Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 102/ШШ2017/03383

 

2017 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 102/ШШ2017/03383

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ... дүүрэг, ... дүгээр хороо, ..., ... хотхон, ... дугаар байр, ... тоотод оршин суух, Боржигон овогт Г.Б -ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, ... дугаар хороо, ..., ... байрны .... тоотод оршин суух, Харчу овогт Л.Э -д холбогдох

 

Бусдын хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Түмэн-Өлзий нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Бийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлд: Хариуцагч Л.Э, нэхэмжлэгч Г.Б миний бие харилцан 2016 оны 12 дугаар сарын 6-ны өдөр эвлэрлийн гэрээ байгуулж, 2017 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн дотор хариуцагч нь нэхэмжлэгчид 174,593,550 төгрөгийг төлөхөөр тохиролцсон. Гэрээний хугацаа дуусч, хариуцагч нь үүргээ биелүүлээгүй тул уг гэрээний 2.2-т заасан үүргээ биелүүлэхгүй байгаа тул нэхэмжлэгч гэрээний 2.4-т заасан эрхийн дагуу Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс /16100/ Москва гудамж, 46/1 дүгээр байрны 57, 96 тоот орон сууцнуудыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гаргаж байна гэв.

 

Шүүх зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

               ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.Б Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс /16100/ Москва гудамж, 46/1 дүгээр байрны 57, 96 тоот орон сууцнуудыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гаргаж байна.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэв.

 

Хариуцагч Л.Эад шүүх хуралдааны товыг 2017 оны 12 дугаар сарын 8-ны өдөр мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, нэхэмжлэгч Г.Б хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлт гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ. гэж заасантай харшлахгүй гэж үзлээ.

 

Мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ. гэж заасан боловч шүүх хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд хэргийг хянан хэлэлцэж нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл нэхэмжлэгч Г.Б нь маргааны зүйл болох Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс /16100/ Москва гудамж, 46/1 дүгээр байрны 57, 96 тоот орон сууцнуудын өмчлөгч болох нь эрхийн улсын Ү-2205059091, Ү-2205059098 дугаар бүртгэлтэй, бүртгэлийн дагуу олгосон 000527311, 000527312 дугаартай гэрчилгээгээр тогтоогджээ.

 

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д Өмчлөгч нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхээ энэ хуульд заасны дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авснаар түүний өмчлөх эрх баталгаажна гэж хуульчилснаас үзэхэд маргаан бүхий орон сууцны хууль ёсны өмчлөгч нь Г.Б байх тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж заасны дагуу хариуцагч Л.Эын хууль бус эзэмшлээс маргаан бүхий орон сууцнуудыг чөлөөлүүлэхээр нэхэмжлэгч Г.Б шаардах эрхтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Иймд нэхэмжлэгч Г.Бийн өмчлөлийн Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс /16100/ Москва гудамж, 46/1 дүгээр байрны 57, 96 тоот орон сууцнуудыг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар хариуцагч Л.Эын хууль бус эзэмшлээс чөлөөлөх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан эрхийн улсын Ү-2205059098 дугаарт бүртгэлтэй Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс /16100/ Москва гудамж, 46/1 дүгээр байрны 96 тоот орон сууц, мөн эрхийн улсын Ү-2205059091 дугаарт бүртгэлтэй Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс /16100/ Москва гудамж, 46/1 дүгээр байрны 57 тоот орон сууцуудыг хариуцагч Л.Эын хууль бус эзэмшлээс чөлөөлсүгэй.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Бөөс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Эаас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шүүхийн шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              М.МӨНХТӨР