Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 101/ШШ2019/00713

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 03 сарын 06 өдөр           Дугаар 101/ШШ2019/00713                      Улаанбаатар хот

 

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                          

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Г ХК нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: В ХХК холбогдох

 

“Агуулахын байр түрээслэх, түрээслүүлэх гэрээ”-ний дагуу түрээсийн төлбөр 63,731,658 төгрөг, алданги 31,865,829 төгрөг, нийт 95,597,487 төгрөг гаргуулах тухай,

 

Хариуцагч “*******” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлтэй, нэхэмжлэгч “*******” ХК-д холбогдох “*******” ХК-ийн хууль бус ажиллагааны улмаас учирсан хохирол 3,960,000 төгрөг, ашиглах боломжгүй гэж үзэн малын тэжээлд өгсөн 4391 нэр төрлийн барааны үнэ болох 157,378,518.96 төгрөг, нийт 161,338,518.96 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оюун-Эрдэнэ, хариуцагчийн өмгөөлөгч Д.*******, гэрч Д.*******, Д.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нар оролцов.

 

                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

           

Нэхэмжлэгч “*******” ХК, итгэмжлэгдсэн төлөөлөгч А.*******, өмгөөлөгч Э.******* нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2011 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Агуулахын байр түрээлэх, түрээслүүлэх гэрээ “*******” ХХК-тай байгуулж, Агуулах 1-180м.кв, Агуулах 2-450 м.кв талбайг 1 м.кв талбайн түрээсийн төлбөр 5500 төгрөг байхаар тохиролцож тус тус түрээслүүлсэн. Улмаар 2011 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Түрээсийн нэмэлт өөрчлөлтийн гэрээгээр Агуулах 1-180 м.кв, Агуулах 2-450 м.кв талбай бүхий агуулахуудыг түрээслэгч буцаан өгч, шинээр Төмөр замын Агуулах-8 450 м.кв талбайг түрээслэхээр болж, түрээсийн төлбөр сар бүр 2,675,000 төгрөг төлөхөөр болсон. 2014 оны 4 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн түрээсийн гэрээнд нэмэлт оруулж, Агуулах-8 450 м.кв талбайг 1 м.кв талбайн түрээсийн төлбөр 9000 төгрөг, сар бүр нийт 4,050,000 төгрөг төлөхөөр тохиролцсон юм. Талууд жил бүр түрээсийн гэрээний хугацааг сунгаж, нэмэлт гэрээ байгуулаад явж байна. 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Түрээсийн гэрээний сунгалтын 3 дугаар зүйл, 2016 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн Түрээсийн гэрээний өөрчлөлтийн 1 дүгээр зүйл, 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Түрээсийн гэрээний өөрчлөлтийн 2 дугаар зүйлээс тус тус үзвэл түрээслэгч “*******” ХХК-ийн хүсэлтээр түрээсийн төлбөрийг 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг дуустал 450 м.кв талбайг 1 м.кв талбайн түрээсийн төлбөрийг 6500 төгрөг болгож багасгаж, сар бүр нийт 2,925,000 төгрөг түрээсийн төлбөр төлөхөөр болсон. Харин 2017 оны 3 дугаар сараас эхлэн өнөөдрийг хүртэл Агуулах-8 450 м.кв талбайг 1 м.кв талбайн түрээсийн төлбөр 9000 төгрөг, сар бүр нийт 4,050,000 төгрөг төлөхөөр байна. Энэ нь түрээслэгч “*******” ХХК-иас гаргаж өгсөн Тооцооны үлдэгдлийн баталгаа гэх баримтын хавсралтаар нотлогдоно. Гэтэл түрээслэгч “*******” ХХК 2015 оны 12 дугаар сараас хойш төлбөрөө цаг тухайд нь төлөөгүй, төлсөн ч дутуу төлдөг тул нийт 63,731,658 төгрөгийн түрээсийн төлбөрийн үлдэгдэлтэй байна.

