Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 001/ХТ2018/01909

 

“Ш” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 181/ШШ2018/00841 дүгээр шийдвэр

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 1582 дугаар магадлалтай

“Ш” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Нт холбогдох

Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл болон үл хөдлөх эд хөрөнгө битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгуулах, тусгай зөвшөөрөл үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Өнөрзаяагийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Өнөрзаяа, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “К” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ган-Од, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 02 сарын 02-ны өдрийн 845 дугаар шийдвэр, Улсын дээд шүүхийн 2015 оны 06 сарын 25-ны өдрийн 506 дугаар тогтоолоор “Ш” ХХК-иас 2 624 614 140 төгрөг гаргуулж Кинд олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийн дагуу Н шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж байгаа бөгөөд шүүхийн шийдвэрт заагдаагүй, шүүхийн гүйцэтгэх хуудаст бичигдээгүй ажиллагаануудыг явуулж миний эрхийг ноцтой зөрчиж байгаа үндэслэлээр шүүхэд хандахад хүрлээ. “Ш” ХХК-ийн хувьд уул уурхайн олборлолтын үйл ажиллагаа явуулдаг бөгөөд уурхайн карьерт байгалийн давагдашгүй хүчин зүйлийн эрсдэлт нөхцөл байдал үүссэний улмаас их хэмжээний үргүй зардал гарч, олборлолтын хугацаа хойшлогдоод байгаа ба энэхүү хүндэтгэн үзэх шалтгаанаа шийдвэр гүйцэтгэх байгууллагад удаа дараа хүсэлт гомдлоор танилцуулж уурхайн үндсэн үйл ажиллагаа болох алт олборлолтын үйл ажиллагаанд саад учруулахгүйгээр төлбөрийг төлөх нөхцөл боломжоор хангаж өгөхийг хүссэн боловч хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэсэн хариуг өгсөн. Эдийн засаг санхүүгийн хүндрэлтэй байгаа өнөөгийн нөхцөлд төлбөр төлөгч компанийн хувьд уурхайн үндсэн үйл ажиллагаа хэвийн явагдаж байж уг төлбөрийг бүрэн төлж барагдуулах боломжтой юм. Гэтэл Н нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж байгаа нэрийдлээр шүүхийн шийдвэрт тусгагдаагүй тус компанийн алт олборлох 12665 А, 282 А тусгай зөвшөөрлүүд болон эрхийн улсын бүртгэлийн 2206002883 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 2-р хороо, 19-р хороолол, 20-р байр, 16 тоот 54 м.кв талбайтай 4 өрөө орон сууц зэрэг хөрөнгүүдийг битүүмжлэн, худалдан борлуулах ажиллагааг явуулж манай компанийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулж байгаад гомдолтой байна. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59-р зүйлд зааснаар төлбөр төлөгч хуулийн этгээдийн эд хөрөнгийг битүүмжлэх дарааллыг эхний ээлжинд үйлдвэрлэлд шууд хэрэглэгддэггүй эд хөрөнгө, бэлэн бүтээгдэхүүн, бусад материалыг битүүмжилж, хамгийн сүүлд тусгай зөвшөөрлийг битүүмжлэхээр зохицуулсан байтал шийдвэр гүйцэтгэх байгууллага нь хууль бус үйл ажиллагаа явуулж дээрх хөрөнгүүдийг шууд битүүмжлэн худалдан борлуулах ажиллагаа явуулж хууль зөрчиж байна. Иймд “Ш” ХХК-ийн алт олборлох 12665 А, 282 А тусгай зөвшөөрлүүд болон эрхийн улсын бүртгэлийн 2206002883 дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, 19 дүгээр хороолол, 20 дугаар байр, 16 тоот хаягт байрлах 54 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож өгнө үү.

