| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Халамханы Мейримбек |
| Хэргийн индекс | 152/2016/00138/И |
| Дугаар | 130/ШШ2018/00017 |
| Огноо | 2018-01-10 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 01 сарын 10 өдөр
Дугаар 130/ШШ2018/00017
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч М даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Ө сумын ****дугаар багийн ** айлын орон сууцны ** тоотод оршин суух, Б,
Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Ө сумын ***дугаар багийн **0 айлын орон сууцны *** тоотод оршин суух, Д,
Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Ө сумын ***дугаар багийн ** айлын орон сууцны *** тоотод оршин суух, В нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Ө сумын *дугаар багийн ** айлын орон сууцны *** тоотод оршин суух, Д,
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Ө сумын**дугаар багт оршин суух, Л нарт холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д, В, Б-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Б, хариуцагч Д, Л, хариуцагчийн өмгөөлөгч Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Д нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: Хууран мэхэлж хийсэн орон сууц худалдах худалдан авах гэрээг цуцалж, байрны төлбөр болон хүү төлж хохирсон хохиролд Б-д 86578578 төгрөг, В-д 68671704 төгрөг, Д-д 81468643 төгрөг, нийт 236718925 төгрөгийг хариуцагч Д, Л нараас гаргуулах тухай.
Нэхэмжлэгч Б, В Д нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б, В, Д нарын манай 3 айл 2013 онд Д, Л нарын Ө сумын 10 дугаар багийн нутагт барьсан 60 айлын орон сууцанд тус бүр 2 өрөө байр худалдаж авсан. Тухайн үед байрыг нийтийн халаалттай, бохир, цэвэр усанд бүрэн холбогдсон, улсын комисс хүлээж авсан гэж ойлгуулсан учраас бид нар банкнаас 8 хувийн хүүтэй зээл авч уг байруудыг худалдан авч байрандаа орсон. Байрандаа орсны дараа халаалт маш муу байнга цахилгаан халаагуур хэрэглэхээс өөр аргагүй байдаг, цонх мөстөж хөлддөг, хана мөөгөнцөртдөг, бохир үнэртдэг. Энэ байдлын талаар аймгийн МХГ-т хандахад тухайн байрыг улсын комисс хүлээж аваагүй, нийтийн бохир усны системд холбогдоогүй болох нь тодорхой болсон. Ийм байдлаар биднийг хууран мэхэлж гэрээ байгуулсан болох нь тодорхой болж байгаа учраас бид нар гэрээгээ цуцлах шаардлагыг тавьж байна. Б хувьд 2013 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 70 м.кв, 2 өрөө байрыг 77000000 төгрөгөөр худалдах худалдан авах гэрээ байгуулсан бөгөөд урьдчилгаа 6100000 төгрөг бэлнээр, үлдэгдэл 53900000 төгрөгийг Голомт банкнаас 2013 оны 10 дугаар сарын 31-ний өдөр жилийн 8 хувийн хүүтэй, 20 жилийн хугацаатай зээлдэн авч төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Одоогийн байдлаар зээлийн хүүд 9578578 төгрөг төлж хохироод байна. Иймд байрны төлбөр болон хүү төлж хохирсон хохирол нийт 86578578 төгрөг гаргуулж өгнө үү.
В-ийн хувьд 2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 59 м.кв, 2 өрөө байрыг 59000000 төгрөгөөр худалдах худалдан авах гэрээ байгуулсан бөгөөд урьдчилгаа 2000000 төгрөг бэлнээр, үлдэгдэл 57000000 төгрөгийг Голомт банкнаас 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдөр жилийн 8 хувийн хүүтэй, 20 жилийн хугацаатай зээлдэн авч төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Одоогийн байдлаар зээлийн хүүд 9302227 төгрөг төлж хохироод байна. Иймд байрны төлбөр болон хүү төлж хохирсон хохирол нийт 68671704 төгрөг гаргуулж өгнө үү.
Д-гийн хувьд 2013 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 60 м.кв, 2 өрөө байрыг 72000000 төгрөгөөр худалдах худалдан авах гэрээ байгуулсан бөгөөд урьдчилгаа 22000000 төгрөг бэлнээр, үлдэгдэл 50000000 төгрөгийг Голомт банкнаас 2013 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр жилийн 8 хувийн хүүтэй, 20 жилийн хугацаатай зээлдэн авч төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Одоогийн байдлаар зээлийн хүүд 9468643 төгрөг төлж хохироод байна. Иймд байрны төлбөр болон хүү төлж хохирсон хохирол нийт 81468643 төгрөг гаргуулж өгнө үү. Нийт бид гуравт 236718925 /хоёр зуун гучин зургаан сая долоон зуун арван найман мянга эсэн зуун хорин таван/ төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Д шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: Миний хувьд энэ байранд 2014 оны 10-р сарын 31-ний өдөр орсон. 2 өрөө байрыг 77 сая төгрөгөөр худалдан авах гэрээ хийсэн бөгөөд урьдчилгаа төлбөр 6100000 төгрөгийг бэлнээр үлдэгдэл 53900000 төгрөгийг Голомт банкны 2013 оны 10-р сарын 31-ний өдөр 8 хувийн хүүтэй 20 жилийн хугацаатай зээл авч төлбөрийг бүрэн барагдуулж төлсөн байгаа. Одоогийн байдлаар зээлд 9578000 төгрөгийн зээл төлж хохироод байна. Нийтдээ байрны үнэ болон зээлийн хүүний нийлбэр болох 86578000 төгрөг гаргуулж өгнө үү гэсэн хүсэлт гаргаж шүүхэд хандсан байгаа. Анх байранд ороход улсын комисс хүлээн авсан эсэх талаар огт мэдээгүй байсан. Анх байранд ороход байрны доголдлыг бид нар энгийн нүдээр хараад огт мэдэхгүй байсан. Амьдрах явцад ийм доголдлууд гарч ирээд мэргэжлийн байгууллагуудад хандсан чин танай байрыг улсын комисс хүлээж аваагүй дүгнэлт гарсан байр шүдээ гэдгийг хэлсэн. Тиймээс бид хэд ярилцаж байгаад шүүхэд хандсан юм гэв.
