015 онд 3/16740 дугаартай албан бичиг, 2018 онд Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газраас дэлгэрэнгүй лавлагааг авахад 100%-ийн үүсгэн байгуулагч нь СГ ХХК- бүртгэлтэй болох нь тогтоогдсон тул 2018 оны 154/01 дугаартай төлбөр төлөгчийн банк дахь хадгаламжийн болон харилцах данс битүүмжлэх, хасалт хийх тухай тогтоолыг арилжааны банкуудад хүргүүлэхэд 14.933.673 төгрөг шийдвэр гүйцэтгэх газрын дансанд орж ирсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.4 дэх хэсэгт төлбөр төлөгчийн нийт хөрөнгө нь гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг хангахад хүрэлцэхгүй тохиолдолд тухайн хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч, хувь эзэмшигчийн эд хөрөнгөөс төлбөр гаргуулах эсэх асуудлыг үүсгэн байгуулагч, хувь эзэмшигчийн эд хөрөнгийн хариуцлагын харилцааг зохицуулсан хууль тогтоомжид заасан журмын дагуу шийдвэрлэнэ гэж, мөн Компаний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5-д хувьцаа эзэмшигчийн компанид оруулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь хувийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс тодорхой зааглагдаагүй бол хувьцаа эзэмшигч өөрийн бүх эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээр компаний өр төлбөрийг давхар хариуцана гэж тус тус заасныг үндэслэн мөнгөн хөрөнгөөс хасалт хийсэн нь үндэслэлтэй, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 181/ШШ2019/01822 дугаар шийдвэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5 дах хэсэгт зааснаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 786 дугаартай шүүгчийн захирамжаар хариуцагч МБ ХХК-нь нэхэмжлэгч Э.Төгөлдөрийн нэхэмжилсэн 15.594.750 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрсөн шийдвэрийн дагуу явагдсан ажиллагаа болох шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 154/01 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, хасалт хийсэн 14.473.673 төгрөгийг буцаан шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 1879 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 181/ШШ2019/01822 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэсэн байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Л-ийн хяналтын журмаар гаргасан гомдолд: ...Нэхэмжлэгч нь давж заалдах шатны журмаар гаргасан гомдлын эхний үндэслэлээ “шүүгч талуудын хооронд үүссэн харилцааг буруу тодорхойлсон,” хэмээн үзсэн. Учир нь битүүмжлэх, суутгал хийх гэдэг нь тус тусдаа ойлголт бөгөөд шийдвэр гүйцэтгэгчийн үйлдэл нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан суутгалын үйл ажиллагаа байсан. Түүнчлэн уг арга хэмжээг зөвхөн Төлбөр төлөгчид л авч болохоор хуульд заасан байхад түүнийг хувьцаа эзэмшигчид хэрэглэсэн нь илтэд хууль зөрчсөн үйлдэл болсон. Давж заалдах шатны шүүх шийдвэр гүйцэтгэгчийн үйл ажиллагааг “...Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1, 50.2, 50.3-т тус тус заасанд нийцжээ...” гэсэн дүгнэлт хийсэн. Дээрх хуулийн заалтуудад “...