Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 183/ШШ2017/02592

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Г Б ХХК нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Э Ж М Э ХХК-д холбогдох, 1.181.260,63 /нэг сая нэг зуун наян нэгэн мянга хоёр зуун жар/ ам доллар гаргуулах,

Хариуцагч: Л ХХК-д холбогдох, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.  

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батхүлэг, Н.Оюун-Эрдэнэ, хариуцагч Э Ж М Э ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Очбаяр, хариуцагч Л ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунзул, нарийн бичгийн дарга Б.Цэнд-Аюуш нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон төлөөлөгчөөс шүүх хуралдаанд тайлбарлахдаа Э Ж М Э ХХК нь 2016 оны 6 сарын 09-ний өдөр ЗГ8145110269 дугаар тоот зээлийн гэрээг байгуулан, 1 сая ам долларыг жилийн 18 хувийн хүүтэй, 2016 оны 10 сарын 15-ныг хүртэл 4 сарын хугацаатай зээлж авсан.  Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар ипотекийн гэрээгээр Л ХХК-ийн улсын бүртгэлийн Ү-2203089663 дугаартай СБД, 5 хороо, 5 хороолол, Сөүлийн гудамжинд байрлах хамтран өмчлөлийн зориулалттай 3795 м2 тайлбартай, 5 давхар барилга, уг газарт байрших нэгж талбарын 80040003 дугаартай 511 м2 талбайтай газрын хамт, Э Ж М Э ХХК-ийн 86,3 кг алт, түүний борлуулалтын орлогыг тус тус барьцаалсан. Зээлийн гэрээний хугацаа 2016 оны 10 сарын 15-нд дуусах ёстой байсан ч хариуцагч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн. Гэрээний дагуу хүү төлөхөөс 15.723 ам доллар төлсөн. Зээлийн гэрээний хугацаа дууссан, зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул үндсэн зээл 1 сая ам доллар, зээлийн хүү 158.309,4 ам доллар, нэмэгдүүлсэн хүү 22.951 ам доллар, нийт 1.181.260,63 ам долларыг хариуцагчаас “гаргуулах, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг Л ХХК-ийн өмчлөлийн Ү-2203089663 дугаартай үл хөдлөх хөрөнгө болон газар эзэмших эрх зэрэг барьцаа хөрөнгөөс хангуулж өгнө үү. И.Сүхбатын хөрөнгөөс батлан даалтын гэрээний дагуу гаргуулах шаардлагыг дараа нь тусдаа нэхэмжлэлээр гаргахаар татан авсан. 20%-иас хэтрэхгүй гэдэгт 20% өөрөө орно. Иргэний хуулийн 452.2-т нэмэгдүүлсэн хүү тооцно гэж заасан. Гэрээнд 20%-тай дүйцэх хэмжээний буюу 20%-иас хэтрэхгүйгээр байгаа нь хуулийн шаардлагыг зөрчөөгүй, шаардлага хангаж байна. Э Ж М Э ХХК нь 4 сарын хугацаатай зээл авчхаад 1 жил 6 сарын дотор төлөхгүй байгаа хариуцлагад үүргийнх нь 0,2-тай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү тооцсон нь шударга зарчмыг зөрчсөөгүй. Мөн 158.309 ам долларын хүүний 14,5%-тай тэнцэж байгаа буюу 20%-иас хэтэрсэн зүйлгүй, илт хохиролтой зүйл алга. 1 сая ам доллар өгчихөөд гэрээгээ зөрчихөөр нь нэмэгдүүлсэн хүү тооцсон тул төлөөлөгчийн хэлсэн тайлбар үндэслэлгүй. Хүүг 2016 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр буюу зөрчсөн өдрөөр тасалбар болгож зогсооно гэж хариуцагчийн төлөөлөгч нэхэмжлэгч талыг эрхээ хэрэгжүүлж, барьцаа хөрөнгөөс шаардсангүй гэж тайлбарлаж байна. Барьцаа хөрөнгөөс 2016 оноос эхлэн шаардаж байгаа. Хэрэв төлбөрөө төлсөн бол хүү бодогдохгүй. Иргэний хуулийн 453.1-д заасан зээлдэгчийн хариуцлагад зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заасан. Одоо хүртэл төлөхгүй байгаа хариуцлага нь зээлдэгчийн хариуцлага болохоос биш банкны үүрэг биш. Барьцаа хөрөнгө болох алтыг аль эрт авч борлуулаад төлчих бололцоо байсан ч алт тушаагаагүй нь Монгол банкны мэдээлээс харагдана. 86,3 кг алтыг “Далдын говь” болон Э Ж М Э ХХК нар 2016 оны 9 дүгээр сарын 06 өдрийн БГ8145100269 тоот гэрээгээр ирээдүйд олборлох алт барьцаалсан. Энэ алтыг олборлож, авчирч барьцаанд бариулсангүй. Э Ж М Э ХХК нь мөн л гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн. 1 сая ам долларыг алтны төсөлд зориулж авсан ч тухайн алтны төсөл нь хийгдээд алтаа олборлож чадаагүй учраас барьцаагаар хангуулах боломжгүй болсон, алт хаана ч байхгүй, бий болоогүй учраас алтаар хангуулах шаардлагыг хэрэгжүүлж чадаагүй. Тиймээс Л ХХК-ийн барьцаа хөрөнгийг чөлөөлөх ямар нэгэн боломжгүй. Зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсноор ипотекийн гэрээний үүрэг дуусгавар болно. Зээлийн гэрээний үүрэг огт дуусгавар болоогүй учраас хариуцагч Л ХХК-ийн гаргаж байгаа тайлбарыг хүлээн авах боломжгүй, барьцааны гэрээ хүчин төгөлдөр хэвээр байна. Барьцаалагч барьцаагаа чөлөөлөх эсэх дээр өөрсдөө шийдвэр гаргах эрхтэй. Иймд хариуцагч Л ХХК-ийн гаргасан тайлбар үндэслэлгүй. Зээлийг доллараар олгосон. Иргэний хуулийн 218.1-д мөнгөний ханш өөрчлөгдсөн гэж байгаа.  Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуульд банк, эрх бүхий этгээд гадаад валютаар зээл олгож, тухайн валютаар эргүүлэн төлөх боломжтой гэж заасан зохицуулалтын хүрээнд банк зээлийн үүргийг ам доллараар шаардсан гэв.

