Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 128/ШШ2020/0604

 

2020 оны 9 сарын 22-ны өдөр                    Дугаар                               Улаанбаатар хот

    128/ШШ2020/0604

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч У.Б даргалж, шүүгч Д.Ч, шүүгч Х.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Б, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Эиргэдийн төлөөлөгч С.Э нарыг оролцуулан “Б х р” ХХК-ийн нэхэмжлэлтэй, АМГТГКХ холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүх хуралдааны “4” дүгээр танхимд нээлттэй хийв.

Нэхэмжлэгч: “Б Х Р” ХХК

Хариуцагч: АМГТГКХ

Нэхэмжлэлийн шаардлага: “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 521 дүгээр шийдвэрийн “Б Х Р” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, “Б Х Р” ХХК -ийн ашигт малтмалын хайгуулын XV-016010 дугаартай тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Б Х Р” ХХК -иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Б Х Р” ХХК -д Өмнөговь аймгийн Ноён сумын нутгийн “Б” нэртэй газарт орших 40574.53 гектар талбайд ашигт малтмал хайх зориулалтаар ашигт малтмалын хайгуулын ХV-016010 тоот тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаагаар олгогдсоноос хойш өнөөдрийг хүртэл хайгуулын үйл ажиллагааг явуулж байна.

Гэтэл Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга нь ээлжит жилийн төлбөрөө төлөөгүй гэх шалтгаанаар 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 521 дугаартай шийдвэрээр “Б Х Р” ХХК -ийн хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцалсан тухай “мэдэгдэл" ирүүлсэн даруй “Б Х Р” ХХК -ийн захирал Х.Г нь 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Х.Х хандаж “Тусгай зөвшөөрөл сэргээх тухай” хүсэлт гаргасан боловч тэрээр 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 1/7538 дугаар албан бичгээр “... танай компаниас 01/17 дугаар албан бичгээр ирүүлсэн хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй болохыг үүгээр мэдэгдье" гэсэн хариуг ирүүлсэн юм.

“Б Х Р” ХХК нь ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл авснаас хойш Ашигт малтмалын тухай хуульд заасан эрх, үүргээ зохих ёсоор биелүүлж, хайгуулын ажлын төлөвлөгөө, байгаль орчны төлөвлөгөөг батлуулан, жил жилийн тайлан холбогдох мэдээ, мэдээллийг хугацаанд нь гаргаж ирсэн болон тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлж, хууль тогтоомжийн зөрчилгүй ажиллаж байгаад ашигт малтмалын хайгуулын ХV-016010 тоот тусгай зөвшөөрлийн 3 дахь жилийн буюу 2020 оны төлбөрийг төлөх цаг үед “хүндэтгэн үзэх” онцгой нөхцөл байдал үүссэн талаар танилцуулсан боловч уг шалтгааныг судлан үзэж, тогтоолгүйгээр Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 34.6, 34.7, 56 дугаар зүйлийн 56.1 2-т заасныг баримтлан “хэт нэг талыг барьж” тайлбар хийн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын гаргасан шийдвэрт гомдолтой байна.

Иймд “Б Х Р” ХХК -д олгогдсон ашигт малтмалын хайгуулын X\/-016010 дугаар тусгай зөвшөөрлийг цуцалсан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 521 дугаар шийдвэр нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсгийн 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”, мөн зүйлийн 4.2.6-т “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах”, мөн зүйлийн 4.2.8-д “хууль ёсны итгэлийг хамгаалах” гэснийг тус тус зөрчсөн гэж үзэж байна.

Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 521 дугаартай шийдвэр нь “Б Х Р” ХХК -ийн ашигт малтмалын хайгуулын Х\/-016010 дугаартай тусгай зөвшөөрлийг эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хохироосон хууль бус захиргааны акт болох нь дараах үндэслэлтэй байгаа болно. Үүнд:

1. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс нь Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдсэн тухай “мэдэгдэл”-ийг зохих журмаар “Б Х Р” ХХК -д өгөөгүй байна.

“Ашигт малтмалын тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай” Улсын Дээд шүүхийн 2010 оны 4 дүгээр сарын 26-ний өдрийн 09 дугаартай тогтоолын 6-д “мэдэгдэнэ” гэдэгт төрийн захиргааны байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэр эсхүл түүнийг утгыг агуулсан албан бичгийг ... тусгай зөвшөөрөл эзэмшигч этгээдэд гардуулах буюу хүргүүлж, түүнийгээ баримтжуулсан байхыг ойлгоно” гэжээ.

