Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 849

 

          Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, шүүгч П.Болор, Л.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

         Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ...... оршин суух, 19... онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар .......... Ч.Х-ын нэхэмжлэлтэй,

       Хариуцагч: Увс аймаг,.......... оршин суух, 19.... онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ......... Ч.Ч-д холбогдох, 

       Нэр төр сэргээлгэх, Увс аймаг дахь Увс телевизээр, мөн өөрийн facebook хаягнаас шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор, тэгэхдээ бүх нийтийн амралтын өдрийн 16 цагт өөрийн тараасан гүтгэлгээ няцаахыг даалгуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, 2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

       Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.П, хариуцагч Ч.Ч, хариуцагчийн өмгөөлөгч Д.Дамдинсүрэн, иргэдийн төлөөлөгч С.Цэвээнсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ё.Мөнхгэрэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ  нь:

          Нэхэмжлэгч Ч.Х-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.П-шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: “2016 оны 6 дугаар сарын 29-ний өдөр буюу сонгуулийн сурталчилгааг хуулиар хориглосон байхад Увс аймгийн Ардчилсан намын сонгуулийн менежер Ч.Ч нь сонгуульд хууль бус аргаар ялалт байгуулж, төрийн эрх мэдлийг хууль бус аргаар авахын тулд Увс аймаг дахь Увс телевизээр “Улсын Их Хурлын сонгуулийн 33 дугаар тойрогт нэр дэвшигч Ч.Х-ыг сонгогчдод хадгаламжийн дэвтэр, чихэр, архи, дарс тарааж, бусдын саналыг худалдан авч байна” гэсэн ор үндэсгүй гүтгэлэг тараасан нь Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 43 дугаар шийтгэвэр, мөн Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 50 дугаар магадлалаар тус тус тогтоогдож, нотлогдсон тул Улсын Их Хурлын гишүүн Ч.Х-ын нэр төрийг сэргээж, Увс аймаг дахь Увс телевизээр, мөн өөрийн fасеЬоок хаягнаас шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор, тэгэхдээ бүх нийтийн амралтын өдрийн 16 цагт өөрийн тараасан гүтгэлгээ няцаахыг даалгаж өгнө үү” гэжээ.   

        Хариуцагч Ч.Ч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Ч.Х-ын нэхэмжлэлтэй, Ч.Ч-д холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгчийн гаргасан шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь би Увс аймгийн Ардчилсан намын удирдах зөвлөлийн хурлын шийдвэрийн дагуу нэр дэвшигч С.О-ын сонгуулийн штабаас бэлтгэж өгсөн 5 минутыг мэдээлэл, сэрэмжлүүлгийг Увс телевизээр уншсан. Тухайн үйлдэлдээ Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 43 тоот шийтгэвэр, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 50 тоот магадлалаар тус тус хариуцлагаа хүлээж, холбогдох мөнгөн торгуулийг төлсөн. Иймд нэг асуудалд 2 удаа хариуцлага хүлээх үндэслэлгүй байна. Хоёрдугаарт, тухайн үед Ч.Х нь сонгуульд “нэр дэвшигч” байсан бөгөөд нэр дэвшигчийнх нь хувьд “мөнгө тараасан” гэдэг агуулгатай мэдээллийг хийсэн, түүнээс биш “иргэн Ч.Х”, эсхүл “Улсын Их Хурлын гишүүн Ч.Х” гэдэг хүнийх нь хувьд гүтгэлгийн шинж чанартай зүйл тараасан зүйл байхгүй. Гуравдугаарт, би ийм мэдэгдэл хийснээр иргэн Ч.Х-ын нэр төрд яаж халдсан, үүний улмаас ямар хор, хохирол учирсан бэ гэдэг асуудал тогтоогдоогүй” гэжээ.

          Иргэдийн төлөөлөгч С.Ц шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Буруутай юм байна” гэжээ.

          Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Ч.Х-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.П-оос хариуцагч Ч.Ч-д холбогдуулан “Ч.Х-ын нэр төр сэргээлгэх, Увс аймаг дахь Увс телевизээр, мөн өөрийн facebook хаягнаас шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор, тэгэхдээ бүх нийтийн амралтын өдрийн 16 цагт өөрийн тараасан гүтгэлгээ няцаахыг даалгуулах тухай” нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

            Хариуцагч нь “Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” гэж маргаж байна.

            Хэрэгт авагдсан Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 43 тоот шийтгэвэр, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 50 тоот магадлал, Увс аймгийн “Увс телевиз”-ээр цацагдсан гэх СД дээрх бичлэг, талуудын шүүхэд гаргасан тайлбараас үзэхэд хариуцагч Ч.Чимэд нь 2016 оны 6 дугаар сарын 29-ний өдөр буюу Улсын Их Хурлын сонгуулийн санал авах өдөр Увс аймгийн Увс телевизээр “... сонгуулийн 33 дугаар тойрогт нэр дэвшигч Ч.Х нь ... сонгогчдын саналыг худалдаж авч байгаад үйлдэл дээрээ баригдсан. ...” гэх мэдээ, мэдээлэл тарааж, түүнийг гүтгэсэн үйлдэлдээ Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.15.1-т зааснаар торгуулийн шийтгэл хүлээсэн байна.

