Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 001/ХТ2020/00764

 

Э и ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 359 дугаар шийдвэртэй,

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 65 дугаар магадлалтай,

Э и ХХК-ийн нэхэмжлэлтэй,

БХ ХХК-д холбогдох

Ажлын хөлс, алданги 248.212.816 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.А-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Бат-Энх, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.А /онлайн/, хариуцагчийн өмгөөлөгч Л.О /онлайн/ нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Э и ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...БХ ХХК-ийн захирал Б.Ганбаатартай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Дулаан шарын гол ТӨХК-ийн Дулааны станцаас дулаан хуваарилах төв хүртэлх гадна дулааны 2,2 км төв магистрал шугамын өргөтгөл, шинэчлэлийн 250.000.000 төгрөгийн ажлыг хийхэд БХ ХХК-ийн туслан гүйцэтгэгчээр ажиллахаар тохиролцсон. Гэрээний дагуу манай компаний зүгээс 2017 оны 8 сарын 25-ны өдрөөс 2017 оны 11 сарын 11-ний өдөр хүртэл нийт 186.874.974 төгрөгийн ажлыг гүйцэтгэсэн. Гэтэл гэрээнд заасны дагуу ажил үүргээ хэвийн явуулж байхад БХ ХХК-ийн зүгээс манай байгууллагыг ажлын талбараас үндэслэлгүйгээр хөөж эхэлсэн. Ингээд арга буюу ажлын талбарыг орхиж явсан. Манай байгууллагын зүгээс ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажлаа хийж байхдаа хамгийн хүнд хэцүү техник төхөөрөмж кран орох боломжгүй хэсгийн ажлыг гүйцэтгэсэн. Хийсэн ажлынхаа хөлсөө тус байгууллагаас удаа дараа нэхэхэд өдий болтол өгөхгүй байна. Иймд Э и ХХК-ийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж 208.494.709 төгрөг гаргуулах, энэхүү төлөгдөөгүй үнийн дүнгийн алданги 1 өдрийн 104.247 төгрөг буюу 381 өдрийн алданги гэж 39.718.107 төгрөгийг нэмж, нийт 248.212.816 төгрөгийг БХ ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч БХ ХХК-ийн шүүхэд гаргасан тайлбарт: ...Хариуцагч тал нэхэмжлэгчтэй гэрээ байгуулахдаа хийж гүйцэтгэх ажлын төсөв үзүүлж гэрээг байгуулсан байдаг боловч тухайн үед төсвийн задаргаагаа танилцаагүйгээр ерөнхий дүн буюу 250.000.000 төгрөгийн дүнгийн хувьд тухайн ажлыг хийж гүйцэтгэж болох байх гэсэн тооцооллоор гэрээг зөвшөөрч байгуулагдсан гэсэн байна. Анх гэрээ байгуулахаас өмнө төсвийг үзэж танилцаад үнийн дүн /216.000.000/ бага байна. 34.000.000 төгрөг нэмээд 250.000.000 төгрөгөөр байгуулъя. Тэгээд гүйцэтгэлээрээ тохиръё гэсэн санал тавьсан нь Б.А- өөрөө бөгөөд энэ ажлыг бүрэн чанартай хийж дуусгаад хүлээлгээд өгсөн тохиолдолд 250.000.000 төгрөг төлж болох юм гэж ярилцаад 250.000.000 төгрөгөөр гэрээ байгуулсан. Энэхүү ажил нь өөрийн хөрөнгөөр хийж гүйцэтгээд дараа нь санхүүжилт авах тухайн жилийн төсөвт нэг ч төгрөг тавигдаагүй ажил байсан ба бид энэ ажлыг бартераар гүйцэтгэхээр тохирч байсан. Энэ батлагдсан төсвийг ашиглагч захиалагчаас алинаас нь гаргуулж авах боломжтой ба энэ төсөвт бууруулах гэсэн үйлдэл хийгдээгүй нь нотлогдох болно. Ажил