Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 001/ХТ2020/00684

 

МЦБМ ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 102/ШШ2019/00934 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 1078 дугаар магадлалтай,

МЦБМ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Г-И ХХК, Т.Г-, Х.Т-нарт холбогдох

Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 941.823.606 төгрөг гаргуулах, уг үүргийг барьцааны хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг зохигчийн гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагч Г-И ХХК-ийн төлөөлөгч Т.Ч, хариуцагчийн өмгөөлөгч С.Г, нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшин нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Баяртогтохын шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Манай байгууллага нь Г-И ХХК-тай 2016 оны 5 дугаар сарын 05-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл цемент худалдах, худалдан авах гэрээг байгуулж, гэрээний хугацаанд нийт 20 000 тонн цемент нийлүүлэхээр тохирсон. Гэрээний хугацаанд ууттай 6 839,85 тонн, задгай 6 572,02 тонн цемент буюу нийт үнийн дүнгээр 1.948.118.410 төгрөгийн цемент нийлүүлсэн. Задгай цементийн 1 тонн 142.000 төгрөг, ууттай цементийн 1 тонн 147.000 төгрөг байхаар тохирсон. Дээрх төлбөрийн талаар хоёр тал 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр тооцоо нийлж, тооцоо нийлсэн актаар Г-И ХХК 957.414.360 төгрөгийн үлдэгдэлтэй байсан. Г-И ХХК-аас удаа дараа төлбөрөө төлөхийг шаардсан боловч төлбөр төлөгдөөгүй тул үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр цемент худалдах, худалдан авах гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, Сүхбаатар дүүрэг, 1-р хороонд байрлах, 138.58 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгө, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, 98.5 м.кв орон сууцыг барьцаалсан. 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр тооцоо нийлсэн актаар 2017 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр цемент худалдах, худалдан авах гэрээний хугацааг сунгаж, Баянгол дүүрэг, 18-р хороонд байрлах, 61 м.кв орон сууцыг барьцаалсан. Гэвч Г-И ХХК нь төлбөрөө төлөөгүй байсан тул 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдөр гөлтгөнө худалдах, худалдан авах гэрээ байгуулж, гөлтгөнөө цемент худалдах, худалдан авах гэрээний үүрэгт төлбөрт суутгахаар тохирсон. 2018 оны 3 дугаар сарын 31-ний өдөр гөлтгөнө нийлүүлж, төлбөрийн үүргийг гүйцэтгэх тухай гэрээ байгуулсан. Энэхүү гэрээгээр нийт 281.508.409,14 төгрөгийн гөлтгөнийн төлбөрийг хүлээн авч, цемент худалдах, худалдан авах гэрээний үүргээс хасч тооцсон. Талууд 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр тооцоо нийлж, 622.548.494,82 төгрөгийн тооцоотой үлдсэн талаар харилцан тохирсон. Иймд Г-И ХХК-аас цемент худалдах, худалдан авах гэрээний үүрэгт нийтдээ 933.000.000 төгрөгийг гаргуулах, уг үүргийг барьцааны хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Г-И ХХК-ийн шүүхэд гаргасан тайлбарт: ...Талуудын хооронд байгуулагдсан цемент худалдах, худалдан авах гэрээний 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт задгай цемент нийлүүлэхээр тохирч, задгай 6 572 тонн цемент нийлүүлсэн талаар нэхэмжлэгч тал нэхэмжилж байгаа боловч 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн тооцоо нийлсэн актаар 6 060.81 тонн задгай цемент нийлүүлсэн байдаг. Цемент худалдах, худалдан авах гэрээний зүйл болох задгай цементийг 1 тонн бүрийг 142.000 төгрөг байхаар тохирсон. Задгай цементийн үнэ болох 853.198.860 төгрөгийг хариуцагч Г-И ХХК төлж барагдуулж, үүргээ биелүүлсэн. Цемент худалдах, худалдан авах гэрээнд нийтдээ 4 удаа нэмэлт өөрчлөлт оруулж, 4 барьцаа хөрөнгийг нэмэлтээр барьцаалуулсан. Гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлсэн тул Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1 дэх хэсэгт зааснаар гэрээний үүрэг дууссан тул барьцааны гэрээг дуусгавар гэж үзэх үндэслэлтэй. 