“Б Х Р” ХХК нь Захиргааны ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 15 дугаар зүйлийн 15.1-д захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд оролцогч бөгөөд оролцогчийн бүрэн эрхийг эдлэх, нотлох баримт цуглуулах, сонсох ажиллагаа явуулахад оролцох эрхтэй боловч эдгээр эрх нь хангагдаагүй байна. Ашигт малтмал, газрын тосны газрын 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 1/7538 дугаар албан бичигт “Тус байгууллагын кадастрын хэлтсийн тусгай зөвшөөрлийн төлбөр, үйлчилгээний хөлс хариуцсан мэргэжилтэн нь Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг үндэслэн “Б Х Р” ХХК-ийн эзэмшиж байсан ашигт малтмалын хайгуулын XV-016010 дугаар тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдсэн тухай 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 7/6477 дугаар мэдэгдлийг танай компанийн Кадастрын системд бүртгэлтэй Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо 38-79 тоот хаягаар хүргүүлжээ” гэсэн тайлбар хийж албан бичиг нь бодит байдалтай нийцэхгүй байгаа болно.

“Б Х Р” ХХК-д Ашигт малтмал, газрын тосны газраас “кадастрын хэлтсийн тусгай зөвшөөрлийн төлбөр, үйлчилгээний хөлс хариуцсан мэргэжилтэн ... тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдсэн тухай” 2019 оны 11 дүгээр сарын 19-ны өдрийн 7/6477 дугаар бичиг ирүүлээгүй, Кадастрын хэлтэст “Б Х Р” ХХК-ийн 89111134 гэсэн гар утасны дугаар бүртгэлтэй бөгөөд түүгээр кадастрын хэлтсээс хэн ч лавлах, мэдэгдэх ажиллагаа хийгдээгүй болно. Кадастрын хэлтсээс “Б Х Р” ХХК-д шуудангаар “Мэдэгдэл”-үүд илгээхдээ хүлээн авагчийн хаяг, утасны мэдээлэл зөрүүтэй, утасны дугаарыг тавиагүй, ялангуяа “цуцлах үндэслэл бүрдсэн гэж үзэн илгээсэн мэдэгдэл” нь буцаж Кадастрын хэлтэст ирсний дараа Кадастрын системд бүртгэлтэй утасны дугаараар мэдэгдээгүй, мэдэгдэх боломж 10 хоногийн турш байсаар байхад арга хэмжээ аваагүй байна. “Б Х Р” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын ажил нь Монгол Улсын хилийн бүс нутаг дэвсгэрт хийгддэг онцлогтой болно. 2019 онд геологич Өмнөговь аймгийн Ноён сумын нутаг дахь талбайд “Хайгуулын ажлын төлөвлөгөө”-г Ашигт малтмал, газрын тосын газрын Геологи хайгуулын хэлтэс, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Байгаль орчин, геологи уул уурхайн хяналтын газраар тус тус батлуулан Хилийн алба, хилийн төлөөлөгчийн газраас 2019 оны 9 дүгээр сарын 18, мөн 10 дугаар сарын 18-нд “Хилийн зурвас, бүсэд нэвтрэх зөвшөөрөл” авч 5 мэргэжилтний бүрэлдэхүүнтэйгээр 14-20 хоногийн хугацаагаар ажилласан ба “Б Х Р” ХХК -ийн геологич И.Гүррагчаа “... хайгуулын ажлын үед байгаль орчныг хамгаалах нөхөн сэргээлт хийх төлөвлөгөө”-г Ноён сумын Засаг даргаар батлуулан, Өмнөговь аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын мэргэжилтнээр хянуулж ажилласан байна.

“Б Х Р” ХХК нь 2018 онд “Хайгуулын ажлын төлөвлөгөө”, "...хайгуулын ажлын үед байгаль орчныг хамгаалах нөхөн сэргээлт хийх төлөвлөгөө” тус бүрийн дагуу хайгуулын ажлыг гүйцэтгэж ажлын тайлан”-гаа
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Байгаль орчин, геологи уул уурхайн хяналтын газрын ахлах байцаагчаар хянуулан Ашигт малтмалыг газрын Геологийн албанд ямар нэг зөрчил дутагдалгүй хүлээлгэн өгсөн байна. “Б Х Р” ХХК нь ашигт малтмалын  хайгуулын тусгай зөвшөөрөл авснаас хойш хайгуулын ажлын зардалд нийт 103,5 сая төгрөг зарцуулснаа санхүүгийн тайланд тусгасан байна. ““Б Х Р” ХХК нь ашигт малтмалын  хайгуулын    тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үүргийг бүрэн биелүүлж ирсэн бөгөөд мэдээ, тайлан, төлөвлөгөөг цаг тухайд нь өгч, Ашигт малтмал, газрын тосны газартай байнга холбоотой ажиллаж ирсэн байна.

2. Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т заасны дагуу “Б Х Р” ХХК 2020 оны тусгай зөвшөөрлийн төлбөрийг 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр төлөх ёстой байсан бөгөөд мөн хуулийн 34 дүгээр
зүйлийн 34.7-д зааснаар  30 хоногийн дараа 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийг өнгөрмөгц, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т “...тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх” нөхцөл бүрдэх байсныг зөрчсөн байна.

Энэ байдал нь “Б Х Р” ХХК -ийн тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэр гаргасантай холбогдуулан Ашигт малтмал, газрын тосны газрын даргад “Хүсэлт” гаргах үед Кадастрын хэлтсийн даргын гарын үсэгтэй “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 2019 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 7/6477 дугаар албан бичгээс тодорхой болсон юм.

Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтэс нь Ашигт малтмалын тухай хуулийн зүйл, заалтыг өөртөө ашигтайгаар тайлбарлан хэрэглэж, гаргаж байгаа шийдвэрээрээ өөртөө ашигтай давуу байдлыг бий болгон хуулийн этгээдийн эрх, хууль ёсны эрх ашгийг зөрчиж, эрхийг хязгаарласан гэж үзэж байна.

3. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн тогтоосон хугацаанд “тусгай зөвшөөрлийн ээлжит төлбөрийг төлөх” шийдвэрийг хэрэгжүүлэх явцдаа “Б Х Р” ХХК-ийн 100 хувийн хувьцааг дангаар өмчлөгч, компанийн гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлэгч, гүйцэтгэх захирал Х.Г нь 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр гэмт халдлагад өртөж нүүр болон тархиндаа хүнд гэмтэл авч тодорхой хугацаагаар хэвтрийн дэглэм барих, үргэлжлүүлэн гадаадад мэс хагалбар хийлгэх зэргээр удаан хугацаанд эмчлүүлэн, компанийн үйл ажиллагааг удирдан, зохион байгуулах чадваргүй нөхцөл байдалд орж, “тусгай зөвшөөрлийн төлбөрийг хугацаанд нь төлөх боломжгүй” болсон нь “Б Х Р” ХХК-ийн хувьд хүндэтгэн үзэх бодит шалтгаануудын нэг гэж үзэж байна.

Гэмт халдлагад өртсөний дараа Х.Г эрүүл мэндийн байдал сайжрахгүй байсан тул Тайланд Улсын “B” эмнэлэгт эмчилгээнд орж улмаар “хагалгаа” хийлгэсэн байна. Х.Г хүч хэрэглэж хүнд гэмтээсэн асуудлаар Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын 2 дугаар хэлтэст хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, гэм буруутай этгээдийг яллагдагчаар татаж, цагдан хорьж мөрдөн шалгаж байна.

“Б Х Р” ХХК -ийн гүйцэтгэх захирал Х.Г нь эрүүл мэндийн улмаас төлбөр төлөх боломжгүй байсныг “хүндэтгэн үзэх шалтгаан” гэж үзэж болохыг Монгол Улсын Татварын ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.8.а-д “өвчтэй”, 4.1.8.6-д “эмчилгээ хийлгэж байгаа” гэсэн эрх зүйн тодорхойлолт харуулж байна.