Төлбөр төлөгчийн дансны үлдэгдэл мөнгөн хөрөнгийг битүүмжлэх...” гэж тодорхой заасан бөгөөд төлбөр төлөгч гэдгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд тодорхойлсоор байтал хувьцаа эзэмшигчийг хууль тайлбарлан хэрэглэхгүйгээр шууд төлбөр төлөгч гэж буруу дүгнэлт хийн, түүнийгээ үндэслэлтэй гэж үзсэн. Түүнчлэн тус хуулийн заалтуудад “суутгал” хийнэ гэсэн нэг ч үг, тийм утга агуулга бүхий үг, өгүүлбэр байхгүй болно. Гэвч шүүх Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын СГ ХХК-ийн данснаас “суутгал” хийсэн үйлдлийг битүүмжлэх гэдэг ойлголтоос ялгалгүйгээр хуульд нийцэж байна гэж тайлбарласан. Битүүмжлэх, суутгал хийх гэдэг ойлголтыг хуульд тодорхой тайлбарлан тодорхойлсон. Гэтэл давж заалдах шатны шүүх ямар учраас хуульд нийцэж байгаа гэдгээ тайлбарлаж, хууль хэрэглэлгүйгээр үндэслэлтэй байна гэсэн үгээр дүгнэлтээ хийж байгаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан битүүмжлэх, суутгал хийх гэсэн 2 ойлголтын ялгаа заагийг үгүй хийгээд зогсохгүй, тэдгээрийг адил үйл ажиллагаа мэт үзэж байгаа нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх 1 дэх үндэслэл болж байна. Давж заалдах шатны шүүх хувьцаа эзэмшигч компанийн өр төлбөрийг 100 хувь хариуцах ёстой гэж үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Учир нь Компанийн тухай хуулийн 9.3, 9.5 дах заалтуудад хувьцаа эзэмшигч хэрхэн компанийн хариуцлагыг хүлээх ёстой тохиолдлуудыг тусгайлан зохицуулсан байтал тухайн хуулийн заалтад нийцээгүй дүгнэлтийг хийж хувьцаа эзэмшигч л бол компанийн хариуцлагыг хүлээж байхаар хэргийг шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх 2 дах үндэслэл болсон. Давж заалдах шатны шүүх “...Компаний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэгт “Хувьцаа эзэмшигч нь компанийн хүлээх үүргийг хариуцахгүй бөгөөд гагцхүү өөрийн эзэмшлийн хувьцааныхаа хэмжээгээр хариуцлага хүлээнэ...” гэж заасны дагуу СГ ХХК нь дээрх захирамжид заасан төлбөрийг барагдуулах ажиллагааг явуулж байх үед МБ ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч байсан тул тус компанийн өрийг 100 хувь хариуцах үндэслэлтэй...” гэсэн дүгнэлтийг хийсэн. Тус хуулийн заалт нь хувьцаа эзэмшигч зөвхөн өөрийн эзэмшлийн хувьцааныхаа хэмжээгээр хариуцлага хүлээх тухай зохицуулсан бөгөөд компанийн хүлээх үүргийг хариуцахгүй гэж тодорхой заасан. Өөрөөр хэлбэл СГ ХХК нь МБ ХХК-д эзэмшиж байсан хувьцаа буюу 1.000.000 төгрөгийн хэмжээгээр хариуцлага хүлээхээр хуулийн зохицуулалттай. Гэтэл давж заалдах шатны шүүх 100 хувийн хувьцаа эзэмшигч байсан тул тус компанийн өрийг 100 хувь хариуцах ёстой гэсэн дүгнэлт хийсэн боловч яагаад 100 хувь тус төлбөрийг хариуцах ёстой, ямар учраас эзэмшиж буй хувьцааны хэмжээ бус хувиар өр төлбөрийг хариуцах ёстой вэ гэдгийг хууль хэрэглэн тайлбарлаагүй. Зөвхөн 100 хувь эзэмшигч байсан тул 100 хувь хариуцах ёстой гэсэн хуульд нийцээгүй дүгнэлт хийж үндэслэлтэй гэх ганц үгээр тайлбар хийж байгаа нь хуулийг хэрэглэсэн гэхээсээ хууль хэрэглэлгүй дүгнэлтийг хийсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Өөрөөр хэлбэл хэмжээ, хувь гэсэн 2 үгийн ялгаа заагийг нарийн гаргалгүйгээр нэг үг мэтээр хэрэглэж байгаа нь хэл бичгийн талаас болоод хуульд заасан утга агуулгыг мушгин гуйвуулсан хэрэг болж байна. Учир нь Монгол хэлний их тайлбар тольд “Хэмжээ” гэдэг нь аливаа хэмжүүр гэж тодорхойлсон бөгөөд “Хувь” гэдгийг юмыг хуваагаад ногдох хэсэг гэж тус тус тайлбарлажээ. Үүнээс үзвэл СГ ХХК-ийн МБ ХХК-д эзэмшиж байсан хувьцааг илэрхийлж байгаа хэмжээ нь төгрөг байх бөгөөд энэ нь мөнгөн хөрөнгийг хэмжих хэмжээ болно. Харин хувь гэдэг нь МБ ХХК-ийн компанийн нийт хувьцааг хувааж гаргасан тоон үзүүлэлт буюу хувийг хувьчилж гаргаж байгаа ойлголт юм. Дээрхээс үзвэл хуульд эзэмшиж буй хувьцааныхаа хэмжээгээр хариуцлага хүлээхээр заасан байхад 2 шатны шүүх түүнийг хувиар хүлээх ёстой хэмээн дүгнэлтийг тус тус хийсэн. Өөрөөр хэлбэл, хязгаарлагдмал хариуцлагатай компаний хувьцаа эзэмшигчийн хариуцлагын хязгаар үгүй болж байна гэсэн үг юм. Давж заалдах шатны шүүх “...