Нэхэмжлэгч В шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: Би 2013 оны 11-р сарын 28-нд 59м2 2 өрөө байранд орсон. 10-р сарын 3-нд голомт банкнаас 57 сая төгрөгийн зээл авч өгч тус байранд ямар ч өр төлбөргүй орсон. Тэгээд амьдарч байх хугацаанд энэ байрнаас бохир үнэртээд паар нь хагараад, тааз нь цуурсан байгаа. Болохгүй болохоор нь мэргэжлийн хяналтад хандсан 2015 оны 9 сард. Тэгээд энэ хүмүүстэй ярилцаж байгаад шүүхэд хандсан. Одоо нийт 68671704 төгрөг нэхэмжилж байгаа гэв.
Нэхэмжлэгч Д-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: Манайх анх 2013 оны 9-р сарын 30-нд иргэн Д-ээс худалдах худалдан авах гэрээ байгуулаад урьдчилгаанд 22 сая, үлдсэн 50 сая төгрөгийг Голомт банкнаас 8 хувийн хүүтэй 20 жилийн хугацаатай авч барагдуулсан. 9468643 төгрөгийн хүү банканд төлсөн. Нийтдээ 81468643 төгрөг нэхэмжилж байгаа. Бид анх энэ байранд орж байхад энэ байр маань баригдсан улсын бүртгэлийн гэрчилгээ нь гарсан шинэ байр байсан. Тухайн үед бид анх удаагаа байр худалдаж авч байгаа болохоор ямар ямар зүйлүүдийг яаж шалгахаа сайн мэдэхгүй байсан. Нэг мэдэж байсан зүйл гэвэл байр баригдаад гэрчилгээ гарахад заавал улсын комиссын акт шаардлагатай гэдгийг мэдэж байсан. Тиймээс гэрчилгээ нь гарсан юм чин улсын комисс хүлээж авсан юм байна гэж ойлгосон. Тухайн үед Улсын бүртгэлийн гэрчилгээнд маш их итгэл үнэмшил төрж авч байсан. Тэгээд тэнд амьдраад эхний жилүүдэд цонх устаад байхаар нь эд нарт хэлэхэд шинэ байр болохоор шавар шохой нь хатаагүй байхаа гэдэг тайлбарыг хэлж байсан. Тийм болов уу гэж бодож тухайн жил жаахан сэрүүвтэрдүү өнжсөн. Дараа жил буюу 2014 оноос эхлээд паарнууд нь эхнээсээ хагарч эхэлсэн. Устаж байсан цонх маань хөлдөөд, тавцан руу ороод хөлдөөд дулаарсан үед нөгөөх нь мөөгөнцөртөөд, ар талын өрөөний хаана нь доогуураа хөлдөөд тэр нь дээшээгээ мөөгөнцөртдөг байсан. Пааруудыг бид өөрсдийнхөө зардлаар сольсон. Эдгээр хүмүүс бидэнд 8 ширхэг цээгц л өгсөн байж байгаа. 2014 оны 2 сард Цагаан сараар бид хөдөө яваад ирэхэд ар талын өрөө паар нь хагараад тэр шигтээ усанд автсан байсан. Тухайн үед хохирлынхоо үнэлгээг гаргуулсан байж байгаа. Тухайн үед энэ хүмүүст хэлж байсан боловч бидний барьсан байр шүдээ гэсэн хариуцлага энэ хүмүүст оногдож байгаагүй. 2015 онд бид ярилцаж байгаад В мэргэжлийн хяналтын газар хандахад хүн амьдрах орчин бүрдээгүй байна гэсэн дүгнэлт гарсан байсан. Тэр хүмүүст бид улсын комисс хүлээж авсан гэрчилгээ нь гарсан байр яагаад ийм байдаг юм болоо гэхэд тэд танай байрыг улсын комисс хүлээж аваагүй 2012 оны 9 сард олон зөрчилтэй гэсэн дүгнэлт гарсан байдаг юм гэсэн. Тэгээд бид Улсын комисс нь хүлээж аваагүй юм байна дээрээс нь бохирын шугамд холбогдоогүй, тухайн үед гадаа гараад салхилахад бохир үнэртдэг байсан. Ийм ийм зөрчлүүд байгааг мэдээд 2016 оны 2 сард шүүхэд хандсан байгаа гэв.
