Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 00395

 

    2018 оны 02 сарын 01 өдөр

 

      Дугаар 102/ШШ2018/00395

 

               Улаанбаатар хот

 

 

                                   

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

          Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ариунаа би,

 

          Нэхэмжлэгч “АБШ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

 

          Хариуцагч Д.Н

 

          Хариуцагч Я.Г нарт холбогдох ажил гүйцэтгэх гэрээний үүргийн биелэлт 114.844.213 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянав.

 

 

 

          Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Одгариг, хариуцагч болон хариуцагч Д.Н-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Г, хариуцагч нарын өмгөөлөгч О.Чулуунчимэг, нарийн бичгийн дарга А.Баяржавхлан нар оролцов.

 

 

 

ТОДОРХОЙЛОХ нь

 

          

 

         Нэхэмжлэгч “АБШ” ХХК нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороонд байрлах 9 давхар 63 айлын дотор заслын ажлыг хийж гүйцэтгэхээр Я.-Гтой харилцан тохирч, ажлаа гэрээний хугацаанд хийж дуусгасан.

 

Гэтэл ажил хийх явцад хүндрэл үүсэж, хариуцагч гэрээнд гарын үсэг зурахгүй, төлбөрөө төлөхгүй, зайлшгүй хийх шаардлагатай ажлуудыг өөрийн томилсон талбайн инженертэй нь зөвлөж, зөвшөөрсний дагуу хийснийг хүлээн зөвшөөрөхгүй байсан тул бид үргэлжлүүлэн ажиллахгүй гэдгээ мэдэгдэхэд “Я.Г ажлаа яаралтай дуусгах хэрэгтэй. Улсын комисс хүлээж авах гээд байна гэсэн. Бид хариуд нь “Та” гэрээнд гарын үсэг зурж өгөхгүй бол ажлаа үргэлжлүүлэхгүй гэхэд Я.Г, инженер Н.Давааням, эхнэр Д.Н хоёрыг үнэлгээг тохирч ир гэж үүрэг өгч явуулсны дагуу үнэлгээг тохиролцон, Д.Н  гарын үсгээ зурж, ажлаа үргэлжлүүлэн, хийж, хоёр тал акт үйлдэн хүлээлцсэн”.

 

          Бид үүргээ биелүүлсэн бөгөөд хариуцагч өнөөдрийг хүртэл ажлын хөлсийг өгөөгүйн улмаас Албан бичгээр удаа дараа хандаж, тэвчээртэй хүлээхэд сүүлдээ харьцахаа больж, хаяг дээрээ байгаагүй тул шүүхэд “Эрэн сурвалжуулах”-аар нэхэмжлэл гаргаж байсан.

 

          Иймээс гэрээний төлбөр болон гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнд 114.844.213 төгрөгийг гаргуулж өгнө үү, гэжээ.

 

          

 

          Хариуцагч болон хариуцагч Д.Н-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид хоёр нэг нутаг усны хүмүүс. Анх С.Д ирж уулзаад, барилгын заслын ажлыг чинь хийе гэснийг зөвшөөрсөн. Тухайн үед өөрт нь хэлсэн. Барилгын ажлын ид үе дуусаж байхад үнэ хөлсөө харьцангуй чамд ашигтайгаар тохирлоо. Барилгын ажлын хөлс хавар, зуны улиралд үнэтэй, намар хямд байдгийг бүх барилгачид мэднэ. Анх тохиролцохдоо батераар байр өгч гэрээ байгуулна гэсэн болохоос бэлэн мөнгөөр тооцоо хийнэ гэж тохироогүй. Нэхэмжлэгч ажлаа дутуу хийснийг өөр компаниар хийлгэж дуусгасан. Мөн миний зөвшөөрөлгүйгээр дур мэдэн цацах ёсгүй хананд шприцтэй шавар цацсан, гэрээнд би гарын үсэг зураагүй, ажлын тооцооны үнэлгээн дээр намайг төлөөлөх эрхгүй этгээд, эхнэр Д.Н-ээр гарын үсэг зуруулсаныг зөвшөөрөхгүй.

 

        

 

           Нэгэнт ажил хийсэн нь үнэн болохоор 31.000.000 төгрөгт эвлэрч болно. Үүнээс илүү мөнгийг төлөхгүй. “Эвлэрье” гээд уулзах гэхээр энэ хүний ааш араншин үнэхээр хэцүү, хэл амаа олоход бэрх. Алданги төлөхгүй. Хэрэгт өгсөн баримтуудаас 4 ширхэг баримтан дээр гарын үсгээ зурсан. Бусад баримтан дээр зураагүй. Ажлын хөлсний үнэлгээний талаар зөвшилцөөнд хүрээгүй үндэслэл нь метр квадратын үнэ 2500 төгрөгийн ажлыг 13.500 төгрөг гэх мэтээр өндөр үнэлсэнд татгалзсан. С.Д тохирсоны дагуу төлбөрийнхөө оронд нөгөө байраа авна шүү гэж хүртэл захиа бичдэг байсан нь хэрэгт байгаа. Нэхэмжлэгч бүх зүйл дээр өөрөө гарын үсэг зурсан тул тэдгээр баримтыг баталгаатай баримт гэж үзэх үндэслэлгүй, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү, гэжээ.