Иймд дээрх нөхцөл байдалд “Б Х Р” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын Х\/-016010 дугаартай тусгай зөвшөөрлийг цуцалсан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 521 дүгээр шийдвэрийн ““Б Х Р” ХХК -д холбогдох хэсэг нь Ашигт малтмалын хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2, мөн зүйлийн 34.7, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасан хугацааг зөрчиж нэхэмжлэгчийн эрхийг хязгаарласан, Захиргааны ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 15 дугаар зүйлийн 15.1-д заасныг тус тус зөрчсөн, “Б Х Р” ХХК -д тохиолдсон үндэслэл бүхий давагдашгүй хүчний шинжтэй хүндэтгэн үзэх шалтгааныг харгалзаж үзээгүй байх тул уг шийдвэрийн “Б Х Р” ХХК -д холбогдох хэсгийг хүчингүй болгож, “Б Х Р” ХХК -ийн хайгуулын тусгай зөвшөөрлийг сэргээхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгаж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “... “Б Х Р” ХХК Өмнөговь аймгийн Баян нэртэй талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмших эрхтэй болсон. Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн 2019 оны 521 дүгээр шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7 дахь хэсэгт заасны дагуу “Б Х Р” ХХК -ийн хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцалсан. Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.6 дахь хэсэгт зааснаар хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,3 хувиар тооцон алданги ногдуулна, 34.7 дахь хэсэгт хугацаа хэтэрсэн хоногийг 30 байхаар хуульчилсан байдаг. Тухайн хугацаанд манай компанийн гүйцэтгэх захирал болох Т.Г нь бусдад зодуулж, биедээ гэмтэл авсан уг нөхцөл байдлыг нотлох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны материал хавтаст хэрэгт тусгагдсан. Бидний зүгээс хүндэтгэн үзэх шалтгааны улмаас төлбөрийг зохих ёсоор төлж чадаагүй гэдэг байдлыг Ашигт малтмалын газарт тайлбарлахад хүлээж аваагүй. Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д зааснаар цуцлах үндэслэл бүрдсэн талаар 10 хоногийн дотор хайгуулын тусгай зөвшөөрлийг мэдэгдэхээр хуульчилсан. Хариуцагч байгууллагаас уг үйл ажиллагааг явуулахгүйгээр тусгай зөвшөөрлийг цуцалсан нь бидний хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байна. Учир нь тусгай зөвшөөрлийг цуцлах үйл ажиллагааны дотоод хяналтын хуудаснаас үзэхэд манай компанийн бүртгэлтэй 89111134 гэх дугаарт лавласан зүйл байхгүй, цуцлах үндэслэл бүрдсэн талаарх мэдэгдлийг мэдэгдсэн тухайгаа баримтжуулаагүй зэрэг үйл баримтууд хэрэгт авагдсан. Хариуцагч төрийн захиргааны албан тушаалтнаас холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн гэж үзэх үндэслэл болж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хууль ёсны эрх ашиг сонирхлыг сэргээж өгнө үү” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Өмнөговь аймгийн Ноён сумын нутаг Б нэртэй 40574.53 гектар бүхий талбайд ашигт малтмалын хайгуулын XV-016010 тоот тусгай зөвшөөрлийг анх Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 547 дугаар шийдвэрээр “Г У” ХХК-д 3-н жилийн хугацаатайгаар олгосон байна. Тус компани нь 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 01/09 тоот албан бичгээр Кадастрын хэлтэст хүсэлт гарган хайгуулын хайгуулын XV-016010 тоот тусгай зөвшөөрлийг эзэмшигч “Г У” ХХК нь /РД5316316/ оноосон нэрээ өөрчлөн “Б Х Р” ХХК /РД5316316/ болсон тул холбогдох бүртгэлийг шинэчилж өгөх хүсэлтийг гаргасан байна. Төрийн захиргааны байгууллага хүсэлтийг хүлээн авч холбогдох баримтыг нягтлан хянан үзэж маягт К-04 бөглүүлэн Кадастрын хэлтсийн мэдээллийн санд өөрчлөлтийг бүртгэсэн.

Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдан үйл ажиллагаа явуулж байгаа, Монгол Улсад татвар төлөгч хуулийн этгээдэд олгохоор хуульчилсан Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-д “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө”, 34.6-д “Энэ хуулийн 34.2-т заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд тухайн жилд төлөх төлбөрийн үнийн дүнгийн 0.3 хувиар тооцон алданги ногдуулна”, 34.7-д “Энэ хуулийн 34.6-д заасан хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэл байх бөгөөд энэ хугацаанаас хэтэрвэл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална” гэж заасны дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дээрх заалтын дагуу тусгай зөвшөөрлийн төлбөрөө төлөх үүрэгтэй бөгөөд хэрэв төлөөгүй бол мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 -2-д “тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн 34.7-д заасан хугацаанд нь бүрэн төлөөгүй” гэж заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцлахаар заасан байна.

