Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 107

 

 

 

 

 

 

2018 оны 01 сарын 16 өдөр

      Дугаар 182/ШШ2018/00010

7               Улаанбаатар хот

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Б.И нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:, Т.Б ХХК /РД:0000/-д холбогдох,

 

Т.Бны гүйцэтгэх захирлын 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Б/1569 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, Нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.И, түүний өмгөөлөгч Э.Сугар-Эрдэнэ, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Жавхлан, Х.Мөнхзул, гэрч Б.Энхнаран, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэрэндулам нар оролцов.

                                                           

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.И шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  “...Б.И миний бие 2011 оноос Т.Бинд ажиллаж эхэлсэн бөгөөд ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн зөрчил, дутагдал гаргаж байгаагүй болно.

2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр манай Сонгинохайрхан дүүрэг салбарын харьяа Таван шар тооцооны төв дээр Улаанбаатар байгууллагын банкны мэргэжилтэн ирж үйл ажиллагаатай танилцсан.

Манай тооцооны төвийн үйл ажиллагаатай танилцсан талаар 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн хүний нөөцийн хорооны хурлаар хэлэлцсэн болохыг хожим мэдсэн.

Гэтэл 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Т.Бны гүйцэтгэх захирлын тушаал гарсныг мэдэгдэж албан ёсоор 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр танилцуулсан.

Захирлын тушаалыг 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр гардан авч танилцаж үзэхэд огт үндэслэлгүй, тогтоогдоогүй асуудлыг үндэслэн Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчиж хөдөлмөрийн гэрээнд заасан зохицуулалттай огт нийцэхгүй тушаал болохыг мэдсэн.

Иймд Т.Бны гүйцэтгэх захирлын 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Б/1569 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, үндэслэлгүйгээр ажлаас халагдсныг тогтоолгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговорт 3,560,000 төгрөг гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгаж өгнө үү...” гэв.

 

Хариуцагч Т.Б ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Жавхлан шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгч Б.И нь Хөдөлмөрийн гэрээгээр ажил олгогчтой тохиролцсон хөдөлмөрийн гэрээг шууд зогсоох ноцтой зөрчил гаргасан нь дотоодын хяналт шалгалтаар тогтоогдсон  тул ажил олгогчийн санаачилгаар буюу гүйцэтгэх захирлын 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Б/1569 тоот тушаалаар ажлаас нь чөлөөлсөн.

Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн гэрээ болон дотоод журамд заасан ирц бүртгүүлэх эрхээ бусдад дамжуулахгүй байх, ажил таслахгүй, ажлын цагаас хоцрохгүй байх үүргээ хэрэгжүүлэхгүйгээр 5 шар тооцооны төвийн ахлах теллер Б.Энхнарангийн хурууны хээг өөрийнхөө өмнөөс ирцийн бүртгэлийн программд таниулсан. Ажлын цагаас хоцрох болон ажил тасалсан зэрэг зөрчлийг давтан гаргасан.

Т.Б ХХК-ийн Улаанбаатар банкны газрын орлогч захирал Н.Зоригтийн 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн “Салбар нэгжүүдийн үйл ажиллагаатай танилцах удирдамж”-ийн дагуу менежер Д.Сувдаа банкны салбар нэгжүүдэд хяналт шалгалтыг эхлүүлж гэнэтийн шалтгалт хийсэн.

Д.Сувдаагийн 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн тайланд нэхэмжлэгчийн ирцийн бүртгэлтэй холбогдох зөрчил илэрсэн. Үүний дагуу сахилгын шийтгэл ногдуулах саналын хуудас Хууль эрх зүйн газарт ирээд дүгнэлт гарч Хүний нөөцийн хороонд танилцуулаад гүйцэтгэх захирлын тушаал гарсан.

Нэхэмжлэгч нь сахилгын зөрчил давтан гаргасан нь тогтоогдсон учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож хэргийг хянан шийдвэрлэж өгнө үү...” гэв. 

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.И нь хариуцагч Т.Б ХХК-д холбогдуулан Т.Бны гүйцэтгэх захирлын 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Б/1569 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, Нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хүссэн нэхэмжлэл гаргасан.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчийг сахилгын зөрчил давтан гаргасан ноцтой зөрчил гаргасан учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

Нэг: Ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагын тухайд:

 

Нэхэмжлэгч Б.И нь 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 205 дугаартай Хөдөлмөрийн гэрээг Т.Б ХХК-тай байгуулж Т.Б ХХК-ийн Сонгинохайрхан дүүрэг салбарын харьяа Таван шар тооцооны төвийн захирлаар томилогдсон байна.

