Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 001/ХТ2020/00686

 

Г ХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШШ2019/00713 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 984 дугаар магадлалтай,

Г ХК-ийн нэхэмжлэлтэй,

ВОФ ХХК-д холбогдох

Түрээсийн гэрээний үүрэгт 95.597.487 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, хохиролд 161.338.518 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Г, өмгөөлөгч Э.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О, өмгөөлөгч Д.Ц, нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшин нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г ХК-ийн төлөөлөгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...ВОФ ХХК-тай 2011 оны 05 дугаар сарын 27-ны өдөр агуулахын байр түрээслэх, түрээслүүлэх гэрээ байгуулж, 180 м.кв, 450 м.кв талбай бүхий 2 агуулахыг 1 м.кв талбайн түрээсийн төлбөр 5500 төгрөг байхаар тохиролцсон. Удалгүй 2011 оны 12 дугаар сарын 01-ний өдөр түрээсийн нэмэлт өөрчлөлтийн гэрээ байгуулж, өмнөх 2 агуулахыг түрээслэгч буцаан өгч, Төмөр замд байрлах 450 м.кв талбай бүхий агуулахыг түрээслэхээр болж, түрээсийн төлбөрт сар бүр 2.675.000 төгрөг төлөхөөр тохиролцсон. Улмаар 2014 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр түрээсийн гэрээнд дахин нэмэлт оруулж, 450 м.кв талбайг 1 м.кв талбайн түрээсийн төлбөр 9.000 төгрөг, сар бүр 4.050 000 төгрөг төлөхөөр тохиролцсон. Талууд жил бүр түрээсийн гэрээний хугацааг сунгаж, нэмэлт гэрээ байгуулсан бөгөөд 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн түрээсийн гэрээний сунгалтын 3 дугаар зүйл, 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн түрээсийн гэрээний өөрчлөлтийн 1 дүгээр зүйл, 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн түрээсийн гэрээний өөрчлөлтийн 2 дугаар зүйлээс тус тус үзвэл түрээслэгч ВОФ ХХК-ийн хүсэлтээр түрээсийн төлбөрийг 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг дуустал 450 м.кв талбайг 1 м.кв талбайн түрээсийн төлбөрийг 6.500 төгрөг болгон багасгаж, сар бүр 2.925.000 төгрөг төлөхөөр болсон. Харин 2017 оны 3 дугаар сараас эхлэн өнөөдрийг хүртэл 450 м.кв талбайг 1 м.кв талбайн түрээсийн төлбөр 9.000 төгрөгөөр тооцон төлөх ёстой ба энэ нь ВОФ ХХК-аас гаргаж өгсөн тооцооны үлдэгдлийн баталгаа гэх баримтын хавсралтаар нотлогдоно. Агуулахын байр түрээслэх, түрээслүүлэх гэрээний 2.3-д заасны дагуу ВОФ ХХК нь Г ХК-д сар бүрийн 01-ний өдрөөс өмнө урьдчилан түрээсийн төлбөрөө төлөх ёстой. Түүнчлэн гэрээний 4.1-т түрээсийн төлбөр болон хэрэглээний төлбөрүүдээ хугацаандаа төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд үнийн дүнгийн 0,5 хувийн алдангийг төлөхөөр заасан ба хариуцагч алданги 31.865.829 төгрөг болно. Иймд түрээслэгч ВОФ ХХК-аас түрээсийн үлдэгдэл төлбөр 63.731.658 төгрөг, алданги 31.865.829 төгрөг, нийт 95.597.487 төгрөгийн гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч ВОФ ХХК-ийн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбарт: ...