 

Хариуцагч Э Ж М Э ХХК-ийн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 2016 оны 6 сарын 29-нд Зээлийн гэрээг Голомт банктай байгуулж 1 сая ам долларын зээлийг жилийн 18 хувийн хүүтэй 2016 оны 10 сарын 15 өдөр хүртэл хугацаагаар зээлсэн. Бидний зүгээс эдийн засгийн тодорхой шалтгаан, хүндрэлтэй улмаас зээлийг эргэн төлөлтийн графикийн дагуу төлж барагдуулж чадаагүй, санаатайгаар гэрээний үүргээс зайлсхийгээгүй. Нэхэмжлэлийн шаардлагаас нэмэгдүүлсэн хүүг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа, вальютын ханшийн тухайд гэрээ байгуулах үеийн ханшаар тооцох үндэслэлтэй байна. Нэхэмжлэгч Э Ж М Э ХХК-иас гэрээний үүрэгт 1,089,534.34 ам доллар гаргуулахаар нэхэмжлэл гаргасан нь ИХШХШтХ-ийн 62.1.5-д заасныг зөрчсөн, нэхэмжлэлийн үнэ тодорхойгүй байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэлийн үнийг мөн хуулийн 63-т зааснаар тодорхойлох ба гадаад вальютын ханшийг тухайн үеийн Монгол банкнаас зарласан албан ёсны тооцож тодорхойлохыг зохицуулсан тул ИХШХШтХ-ийн 65.1.11-т зааснаар хүлээн авахаас татгалзаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Э Ж М Э ХХК-ийн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэмэгдүүлсэн хүүг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Зээлийн гэрээний 2.5-д зээлдэгч нь энэхүү гэрээний хавсралт 1-д заасан эргэн төлөх графикт хугацаандаа зээлийг төлж барагдуулаагүй бол зээл төлөлтөд хуваарийн эхний графикаас эхлэн гэрээний 2.1.1-д заасан хүүг үргэлжлүүлэн төлөхөөс гадна хүүгийн 20%-тай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүүг зээлийн эргэн төлөлтийн графикт хугацаанд нийцүүлэн төлөхөөр талууд харилцан тохиролцсон нь Иргэний хуулийн 200.1-д заасныг зөрчсөн ба 202.1-д заасны дагуу стандарт нөхцөлийг гэрээнд тусгасан нь харилцан итгэлцэл, шударга ёсны зарчимд харш, уг нөхцөлийг хүлээн зөвшөөрөгч нөгөө талд хохиролтой бол уг нөхцөл хүчин төгөлдөр бус байна гэснээр гэрээний 2.5-д заасан нэмэгдүүлсэн хүүний талаар зохицуулсан зохицуулалт нь өөрөө хүчин төгөлдөр бус гэж үзэж байна. Яагаад гэвэл Иргэний хуулийн 452.2-т зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн 20 хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү тооцож болно гэсэн. Гэтэл зээлдүүлэгч нь гэрээний стандарт нөхцөлийг агуулсан, нөгөө талдаа илт хохиролтой гэрээндээ 20%-тай тэнцэх хэмжээний гэж шууд оруулсан. Зээлийн гэрээний график төлөлт зөрчсөн л бол үндсэн хүүгийн 20%-тай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр зохицуулсан нь шударга ёсны зарчимд нийцэхгүй, нөгөө талдаа илт хохиролтой байна. ИХ болон Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулиар 20%-иас хэтрэхгүй хэмжээгээр зохицуулсан, 20%-тай тэнцэх гэж зохицуулаагүй. Гэтэл зээлдүүлэгчийн зүгээс өөрийн давуу байдлаа ашиглан хэтрэхгүй гэдгийг тэнцэх хэмжээний гэж нөгөө талдаа илт хохиролтой байх тул нэмэгдүүлсэн