| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Батсүрэнгийн Ундрах |
| Хэргийн индекс | 141/2019/00256/И/Н |
| Дугаар | 001/ХТ2020/00817 |
| Огноо | 2020-12-16 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2020 оны 12 сарын 16 өдөр
Дугаар 001/ХТ2020/00817
Ц.Т-, Б.Б- нарын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн
2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 285 дугаар шийдвэр,
Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 205/МА2020/00006 дугаар магадлалтай,
Нэхэмжлэгч: Ц.Т-
Нэхэмжлэгч: Б.Б-
Хариуцагч: Завхан аймгийн Тосонцэнгэл сумын нэгдсэн эмнэлэг
Сахилгын шийтгэл ногдуулсан Б/39 дугаар тушаалыг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг
Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Э.Ганбатын гомдлыг үндэслэн
Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Э.Ганбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Пүрэвдорж, нарийн бичгийн даргад Х.Билгүүн нар оролцов.
Нэхэмжлэгч нар нэхэмжлэлдээ: Тус нэгдсэн эмнэлгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2019-06-13-ны өдрийн Б/39 дугаартай тушаалаар цалин бууруулах сахилгын арга хэмжээ авсан. Гэвч клиник эмгэг судлалын хурал хийх журамгүй, клиник эмгэг судлалын хурал дээр сахилгын арга хэмжээ авч, цалингийн хувь бууруулна гэсэн шийдвэр тухайн үед гараагүй болно. Хөдөлмөрийн тухай хуулийн 131.1 дэх заалт нь хөдөлмөрийн гэрээ болон хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанд сахилгын шийтгэлийг ногдуулна гэсэн байхад хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээний аль заалтыг үндэслэж сахилгын арга хэмжээ авч байгаа нь тодорхойгүй байна. Ингэж тушаал гаргаж байгаа нь өөрөө хууль зүйн хувьд хүчин төгөлдөр биш байна. Б/39 тоот тушаалд хөдөлмөрийн дотоод журмын 10.2.1, 10.2.6-г үндэслэсэн нь Нэгдсэн эмнэлгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2019-02-01-ний өдрийн А/05 тоот тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан Тосонцэнгэл сумын нэгдсэн эмнэлгийн хөдөлмөрийн дотоод журамд 10.2.1, 10.2.6 гэсэн заалт байхгүй тул хууль зөрчиж тушаал гаргасан гэж үзэж байна. Хөдөлмөрийн дотоод журмын 10.3.5-д сахилгын шийтгэл ногдуулах тухай үндэслэлийг шалган тогтоож энэ тухай баримтыг үндэслэн ажилтанд танилцуулсан байна. Зөрчил гаргасан ажилтан баримттай танилцаад нэмэлт тайлбар хийх, дахин шалгалт хийлгэхийг шаардаж болно гэсэн заалт байхад харилцан ярилцаж, сонсох үйл ажиллагаа явуулаагүй байж давуу эрхээ ашиглан сахилгын арга хэмжээ үндэслэлгүйгээр тооцож байгаад би гомдолтой байна. Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Нэгдсэн эмнэлгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2019-06-13-ны өдрийн Б/39 дугаартай сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч тайлбартаа: Тосонцэнгэл сумын Нэгдсэн эмнэлгийн дотрын тасагт Мөнхбаатар гэх 52 настай эрэгтэй хүн 2019-02-25-ны өдөр хэвтэн, 2 талын уушгины хатгалгаа оношоор 16 хоног эмчлүүлж байгаад нас барсан билээ. Нас барсны дараа нь Эрүүл мэндийн сайдын 2017-02-02-ны өдрийн А/55 тоот тушаалд заасан журмын дагуу эмгэг судлалын шинжилгээг Завхан аймгийн Нэгдсэн эмнэлгээс эмгэг судлаач эмч Н.