Нны захиалгын дагуу “Ш” ХХК-ийн эзэмшлийн алт олборлох 12665 А, 282 А тусгай зөвшөөрлүүдэд хийгдсэн “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн үнэлгээг хууль зөрчиж хийгдсэн болохыг тогтоож, хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдөр үүсгэж шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг барагдуулах тухай хугацаатай мэдэгдлийг төлбөр төлөгч хуулийн этгээдийн гүйцэтгэх захирал Д.Даариймаад удаа дараа гардуулан өгсөн боловч төлбөрийг барагдуулаагүй тул банк дахь харилцах данснаас хасалт хийх тухай мэдэгдлийг арилжааны банкуудад хүргүүлж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйл, 59 дүгээр зүйлийн 59.1.5-д заасны дагуу “Ш” ХХК-ийн үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан ашигт малтмалын ашиглалтын 282 А, 12665 А тоот тусгай зөвшөөрлүүдийг 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 001 дугаартай хураах тогтоолоор хураан авсан. Мөн үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 19 дүгээр хороолол, 20 дугаар байрны 16 тоот 4 өрөө орон сууцыг 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 002 дугаартай хураах тогтоолоор тус тус хураасан.Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг үндэслэн явуулсан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зөрчөөгүй ба битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна, мөн “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн үнэлгээ хууль зөрчиж хийгдсэн зүйл байхгүй. Иймд төлбөр төлөгч “Ш” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ үү гэжээ.

Гуравдагч этгээд шүүхэд гаргасан тайлбартаа: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34.1.1, 36.1.1-т заасны дагуу эд хөрөнгийг битүүмжлэх эрхтэй байдаг. Битүүмжилсэн тогтоол нь тус хуулийн 36.2-т заасан шаардлагыг бүрэн хангасан байдаг. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд зөвхөн захиран зарцуулах эрхийг хязгаарласан байдаг. Тэгэхээр нэхэмжлэгчийн эрх ашиг яаж хөндөгдсөн бэ, Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар барьцааны эд зүйлээс шаардлагаа хангуулах давуу эрхтэй. Нэхэмжлэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3 дахь хэсэгт заасны дагуу тогтоол үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг эс зөвшөөрвөл шүүхэд 7 хоногийн дотор гомдол гаргах эрхтэй гэж заасан байгаа. Хуульд заасан энэ хугацаа өнгөрсөн байна. 2017 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн шүүгчийн захирамж хэрэгт эх хувиараа авагдаагүй байдаг. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлсэн шүүгчийн захирамжийг талуудад мэдэгдсэн талаар баримт байдаггүй.

Хавтаст хэргийн 186 дугаар хуудаст нэг канондсон хувь, нэг хуулбар үнэн хувь байдаг. Өмнөх материалыг үзэхээр 2017 оны 10 дугаар сард үйлдэгдсэн баримтын ар талд гарч ирсэн байдаг. Тэгэхээр шүүгчийн захирамжийг талуудад танилцуулаагүй, гомдол гаргах эрхийг нь эдлүүлээгүй. Энэ хугацаанд шүүгчийн захирамжийг шийдвэр гүйцэтгэх байгууллагад мэдэгдээгүй байх хооронд үнэлгээний процесс явагдсан байдаг. Нэхэмжлэгч тал мөн адил Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт заасан хугацаанд шүүхэд гомдол гаргаагүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 181/ШШ2018/00841 дүгээр шийдвэрээр: 2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3, 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Нарт холбогдуулан гаргасан, ашигт малтмалын 12665 А, 282 А тоот лицензийг битүүмжилсэн тогтоол, Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 19 дүгээр хороолол, 20 дугаар байрны 16 тоот хаягт байршилтай 54 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилсэн тогтоолыг тус тус хүчингүй болгуулах, ашигт малтмалын 12665 А, 282 А тоот лицензийг үнэлсэн Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн үнэлгээг хууль зөрчиж хийгдсэн болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах тухай “Ш” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140 400 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 1582 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 181/ШШ2018/00841 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 1582 дугаар магадлалыг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.6, 172 дугаар зүйлийн 172.1-д заасны дагуу давж заалдах гомдол гаргаж байна.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.

