Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 181/ШШ2017/02957

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч:.....................................................тоотод байрлах “ША” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ө.нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: ...........................айранд байрлах ................................: НШ-т холбогдох,

Эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол болон үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг  хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.    

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ө, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.О. шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.М. нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 02-ний өдрийн 845 дугаар шийдвэр, Улсын дээд шүүхийн 2015 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 506 дугаар тогтоолоор “ША” ХХК-иас 2.624.614.140 төгрөг гаргуулж Капитрон банкинд олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийн дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар ажиллагаа явуулж байгаа бөгөөд шүүхийн шийдвэрт заагдаагүй, шүүхийн гүйцэтгэх хуудаст бичигдээгүй ажиллагаануудыг явуулж манай компанийн эрхийг ноцтой зөрчиж байна.

“ША” ХХК-ийн хувьд уул уурхайн олборлолтын үйл ажиллагаа явуулдаг бөгөөд уурхайн карьерт байгалийн давагдашгүй хүчин зүйлийн эрсдэлт нөхцөл байдал үүссэний улмаас их хэмжээний үргүй зардал гарч, олборлолтын хугацаа хойшлогдоод байгаа ба энэхүү хүндэтгэн үзэх шалтгаанаа шийдвэр гүйцэтгэх байгууллагад удаа дараа хүсэлт гомдлоор танилцуулж уурхайн үндсэн үйл ажиллагаа болох алт олборлолтын үйл ажиллагаанд саад учруулахгүйгээр төлбөрийг төлөх нөхцөл боломжоор хангаж өгөхийг хүссэн боловч хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэсэн хариуг өгсөн. Эдийн засаг санхүүгийн нөхцөл байдал хүндрэлтэй байгаа өнөөгийн нөхцөлд төлбөр төлөгч компанийн хувьд 2.600.000.000 төгрөгийг уурхайн үндсэн үйл ажиллагаа хэвийн явагдаж байж уг төлбөрийг бүрэн төлж барагдуулах боломжтой юм.

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар нь шүүхийн шийдвэрт тусгагдаагүй тус компанийн эзэмшлийн алт олборлох 12665 А, 282А тусгай  зөвшөөрлүүд болон эрхийн улсын бүртгэлийн 2206002883 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 19 дүгээр хороолол, 20-16 тоотод байрлах 54 м.кв талбайтай 4 өрөө орон сууц зэрэг хөрөнгүүдийг битүүмжлэн, худалдан борлуулах ажиллагааг явуулж манай компанийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулж байгаад маш их гомдолтой байна.

Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59 дүгээр зүйлд зааснаар Төлбөр төлөгч хуулийн этгээдийн эд хөрөнгийг битүүмжлэх дарааллыг эхний ээлжинд үйлдвэрлэлд шууд хэрэглэгддэггүй эд хөрөнгө, бэлэн бүтээгдэхүүн, бусад материалыг битүүмжилж хамгийн сүүлд тусгай зөвшөөрлийг битүүмжлэхээр зохицуулсан байтал шийдвэр гүйцэтгэх байгууллага хууль бус ажиллагаа явуулж дээрх хөрөнгүүдийг шууд битүүмжлэн худалдан борлуулах ажиллагаа явуулж хууль зөрчиж байна.

“ША” ХХК-ийн эзэмшлийн алт олборлох 12665А, 282А тусгай зөвшөөрлүүд болон эрхийн улсын бүртгэлийн 2206002883 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 19 дүгээр хороолол, 20-16 тоотод байрлах 54 мкв талбайтай 4 өрөө орон сууцыг битүүмжилсэн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэлээр шүүхэд хүсэлт гаргасны дагуу тус дүүргийн шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 03538 дугаар шүүгчийн захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн.

Гэтэл 2017 оны 4 дүгээр сард Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар хууль зөрчиж Баянхонгор аймгийн Галуут сум дахь манай уурхай дээр “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн үнэлгээчдийг авч очиж тусгай зөвшөөрлүүдийг үнэлүүлсэн. Иймд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын захиалгын дагуу Шижир- Аранжин” ХХК-ийн эзэмшлийн алт олборлох 12665 А, 282А тусгай зөвшөөрлүүдэд хийгдсэн “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 2-ны өдрийн 845 дугаар шийдвэрээр “ША” ХХК-аас 2.624.614.140 төгрөгийг гаргуулж Капитрон банкинд олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдөр үүсгэж шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг барагдуулах тухай хугацаатай мэдэгдлийг төлбөр төлөгч хуулийн этгээдийн гүйцэтгэх захирал Д.Даариймаад удаа дараа гардуулан өгсөн боловч төлбөрийг барагдуулаагүй тул банк дахь харилцах данснаас хасалт хийх тухай мэдэгдлийг арилжааны банкуудад хүргүүлж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйл, 59 дүгээр зүйлийн 59.1.5-д заасны дагуу төлбөр төлөгч “ША” ХХК-ийн үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан ашигт малтмалын ашиглалтын 282А, 12665А тоот тусгай зөвшөөрлүүдийг 2016 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 01 дугаартай битүүмжлэх тогтоолоор битүүмжилж, 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 301 дугаартай хураах тогтоолоор хураан авсан.