гүйцэтгэх явцад эрт цас орж цочир хүйтэрсэнтэй холбоотойгоор Шарын гол сум хөлдөх аюул нүүрлэж гагнуурчдыг аймгийн Засаг дарга болон захирагчийн ажлын албанаас зохион байгуулалттайгаар нэмэлт хүч болгон авч ирсэн. Бид энэ 3 гагнуурчны хийсэн ажлыг тухайн гүйцэтгэлээс хасаж тооцоогүй болно. Энэ нь гүйцэтгэсэн ажлын үнэлгээг бууруулах гэсэн арга зам биш гэдэг нь нотлогдож байна. Бид ажлын талбай дээрээс хэнийг ч хөөгөөгүй ба хурдан ажиллахыг шаардаж байсан болно. Манай компани угсралтын ажлыг нөгөө захаас нь хийгээгүй байсан бол энэ гэрээт ажил хугацаандаа дуусахгүй байсан. 2 компани зэрэг хийгээд 10 сарын 30-ны өдөр шинэ шугам бүрэн холбогдож ажиллаж эхэлсэн. 10 сарын 29-ний өдрийн Шарын гол сумын Засаг даргын өндөржүүлсэн бэлэн байдал зарласан А/118 тоот захирамжаар нотлогдоно. Мөн энэ 23-ны өдрийн тайлбарт Э и ХХК-ийн хийсэн ажилд БХ ХХК засварласан нэмэлтээр хийсэн ажлуудыг болон станцын гагнуурчдын хийсэн ажлыг гүйцэтгэлээс хасаж тооцоогүй нь мөнгө хасах гэсэн үйлдэл биш гэдэг нь хэнд ч ойлгогдох биз. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 359 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т заасныг баримтлан хариуцагч БХ ХХК-иас ажлын хөлс 147.725.000 төгрөг, алданги 28.141.612,5 төгрөг, нийт 175.866.612,5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э и ХХК-нд олгож, нэхэмжлэлийн үлдэх 72.346.203,5 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.642.060 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 1.037.283 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 65 дугаар магадлалаар Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 359 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтыг: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т заасныг баримтлан хариуцагч БХ ХХК-аас ажлын хөлс 208.494.709 төгрөг, алданги 39.718.107 төгрөг, нийт 248.212.816 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э и ХХК-д олгож гэж, 2 дахь заалтын: ...үлдээж, гэсний дараа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 1.642.060 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 519.681 төгрөгийг шүүгчийн захирамжаар нэхэмжлэгчид буцаан олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.3, 162 дугаар зүйлийн 162.4-д зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 506.127 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн өмгөөлөгч Л.О-ын хяналтын журмаар гаргасан гомдолд: ...Шийдвэр, магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч Э и ХХК нь Бурханхясаат ХХК-д холбогдуулан анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 250.000.000 төгрөгийн ажил хийхээр гэрээгээр тохирсон бөгөөд 2017 оны 8 сарын 25-аас 2017 оны 11 сарын 11-ний өдөр хүртэл хугацаанд 186.874.974 төгрөгийн ажлыг гүйцэтгэсэн гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлон нэхэмжлэл гаргаснаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан шинжээчдийн дүгнэлтүүдийг үндэслэн шаардлагаа 19.631.344 төгрөг, 248.212.816 