Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2018/00424

 

 

 

 

 

2018 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2018/00424

 

 

Г.Баттөмөрийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 102/ШШ2017/03383 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Г.Баттөмөрийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Л.Эрдэнэбатад холбогдох

 

Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс /16100/, Москва гудамж, 49/1 дүгээр байрны 57, 96 тоот орон сууцнуудыг хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай  иргэний хэргийг

Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Эрхбаяр

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Чинхүслэн нар оролцов.

Нэхэмжлэгч Г.Баттөмөр шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагч Л.Эрдэнэбат, нэхэмжлэгч Г.Баттөмөр миний бие харилцан 2016 оны 12 дугаар сарын 6-ны өдөр эвлэрлийн гэрээ байгуулж, 2017 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн дотор хариуцагч нь нэхэмжлэгчид 174 593 550 төгрөгийг төлөхөөр тохиролцсон. Гэрээний хугацаа дуусч, хариуцагч нь үүргээ биелүүлээгүй тул гэрээний 2.4-т заасан эрхийн дагуу Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс /16100/ Москва гудамж, 46/1 дүгээр байрны 57, 96 тоот орон сууцнуудыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан эрхийн улсын Ү-2205059098 дугаарт бүртгэлтэй Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс /16100/ Москва гудамж, 46/1 дүгээр байрны 96 тоот орон сууц, мөн эрхийн улсын Ү-2205059091 дугаарт бүртгэлтэй Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс /16100/ Москва гудамж, 46/1 дүгээр байрны 57 тоот орон сууцуудыг хариуцагч Л.Эрдэнэбатын хууль бус эзэмшлээс чөлөөлж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Баттөмөрөөс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Эрдэнэбатаас 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

Хариуцагч Л.Эрдэнэбат давж заалдах гомдолдоо:

... Л.Эрдэнэбат миний бие "Их Цолмон капитал ББСБ ХХК-тай 2015 оны 6 дугаар сарын 22-ны өдөр ЗГ/015/06/22 тоот, мөн 2015 оны 7 дугаар сарын 1-ний өдөр ЗГ/015/07/01 тоот зээлийн гэрээг тус тус байгуулсан. Улмаар "Их Цолмон капитал ББСБ ХХК нь зээлдэгч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж хугацааг хэтрүүлсэн гэх үндэслэлээр 2016 оны 12 дугаар сарын 6-ны өдөр эвлэрлийн гэрээг байгуулсан. Эвлэрлийн гэрээг байгуулахдаа хариуцагч миний өмчийн Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс Москва гудамж, 46/1 дүгээр байрны 57, 96 тооторон сууцнуудыг Г.Баттөмөр гэгчийн нэр дээр шилжүүлсэн бөгөөд зээл бүрэн төлөгдөж дуусахад хариуцагч талд буцаан шилжүүлэхээр харилцан тохиролцсон. Миний бие нэхэмжлэгч Б.Баттөмөртэй зээлийн болон эвлэрлийн гэрээ байгуулаагүй бөгөөд хууль болон гэрээгээр түүний өмнө ямар нэгэн үүрэг хүлээгээгүй. Эвлэрлийн гэрээний дагуу "Их Цолмон капитал ББСБ ХХК нь гэрээний нөгөө талаас үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах эрхтэй гэтэл нэхэмжлэгч Г.Баттөмөр нь "Их Цолмон капитал ББСБ ХХК-ийг төлөөлөх эрхтэй болохыг гэрчилсэн баримт байхгүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2 дахь хэсэгт "хуулийн этгээдийг төлөөлж байгаа этгээд өөрийн албан тушаал, эсхүл төлөөлөх эрх олгогдсоныг гэрчилсэн баримт бичгийг шүүхэд үзүүлнэ" гэж заасныг зөрчсөн байна.