Мөн үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 19 дүгээр хороолол, 20 дугаар байрны 16 тоот 4 өрөө орон сууцыг 2016 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 157/02 дугаартай битүүмжлэх тогтоолоор битүүмжилж, 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 002 дугаартай хураах тогтоолоор тус тус хураасан.

Төлбөр төлөгчөөс үнийн саналаа өгөхийг удаа дараа мэдэгдэж, ашиглалтын 282А зөвшөөрлийг 12 тэрбум, 12665А тоот зөвшөөрлийг 23 тэрбум төгрөгөөр, орон сууцыг 172 сая төгрөгөөр үнийн саналаа өгснийг төлбөр авагч тал зөвшөөрөөгүй тул 2017 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр шинжээч томилсон.

Шүүхээс 2017 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх захирамж ирснээр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг зогсоосон. Захирамж ирэхээс өмнө шинжээч томилсон байсан ба шинжээчээс үнэлгээний тайланг 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр ашиглалтын 282А зөвшөөрлийг 630.270.000 төгрөгөөр, 12665А тоот зөвшөөрлийг 4.467.575.700 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний тайланг шинжээчээс ирүүлсэн байгаа. Гэхдээ шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлсэн тул үнэлгээг төлбөр төлөгч, төлбөр авагч нарт танилцуулаагүй, цааш ажиллагаа хийгдээгүй байгаа. Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг үндэслэн явуулсан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зөрчөөгүй ба битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байгаа тул төлбөр төлөгч “ША” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож  өгнө үү. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааныг орхин гарч байх тул хуралдааныг үргэлжлүүлж, хэргийг шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгч “ША” ХХК нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар /хуучнаар: Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба/-т холбогдуулан эд хөрөнгө битүүмжлэх тогтоол болон үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

             Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 845 дугаар шийдвэр, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 442 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2015 оны 6 дугаар 25-ны өдрийн 506 дугаар тогтоолоор “ША” ХХК-аас 2.611.399.194 төгрөг гаргуулж, Капитрон банкинд олгохоор шийдвэрлэжээ. /хх 19-35/

Тус алба 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн гүйцэтгэх бичиг баримтад үндэслэн 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, улмаар төлбөрөө төлөх талаар удаа дараа мэдэгдэж, улмаар Баянхонгор аймаг, Галуут сумын нутаг Баян-Ам нэртэй газар орших 27 гектар талбайтай, ашигт малтмалын 282А тоот тусгай зөвшөөрөл, Баянхонгор аймаг, Галуут сум, замын  булаг нэртэй газар орших 115 гектар талбайтай ашигт малтмалын ашиглалтын 12665А тоот тусгай зөвшөөрлийг 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 01 тоот тогтоолоор, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206002883 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, 19 дүгээр хороолол, 20-16 тоот 54 мкв 4 өрөө орон сууцыг 2016 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 157/02 тоот тогтоолоор тус тус битүүмжилж, 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 001, 002 тоот тогтоолоор тус тус хураажээ. /хх 18-19, 36-47/

Төлбөр авагч Капитрон банкнаас 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр төлбөр төлөгчөөс өгсөн үнийн саналыг зөвшөөрөхгүй тул шинжээч томилуулах тухай саналаа ирүүлснээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2.2-т зааснаар харилцан тохиролцоогүй үндэслэлээр 2017 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр “Хөрөнгийн үнэлгээ төв” ХХК-г шинжээчээр томилжээ.  

Нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрт үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тусгагдаагүй хөрөнгөд ажиллагааг явуулсан, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 53 дугаар зүйлд заасан дарааллыг зөрчсөн гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсон байх боловч хэрэгт авагдсан шийдвэр, магадлалд 2010 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн барьцааны гэрээгээр Баянхонгор аймаг, Галуут сум, замын  булаг нэртэй газар орших 115 гектар талбайтай ашигт малтмалын ашиглалтын 12665А тоот тусгай зөвшөөрлийг, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206002883 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, 19 дүгээр хороолол, 20-16 тоот 54 мкв 4 өрөө орон сууцыг, 2014 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн барьцааны гэрээгээр Баянхонгор аймаг, Галуут сумын нутаг Баян-Ам нэртэй газар орших 27 гектар талбайтай, ашигт малтмалын 282А тоот тусгай зөвшөөрлийг нэмж барьцаалсан болохыг, барьцааны гэрээнүүд нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-т нийцсэн болохыг тус тус дурдсан байх тул нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй байна. Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-т барьцаалагч тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй байхаар заасан тул шийдвэр гүйцэтгэх ажиллагааны дарааллыг зөрчсөн гэх гомдол мөн үндэслэлгүй. /хх 22, 29, 51-59/

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3-т зааснаар шийдвэр гүйцэтгэгчийн үйл ажиллагаа, шийдвэрийг зөвшөөрөхгүй бол ажиллагаа явагдсан, мэдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг эс зөвшөөрвөл 7 хоногийн дотор шүүхэд тус тус гомдол гаргахаар заасан байх ба 2016 оны 3 дугаар сарын 02, 03-ны өдрийн битүүмжлэх ажиллагаанд төлбөр төлөгч “ША” ХХК-ийн захирал Д.Даариймаа оролцож тогтоолд гарын үсэг зурсан байх ба тэрээр ажиллагаа явагдсныг мөн өдрөө мэдсэн байна. Иймд нэхэмжлэгч хуульд заасан гомдол гаргах хугацааг хэтрүүлжээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т төлбөр төлөгч эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо үнэлгээ тогтоосон өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гомдол гаргахаар заажээ.

Нэхэмжлэгч нь шүүгчийн захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн байхад ажиллагааг явуулж ашиглалтын 12665А, 282А тусгай зөвшөөрлийг үнэлсэн үндэслэлээр уг хоёр үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх боловч хариуцагч нь 2017 оны 01 дүгээр сард шинжээч томилсны дараа шүүхээс 2017 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн шүүгчийн захирамжаар ажиллагааг түдгэлзүүлсэн тул үнэлгээний компанийн ирүүлсэн тайлан, үнэлгээг төлбөр төлөгч, төлбөр авагч талуудад мэдэгдээгүй байгаа гэж тайлбарлаж байна.

Иймд төлбөр төлөгчид үнэлгээг мэдэгдээгүй, танилцуулаагүй, дээрх ажиллагаа явагдаагүй байх тул шүүх үнэлгээний талаарх нэхэмжлэгчийн гомдлыг шийдвэрлэх боломжгүй гэж үзэн хэрэгсэхгүй болгов.

Нэхэмжлэгч нь хариуцагч байгууллагаас үнэлгээг мэдэгдсний дараа зохих журмын дагуу шүүхэд гомдлоо жич гаргах эрхтэйг дурдав.

Шүүх хуралдааны явцад хүсэлт шийдвэрлэсэнтэй холбогдуулан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.3-т зааснаар “хэргийг шударгаар шийдвэрлэж чадах эсэхэд эргэлзээ төрсөн” үндэслэлээр шүүгчийг татгалзан гаргах тухай хүсэлт гаргаж байх боловч хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд хүсэлт хянан шийдвэрлэсэн явдал “үндэслэл бүхий эргэлзээ” гэж үзэх боломжгүйгээс гадна Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92.1, 92.2-т заасан зохицуулалт нь шүүгч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга зэрэг тухайн хэрэг маргааныг хянан шийдвэрлэхэд хөндлөнгийн байр сууринаас оролцох этгээдэд өөрийг нь үүрэгжүүлсэн зохицуулалт, зохигчдод шүүх хуралдааны аль ч үе шатанд шүүгчийг татгалзан гаргах эрх олгосон зохицуулалт биш тул уг хүсэлтийг хүсэлтийн хэмжээнд үзээгүй, хэргийг шийдвэрлэсэн болно.

Мөн шүүгчийг татгалзан гаргах хүсэлтийг шийдвэрлээгүй үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны танхимыг орхин гарсан, хариуцагч шүүх хуралдааныг үргэлжлүүлэх хүсэлт гаргасныг хүлээн авч нэхэмжлэгчийн эзгүйд хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /2002 оны/ 34 дүгээр зүйлийн 34.3, 37 дугаар зүйлийн 37.3-т зааснаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар /Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба/-т холбогдох эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай “ША” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140.400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Тус шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШЗ2017/03538 дугаар шүүгчийн захирамжийн үйлчлэл энэ шийдвэр хүчин төгөлдөр болсноор дуусгавар болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг, түүнчлэн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                   О.ОДГЭРЭЛ