Хариуцагч Д шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Дээрх нэр бүхий 3 оршин суугчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд шүүхээр шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Миний бие өөрийн дүү Д.Төгсжаргал, Л нарын хамтаар Баян-Өлгий аймгийн Ө сумын10 дугаар багийн нутаг, хуучин 9 дүгээр баазын хашаанд 2013 оны 9 дүгээр сард 3 давхар 60 айлын орон сууц барьж ашиглалтад оруулсан. Уг барилгыг зохих мэргэжлийн байгууллагаас зөвшөөрөл, зөвлөгөө, үйлчилгээ авсны үндсэн дээр чанарын өндөр түвшинд барьж ашиглалтад оруулсан. Бид худалдан авагч нарт уг байрны холболт, барилгын хийцийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч танилцуулсны үндсэн дээр гэрээгээ байгуулан худалдсан. Гэтэл дээрх нэр бүхий 3 иргэн тав тухтай шинэ байранд 2 жил 5 сар амьдарсны дараа гэнэт гэрээгээ цуцлахаар шүүхэд хандаж байгааг гайхаж байна. Энэ өвөл маш их хүйтэрч, халаалт олон тийш хуваагдаж, эцсийн хэрэглэгч нарт хангалттай халаалт хүрээгүй байхыг үгүйсгэхгүй. Бид 2015 оны намар бүх халаалтын хэрэгслийг сольж өгсөн. Харин хана мөөгөнцөртдөг, бохир үнэртдэг, цонх мөстөж хөлддөг гэдэг нь ор үндэслэлгүй худал зүйл. Эдгээр 3 оршин суугчийн хэнийг ч тулган шаардаж, худал хэлж, хуурч мэхлэн гэрээ байгуулаагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
Хариуцагч Л шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би 2013 онд дүү Төгсжөргал, Балдорж нарын хамт өөрийнхөө хөрөнгөөр 60 айлын орон сууцыг 10-р багт барьсан юм. Тус байрыг барих үед би Баян-Өлгий аймгийн Ө сумынтоосго, Энэржи рта компанийн хавтан, Улаанбаатар хотын арматур, турбо, Хөтөлийн шохой цементийн үйлдвэрийн цементээр барьж ашиглалтад оруулсан байгаа. Тус барилгыг барихад Ц гэдэг инженерээр мэргэжлийн туслалцаа авч Мөнхжин барилгын компаниар бариулсан байгаа юм. 2013 онд Цогтгэрэл гэдэг хүнээр барилгын зургийг гаргуулсан боловч тухайн хүн өвчний улмаас нас барсны улмаас гарын үсгээ зураагүй юм. Гэвч энэ барилга дээр мэргэжлийн хяналтаас ирээд 2013 оны сүүлчээр шалгалт хийгээд 13 төрлийн жижиг сажиг зөрчлүүдийг илрүүлээд явсан. Аянга зайлуулагчгүй юм байна, халтирдаг шалтай плита наасан байна, гэх мэт жижиг зөрчлүүд бичсэн байсан. Тэрийг бид наар чадахаараа янзалж барагдуулсан. Энэ барилгыг энэ хүмүүс барьж байх үеэс нь үзэж харж явж байсан. Энэ барилгыг манайх ах дүү хамаатан цаатнаараа суух гэж барьсан боловч энэ хүмүүс өөрсдөө ирж танай байрнаас байр авъя гээд гуйж байгаад авсан. Ахын хүү Энхбаярт зарах гэж байсан байраа би Д, С хоёрт 55 сая төгрөгөөр зарсан байгаа юм. Эдгээр хүмүүс надаас 55 саяар авсан боловч банкнаас 73 саяар авсан болгож зээл авсан байгаа. Б-ыг би танихгүй. Манай дүүтэй хамт ирж барилгыг үзээд. Танай барилгад нэг байр байна надад өгчих гээд гуйгаад 11-л сарын 30-нд байрыг авсан. Б-д би 2 өрөө байрыг 58,8 сая төгрөгөөр худалдсан байхад Б нь банкнаас 77 сая төгрөгийн зээл авсан байсан. 18 сая төгрөгийг банканд байршуулаад авсан байгаа. Тэгэхэд надаас 77 сая төгрөг дээр зээлийн хүүтэй нийлүүлээд 86 сая 376 мянган төгрөг надаас нэхэмжлээд байгаа. Д 81468000 төгрөг надаас нэхэмжилж байгаа. Энэ хүмүүс анхнаасаа энэ байруудад амьдраад үнэхээрийн болохгүй байсан бол 6 сарын дотор буцаагаад өгсөн бол би авах л байсан. Энэ барилгыг бохир нь шингээлттэй дээрээс нь улсын комисс хүлээж аваагүй гэдийг энэ хүмүүс мэдэж байсан. Гэхдээ энэ хүмүүс гадагшаа явж байгаа тэр бохирын шугамыг дандаа давуу алчуур хийж тагларуулсан байдгийг би бохирын слесарь авчирж дандаа гаргуулдаг. 2017 онд Ч У компанийн слесарь Ж гэдэг хүн ирж шалгахад бас л тэгж тагларуулсан байсныг тогтоож янзалсан. Үүнийг санаатай хийдэг гэж би бодож байгаа. Хуучин дулаан дамжуулдаг труба нь Гал командын хашаагаар дамжиж явдаг байсан. Тэгээд тус газраас дулааны шугам ингэж явж болохгүй бид талбайгаа цементэлнэ, юм хум хийнэ гэхээр нь 2017 онд би дулааны шугам болон цэвэр усны шугамыг 200 метр газарт буцаан зөөсөн. Мөн бохирыг холбох гэхлээр тэр бохирын уклон нь таарахгүй байсан. Сая Ч У компанийн хүмүүстэй уулзаж энэ бохирыг хийх гэсэн боловч Онцгой байдлынхантай хамтарч хий гэсэн. Өргөлттэй насосоор шахаж хийхээр бүх материалаа аваад ирсэн бэлэн байгаа гэв.