мөн хуулийн 9.5-д “Хувьцаа эзэмшигчийн компанид оруулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь хувийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс тодорхой зааглагдаагүй бол уг хувьцаа эзэмшигч өөрийн бүх эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээр компанийн өр төлбөрийг давхар хариуцна” гэж заасны дагуу хувьцаа эзэмшигчийн эд хөрөнгө нь төлбөр төлөгч компанийн хөрөнгөөс тодорхой зааглагдсан эсэх нь хэргийн баримтаар тогтоогдохгүй байна...” гэсэн дүгнэлтийг хийсэн. Дээрх хуулийн заалтыг, хэргийн үйл баримттай холбон задлан үзвэл хувьцаа эзэмшигчийн хариуцлага хүлээх эд хөрөнгө нь компанид оруулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх байх ёстой байна. Өөрөөр хэлбэл СГ ХХК-ийн дансанд байсан мөнгөн хөрөнгө нь МБ ХХК-д зориулсан эд хөрөнгө байх ёстой ба түүнийг баримтаар нотлох ёстой. Гэвч бодит байдал дээр ийм зүйл байхгүй бөгөөд шийдвэр гүйцэтгэгчийн суутгасан мөнгөн хөрөнгө нь СГ ХХК-ийн хувийн дансанд байсан түүний өмчлөлийн эд хөрөнгө байсан. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх тодорхой зааглагдсан эсэх нь хэргийн баримтаар тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн нь СГ ХХК-ийн хувийн дансыг хэрхэн МБ ХХК-д хамруулж ойлгоод хувийн эд хөрөнгөөс зааглагдаагүй гэж үзээд байгаа нь ойлгомжгүй байна. Хэрвээ СГ ХХК-ийн дансанд байсан мөнгөн хөрөнгийг МБ ХХК-д оруулсан эд хөрөнгө гэж хийсвэрлэн үзэж хуулийн дараах нөхцөл болох “...уг хувьцаа эзэмшигч өөрийн бүх эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээр компанийн өр төлбөрийг давхар xариуцна...” гэсэн хэсгийг задалбал дараах 2 өөр утга агуулгыг илэрхийлж байна. Үүнд: Хувьцаа эзэмшигч компанид оруулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээ хувийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээсээ тодорхой зааглаагүй бол хувьцаа эзэмшигч хувийнхаа бүх эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээр компанийн өр төлбөрийг бүхэлд нь хариуцахаар ойлгогдож байна. Үгийн шууд утгаар хөөсөн энэхүү утга агуулгыг шууд авч хэрэглэх нь учир дутагдалтай бөгөөд Компанийн тухай хуулийн зарим зүйл заалт, түүнчлэн тус хуульд заасан компанийн зарим нэг хэлбэрийг үгүйсгэж байна. Иймд дээрх хуулийн заалтыг Компанийн тухай хуулийн бусад зүйл заалттай холбон тайлбарлах шаардлагатай бөгөөд энэ нь тус хуулийн мөн чанар, утга агуулга зөв илэрхийлэх болов уу. Хувьцаа эзэмшигч компанид оруулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээ хувийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээсээ тодорхой зааглаагүй бол хувьцаа эзэмшигч компанид оруулсан бүх эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээр компанийн өр төлбөрийг хариуцахаар ойлгогдож байна. Учир нь тус хуулийн өмнөх нөхцөл буюу “Хувьцаа эзэмшигчийн компанид оруулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь хувийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс тодорхой зааглагдаагүй бол...” гэсэнтэй холбон ойлговол дээрх агуулга гарч ирж байгаа бөгөөд СГ ХХК нь МБ ХХК-д оруулсан бүх эд хөрөнгөөрөө хариуцлага хүлээх ёстой байна. Өөрөөр хэлбэл өмнө тайлбарласанчлан компанид оруулсан эд хөрөнгө гэдгийг эхлээд тогтоох ёстой байна. Хоёр шатны шүүхийн дүгнэлтийг авч үзвэл хувьцаа эзэмшигч