Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 413

 

“Ш а” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Т.Туяа, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 181/ШШ2017/02957 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Ш а” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох

 

Эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол болон үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ө,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дүүргийн иргэний хэргийи анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 845 дугаар шийдвэр, Улсын дээд шүүхийн 2015 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 506 дугаар тогтоолоор “Ш а” ХХК-иас 2 624 614 140 төгрөг гаргуулж Капитрон банкинд олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийн дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар ажиллагаа явуулж байгаа бөгөөд шүүхийн шийдвэрт заагдаагүй, шүүхийн гүйцэтгэх хуудаст бичигдээгүй ажиллагаануудыг явуулж манай компанийн эрхийг ноцтой зөрчиж байна. “Ш а” ХХК-ийн хувьд уул уурхайн олборлолтын үйл ажиллагаа явуулдаг бөгөөд уурхайн карьерт байгалийн давагдашгүй хүчин зүйлийн эрсдэлт нөхцөл байдал үүссэний улмаас их хэмжээний үргүй зардал гарч, олборлолтын хугацаа хойшлогдоод байгаа ба энэхүү хүндэтгэн үзэх шалтгаанаа шийдвэр гүйцэтгэх байгууллагад удаа дараа хүсэлт гомдлоор танилцуулж уурхайн үндсэн үйл ажиллагаа болох алт олборлолтын үйл ажиллагаанд саад учруулахгүйгээр төлбөрийг төлөх нөхцөл боломжоор хангаж өгөхийг хүссэн боловч хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэсэн хариуг өгсөн. Эдийн засаг санхүүгийн нөхцөл байдал хүндрэлтэй байгаа өнөөгийн нөхцөлд төлбөр төлөгч компанийн хувьд 2 600 000 000 төгрөгийг уурхайн үндсэн үйл ажиллагаа хэвийн явагдаж байж уг төлбөрийг бүрэн төлж барагдуулах боломжтой юм.

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар нь шүүхийн шийдвэрт тусгагдаагүй тус компанийн эзэмшлийн алт олборлох 12665 A, 282А тусгай зөвшөөрлүүд болон эрхийн улсын бүртгэлийн 2206002883 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо 19 дүгээр хороолол, 20-16 тоотод байрлах 54 м.кв талбайтай 4 өрөө орон сууц зэрэг хөрөнгүүдийг битүүмжлэн, худалдан борлуулах ажиллагааг явуулж манай компанийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулж байгаад маш их гомдолтой байна.

Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59 дугээр зүйлд зааснаар Төлбөр төлөгч хуулийн этгээдийн эд хөрөнгийг битүүмжлэх дарааллыг эхний ээлжинд үйлдвэрлэлд шууд хэрэглэгддэггүй эд хөрөнгө, бэлэн бүтээгдэхүүн, бусад материалыг битүүмжилж хамгийн сүүлд тусгай зөвшөөрлийг битүүмжлэхээр зохицуулсан байтал шийдвэр гүйцэтгэх байгууллага хууль бус ажиллагаа явуулж дээрх хөрөнгүүдийг шууд битүүмжлэн худалдан борлуулах ажиллагаа явуулж хууль зөрчиж байна.

“Ш а” ХХК-ийн эзэмшлийн алт олборлох 12665А, 282А тусгай зөвшөөрлүүд болон эрхийн улсын бүртгэлийн 2206002883 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 19 дүгээр хороолол, 20-16 тоотод байрлах 54 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг битүүмжилсэн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэлээр шүүхэд хүсэлт гаргасны дагуу тус дүүргийн шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 03538 дугаар шүүгчийн захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн. Гэтэл 2017 оны 4 дүгээр сард Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар хууль зөрчиж Баянхонгор аймгийн Галуут сум дахь манай уурхай дээр “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн үнэлгээчдийг авч очиж тусгай зөвшөөрлүүдийг үнэлүүлсэн. Иймд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын захиалгын дагуу “Ш а” ХХК-ийн эзэмшлийн алт олборлох 12665 A, 282А тусгай зөвшөөрлүүдэд хийгдсэн “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж байна гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 845 дугаар шийдвэрээр “Ш а” ХХК-аас 2 624 614 140 төгрөгийг гаргуулж Капитрон банкинд олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдөр үүсгэж шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг барагдуулах тухай хугацаатай мэдэгдлийг төлбөр төлөгч хуулийн этгээдийн гүйцэтгэх захирал Д.Даариймаад удаа дараа гардуулан өгсөн боловч төлбөрийг барагдуулаагүй тул банк дахь харилцах данснаас хасалт хийх тухай мэдэгдлийг арилжааны банкуудад хүргүүлж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйл, 59 дүгээр зүйлийн 59.1 5-д заасны дагуу төлбөр төлөгч “Ш а” ХХК-ийн үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан ашигт малтмалын ашиглалтын 282А, 12665А тоот тусгай зөвшөөрлүүдийг 2016 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 01 дугаартай битүүмжлэх тогтоолоор битүүмжилж, 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 301 дугаартай хураах тогтоолоор хураан авсан. Мөн үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 19 дүгээр хороолол, 20 дугаар байрны 16 тоот 4 өрөө орон сууцыг 2016 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 157/02 дугаартай битүүмжлэх тогтоолоор битүүмжилж 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 002 дугаартай хураах тогтоолоор тус тус хураасан.