Шүүхийн харьяалалын талаар: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт "хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол нэхэмжлэлийг хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд гаргана" гэж заажээ. 2015 оны зээлийн гэрээ, 2016 оны эвлэрлийн гэрээ болон бусад баримт бичигт хариуцагчийн оршин суугаа газрын хаяг "Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо" болох нь тодорхой харагддаг. Гэтэл нэхэмжлэлийг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хүлээн авч шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхээс "хуульд заасан хугацаанд шүүхэд тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцно, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүхэд ирээгүй" гэж дүгнээд хэргийг шийдвэрлэсэн нь бодит байдалд нийцэхгүй. Мөн талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбоотой эрх, үүрэг өөрөөр хэлбэл эвлэрлийн гэрээ дуусгавар болоогүй байхад барьцааны зүйлийг албадан авч байгаа нь хуулийн болон бодит үндэслэлгүй юм. Хариуцагч Л.Эрдэнэбатын хувьд зээлийн болон эвлэрлийн гэрээгээр хүлээсэн үүрэг хэвээр атал барьцааны хөрөнгөө алдаж байгаагаас түүний хууль ёсны эрх ашиг хэрхэн хохирч байгаа нь харагдана. Энэхүү нөхцөл байдалд анхан шатны шүүхээс бодитой дүгнэлт хийсэнгүй. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

  Нэхэмжлэгч Г.Баттөмөр нь хариуцагч Л.Эрдэнэбатад холбогдуулан Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс /16100/ Москва гудамж, 46/1 дүгээр байрны 57, 96 тоот орон сууцнуудыг хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гаргажээ.

 Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...хариуцагчид 174 593 500 төгрөг зээлүүлсэн бөгөөд уг мөнгийг 2017 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар эвлэрлийн гэрээ байгуулсан, хариуцагч гэрээний үүргээ биелүүлээгүй учир гэрээний 2.4-т заасны дагуу дээрх орон сууцнуудыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлнэ гэж тайлбарласан байна.

Хэргийн 4-5 дугаар талд нэхэмжлэгч Г.Баттөмөрийн өмчлөлд бүртгэгдсэн Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс /16100/ Москва гудамж, 46/1 дүгээр байрны 57 тоотод байрлах үл хөдлөх эд хөрөнгийн Ү-2205059091 дугаар, 96 тоотод байрлах үл хөдлөх эд хөрөнгийн Ү-2205059098 дугаар улсын бүртгэлийн гэрчилгээ тус тус авагджээ.

Нэхэмжлэгч Г.Баттөмөрийн тайлбар болон хариуцагч Л.Эрдэнэбатын давж заалдах гомдлоос үзэхэд маргааны зүйл болж буй үл хөдлөх эд хөрөнгүүд зээлийн гэрээний үүргийн барьцааны зүйл байсан байх бөгөөд чухам ямар үндэслэлээр нэхэмжлэгчийн өмчлөлд шилжиж ирсэн, зохигчид хэзээ, ямар эвлэрлийн гэрээ байгуулсан, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж байгаа гэрээний 2.4-т талууд ямар тохиролцоо хийсэн нь тодорхойгүй байна. Өөрөөр хэлбэл, хэрэгт нотлох баримтаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж байгаа зээлийн болон эвлэрлийн гэрээ авагдаагүй байна.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Г.Баттөмөр нь үл хөдлөх эд хөрөнгүүдийн улсын бүртгэлд бүртгүүлсэн өмчлөгч болсон байх бөгөөд хариуцагч Л.Эрдэнэбатын хууль болон гэрээнд үндэслээгүй гэсэн тайлбарыг тодорхойлоход талуудын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээгээр хүлээсэн үүрэг хэрхэн биелэгдсэн нөхцөл байдал тодорхой байх ёстой. Талууд уг асуудлаар мэтгэлцсэн байдал тодорхойгүй байх тул маргааны үйл баримтыг бүрэн тогтоох боломжгүй байна.

Анхан шатны шүүх хэргийн үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтаар бүрэн тогтоогдоогүй, нэхэмжлэгчийн нэр дээр бүртгэлтэй дээрх үл хөдлөх эд хөрөнгүүд нь зээлийн гэрээний үүрэгт барьцаалагдсан эсхүл сайн дураараа шилжүүлсэн эсэх асуудлыг тодруулалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа нь ... эрх тэгш байх зарчимд үндэслэн явагдана гэж, 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлнэ гэж тус тус заасныг зөрчсөн гэх үндэслэлтэй юм.

Дээрх ажиллагааг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцээх боломжгүй, хэргийн үйл баримт бүрэн тогтоогдоогүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хянан шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 102/ШШ2017/03383 дугаар шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Л.Эрдэнэбатын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

 

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

 

Ц.ИЧИНХОРЛОО