Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 001/ХТ2020/00692

 

МП ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 183/ШЗ2019/00718 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 1056 дугаар магадлалтай,

МП ХХК-ийн нэхэмжлэлтэй,

НТТ ХХК болон Э.Нд холбогдох

Барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Г, нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшин нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч МП ХХК-ийн төлөөлөгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Тус компанийн гүйцэтгэх захирлаар Л.Лхагвадоржийг 2014 оны 12 дугаар сараас 2017 оны 8 дугаар сарыг хүртэл хугацаанд ажиллуулж байсан. Л.Лхагвадорж ажиллаж байх хугацаандаа иргэн Э.Нтэй хуйвалдан НТТ ХХК-тай бараа зээлээр худалдах, худалдан авах гэрээ болон барьцааны гэрээ байгуулсан байна. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн шийдвэрээр НТТ ХХК-д 22.135.254 төгрөгийг иргэн Л.Лхагвадорж, Э.Н нараар хувь тэнцүүлэн төлүүлэхээр шийдвэрлэжээ. Тус шүүх хуралд МП ХХК-ийг хариуцагчаар татаагүй байна. Мөн шийдвэрт барьцааны гэрээнд заагдсан нэр бүхий үл хөдлөх хөрөнгө болох Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 1 дүгээр багт байрлах 218.2 м.кв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, 458 м.кв газар зэрэг хөрөнгөөр дээрх нэхэмжлэлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн байна. МП ХХК нь энэхүү шүүхийн шийдвэр гарсныг 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас эд хөрөнгө битүүмжлэх үед мэдсэн. Улмаар тус аймгийн бүртгэлийн хэлтсээс лавлагаа хүсэхэд барьцаа хөрөнгө бүртгэгдээгүй талаар 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн №43-37521 тоот лавлагааг ирүүлсэн. Улмаар тус барьцааны гэрээнд дурдсан манай эзэмшлийн газрын гэрчилгээ 2017 онд эх хувиараа олдохгүй байсан тул манай компани шинээр тус газартаа гэрчилгээ гаргуулахад 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр нэгж талбарын 170103625 дугаартай, 458 м.кв газрын гэрчилгээг Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын газрын алба гаргаж өгсөн. Хэрэв энэ үед барьцаанд байсан бол бидэнд уг газарт шинээр гэрчилгээ олгогдохгүй байсан. Л.Лхагвадорж нь барьцааны гэрээ байгуулах эрх бүхий этгээд биш бөгөөд компанийн дүрмээр Б.Энхцацрал хувьцаа эзэмшигч байсан. Гэтэл барьцааны гэрээг төлөөлөгч Э.Н гэж хүн байгуулсан бөгөөд компанийн зүгээс Э.Нд барьцааны гэрээ хийх итгэмжлэл олгоогүй болно. Барьцааны гэрээг хэлцэл хийх эрхгүй этгээдтэй байгуулсан, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааг улсын бүртгэлд бүртгүүлээгүй зэрэг нь тухайн гэрээ хууль бус гэдгийг нотолж байна. Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2 дахь хэсэгт үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлнэ, мөн хуулийн 156.3, 156.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна гэж заасан. Мөн газар эзэмших эрх барьцаалсан бол газрын албанаас зохих зөвшөөрөл авах ёстой байсан зэрэг нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, зохих этгээдийн зөвшөөрлийг аваагүй хийсэн хэлцэл тул МП ХХК-ийг төлөөлөн Э.Н болон НТТ ХХК-тай байгуулсан 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн улсын бүртгэлийн Ү-1301000814 дугаарт бүртгэгдсэн, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 1 дүгээр багт байрлах 218.2 м.кв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, №170103625 дугаар бүхий газар эзэмших эрхийн гэрчилгээтэй 458 м.кв газар зэрэг МП ХХК-ийн хөрөнгийг барьцаалсан барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэжээ.