Манай компани 2011 оноос хойш Г ХК-ийн эзэмшлийн агуулахын зориулалттай барилгын агуулахыг түрээслэн хамтран ажиллаж ирсэн. Г ХК-ийн барилгын гадна халаалтын шугам 2016 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хагарч агуулахын барилга бүхэлдээ халуун усны ууранд автсанаас болж манай компанийн агуулахад хадгалж байсан 861.275.387 төгрөгийн 326 нэр төрлийн 48.794 ширхэг хүнсний бүтээгдэхүүн худалдан борлуулах боломжгүй болсон. ВОФ ХХК болон Г ХК-ийн хамтарсан комисс 2016 оны 11 дүгээр сарын 22-28-ны өдөр хүртэл ажиллаж, худалдан борлуулах боломжгүй болсон хүнсний бүтээгдэхүүнийг ялгаж акт тогтоож, тэмдэглэл үйлдсэн. Агуулахад байсан нийт 326 нэр төрлийн 48.794 ширхэг хүнсний барааг 4 ангилж уут, шил сав нь хагарч, задарч худалдах ямар ч боломжгүй болсон 2.487 ширхэг 55.629 513 төгрөгийн барааг ялган худалдаж борлуулах боломжгүй гэж үзсэн. Харин 46.307 ширхэг 805.645.874.5 төгрөгийн барааг ууранд автсан боловч хатаагаад худалдаж болно гэж үзсэн боловч худалдааны стандартад нийцэж, худалдах ямар ч боломжгүй болсон. Тухайн үед Г ХК-аас 805.645.874 төгрөгийн хүнсний бүтээгдэхүүнийг хадгалах Агуулах-3 гаргаж өгсөн ч хэсэг хугацааны дараа агуулахаа чөлөөл гэсэн шаардлага тавьсан. Ашиглах боломжгүй болсон 157.378.518 төгрөгийн барааг шууд малын тэжээлд өгсөн. Харин 55.629.513 төгрөгийн бүтээгдэхүүнийг Агуулах-8-аас Г ХК ялган авч устгалд оруулна гэж хадгалаад 2 жил болсон. Тухайн үед манай компани нь учирсан хохирлоо төлүүлэхээр хандахад Г ХК нь түрээсийн төлбөрөөс 55.629.513 төгрөгийг суутган тооцохоор тохиролцсон ба 2016 оны 11 дүгээр сараас 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны түрээсийн төлбөрт тооцон суутгасан учир 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн бид түрээсийн төлбөрөө цаг хугацаанд төлж ирсэн. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч ВОФ ХХК-ийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлд: ...Г ХК-ийн барилгын гадна халаалтын шугам 2016 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хагарч агуулахын барилга бүхэлдээ халуун усны ууранд автсанаас болж манай компанийн агуулахад хадгалж байсан 861.275.387 төгрөгийн 326 нэр төрлийн 48.794 ширхэг хүнсний бүтээгдэхүүн худалдан борлуулах боломжгүй болсон. Мөн 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдөр шинэ бараа бүтээгдэхүүн ирж, 40 тн-ын контейнертай 431.000.000 төгрөгийн бараануудаа өөрийн агуулахад буулгахаар ирэхэд Г ХК урьдчилан мэдэгдэлгүйгээр бараа бүтээгдэхүүн хадгалж байсан Агуулах-8-д нэмэлт цоож хийн, лацадсан ба энэ нөхцөл байдлаас болж шинээр ирж буй бараа бүтээгдэхүүнээ буулгах, хадгалах боломжгүй болсон. Г ХК-ийн агуулах цоожилсон хууль бус үйл ажиллагаанаас болж Витафит ХХК руу 40 тн контейнерийг тээвэрлэсэн зардал 300.000 төгрөг, агуулах түрээсэлсэн зардал 2.000.000 төгрөг, склад хооронд зөөсөн тээврийн хөлс 740.000 төгрөг, зөөвөрлөгч машин хөлслөхөд 80.000 төгрөг, 2 машины бензиний төлбөр 360.000 төгрөг, 2 хүний ажилласан цалин 480.000 төгрөг, нийт 3.960.000 төгрөг болон ашиглах боломжгүй гэж үзэн малын тэжээлд өгсөн 4391 нэр төрлийн барааны үнэ болох 157.378.518 төгрөгийн хохирол нь түрээслүүлэгчийн буруутай үйлдлээс болсон тул Г ХК-аас нэхэмжилж байна гэжээ.

