Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 00101

 

2018 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 142/ШШ2018/00101

Орхон аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, С.Т нэхэмжлэлтэй

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Д.З

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Д.Э нарт холбогдох

“53,469,400 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч С.Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Нямцэрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мэндбаяр, хариуцагчийн өмгөөлөгч М.Ганзориг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Чин-Оюунсайхан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.Т шүүхэд гаргасан нэхэмжлэл, хүсэлтдээ: Миний бие С.Т нь Е худалдааны төв дээр жимс, хүнсний ногооний наймаа эрхэлдэг. Тус худалдааны төвийн 4-6 дугаар павилоныг түрээслэдэг Д.З болон Д.Э нарт 2015 оноос хойш зээлээр худалдах худалдан авах гэрээгээр жимс, хүнсний ногоо худалддаг байсан юм. Хамтран ажиллах хугацаанд жимс хүнсний ногоогоо 45 хоногтоо зээлж аваад 45 хоногийн дараа тооцоогоо хийж байхаар харилцан тохиролцсон бөгөөд эхний 2 жилийн хугацаанд мөнгөө тохиролцсон хугацаанд өгдөг байсан. 2016 оноос хойш бараагаа тогтмол хугацаандаа манайхаас авдаг байсан боловч мөнгөө дутуу хагас шилжүүлсээр 53,469,400 /тавин гурван сая дөрвөн зуун жаран есөн мянга дөрвөн зуун/ төгрөгний үлдэгдэл үлдсэн. Ингээд Д.Этай уулзаж үлдэгдэл төлбөрөө хэзээ өгөх талаар асуухад 2017 оны 07-р сарын 27-ны өдөр өгөхөөр тохиролцож тооцооний дэвтэр дээр гарын үсэг зурсан. Гэтэл тус мөнгийг одоо болтол өгөхгүй байгаа юм. Иймээс Д.З, Д.Э нараас худалдах худалдан авах гэрээний төлбөрт 53,469,400 /тавин гурван сая дөрвөн зуун жаран есөн мянга дөрвөн зуун/ төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.З, Д.Э нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие С.Тгийн нэхэмжлэлтэй танилцлаа. Манай Эрдробат ХХК уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр ХХК-д хүнсний ногоо болон бүдүүн, жимс, жимсгэнэ 2013 оноос эхлэн гэрээ байгуулж нийлүүлсэн. Есөн-Эрдэнэ захын Ч-1 довилон түрээслэгч С.Тгаас 2015 оноос эхлэн хүнсний нарийн ногоо болон бүдүүн жимс жимсгэнэ авч уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр ХХК-д нийлүүлсэн. С.Ттай НӨАТ-н 10 хувь авна гэж тохиролцсоны үндсэн дээрээс бараа авсан. 500-600 төгрөгний бараа борлуулалт хийж бүх тооцоог хийж дуусгасан. 53,469,400 төгрөгний НӨАТ-н 10 хувь суутгаж авсан болно. С.Т НӨАТ-г төлнө гэж ярьсаар өнөөдрийг хүрсэн. Харин манай компани татварын НӨАТ-г өнөөдрийг хүртэл төлж ирсэн. Тийм учраас бидний хооронд ямар ч тооцоо байхгүй. С.Тгийн нэхэмжилж байгаа 53,469,400 төгрөгийг миний бие хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагч Д.З, Д.Э нар шүүхэд гаргасан нэмэлт тайлбартаа: Манай Эрдробат ХХК уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр ХХК-д хүнсний ногоо болон бүдүүн, жимс, жимсгэнэ 2013 оноос эхлэн гэрээ байгуулж нийлүүлсэн. Есөн-Эрдэнэ захын Ч-1 довилон түрээслэгч С.Тгаас 2015 оноос эхлэн хүнсний нарийн ногоо болон бүдүүн жимс жимсгэнэ авч уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр ХХК-д нийлүүлсэн. С.Ттай НӨАТ-н 10 хувь авна гэж тохиролцсоны үндсэн дээрээс бараа авсан. 500-600 төгрөгний бараа борлуулалт хийж бүх тооцоог хийж дуусгасан. 53,469,400 төгрөгний НӨАТ-н 10 хувь суутгаж авсан болно. С.Т нь анх бараа өгөхдөө НӨАТ-ын 10 хувь өгөн мөн хорогдол тооцно гэж тохиролцсоны үндсэн дээр С.Тгийн хүсэлтээр манай Эрд-робат ХХК нь хүнсний бүх төрлийн ногоо авч НӨАт-ын тайлангаа гаргаж тайлагнаж ирсэн. Манай компани НӨАт-ын өр нь 2015 оноос эхлэн 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар 60,250,000 төгрөгний өртэй байна. Тийм учраас бидний хооронд ямарч тооцоо байхгүй. С.Тгийн нэхэмжилж байгаа 53,469,400 төгрөгийг бид хоёр хүлээн зөвшөөрөхгүй. С.Т нь Д.З бид хоёрт бараа өгөөгүй. Эрд робат ХХК-иар дамжуулан уулын баяжуулах “Эрдэнэт үйлдвэр” ХХК-т бараа нийлүүлж байсан учир бид хоёрт холбогдох 53,469,400 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт бичгийн нотлох баримтыг шинжлэн судлав.