хүүг шаардах хууль зүйн үндэслэл нэхэмжлэгчид байхгүй. Банкны зээлийн хүүг бодох аргачлал болон банкны зээлийн хүүний тооцооллыг бодох аргачлалын талаар Монгол Банкны ерөнхийлөгчийн тушаалаар гаргасан журмын дагуу тухайн хүүний асуудлыг зохицуулж байгаа. Зээлийн гэрээний график зөрчлөө л бол шууд 20%-тай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү энэ гэрээний дагуу төлөхөөр байгаа. Гэтэл хуульд 1-20% байж болно гэсэн сонгох зохицуулалттай. Үндсэн хүүгээс бид 53.244 ам доллар төлөхийг зөвшөөрч байгаагаас 15.723 ам доллар хүүнд төлж, 37.521 ам доллар хүлээн зөвшөөрөхгүй үндэслэл нь ИХ болон Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 26 болон талуудын хооронд байгуулсан гэрээний зүйлийн 4.2, 4.2.12, 5.5-д эдгээр асуудлыг зохицуулсан. Зээлдэгч график зөрчсөн тохиолдолд зээлдүүлэгч нь өөрөө тухайн барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах боломж буюу зээлийн үйл ажиллагаанд хяналт тавих эрх болон үүрэг нь хууль тогтоомж болон гэрээгээр нэхэмжлэгчид нээлттэй байсан. Зээлийн гэрээний график 2016 оны 6 сарын 25-ны өдрөөс хойш зөрчигдсөн. Голомт банкны зүгээс 2016 оны 9 сарын 14-ний өдрөөс 2016 оны 9 сарын 29-ний өдрийн хооронд мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг хариуцагч нарт мэдэгдсэн. Зээлдүүлэгч график зөрчигдсөн байхад барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэл хангуулах боломж байсаар атал ашиг олох зорилгоор санаатайгаар удаашруулсан нь хууль бус. Гэрээнд авсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар хангалттай хэмжээний барьцаа хөрөнгийг нэхэмжлэгчид тавьсан. Ингээд зээлийн гэрээний график зөрчигдлөө, зээлээ төлөөч, барьцаа хөрөнгөөс хангалаа гэж хамгийн анх 2016 оны 9 сарын 13-ны өдөр банкнаас мэдэгдсэнээс хойш 2016 он 9 сарын 23-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний хүүг үүнээс хойш тооцох хууль зүйн үндэслэлгүй. Өөрсдийн давуу байдлаа ашиглаж зээлээс ашиг олох зорилгоор зээлийн гэрээгээр шаардахгүй, үүргийн гүйцэтгэлийг хангуулаагүй нь нэхэмжлэгчийн өөрийнх нь буруутай үйл ажиллагаа. 2016 оны 9 сарын 25-ны өдрөөс хүү шаардах эрхгүй. Энэ өдөр хүртэл ашигласан зээл 108 хоног, үүнд зээлийн хүүг бодоход үндсэн хүү 53.244 ам доллар болж байгаагаас 15.723 ам доллар төлсөн. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргах өдрийн болон гэрээ байгуулсан өдрийн ам долларын ханш 500 орчим төгрөгийн зөрүүтэй тул зээлийн гэрээ байгуулах үеийн ханшаар тооцох хууль зүйн үндэслэлтэй. Иргэний хуулийн 218.1-д төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн, буурсан бол үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож төлбөр төлнө гэж заасан. Үүрэг үүсэх үндэслэлийн талаар Иргэний хуулийн 187.1, 8 дугаар зүйлд зохицуулсан. Үүрэг үүсэх үеийн ханшаар тооцно гэдэг нь өөрөө гэрээ байгуулах үеийн буюу 1.962 төгрөгөөр тооцох үндэслэлтэй гэв.

