Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 3459

 

  

 

   

т

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б.О

           Хариуцагч: У.Б

            Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай, хариуцагч нь 580.280 төгрөг гаргуулах тухай сөрөг нхэмжлэлтэй хэргийг 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Д, өмгөөлөгч Ц.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жүгдэрдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Ошүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Д  шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Б.Онь УБТЗ ХНН-д Хүний нөөцийн албаны даргаар 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр томилогдон ажиллаж ирсэн. Ажиллах хугацаандаа идэвх зүтгэл гарган, үнэнч шударгаар ажилласан. УБТЗ ХНН-ийн шинэчилсэн бүтэц, орон тоог бодлогын чанартай, үр ашигтайгаар зохион байгуулан бүх алба, хэлтэс, салбар нэгжийн хэмжээнд хэрэгжүүлсэн. Ажилтан, албан тушаалтныг шинэчилсэн орон тоонд байршуулахдаа өөрийн зүгээс санхүүгийн болон хувийн эрх ашиг, сонирхлоор хандаж байгаагүйг хамт олон үнэлж ирсэн. Гэтэл Замын даргатай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр цуцалж, захиргааны санаачлагаар ажлаас халсан тухай замын даргын 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн *дугаар тушаал гарсан. Замын дарга энэхүү тушаалыг гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4, 43 дугаар зүйлийн 43.1, Монгол Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн дүрмийн 22 дугаар зүйлийн а, з заалт, Монгол улсын Авлигатай тэмцэх газраас ирүүлсэн Авлигын эсрэг хуулийн заалтууд зөрчигдсөн талаар өгсөн зөвлөмжийг тус тус үндэслэн гаргасан байна. Тушаалыг хууль зөрчин гаргасан гэж үзэж байна. Тушаалыг гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн зохих заалтыг баримтлах ёстой бөгөөд тухайн байгууллагын тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1-40.1.7 дахь хэсэгт зааснаар Б.О яагаад халсан гэдэг нь байхгүй байгаа учир хууль зөрчсөн, зөрчилтэй үйлдэл болсон. Авлигатай тэмцэх газраас ирсэн албан тоотыг үндэслэсэн гэж байгаа боловч энэ нь нэхэмжлэгчийн алдаа биш. Албан тушаалд томилогдохоос өмнө Б.О Хөрөнгө орлогын мэдүүлгээ гаргаж өгсөн байгууллага Авлигатай тэмцэх газар хүргэх үүрэгтэй. АТГазраас тушаал чинь алдаатай гарсан, цаашид тушаал гаргахдаа анхаар гэсэн болохоос ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцал гэсэн хариу ирүүлээгүй. Б.О нь өөрийн хувийн ашиг сонирхлын мэдүүлгээ байгууллагад гаргаж өгсөн. Энэ дагуу хариуцагч Авлигатай тэмцэх  газарт 10 дугаар сарын 06-ны өдөр хүргүүлсэн. Авлигатай тэмцэх газраас албан тушаалд томилоход харшлах зүйлгүй ашиг сонирхлын зөрчилгүй гэсэн хариуг ирүүлсэн. Энэ албан бичиг хариуцагчид эх хувиараа, бидэнд хуулбар нь байна. Иймд Б.О-г Хүний нөөцийн албаны даргын албан тушаалд эгүүлэн тогтоож , ажилгүй байсан хугацааны цалинд 15.822.720 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү гэв.