Хариуцагч Л шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2013 онд энэ Д-тэй нийлж 60 айлын орон сууцыг барьсан юм. Тухайн үед бид цахилгааны, дулааны зөвшөөрлүүдийг амаар аваад дараа нь бичгээр авсан байдаг. Барилгыг бол мэргэжлийн барилгачдаар бариулсан тухайн үед бид нар бас өөрсдөө амьдрах юм чин чанартай юм хийе гээд 38-ын хаанаар бариад 10-ын хөөсөөр хөөслөөд дахиж 12-ын өрлөгөөр өрөөд, гадна талыг нь үнэтэй хөөстэй металл хавтангаар гадарласан. Манай Увс аймагт маш хүйтэн бусад барилгын айлууд дандаа хувцастай өвөлждөг байсан. Гэтэл эднийх болбол гэрт нь дандаа чоорттай байж байдаг байсан. Увс аймагт ийм байр тухайн үед байгаагүй. Хүмүүс үнэнийг хэлэх хэрэгтэй. Нэг давхрын айлууд халахгүй байсан нь үнэн энэ хүмүүс чоорттой явж чадахгүй байсандаа гомдоод байсан. Бид нэг метр нь 180.000 төгрөгийн үнэтэй паарыг авчирж тавьсан. Тэр паар нь үнэхээр сайн халдаг байсан. Манай Увс аймгийн ус давстай байдаг учраас бүх паар хагарсан тэрийг бол хүлээн зөвшөөрч байна. Тэгээд бид Оросоос бүх паарыг авчирж сольж өгсөн. Энэ сольж өгсөн паарыг хүртэл бид нар өөрсдөө сольсон гэж ярьж байгаа.Гаалийн татвар төлсөн баримт бидэнд байж байгаа. Энэ паарыг өөрсдөө сольж өгөөд одоо дулааны тал дээр ямар нэгэн доголдол байхгүй. Өнгөрсөн жил бид онцгой байдлынхантай хамтраад тэр бохирын асуудлыг шийдэх гэсэн боловч үнэхээр тэр 1 метрийн өндөрт уклон нь таарахгүй байгаа учраас бид хийж чадаагүй. Бүх турбааг нь авчирсан байгаа. 110-ын турбагаар цэвэр усны шугамыг сая татаад өгсөн байгаа. Тэр Онцгой байдлын барилга, Коллеж энэ бүгд бохирын шингээлттэй байж байгаа. Анх энэ барилгыг барихад шингээлттэй гэдгийг эд нар мэдэж байсан. Халуун ус бол байхгүй бид нар болир тавьж өгсөн. Тухайн үед байрны метр квадрат нь 1300000-1350000 төгрөг бахад эд нар надаас 960 орчим мянган төгрөгийн үнэтэй хямдхан байр авсан. В над руу яраад би 35 сая төгрөгөөр нэг өрөө байраа зарчихсан танаас байр авахгүй бол болохгүй гудамжинд гарчихлаа ухааны юм яраад байхаар нь би 59 сая төгрөгөөр заръя гэхдээ яг тэр үед 60 сая төгрөгөөр авъя гээд нэг хүн ирээд зогсож байсан. Би нэгэнт чамд зарна гэж хэлсэн учраас би чамд 59 сая төгрөгөөр заръя гээд бид 2 нотариат дээр очиж гэрээ хийсэн. Яг мөнгөө авах болсон чин банкнаас надад 57 сая төгрөг гарсан надад 57 саяас өөр мөнгө байхгүй гэж хэлээд дахиад маргаан болоод ээж нь ирээд уулзаад наад хүү чин байраа зарсан хэцүү байгаа гэж хэлээд би тэр 57 саяар зарахаар болоод нотариатаар батлуулъя гэхэд энэ Вөөс бас л 50000 төгрөг гарах гээд байсан болохоор би өөрөөсөө 2 сая төгрөг өгөөд батлуулсан. Үл хөдлөх дээр очоод байраа шилжүүлж өгөх гэтэл В-д 2 хувийн шимтгэлийн мөнгө 1180000 төгрөг байхгүй байсан. Тэгээд надаас 1 жилийн хугацаанд төлж өгөхөөр болоод нотариатаар батлуулаад авсан. 1 жилийн дараа би В-ээс 1180000 төгрөгөө нэхэж очиход энэ жил болохгүй байна он гараад өгье гэсэн. Дараа жил би тэр 1180000 төгрөгийг асуухад надад мөнгө алга чи тэр бохироо холбож өгөөд ав гэсэн. Тэгээд хэл ам болоод 2013 оны 9 сард мэргэжлийн хяналтад очно танаар энэ байраа улсын комисс хүлээж аваагүй юм байна шүдээ. Би энүүгээр чамайг дарамталж байж үлдсэн төлсөн мөнгөө олж авна гэж хэлсэн. Тэр Вийн байр бол тэр дулаан нь бүгд халдаг. Энэ нөхөр дулааныхаа мөнгөө ч талдаггүй юм байна. Тэгээд 