Нэхэмжлэгч Г ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбарт: ...Сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг нь эс зөвшөөрч байна. Хос Аз ХХК болон ZDM ХХК-ийн барилгуудын халаалтын гадна шугам 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр цоорч, траншей дотор ус алдсаны улмаас Г ХК-ийн эзэмшлийн барилга халуун усны ууранд автсан. Улмаар 2016 оны 11 дүгээр сарын 22-28-ны өдөр хүртэл комисс ажиллаж, худалдан борлуулах боломжгүй болсон хүнсний бүтээгдэхүүнийг ялгаж, албан ёсоор акталж, худалдан борлуулах боломжгүй болсон хүнсний бүтээгдэхүүн 2.487 ширхэг буюу 55.763.889 төгрөг болсон. Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 02-07-085/474 тоот дүгнэлтээр Хос Аз ХХК болон ZDМ ХХК-ийн барилгуудын халаалтын гадна шугам цоорсон, Г ХК-ийн агуулахын барилгын халаалтын гадна шугамын оруулгын битүүмжлэл хангалтгүй хийгдсэн, дулааны зангилаа /узель/ бүхий барилгад ВОФ ХХК ус, чийгэнд тэсвэр муутай хүнсний бүтээгдэхүүн хадгалсан зэрэг нь Барилгын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.3, 46.1.4 дэх хэсэгт заасныг зөрчиж, дулааны шугам сүлжээний ашиглалтын хэвийн ажиллагаа алдагдах нөхцлийг бүрдүүлсэн байна гэж 3 талын буруутай үйлдэл болохыг тогтоосон. Иймд хариуцагч ВОФ ХХК-д халаалтын шугам хагарснаас бий болсон хохирлыг Г ХК дангаараа хүлээх нь үндэслэлгүй, худалдан борлуулах боломжгүй болсон хүнсний бүтээгдэхүүний төлбөр болон 55 763 889 төгрөгийн гуравны нэгийг төлөхийг зөвшөөрч байна. Харин ВОФ ХХК 4.391 төрлийн бүтээгдэхүүний хохирол гэж үндэслэлгүй нэхэмжлэл гаргасан. Учир нь тухайн үед талуудын хамтарч ажилласан комисс 2.487 ширхэг бүтээгдэхүүн худалдан борлуулах боломжгүй болсон гэж үзэж, албан ёсоор тохирсон. Түрээсийн төлбөрт 55.763.889 төгрөгийг тооцохоор тохиролцсон зүйл байхгүй бөгөөд энэ тухай талууд бичгээр баримт үйлдээгүй гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШШ2019/00713 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч ВОФ ХХК-аас 28 322 230 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г ХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс 67 275 257 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ВОФ ХХК-ийн нэхэмжлэгч Г ХК-д холбогдуулан гаргасан Г ХК-ийн хууль бус ажиллагааны улмаас учирсан хохирол 3 960 000 төгрөг, ашиглах боломжгүй гэж үзэн малын тэжээлд өгсөн 4 391 нэр төрлийн барааны үнэ болох 157 378 518.96 төгрөг, нийт 161 338 518.96 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 635 950 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа төлсөн 1 023 153 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ВОФ ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 299 561 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г ХК-д олгон шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 984 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШШ2019/00713 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч ВОФ ХХК-аас 95 597 487 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Г ХК-ийн нэхэмжлэлийг, мөн хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Г ХК-аас хохиролд 161 338 518 төгрөг гаргуулах хариуцагч ВОФ ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн төлөөлөгч улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 299 561 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Г-ын хяналтын журмаар гаргасан гомдолд: ...