төгрөг болгон удаа дараа нэмэгдүүлж ирсэн. Нэхэмжлэгч нь хийсэн ажлынхаа тоо хэмжээг өөрөө мэдэж нэхэмжлэлийн шаардлагаа гаргачихаад шинжээчийн дүгнэлтэнд тулгуурлан нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэлгүйгээр нэмэгдүүлж ирснийг шүүх анхаарч үзэх ёстой байсан. БХ ХХК нь Шарын гол сумын Дархан шарын гол ТӨХК-ийн дулааны станцаас дулаан хувиарлах төв хүртэлх гадна дулааны 2,2 км шугамын өргөтгөл шинэчлэлтийн ажлыг хийхээр тендерт орохдоо Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28.7.3-т Бүх тендерийг бага харьцуулах үнэтэйгээс их харьцуулах үнэтэй рүү эрэмбэлж хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг сонгоно, 28.7.4-т Хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн тендер гэж үзнэ... гэж заасан заалтын дагуу хамгийн бага үнийн санал тавьж тендерт шалгарсан байдаг. Эрчим хүчний хөгжлийн төвийн баталсан төсвөөс сантехникийн угсралтын ажилтай холбоотой хэсгийг салган авч 216.000.000 төгрөгийн төсөв гаргаад энэ төсвийн хүрээнд Э и ХХК-ийн захирал Б.А- Бурханхясаат ХХК-ийн захирап Б.Ганбаатар нар уулзаад 250.000.000 төгрөгийн төсөвт ажил хийх байдлаар гэрээгээ байгуулъя, гэрээгээ дүгнэхдээ ажлын гүйцэтгэлээрээ хөлсөө тооцоё гэсэн саналыг Б.Аптанбаяр тавьсан тул үүнийг нь Б.Ганбаатар захирал зөвшөөрч 250.000.000 төгрөгийн төсөвт ажил хийлгэх гэрээг 2017 оны 8 сарын 25-ны өдөр байгуулсан байна. Энэ гэрээний дагуу БХ ХХК нь гэрээний хөлсний урьдчилгаанд Э и ХХК-д Дархан сумын 13-р хороолол 3-р байрны 36 тоот 2 өрөө орон сууцыг 2017 оны 9 сарын 02-ны өдөр хүлээлгэн өгч, өмчлөх эрхийн гэрчилгээг нь 2018 оны 6 сард гаргаж өгөхөөр Б.А-тай тохиролцож, Б.А- нь 2 өрөө орон сууцыг хүлээн авч энэ орон сууцанд 2018 оны 9 сарын 02 хүртэл амьдарсан. Тохирсон хугацаанд 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг нэр дээр нь гаргуулж өгөхөөр бичиг баримтаа аваад ирээч гэж Б.А-т хэлэхэд тэр 2 өрөө орон сууцаа ав, танайхыг шүүхэд өгсөн байгаа гэж хэлсэнээр 2018 оны 8 сард байраа буцаан авсан байдаг. Энэ 2 өрөө орон сууцыг хөлсөнд өгсөнөөр Э и ХХК-ийн хийсэн ажлын хөлсний 97% нь төлөгдсөн гэж тооцож ирсэн байхад энэ хугацааны алдангийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байгаа бөгөөд алданги тооцох үнийн дүнг 208.494.709 төгрөг гэж шинжээчийн дүгнэлтээр тооцон гаргасан нь хариуцагчийн эрх ашгийг хохироож байна. Энэ үнэлгээгээр гэрээний үнийг тодорхойлох боломжгүй бөгөөд яаж ч бодсон 250.000.000 төгрөг гэсэн тооцоо гарахгүй юм. Энэ нь 216.000.000 төгрөгийг өсгөсөн байдлаар тооцож Иргэний хуулийн 343.2-т заасанд нийцүүлэн ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна гэж тооцсоныг нотолж байгаа болно. Б.