Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 001/ХТ2018/00864

 

Г.Б-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 102/ШШ2017/03383 дугаар шийдвэр

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 210/МА2018/00424 дүгээр магадлалтай

Г.Б-ийн нэхэмжлэлтэй

Л.Э-ад холбогдох

Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс /16100/, Москва гудамж, 49/1 дүгээр байрны 57, 96 тоот орон сууцнуудыг хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгч Г.Б-ийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

Шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхтөр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Л.Э-, нэхэмжлэгч Г.Б- миний бие харилцан 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр эвлэрлийн гэрээ байгуулж, 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн дотор хариуцагч нь нэхэмжлэгчид 174 593 550 төгрөгийг төлөхөөр тохиролцсон. Гэрээний хугацаа дуусч, хариуцагч нь үүргээ биелүүлээгүй тул гэрээний 2.4-т заасан эрхийн дагуу Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс /16100/ Москва гудамж, 46/1 дүгээр байрны 57, 96 тоот орон сууцнуудыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 102/ШШ2017/03383 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан эрхийн улсын Ү-2205059098 дугаарт бүртгэлтэй Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс /16100/ Москва гудамж, 46/1 дүгээр байрны 96 тоот орон сууц, мөн эрхийн улсын Ү-2205059091 дугаарт бүртгэлтэй Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс /16100/ Москва гудамж, 46/1 дүгээр байрны 57 тоот орон сууцуудыг хариуцагч Л.Э-ын хууль бус эзэмшлээс чөлөөлж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Б-өөс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Э-аас 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 210/МА2018/00424 дүгээр магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 102/ШШ2017/03383 дугаар шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Л.Э-ын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Г.Б- миний бие өөрийн хууль ёсны өмч болох Ү-2205059091, 1205059098 тоот үл хөдлөх хөрөнгийн бүртгэлтэй 000415421, 0004154413 тоот гэрчилгээний дугаартай Баянгол дүүргийн 20 дугаар хороо Үйлдвэрийн баруун бүс Москва гудамж 46/1 байрны 57, 96 тоот хоёр орон сууцыг хууль бус өмчлөлөөс чөлөөлж өгөх нэхэмжлэлийг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 102/ШШ2017/03383 дугаар шийдвэр гарсан боловч хариуцагч Л.Э-ын давж заалдсан Нийслэлийн Иргэний хэргийн давж залтах шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй гэж үзэж байна.

Нэхэмжлэгч Г.Б- миний бие Монгол улсын иргэний хууль, бүртгэлийн тухай хууль болон холбогдох хуулийн дагуу өмчлөгч болохыг нотлосон Ү-2205059091, 2205059098 тоот дугаартай үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээр баталгаажсан өмчөөс чөлөөлж өгөх хүсэлт Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан байхад Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас давсан, холбогдолгүй шийдвэр гаргасан байгаа тул дахин хянан үзэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Г.Б- нь Баянгол дүүргийн 20 дугаар хороо Үйлдвэрийн баруун бүс, Москва гудамж, 49-1 дүгээр байрны 57, 96 тоот орон сууцыг Л.Э-ын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан байна.

Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль зөрчөөгүй тул магадлалыг эс зөвшөөрсөн нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй.

Нэхэмжлэгч Г.Б- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “...хариуцагч нь гэрээгээр хүлээсэн 174 593 550 төгрөг төлөх үүргээ биелүүлээгүй үндэслэлээр талуудын хооронд байгуулагдсан гэрээний 2.4.-т заасан эрхийн дагуу хариуцагчийг орон сууцнаас албадан чөлөөлүүлж өгнө үү” гэжээ.

Албадан чөлөөлүүлэхийг шаардаж буй орон сууцнууд нь хэрэгт авагдсан Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээгээр нэхэмжлэгчийн өмчлөлд бүртгэгдсэн байх боловч нэхэмжлэлийн шаардлага нь талуудын хооронд 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр байгуулагдсан Эвлэрлийн гэрээнд үндэслэсэн гэх бөгөөд тус Эвлэрлийн гэрээ хэрэгт авагдаагүй тул шүүх үйл баримтад дүгнэлт хийх, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.

Хэдийгээр хариуцагч шүүхэд хариу тайлбараа гаргаагүй, шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3.-т зааснаар хэрэгт авагдсан баримтад үндэслэн хэргийг шийдвэрлэх тул анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагад нийцээгүй байна.

Иймд магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхийг хүссэн нэхэмжлэгчийн гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

Түүнчлэн нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд заасан хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй байгааг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 210/МА2018/00424 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Г.Б-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч Г.Б-өөс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Б.УНДРАХ

          ШҮҮГЧ                                                            Х.ЭРДЭНЭСУВД