Хариуцагч ВОФ ХХК нь агуулах түрээслэх саналаа ирүүлж, бид түрээсэлдэг агуулах байр №8-ыг түрээслүүлэхээр тохирч, 2011 оны 05 дугаар сарын 27-ны өдөр агуулахын байр түрээслэх, түрээслүүлэх гэрээ байгуулсан. Уг түрээсийн гэрээнд тухайлсан зориулалт заагаагүй болно. Улмаар Г ХК нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийг 318.1 дэх хэсэгт заасан агуулах байрны №8-ыг шилжүүлэх үүргээ биелүүлж, хүлээлгэж өгсөн. Харин ВОФ ХХК нь тус хуулийн 318.1 дэх хэсэг болон Агуулахын байр түрээслэх, түрээслүүлэх гэрээний 2.1-д заасан түрээсийн төлбөрийг “түрээсийн өр төлбөрийн үлдэгдэлд гэрээний дагуу тооцсон алданги” гэх баримтаас үзвэл цаг тухайд нь төлдөггүй, төлсөн ч дутуу төлдөг болох нь харагдаж байна. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч нь уг гэрээнд заасан түрээсийн төлбөрийг тохирсон хугацаанд нь төлөөгүй, үүргийн зөрчил үүссэн юм. Давж заалдах шатны шүүхийн магадлалд “...Г ХК нь хөлслөх хугацааны турш гэрээнд заасны дагуу ашиглах боломжтой, ашиглалтын шаардлага хангасан, биет байдлын доголдолгүй эд хөрөнгө хөлслөгчид шилжүүлэх үүрэгтэй ба уг үүргээ биелүүлээгүй байна” гэх дүгнэлт нь үндэслэлгүй байна. Учир нь ВОФ ХХК уг агуулах байр №8-ыг 2011 онд Г ХК-иас хүлээлгэж өгч, 7 жилийн турш ашиглан, бараагаа хадгалж ирсэн. Агуулах байрыг хүлээлгэж өгөхөд уг агуулахын байр доголдолтой байна гэж Иргэний хуулийн 289.1.6-д заасны дагуу өнөөдрийг хүртэл Г ХК-д мэдэгдэж байгаагүй. Эндээс үзвэл уг агуулах нь ашиглах боломжтой, ашиглалтын шаардлага хангасан, эд хөрөнгийн доголдолгүй гэж үзэхээр байна. Түүнчлэн Иргэний хуулийн 290.8-д “Хөлслөгч гэрээ байгуулах үедээ эд хөрөнгийн доголдлын талаар мэдэж байсан бол хуульд зааснаас бусад тохиолдолд энэ талаар хожим гомдол гаргах эрх түүнд үүсэхгүй” гэж зохицуулсан. Хариуцагчийн түрээсэлж буй агуулахад анхнаасаа халаалтын гадна шугамын оруулга байсан. Хэрэв агуулахын байрыг доголдолтой гэж үзвэл энэ талаар хариуцагч мэдэж байсан учраас Иргэний хуулийн 290.8-д заасны дагуу гомдол гаргаж, хохирол шаардах эрхээ алдсан. Иймд давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэхээр байна. 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Хос Аз ХХК ба ZDM ХХК-ийн барилгуудын халаалтын гадна шугам цоорч, траншей дотор ус алдсаны улмаас Г ХК-ийн эзэмшлийн барилга халуун усны ууранд автсан. Мэргэжлийн Хяналтын улсын ахлах байцаагчийн 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 02-07-085/474 тоот дүгнэлтээр Хос Аз ХХК ба ZDM ХХК-ийн барилгуудын халаалтын гадна шугам цоорсон, Г ХК-ийн агуулахын барилгын халаалтын гадна шугамын оруулгын битүүмжлэл хангалтгүй хийгдсэн, дулааны зангилаа /узэль/ бүхий барилгад ВОФ ХХК ус, чийгэнд тэсвэр муутай хүнсний бүтээгдэхүүн хадгалсан зэрэг нь Барилгын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.3, 46.1.4 дэх хэсгүүдийг зөрчиж, дулааны шугам сүлжээний ашиглалтын хэвийн ажиллагаа алдагдах нөхцлийг бүрдүүлсэн байна гэж 3 талын буруутай үйлдэл болохыг тогтоосон. Эндээс үзвэл дулааны зангилаа /узэль/ бүхий барилгад ВОФ ХХК ус, чийгэнд тэсвэр муутай хүнсний бүтээгдэхүүн хадгалсан гэж хариуцагчийг мөн буруутай байсан гэж тогтоосон. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх “Г ХК-ийн 100 хувийн буруутай ажиллагааны улмаас ВОФ ХХК-ийн бараа, материалаа хадгалж байсан агуулахыг барилга ууранд автаж, хохирсон гэж үзэх үндэслэлгүй байна” гэсэн дүгнэлт нь хууль зүйн үндэслэлтэй. Харин давж заалдах шатны шүүхийн “Г ХК нь барилгын халаалтын гадна шугамын траншейн оруулгын битүүмжлэлийг хангалтгүй хийсэн буруутай байна” гэж дүгнэсэн нь шүүх хэргийн үнэнийг олох зорилгоор үйл баримтыг зөв тогтоогоогүй, нотлох баримтыг зөв үнэлээгүйг илтгэж байна. Магадлалд “хариуцагчийн ...2016 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн болсон үйл явдалтай холбогдуулан түрээсийн төлбөрт хөнгөлөлт үзүүлсэн, хохирлын хэмжээг түрээсийн төлбөрт тооцохоор тохирсон гэх тайлбар үндэслэлтэй байх тул түрээсийн гэрээний үүрэгт төлөгдөөгүй үлдсэн 46.910.193 төгрөгийг учирсан хохирол 55.629.513 төгрөгөөр тооцож, түрээсийн гэрээний үүрэг гүйцэтгэсэн гэж үзэх үндэслэлтэй” гэж тохироогүй зүйлийг тохирсон мэтээр ядмаг дүгнэлт хийсэн байх бөгөөд ийнхүү нэг талыг барьсан дүгнэлтийг шүүх хийж буй нь шударга бус байна. Учир нь учирсан хохирлыг түрээсийн төлбөрт тооцохоор тохирсон зүйл огт байхгүй бөгөөд хэрэгт үүнтэй холбоотой нэг ч баримт авагдаагүй болно. Харин Г ХК-ийн зүгээс ВОФ ХХК-д удаа дараа түрээсийн төлбөрийг төлөхийг шаардсан баримт бичгийг хүргүүлж байсан. Тухайлбал 2017.10.31-ний өдөр, 2018.06.25-ны өдөр, 2018.08.03-ний өдөр, 2018.08.08-ны өдрүүдэд түрээсийн төлбөрийг төлөхийг шаардаж байсан. Уг шаардсан мэдэгдэлд хариуцагч хариу албан тоот ирүүлж байсан. Шүүх дээрх нотлох баримтуудыг үнэлээгүй байна. Иймд хариуцагчийн зүгээс Г ХК хүлээн зөвшөөрсөн учраас өнгөрсөн хугацаанд биднээс түрээсийн төлбөр нэхэж байгаагүй гэсэн нь, мөн давж заалдах шатны шүүхийн дээрх дүгнэлт нь үндэслэлгүй байна. 2019 оны 02 сарын 18-ны өдөр хариуцагч ямар ч ашиглах боломжгүй болсон тул агуулахаас шууд малын тэжээлд өгсөн 4391 төрлийн барааны 157.378.518.96 төгрөгийг шаардаж сөрөг нэхэмжлэл гаргасан. Уг бараа материалын зарлагын падаан болон бусад баримтууд нь нотлох баримтын шаардлага хангахгүй тул анхан болон давж заалдах шатны шүүх сөрөг нэхэмжлэлийг хангаагүй юм. Гэтэл хариуцагчийн зүгээс дээрх хохирлоос өөр бараа бүтээгдэхүүн болох 55.629.513 төгрөгийн хохирол шаардсан сөрөг нэхэмжлэл гаргаагүй байхад давж заалдах шатны шүүхээс хариуцагч нь Иргэний хуулийн 219.1 дэх хэсгийн дагуу 55.629.513 төгрөгийн хохирол шаардах эрхтэй, учирсан хохирлыг түрээсийн төлбөрт тооцохоор тохирсон гэж дүгнэсэн нь маргааны зүйлийг зөв тодорхойлж чадаагүй гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл давж заалдах шатны шүүх шаардаагүй хохирлыг түрээсийн төлбөрт дүйцүүлж шийдсэн нь талуудын хоорондын маргаанаас хальж шийдсэн гэж үзэхээр байна. Иймд гомдлыг хүлээн авч, магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Г ХК, ВОФ ХХК-д холбогдуулан түрээсийн төлбөр, алдангид 95.597.487 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг, ВОФ ХХК, Г ХК-с  хохиролд 161.338.518 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргажээ.