“*******” ХХК нь “*******” ХК-д “Агуулахын байр түрээслэх, түрээслүүлэх гэрээ”-ний 2 дугаар зүйлийн 2.3 дахь хэсгийн дагуу сар бүрийн 01-ний өдрөөс өмнө урьдчилан түрээсийн төлбөрөө төлөх ёстой юм. Нэхэмжлэгчийн зүгээс түрээсийн төлбөрийг төлөхийг шаардаж, хэд хэдэн удаа шаардлага тавьсан боловч одоог хүртэл төлөөгүй тул ийнхүү шүүхэд хандаж байна. Түүнчлэн талуудын хооронд байгуулагдсан “Агуулахын байр түрээслэх, түрээслүүлэх гэрээ”-ний 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт түрээсийн төлбөр болон хэрэглээний төлбөрүүдээ хугацаандаа төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд үнийн дүнгийн 0,5 хувийн алдангийг түрээслүүлэгчид төлөхөөр заасны дагуу Түрээслэгч нь алданги 31,865,829 төгрөг төлөхөөр байна.

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт “Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасны дагуу түрээслэгч “*******” ХХК-иас түрээсийн үлдэгдэл төлбөр 63,731,658 төгрөг болон алданги 31,865,829 төгрөгийн хамт нийт 95,597,487 төгрөгийн гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч “*******” ХХК, итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оюун-Эрдэнэ, өмгөөлөгч Д.******* нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай компани нь АНУ-аас 326 төрлийн хүнсний бүтээгдэхүүн импортлон оруулж ирээд 2011 оноос хойш “*******” ХК-ийн эзэмшлийн агуулахын зориулалттай барилгын №8 тоот агуулахыг түрээслэн хамтран ажиллаж ирсэн. 2016 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр “*******” ХК-ийн барилгын гадна халаалтын шугам хагарч агуулахын барилга бүхэлдээ халуун усны ууранд автсанаас болж манай компанийн агуулахад хадгалж байсан 861,275,387.50 төгрөгийн 326 нэр төрлийн 48,794 ширхэг хүнсний бүтээгдэхүүнүүд худалдан борлуулах боломжгүй болсон. “*******” ХХК-ийн захирлын 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн №15 тушаалаар томилогдсон нэг талаас түрээслэгч компанийн комисс, нөгөө талаас түрээслүүлэгч “*******” ХК-иас гаргасан комисс нар хамтран 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс 11 дүгээр сарын 28-ны өдөр хүртэл ажиллаж худалдан борлуулах боломжгүй болсон хүнсний бүтээгдэхүүнийг ялгаж албан ёсоор акт тогтоож, протокол үйлдсэн. Агуулахад байсан нийт 326 нэр төрлийн 48,794 ширхэг хүнсний барааг 4 ангилж уут, шил сав нь хагарч, задарч худалдах ямар ч боломжгүй болсон 2487 ширхэг 55,629,513.00 төгрөгийн барааг ялган худалдаж борлуулах боломжгүй гэж үзсэн. Харин 46,307 ширхэг 805,645,874.5 төгрөгийн барааг ууранд автсан боловч хатаагаад худалдаж болох болов уу гэж үзсэн бүтээгдэхүүнийг уур алдсаны улмаас манай компанид учирсан хохиролд оруулж тооцоогүй эрсдэлээ компани өөр дээрээ үүрч гарсан. Гэтэл бидний бодсоноор энэ 46,307 ширхэг 805,645,874,5 төгрөгийн бүтээгдэхүүн нь чийгийг нь авч хатаасны дараа хүнсний болон худалдааны стандартад нийцэж худалдах ямар ч боломжгүй болсон байсан. Эдгээр барааг тухайн үед “*******” ХК-иас 805,645,874.5 төгрөгийн хүнсний бүтээгдэхүүнийг хадгалах 3-н агуулахыг гаргаж өгч байсан. Хэсэг хугацааны дараа одоо энэ бараануудаа ав, агуулахаа чөлөөлж өг гэсэн. Тэгээд манай компани нэгэнт ашиглах боломжгүй, худалдах боломжгүй болсон бараануудыг уг агуулахаас нь шууд малын тэжээлд өгсөн. Энэ байдлыг баталгаажуулсан фото зураг бичлэг байгаа. Харин 55,629,513.00 төгрөгийн бүтээгдэхүүнийг №8 агуулахад “*******” ХК-иас ялган авч өөрсдөө устгалд оруулна гээд хадгалаад 2 жил болсон. Тухайн үед манай компани нь учирсан хохирлоо төлүүлэхээр хандахад “*******” ХК нь түрээсийн төлбөрөөс 55,629,513.00 төгрөгийг суутган тооцохоор тохиролцсон. Учирсан хохирол болох 55,629,513.00 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сараас 2017 оны 12 дугаар сарын 31-ний хоорондох түрээсийн төлбөрт тооцон суутгаж хохирол барагдсан. Үүнийг “*******” ХК хүлээн зөвшөөрсөн учраас өнгөрсөн хугацаанд биднээс түрээсийн төлбөр нэхэж байгаагүй. Гэтэл “*******” ХК нь үндэслэлгүй худал зүйл бичиж 95,597,487.00 төгрөгийг манайхаас нэхэмжилж байгаад гайхаж байна. Учирсан хохирол түрээсийн төлбөрт суутгагдаж дууссан тул 2018 оны 01 дүгээр сарын 01- нээс эхлэн бид түрээсийн төлбөрөө цаг хугацаанд төлж ирсэн.