Нэхэмжлэгч “Ш” ХХК-иас С.Өнөрзаяад олгосон итгэмжлэлийн хугацаа дууссан байгаа болохыг шүүгчийн туслах хурлын тов мэдэгдэхдээ утсаар хэлж, захирал Д.Даариймаагийн утас холбогдохгүй байгаа тул хурлын товыг ажлын газрын нь хаягаар хүргүүлсэн болохоо мэдэгдсэн.

Тухайн үед захирал Д.Даариймаа нь Өвөрхангай аймагт аавыгаа сахиад ирэх боломжгүй байсан тул Шүүх хуралдаан дээр миний бие өөрийн биеэр орж захирал Д.Даариймааг хүндэтгэн үзэх шалтгаантай байгаа тул итгэмжлэлээ сунгуулж чадаагүй болохоо танилцуулж Шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулж өгөх хүсэлтийг гаргасан.

Гэтэл шүүгч “Итгэмжлэлийн хугацаа дууссан байгаа учир шүүх хуралдаанд та оролцож үг хэлэх эрхгүй, ирцэд ирснээр тэмдэглэхгүй, харин ажиглагчаар сууж болно, хүсэлтийг чинь хүлээж авах үндэслэл байхгүй” гээд намайг нэхэмжлэгчийн суудлыг чөлөөлөхийг шаардан хурлын танхимаас гаргаж зохигчдын эзгүйд хэргийг шийдвэрлэсэн.

Хэдийгээр зохигчдын эзгүйд хэргийг шийдвэрлэх эсэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны мэтгэлцэх зарчмыг хангах үүднээс болон хүний эрхийн мэдрэмж талаасаа нэхэмжлэгч байгууллагын захирал хүндэтгэн үзэх шалтгаантай байгааг харгалзан итгэмжлэлийг сунгуулах боломжийг нэг удаа олгож болох байсан гэж үзэж байна.

Ийнхүү нэхэмжлэгч “Ш” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд болох Д.Даариймаагийн шүүх хуралдаанд оролцож хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх, шүүх хуралдаанд биеэр оролцож үг хэлэх, бичгээр тайлбар өгөх, нотлох баримт гаргах, түүнийг шинжлэн судлахад тэгш эрхтэй оролцох зэрэг хуулиар хамгаалагдсан эрх ашиг нь зөрчигдсөн.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-т заасныг үндэслэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй боловч хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.

“Ш” ХХК нь Нарт холбогдуулан ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл болон үл хөдлөх эд хөрөнгө битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгуулах, тусгай зөвшөөрөл үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зөрчөөгүй гэж маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн байна.

Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 845 дугаар шийдвэр, Улсын Дээд шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 506 дугаар тогтоолоор “Ш” ХХК-иас 2 624 614 140 төгрөгийг гаргуулж “К” ХХК-д олгуулахаар шийдвэрлэхдээ барьцааны зүйлээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах асуудлаар шийдвэр гаргаагүй байна.

Иймд шийдвэр гүйцэтгэгч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасан дарааллын дагуу явуулах үүрэгтэй.

Тус шийдвэрт 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж, 2015 оны 12 дугаар сарын 15, 2016 оны 01 дүгээр сарын 06, 02 дугар сарын 17-ны өдрүүдэд шүүхийн шийдвэрийг биелүүлэх тухай мэдэгдлийг өгч, 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Эд хөрөнгийг битүүмжлэх №01 тогтоолоор “Баянхонгор аймаг Галуут сумын нутаг, Баян-Ам нэртэй газар орших 27 гектар талбайтай ашигт малтмалын 282А тоот тусгай зөвшөөрөл”, “Баянхонгор аймаг, Галуут сумын нутаг, Замын булаг нэртэй газар орших 115 гектар талбайтай ашигт малтмалын ашиглалтын 12665А тоот зөвшөөрөл”-ийг, 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Эд хөрөнгийг битүүмжлэх №157/02 тогтоолоор Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 19 дүгээр хороолол 20 дугаар байрны 16 тоот 54 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг тус тус битүүмжлэн, 2016 оны 03 дугаар сарын 29-ны өдрийн Эд хөрөнгийг хураасан №001, №002 тогтоолоор дээрх битүүмжилсэн хөрөнгийг тус тус хураасан байна.