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн тооцоо нийлсэн актаар задгай цементийг нийлүүлж байхдаа 142.000 төгрөгөөр нийлүүлж байсан. Задгай цементийг 142.000 төгрөгөөр нийлүүлж байсан боловч ууттай цемент нийлүүлснээр 1 тонн бүрийг 147.000 төгрөгөөр нийлүүлж эхэлсэн. Манай байгууллагаас ууттай цементийг нийлүүлэх саналыг бол хүлээн зөвшөөрөөгүй татгалзсан. Учир нь ууттай цемент марк нь ижил боловч үнийн дүн нь 147.000 төгрөг болж өөрчлөгдсөн. Ууттай цементийн хувьд ачих, тээвэрлэх, хадгалах нь зардал өндөр байдаг тул татгалзсан. Гэтэл нийлүүлэгч талаас 10 тонн цемент авбал 7 хувийн урамшуулал өгөе гэж хэлсэн тул манай байгууллага ууттай цементийг хүлээн авч, борлуулж эхэлсэн. Ууттайгаар хүлээн авсан цементийн хувьд талуудын хооронд тооцоо нийлсэн акттай зөрүү гараагүй. Нийт цементийн төлбөр 1.900.740.250 төгрөг гэж нэхэмжлэгч үзэж байгаа боловч нийлүүлэгч тал нийтдээ 12.900.66 цемент нийлүүлсэн. Манай байгууллагын төлбөл зохих төлбөр нь 1.862.939.110 төгрөг байна. Энэ үүргээс бэлнээр төлсөн мөнгө 958.883.841 төгрөгийг төлж, 904.000.000 төгрөг үлдсэн. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ заахдаа ачилт буулгах болон үлдэгдлээ буцааж, 186.704.000 төгрөгийг хасна. Гөлтгөнө худалдах, худалдан авах гэрээний дүнд 2017 онд 53.359.091 төгрөгийн, 2018 онд 281.000.000 төгрөгийн үнэ бүхий гөлтгөнө нийлүүлсэн байдаг. Нийлүүлэгчээс нийт нийлүүлсэн цементээс урамшууллын 7 хувийг 1.862.939.110 төгрөгөөс бодуулж, 136.368.288 төгрөгийг хасуулах шаардлагатай байна. Манай байгууллагын зүгээс нийт гэрээний үүрэгт үлдсэн 294.474.522 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Ууттай цемент дээр алдангийн асуудал яригдаагүй бөгөөд задгай цемент дээр бол бүх үүргээ биелүүлсэн. Ууттай цементийн гэрээг бичгээр байгуулаагүй тул алданги төлөх үндэслэл байхгүй. Нэхэмжлэлийн шаардлагаас 294.474.522 төгрөгийг зөвшөөрч байна. Бусад шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч Х.Т-ын шүүхэд гаргасан тайлбарт: ...Нэхэмжлэгч МЦБМ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагч Т.Г-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбарт: ...2016 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн цемент худалдах, худалдан авах гэрээний үүргээ Г-И ХХК бүрэн төлж барагдуулсан тул барьцаа хөрөнгөөр үүргийг хангуулах тухай шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 102/ШШ2019/00934 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсгийг баримтлан хариуцагч Г-И ХХК-аас 458 054 195,86 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч МЦБМ ХХК-д олгож, нэхэмжлэлээс 474 945 804,14 төгрөгийг шаардсан хэсэг болон барьцааны хөрөнгөөр үүргийг хангуулах хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгийг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 4 937 268 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 2 448 221 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 1078 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 102/ШШ2019/00934 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтын 458 054 195.86 төгрөг гэснийг 622 546 490 төгрөг гэж, нэхэмжлэлээс 474 945 804.14 төгрөгийг шаардсан хэсэг болон барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэснийг Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, 13-р хороолол, /14230/Нарны замын гудамж, 62 байр, 1608 тоот хаягт байршилтай/А блок/ нийт 138.58 м.кв талбай бүхий оффисын зориулалттай, Ү-2203034484 дугаар бүхий улсын бүртгэлтэй, 000531252 тоот гэрчилгээтэй, үл хөдлөх хөрөнгө, Х.Т-ын өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Үйлдвэр 2 хд-92 байр, 43 тоот хаягт байршилтай, 98.5 м.кв талбайтай, 4 өрөө, орон сууцны зориулалттай, Ү-2206010044 дугаар бүхий улсын бүртгэлтэй, 000530635 тоот гэрчилгээтэй, үл хөдлөх хөрөнгө, Т.Г-ийн өмчлөлийн Баянгол дүүргийн 18-р хороо, 4-р хороолол, /16064/Жалханц хутагт Дамдинбазарын гудамж, 67-р байр, 123 тоот хаягт байршилтай, 61.67 м.кв талбай бүхий, Ү-2205033685 дугаар бүхий улсын бүртгэлтэй, 000512201 тоот гэрчилгээтэй 2 өрөө орон сууцыг дуудлага худалдаагаар худалдсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан үндэслэлгүй тул нэхэмжлэлийн үлдэх хэсэг болох 319 277 112 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж, 2 дахь заалтын 2 448 221 төгрөг гэснийг 3 270 682 төгрөг гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгчийн төлөөлөгч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 602 880 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б-ын хяналтын журмаар гаргасан гомдолд: ...