Хариуцагч Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч О.А шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Тус нийгэмлэгийн даргын туслах нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.О-г Улаанбаатар төмөр замын даргын 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Б* дугаартай тушаалаар Хүний нөөцийн албаны даргаар томилон ажиллуулсан. Хүний нөөцийн албаны даргаар томилсоны дараа  2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр түүний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянуулахаар Авлигатай тэмцэх газарт хүргүүлсэн. Энэ нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэж Авлигатай тэмцэх газраас уг зөрчлийг арилгуулах, хуулийн хэрэгжилтийг хангуулах тодорхой арга хэмжээ авах зөвлөмж, шаардсан агуулга бүхий албан бичгийг хариуцагчид ирүүлсэн. Б.О-г өөрт нь мэдэгдэлгүй халсан бол тушаалаа яаж гардаж авч шүүхэд хандсан юм бэ. Шүүхэд нэхэмжлэл гаргахдаа гомдол гаргах 1 сарын хугацаанд гомдлоо гаргасан учир энэ хүн тушаал гарсан эсэхийг мэдээгүй гэх зүйл байхгүй. Ажил олгогчийн санаачлагаар халах тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйл тусгагдсан байх ёстой боловч нэхэмжлэгч ажил олгогчийн санаачлагаар халах сахилгын шийтгэл байгаагүй. Энэ бол хөдөлмөрийн маргаан биш нийтийн албан тушаалтай холбоотой маргаан юм. Нийтийн албан тушаалтан өөрийн хувийн ашиг сонирхлын мэдүүлгээ ажилд томилогдохоос өмнө бөглөх ёстой байсан бөгөөд Авлигатай тэмцэх газраас ирүүлсэн албан бичигт хууль хэрэгжүүлэхийг шаардсан байгаа. Б.О ажилд орохоос өмнө ашиг сонирхлын мэдүүлгээ бөглөж өгөх ёстой. Авлигатай тэмцэх газраас хал гээгүй тушаалаа зас гэсэн байгаа боловч үүнийг яаж засаж зөвтгөх байсан юм. Энэ талаар нэхэмжлэгч тал хуулийн тайлбар хэлсэнгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Авлигатай тэмцэх газраас албан бичгийн хавсралт гаргуулах хүсэлтээс татгалзаж байна гэв.

Хариуцагч Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч О.А шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэг нь тодорхой албан тушаалтан, ажилтнууддаа дүрэмт хувцас олгож, ахлах, удирдах албан тушаалтны дүрэмт хувцаст алтан өнгөт утсаар чимэглэл хийлгэдэг. Нэхэмжлэгч Б.Онь 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдөр шинэ дүрэмт хувцас захиалан, чимэглэл хийлгэсэн. Ахлах албан тушаалтны хувьд дүрэмт хувцасны төлбөрийн тодорхой хувийг байгууллага хариуцан хөнгөлөлт үзүүлдэг боловч Б.О-н хувьд 2017 оны 09 дүгээр сард хөдөлмөрийн харилцаа дуусгавар болсон тул дүрэмт хувцасны үнийг бүхэлд нь нэхэмжилж байна. Б.О-н дүрэмт хувцасны төлбөрт 220.000 төгрөг, дүрэмт хувцасны хатгамал чимэглэлд 409.813 төгрөг зарцуулснаас түүний цалингаас 49.533. төгрөг суутгасан. Иймд Б.О-с 580.280 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Д шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь Б.О хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан бөгөөд хариуцагч байгууллага  тодорхой албан тушаалтан, ажилтнууддаа дүрэмт хувцас олгож, ахлах, удирдах албан тушаалтны дүрэмт хувцаст алтан өнгөт утсаар чимэглэл хийлгэдэг байсан. Хариуцагч нь өөрийн тогтоосон журам, дүрмийн дагуу ажилтан, албан тушаалтнууддаа дүрэмт хувцас, түүний чимэглэл олгож байсан нь албаны зорилгоор ажилтнаа хувцас хэрэгслээр хангаж байсан хэрэг болохоос Б.О-н хувийн хэрэгцээнд зориулан олгоогүй гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад              

ҮНДЭСЛЭХ нь:

 Нэхэмжлэгч Б.Онь хариуцагч Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, олговорт 15.822.720 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай, хариуцагч нь нэхэмжлэгчид холбогдуулж дүрэмт хувцасны үнэ 580.280 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргажээ.

Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын даргын 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн * дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4, 43 дугаар зүйлийн 43.1, Монгол Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн дүрмийн 22 дугаар зүйлийн а, з, заалт, Авилгатай тэмцэх газраас ирүүлсэн авилгын эсрэг хуулийн заалтууд зөрчигдсөн талаар өгсөн зөвлөмжийг тус тус үндэслэн Хүний нөөцийн албаны дарга Б.Оюунчимэгтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалжээ.

Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам нь нэхэмжлэгч Б.О-тэй хөдөлмөрийн гэрээ байгуулан Хүний нөөцийн албаны даргын албан тушаалд томилсон болох нь хөдөлмөрийн гэрээ, Улаанбаатар төмөр замын даргын 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн Б-1-222 тушаал гэсэн баримтуудаар тогтоогдож байна.

Шүүх хуралдаанд хариуцагч нь “хувийн ашиг сонирхлын мэдүүлгээ ажилд орхоос өмнө бөглөх ёстой байсан. Авлигатай тэмцэх газраас ирүүлсэн Зөрчил арилгуулах, хуулийн хэрэгжилт хангуулах тухай албан бичгийг үндэслэн хөдөлмөрийн гэрээг цуцалсан” гэж тайлбарлан маргажээ.   