                                                                               ҮНДЭСЛЭХ нь :

             Нэхэмжлэгч  С.Т нь хариуцагч Д.З, Д.Э нараас жимс,хүнсний ногоо зээлээр худалдан авсны үнэ 53.469.400 төгрөг гаргуулахаар шаардлага гаргажээ.

            Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

            Нэхэмжлэгч нь хариуцагч нартай 2015 оноос эхлэн зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр жимс хүнсний ногоо худалддаг байсан, хамтран ажиллах хугацаанд 2016 оноос хойш бараагаа тогтмол хугацаанд авдаг байсан боловч дутуу хагас шилжүүлсээр 53.469.400 төгрөгний үлдэгдэл үлдсэн гэж тайлбарлан нотлох баримтаар өөрийнхөө тооцоо хийж байсан дэвтрийн хуулга, СД бичлэгийг нотлох баримтаар гаргаж өгсөн болно.

            Гэвч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэж байгаа тооцооны дэвтрийн тооцооны хуудас дээр бичигдсэн сар, өдөр, тооноос ямар үнэтэй хэдэн нэр төрлийн жимс ногоог хэзээ хүлээлгэж өгсөн, хэдэн төгрөгийн үлдэгдэлтэй болох нь ойлгомжгүй, талууд тооцоо нийлэн харилцан гарын үсэг зурж баталгаажуулаагүй, уг дэвтэр, түүний нотариатаар гэрчлүүлсэн хуудас нь нотлох баримтын шаардлага хангаагүй баримт байна. Дэвтэр дээрх хуудас, түүний гэрчлүүлсэн хуулбар хоорондоо зөрүүтэй байна.

             Түүнчлэн нэхэмжлэгчийн хариуцагч нартай ярилцсан яриа гэх СD бичлэг нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлээгүй, хариуцагч нарын зөвшөөрөлгүй, нууцаар хийсэн бичлэг байх бөгөөд ямар хүмүүсийн хооронд хэдэн оны хэдэн сарын хэдэнд юуны тухай яригдаж байгаа яриа болох нь тодорхойгүй байх бөгөөд талуудын хооронд гэрээ байгуулагдсан, зээлийн гэрээний дагуу 53.469.400 төгрөг төлөх ёстой болохыг нотлож чадахгүй, нотлох баримтын шаардлага хангахгүй баримт байна. 

            Ийнхүү нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаар нотлож чадахгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Монгол Улсын Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1.3,118,119 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь : 

1.Монгол Улсын Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д заасныг баримтлан  нэхэмжлэгч С.Тгийн хариуцагч Д.З, Д.Э нараас жимс,хүнсний ногоо зээлээр худалдан авсаны үнэ  53.469.400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 425,297 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                                    Б.БЯМБАСҮРЭН