Давж заалдах шатны шүүх нийт төлбөрийн үүрэгт алданги тооцоогүй нь Иргэний хууль болон талуудын байгуулсан гэрээ, хэлцлийг зөрчиж байгаа тул нэхэмжлэгч талаас тус магадлалын зарим хэсгийг эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна. Давж заалдах шатны шүүх алдангийг нийт төлбөрийн үүргээс тооцох тухай нэхэмжлэлийн шаардлагыг гэрээнд бичгээр нэмэлт өөрчлөлт ороогүй гэж үзэж хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь хэргийн үйл баримт, нотлох баримтыг буруу үнэлсэн, улмаар Иргэний хуулийг буруу хэрэглэсэн тохиолдол болсон гэж үзэж байна. Давж заалдах шатны шүүхээс “талуудын хооронд байгуулагдсан цемент худалдах, худалдан авах гэрээнд 20.000 тонн задгай цемент нийлүүлэхээр тохиролцсон бөгөөд алданги төлөхөөр заасан байх боловч ууттай цемент нийлүүлэх талаар бичгээр нэмэлт өөрчлөлт оруулаагүй” гэж үзсэн. Гэтэл талууд ууттай цемент нийлүүлэх асуудлаар цемент худалдах, худалдан авах гэрээндээ бичгээр нэмэлт өөрчлөлт оруулсан байдаг. МЦБМ ХХК болон Голден инвестмент ХХК-ийн хооронд 2016 оны 5 сарын 05-ны өдөр байгуулагдсан цемент худалдах, худалдан авах гэрээний 7.2-т “...цементийн төлбөрийг төлөөгүй бол үнийн дүнгээр 0.1 хувийн алданги худалдагч талд төлнө” гэж заасан. Талууд 2016 оны 9 сарын 29-ний өдөр “Цемент ХХАГ-нд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ” гэх гэрээг байгуулсан бөгөөд тус нэмэлт өөрчлөлт гэрээний 1-т зааснаар цемент ХХАГ-ний дагуу төлвөл зохих 2.840.000.000 төгрөгийн үнийн дүнгээс зарим хэсэг төлөгдөж үлдэгдэл 979.626.110 төгрөгийг худалдан авагч нь 2016 оны 12 сарын 31-ний өдрийн дотор төлөх үүрэг хүлээсэн. Энэхүү 979.626.110 төгрөгийн дүн нь ууттай болон задгай цементний аль алиных нь төлбөр юм. Учир нь Цемент ХХАГ-ний 3.1-т зааснаар талууд анх 20.000 тонн цемент нийлүүлэхээр тохиролцсон байсан бөгөөд энэ хүрээнд 2016 оны 9 сард багтаан ууттай болон задгай нийт 12.900 тонн цемент нийлүүлсэн. Энэхүү ууттай болон задгай аль аль цементний үлдэгдэл төлбөр нь 2006 оны нэмэлт өөрчлөлт гэрээнд заасан 979.626.110 төгрөг юм. Үүнийг талууд 2016 оны 11 сарын 30-ны өдрийн тооцоо нийлсэн акт, 2017 онд хийгдсэн цемент борлуулалтын тооцоонд тус тус баталгаажуулсан байдаг. Тэгэхээр талууд 2016 оны нэмэлт, өөрчлөлтөд төлбөрийн үлдэгдлийг 979.626.110 төгрөгөөр баталгаажуулснаар үндсэн Цемент ХХАГ-ээр нийлүүлэх цемент нь зөвхөн задгай цемент байх бус ууттай цемент мөн орж байгааг ийнхүү гэрээгээр тохиролцсон байдаг. Мөн талууд үндсэн цемент ХХАГ-ний хүрээнд ууттай болон задгай цементийг нийлүүлэхээр харилцан тохиролцсон нь 2018 оны 3 сарын 31-ний өдрийн гөлтгөнө нийлүүлж, төлбөрийн үүргийг гүйцэтгэх тухай гэрээний 1.1-т Энэхүү гэрээний зорилго нь 2016 оны 5 сарын 05-ны өдрийн цемент ХХАГ-ний төлбөрийн үүргийг гүйцэтгэх буюу ...тус гэрээний төлбөрөөс нийлүүлсэн гөлтгөнийн үнийг хасаж тооцох харилцааг зохицуулна гэснээс ч мөн харагдана. Ийнхүү талуудын байгуулсан гэрээ, актад дурдагдсан байгаачлан цемент ХХАГ нь ууттай болон задгай цемент аль алиныг нь худалдах, худалдан авах харилцааг зохицуулж байдаг. Мөн талуудын хооронд байгуулагдсан 2016 оны нэмэлт өөрчлөлт гэрээ, түүний дагуу байгуулсан Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай 2016 оны 9 сарын 29-ний өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай гэрээний 2.2.1, мөн 2017 оны 4 сарын 14-ний өдөр байгуулсан цемент ХХАГ-ний нэмэлт, өөрчлөлт гэрээний дагуу байгуулсан Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай гэрээний 2.2.1-т тус тус зааснаар барьцаагаар хангагдах шаардлагад “...цементний үнэ, алданги..." багтдаг. Харин шүүх эдгээр гэрээ, баримт бичиг нь хууль ёсны бөгөөд хүчин төгөлдөр болохыг зөв үнэлж дүгнэсэн боловч алданги тооцох тухай агуулгыг нь анхаарч үзэлгүй шийдвэр гаргаад байна. Түүнчлэн талууд 2016 оны 9 сарын 03-ны өдөр цемент худалдах, худалдах авах МСР 2016034 тоот гэрээний дүгнэлт үйлдсэн бөгөөд тус гэрээний 3.5-д ууттай, задгай цементний төлбөрийг төлөөгүй бол үндсэн гэрээний 7.2-т заасан алдангийг хоног тутамд тооцох тухай тусгасан. Ийнхүү талуудын байгуулсан тохиролцооноос үзэхэд цемент ХХАГ нь ууттай цемент нийлүүлсэн харилцааг зохицуулж байгаа бөгөөд цементийн төлбөр төлөгдөөгүй бол хоног тутам 0.1 хувийн алданги тооцохоор заасан нь тодорхой байгаа юм. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалын зарим хэсэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1-т “Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж үнэлэх” гэснийг, мөн Иргэний хуулийн 232.1, 232.6-д заасан гэрээнд заасны дагуу алданги шаардах нөхцөлийг тус тус зөрчиж байх тул өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчид алданги 311.273.247.4 төгрөг олгох тухай шийдвэр гаргаж өгнө үү  гэжээ.