 

Хариуцагч Л ХХК-ийн төлөөлөгчөөс шүүхэд болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Г Б ХХК болон Э Ж М Э ХХК нар нь 2016 оны 6 сарын 29-нд ЗГ8145100269 тоог зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор Л ХХК нь өөрийн өмчлөлийн үйлчилгээний зориулалттай 37,956 м2 талбайтай 5 давхар барилга, 511 м2 газрын хамт барьцаалсан. Г Б ХХК-ийн шаардлагыг баталгаажуулах зорилгоор Э Ж М Э ХХК 86,3 кг алт түүний борлуулалтын орлого, БД8145100269 тоот батлан даалтын гэрээгээр И.Сүхбат өөрийн хөрөнгөө, Л ХХК нь СБД, 5 хороо, 5 хороолол, Сөүлийн гудамжинд байрлах контор, үйлчилгээний зориулалттай 37.956 м.кв талбайтай 5 давхар барилга, ГД-0172712 дугаартай СБД, 5 хороонд байрлах нэгж талбарын 8004/0003 дугаар бүхий 511 м2 газар зэрэг барьцаа, батлан даалт, ипотекийн гэрээ байгуулсан. Иймээс банк зээлийн гэрээний үүргийг Э Ж М Э ХХК-ийн 86,3 кг алт, түүний борлуулалтын орлого, И.Сүхбатын хөрөнгөөс хангуулах, хүрэлцэхгүй тохиолдолд Л ХХК-ийн барьцаа хөрөнгөөс хангуулах нь зүйтэй юм. Э Ж М Э ХХК-ийн барьцаалсан 86.3 кг алт 9,595,643.542 төгрөг байна. Талууд гэрээгээр 86.3 кг алт, түүний борлуулалтын орлогыг зах зээл дээр түргэн борлогдох үнэ 6,790,400,000.00 байхаар тохиролцсон, үүргийн гүйцэтгэлийг 86,3 кг алт, түүний борлуулалтын орлогоор хангуулах бүрэн боломжтой тул Л ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г Б ХХК нь зээлийн гэрээний үүрэгт 1.089.534,60 ам доллар гаргуулж, барьцаа хөрөнгөөс болон батлан даагчийн хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг хариуцагч Э Ж М Э ХХК-д холбогдуулан гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шаардлагаа нэмэгдүүлжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс энэ өдрийн шүүх хуралдаан дээр И.Сүхбатын хөрөнгөөс батлан даалтын гэрээний дагуу гаргуулах шаардлагыг дараа нь тусдаа нэхэмжлэлээр гаргах үндэслэлээр татан авч, нэхэмжлэлийн үнийн дүнг 1.181.260.63 ам доллар гэж тодорхойлж байна. 

 

Хариуцагч Э Ж М Э ХХК нь үндсэн зээл 1 сая ам доллар төлөхийг хүлээн зөвшөөрч маргаагүй ба харин зээл төлөх график зөрчигдөхөд гэрээний 4.2.1-д барьцаа хөрөнгөөр хангах тохиролцсоныг зөрчсөн тул ашигласан 108 хоногийн хүүг зөвшөөрнө, гэрээний 2.5 дахь заалтаар 20 хувийн нэмэгдүүлсэн хүү гэсэн нь Иргэний хуулийн 200.1-д заасныг зөрчсөн хүчин төгөлдөр бус тул хүлээн зөвшөөрөхгүй, 218.1-д зааснаар үүрэг үүсэх үеийн ханшаар тооцох үндэслэлтэй гэж маргалаа. 

 

Хэрэг шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн хүсэлтээр Л ХХК-ийг хариуцагчаар татан оролцуулж, түүнд холбогдуулан зээлдэгч үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөс гаргуулахаар шаардлага гаргасан байна.