 

Т.Бны гүйцэтгэх захирлын 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Б/1569 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, Хөдөлмөрийн дотоод журмын 5 дугаар зүйлийн 5.16.1, 5.28.3, 12 дугаар зүйлийн 12.10, 12.16, Хөдөлмөрийн гэрээний 6.2.17, 6.2.18, 7.4.3, Хүний нөөцийн хорооны 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 69 дүгээр хурлын шийдвэрийг тус тус үндэслэн 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөр тасалбар болгон Б.Иг Т.Б ХХК-ийн Сонгинохайрхан дүүрэг салбарын харьяа “Таван шар” тооцооны төвийн захирлын албан тушаалаас чөлөөлжээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т “ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор гомдлоо гаргана” гэж заасны дагуу Б.И нь Т.Б ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Б/1569 дугаар “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалд гомдлоо 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр тус шүүхэд гаргасан байх тул хуульд заасан хугацааны дотор гаргасан гэж үзнэ.

 

Хариуцагч нь Сонгинохайрхан дүүрэг салбарын харьяа “Таван шар” тооцооны төвийн захирал Б.И нь Хөдөлмөрийн дотоод журам болон Хөдөлмөрийн гэрээнд заасан “ажилтан ирц бүртгүүлэх эрхээ бусдад дамжуулахгүй байх”, “ажилтан ажлын цагийг нарийн чанд баримтланд, ажлаас хоцрохгүй, таслахгүй байх” үүрэг, хориглосон үйлдлийг гаргаж өөрийн ирц бүртгэлийн эрхээ “Таван шар” тооцооны төвийн ахлах теллер Б.Энхнаранд шилжүүлсэн, 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдрөөс хойш 17 удаа өөрийн ирцийг бусдаар бүртгүүлж ажлын цагаас хоцорсон” зөрчил нь ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг нэг жилд хоёр ба түүнээс дээш удаа гаргасан ноцтой зөрчил гаргасан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, Хөдөлмөрийн дотоод журмын 5 дугаар зүйлийн 5.16.1, 5.28.3, 12 дугаар зүйлийн 12.10, 12.16, Хөдөлмөрийн гэрээний 6.2.17, 6.2.18, 7.4.3, Хүний нөөцийн хорооны 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 69 дүгээр хурлын шийдвэрийг үндэслэн ажлаас чөлөөлсөн учраас Т.Б ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Б/1569 дугаар тушаал хуульд нийцсэн гэж маргаж байна.

 

Ажилтныг ажлаас халсан тушаал нь эрх зүйн акт болохын хувьд түүнд тавигдах шаардлагыг хангасан байх, улмаар ажлаас халсан тушаалд баримталсан хуулийн зохицуулалт нь ажлаас халагдсан үндэслэлтэй тохирч Хөдөлмөрийн тухай хуульд нийцэж байх ёстой юм.

 

Нэхэмжлэгч нь Т.Б ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Б/1569 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах шаардлагыг гаргасан бөгөөд ажил олгогчийн тушаал нь хууль зүйн үндэслэлтэй эсэхийг шалгаж, ажилтныг ажилд эгүүлэн тогтоох үндэслэлийг бий болгож буй хууль зүйн факт болж байгаа бөгөөд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр цаашид эрх зүйн үр дагавар үүсгэхгүй учир шүүх уг тушаалыг заавал хүчингүй болгох шаардлага байхгүй.

 

Хариуцагчийн нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн үндэслэлүүдийг авч үзвэл: “ажилтан ирц бүртгүүлэх эрхээ бусдад дамжуулахгүй байх”, “ажилтан ажлын цагийг нарийн чанд баримтланд, ажлаас хоцрохгүй, таслахгүй байх” үүрэг, хориглосон үйлдлийг гаргаж өөрийн ирц бүртгэлийн эрхээ “Таван шар” тооцооны төвийн ахлах теллер Б.Энхнаранд шилжүүлсэн, 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдрөөс хойш 17 удаа өөрийн ирцийг бусдаар бүртгүүлж ажлын цагаас хоцорсон”, хөдөлмөрийн сахилгын зөрчлийг нэг жилд хоёр ба түүнээс дээш удаа гаргасан ноцтой зөрчил гарсан.

Хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2.17-д “ажилтан ажлын цагийг нарийн чанд баримталт, ажил таслах, хоцрохгүй байх”, 6.2.18-д “ажилтан ирц бүртгүүлэх эрхээ бусдад дамжуулахгүй байх”, 7.4.3-т “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг нэг жилд хоёр ба түүнээс дээш удаа гаргасан”, Хөдөлмөрийн дотоод журмын 5 дугаар зүйлийн 5.16.1-д “энэ журмын 1.5.2-т заасан удирдлага /гүйцэтгэх захирал, орон нутгийн тооцооны төвийн захирлаас бусад/ болон газар, хэлтсийн ахлах ажилтан /мэргэжилтэнтэй холбоотой асуудлыг ЗУГ хариуцан ХНХ-нд танилцуулж, шийдвэрийг үндэслэн гүйцэтгэх захирал тушаал гаргана”, 5.28.3-т “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг нэг жилд хоёр ба түүнээс дээш удаа гаргасан”, 12 дугаар зүйлийн 12.10-т “ажилтан ажлын цагийг нарийн чанд баримтлах бөгөөд ажлаас хоцрох, таслах”, 12.16-д “ажилтан ирц бүртгүүлэх эрхээ бусдад дамжуулах” Хүний нөөцийн хорооны 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 69 дүгээр хурлын шийдвэрт “...хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлахаар шийдвэрлэв...” гэжээ.

 

Талуудын хооронд байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.4-т “ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д заасан үндэслэлээр нэг талын санаачлагаар хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгохоор зохицуулжээ.

 

Нэхэмжлэгч Б.И нь ирц бүртгүүлэх эрхээ бусдад дамжуулсан болох нь гэрч Б.Энхнарангийн “...Захирал 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр манай салбарт томилогдож ирэхдээ би зарим үед жаахан хоцрох гээд байдаг юм чи миний өмнөөс хоцорсон үед бүртгүүлж байгаарай гээд ирц бүртгэлийн программд миний хурууны хээг уншуулах тохиргоо хийсэн, би нэг удаа захирлын өмнөөс ирцийг нь бүртгүүлсэн...” гэх мэдүүлгээр тогтоогдсон учраас түүнийг ирц бүртгэлийн эрхээ бусдад дамжуулсан гэж үзсэн ажил олгогчийн шийдвэрийг буруутгах үндэслэлгүй.

 

Ажил тасалсан зөрчлийн хувьд хариуцагчаас 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн “Ажилтанд сахилгын шийтгэл ногдуулах саналын хуудас”-т Таван шар тооцооны төв захирал Б.И, “...Улаанбаатар банкны газраас салбар, нэгжийн захирлуудын ирцийн мэдээг Хүний нөөцийн бүртгэлийн программаас 2017 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 2017 оны 9 дүгээр сарын 10-наас 9 дүгээр сарын 25-ны өдрийг дуустал хугацаанд татан шалгахад нийт 13 өдөр,  Б.И нь нийт тасалсан 18, хоцорсон 1, хоцорсон минут 1,9 гэсэн цагийн бүртгэлийг болон Улаанбаатар хотын салбар, нэгжүүдийн захирлуудын ажлын цаг ашиглалтын талаар товч танилцуулга буюу Улаанбаатар банкны газрын орлогч захирал Н.Зоригтийн 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн “Ажлын тайлан”, Хууль эрх зүйн газрын 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн дүгнэлт, Улаанбаатар банкны газрын үйл ажиллагааны хэлтсийн менежер Д.Сувдаагийн илтгэх хуудас зэрэг баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн.

 

Т.Б ХХК-ийн хөдөлмөрийн дотоод журмын 5 дугаар зүйлийн 5.28.1-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр, шууд удирдлагадаа мэдэгдэлгүй ажлын 2 өдөр буюу түүнээс дээш хугацаагаар ажил тасалсан, ажлын цагаас удаа дараа хожимдсон нь нийлбэр дүнгээр нэг сард 12 цаг болсон” нөхцөлд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар ноцтой зөрчилд тооцож ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болно гэжээ.

 

Нэхэмжлэгч Б.И нь 2017 оны 6 дугаар сарын 01-нээс 10 дугаар сарын 09-ний хооронд буюу 8 сарын 16-ны орой, 18-ны өглөө, 28-ны өглөө, 31-ний орой, 9 сарын 12, 13, 14, 18, 21-ний орой, 10 дугаар сарын 02-ны өглөө, 09-ний орой тус тус ирцээ бүртгүүлээгүй талаар ажлын байрны тодорхойлолтод заасан шууд харьяалагдах Сонгинохайрхан салбарын захирал Б.Амаржаргалд имейлээр тайлбарыг хүргүүлж байсан нь үзлэгийн тэмдэглэлээр нотлогдлоо. 

 

Мөн ажилтаны ажлаас хоцрох, таслах зэрэг зөрчил гаргасан тохиолдолд түүний цалингаас тодорхой мөнгөн дүнгээр хасалт хийж, ажилтны ажилласан хугацаанд нь тохирсон цалин хөлсийг олгох нь ажил олгогчийн эрх бөгөөд нэхэмжлэгч Б.Игийн ажил тасалсан гэх дээрх хугацаанд ямар нэгэн хасалт хийхгүйгээр цалин хөлсийг нь бүрэн олгож байсан болох Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, талуудын тайлбараар тогтоогдож байна.