Төлбөр төлөгчөөс үнийн саналаа өгөхийг удаа дараа мэдэгдэж, ашиглалтын 282А зөвшөөрлийг 12 тэрбум, 12665А тоот зөвшөөрлийг 23 тэрбум төгрөгөөр, орон сууцыг 172 сая төгрөгөөр үнийн саналаа өгснийг төлбөр авагч тал зөвшөөрөөгүй тул 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр шинжээч томилсон.

Шүүхээс 2017 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх захирамж ирснээр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг зогсоосон. Захирамж ирэхээс өмнө шинжээч томилсон байсан ба шинжээчээс үнэлгээний тайланг 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр ашиглалтын 282А зөвшөөрлийг 630 270 000 төгрөгөөр, 12665А зөвшөөрлийг 4 467 575 700 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний тайланг шинжээчээс ирүүлсэн. Гэхдээ шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлсэн тул үнэлгээг төлбөр төлөгч, төлбөр авагч нарт танилцуулаагүй, цааш ажиллагаа хийгдээгүй байгаа. Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг үндэслэн явуулсан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зөрчөөгүй ба битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байгаа тул төлбөр төлөгч “Ш а” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /2002 оны/ 34 дүгээр зүйлийн 34.3, 37 дугаар зүйлийн 37.3-т зааснаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар /Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба/-т холбогдох эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай “Ш а” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Тус шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 181/Ш32017/03538 дугаар шүүгчийн захирамжийн үйлчлэл энэ шийдвэр хүчин төгөлдөр болсноор дуусгавар болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 181/ШШ2017/02957 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч ИХШХШТХ-ийн 25 дугаар 25.1.6, 161 дүгээр зүйлийн 161.1-д заасны дагуу давж заалдах гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3, 37.3-т зааснаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай “Ш а” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн. Тодруулбал, анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 103 дугаар зүйлд заасан “Шүүх бүрэлдэхүүнийг зарлах ба татгалзан гаргах эрхийг тайлбарлах” шүүх хуралдааны дэгийг зөрчсөн тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй, мөн хэргийн оролцогчийн гаргасан хүсэлтийг шийдвэрлээгүй тул ИХШХШТХ-ийн 105 дугаар зүйлийн 105.1, 105.2-т нийцээгүй. Энэ байдал нь дараах үндэслэлүүдээр тогтоогдож байна.

Миний бие өмнө нь анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 181/Ш32017/12179 дугаар захирамжид гомдол гаргаж, тус захирамжийг хүчингүй болгуулсан. Энэхүү гомдол хэлцэх хурлын буюу өмнө нь маргааны 2 тал болсон тул анхан шатны шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн иггэмжлэгдсэн төлөөлөгч миний бие хүсэлт гаргахад шүүгчийн сэтгэл хөдлөл, нүүрний хувирал илт дургүйцсэн байдалтай байсан нь хурлын бичлэгээс тодорхой харагдана. Нэгэнт шүүгчийн гаргаж байгаа дээрх үйлдлүүд нь уг хэргийг шударгаар шийдвэрлэж чадах эсэхэд эргэлзэх хангалттай үндэслэл болсон.  Иймд миний бие ИХШХШТухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.3-т заасан үндэслэлээр шүүгчийг татгалзсан болно. Гэтэл шүүгч “татгалзлыг шүүх хуралдааны өмнө асуугаад энгөрсен одоо татгалзах эрх таньд байхгүй” гэсэн үндэслэлээр татгалзлыг шийдэлгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн. Шүүгч шүүх хуралдааны явцад татгалзал огт асуугаагүй тул энэ байдлыг хэлээд миний бие шүүх хуралдааныг орхиж гарсан болно.