Иймд “*******” ХК-ийн нэхэмжилсэн 95,597,487.00 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч “*******” ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

Манай компани нь 2011 оноос хойш АНУ-с хүнсний бүтээгдэхүүн импортлон оруулж ирэн “*******” ХК-ийн 8 тоот агуулахыг түрээслэн бараа материалаа хадгалах, борлуулах үйл ажиллагаа явуулж ирсэн. Гэтэл 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдөр АНУ-с захиалгын дагуу шинэ бараа бүтээгдэхүүнүүд ирж, 40 тн-ын контейнертай 431,000,000 төгрөгийн бараануудаа өөрийн агуулахад буулгахаар ирэхэд “*******” ХК нь бидэнд урьдчилан мэдэгдэлгүйгээр бараа бүтээгдэхүүн хадгалж байсан 8 тоот агуулахад нэмэлт цоож хийн, лацадсан байсан. Энэхүү хууль бус үйл ажиллагаанаас болж шинээр ирж буй бараа бүтээгдэхүүнээ буулгах, хадгалах боломжгүй болсон бөгөөд уг агуулахад байсан 83,300,000 төгрөгийн үнэ бүхий бараа бүтээгдэхүүн худалдан борлуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн. Үүний улмаас манай компаний өдөр тутмын борлуулалтын үйл ажиллагаа зогсож, харилцагч байгууллага, хэрэглэгч нарынхаа захиалсан бараа бүтээгдэхүүнүүдийг захиалгын дагуу хэвийн хүргэж өгөх боломжгүй болсон. Ингээд “*******” ХК руу утасдаж энэхүү хууль зөрчсөн, манай компанийн эрх ашгийг хохироосон үйлдлээ зогсоож, бидний бизнесийн үйл ажиллагааг хэвийн явуулах боломжоор хангаж өгөхийг хүссэн боловч “*******” ХК нь манай компанийн төлөх ёсгүй түрээсийн төлбөрийг төлөхийг шаардсан. “*******” ХК-ийн агуулах лацадснаас болж манай компанийн үйл ажиллагаа зогсонги байдалд орсон. Энэ хууль зөрчсөн үйлдлээс болж манай компанид ихээхэн хэмжээний хохирол учирсан. Тухайлбал 40 тн контейнертай шинээр ирсэн хүнсний бараа бүтээгдэхүүнүүдийн чанарыг алдагдуулахгүйн тулд тухайн өдөртөө “*******” ХХК-ийн агуулахыг яаралтай түрээслэн, бараа бүтээгдэхүүнээ хадгалахаар том машин хөлсөлж тээвэрлэсэн болно. “*******”ХК-ийн агуулах цоожилсон хууль бус үйл ажиллагаанаас болж манай компанид доор дурдсан хохирол учирсан болно.

1.  “*******” ХХК руу 40 тн контейнерийг тээвэрлэсэн зардал - 300,000 төгрөг

2. “*******” ХХК-д агуулах түрээслэсэн зардал - 2,000,000 төгрөг

3. Склад хооронд зөөсөн тээврийн хөлс - 740,000 төгрөг

4. Поо, зөөвөрлөгч машин хөлслөхөд - 80,000 төгрөг

5. 2 машины бензиний төлбөр - 360,000 төгрөг

6. 2 хүний илүү цагт бодож олгосон цалин - 480,000 төгрөг, нийт “*******” ХК-ийн хууль бус үйл ажиллагаанаас манайд учирсан хохирол болох 3,960,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