Хариуцагч Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам нь Б.О-н хувийн ашиг сонирхлын урьдчилсан  мэдүүлгийг хүлээн авч Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5-д зааснаар Авлигатай тэмцэх газарт 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүргүүлснээр нэхэмжлэгч нь 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд дээрх албан тушаалд ажилласан байна.

Монголын төмөр замчдын нэгдсэн холбоо ТББ-аас ирүүлсэн “УБТЗ ХНН-ийн холбогдох албадын дарга нарыг хууль бусаар ашиг сонирхлын зөрчилтэй томилсон” гэх гомдол мэдээллийг Авлигатай тэмцэх газраас шалгаж 2017 оны 03 дугаар сарын 23, 24-ний өдөр “томилогдсон нэр бүхий албан тушаалтнуудыг тухайн ажлын байранд томилсны  дараа урьдчилсан мэдүүлгийг ирүүлсэн нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн заалт зөрчигдсөн, цаашид хуулийг хэрэгжүүлж арга хэмжээ авч ажиллах” талаар 025/2768, 05/2850 албан бичгийг хариуцагчид хүргүүлж, хариуцагчаас 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн* “ Б.О-г,удирдах албан тушаалаас нь өөрчлөн тохирох ажилд томилохоор шийдвэрлэсэн”, 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн *  “Б.О-тзохих арга хэмжээ авч шийдвэрлэсэн болох” хариу албан бичгийг тус тус хүрүүлсэн байна.

  Хариуцагч нь нэхэмжлэгчийг дээрх албан тушаалд томилохоос өмнө Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5-д зааснаар түүний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг Авлигатай тэмцэх газарт хүргүүлэх үүргээ биелүүлэлгүй ажилд томилсноос хойш 2 хоногийн дараа хүргүүлсэн боловч, Б.О-г,тухайн албан үүргийг хэрэгжүүлэхэд ашиг сонирхлын зөрчил үүсч болох талаар тогтоогдсон дүгнэлтийг ирүүлээгүй, шүүхийн хэлэлцүүлгээр энэ байдал тогтоогдоогүй тул хариуцагчийн тайлбар үндэслэлгүй бөгөөд Авлигын эсрэг хуулийн заалтууд зөрчигдсөн гэсэн үндэслэлээр түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4-т заасан  хууль тогтоомжид заасан эрх бүхий байгууллага шаардсан гэсэн үндэслэлээр цуцалсан нь хуульд нийцээгүй байна.

Иймд Б.О-г,Хүний нөөцийн албаны даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 20-ныг хүртэлх хугацаа буюу ажлын 77 хоногийн цалинг тооцохдоо түүний * дугаартай нийгмийн даатгалын дэвтрийг үндэслэн /11.915.880:3=3.971.960:22=180.544х77=13.901.888/ олговорт 13.901.888 гаргуулж, үлдэх 1.920.832 төгрөгний шаардлагыг хэрэгсэхгүй болгож, эрүүл мэнд нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч  Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд даалгаж, нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнг дурьдаж, хангаж буй үнийн дүнд ногдох төлбөрийг хариуцагчаас гаргуулж улсын төсөвт оруулж  шийдвэрлэлээ.

Хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам нь нэхэмжлэгч Б.О-салбаны дүрэмт хувцасны үнэ 580.280 төгрөгийг сөрөг нэхэмжлэлээр шаардсан боловч нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан тушаалыг хууль зөрчсөн гэж үзэж түүнийг ажилд нь эгүүлэн тогтоосон, Улаанбаатар төмөр замын ажилтнууд дүрэмт хувцас, ялгах тэмдэг хэрэглэх тухай журмын 1.3, 1.3.2-д зааснаар Б.О-налбан тушаал дүрэмт хувцас, ялгах тэмдэг хэрэглэх албан тушаалын зэрэглэлд хамаарч байх тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэв.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн хүсэлтээр Авлигатай тэмцэх газраас албан бичгийг баримтаар гаргуулсан боловч эдгээр баримтууд нь нэхэмжлэгчтэй хамааралгүй байх тул дүгнэлт өгөх шаардлагагүй, хариуцагчийн төлөөлөгч дээрх албан бичгийн хавсралтыг гаргуулах хүсэлтээс татгалзсан болохыг дурьдав.