компанийн өр төлбөрийг хариуцах, хариуцлага хүлээх хууль зүйн үндэслэл нь Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3, 9.5 дах заалтууд болж байх бөгөөд тус хуулийн заалтуудыг аль ч тохиолдолд тайлбарласан хариуцлага хүлээх тохиолдлуудыг зохицуулсан заалтууд болно. Өөрөөр хэлбэл тус заалтуудад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу хариуцлагыг тооцно эсвэл шүүхийн шийдвэр гүйцэтгэгч хувьцаа эзэмшигчийн данснаас мөнгөн хөрөнгийг шууд суутгал хийх, битүүмжлэх эрхтэй байна гэсэн нэг ч үг, өгүүлбэр, утга агуулга байхгүй. Гэтэл хоёр шатны шүүх хуульд нийцэж байна, үндэслэлтэй гэсэн үгүүдээр тайлбар хийж хоёр хуулийн заалтыг хольж хэрэглэсэн нь шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзнэ. Дээр дурдсан тайлбар үндэслэлүүдийг харгалзан үзэж, энэ хэргийн талаар гарсан шийдвэр, магадлалд тус тус өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
СГ ХХК, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 154/01 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, тус компанийн харилцах данснаас хасалт хийсэн 14.473.673 төгрөгийг буцаан шилжүүлэхийг даалгах нэхэмжлэл гаргасныг хариуцагч зөвшөөрөөгүй байна.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээжээ.
Хоёр шатны шүүх, нэхэмжлэгч СГ ХХК-ийн хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан шаардлага гаргаж буй хууль зүйн үндэслэлийг зөв тодорхойлоогүй, Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн алдааг залруулж, энэ үндэслэлээр шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах боломжтой. Харин нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх тухай нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолд дурдсан үндэслэл тогтоогдоогүй гэж үзлээ.
Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар МБ ХХК-с 15.594.750 төгрөг гаргуулж Э.Төгөлдөрт олгох Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 786 дугаар захирамжийг албадан гүйцэтгэж хуулийн этгээдээс төлбөр гаргуулах талаар хуульд заасан бүхий л ажиллагааг хийсэн боловч тус компани гүйцэтгэх бичиг баримтад заасан төлбөрийг бүрэн төлөх эд хөрөнгөгүй болох нь тогтоогджээ.
Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад Улсын бүртгэлийн Ерөнхий газрын хуулийн этгээдийн бүртгэлийн газраас авсан лавлагаагаар нэхэмжлэгч СГ ХХК нь төлбөр төлөгч МБ ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч байх тул Компанийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т зааснаар СГ ХХК толгой, МБ ХХК түүний охин компани гэж үзэх үндэслэлтэй байна.
Түүнчлэн хэрэгт авагдсан улсын бүртгэлийн газрын лавлагаанаас үзэхэд төлбөр төлөгч МБ ХХК-ийн үүсгэн байгуулагч, 100 хувийн хувьцаа эзэмшигчээр 2013.09.17-2014.11.13-ны хооронд Т.Баярсайхан, 2014.11.13-2019.02.21-ний өдөр хүртэл СГ ХХК, 2019.02.21-нд Т.Баярсайхан, мөн өдөр Л.Сансартуяа нар тус тус, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд буюу компанийн гүйцэтгэх захирлаар 2013.09.17-ноос 2019.02.21-ний өдөр хүртэл Т.Баярсайхан, 2019.02.21-ний өдрөөс эхлэн Л.Сансартуяа бүртгэгджээ.
Төлбөр төлөгч МБ ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Баярсайхантай утсаар ярилцсан тухай шийдвэр гүйцэтгэгчийн 2018.12.04-ний өдрийн тэмдэглэлд тэрээр “...СГ ХХК нь Сансартуяа гэж хүнтэй холбоотой, энэ төлбөрийг тэр хүн мэдэж байгаа, төлөх ёстой. Данс хаахад миний зүгээс татгалзах зүйл байхгүй” гэж тусгагдсан нь хэргийн 44-р талд авагдсан байна.