2016 оны 08 дугаар сарын 17-ны өдөр хураагдсан орон сууцны хамтран өмчлөгч Б.Магсаржав, Б.Хатанболд нарт орон сууцны үнийн санал ирүүлэхийг мэдэгдсэн, 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хураагдсан эрх, үл хөдлөх эд хөрөнгийг үнэлүүлэхээр “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийг шинжээчээр томилжээ.

2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр 12 665 А тусгай зөвшөөрөлтэй алтны уурхайг 4 467 575 700 төгрөгөөр, 282А тусгай зөвшөөрөлтэй алтны уурхайг 630 270 000 төгрөгөөр тус тус үнэлжээ.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг /2002 он/ зөрчсөн, шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгч-хуулийн этгээдийн хөрөнгөөс төлбөр гаргуулах үйл ажиллагааг хуулийн дагуу явуулаагүй, дараах зөрчлүүд тогтоогдлоо.

  • Төлбөр төлөгч-хуулийн этгээдийн мөнгөн хөрөнгөөс төлбөр гаргуулах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /2002 он/ 57, 58, 60, 61 дүгээр зүйлд заасан ажиллагааг хийгээгүй,
  • Эд хөрөнгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59  дүгээр зүйлийн 59.1.1-

59.1.5.-д эд хөрөнгө битүүмжлэх дарааллыг тухайлан заасан байхад тус дарааллыг зөрчиж, 59.1.1.-59.1.4.-т заасан ажиллагааг хийлгүйгээр 59.1.5.-д заасан ажиллагааг хийж, “тусгай зөвшөөрөл”-ийг битүүмжилсэн байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх үндэслэл нь тухайн хэргийн талаар гарсан шүүхийн шийдвэр байх бөгөөд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа тус шийдвэрт заагдсан ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нийцүүлэн явуулна. Гэтэл шүүхийн шийдвэрт заагдаагүй, хэний хөрөнгө болохыг нотолсон баримтгүй, Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 19 дүгээр хороолол 20 дугаар байрны 16 тоот 54 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг битүүмжилсэн, хураасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1. дэх заалтыг зөрчжээ.

  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /2002 он/ 37 дугаар зүйлийн 37.2., 37.2.1- “эдийн бус хөрөнгийг шинжээчээр үнэлүүлнэ” гэжээ.
  • Шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлийг буюу эрхийг битүүмжилж, хураасан тул тус эрхийг үнэлүүлэх байтал тус зөвшөөрлөөр үйл ажиллагаа эрхэлдэг алтны уурхайг үнэлүүлсэн нь үнэлгээг бодитой тогтоогдсон гэж үзэх үндэслэлгүй болно. Эрх, эрхээр баталгаажсан эд хөрөнгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар ялгаж зааглаагүй, үнэлэх ёстой хөрөнгийг шинжээч зөв тодорхойлж чадаагүй байна.

Төлбөр төлөгчийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл нь барьцааны зүйл болохынхоо хувьд үүргийн гүйцэтгэлийг хангах нэг хэрэгсэл боловч тухайн барьцааны зүйл нь өөрийн онцлогоос хамаарч тусгайлсан хуулиар зохицуулагдах учиртайг шийдвэр гүйцэтгэгч анхаарсангүй.

Ашигт малтмалын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1.-д “Барьцаалуулагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцаалагч нь хүсвэл барьцаалагдсан хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг эрх бүхий өөр этгээдэд шилжүүлэх тухай өргөдлийг энэ хуулийн 49 дүгээр зүйлд заасны дагуу төрийн захиргааны байгууллагад гаргана...” гэжээ.

    Хуулийн дээрх заалтаас үзэхэд барьцааны зүйл болох ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүсвэл барьцаалагч барьцааны зүйлийг шилжүүлэх хүсэлт гаргах, улмаар тусгай зөвшөөрөл эрх бүхий этгээдэд шилжсэнээр барьцааны үүрэг хангагдах ёстойг шийдвэр гүйцэтгэх байгууллага анхаараагүй, тусгай зөвшөөрөлтэй холбоотой шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуулийн дагуу явуулаагүй гэж үзнэ.