2015 оны цагаан сарын үеэр В надтай уулзъя гээд байхаар нь уулзсан юм. Тэгэхэд би танд 1 өрөө байраа зарсан гэж худлаа ярсан юм. 350000 төгрөгөөр түрээсэлж байсан юм. Түрээсийн хүн маань цаг үе нь хэцүү болоод түрээсээ хаяад явчихлаа. Үнийг зээлээд 17 сая төрөг авсан би энэ 2 зээрийн хүүг төлж дийлэхээ болилоо. Одоо энэ байраа та буцаагаад авах боломж байна уу гэсэн. Би тухайн үед байраа зарчихсан, өөрөө хотод урьдчилгаа 2 сая төгрөг өгөөд хотод бар захиалсан байсан. Метр квадратыг нь 930000 төгрөгөөр авахаар болоод 6-7 сар хүлээж байсан. Ашиглалтад ороход 3 сар дутуу байсан. Ийм асуудал болоод В тэр хүмүүстэй уулзаад янз бүрийн юм болоод байхаар нь би В-д чи буцаавал буцаачих гэж хэлсэн. В надад одоо 53 сая төгрөг үлдсэн байна. Би энэ Пажеро машинаа 3 саяар зараад 3 саяын өөрөө төлчихнө 50 саяар буцаагаад авах боломж байна уу гэсэн. Бодож үзье би эхлээд 20 сая төгрөгөө салгаж авъя гэж хэлсэн. Би тэр 20 сая төгрөгөө бөөн хэл ам болж болж байж авсан. Тэгээд одоо тэр байраа авах юм байх гэж бодож байтал 2015 оны Цагаан сарын дараа намайг шүүхэд өгсөн байсан. Тэгээд шүүхээр шийдэх байх гэж бодоод явж байсан чин өнгөрсөн жил шүүх хурал болсны дараа В дахиад байраа буцаая гэж хэлсэн. Одоо хэл ам гаргахгүй мөнгө төгрөгөө тохироод авъя гэсэн. Би тэгье гэсэн гэхдээ хоёулаа Баян-Өлгийн шүүх дээр очиж тохирч чадвал болно л гэсэн. Түүнээс хойш над руу ч яраагүй бич яраагүй ингээд шүүхээр шийдвэрлүүлэх гээд сууж байгаа юм. Тэгэхлээр В бол энэ байр доголдолтой байгаадаа биш өөрөө мөнгө төгрөгөө төлж чадахгүй болсондоо л ийм асуудал үүсгэж байгаа юм. Энэ хүмүүс бол яс юман дээр бол залилан хийгээд явж байгаа хүмүүс байгаа юм. Яагаад гэвэл 52 саяар авсан бараа 77 сая гэж банкнаас зээл авчхаад одоо энэ мөнгөө хүүтэй нь нэхэмжилсэн. Түрүүчийн шүүх дээр илүү мөнгө нэхэмжилсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн ш дээ. Вөөс тэр 1180000 мянган төгрөгийг хүүтэй нь хамт нэхэмжлэх гэж байгаа юм. Бусад оршин суугчид хэл ам гаргаагүй тэр байранд амьдарч байгаа. Энэ хүмүүс мөнгөө төлж чадахгүй бодлоод ирэхээр ингээд хэл ам гараад явж байгаа гэдгийг хэлье. Надад тэр байрыг Улсын комисс хүлээж авах шаардлагагүй гэдэг үүднээс Улсын бүртгэлийн газраас үл хөдлөхийн гэрчилгээ гаргаж өгсөн. Банкны хүн надаас банкны ипотекийн зээл авахад үл хөдлөхийг гэрчилгээнээс гадна энэ улсын комисс хүлээж авсан гэсэн бичиг шаарддаг юм байна энэ бичгийг өгөх үү гэж хэлсэн. Тиймээс би хот байгуулалтын газар хандсан. Танай барилга 150 мянган метр кубаас дотогш барилга учраас комисс хүлээж авах шаардлагагүй гэсэн мөртлөө ийм хамгаалсан бичиг өг гэхлээр өгөхгүй байсан. Тэд бас ашиг сонирхлын зөрчилтэй байсан. Ийм учраас би аймгийн засаг даргад хандаж бүх учрыг хэлсэн. Засаг дарга тэр хот байгуулалтын хүмүүст уулзаад чиглэл өгсөн. Тэр хүмүүс намайг байхад ирээд үзчихээд явсан. Ямар шийдвэр гаргасан яасныг мэдээгүй. Тэгээд 2015 оны шүүх хурал дээр би тэр хүн амьдрах боломж бүрдээгүй гэдэг дүгнэлт гаргасан байсныг мэдээд дахиад Увс аймгийн мэргэжлийн хяналтын газарт хандсан. Таа нарын энэ Оюунцэцэг гэдэг байцаагч чин энэ байран дээр хүн амьдрах боломжгүй онц аюултай нөхцөл бүрдүүлсэн гэсэн дүгнэлт гаргасан байна шүү таанаар энэ асуудал дээр комисс гаргаад шийдвэрлүүлж өг гэсэн хүсэлтээ би удаа дараа