2016 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр “*******” ХК-ийн барилгын гадна халаалтын шугам хагарч агуулахын барилга бүхэлдээ халуун усны ууранд автсанаас болж “*******” ХК-ийн компанийн агуулахад хадгалж байсан манай компанийн 861,275,387.50 төгрөгийн 326 нэр төрлийн 48,794 ширхэг хүнсний бүтээгдэхүүнүүд худалдан борлуулах боломжгүй болсон. “*******” ХХК-ийн захирлын 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн №15 тоот тушаалаар томилогдсон нэг талаас түрээслэгч компанийн комисс, нөгөө талаас түрээслүүлэгч “*******” ХК-иас гаргасан комисс нар хамтран 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс 11 дүгээр сарын 28-ны өдөр хүртэл ажиллаж худалдан борлуулах боломжгүй болсон хүнсний бүтээгдэхүүнийг ялгаж албан ёсоор акт тогтоож, протокол үйлдсэн. Агуулахад байсан нийт 326 нэр төрлийн 48,794 ширхэг хүнсний барааг 4 ангилж уут, шил сав нь хагарч, задарч худалдах ямар ч боломжгүй болсон 2487 ширхэг 55,629,513 төгрөгийн барааг ялган худалдаж борлуулах боломжгүй гэж үзэж, уг үнийн дүнг түрээсийн төлбөрт тооцохоор тохиролцсон болно. Харин 46,307 ширхэг 805,645,874.5 төгрөгийн барааг ууранд автсан боловч хатаагаад худалдаж болох болов уу гэж тооцож, холбогдох арга хэмжээг авсан боловч бараа бүтээгдэхүүн чанарын шаардлагад нийцэхгүй болсон байсан. Гэвч 46,307 ширхэг 805,645,874.5 төгрөгийн бараа нь хатаасны дараа хүнсний болон худалдааны стандартад нийцэж худалдах ямар ч боломжгүй болсон байсан. Манай компани нь нийт учирсан хохирлын ихэнх хэсгийн эрсдлийг үүрч их хэмжээний хохирол амссан. Дээрх бараанаас 4391 төрлийн 157,378,518.96 төгрөгийн бүтээгдэхүүнүүд нь ямар ч ашиглах боломжгүй болсон тул агуулахаас нь шууд малын тэжээлд өгсөн.

Иймд ашиглах боломжгүй гэж үзэн малын тэжээлд өгсөн 4391 нэр төрлийн барааны үнэ болох 157,378,518.96 төгрөгийн хохирол нь түрээслүүлэгчийн буруутай үйлдлээс болсон тул “*******” ХК-иас 157,378,518.96 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

 

Нэхэмжлэгч “*******” ХК сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа:

“*******” ХХК нь “*******” ХК-д холбогдуулан 157,378,518.96 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг зарим хэсгийг нь эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

Гэм хорын тухайд: 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр “*******" ХХК ба "" ХХК-ийн барилгуудын халаалтын гадна шугам цоорч, траншей дотор ус алдсаны улмаас “*******” ХК-ийн эзэмшлийн барилга халуун усны ууранд автсан. Улмаар 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс 28-ны өдөр хүртэл талуудын хамтран гаргасан комисс ажиллаж, худалдан борлуулах боломжгүй болсон хүнсний бүтээгдэхүүнийг ялгаж, албан ёсоор акталж, баримт үйлдсэн. Нийт худалдан борлуулах боломжгүй болсон хүнсний бүтээгдэхүүн 2487 ширхэг буюу 55,763.889 төгрөг болно. Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 02-07-085/474 тоот дүгнэлтээр /хх 41-р хуудас/ “*******” ХХК ба “ZDМ” ХХК-ийн барилгуудын халаалтын гадна шугам цоорсон, “*******” ХК-ийн агуулахын барилгын халаалтын гадна шугамын оруулгын битүүмжлэл хангалтгүй хийгдсэн, дулааны зангилаа /узэль/ бүхий барилгад "*******” ХХК ус, чийгэнд тэсвэр муутай хүнсний бүтээгдэхүүн хадгалсан зэрэг нь Барилгын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.3, 46.1.4 дэх хэсгүүдийг зөрчиж, дулааны шугам сүлжээний ашиглалтын хэвийн ажиллагаа алдагдах нөхцлийг бүрдүүлсэн байна гэж 3 талын буруутай үйлдэл болохыг тогтоосон.

Иймээс хариуцагч болох “*******” ХХК-д халаалтын шугам хагарсанаас үүсэн бий болсон хохирлыг “*******” ХК дангаараа хүлээх нь үндэслэлгүй бөгөөд худалдан борлуулах боломжгүй болсон хүнсний бүтээгдэхүүн 2487 ширхэг буюу 55,763.889 төгрөгийн гуравны нэгийг төлөхийг зөвшөөрч байна.