А- нь гэрээний үнэнд тооцон авсан 2 өрөө орон сууцнаас өөрөө татгалзаж бэлэн мөнгө гаргуулж авна хэмээн шүүхэд нэхэмжлэл гаргаж орон сууцыг буцаан өгч дураар аашлан гэрээний үнийг, алдангийн хамтаар бүтэн нэхэмжилсэн нь үндэслэлгүй. Хоёр өрөө орон сууцанд амьдарч байсан гэдэгтээ нэхэмжлэгч тал маргадаггүй. Гэтэл анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан баримт үйл явдлыг буруу дүгнэж хэргийн бодит байдалд нийцээгүй үндэслэлгүй шийдвэр гаргаж алдангийг бүрэн хэмжээгээр тооцож хариуцагчийн эрх ашгийг хохироосон. Э и ХХК нь гэрээнд заагдсан нийт 4075 м дулааны шугам, 3706 м цэвэр усны шугам угсрах ажил хийхээс 2606 м дулааны шугам, /энэ ажлаасаа 110 м-ийг нь дулаалж будсан үлдэх хэсгийг нь дулаалж будаагүй, 845 м цэвэр усны шугам угсарсан/ энэ ажлынх нь будаж дулаалах ажлаа огт хийгдээгүй/ байдаг ба үндсэндээ нийт хийх 2,2 км ажлаас 1,3 км ажлыг хийж гүйцэтгэсэн гэж хийсэн ажлын тоо хэмжээн дээр маргахгүй байхад давж заалдах шатны шүүх гэрээгээр хүлээсэн бүх ажлыг бүрэн хийж гүйцэтгэсэн гэж дүгнэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэнд бас гомдолтой байна. Үндсэн гэрээт ажлаа цаг хугацаандаа хийж дуусгахгүй байснаас болж гэрээний хугацаанд хавчигдаж онц байдал зарлагдаад байсан учраас арга буюу БХ ХХК Э и ХХК-ийн хийх ажлаас 1469 м дулааны шугам, 2861 м цэвэр усны шугам угсрах ажлыг хийсэн. Энэ хийсэн ажлын тооцоон дээр талууд аль аль нь маргадаггүй боловч шинжээчийн дүгнэлт Эх төсөв буюу Эрчим хүчний хөгжлийн төвийн баталсан төсвийн хүрээнд бус зах зээлийн ханшаар тооцогдсонд гол зөрүү нь гараад байгаа юм. Энэ зөрүүг арилгуулах зорилгоор гэрээ байгуулсан 216.000.000 төгрөгийн төсөвт ажлаас буюу 2,2 км төв шугамын өргөтгөл шинэтгэлийн ажлын талбайд Э и ХХК болон БХ ХХК-иуд тус бүр хэдэн төгрөгийн ажил гүйцэтгэсэн талаар нэмэлт шинжилгээ хийлгүүлж дүгнэлт гаргуулах хүсэлт гаргасныг анхан шатны шүүх хүлээн аваад 608 тоот захирамжаар хүсэлтийг хангаж шийдвэрлэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн атлаа захирамжийн биелэлт хангагдаагүй байхад Барилга хөгжлийн төвийн 2019 оны 3 сарын 29-ний өдрийн 3/485 дугаартай албан тоотын... дахин дүгнэлт гаргаж шинжээчээр ажиллах боломжгүй гэсэн хариугаар хэрэг түдгэлзүүлсэн нөхцөл байдал арилсан гэж үзэж дахин өөр эрх бүхий шинжээчийг томилохгүйгээр хэргийг сэргээж хурал товлож хуралдуулсан нь хууль зөрчиж хариуцагчийн эрх ашгийг хөндсөн нэг талын шийдвэр гаргасан гэж үзэхээр байна. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа хоёр удаа нэмэгдүүлснээр төлөх, улсын тэмдэгтийн хураамж 1.642.060 төгрөг болсон байдаг. Тэгвэл хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлага болох үнийн дүн 248.212.816 төгрөгөөс 106.000.000 төгрөгийг хүлээн зөвшөөрч /2 өрөө орон сууцыг шүүхэд нэхэмжлэл гаргасныхаа дараа буцаан өгсөн учраас/ үлдэх хэсгээс нь татгалзаж байгаа тул илүү төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчид буцаан олгож өгөхийг хүсье. Иймд хэргийг анхан шатны шүүхэд буцааж дахин шийдвэрлүүлж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Э и ХХК, хариуцагч БХ ХХК-д холбогдуулан анх  ажлын хөлс 186.874.978 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ажлын хөлс 208.494.709 төгрөг, алданги 39.718.107 төгрөг, нийт 248.212.816 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлжээ.

Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулан нэхэмжлэлийг бүхэлд нь хангажээ.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад бүрэн нийцээгүй байх тул хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангаж, шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

Хоёр шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэжээ.

Зохигчийн хооронд байгуулагдсан 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн гэрээгээр нэхэмжлэгч Э и ХХК нь хариуцагч БХ ХХК-ийн гүйцэтгэх Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Дулаан шарын гол ТӨХК-ийн Дулааны станцаас дулаан хуваарилах төв хүртэлх гадна дулааны 2,2 км төв магистрал шугамын өргөтгөл, шинэчлэлийн ажлаас 250.000.000 төгрөгийн ажлыг туслан гүйцэтгэхээр тохиролцсон байна.

Энэхүү гэрээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээний шинжийг агуулсан, хүчин төгөлдөр болохыг хоёр шатны шүүх хуульд нийцүүлэн дүгнэжээ.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.3, 350 дугаар зүйлийн 350.1.6-д зааснаар ажил гүйцэтгэгч нь захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй ажлын үр дүнг шилжүүлэх, мөн хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.2-т зааснаар захиалагч гүйцэтгэсэн ажлын үр дүнг хугацаанд нь хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.

Хариуцагч БХ ХХК нь нэхэмжлэгч Э и ХХК-ийн гүйцэтгэсэн ажлын тоо, хэмжээний талаар маргасан хэдий ч нэхэмжлэгчийн баримтыг үгүйсгээгүй тул шүүх гэрээгээр тохирсон ажлаас 1.3 км-ын ажлыг гүйцэтгэсэн гэж үзсэн нь буруу биш байна.

Зохигч гүйцэтгэсэн ажлыг хүлээлцэн, гүйцэтгэлийг баталгаажуулаагүй болох нь тогтоогджээ. Харин хариуцагч БХ ХХК нь ажлын ерөнхий гүйцэтгэгчийн хувьд магистрал шугамын өргөтгөл, шинэчлэлийн нийт ажлыг 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр улсын комисст хүлээлгэн өгсөн тогтоогдсон учир нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажлыг хүлээн авсан гэж үзнэ.

Иймээс гүйцэтгэсэн ажлын хөлсийг нэхэмжлэгч шаардах эрхтэй, энэ тухай хоёр шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцжээ.

Гэрээнд ажлын хөлсийг 250.000.000 төгрөг гэж тохиролцсоноос гадна ажлын хөлсийг гүйцэтгэлээр, бартераар санхүүжүүлэхээр талууд тохиролцсон, урьдчилгаанд 102.000.000 төгрөгийн орон сууцыг нэхэмжлэгч авсан боловч хожим буцаан өгснийг зохигч маргаагүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар шүүх хэргийн оролцогчийн гаргасан болон тэдний хүсэлтээр шүүхээс бүрдүүлсэн нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх журамтай.

Анхан болон давж заалдах шатны шүүх ажлын хөлсийг өөр өөрөөр тооцохдоо  зохигчийн тайлбар, тэдний гаргасан төсөв, тооцоолол, 2 удаагийн шинжээчийн дүгнэлт болон хэрэгт авагдсан бусад баримтыг хэрхэн харьцуулан үнэлсэн нь тодорхой бус болжээ.

Нэхэмжлэгч Э и ХХК нь гүйцэтгэсэн ажлаа 186.874.974 төгрөгөөр тооцон анх нэхэмжлэл гаргасныг хариуцагч зөвшөөрөөгүй, зохигчийн хүсэлтээр шүүх хоёр удаа шинжээч томилж дүгнэлт гаргуулсан, эхний шинжээч ажлын гүйцэтгэлийг 191.631.344 төгрөг, хоёр дахь шинжээч 208.494.709 төгрөг гэж тогтоожээ. 