 

 

 

ҮНДЭСЛЭХ нь

 

 

 

           Нэхэмжлэгч “АБШ” ХХК, хариуцагч Я.Г, Д.Н нарт холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүргийн биелэлт 114.844.213 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

          

 

      Хариуцагч нар барилгын ажлын хөлсөнд 31.000.000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрнө. Харин бичгээр гэрээ байгуулаагүй тул алданги төлөхгүй гэж маргаж байна.

 

 

 

 Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

 

 

Нэхэмжлэгч “АБШ” ХХК, хариуцагч Я. Г-той 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 15/12 дугаартай “Барилгын дотор заслын ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулж, гэрээний хавсралтаар барилгын ажлын үнэ, үнэлгээг тохирч, Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороонд байрлах, 9 давхар, 63 айлын орон сууцны барилгын дотор 12, 24-ийн хананы өрлөг, замсака, шавар зэрэг заслын ажлыг хийж гүйцэтгэсэн болох нь зохигчдын тайлбар, “Ажил хүлээлцсэн” акт, гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдож байна.

 

          Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт “ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж зааснаар талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн байна гэж шүүх дүгнэлээ.

 

         Ажил гүйцэтгэгч мөн хуулийн 352 дугаар зүйлийн 352.5.1 дэх хэсэгт “гүйцэтгэсэн ажлын үр дүнг захиалагч хүлээж аваагүй буюу ажил гүйцэтгэхэд зайлшгүй шаардагдах үйлдэл хийх энэ хуулийн 351.1 дэх хэсэгт заасан үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирлоо нөхөн төлүүлэх” гэж заасны дагуу ажлын хөлсөө шаардах эрхтэй байна.

 

         2018 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Д “...”Хөрөнгийн үнэлгээний төв”-ийн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй”, хариуцагч Я.Г “...намайг төлөөлөх эрхгүй этгээд Д.Н гарын үсэг зурсан “Барилгын ажлын үнэ, үнэлгээ”-г зөвшөөрөх боломжгүй” гэх тайлбаруудыг гаргасан бөгөөд шүүх нэхэмжлэгч, хариуцагч нарын хүсэлтээр “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн Хөрөнгийн үнэлгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй эсэх талаарх баримтыг гаргуулан авч мөн шинжээч, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар болон Барилга төсөвчин үнэлгээчдэд хуулинд заасан эрх, үүргийг танилцуулж, гарын үсэг зуруулсан хэдий ч 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 512 дугаартай “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн Шинжээчийн дүгнэлт, нэхэмжлэгчийн “Барилгын ажлын үнэ, үнэлгээ” зэрэг нотлох баримтуудыг үнэлэх боломжгүй байна. Учир нь:

 

           Барилга хот байгуулалтын Яамны Барилгын хөгжлийн төв 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 3/2265 дугаартай Албан бичгээрээ шинжээч Р.Зоригт барилгын үнэлгээ хийх эрхгүйг тодорхойлсон бөгөөд мөн 2016 оны дүгнэлт гаргасан шинжээч, төсөвчдөд 2017 онд эрх, үүргийг танилцуулснаар дээрх дүгнэлтийг хуулинд заасан нотлох баримтын шаардлага хангасан баримт гэж үзэх үндэслэлгүй юмаа.

 

           Тэрээр хариуцагч Д.Н-т, захиалагч Я.Г тус барилгын заслын ажилтай холбоотой асуудалд төлөөлөх “Итгэмжлэл” олгоогүй болох нь нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд “хариуцагч Д.Наранцэцэгээс татгалзаж байна”, хариуцагч Я.Г “Д.Н миний эхнэр. Энэ хэрэгт ямар ч хамааралгүй” гэсэн зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

           Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт “хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ”, 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт “энгийн хэлбэртэй бичгийн хэлцэл нь хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно гэж зааснаар 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 15/12 дугаартай “Барилгын дотор заслын ажил гүйцэтгэх гэрээ”-нд захиалагч гарын үсгээ зурж баталгаажуулаагүйн улмаас уг гэрээ хүчин төгөлдөр болоогүй тул нэхэмжлэгч алданги нэхэмжлэх эрхгүй байна.

 

           Иймээс талууд барилгын дотор заслын ажил хийсэн талаараа маргаагүй тул хариуцагч өмнө ажлын хөлсөнд төлсөн 2.000.000 төгрөгийг хасуулах талаар дурдалгүйгээр, зөвшөөрсөн 31.000.000 төгрөгийн дүнгээр нэхэмжлэлийг ханган, 83.844.213 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

          Мөн нэхэмжлэгчийн төлөөлөгч, хариуцагч Д.Н-ээс, хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шардлагаасаа татгалзсаныг дурдах нь зүйтэй байна.

 

          Хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлахад, хуулийн дагуу цуглуулсан, нотлох баримтын шаардлага хангасан, үнэн зөв  эргэлзээгүй баримтууд гэж дүгнэлээ.

 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 731.171 төгрөг, хариуцагч сөрөг нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 55.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 31.000.000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 312.950 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага

 

болгон ТОГТООХ нь:

 

    

 

1.Иргэний хуулийн 343 дцгаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Харчу овогт Я.Г-оос 31.000.000 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч “АБШ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 83.844.213 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Хариуцагч сөрөг нэхэмжлэлээсээ татгалзсаныг дурдсугай.

 

           3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 731.171 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 55.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 312.950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

           4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

           5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Г.АРИУНАА