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийг, хариуцагч үндсэн нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй маргасан байна.

Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, үндсэн, сөрөг нэхэмжлэлийг аль алиныг нь хэрэгсэхгүй болгожээ.

Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-ын шаардлагыг хангажээ. Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

1. Нэхэмжлэгч Г ХК-тай бичгийн хэлбэрээр байгуулсан түрээсийн гэрээний үндсэн дээр хариуцагч ВОФ ХХК нь 2012 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс  450 м.кв талбай бүхий гараж, 20 тонны контейнерийг тус тус түрээсэлж сард нийт 2.675.000 төгрөг төлөхөөр тохиролцсон, үүнээс хойш талууд гэрээний хугацаа, төлбөрийг өөрчилж нэмэлт гэрээ байгуулсан, түрээсийн зүйлийг хариуцагч 2018 оны 08 дугаар сар хүртэл ашигласан ба уг хугацаанаас хойш гэрээний харилцаа дуусгавар болсонд зохигч маргаагүй байна.

Анхан шатны шүүх дээрх гэрээ нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний шинжийг агуулсан боловч зохигч гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэх хуулийн шаардлагыг хангаагүйгээс мөн зүйлийн 318.4-т зааснаар гэрээ хүчин төгөлдөр бус гэж үзжээ. Тус шүүх улмаар зохигчийн хооронд гэрээний бус үүргийн харилцаа үүссэн гэж дүгнэн маргааны эрх зүйн үндэслэлийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэг гэж тодорхойлсон байна.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн дүгнэлтийг хуульд нийцээгүй, тухайлбал, түрээсийн гэрээний зүйл болсон агуулах нь нэхэмжлэгч Г ХК-ийн барилгын нэг хэсэг, агуулахыг дангаар гэрчилгээ олгогдоогүйгээс бүртгэл хийлгэх боломжгүй тул гэрээг хүчин төгөлдөр гэж үзсэн байна. Давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх боломжгүй юм.

Нэхэмжлэгч Г ХК нь 2015 оны 12 дугаар сараас 2018 оны 08 дугаар сарыг дуустал түрээсийн төлөгдөөгүй төлбөрт 63.731.658 төгрөг нэхэмжилсэн бөгөөд хоёр шатны шүүх, хариуцагчийн төлбөл зохих үүргийн хэмжээг нийт 46.910.193 төгрөг гэж тооцоолсон нь хэргийн баримтад үндэслэгджээ. Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д зааснаар түрээсийн гэрээний үүргээ биелүүлж түрээсийн төлбөр төлөхийг хариуцагчаас шаардах эрхтэй байна.

2. Хариуцагч ВОФ ХХК нь түрээсийн гэрээний дагуу агуулахыг ашиглах явцад 2016 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Г ХК-ийн эзэмшлийн барилгын гадна талд байрлах халаалтын шугам задарч траншей дотор ус алдсаны улмаас барилга бүхэлдээ халуун усны ууранд автсан, улмаар агуулахад хадгалж байсан хариуцагч компанийн нийт 2487 ширхэг, 55.629.513 төгрөгийн хүнсний бүтээгдэхүүн худалдагдах боломжгүй болж, энэ талаар 2 компанийн комисс акт тогтоон тухайн бүтээгдэхүүнийг нэхэмжлэгч хадгалалтад авсан талаархи баримт хэрэгт авагджээ.

Хариуцагч ВОФ ХХК нь нэхэмжлэгч Г ХК-ийн буруугаас дээрх хохирол учирсан, хохирлыг түрээсийн төлбөрт тооцохоор талууд тохиролцсон учир үндсэн нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй бөгөөд анхан шатны шүүх хариуцагчид хохирол учрахад нэхэмжлэгчийн 100 хувийн буруу тогтоогдоогүй гэж үзэн түүний зөвшөөрснөөр хохирлын 3/1-г түрээсийн төлбөрөөс хасч тооцсон байна.

Анхан шатны шүүхийн энэхүү дүгнэлтийг давж заалдах шатны шүүх өөрчилж,   хохирлыг бүрэн хариуцуулж, түрээсийн төлбөрт тооцжээ.

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5-д энэ бүлэгт өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний журам нэгэн адил үйлчилнэ, мөн хуулийн 288 дугаар зүйлийн 288.1.1-д хөлслүүлэгч нь хөлслөх гэрээний турш гэрээнд заасны дагуу ашиглах боломжтой, ашиглалтын шаардлага хангасан, биет байдлын доголдолгүй эд хөрөнгийг хөлслөгчид шилжүүлэх үүрэгтэй байна. Хариуцагч нь энэ үүргээ биелүүлээгүй гэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдсон, тухайлбал Хос аз ХХК болон ZDM ХХК-ийн барилгуудын халаалтын гадна шугам цоорсноос халуун ус алдсан боловч Г ХК нь өөрийн эзэмшлийн агуулахын барилгын халаалтын гадна шугамын оруулгын битүүмжийг дутуу хийсний улмаас халаалтын системийн халуун усны уур траншейгаар дамжиж, улмаар агуулахын барилга халуун усны ууранд автсан нь Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагчийн дүгнэлтэд тусгагдсан тул хариуцагчид хохирол учрахад нэхэмжлэгчийн буруу нөлөөлсөн шалтгаант холбоотой гэж үзнэ. Иймээс хохирлыг Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар шаардах эрхтэй тул хариуцагч уг хохирлыг түрээсийн төлбөрт тооцуулахаар нэхэмжлэлээс татгалзсан нь мөн хуулийн 238 дугаар зүйлийн 238.1-д заасныг зөрчихгүй байна. Иймээс нэхэмжлэгч түрээсийн төлбөрийг хариуцагчаас гаргуулахаар шаардах үндэслэлгүй болжээ.