Кадастрын хэлтсийн тусгай зөвшөөрлийн төлбөр, үйлчилгээний хөлс хариуцсан мэргэжилтэн нь Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар “Б Х Р” ХХК -ийн эзэмшиж байсан ашигт малтмалын хайгуулын XV-016010 дугаартай тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдсэн тухай мэдэгдлийг 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 7/6477 тоотоор нэхэмжлэгч компанийн кадастрын хэлтсийн мэдээллийн санд бүртгэлтэй Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо 38-79 тоот хаягаар хүргүүлсэн байна.

Нэхэмжлэгч компани нь Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-д “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө” заасан хугацаанд хайгуулын ХV-016010 тоот тусгай зөвшөөрлийн талбайнхаа ээлжит жилийн төлбөрийг 2019 оны 09 дүгээр сарын 11-ний дотор төлөх үүргээ биелүүлээгүй байна. Түүнчлэн нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ... Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 521 тоот шийдвэр нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсгийн 4.2.5-д зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх, мөн зүйлийн 4.2.6-д бусдын эрх хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог хангах, мөн зүйлийн 4.2.8-д хууль ёсны итгэлийг хамгаалах гэснийг, “Захиргааны ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 15 дугаар зүйлийн 1.5.1-д захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд оролцогч бөгөөд оролцогчийн бүрэн эрхийг эдлэх, нотлох баримт цуглуулах, сонсох ажиллагаа явуулахад оролцох эрхтэй боловч эдгээр эрх нь хангагдаагүй гэсэн байна.

Дахин дурдахад Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцлах нөхцөл бүрдсэн тул холбогдох нотлох баримтыг ирүүлэх тухай мэдэгдлийг Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 7/6477 тоот албан бичгээр хүргүүлсэн бөгөөд нэхэмжлэгч нь тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг алдангийн хамт төлөөгүй байсан тул Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь заалтыг үндэслэн ашигт малтмалын хайгуулын XV-016010 тоот тусгай зөвшөөрлийг Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 521 дүгээр шийдвэрээр цуцалж улмаар тусгай зөвшөөрлийг цуцалсан тухай мэдэгдлийг 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 7/7067 тоотоор хүргүүлсэн нь хууль зүйн үндэслэл бүхий захиргааны акт болно. Иймд манай зүгээс өмнө нь бичгээр гаргасан тайлбараа дэмжиж байгаа бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-д заасны дагуу нэхэмжлэгч “Б Х Р” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэв.

Иргэдийн төлөөлөгч дүгнэлтдээ: “Тусгай зөвшөөрлөө хугацаанд нь төлөөгүй гэдгээ захирал нь зодуулсны улмаас гэмтэл авсан учир төлөх боломжгүй байсан, мөн эдийн засгийн хувьд хүндрэлтэй байсан гэж байна. Гэхдээ одоо тусгай зөвшөөрлийн төлбөрөө төлсөн учир нэхэмжлэгчийн тайлбарыг дэмжиж байна” гэв.

ҮНДЭСЛЭХ нь.

Нэхэмжлэгч “Б Х Р” ХХК-иас, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 521 дүгээр шийдвэрийн “Б Х Р” ХХК” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, “Б Х Р” ХХК -ийн ашигт малтмалын хайгуулын XV-016010 дугаартай тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байна.

Нэхэмжлэгч “Б Х Р” ХХК-д Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 547 дугаар шийдвэрээр Өмнөговь аймгийн Ноён сумын нутаг Баян нэртэй 40574,53 га талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг олгосноор тэрээр тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хувиар Ашигт малтмалын тухай хуулийн 32, 33, 34 дүгээр зүйлд заасан нөхцөл шаардлагыг хангаж ажиллах үүрэг хүлээх, зөрчвөл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг нь цуцлахаар, харин үүргээ биелүүлж буй нөхцөлд л тусгай зөвшөөрөл эзэмших эрх нь хадгалагдаж байхаар хуульчилж зохицуулагдсан байна.

Нэхэмжлэгчийн зүгээс “тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид мэдэгдэл өгөх үүргээ зөрчсөн, ... хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хугацаа хэтрүүлсэн байдлыг харгалзан үзээгүй” хэмээн маргасан бол хариуцагчийн зүгээс “захиргааны байгууллага нь мэдэгдэл хүргүүлэх үүргээ биелүүлсэн, хуульд заасан хугацааны дотор тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлөөгүй тул цуцалсан шийдвэр нь хууль зөрчөөгүй” гэж үзэж байна.