            Сонгуулийн тухай хуулийн 165 дугаар зүйлийн 165.4-т “Сонгуулийн хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдад эдийн болон эдийн бус хохирол учирсан бол гэм буруутай этгээдэд Иргэний хууль, бусад хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан байх тул хариуцагчийн “Би гаргасан зөрчилдөө Сонгуулийн тухай хуульд заасны дагуу тохирох шийтгэлээ хүлээсэн, нэг зөрчилд 2 удаа хариуцлага хүлээх боломжгүй” гэх тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй байна.

        Мөн Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.2-т “Иргэний эрх зүйн харилцаа үүсгэхэд чиглэсэн шүүхийн шийдвэр нь иргэний эрх зүйн харилцаа үүсэх үндэслэл болно” гэж заасан ба хариуцагч Сонгуулийн тухай хуульд заасны дагуу “захиргаа”-ны хариуцлага хүлээсэн нь Иргэний хуульд заасан хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл болохгүй юм.

         Иймд Ч.Х нь өөрийн нэр төрд халдсан үйлдэл гаргасан хэмээн үзэж, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх, уг мэдээ, мэдээллийг тараасан арга хэлбэр, хэрэгслээр няцаалт хийлгэхээр шаардах эрхтэй гэж үзлээ.

            Түүнчлэн хариуцагчаас “Нэр дэвшигчийнх нь хувьд иргэд, сонгогчиддоо сэрэмжлүүлэх мэдээлэл хийсэн, харин “Улсын Их Хурлын гишүүн, иргэн” гэдэг үг, үсэг дурдагдаагүй, мөн нэхэмжлэгч өөрт нь ямар хор, хохирол учирсныг нотлоогүй” гэх боловч хэрэгт авагдсан СД дээрх бичлэг, шүүхийн шийтгэвэр, магадлалд дурдсанаар уг мэдээлэлд “Ч.Х” гэдэг нэр дурдагдсан байх бөгөөд тухайн этгээд нь нэг л бие хүн тул түүний нийгэмд эзлэх байр суурь, ажил мэргэжлийн онцлогоос нь хамаараад ялгамжтай хандах боломжгүй, нөгөө талаар тухайн иргэний нэр төрд халдаж, бодит үнэнд нийцээгүй худал мэдээ, мэдээлэл тарааснаараа нэхэмжлэгчид эдийн бус гэм хор учирсан гэж үзнэ.

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “Увс аймаг дахь Увс телевизээр, мөн өөрийн facebook хаягнаас шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор, тэгэхдээ бүх нийтийн амралтын өдрийн 16 цагт өөрийн тараасан гүтгэлгээ няцаахыг даалгуулах тухай” нэхэмжлэлийг гаргасан байх ба хариуцагч 2016 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 16.00 цагийн үед Увс аймгийн Увс телевизээр тухайн мэдээллийг тараасан нь хэрэгт авагдсан нотлох баримт болон талуудын гаргасан тайлбараар тогтоогдож байгаа тул зөвхөн тухайн мэдээг тараасан хэлбэрээр нь буюу тухайн телевизээр дамжуулан няцаалт хийлгэх нь хуульд нийцнэ.

          Харин хариуцагч өөрийн facebook хаягаараа дамжуулан тухайн мэдээг бусдад түгээсэн гэх баримт, нотолгоо хэрэгт авагдаагүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс уг шаардлагаа нотолсон баримтыг ирүүлээгүй тул энэхүү хэсгийг шүүх хангаж шийдвэрлэх үндэслэлгүй гэж үзэв.  

             Мөн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх бөгөөд шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэх тул хариуцагчийг заавал “14 хоногийн дотор, бүх нийтийн амралтын өдөр, 16.00 цагт няцаалт хийлгэхээр даалгах” шаардлагагүй байна.

              Иймд Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1, 511.2-т зааснаар нэхэмжлэгч Ч.Хүрэлбаатарын нэр төрийг сэргээж, уг мэдээ тараасан хэлбэр, хэрэгсэл буюу Увс аймгийн Увс телевизээр няцаалт хийхийг хариуцагч Ч.Ч-д даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх “мөн өөрийн facebook хаягнаас шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор, тэгэхдээ бүх нийтийн амралтын өдрийн 16 цагт өөрийн тараасан гүтгэлгээ няцаахыг даалгуулах тухай” хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

            Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Ч.Х-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Чимэдээс 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ч.Хүрэлбаатарт олгох нь зүйтэй.

            Хариуцагчаас гаргаж ирүүлсэн Монгол Улсын Шүүхийн ёс зүйн хорооны 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 47 тоот магадлал нь хэрэгт хамааралгүй тул нотлох баримтаар үнэлээгүй болно. 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

          1. Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1, 511.2-т зааснаар нэхэмжлэгч Ч.Х-ын нэр төрийг сэргээж, уг мэдээ тараасан хэлбэр, хэрэгсэл буюу Увс аймгийн Увс телевизээр няцаалт хийхийг хариуцагч Ч.Ч-д даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх “мөн өөрийн facebook хаягнаас шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор, тэгэхдээ бүх нийтийн амралтын өдрийн 16 цагт өөрийн тараасан гүтгэлгээ няцаахыг даалгуулах тухай” хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

        2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Ч.Х-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Ч-ээс 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ч.Х-т олгосугай.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчид шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл  гардан авснаас  хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.  

 

 

                                          ДАРГАЛАГЧ,

                                          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Н.ГЭРЭЛТУЯА

                                                     ШҮҮГЧИД                                          П.БОЛОР

                                                                                                                Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