тавьсан. Мэргэжлийн Хяналтаас энэ хэрэг шүүхийн шатанд явж байгаа учраас бид ямар нэгэн комисс томилох эрхгүй гэдгийг тухайн үед хэлж байсан. Тэгтэл тэр В-ийн хүсэлтээр Ц, Ж гэдэг байцаагч очиж дүгнэлт гаргасан байн лээ. Тэр дүгнэлтийн зарим хэсгийг зөвшөөрч байгаа зарим хэсгийг зөвшөөрөхгүй гэдгийг бид хэлээд хавтаст хэрэгт бичиж өгсөн байгаа. Энэ байцаагч нарын дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй гээд Захиргааны хэргийн шүүхэд өгөөд бидний шаардлагыг хангаад шийдвэрлэчихсэн байгаа. Тэд өөрсдийнхөө шийдвэрийг зөв гэж үзсэн бол давж заалдаад явах л байсан тэд тийм гомдол гаргаагүй. Дараа нь мэргэжлийн хяналтаас дахиад нэг хүн шалгалт хийх гэж байна гэхээр нь би яриад чи яахаараа ганцаараа шалгалт хийдэг юм, өмнө нь бас шалгалт хийсэн гээд баахан юм бичээд хаясан байсан. Чи наад зургаа бодитоор нь аваарай, бүх байруудаар орж аваарай гэж хэлсэн тэр байцаагч нь зураг авчхаад тэр зургийг Д-д өгсөн ш дээ. Би тэрийг ойлгоогүй. Д энэ хэрэгт оролцож байгаа хүн. Ямар зураг гаргаж өгснийг би хараагүй. Аймгийн засаг даргаас энэ яагаад үл хөдлөхийн гэрчилгээ гарсныг шалгуулаад цагдаад өгсөн байсан. Комисс ороогүй байхад Үл хөдлөхийн гэрчилгээ гарч болдог юм уу гэдгийг аймгийн Цагдаагийн газар шалгасан. Бид нарыг бас дуудаж шалгасан. 2012 оны хуулийн дагуу л бид нар явж байгаа. Комисст өгөх шаардлагагүй гэсэн учраас бид нар өгөхгүй байгаа юм гэсэн. Бид нар тайлбараа тухайн үед хэлсэн. Тэр үл хөдлөхийн Б гэдэг хүнийг прокуророос буруугүй гэж гараад тэр хүн өнөөдөр ажлаа хийгээд явж байгаа. Энэ хүмүүс сүүлийн нэг жил тэр ипотекийн зэлээ ч төлөөгүй явж байгаа юм байна лээ. Энэ хүмүүс мөнгөө төлж чадаагүйдээ ингээд явж байгаа гэж бодож байна. Нэг болохоор буцаагаад авчхаач гэдэг нэг болохоор шүүхээр шийдүүлье л гэнэ би бол шүүхээр шийдүүлье л гэсэн. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б, В, Д нар нь орон сууц худалдах худалдан авах гэрээг цуцалж, байрны төлбөр болон хүү төлж хохирсон хохирлыг хариуцагч Д, Л нараас гаргуулахыг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Шүүх хэргийн оролцогч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд хариуцагч Д, нэхэмжлэгч Д нарын хооронд 2013 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр, хариуцагч Д нэхэмжлэгч Б нарын хооронд 2013 оны 10 дугаар сарын 31-ний өдөр, хариуцагч Л, нэхэмжлэгч В нарын хооронд 2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр тус тус Орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж орон сууц худалдаж авсан нь тогтоогдсон байна.
Нэхэмжлэгч нараас нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ хариуцагч Д, Л нараас орон сууцыг худалдаж авсны дараа халаалт маш муу байгаагийн улмаас байнга цахилгаан халаагуур хэрэглэхээс өөр аргагүй байдаг, цонх мөстөж хөлддөг, хаана мөөгөнцөрддөг, бохир үнэртдэг, тухайн байрыг улсын комисс хүлээж аваагүй, нийтийн бохир усны системд холбогдоогүй зэрэг эд хөрөнгийн доголдол илэрсэн байх тул талуудын хооронд байгуулагдсан худалдах худалдан авах гэрээг цуцалж, гэрээний улмаас учирсан хохирол болох нэхэмжлэгч Б-ын хувьд хариуцагч Д-ээс нийт 86578578 төгрөгийг, нэхэмжлэгч Д-гийн хувьд хариуцагч Д-гээс нийт 81468643 төгрөгийг, нэхэмжлэгч В-ийн хувьд хариуцагч Л-ээс 68671704 төгрөгийг тус тус гаргуулж өгөхийг хүссэн байна.