Нэхэмжлэгч хоёр удаагийн шинжээчийн дүгнэлтийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн ажлын хөлс шаардсан бөгөөд анхан шатны шүүх, нэхэмжлэгч нийт 2.2 км шугамын өргөтгөлийн ажил хийхээс 1.3 км-ийг буюу ажлын 59.09 хувийг гүйцэтгэсэн гэж үзэж, уг хувийг гэрээний үнийн дүн 250.000.000 төгрөгөөс тооцон  147.725.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулжээ. Давж заалдах шатны шүүх ажлын хөлсөд хоёр дахь шинжээчийн дүгнэлтийг үндэслэн 208.494.709 төгрөг гаргуулах нь хуульд нийцнэ гэж үзсэн ба хоёр шатны шүүхийн дүгнэлтүүд үндэслэлтэй болж чадаагүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ, хариуцагч татгалзлын үндэслэлээ тус тус нотлох үүргийг хүлээдэг бөгөөд нэхэмжлэгч  гүйцэтгэсэн ажлын хөлсөд 186.874.974 төгрөг шаардаж нэхэмжлэл гаргасныг, хариуцагч зөвшөөрөөгүйгээс нэхэмжлэгч өөрийн шаардлагыг нотлох зорилгоор шинжээч томилуулж дүгнэлт гаргуулсан байна. Тухайн шинжээчийн тогтоосон үнэлгээ нэхэмжлэгчийн шаардсан хөлсөөс илтэд зөрүүтэй биш байна. Харин хариуцагч эдгээрийг няцаах зорилгоор дахин шинжээч томилуулсан бөгөөд шинжээч ажлын бодит зардал 208.494.709 төгрөг гэжээ. Эдгээрээс үзвэл нэхэмжлэгч анх ажлын хөлсөд 186.874.974 төгрөг шаардсаныг үгүйсгэх боломжгүй болно. Дээрх байдлаар хоёр шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, хэрэгт цугларсан баримтуудыг харьцуулахгүйгээр тухайлбал, анхан шатны шүүх зөвхөн гэрээний үнийг, давж заалдах шатны шүүх сүүлийн шинжээчийн дүгнэлтийг  үндэслэн нэхэмжлэлийг шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

Ажлын хөлсийг 216.000.000 төгрөгөөр тохирсон гэх хариуцагчийн тайлбар нотлогдоогүй, ажлын хөлсийн урьдчилгаанд Дархан сумын 13 дугаар хороолол, 3 дугаар байрны 36 тоот байрыг өгсөн хэдий ч хожим буцаасан тул хариуцагчаас 186.874.974 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 344 дүгээр зүйлийн 344.1-д заасныг зөрчихгүй байна.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д “хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөх анзыг алданги гэнэ” гэж заажээ.

Алданги шаардсан нэхэмжлэлийн үндэслэл болгож буй гэрээний 7.1-д “захиалагч болон гүйцэтгэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь гүйцэтгэж чадаагүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд хийх ёстой байсан ажлын үнийн дүнгийн 0.05 хувиар алданги тооцож авна” гэж тохиролцсон байна.

Ажил гүйцэтгэх хугацааг гэрээнд 2017 оны 8 дүгээр сарын 25-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр гэж тусгаж, ажлыг бүрэн гүйцэтгэсний дараа үлдэгдэл  хөлсийг төлөхөөр заажээ. Ажлыг улсын комисс хүлээн авсан 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс ажлын хөлс төлөх үүргийг хариуцагч хүлээх ба энэ хугацаанаас хойш  хугацаа хэтэрсэн байх тул нэхэмжлэгч алданги шаардах эрхтэй.

Алдангийг 186.874.974 төгрөгөөс нэхэмжлэлд заасан 381 хоногоор бодоход /1 өдөр 93.437 төгрөг/ 35.599.497 төгрөг байна.

Дээр дурдснаар хариуцагчаас ажлын хөлс, алдангид 222.474.475 төгрөг гаргуулж, энэ үндэслэлээр шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 65 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 359 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч БХ ХХК-с 222.474.475 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Э и ХХК-д олгож, 25.738.345 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.” гэж, тогтоох хэсгийн 2 дахь заалтад “1.037.283 төгрөг” гэснийг “1.270.322 төгрөг” гэж тус тус  өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгч Л.О-ын гомдлын зарим хэсгийг хангасугай.

2. Хариуцагч БХ ХХК нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 1.400.000 төгрөг төлснийг шүүгчийн захирамж гарган буцаан олгосугай.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