 

Хариуцагч Л ХХК нь Э Ж М Э ХХК-ийн барьцаа 86,3 кг алт нь үүргийн гүйцэтгэлийг хангахад хангалттай хүрэлцээтэй тул өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах үндэслэлгүй гэж мэтгэлцэв.  

 

Э Ж М Э ХХК нь 1.000.000 ам долларыг жилийн 18 хувийн хүүтэй, 4 сарын хугацаатай зээлж, 2016 оны 6 дугаар сарын 09-ний өдөр ЗГ8145100269 дугаар  зээлийн гэрээг “Голомт банк” ХХК-тай байгуулж, зээлийн нэг өдрийн хүүг тооцохдоо жилийн хүүг 365 хоногт хувааж, ашигласан хоногоор үржүүлж төлөхөөр тохиролцжээ.

 

Гэрээний дагуу хариуцагч Э Ж М Э ХХК нь зээл ашигласны хүүнд 2016 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 7.397,3 ам доллар, 7 дугаар сарын 25-ны өдөр 14.794,5 ам доллар, 8 дугаар сарын 25-ны өдөр 12.994,5 ам доллар, 9 дүгээр сарын 25-ны өдөр 6.879.5 ам доллар, 10 дугаар сарын 493,2 ам доллар төлөх үүрэг хүлээжээ.

 

Үүнээс хариуцагч нь 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдөр 6.350,7 ам доллар, 8 дугаар сарын 11-ний өдөр 9.338,4 ам долларыг төлсөн талаар маргахгүй байна.

 

Хариуцагч Э Ж М Э ХХК нь 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 14.794,5 ам доллар төлөх үүргээ зөрчиж, 8 дугаар сарын 11-ний өдөр 9.338,4 ам доллар төлсөн, 8, 9, 10 дугаар саруудад хүү төлөх үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгч нь шүүхэд гэрээний дагуу үүргийг шаардаж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахаар нэхэмжлэл гаргасан байна.

 

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйл болон Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банкнаас зээл олгох гэрээгээр банк нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх үүргийг, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээхээр зохицуулжээ.

 

Нэхэмжлэгч нь гэрээний дагуу 1.000.000 ам долларыг зээлдэгчид шилжүүлэх үүргээ биелүүлсэн, энэ талаар маргаагүй, зээлдэгч Э Ж М Э ХХК нь гэрээнд заасан хугацаанд зээлийг хүүгийн хамт буцаан төлөх  үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч нь зээлийг хүүгийн хамт шаардах эрхтэй байна.

 

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3-т “зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний 20 хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө” гэжээ.

 

Нэхэмжлэгч нь гэрээний хугацааны хүүний үлдэгдэл болон шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойшхи 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны хүүний төлбөрт 158.309 ам доллар нэхэмжилсэн нь дээрх хуулийн зохицуултад нийцэж байх тул хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 

Зээлийн гэрээний 2.5-д нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээг 20 хувьтай тэнцэх гэж тодорхойлсон байгаа нь утга, агуулгын хувьд 20 хувь нь 20 хувиас хэтрэхгүй гэж заасан дээд хязгаарт байна гэж үзэх тул Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т заасанд нийцэж байна. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Э Ж М Э ХХК нь нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 22.951 ам долларыг төлөх үндэслэлтэй байна.

 

Иймд дээрх үндэслэлүүдээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч Э Ж М Э ХХК-иас зээлийн гэрээнийүндсэн зээлд 1.000.000, хүүний төлбөрт 158.309, нэмэгдүүлсэн хүүнд 22.951, нийт гэрээний үүрэгт 1.181.260.63 ам доллар буюу Монгол банкны лавлагааг үндэслэн /1 ам доллар-2.488,48 төгрөг/ 2.939.555.265 төгрөгийг гаргуулж шийдвэрлэлээ.

 

Талууд зээлийн гэрээний 3.4.3-т зааснаар хэрэв зээлдэгчийн дансны үлдэгдэл зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт хүрэлцэхгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн өдрөөс эхлэн барьцааны болон ипотекийн гэрээнд заасан эд хөрөнгийг хууль тогтоомжийн дагуу холбогдох журмыг баримтлан худалдаж зээлийн төлбөрийг төлүүлэх эрхтэй гэж тохиролцжээ.