  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2.2.-т “төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1.-д заасны дагуу тохиролцоогүй бол үл хөдлөх эд хөрөнгийг шинжээчээр үнэлүүлнэ” гэжээ.

Битүүмжилж, хураасан Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 19 дүгээр хороолол 20 дугаар байрны 16 тоот 54 м.кв талбайтай 4 өрөө орон сууц хэдэн өмчлөгчтэй болох нь тодорхойгүй, холбогдох баримт хэрэгт авагдаагүй, хамтран өмчлөгч гэх 2 хүнээс үнийн саналавахаар мэдэгдэл бичигдсэн боловч тухайн мэдэгдэл хамтран өмчлөгчид хүргэгдсэн эсэх, тэд санал өгсөн эсэх, тухайн саналыг төлбөр авагчид танилцуулсан эсэх, төлбөр авагч үнийн санал гаргасан, харилцан тохиролцсон эсхүл тохиролцоогүй болох нь тодорхойгүй, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1.-д заасан үнэлгээ хийлгэх үндэслэл үүссэн гэж үзэх нөхцөл байдлаа нотлоогүй атлаа үнэлгээг тогтоолгохоор Шинжээч томилсон нь хуулийн дээрх заалтыг зөрчсөн байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийг хуульд заасан хугацаанд гомдол гаргаагүй гэж үзэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нэг үндэслэлээ болгосныг буруутгах боломжгүй боловч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа бүхэлдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /2002 он/-ийг зөрчсөн, шүүх хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглээгүй байх тул хяналтын шатны шүүхээс анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хангах нь зүйтэй гэж дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.-д “хуулийн этгээд төлөөлөгчөөрөө дамжуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоно”, 36 дугаар зүйлийн 36.2.-т “...төлөөлөгчийн бүрэн эрхийг төлөөлүүлэгчээс бичгээр олгосон итгэмжлэл, бусад баримтаар тодорхойлно...”, Иргэний хуулийн 67 дугаар зүйлийн 67.2.6.-д “бүрэн эрх хэрэгжүүлэх хугацаа дууссан”-аар төлөөлөл дуусгавар болохоор тус тус зохицуулагдсан тул итгэмжлэлд заасан хугацаа дууссанаар итгэмжлэгдсэн төлөөлөгч нь төлөөлүүлэгчийг төлөөлөх эрхгүй гэж үзнэ.

Анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг итгэмжлэлийн хугацаа дууссан үндэслэлээр шүүх хуралдаанд оролцуулаагүйг шүүх хуралдаанд оролцох, мэтгэлцэх эрхийг зөрчсөн гэж үзэхгүй тул энэ талаар гаргасан гомдол үндэслэлгүй байна. Шүүх зохигчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.5 дахь заалтыг зөрчөөгүй байна.

Иймд хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлоос хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн талаарх гомдлыг хангахгүй орхиж, харин хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэх гомдлыг хүлээн авах үндэстэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 1582 дугаар магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалт, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 181/ШШ2018/00841 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль/2002 он/-ийн 34 дүгээр зүйлийн 34.3., 37 дугаар зүйлийн 37.3.-т зааснаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн №01, 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн №157/02 дугаартай Эд хөрөнгийг битүүмжлэх тогтоол, 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн №001, №002 дугаартай Эд хөрөнгийг хураасан тогтоол, “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн №223, №224 дугаартай үнэлгээг тус тус хүчингүй болгосугай.” гэж, 2 дахь заалтын “хэвээр үлдээсүгэй.” гэснийг “хэвээр үлдээж, хариуцагч Нраас 140 400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Ш” ХХК-д олгосугай” гэж тус тус өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., 59 дүгээр зүйлийн 59.3., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар нэхэмжлэгч “Ш” ХХК-иас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар “Ш” ХХК-д буцаан олгосугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ         П.ЗОЛЗАЯА

     ШҮҮГЧ                               Х.ЭРДЭНЭСУВД