Төлбөр төлөгч хуулийн этгээдийн нийт хөрөнгө нь гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг хангахад хүрэлцэхгүй нь тогтоогдсон тохиолдолд тухайн хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч, хувь эзэмшигчийн эд хөрөнгөөс төлбөр гаргуулах эсэх асуудлыг үүсгэн байгуулагч, хувь эзэмшигчийн эд хөрөнгийн хариуцлагын харилцааг зохицуулсан хууль тогтоомжид заасан журмын дагуу шийдвэрлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.4-т заасны дагуу шийдвэр гүйцэтгэгч нь СГ ХХК-ийг МБ ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч байх үед буюу 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 154/01 дугаар тогтоол гаргаж, СГ ХХК-ийн хадгаламжийн болон харилцах дансыг 14.473.673 төгрөгийн хэмжээнд битүүмжилж, уг мөнгийг тус газрын дансанд шилжүүлэхийг мэдэгдсэний дагуу уг ажиллагаа хийгджээ.
Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь зохицуулалтаар хувьцаа эзэмшигч нь компанийн хүлээх үүргийг хариуцахгүй бөгөөд гагцхүү өөрийн эзэмшлийн хувьцааны хэмжээгээр хязгаарлагдмал хариуцлага хүлээх зарчимтай байна.
Харин дараах тохиолдолд хувьцаа эзэмшигч, эсхүл толгой компани бүрэн хариуцлага хүлээх боломжтой.
Тухайлбал, Компанийн тухай хуулийн 9.5-д зааснаар хувьцаа эзэмшигчийн компанид оруулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь хувийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс тодорхой зааглагдаагүй бол уг хувьцаа эзэмшигч өөрийн бүх эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээр компанийн өр төлбөрийг давхар хариуцаж болно.
Хоёр шатны шүүх дээрх 2 өөр зарчим, агуулгыг тодорхойлсон зохицуулалтыг хамт нь хэрэглэж СГ ХХК нь төлбөр төлөгч МБ ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч учир өр төлбөрийг 100 хувь хариуцна гэсэн дүгнэлт хийсэн нь хууль хэрэглээний хувьд алдаатай болжээ.
Гагцхүү СГ ХХК болон МБ ХХК-ийн эд хөрөнгө зааглагдсан болох нь тогтоогдоогүй талаархи хоёр шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх боломжгүй байна.
Нөгөө талаар Компанийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5-д ...хууль болон тэдгээрийн хооронд байгуулсан гэрээнд өөрөөр заагаагүй бол толгой компани нь ...охин компанийхаа өрийг хариуцахгүй гэж заасан хэдий ч мөн зүйлийн 6.6-д толгой компанийн гаргасан шийдвэрийн улмаас охин компани төлбөрийн чадваргүй болсон бол толгой компани нь тухайн өрийг хамтран хариуцаж болдог байна.
Шийдвэр гүйцэтгэх байгууллага Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.4-т заасан ажиллагааг хийхдээ хувьцаа эзэмшигчийн хүлээх хариуцлагын хувь, хэмжээ, хөрөнгийн өмчлөх эрхийн талаар дүгнэлт хийж хянах бүрэн боломжгүй бөгөөд нэхэмжлэгч СГ ХХК нь өөрийн өмчлөлийн зүйлийг хууль бусаар битүүмжилсэн, зөвхөн эзэмшлийн хувьцааны хэмжээгээр хязгаарлагдмал хариуцлага хүлээнэ гэх үндэслэлээ нотлох үүрэгтэй.
Нэхэмжлэгч СГ ХХК нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль бус гэж үзсэн нэхэмжлэлийн үндэслэлээ нотлоогүй, нотлох баримтаа шүүхэд гаргаагүй байна. Иймээс шийдвэр гүйцэтгэх байгууллага ажиллагаа хийхдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон Компанийн тухай хуулийг хариуцагч байгууллага зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.
Дээр дурдснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, нэхэмжлэгч СГ ХХК шийдвэр гүйцэтгэх ажиллагааны тал биш өөрийн эрх ашгийг хөндсөн гэх агуулгатай нэхэмжлэл гаргасан байхад хоёр шатны шүүх шаардлага гаргах эрх зүйн үндэслэл болсон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсгийг баримтлаагүй нь буруу болсныг залруулав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 1879 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 181/ШШ2019/01822 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...122 дугаар зүйлийн 122.5 дах...” гэснийг “...122 дугаар зүйлийн 122.1 дэх...” гэж өөрчлөн, шийдвэр магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Нэхэмжлэгч СГ нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг төлснийг улсын орлогод оруулсугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Г.АЛТАНЧИМЭГ