Хариуцагч Г-И ХХК-ийн төлөөлөгч Т.Ч, өмгөөлөгч С.Г нарын хяналтын журмаар гаргасан гомдолд: Давж заалдах шатны шүүхийн магадлалын “...барьцааны гэрээтэй холбоотой хэсэг болон үүргийн гүйцэтгэлээс вагоны ачилт, буулгалт, задгай цементийн хэвийн хорогдол, задгай агуулахын үлдэгдэл 186.704.050 төгрөгийг хариуцагчийн төлөх төлбөрөөс хасч тооцсон байхад анхан шатны шүүх дахин хассан” гэж шийдвэрлэсэн хэсгийг эс зөвшөөрч шүүх хэрэглэвэл зохих хуулийн заалтыг хэрэглээгүй гэсэн үндэслэлээр гомдол гаргаж байна. Задгай цементийн барьцааны гэрээгээр ууттай цементийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн барьцааны гэрээтэй халбоотой хэсгийг хүчингүй болгож, "Барьцааны хөрөнгөөр үүргийг хангуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай" гэж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. Барьцааны гэрээтэй холбоотой хэсгийг шийдвэрлэхдээ давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн дараах заалтыг хэрэглэхгүй хэргийг шийдвэрлэснийг эс зөвшөөрч байна. Үүнд Иргэний хуулийн 198.1-т “Гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна”, 160.1.1-т “Барьцаагаар хангах шаардлага дуусгавар болсоноор барьцааны эрх дуусгавар болно”, 216.1-т "Үүрэг гүйцэтгэгч нь ижил төрлийн хэд хэдэн үүргийн гүйцэтгэлийг хангах үүрэгтэй бөгөөд үүргийн гүйцэтгэл нь бүх өрийг төлөхөд хүралцэхгүй бол үүрэг гүйцэтгэгч аль нэг үүргийг сонгож гүйцэтгэх эрхтэй”, гэсэн заалт болно. Талуудын хооронд байгуулсан 2016 оны 5 сарын 05-ны өдрийн МСР 2016034 "Цемент худалдах, худалдан авах гэрээ"-ний 2.1 зүйл, 5.2.2-т гэрээний зүйл нь "задгай цемент" болно гэж заасан. Мөн тус гэрээнд нэмэлт өөрчлөлт орүулсан 2016 оны 6 сарын 29-ний өдрийн МСР 2016034/01, 2017 оны 02 сарын 01-ний өдрийн МБМ 007, 2017 оны 4 сарын 14-ний өдрийн МБМ 2017030 барьцааны гэрээнд эдгээр гэрээ нь 2016 оны 5 сарын 05-ны өдрийн МСР2016034 гэрээний салшгүй хэсэг болно гэж тодорхой заасан байна. Нөгөөтэйгүүр нэхэмжлэгч МЦБМ ХХК нь "ууттай цемент дээр ямар нэгэн бичгээр хийсэн тохиролцоо байхгүй" гэдгийг анхан шатны шүүх хуралдааны явцад зөвшөөрсөн нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байгаа. Өөрөөр хэлбэл, ууттай цемент худалдах, худалдан авах тухай бичгээр хийсэн гэрээ байхгүй, мөн бичгээр хийсэн барьцааны гэрээ байхгүй гэдгийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрсөн гэсэн үг. Түүнчлэн давж заалдах шатны шүүх нь талуудын хооронд байгуулсан 2016 оны 5 сарын 05-ны өдрийн МСР 2016034 "Цемент худалдах, худалдан авах гэрээ"-нд задгай цемент нийлүүлэхээр тохиролцсон байх бөгөөд ууттай цемент нийлүүлэх талаар бичгээр гэрээндээ нэмэлт өөрчлөлт оруулаагүй байна гэж дүгнэсэн. Иймд бичгээр хийсэн цемент худалдах, хүдалдан авах гэрээ болон барьцааны гэрээний зүйл нь “задгай цемент” болох нь нотлох баримтуудаас харагдаж байна. Нэхэмжлэгч 2016 оны 5 сарын 05-ны өдрийн МСР 2016034 "Цемент хүдалдах, худалдан авах гэрээ”-ний дагуу 6.060.81 тонн задгай