| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Галсангийн Гэрэлт-Од |
| Хэргийн индекс | 166/2017/0251/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/98 |
| Огноо | 2018-03-16 |
| Зүйл хэсэг | 192.1., |
| Улсын яллагч | О.Доржмаа |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 03 сарын 16 өдөр
Дугаар 2018/ШЦТ/98
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2017/0251/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Нандинцэцэг,
Улсын яллагч О.Доржмаа,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Мөнхгэрэл,
Шүүгдэгч Д.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн Д-ын Э-д холбогдох эрүүгийн 201709000275 дугаартай хэргийг Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс 2018 оны 2 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ,,,,,,,,,, өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Дархан-Уул аймгийн,,,,,,,,,,,,,,,,, оюутан, ,,,,,,,,,,,,,,,,,,тоотод оршин суудаг, Б овгийн Д-ын Э /РД:........./.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Э нь Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн жагсаалтад хамаарах “дельта-9 тетрагидроканнабинол” нэртэй сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, хадгалсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.Э нь Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн жагсаалтад багтсан сэтгэцэд нөлөөлөх “дельта-9 тетрагидроканнабинол” гэх бодисын агууламж бүхий ургамлыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар хадгалж, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Гэрч П.Б-ийн “...20 орчим насны 3 залуу 2 давхар, 3 давхарын шатны хооронд зогсож байсан. Бид хоёрыг харангуутаа хар цүнх үүрсэн, ногоон курткатай, үсээ хойшоо самнасан өндөр залуу нь гартаа цагаан цаасанд боосон зүйл дэлгэчихсэн барьж байснаа шууд газар унагаасан. Тэгэхээр нь би аваад үзсэн чинь уг цаасанд нунтаг бор өнгийн үл мэдэгдэх зүйл байхаар нь “энэ юу юм бэ” гэсэн чинь бид нарын зүйл биш гэсэн. Би тэгэхээр нь чамайг сая газар унагаахыг чинь харсан шүү дээ гэхэд биш гээд байсан учир шалгуулах гээд ерөнхий жижүүрт авчирсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 4 дүгээр хуудас/,
Гэрч З.Д-ын “...Орцны шатан дээр сууж байсан өндөр туранхай, үсээ хойш самнасан залуу Б бид хоёрыг харангуутаа гартаа барьж байсан цагаан өнгийн нугалчихсан цаасаа плитан шалан дээр унагаагаад хөлнийхөө ард нуусан. Унагаасан цаасыг Б аваад харсан чинь тус цаасан дээр бор өнгийн нунтаг зүйл шалан дээр асгараагүй цаасан дээрээ тогтоод үлдчихсэн байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22 дугаар хуудас/,
Таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 13-14 дүгээр хуудас/,
ШШҮХүрээлэнгийн шинжээчийн ,,,,,,,,,,, өдрийн 4007 дугаартай “...Нунтаг бор өнгийн зүйлээс дельта-9, тетрагидроканнибинолын агуулга илэрч байна. Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн жагсалтад хамаарна” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 31 дүгээр хуудас/,
Шүүгдэгч Д.Э-ийн шүүх хуралдаанд “...уг бодисыг цүнхэндээ авч явж байсан нь үнэн, хаях зорилготой авч явж байсан юм, ахин ийм хэрэгт холбогдохгүй байж чадна” гэж хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Э-д 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулах яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байх ба 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд уг хэрэгт оногдуулах ялыг хүндрүүлсэн байх тул эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэх үндэслэлгүй байна.
Мөн шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд “олж авсан” гэх үйлдлийг хассан байх тул хадгалсан хэрэгт гэм буруутай тооцсон болохыг дурдах нь зүйтэй байна.
Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ............. өдрийн 4 дугаартай магадлалд “...Шүүх 2002 оны Эрүүгийн хуулиар хариуцлага оногдуулах нь гэм буруутай этгээдийн эрх зүйн байдал дээрдэнэ гэж дүгнэсэн учир эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээ нь эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлд заасан “...гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлогдоно” гэсэн заалтыг баримтлан зөвхөн 2002 оны Эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлийн 192.1-т заасан хариуцлагыг шүүгдэгч Д.Э-д оногдуулах ёстой” гэжээ.
Шүүгдэгч Д.Э нь 2002 оны Эрүүгийн хуульд заасан “хүндэвтэр” гэмт хэрэг анх удаа үйлдэж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байх тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал зэргийг харгалзан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1-т зааснаар хорих ял оногдуулж, гэмт хэрэг үйлдэх үед мөрдөгдөж байсан хуулийн зохицуулалтаар оногдуулсан хорих ялыг тэнсэж хянан харгалзахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн сэтгэцэд нөлөөт бодис / делта 9 тетрагидроканнабинол / агуулсан ургамал гэх ууттай зүйлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон.
ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9-р зүйлийн 2 дахь хэсэг, 1.8-р зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Б овгийн Д-ын Э-ийг мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар хадгалж, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б овгийн Д-ын Э-д 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4, 61.5-т зааснаар Д.Э-д оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хянан харгалзахаар тогтоож, Д.Э-ий засрал хүмүүжилд хяналт тавихыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар болон Цагдаагийн газарт даалгаж, тэнсэгдсэн ялтан хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээвэл хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэх болохыг мэдэгдсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ГЭРЭЛТ-ОД