Шүүх хэргийн оролцогчид тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар, бусад бичгийн баримтуудыг тал бүрээс нь үнэлж, маргаан бүхий захиргааны актын үндэслэлийг хянаад  нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн “Тусгай зөвшөөрөл цуцлах тухай” 521 дүгээр шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр сарын 34.7 дахь хэсэгт заасан хугацаанд тухайн жилийн тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг алдангийн хамт төлөөгүй гэх үндэслэлээр “Б Х Р” ХХК -ийн ашигт малтмалын хайгуулын XV-016010 дугаар тусгай зөвшөөрлийг цуцалсан байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д: “тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн дагуу жил бүр төлнө”, мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т: “тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрөл олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө” гэж тус тус зааснаар XV-016010 дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч болох “Б Х Р” ХХК жил бүр, дээр дурдсан 547 дугаар шийдвэрийн дагуу анх олгогдсон хугацаа болох тухайн жилийн 9 дүгээр сарын 11-ний өдрөөс өмнө урьдчилан төлөх үүрэгтэй байна.

Ийнхүү дээрх хугацаанд тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлж чадаагүй тохиолдолд дахин нэг боломж нь Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.6-д: “Энэ хуулийн 34.2-т заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд тухайн жилд төлөх төлбөрийн үнийн дүнгийн 0.3 хувиар тооцон алданги төлнө”, мөн хуулийн 34.7-д: “ энэ хуулийн 34.6-д заасан хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэл байх бөгөөд ...” гэснээр нэхэмжлэгч компанийн хувьд тухайн төлбөр төлөх жилийн 10 дугаар сарын 11-нийг хүртэл хугацаанд төлбөр болон төлбөрт ногдох алдангийг төлөх боломжтой байжээ.

Нэхэмжлэгч “Б Х Р” ХХК нь ашигт малтмалын хайгуулын XV-016010 дугаар тусгай зөвшөөрлийн 3 дахь жилийн төлбөрийг 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр төлөх байсан ч төлөөгүй, Ашигт малтмал, газрын тосны газрын 2019 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 7/6477 дугаар мэдэгдлийг хүлээн аваагүй, хаягтаа байхгүй гэх шалтгаанаар буцаагдсан, 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр 3 дахь жилийн үндсэн төлбөр 17,649,925.00 төгрөг, алданги 1,588,495.00 төгрөгийг тус тус төлсөн байх бөгөөд уг үйл баримттай хэргийн оролцогчид маргаагүй байна.

Нэхэмжлэгч тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөөгүй, хугацаа хэтрүүлснээ хүлээн зөвшөөрсөн ба тусгай зөвшөөрлийн төлбөрийг алдангийн хамт төлөх хуулийн боломжит хугацаанд “Б Х Р” ХХК -ийн гүйцэтгэх захирал бөгөөд хувьцаа эзэмшигч нь гаднын нөлөөтэйгөөр биедээ гэмтэл авсны улмаас өвчтэй байж, хүндэтгэн үзэх шалтгаантай байсан болох нь  Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай тогтоол, 2019 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, 2019 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн дүгнэлт, “Б” Олон улсын эмнэлгийн Х овогтой Гн өвчтөний түүх, шинжилгээ хийлгэж, эмчилгээ хийлгэсэнтэй холбоотой баримтууд болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд, хэргийн оролцогчдын тайлбараар нотлогдож байна.   

Энэхүү нөхцөл байдал нь Татварын ерөнхий хуулийн /2008 оны/ 4 дүгээр зүйлийн 4.1.8-д “хүндэтгэн үзэх шалтгаан” гэдэгт: 4.1.8.а.өвчтэй байгаа, 4.1.8.б.эмчилгээ хийлгэж байгаа; 4.1.8.г.томилолтоор гадаад, дотоодод ажилласан... гэж зааснаар нэхэмжлэгч компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд нь тархиндаа гэмтэл авсны улмаас гадаад улсад эмчлүүлж байсан үүгээрээ тусгай зөвшөөрлийн төлбөрийг алдангийн хамт төлөх хуулийн боломжит хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаантай байсан нь тогтоогдож байна шүүх дүгнэлээ.

Иймд хариуцагч захиргааны байгууллага нь Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14-д: “хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй холбоотой үйл ажиллагаанд нэгдсэн хяналт тавих” үүргийг ханган ажиллах, хамгийн гол нь шаардлага хангасан аж ахуйн нэгж, байгууллагад ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох, тухайн тусгай зөвшөөрлийг хянах эрх үүргийг хуулиар хэрэгжүүлэхдээ шийдвэрээ бодит нөхцөл байдалд тохирсон эсэхийг хянахгүйгээр нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийн эрхийг цуцалсан тухай шийдвэр гаргасан нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т: “Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд түүнд тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой заана” гэжээ.