 

Г Б ХХК-иас Э Ж М Э ХХК-д 2016 оны 9 дүгээр сарын 14, 23-ны өдрийн мэдэгдлээр зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг шаардаж, биелүүлээгүй тохиолдолд гэрээний 4.2.1-д зааснаар шүүхэд хандаж, барьцаа хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийг хангуулах арга хэмжээ авахыг мэдэгдсэн байна.

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор “Эс жи майнинг эрдэс” ХХК-ийн 86,3 кг алт, түүний борлуулалтын орлогыг барьцаалж барьцааны гэрээг, Л ХХК-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2203009663 дугаартай, Сүхбаатар дүүрэг, 5 хороо, 5 хороолол, Сөүлийн гудамж 37,956 м2 талбай бүхий контор үйлчилгээний зориулалттай 5 давхар барилга, ГД-0172712 дугаартай, нэгж талбарын 8004/0003 дугаар бүхий 511 м2 талбай бүхий конторын зориулалттай газар зэргийг барьцаалж, ипотекийн гэрээг тус тус байгуулсан байна.

 

Нэхэмжлэгч нь Э Ж М Э ХХК-ийн 86,3 кг алт, түүний борлуулатын орлогоос үүргийн гүйцэтгэлийг алтыг олборлоогүй, авчирч барьцаанд бариулаагүй үндэслэлээр хангуулах боломжгүй гэж тайлбарлан 2016 оны 6 дугаар сарын 09-нийИпотектйн гэрээгээр барьцаалагдсан Л ХХК-ийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгүүдээс хангуулахаар шаардаж байгааг буруутгах боломжгүй юм.

 

Талуудын хооронд байгуулсан барьцааны гэрээ, ипотекийн гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1-д зааснаар барьцааны гэрээг бичгээр байгуулах, 156.2-т заасан “үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг, улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд гэрээнд талуудын нэр, оршин байгаа газар, барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээ, үүргийг хангах хугацаа, барьцааны зүйл, түүний байгаа газар, үнийг заах талаархи заалтуудад нийцсэн хүчин төгөлдөр хэлцэл байна.

 

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д хуульд өөрөөр заагаагүй бол ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх хөрөнгийг худалдахыг шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн үл хөдлөх хөрнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана гэж заажээ.

 

Хариуцагч Э Ж М Э ХХК нь зээлийн гэрээний дагуу үүргээ биелүүлээгүй тохиолдод хариуцагч Л ХХК-ийн өмчлөлийн барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

 

Хариуцагчийн төлөөлөгчөөс зээлдэгч график зөрчсөн тохиолдолд банк өөрөө тухайн барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах боломж нээлттэй байсан гэж тайлбарлах ч энэхүү эрхийг банк шүүхэд нэхэмжлэл гаргаснаар хэрэгжих тул тайлбар үндэслэлгүй байна.

 

Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1-д төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн бол үүрэг үүсэх үеийн хашаар тооцож төлбөрийг төлнө гэж заасныг гэрээний хугацаанд үүргээ гүйцэтгэх явцад ханш өөрчлөгдвөл үүрэг үүсэх үеийн ханшаар тооцох зохицуулалт бөгөөд тухайн тохиолдолд гэрээний хугацаа дууссан ч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдлыг ойлгохгүй юм.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15.134.817.59 төгрөгийг  улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 15.134.817.59 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч Э Ж М Э ХХК-иас зээлийн гэрээний үүрэгт нийтдээ 1.181.260,63 ам доллар буюу 2.939.555.265 /хоёр тэрбум есөн зуун гучин есөн сая таван зуун тавин таван мянга хоёр зуун жаран тав/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Г Б ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан Э Ж М Э ХХК нь гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд Л ХХК-ийн өмчлөлийн Ү-2203009663 дугаар улсын бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, 5 хороолол, Сөүлийн гудамжинд байрлах контор, үйлчилгээний зориулалттай 37,956 м2 талбай бүхий 5 давхар барилга болон ГД-0172712 дугаартай Сүхбаатар дүүрэг, 5 хороонд байрлах нэгж талбарын 8004/0003 дугаар бүхий 511 м2 газар эзэмших эрх зэрэг барьцаа хөрөнгүүдээс үүргийн гүйцэтгэлийг хангасугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15.134.817.59 төгрөгийг  улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 15.134.817.59 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг шийдвэр гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ж.ЭРДЭНЭЧИМЭГ