Хохирлын хэмжээний тухайд: "*******” ХХК дахин 4391 төрлийн бүтээгдэхүүний хохирол учирсан гэж үндэслэлгүй нэхэмжилсэн байна. Учир нь тухайн үед талуудын хамтарч ажилласан комисс 2487 ширхэг бүтээгдэхүүн худалдан борлуулах боломжгүй болсон гэж үзэж, албан ёсоор тохирсон. Өөрөөр хэлбэл "*******” ХХК-д нийт 2487 ширхэг буюу 55,763,889 төгрөгийн хохирол учирсан байдаг. Иймд дахин ийнхүү нэмж нэхэмжилж байгаа нь бодит нөхцөл байдалд үл нийцэх бөгөөд гэм буруу болон хохирол хоорондоо шалтгаант холбоогүй байна. Сөрөг нэхэмжлэлд дурдсан худалдан борлуулах боломжгүй болсон хүнсний бүтээгдэхүүн 2487 ширхэг буюу 55,763,889 төгрөгийг түрээсийн төлбөрт тооцохоор тохиролцсон зүйл огт байхгүй бөгөөд энэ тухай талууд бичгээр баримт бичиг үйлдсэн зүйл байхгүй болно гэв.

 

            Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “*******” ХК нь хариуцагч “*******” ХХК-д холбогдуулан “Агуулахын байр түрээслэх, түрээслүүлэх гэрээ”-ний дагуу түрээсийн төлбөр 63,731,658 төгрөг, алданги 31,865,829 төгрөг, нийт 95,597,487 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлага,

 

Хариуцагч “*******” ХХК нь нэхэмжлэгч “*******” ХК-д холбогдуулан “*******” ХК-ийн хууль бус ажиллагааны улмаас учирсан хохирол 3,960,000 төгрөг, ашиглах боломжгүй гэж үзэн малын тэжээлд өгсөн 4391 нэр төрлийн барааны үнэ болох 157,378,518.96 төгрөг, нийт 161,338,518.96 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргажээ.

 

            Нэхэмжлэгч “*******” ХК нь “Дэлгэр тоонот трэйд” ХХК-тай 2011 оны 5 дугаар сарын 27-ны өдөр “Агуулахын байр түрээслэх, түрээслүүлэх гэрээ”-г байгуулж, уг гэрээгээр Хан-Уул дүүрэг, 2 дугаар хорооны нутаг дэвсгэр, Чингисийн өргөн чөлөөнд орших өөрийн эзэмшлийн хүрэн байрны зүүн талын 180 мкв талбайтай агуулахыг 1 мкв-ыг 5,500 төгрөг, сарын төлбөр нь 990,000 төгрөг, төмөр замын ард байрлах баруун талаасаа эхний 450 мкв талбайтай агуулахыг 1 мкв-ыг 5,500 төгрөг, сарын төлбөр нь 2,475,000 төгрөг байхаар тус тус тохирсон, мөн тус компанитай 2011 оны 12 дугаар сарын 01-ний өдөр “Түрээсийн гэрээний нэмэлт өөрчлөлт” гэрээг байгуулжээ.

 

            Улмаар 2012 оны 02 дугаар сарын 20-ны өдөр “Түрээсийн гэрээний сунгалт-1, нэмэлт өөрчлөлт-2” гэрээг “*******” ХК нь “*******”-тай байгуулж, гэрээний 2 дахь заалтад “Тус байгууллагын хүсэлтийн дагуу “Дэлгэр тоонот трейд” ХХК-тай байгуулсан түрээсийн гэрээний нэг талыг 2012 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн “*******” ХХК төлөөлөх болов” гэж, төмөр замын ард байрлалтай 450 мкв талбай бүхий гараж №8 тоотыг агуулахын зориулалтаар 1 мкв-ыг 5,500 төгрөг, сарын төлбөр нь 2,475,000 төгрөг байхаар, 20 тонны контейнерийг сарын 200,000 төгрөгөөр тус тус түрээслэхээр, энэхүү үнээр 2012 оны 8 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл түрээсийн төлбөрийг төлөхөөр тохирсон байна.