Шүүхийн шийдвэрт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92.1, 92.2-т заасан зохицуулалт нь шүүгч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга зэрэг тухайн хэрэг маргааныг хянан шийдвэрлэхэд хөндлөнгийн байр сууринаас оролцох этгээдэд өөрийг нь үүрэгжүүлсэн зохицуулалт зохигчдод шүүх хуралдааны аль ч үе шатанд шүүгчийг татталзан гаргах эрх олгосон зохицуулалт биш тул уг хүсэлтийг хүсэлтийн хэмжээнд үзээгүй, хэргийг шийдвэрлэсэн болно гэсэн нь туйлын ойлгомжгүй дүгнэлт болжээ.

ИХШХШТухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.2.1-т шүүх хуралдаан эхлэхээс өмнө, эсхүл татгалзан гаргах үндэслэл шүүх хуралдааны явцад тогтоогдвол тухайн үед нь мэдэгдэх үүрэгтэй гэж заасан байхад анхан шатны шүүх зөвхөн шүүгч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга зэрэг тухайн хэрэг маргааныг хянан шийдвэрлэхэд хөндлөнгийн байр сууринаас оролцох этгээдэд өөрийг нь үүрэгжүүлсэн зохицуулалт гэж хэт туйлшруулж тайлбарласан нь хууль зүйн үндэслэлгүй дүгнэт болжээ.

ИХШХШТухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.4-т зааснаар татгалзан гаргах тухай асуудлыг хүлээн авах эсэхийг шүүх бүрэлдэхүүн буюу шүүгч зөвлөлдөх тасалгаанд хэлэлцэж, тогтоол буюу захирамж гаргаж шийдвэрлэнэ”, 92.6-д “...хэргийг дангаар шийдвэрлэж байгаа шүүгчийг, түүнчлэн шүүх бүрэлдэхүүнийг татгалзан гаргах хүсэлтийг тухайн шүүхийн Ерөнхий шүүгч шийдвэрлэж захирамж гаргана” гэж заасан. Иймд уг хүсэлтийг хүсэлтийн хэмжээнд үзээгүй хэргийг шийдвэрлэсэн болно” гэж хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч “Ш а” ХХК нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч байгууллага нэхэмжлэлийг эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргажээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт “Шүүх хуралдааныг хойшлуулах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх, сэргээн явуулах, татгалзан гаргах тухай хүсэлтийг шийдвэрлэх болон шүүх хуралдааны бусад үед хянан шийдвэрлэж байгаа асуудлаар шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжийг бичгээр гаргана.” гэж заасан байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Өнөрзаяа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн шийдвэр гүйцэтгэх 69 дүгээр зүйлийн 69.1.5-д зааснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай хүсэлт гаргасныг шүүх дээрх хуулийн дагуу шийдвэрлээгүй байх ба энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

 

Хариуцагч байгууллага нь төлбөр төлөгч “Ш а” ХХК-ийн үүсгэн байгуулагч Д.Д-ийн хамтран өмчлөлийн Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 19 дүгээр хороолол, 20 дугаар байрны 16 тоот 4 өрөө орон сууц болон Баянхонгор аймгийн Галуут сумын нутаг Баян ам нэртэй газар орших 27 гектар талбайтай ашигт малтмалын 282А тоот тусгай зөвшөөрөл, мөн сумын нутаг Замын булаг нэртэй газар орших 115 гектар талбайтай ашигт малтмалын ашиглалтын 1266А тоот тусгай зөвшөөрлийг үнэлүүлэхээр 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Шинжээч томилох тухай 02 тоот тогтоолоор “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийг томилжээ. /хэргийн 51 дүгээр тал/

 

Гэтэл нэхэмжлэгчийг шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх хүсэлт гаргаснаас хойно буюу 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-иас дээрх эд хөрөнгүүдийг үнэлэх ажиллагааг явуулж, үнэлгээний тайлан гаргажээ. Хэрэгт “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК нь хуульд заасны дагуу эд хөрөнгөнд үнэлгээ тогтоож, дүгнэлт гаргах үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг эрх бүхий байгууллагаас хэдийд, ямар хугацаатай, олгосон талаарх баримт авагдаагүй байна. /хэргийн 71-114 дүгээр тал/

 

Дээрх нөхцөл байдлуудыг тодруулахаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хүсэлтийг шүүх хангалгүй орхиж хэргийг шийдвэрлэсэн нь буруу байна. Харин нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан уг хүсэлтийг хангаагүйтэй холбоотойгоор тэрээр шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргасныг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт заасан үндэслэлд хамаарахгүй гэж дүгнэснийг буруутгах үндэслэлгүй юм.  

 

Гэвч дээр дурдсан зөрчлийг давж заалдах шатны шүүхээс залруулж, маргааны үйл баримтын талаар дүгнэх боломжгүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 181/ШШ2017/02957 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Д.ЦОГТСАЙХАН

                                                           

                             ШҮҮГЧИД                                Т.ТУЯА

 

                                                                             С.ЭНХТӨР