Хариуцагч нар тухайн маргаан бүхий 60 айлын орон сууцыг худалдах үед улсын комисс хүлээж аваагүйг, энэ талаар холбогдох байгууллагад өргөдөл гаргаж одоо хүртэл улсын комисс хүлээж аваагүй талаар хариуцагч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдлоо.
Зохигчдын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн бөгөөд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж зохицуулжээ.
Хариуцагч нараас нэхэмжлэгч нарт хөрөнгө шилжүүлж өгсөн боловч шилжүүлсэн хөрөнгө нь биет байдлын доголдолтой болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон гэж үзэх үндэслэлтэй байна.
Шинжээч БӨ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Барилгын техникийн хяналтын байцаагч Ж-ийн 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн дүгнэлтэд Улаангом сумын 10 дугаар багт байрлах 60 айлын орон сууцны барилгын зураг төсөл гэх материалыг хариуцагч Д, Л нараас авч үзэхэд зураг төсөл, төсөв нь тусгай зөвшөөрөлтэй зураг төслийн байгууллагаар хийлгээгүй, гарын үсэг, тэмдгээр баталгаажаагүй, иж бүрэн бус, магадлал хийгээгүй, барилгын ажил гүйцэтгэх гэрээ хийгээгүй байна, 60 айлын орон сууц нь нэгдсэн бохирын шугамд холбогдоогүй, бохир цооногт үнэр гаргагч яндан гаргаагүй, стандарт нормын дагуу хийгээгүй, 60 айлын сууцны 1, 2 тоот айлуудад цонх, хөлөрч, хана, тааз, шалны уулзвар хэсгүүдээр мөөгөнцөр үүссэн, 8 тоот айлын цонх хөлөрсөн, тагтанд нь хазайлт үүссэн, дулааны гадна шугам, инженерийн шугам сүлжээний угсралтын ажлыг хийхдээ Барилгын тухай хуулийн дагуу ил, далд ажлын акт, талбайн журнал, фото зургаар баталгаажуулаагүй, цэвэр усны гол шугамыг зэврэлтээс хамгаалсан цайран трубогоор хийгээгүй, 1, 2, 8 тоот айлуудын салаа болон барилга доторх шугамыг цайран болон PPR холойгоор хийсэн байна, Барилгад аянга зайлуулагч, газардуулга хийгээгүй, галын дохиоллын системгүй, галаас хамгаалах арга хэмжээ аваагүй байна, 60 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг барилгын тусгай зөвшөөрөлтэй зураг төслийн компаниар хийлгээгүй, барилгын ажил эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөлгүй, угсралтын үед ямар нэг хяналт хийгдээгүй, талбайн журнал, ил, далд ажлын акт хөтлөөгүй, фото зургаар баталгаажуулаагүй, барилгын үндсэн хийц, бүтцэд ашигласан материалууд нь гарал үүслийн гэрчилгээгүй, рабораторын шинжилгээнд хамруулаагүй бат бэх тогтвортой байх баталгаа байхгүй байгаа нь Барилгын тухай хуулийг зөрчиж байна гэж дүгнэжээ.
Шинжээчийн дээрх дүгнэлт болон хэрэгт авагдсан нотлох баримтууд, нэхэмжлэгч нарын мэдүүлгээс үзэхэд худалдагч болох Д, Л нараас шилжүүлсэн эд хөрөнгө болох орон сууцны зориулалттай барилга нь хүн амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлсэн, түүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, аюулгүй байдлыг хангасан байх шаардлагад нийцэхгүй байгаа тул Д, ЭБалдорж нараас В, Д, Б нарт шилжүүлсэн орон сууц буюу эд хөрөнгө нь доголдолтой байсан гэж үзэх үндэслэлтэй болно.
Иргэний хуулийн 256 дугаар зүйлийн 256.1-д зааснаар эд хөрөнгийн доголдолтой холбогдуулан худалдагч, худалдан авагчийн аль аль нь гэрээг цуцлах эрхтэй бөгөөд энэ тохиолдолд худалдагч нь худалдан авагчид учирсан хохирол, нөхөн төлөх үүрэгтэй тул нэхэмжлэгч нарын гэрээг цуцлах, гэрээний улмаас учирсан хохирол гаргуулах тухай нэхэмжлэл нь үндэслэлтэй гэж үзлээ.
Шинжээчийн дүгнэлтэд дурдсан болон нэхэмжлэгч нараас тайлбарлаж байгаа эд хөрөнгийн доголдол нь эд хөрөнгийг хүлээж авах үед мэдэгдэх боломжгүй доголдол байх ба эд хөрөнгийг хүлээж авч ашиглаж, амьдрах явцад мэдэгдсэн эд хөрөнгийн доголдол бөгөөд шинжээчийн дүгнэлтэд дурдсан зөрчлүүдийг худалдан авагч нь нүдээр харж шууд тодорхойлох боломжгүй доголдлууд байх тул худалдан авагч болох В, Д, Б нар нь шаардлага гаргах эрхтэй болно.
Хариуцагч нар 60 айлын орон сууцыг ашиглалтад оруулахдаа Барилгын тухай хууль болон Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх, ашиглалтад оруулах дүрмүүдийг зөрчиж улсын комисс хүлээж аваагүй орон сууцаа нэхэмжлэгч нарт худалдсан болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар бүрэн тогтоогджээ.