цемент нийлүүлсэн бөгөөд үүний төлбөрт 853.198.860 төгрөг, амаар байгүулсан гэрээний дагуу 6.839.85 тонн ууттай цемент нийлүүлсний төлбөрт 1.009.740.250 төгрөг нийтдээ 1.862.938.745 төгрөг төлөх ёстой байснаас 1.240.392.250 төгрөгийн төлбөр хийгдсэн гэж магадлалд дүгнэсэн. Магадлалд нийт хийсэн төлбөрийн хэд нь задгай цементийн, хэдэн үуттай цементийн төлбөр болохыг ялгаж тооцоогүй гэж дүгнэсэн нь бодит байдалд нийцэж байгаа. Иргэний хуулийн 216.1-т “Үүрэг гүйцэтгэгч нь ижил төрлийн хэд хэдэн үүргийн гүйцэтгэлийг хангах үүрэгтэй бөгөөд үүргийн гүйцэтгэл нь бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол үүрэг гүйцэтгэгч аль нэг үүргийг сонгож гүйцэтгэх эрхтэй." гэж заасны дагуу хариуцагч задгай цементийн үүргийг гүйцэтгэхээр сонгосон. Иймд иргэний хүулийн 236.1-ийн дагуу үүргийг зохих ёсоор гүйцэтгэснээр 2016 оны 5 сарын 05-ны өдрийн МСР 2016034 "Цемент худалдах, худалдан авах гэрээ"-ний үүрэг дуусгавар болсон. Үндсэн үүрэг дуусгавар болсноор "барьцаагаар хангах шаардлага ч дуусгавар болсон" учир тус гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан 2016 оны 6 сарын 29-ний өдрийн МСР 2016034/01, 2017 оны 02 сарын 01-ний өдрийн МБМ 007, 2017 оны 4 сарын 14-ний өдрийн МБМ 2017030 барьцааны гэрээгээр хангах шаардлага дуусгавар болсон учир магадлалын "барьцааны хөрөнгөөр үлдсэн үүргийг хангуулах" тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Давж заалдах шатны шүүх “Хариуцагчийн төлөх үүргээс нэхэмжлэгч вагоны ачилт буулгалтын тээврийн хөлс, задгай цементийн хэвийн хорогдол, эадгай агуулахын үлдэгдэл, 10, 11 ачилт буулгалтын зардал нийт 186.704.050 төгрөгийг хариуцагчийн төлөх төлбөрөөс хасч тооцсон болох нь талуудын 2016 оны 11 сарын 30-ны өдрийн үйлдсэн тооцооны баримтын жагсаалтаар тогтоогдож байхад" анхан шатны шүүх дахин хасч тооцсон буруу болжээ гэж дүгнэжээ. Гэтэл энэ дүгнэлтийн үндэслэл болсон хэргийн 102 талд байгаа баримтад 2016 оны 11 сарын 30-ны байдлаар борлуулалтыг тооцохдоо вагон ачилт буулгалтын тээврийн хөлс 79.313.000 төгрөг, задгай цементийн хэвийн хорогдол 10.591.800 төгрөг, задгай агуулахын үлдэгдэл 74.587.500 төгрөг, 10, 11 сарын ачилт буулгалтын тээвэрт 19.082.050 төгрөг болсон гэж заажээ. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ задгай цементийн хэвийн хорогдол, задгай агуулахын үлдэгдэл, 10, 11 ачилт буулгалтын зардалд 186.704.050 төгрөгийг тооцож хассан гэж дурьдсан боловч талууд хамгийн сүүлд 2017 оны 12 сарын 31-ний байдлаар тооцоо нийлсэн актаас үзэхэд хэргийн 102 дугаар талд заасан зардлаас зөвхөн 79.313.000 төгрөгийг үүргийн гүйцэтгэлээс хассан харагдаж байна. Харин задгай цементийн хэвийн хорогдол 10.591.800 төгрөг, задгай агуулахын үлдэгдэл 74.587.500 төгрөг болон 10, 11 сарын ачилт буулгалтын тээвэрт 19.082.050 төгрөгийг хасч тооцоогүй нь тодорхой байна. Иймд тооцооны алдааны асудлыг зохих журмын дагуу залруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