 

            Үүнээс хойш зохигчид 2012 оны 7 дугаар сарын 16, 2013 оны 01 дүгээр сарын 21, 2014 оны 3 дугаар сарын 01, 2014 оны 4 дүгээр сарын 03, 2015 оны 3 дугаар сарын 11, 2016 оны 02 дугаар сарын 04, 2016 оны 8 дугаар сарын 08, 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрүүдэд тус тус гэрээний хугацааг сунгасан, ийнхүү сунгахдаа 1 мкв-ын үнийг өөр өөрөөр тохирсон, гэрээнд бичгээр дахин өөрчлөлт оруулаагүй, сунгагдаагүй боловч 2018 оны 8 дугаар сарыг хүртэл хариуцагч “*******” ХХК нь агуулахыг ашигласан болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар тогтоогдож байна.

 

            Зохигчдын хооронд байгуулагдсан дээрх гэрээнүүд нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасан түрээсийн гэрээний шинжийг агуулж, 318.3-т  зааснаар бичгээр байгуулсан байх боловч мөн заалтад заасан үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ гэсэн шаардлагыг хангаагүй байх тул мөн зүйлийн 318.4-т зааснаар гэрээнүүд хүчин төгөлдөр бус байна. 

 

            Нэхэмжлэгч нь агуулахын зориулалтай үл хөдлөх эд хөрөнгийг түрээслэх гэрээ байгуулсан ба энэ нь хөдлөх хөрөнгө гэж маргаж байгаа нь үндэслэлгүй юм.

 

            Хэдийгээр Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.4-т зааснаар зохигчдын хооронд байгуулсан түрээсийн гэрээ нь хуулийн шаардлагыг хангаагүй боловч мөн хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2-т зааснаар зохигчдын хооронд гэрээ байгуулсанд тооцох нь зүйтэй тул агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг түрээсэлж ашигласан хугацааны түрээсийн төлбөрийг хариуцагч “*******” ХХК нь нэхэмжлэгч “*******” ХК-д төлөх нь үндэслэлтэй юм.

 

            Ийнхүү зохигчдын хооронд үүргийн харилцаа үүссэн тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д “хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон” тохиолдолд нэхэмжлэгч нь хариуцагчаас ашигласан хугацааны төлбөрийг шаардах эрхтэй байна.

 

            Нэхэмжлэгч нь хариуцагчийг 2015 оны 12 дугаар сараас хойш төлбөрөө цаг тухайд нь төлөөгүй, төлсөн ч дутуу төлдөг байсан гэж үзэж, 2018 оны 8 дугаар сарыг дуусталх хугацааны түрээсийн төлбөрийг нэхэмжилжээ.

 

            Зохигчдын хооронд байгуулсан 2015 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн “Түрээсийн гэрээний сунгалт”-аар 450 мкв талбайтай №8 тоот агуулахын 1 мкв-ыг 9000 төгрөг, сарын төлбөрийг 4,050,000 төгрөгөөр төлөхөөр,

            2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн “Түрээсийн гэрээний сунгалт”-аар 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд 1 мкв-ыг 6500 төгрөгөөр тооцохоор,

            2016 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн “Түрээсийн гэрээний өөрлөлт”-өөр 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд 1 мкв-ыг 6500 төгрөгөөр тооцохоор,

            2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн “Түрээсийн гэрээний өөрчлөлт”-өөр 1 мкв-ыг 6500 төгрөг, сарын төлбөр нь 2,925,000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр байхаар тус тус тохирсон байна.

 

            Энэхүү гэрээний сунгалтуудаас үзвэл 2015 оны 12 дугаар сарын төлбөрийг 1 мкв-ыг 9000 төгрөгөөр тооцон, 4,050,000 төгрөг, 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 8 дугаар сарыг дуусталх хугацааны сарын түрээсийн төлбөрийг 1 мкв-ыг 6500 төгрөгөөр тооцон, 2,925,000 төгрөгөөр тус тус тооцох нь зүйтэй байна. Учир нь 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс хойш гэрээний сунгалт болон өөрчлөлт оруулаагүй, 1 мкв-ыг 9000 төгрөгөөр тооцох үндэслэлгүй юм.

 

            Ийнхүү түрээсийн төлбөрийг нэхэмжлэгчийн нэхэмжилсэн хугацаагаар тооцвол 2015 оны 12 дугаар сарын төлбөр 4,050,000 төгрөг, 2016 оны 1-12 дугаар сарын төлбөр 35,100,000 /2,925,000 х 12 сар/ төгрөг, 2017 оны 1-12 дугаар сарын төлбөр 35,100,000 /2,925,000 х 12 сар/ төгрөг, 2018 оны 1-8 дугаар сарын төлбөр 23,400,000 /2,925,000 х 8 сар/ төгрөг, нийт 97,650,000 төгрөгийг төлөхөөр байна.