Нэхэмжлэгч В хариуцагч Л-тэй 59000000 /тавин есөн сая/ төгрөг, нэхэмжлэгч Б хариуцагч Д-тэй 77000000 /далан долоон сая/ төгрөг, нэхэмжлэгч Д хариуцагч Д-тэй 72000000 /далан хоёр сая/ төгрөгөөр тус тус орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулсан нь хавтаст хэрэгт авагдсан хэдий боловч уг орон сууцыг нэхэмжлэгч В хариуцагч Л-ээс 57000000 /тавин долоон сая/ төгрөг, нэхэмжлэгч Б хариуцагч Д-гээс 60000000 /жаран сая/ төгрөг, нэхэмжлэгч Д хариуцагч Д-гээс 55000000 /тавин таван сая/ төгрөгөөр тус тус худалдан авсан болох нь зохигч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдсон тул хариуцагч нараас дээрх мөнгийг гаргуулж нэхэмжлэгч нарт олгох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Нэхэмжлэгч Б нь тухайн орон сууцыг хариуцагч Д-гээс худалдаж авах үед 2 хувийн шимтгэл болох 1200000 /нэг сая хоёр зуун мянган/ төгрөгийг хариуцагч Д төлсөн болох нь тэдний шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдсон тул Иргэний хуулийн 245 дугаар зүйлийн 245.2-т зааснаар худалдан авагч Б нь уг зардлыг өөрөө хариуцах тул уг орон сууцыг худалдан авсан 60000000 /жаран сая/ төгрөгөөс хариуцагч Д-гийн төлсөн 2 хувийн шимтгэлийг хасаж тооцож үлдсэн 58800000 /тавин найман сая найман зуун мянган/ (60000000-1200000) төгрөгийг хариуцагч Д-гээс гаргуулж нэхэмжлэгч Бд олгох нь зүйтэй байна.
Хариуцагч Л нэхэмжлэгч В-д 57000000 /тавин долоон сая/ төгрөгөөр, хариуцагч Д нэхэмжлэгч Б-д 60000000 /жаран сая/ төгрөгөөр, нэхэмжлэгч Д-д 55000000 /тавин таван сая/ төгрөгөөр тус тус орон сууцаа худалдсан байх ба нэхэмжлэгч нараас Голомт банкны Увс аймаг дахь салбартай орон сууцны зээлийн гэрээ байгуулж зээлийн хүү нэхэмжилсэн хариуцагч нартай орон сууц худалдах, худалдан авах гэрээний улмаас учирсан бодит хохирол гэж үзэх боломжгүй тул гаргуулах үндэслэлгүй болно.
Иймд зохигч нарын хооронд 2013 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хариуцагч Д нэхэмжлэгч Д нарын, 2013 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хариуцагч Д нэхэмжлэгч Б нарын, 2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хариуцагч Л нэхэмжлэгч В нарын хооронд байгуулсан орон сууц худалдах, худалдан авах гэрээг цуцалж, хариуцагч Л-оос 57000000 /тавин долоон сая/ төгрөгийг нэхэмжлэгч В-д, хариуцагч Дгээс 55000000 /тавин таван сая/ төгрөгийг нэхэмжлэгч Д-д, мөн 58800000 /тавин найм сая найман зуун мянган/ төгрөгийг нэхэмжлэгч Бд тус тус гаргуулан олгож, нэхэмжлэгч нарын илүү нэхэмжилсэн 65918925 (236718925-170800000) төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1341544 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлага хангагдсан хэмжээ болох хариуцагч Л-оос 57000000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжид 442950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч В-д, хариуцагч Д-гээс 58800000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжид 451950 төгрөгийг нэхэмжлэгч Б-д, мөн Д-гээс 55000000 сая төгрөгт ногдох 432950 төгрөгийг нэхэмжлэгч Д-гээс гаргуулж тус тус олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.1, 256 дугаар зүйлийн 256.1, 227 дугаар зүйлийн 227.1, 229 дүгээр зүйлийн 229.1-д заасныг тус тус баримтлан 2013 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хариуцагч Д нэхэмжлэгч Д нарын, 2013 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хариуцагч Д нэхэмжлэгч Б нарын, 2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хариуцагч Л нэхэмжлэгч В нарын хооронд байгуулсан орон сууц худалдах, худалдан авах гэрээг цуцалж, хариуцагч Лоос 57000000 (тавин долоон сая) төгрөгийг нэхэмжлэгч В-д, хариуцагч Д-гээс 55000000 (тавин таван сая) төгрөгийг нэхэмжлэгч Д-д, мөн 58800000 (тавин найм сая найман зуун мянган) төгрөгийг нэхэмжлэгч Б-д тус тус гаргуулан олгож, нэхэмжлэгч нарын илүү нэхэмжилсэн 65918925 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1341544 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л-оос улсын тэмдэгтийн хураамжид 442950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч В, хариуцагч Д-гээс улсын тэмдэгтийн хураамжид 451950 төгрөгийг нэхэмжлэгч Б-д, 432950 төгрөгийг нэхэмжлэгч Д нарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4.Энэ шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М