Хариуцагч НТТ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд гаргасан тайлбарт: ... МП ХХК болон НТТ ХХК-ийн хооронд 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдөр худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан бөгөөд энэхүү гэрээний дагуу НТТ ХХК нэхэмжлэгч МП ХХК-д 21.756.836 төгрөгийн үнэ бүхий бараа бүтээгдэхүүн нийлүүлсэн. Худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож, 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдөр барьцааны гэрээг Сэлэнгэ аймгийн тойргийн нотариатаар гэрчлүүлж, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 238 дугаартай улсын бүртгэгч Ү-1301000814 дугаарт бүртгэж баталгаажуулсан. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 516 дугаар шийдвэрээр худалдах-худалдан авах болон барьцааны гэрээтэй холбоотой маргааныг хянан шийдвэрлэж, барьцааны гэрээнд заасан үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсний дагуу Сэлэнгэ аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гүйцэтгэх ажиллагаа явагдаж байна. Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.8 дахь хэсэгт гүйцэтгэх удирдлага нь төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулна гэж заасны дагуу МП ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Л.Лхагвадорж нь тус компанийг төлөөлөн дээрх худалдах, худалдан авах гэрээ болон барьцааны гэрээг байгуулсан байна. Дээрх гэрээ байгуулагдах үед буюу 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Л.Лхагвадорж нь МП ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан болох нь нэхэмжлэгч МП ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээнд 2014 оны 12 дугаар сарын 9-ний өдөр бүртгэгдсэн бүртгэлийн баримтаар тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч МП ХХК болон хариуцагч НТТ ХХК-ийн хооронд 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан барьцааны гэрээ нь хүчин төгөлдөр бус байх шинжийг агуулаагүй, хүчин төгөлдөр гэрээ юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Э.Нийн шүүхэд гаргасан тайлбарт: ...МП ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч НТТ ХХК, Э.Н нарт холбогдох хэрэгтэй танилцлаа. Уг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 183/ШЗ2019/00718 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч МП ХХК, хариуцагч НТТ ХХК-ийн хооронд 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдөр байгуулагдсан барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч НТТ ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 307 950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч МП ХХК-нд олгож шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 1056 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 183/ШЗ2019/00718 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч талаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У-ы хяналтын журмаар гаргасан гомдолд: ...Шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэдэг үндэслэлээр дараах гомдлыг гаргаж байна. Талуудын хооронд 2015 оны 05 сарын 29-ний өдөр байгуулагдсан гэх барьцааны гэрээнд МП ХХК гэрээ байгуулаагүй бөгөөд Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарахад МП ХХК нь шүүх хуралд оролцоогүй ба шүүхийн шийдвэр нь иргэн Л.Лхагвадоржоос төлбөр гаргуулахаар шийдсэн байгаа болно. МП ХХК нь барьцааны гэрээ байгуулагдсаныг мэдээгүй бөгөөд улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийг шүүх ханган шийдвэрлэж Сэлэнгэ аймаг дахь улсын бүртгэлийн хэлтсээс нотлох баримт гаргуулах захирамж гарсан болно. Энэ захирамжийн дагуу 2019 оны 01 сарын 30-ны өдрийн 157 дугаартай лавлагаа ирсэн уг лавлагаан дээр Ү-1301000814 дугаартай хувийн хэрэг шалган үзэхэд Алтанбулаг сумын 1 дүгээр багт байрлах 218,2м2 талбайтай барилгын өмчлөгчөөр МП ХХК бүртгэгдсэн бөгөөд өнөөдрийн байдлаар барьцааны гэрээ бүртгэгдээгүй болно гэсэн нь тухайн хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээн дээрхи Ү дугаар болон талбайн хэмжээ хаягийн байршил зөрүүгүй болно. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн шаардлагаа нотлон ирүүлсэн УБЕГ-ын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газрын Сэлэнгэ аймгийн бүртгэлийн хэлтсийн 2018 оны 10 сарын 11-ний өдрийн 43-37521 тоот апбан бичгийн агуулга нь шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бүртгэлийн хэлтсээс шаардан авсан 157 тоот лавлагааны агуулга хоорондоо зөрүүгүй, маргаан бүхий хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээний Ү дугаар хаяг байршил огт зөрүүгүй байгаа бөгөөд талууд шүүх хуралдаанд биечлэн нэхэмжлэлийн шаардлагын талаар мэтгэлцэж оролцсон болно. Түүнчлэн магадлалд дурьдсанаар анхан шатны шүүх шийдвэрийн дугаарыг авахдаа 2019 оны шүүгчийн захирамжийн дугаартай адилтган авсан нь буруу болжээ гэсэн нь шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй байна. Уг шийдвэр нь шийдвэр нэрээр өөрийн албан ёсны маягтад хэвлэгдсэн байх бөгөөд 00718 нь тухайн өдрийн шийдвэрийн дугаар байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээн шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

МП ХХК нь НТТ ХХК болон Э.Нд холбогдуулан барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэл гаргасныг, хариуцагч Э.Н зөвшөөрч, хариуцагч НТТ ХХК зөвшөөрөөгүй маргажээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа ”барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах” гэж тодорхойлсон боловч нэхэмжлэлийн үндэслэлээ, “...МП компанийг төлөөлөх эрх олгогдоогүй этгээд гэрээ байгуулсан, ...гэрээ улсын бүртгэлд бүртгэгдээгүй” гэж тайлбарласан байна.

Анхан шатны шүүх, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаажээ.

Магадлал  хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байх тул магадлалыг хэвээр үлдээв.

Маргааны зүйл болсон барьцааны гэрээний талаар хэрэгт авагдсан баримтууд хоорондоо зөрүүтэй, шүүх эдгээрийн аль нь үнэн зөв болохыг тодруулаагүйгээс хэргийн бодит байдал бүрэн тогтоогдоогүй гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Нэг талаас барьцааны гэрээнд улсын бүртгэлийн тэмдэглэл хийгдсэн, мөн гэрээг хүчин төгөлдөр болохыг тогтоосон шүүхийн шийдвэр өмнө нь гарсан, нөгөө талаас Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газрын Сэлэнгэ аймгийн бүртгэлийн хэлтсээс гэрээ улсын бүртгэлд бүртгэгдээгүй болохыг тодорхойлсон баримтууд хэрэгт авагджээ. Гэрээнд бүртгэл хийсэн тэмдэглэл хуурамч эсэх, эсхүл улсын бүртгэлийн байгууллага бүртгэлийг мэдээллийн санд оруулаагүй аль нь болох нь бүрэн тогтоогдоогүй нөхцөлд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй. Иймд анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 1056 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У-ы гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгч МП ХХК нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 307.950 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