МЦБМ ХХК, Г-И ХХК, Т.Г-, Х.Т-нарт холбогдуулан гэрээний үүрэгт 622.548.494,82 төгрөгийг алдангитай  нийт 933.000.000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулах  нэхэмжлэл гаргасныг, хариуцагч 294.474.522 төгрөг төлөхийг зөвшөөрч, бусад шаардлагыг зөвшөөрөөгүй байна.

Анхан шатны шүүх 458.054.195,86 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн бусад шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх 622.546.490 төгрөгийн болон барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хангаж, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрт өөрчлөлт оруулжээ.

Хариуцагчийн төлөөлөгч болон түүний өмгөөлөгч нарын гомдлын зарим хэсгийг хангаж, шийдвэр, магадлалд дараах үндэслэлээр өөрчлөлт оруулах нь зөв гэж үзлээ. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдоогүй байна.

1. МЦБМ ХХК, Г-И ХХК-ийн хооронд 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдөр байгуулагдсан MCP 2016034 тоот гэрээгээр нэхэмжлэгч нь хариуцагчид 2016 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд нийт 2.840.000.000 төгрөгийн ОРС-42.5 маркийн, 20.000 тн задгай цемент нийлүүлэх, хариуцагч цементийг хүлээн авч 1 тн тутмыг 142.000 төгрөгөөр тооцож үнийг төлөхөөр харилцан тохиролцсон нь тогтоогджээ.

Дээрх гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан бэлтгэн нийлүүлэх замаар эд хөрөнгө шилжүүлэх худалдах-худалдан авах гэрээний шинжийг агуулсан, гэрээ хүчин төгөлдөр болох талаархи хоёр шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

2. Сүүлийн буюу 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн тооцоо нийлсэн актаар төлөх төлбөрийн хэмжээ 622.546.494,82 төгрөг болсныг зохигч маргаагүй боловч, хариуцагч уг мөнгөнөөс ачилт буулгалтын болон бусад зардалд 186.704.050 төгрөг, ууттай цементээс 7 хувийн ашгийг тооцоогүй гэж маргаж, энэ талаар мэтгэлцжээ. Хоёр шатны шүүх 7 хувийн ашиг тооцох талаар талууд тохиролцсоныг хариуцагч нотлоогүй гэж үзсэн нь үндэслэлтэй байна. Харин анхан шатны шүүхийн ачилт, буулгалтын зардлыг төлөх төлбөрөөс хасаж тооцсон дүгнэлтийг давж заалдах шатны шүүх өөрчилж шийдвэрлэсэн нь хэргийн баримтад үндэслэгдээгүй гэж үзнэ.

Худалдагч МЦБМ ХХК 2016 оны 05 дугаар сарын 08-ны өдрөөс 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл цементийг задгайгаар, 2016 оны 09 дүгээр сарын 03-наас 09 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл ууттайгаар нийлүүлсэн, ууттай цементийн 1 тн-ын үнэ 147.000 төгрөг байхаар амаар тохиролцсон нь тогтоогджээ. Анхан шатны шүүх задгай болон ууттай цемент нийлүүлсэн зохигчийн тохиролцоог тусдаа бие даасан гэрээ гэж үзсэн нь учир дутагдалтай, гэрээний зүйл өөрчлөгдөөгүй, гагцхүү сав, баглаа боодлоос шалтгаалж үнийн өөрчлөлт орсон байх тул 2 тусдаа гэрээ гэх боломжгүй юм.