3. Нэхэмжлэгч үндсэн үүрэг буюу түрээсийн төлбөр шаардах эрхгүйгээс нэмэлт үүрэг болох алданги гаргуулах эрх зүйн үндэслэлгүйг давж заалдах шатны шүүх дүгнэхдээ нь Иргэний хуулийн 87 дугаар зүйлийн 87.1, 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг зөв тайлбарлан хэрэглэжээ.

4. Гэрээний үүрэг зөрчсөнтэй холбоотой 3.960.000 төгрөг гаргуулах, халуун усны уураас шалтгаалж ашиглагдах боломжгүй болсноос малын тэжээлд өгсөн гэх 4391 нэр төрлийн барааны үнэ 157.378.518 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа хариуцагч нотлоогүйгээс эдгээр шаардлагыг хэрэгсэхгүй болгосон хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д заасантай нийцсэн байна.

5. Нэхэмжлэгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо, Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1.6-д заасан “хөлслөн авсан эд хөрөнгөд доголдол илэрсэн буюу гэнэтийн нөхцөл байдал бий болсноор эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангах зайлшгүй арга хэмжээ авах шаардлага гарсан бол энэ тухай хөлслүүлэгчид нэн даруй мэдэгдэх үүргийг хөлслөгч хүлээнэ”, мөн хуулийн 290 дугаар зүйлийн 290.8-д заасан “хөлслөгч гэрээ байгуулах үедээ эд хөрөнгийн доголдлын талаар мэдэж байсан бол хуульд зааснаас бусад тохиолдолд энэ талаар хожим гомдол гаргах эрх түүнд үүсэхгүй” гэсэн зохицуулалтыг шүүх хэрэглээгүй, сөрөг нэхэмжлэл гаргаагүй атал 55.629.513 төгрөгийг түрээсийн төлбөрт тооцсон, хохирол учрахад 100 хувийн буруутай биш атал хохирлыг бүхэлд нь төлүүлэхээр шийдвэрлэсэн гэжээ.

Нэхэмжлэгч Г ХК-ийн эзэмшлийн агуулахын барилга халуун усны ууранд автсанаас хариуцагч ВОФ ХХК-д хохирол учирсан нь тогтоогдсон,   барилга халуун усны ууранд автсан нь Хос аз ХХК болон ZDM ХХК-ийн халаалтын шугам хагарсан, Г ХК агуулахын барилгын халаалтын гадна шугамын оруулгын битүүмжийг дутуу хийсэнтэй холбоотой байх тул уг болсон явдал гэнэтийн ба хариуцагч агуулахыг ердийн зориулалтаар ашиглахад мэдэгдэх, илрүүлэх боломжтой доголдол гэж үзэх үндэслэлгүй юм. Үйл явдал болсон даруйд агуулах ууранд автсан талаар Г ХК мэдэж,  хоёр байгууллагын хамтарсан комисс 6 хоног ажиллаж худалдан борлогдох боломжгүй хүнсний бүтээгдэхүүнийг ялгаж акт тогтоосон байна. Иймээс хариуцагч ВОФ ХХК шаардлага гаргах эрхээ алдсан гэж үзэхгүй.

Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй, өөрт учирсан хохирлыг түрээсийн төлбөрт харилцан тооцуулахаар тайлбар гаргаж, энэ талаар зохигч өөр өөрийн талбар, нотлох баримт гарган мэтгэлцсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дүгээр зүйлд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлэх зарчмын дагуу анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан гэж үзэх бөгөөд  зохигчийн харилцан шаардлага бүхий үүргийг тооцож шийдвэрлэх нь Иргэний хуулийн 238 дугаар зүйлийн 238.1-д заасныг зөрчихгүй болно.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагчийн 2017.05.16-ны өдрийн 02-07-09-5/474 тоот дүгнэлтэд ВОФ ХХК нь ус, чийгэнд тэсвэр муутай хүнсний бүтээгдэхүүн хадгалсан гэж дурдсан боловч энэ нь хохирол учрахад нөлөөлсөн шалтгаан болох учиргүй байна. Хариуцагч ВОФ ХХК агуулахыг хүнсний бүтээгдэхүүн хадгалах зориулалтаар ашиглаж байсан тул учирсан хохирлын эрсдлийг хамтран хариуцуулаагүй гэх гомдол үндэслэлгүй гэж үзлээ.

Дээр дурдснаар магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 984 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Г-ын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгч Г ХК нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 299.565 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