Ийнхүү тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсон буюу бүрдсэн тухай мэдэгдлийг хариуцагч захиргааны байгууллага нь нэхэмжлэгч “Б Х Р” ХХК -д мэдэгдэх үүргээ зохих ёсоор биелүүлсэн гэж үзэхээргүй байна.

Учир нь Монгол Улсын Дээд шүүхийн 2010 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн “Ашигт малтмалын тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” 09 дүгээр тогтоолын 6-д “Хуулийн 19 дүгээр зүйлийн 19.6, 26 дугаар зүйлийн 26.3, 28 дугаар зүйлийн 28.2, 30 дугаар зүйлийн 30.2, 39 дүгээр зүйлийн 39.5, 51 дүгээр зүйлийн 51.7, 51.8, 56 дугаар зүйлийн 56.2, 56.4, 62 дугаар зүйлийн 62.6-д заасан “мэдэгдэнэ” гэдэгт төрийн захиргааны байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэр эсхүл түүнийг утгыг агуулсан албан бичгийг өргөдөл гаргагчид болон тусгай зөвшөөрөл эзэмшигч этгээдэд гардуулах буюу хүргүүлж, түүнийгээ баримтжуулсан байхыг ойлгоно” гэж заасан. Гэтэл хариуцагчийн шүүхэд гаргаж өгсөн Тусгай зөвшөөрлийг цуцлах үйл ажиллагааны дотоод хяналтын хуудас болон тусгай зөвшөөрлийн дэлгэрэнгүй мэдээллээс үзэхэд Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст нэхэмжлэгчийн 8, 8 дугаарын утаснууд бүртгэлтэй байсан, мэдэгдэл хаягаар буцаагдсаны дараа уг дугаарт Кадастрын хэлтсээс хэн ч лавлах, мэдэгдэх ажиллагааг хийгээгүй гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй байна.

Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн 2019 оны 09 дүгээр сарын 19-ны өдрийн №7/6477 мэдэгдлийг хүргүүлсэн гэх шуудангийн дугтуй болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаас үзэхэд  хариуцагч нь 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” №7/6477 тоот албан бичгийг нэхэмжлэгчид мэдэгдсэн буюу гардуулсан нь, ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулсан нь нотлогдохгүй байх бөгөөд тус 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” №7/6477 дугаар албан бичгийг нэхэмжлэгчид мэдэгдэх ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тухайлбал, Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.5-д “Захиргааны актын хаяглагдсан этгээд өөрийн албан ёсны хаягтаа байхгүй, хаягийн өөрчлөлтийг захиргааны байгууллагад мэдэгдээгүй, эсхүл зориуд санаатайгаар хүлээн авахаас зайлсхийсэн тохиолдолд хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлснээс хойш ажлын 10 өдөр өнгөрсний дараах өдрийг уг актыг албан ёсоор мэдэгдсэнд тооцно” гэж заасны дагуу хийгээгүй байна.

Үүгээрээ Ашигт малтмалын тухай 11 дүгээр зүйлийн 11.2-т “.... кадастрын асуудал хариуцсан нэгж нь энэ зүйлийн 11.1.13-11.1.23-т заасан асуудлыг эрхэлнэ” гэсэн хуулиар олгогдсон чиг үүргээ бүрэн биелүүлээгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д зохицуулсны дагуу мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д: “нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар нөхөн төлүүлнэ” гэсний дагуу улсын тэмдэгтийн хураамжийн асуудлыг шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.4, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14, 11.2, 34 дүгээр зүйлийн 34.6, 34.7, 56 дугаар зүйлийн 56.2-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Б Х Р” ХХК -ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн “Тусгай зөвшөөрөл цуцлах тухай” 521 дүгээр шийдвэрийн “Б Х Р” ХХК ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, тус компанийн XV-016010 дугаар бүхий ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг сэргээн бүртгэхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгасугай.  

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Б Х Р” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/-төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

              Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар энэхүү шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нар нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 У.Б

                                                  ШҮҮГЧ                                  Д.ЧАНЦАЛНЯМ

                                                 ШҮҮГЧ                                  Х.НЯМДЭЛГЭР