Зохигч нийт 3 удаа тооцоо нийлж акт тогтоосон ба эхний буюу 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн тооцоогоор задгай болон ууттай нийт 13.414.87 тн, 1.948.118.410 төгрөгийн цемент нийлүүлснээс 804.000.000 төгрөг төлөгдөж, 1.144.118.410 төгрөгийн үлдэгдлээс вагон ачилт буулгалтын тээврийн хөлс, задгай цементийн хорогдол, агуулахын үлдэгдэл, 10, 11 сарын буулгалт тээвэрт нийт 186.704.050 төгрөгийг хасаж, хариуцагчийн төлөх төлбөрийг 960.544.060 төгрөг гэж тогтоожээ.

Гэсэн хэдий ч дараагийн 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн тооцоо нийлсэн актад нийлүүлсэн цемент 12.900.66 тн, төлбөл зохих 1.862.938.745 төгрөгөөс төлөгдсөн нь 958.883.841 төгрөг, үлдэгдэл 904.054.904 төгрөг болсон байна. Уг хоёр дахь удаагийн акт үйлдэхээс өмнө талуудын хооронд гөлтгөнө худалдах-худалдан авах гэрээ байгуулагдаж, хариуцагч Г-И ХХК нь 53.359.090 төгрөгийн гөлтгөнийг нэхэмжлэгч МЦБМ ХХК-д нийлүүлж уг мөнгийг өөрийн төлөх төлбөрөөс суутгаж тооцсоныг талууд маргаагүй юм.

2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн буюу гуравдах удаагийн тооцоо нийлсэн актаар төлбөрийн үлдэгдэл 904.054.904 төгрөгөөс хариуцагчийн нэмж нийлүүлсэн гөлтгөнийн үнэ болох 281.508.409 төгрөгийг хасаж, Г-И ХХК-ийн төлбөрийн үлдэгдэл 622.546.494,82 төгрөг болсныг талууд баталгаажуулжээ.

Нэхэмжлэгч төлбөрийн үлдэгдэл дүнг гурав дахь удаагийн тооцоо нийлсэн актад үндэслэн шаардаж буй боловч, нийт нийлүүлсэн цементийн тоо хэмжээ, төлөх төлбөрийг дахин шинэчилж тооцсон хоёр дахь удаагийн тооцооны актад дээр дурдсан вагон ачилт буулгалтын тээврийн хөлс, агуулахын үлдэгдэл, 10, 11-р сарын буулгалт тээврийн зардлыг тооцоогүй байна.

Давж заалдах шатны шүүх, “зохигчийн анхны тооцоо нийлсэн актыг үндэслэн дээрх мөнгө хасагдсан атал шүүх дахин хассан нь буруу” гэж үзээд уг мөнгийг гаргуулахаар шийдвэрт өөрчлөлт оруулсан нь үндэслэлгүй болжээ.

Анхан шатны шүүхийн нийт төлбөл зохих төлбөрийн хэмжээг 458.054.195,86 төгрөгөөр тооцсныг буруутгах үндэслэл тогтоогдоогүй болно.

3. Анхан шатны шүүх “...задгай цемент нийлүүлэх талаар бичгээр байгуулсан гэрээний үүргээ хариуцагч биелүүлсэн, ...ууттай цемент худалдах-худалдан авах гэрээг амаар байгуулсан, ...хуульд заасны дагуу бичгээр тохиролцоогүй” гэсэн дүгнэлтийг хийж, алданги гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосныг, давж заалдах шатны шүүх зөв гэж үзсэн атлаа задгай болон ууттай цементийг ялгаж зааглах боломжгүй гэсэн нь хоорондоо зөрчилтэй байна.

Зохигч удаа дараа тооцоо нийлэхэд нэхэмжлэгч алданги шаардаагүйгээс гадна тооцоо нийлснээс хойш төлбөрийг хэзээ, хэрхэн төлөх хугацаа тогтоогоогүй, уг акт үйлдснээс хойш ч хугацаа зааж төлбөрийг шаардаагүй тул алданги төлөхөөр тохиролцсон, хугацаа хэтрүүлсэн гэж үзэж алданги гаргуулах нь 222 дугаар зүйлийн 222.1, 208 дугаар зүйлийн 208.2, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасантай нийцэхгүй юм. Иймд нэхэмжлэгч алданги шаардах эрхгүй гэж дүгнэнэ.