 

            Хариуцагч “*******” ХХК нь 2015 оны 12 дугаар сараас 2018 оны 7 дугаар сарыг хүртэл нийт түрээсийн төлбөрт 2016 оны 4 дүгээр сард 4,000,000 төгрөг, 2016 оны 9 дүгээр сард 20,000,000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сард 4,050,000 төгрөг, 2018 оны 01 дүгээр сард 5,668,773 төгрөг, 2018 оны 3 дугаар сард 8,100,000 төгрөг, 2018 оны 4 дүгээр сард 1,800,000 төгрөг, 2018 оны 7 дугаар сард 7,121,034 төгрөг, нийт 50,739,807 төгрөгийг нэхэмжлэгч “*******” ХК-д төлсөн болох нь “******* ХХК-иас ******* ХК-д төлөх түрээсийн өр төлбөрийн үлдэгдэлд гэрээний дагуу тооцсон алданги” гэсэн баримт, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

            Хариуцагч “*******” ХХК нь 2015 оны 12 дугаар сараас 2018 оны 8 дугаар сарыг дуустал хугацаанд нэхэмжлэгч “*******” ХК-д түрээсийн төлбөрт 97,650,000 төгрөгийг төлөх ёстойгоос дээр дурьдсанчилан энэхүү хугацаанд 50,739,807 төгрөгийг төлсөн байх тул үүнийг хасахад 46,910,193 төгрөгийг түрээсийн төлбөрт төлөөгүй байна.

 

            Мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагчийн 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 02-07-095/474 дугаартай “Шугам сүлжээний ашиглалтын төлөв байдлын тухай” дүгнэлтээр ... 2016 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр “*******” ХК ба "" ХК-ийн барилгуудын халаалтын гадна шугам цоорсон, “*******” ХК-ийн агуулахын барилгын халаалтын гадна шугамын оруулгын битүүмжлэл хангалтгүй хийгдсэн, дулааны зангилаа /узель/ бүхий барилгад “*******” ХХК ус, чийгэнд тэсвэр муутай хүнсний бүтээгдэхүүн хадгалсан зэрэг нь Барилгын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.3, 46.1.4 дэх заалтуудыг тус тус зөрчиж, дулааны шугам сүлжээний ашиглалтын хэвийн ажиллагаа алдагдах нөхцлийг бүрдүүлсэн ... гэжээ.

 

            “*******” ХХК-ийн захирлын 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 15 дугаартай тушаалаар 2016 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр бэлэн бүтээгдэхүүний складанд дулааны шугамын гэмтэл гарсантай холбоотойгоор үүссэн гэнэтийн нөхцөл байдлын улмаас тус агуулахад байгаа бэлэн бүтээгдэхүүнүүдийг тоолох, гэмтсэн барааны жагсаалтыг гаргахтай холбогдуулан тооллогын комиссыг томилон ажилуулахаар, улмаар 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр тус тооллогын комиссын гишүүд болон “*******” ХК-ийн ажилтанууд хамтран  худалдан борлуулах боломжгүй болсон хүнсний бүтээгдэхүүнийг ялгаж, 2487 ширхэг барааг актлахаар “Бараа материалын дэлгэрэнгүй бүртгэл” үйлдсэн бөгөөд зохигчид маргадаггүй.

 

            Эдгээрээс үзэхэд “*******” ХК-ийн 100 хувийн буруутай ажиллагааны улмаас  “*******” ХХК-ийн бараа, материалаа хадгалж байсан агуулахын барилга ууранд автаж, хохирсон гэж үзэх үндэслэлгүй байх ба “*******” ХК нь 2 компанийн эрх бүхий албан тушаалтануудын гаргасан актын дагуу 55,763,889 төгрөгийн хохирол учирсаны 1/3-ийг төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг нэхэмжлэгч тал гаргаж байх тул түрээсийн төлбөрийн үлдэгдэл 46,910,193 төгрөгөөс хасч тооцох нь зүйтэй байна.

 

            /55,763,889 : 3=18,587,963 төгрөг, 46,910,193 – 18,587,963=28,322,230 төгрөг/

 

            Харин хариуцагч нь дээрх 2016 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн болсон үйл явдалтай холбогдуулан түрээсийн төлбөрт хөнгөлөлт үзүүлсэн, хохирлын хэмжээг түрээсийн төлбөрт тооцохоор тохирсон гэж маргаж, тайлбарлаж байгаа боловч энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.