 

Хууль эрх зүйн газрын дүгнэлтэд 17 удаа, Ажилтанд сахилгын шийтгэл ногдуулах саналын хуудсанд 13 өдөр, Т.Бны хуулийн газарт Б.Энхнарангийн гаргасан тайлбарт 20 гаран удаа ажил тасалсан гэж зөрүүтэй бичигдсэн байх ба Т.Бны Улаанбаатар банкны газрын үйл ажиллагааны хэлстийн менежер Д.Сувдаагийн илтгэх хуудсанд “...өмнөх 5 өдрийн ирцийн камерийн бичлэгтэй тулгаж шалгахад Б.И нь хуруу бүргтгүүлсэн цаг минутад ажилдаа ирдэггүй нь тогтоогдсон...” гэсэн байх боловч камерийн бичлэгийг шүүхэд ирүүлээгүй зэргээс нэхэмжлэгчийг ажил удаа дараа тасалсан гэж эргэлзээгүй дүгнэх боломжгүй байна.

 

Үүнээс үзэхэд хариуцагчийн ажил тасалсан гэх тайлбар болон ажлаас халсан тушаалын үндэслэл болсон ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг 1 жилд 2 ба түүнээс дээш удаа гаргасан гэж үзэх үндэслэлгүй.

 

Ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлд заасан сахилгын шийтгэлийг ажилтанд оногдуулахдаа ажилтны гэм буруу, сахилгын зөрчлийн шинж чанар, үр дагаварт тохирсон шийтгэлийн хэлбэрийг сонгох нь хуульд нийцэх ёстой.

 

Сахилгын зөрчлийг давтан гаргасан гэдэг нь уг зөрчлийг 2 буюу түүнээс дээш удаа гаргасан байхыг ойлгох бөгөөд хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Б.Игийн ирцийн бүртгэлийн эрхээ бусдад дамжуулсан зөрчлийг давтан гаргасан, удаа дараа ажил тасалсан гэж үзэх боломжгүй байна. Өөрөөр хэлбэл давтан гаргасан зөрчлүүдийн хоорондын хугацаа өмнөх зөрчилдөө сахилгын шийтгэл хүлээсэн бол 1 жил, хүлээгээгүй бол 6 сараас хэтрээгүй байна гэсэн хуулийн заалтад ажил олгогчийн шийдвэр нь нийцээгүй гэж үзнэ.

 

Иймд Б.Иг Т.Б ХХК-ийн Сонгинохайрхан дүүрэг салбарын харьяа Таван шар тооцооны төвийн захирлын ажилд эгүүлэн тогтоох нь зүйтэй гэж үзлээ. 

 

Хоёр: Ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах болон нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах шаардлагын тухайд:

 

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 55 тоот тушаалын хавсралт “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7-ийн “а”-д “Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу … буруу халсан буюу шилжүүлсэн үеийн зөрүүг нөхөн төлүүлэхтэй холбогдуулан дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр” тодорхойлно гэж заасны дагуу Б.Игийн ажиллаж байсан нэг сарын дундаж цалин хөлс нь 68,644 төгрөг /4,428,843 : 3 сар = 1,476,281/ төгрөг, нэг өдрийн дундаж цалин хөлс нь 68,664 /1,476,281 : 21.5 хоног = 68,664/ төгрөг болох нь хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбараар тогтоогдож байна.

 

Шүүх нэхэмжлэгчийн дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо сүүлийн гурван сар буюу 2017 оны 8, 9, 10 дугаар саруудын цалингаас тооцсон болно.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно”, мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т “Ажилтан ажил хүлээлгэн өгсөн сүүлчийн өдрийг ажлаас халагдсан өдөр гэж үзнэ” гэж заасан учраас Б.Игийн ажлаа хүлээлгэж өгсөн 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс хойшхи ажилгүй байсан хугацааны буюу ажлын 57 хоногийн цалинтай тэнцэх хэмжээний олговорт 3,913,848 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгч Б.Ид олгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т “Ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй” гэж заасны дагуу хариуцагч “Т.Б” ХХК-д нэхэмжлэгч Б.Игийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгах нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.1-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Иг урьд эрхэлж байсан ажил буюу “Т.Б” ХХК-ийн Сонгинохайрхан дүүрэг салбарын харьяа Таван шар тооцооны төвийн захирлын ажилд эгүүлэн тогтоосугай.

 

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар ажилгүй байсан хугацааны олговорт 3,913,848 төгрөгийг хариуцагч “Т.Б” ХХК-иас гаргуулж нэхэмжлэгч Б.Ид олгосугай.

 

3.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Игийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч “Т.Б” ХХК-д даалгасугай.

 

4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.И нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хариуцагч “Т.Б” ХХК-иас 77,571 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

            6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                              Х.ДАШДЭЧМАА