4. Хариуцагч Г-И ХХК, Х.Тайшир, Т.Г- нар барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг зөвшөөрөхгүй байна.

МЦБМ ХХК, Г-И ХХК-ийн, мөн МЦБМ ХХК болон Х.Т-ын хооронд тус тус 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр хариуцагчийн төлөх төлбөрөөс 280.658.000 төгрөгийн үүргийн гүйцэтгэлийн барьцаа болгож компанийн өмчлөлийн Сүхбаатар дүүрэг, 1-р хороонд байрлах, 138.58 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгө, Х.Т-ын өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 15-р хороо, 98.5 м.кв орон сууцыг, МЦБМ ХХК болон Т.Г- нарын хооронд 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр 52.000.000 төгрөгийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Баянгол дүүрэг, 18-р хороонд байрлах, 61 м.кв орон сууцыг тус тус барьцаалж, талууд гэрээг бичгийн хэлбэрээр байгуулж, гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн нь хэрэгт авагджээ. Эдгээр барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдалд хоёр шатны шүүх Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-т заасантай нийцсэн дүгнэлт хийсэн.

Анхан шатны шүүх, “...зохигчийн хооронд 2 удаагийн худалдах-худалдан авах  гэрээ байгуулагдсан, задгай цемент худалдах-худалдан авах гэрээний үүргийг хангуулахаар талуудын хооронд барьцааны гэрээ байгуулагдсан боловч уг гэрээний  дагуу хүлээсэн үүргээ хариуцагч биелүүлж үнийг төлсөн учир барьцааны гэрээний үүрэг дуусгавар болсон...” гэж үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй болж чадаагүй байна. Тус шүүх маргааны үйл баримтыг зөв тогтоогоогүй, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн тухай давж заалдах шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

Учир нь талууд гагцхүү задгай цементийн төлбөрт үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тусгайлан тохиролцсон нь тогтоогдоогүй, барьцааны гэрээ байгуулагдах үед ууттай цементийг нийлүүлж дуусч байсан, нийт цементийн үнийг нэтгэж тооцоог баталгаажуулжээ. Иймд барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийг хангаж шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлалд заасан үндэслэл Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг зөрчөөгүй байна.

5. Дээр дурдснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “алданги 311.273.247,4 төгрөг гаргуулах”-ыг хүссэн, хариуцагчийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын “...барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгох”-ыг хүссэн гомдлыг тус тус хангах үндэслэлгүй. Харин хариуцагчийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын “...ачилт буулгалтын тээвэр, задгай агуулахын үлдэгдэлийг хасч тооцуулах”-ыг хүссэн гомдлыг хангаж, шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 1078 дугаар магадлалын 1 дэх заалт, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 102/ШШ2019/00934 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Г-И ХХК-с 458.054.195,86 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч МЦБМ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 474.945.804,14 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж, шийдвэрт 2 дахь заалт болгон нэмж “Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, 13-р хороолол, /14230/ Нарны замын гудамж, 62 байр, 1608 тоот хаягт байршилтай /А блок/ нийт 138.58 м.кв талбай бүхий оффисын зориулалттай, Ү-2203034484 дугаар бүхий улсын бүртгэлтэй, 000531252 тоот гэрчилгээтэй, үл хөдлөх хөрөнгө, Х.Т-ын өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Үйлдвэр 2 хд-92 байр, 43 тоот хаягт байршилтай, 98.5 м.кв талбайтай, 4 өрөө, орон сууцны зориулалттай, Ү-2206010044 дугаар бүхий улсын бүртгэлтэй, 000530635 тоот гэрчилгээтэй, үл хөдлөх хөрөнгө, Т.Г-ийн өмчлөлийн Баянгол дүүргийн 18-р хороо, 4-р хороолол, /16064/ Жалханц хутагт Дамдинбазарын гудамж, 67-р байр, 123 тоот хаягт байршилтай, 61.67 м.кв талбай бүхий, Ү-2205033685 дугаар бүхий улсын бүртгэлтэй, 000512201 тоот гэрчилгээтэй 2 өрөө орон сууцыг дуудлага худалдаагаар худалдсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай” гэж, шийдвэрийн 2 дахь заалтыг 3, 3 дахь заалтыг 4 болгон тус тус өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Нэхэмжлэгч МЦБМ ХХК нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 1.714.350 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г-И ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 694.905 төгрөгийг шүүгчийн захирамж гарган буцаан олгосугай.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