 

            Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т “Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ” гэж заасан бөгөөд энэхүү шаардлагыг хангаагүй, гэрээ хүчин төгөлдөр бус байх тул нэхэмжлэгч нь алданги тооцох үндэслэлгүй байна.

 

 Хариуцагч “*******” ХХК нь “*******” ХК-ийн хууль бус ажиллагааны улмаас буюу гэрээний үүргээ зөрчсөнтэй холбоотойгоор хохирол учруулсан гэж үзэж “*******” ХХК руу 40 тн контейнерийг тээвэрлэсэн зардалд 300,000 төгрөг, “*******” ХХК-д агуулах түрээслэсэн зардалд 2,000,000 төгрөг, склад хооронд зөөсөн тээврийн хөлс 740,000 төгрөг, поо, зөөвөрлөгч машин хөлслөхөд 80,000 төгрөг, 2 машины бензиний төлбөрт 360,000 төгрөг, 2 хүний илүү цагт бодож олгосон цалин 480,000 төгрөг, нийт 3,960,000 төгрөгийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.

 

Энэхүү шаардлагатайгаа холбогдуулан хэргийн материалд “*******” ХХК-ийн 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн “Төлбөрийн баримт”-ыг ирүүлсэн байх бөгөөд сөрөг нэхэмжлэлийн агуулгаас үзэхэд 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн “*******” ХК-ийн агуулахаа лацадсан үйлдэлтэй цаг хугацааны хувьд тохирохгүй, түүнчлэн “*******” ХХК руу 40 тн контейнерийг тээвэрлэсэн,  склад хооронд зөөсөн тээврийн хөлс, поо, зөөвөрлөгч машины хөлс, машины бензиний төлбөр, 2 хүний илүү цагт бодож олгосон цалин зэргийг энэхүү ажиллагаатай холбоотойгоор хохиролд тооцон нэхэмжилж буй нь шалтгаант холбоотой гэж үзэхгүй, мөн гэрээний үүргийн зөрчилтэй холбоотой хохирол гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Нөгөөтэйгүүр хариуцагч “*******” ХХК нь тус компанитай хэзээ байгуулсан түрээсийн гэрээний төлбөрт 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 2,000,000 төгрөг шилжүүлсэн нь эргэлзээтэй байна.

 

Мөн ашиглах боломжгүй гэж үзэн малын тэжээлд өгсөн 4391 нэр төрлийн барааны үнэ болох 157,378,518.96 төгрөг гаргуулахаар шаардсан бөгөөд энэхүү 4391 нэр төрлийн бараа материалыг ашиглах боломжгүй гэж үзэн малын тэжээлд өгсөн болох нь тогтоогдохгүй байх ба уг ажиллагаатай холбоотой хариуцагч “*******” ХХК-ийн захирлын тушаал гарсан байх боловч тодорхой акт үйлдэж, эрх бүхий байгууллагаар баталгаажуулаагүй байна.

 

Энэ талаар гэрчүүдийн мэдүүлэг байх боловч энэ нь хэрэгт авагдсан бичгийн бусад баримтаар тогтоогдохгүй байна.

 

Өөрөөр хэлбэл хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар сөрөг нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.

 

Иймд дээр дурьдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс 28,322,230 төгрөгийн шаардлагыг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

    

            1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 232 дугаар зүйлийн 232.3-т тус тус заасныг баримтлан хариуцагч “*******” ХХК-иас 28,322,230 /хорин найман сая гурван зуун хорин хоёр мянга хоёр зуун гуч/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “*******” ХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс 67,275,257 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар хариуцагч “*******” ХХК-ийн нэхэмжлэгч “*******” ХК-д холбогдуулан гаргасан “*******” ХК-ийн хууль бус ажиллагааны улмаас учирсан хохирол 3,960,000 төгрөг, ашиглах боломжгүй гэж үзэн малын тэжээлд өгсөн 4391 нэр төрлийн барааны үнэ болох 157,378,518.96 төгрөг, нийт 161,338,518.96 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 635,950 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа төлсөн 1,023,153 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “*******” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 299,561 /хоёр зуун ерэн есөн мянга таван зуун жаран нэг/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “*******” ХК-д олгосугай.   

 

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар тус шүүхийн шүүгчийн 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 101/ШЗ2019/00415 дугаартай “Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай” захирамж нь давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр үйлчилэхийг мэдэгдсүгэй.

 

            5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Т.ЭНХЖАРГАЛ