Мөнх-Амгаланг дуудан, эмгэг судлалын шинжилгээг хийлгэсэн. Эмгэг судлалын шинжилгээний хариу дүгнэлт гарсны дараа клиник эмгэг судлалын хурал хийж эмнэл зүйн үндсэн онош нь эмнэл судлалын оноштой хийсвэр шалтгаантай зөрсөн, эмчилгээ үйлчилгээний доголдол гаргасан гэх дүгнэлтийг гаргасан. Эрүүл мэндийн тухай хуулийн 28.4.3-т эмнэлгийн мэргэжилтэн үйл ажиллагаандаа эрүүл мэндийн тухай хууль тогтоомж, оношилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэх ажлын стандарт, технологи, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх удирдамжийг мөрдөж ажиллах үүрэгтэй гэж заажээ. Гэвч Ц.Т-, Б.Б- нар нь хуульд заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас оношилгоо, эмчилгээний алдаа гаргаж хүн нас барсан. Ц.Т- нь тухайн үйлчлүүлэгчийн цээжний эгц урдаас харсан рентген зурагт сүрьеэ гэж оношлох оношилгооны ач холбогдол бүхий зүйлийг зураг уншсан дүгнэлтдээ тусгалгүй мэргэжлийн эмчийн алдаа гаргасан. Сүрьеэ өвчин бол эдгэрдэг өвчин юм. Хэрэв нас барсан үйлчлүүлэгчийн оношийг зөв тавьж тухайн оношдоо тохирсон эмгэг жамын эмчилгээг хийсэн бол энэ хүн өдийд амьд явах байсан ч юм билүү гэдэг эргэлзээ төрж байна. Ийм учир клиник эмгэг судлалын хурал хийж оношилгоо эмчилгээний алдаа гаргаж оношийн зөрүү болон эмчилгээ үйлчилгээний доголдол гаргасан эмч нарт сахилгын шийтгэл ногдуулах шийдвэр гаргасан. Үүний дагуу 2019-06-13-ны өдрийн тоот тушаал үйлдэгдсэн..нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 285 дугаар шийдвэр гаргаж, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Нэгдсэн эмнэлгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2019-06-13-ны өдрийн Б/39 дугаар тушаалыг хүчингүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар Ц.Т-, Б.Б- нар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэсэн байна.
Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 205/МА2020/00006 дугаар магадлалаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 285 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, Ц.Т-, Б.Буяндэлгэр нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт заасны дагуу тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурджээ.
Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Э.Ганбат хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Ц.Т-, Б.Б- нарыг 2019-02-25-ны өдөр өвчтөн X.Мөнхбаатарын уушигны хатгаа, сүрьеэ гэсэн хоёр өвчнийг оношлоогүй гэсэн үндэслэлээр сахилгын арга хэмжээ авсан нь үндэслэлгүй. Хөдөө орон нутгийн нөхцөл байдал, эмчийн мэргэжлийн ур чадвар зэрэг олон шалтгаанаар оношийг 100% баттай оношлох боломж муутай байдаг. Ер нь анагаах ухаанд 100% оношлох боломж гэж ойлголт байдаггүй. Эмнэлэгт нас барсан 100 тохиолдлын 10-11 хувьд оношийн зөрүү гардаг. Энэ 10-11 хувьд хууль зүйн хариуцлага хүлээлгэдэггүй ба үүргээ биелүүлсэн ч бусад хүчин зүйлээс онош тогтоох боломж бүрдээгүй тухай танин мэдэхүйн асуудал юм. Ц.Т- нь өвчтөнд нэг удаа хийгдсэн рентген зургийг эмчлэгч эмчийн хүсэлтээр 1 удаа л уншин дүгнэлт бичсэн. Өөрөөр эмчилгээ, оношилгоонд дахин оролцоогүй УБ хотод сургалтанд хамрагдсан. Онош тавих, оношилох үйлдэл гэдэг нь рентген зургийг 1 удаа уншиж үзсэнээр баттай илрүүлэх тухай ойлголт биш юм. Б.Б-ын хувьд өвчтөнийг үзэж, холбогдох шинжилгээ хийж сүрьеэгийн мэргэжлийн эмч бөгөөд эмчилгээ эрхэлсэн орлогч урьдчилан үзүүлэхэд тэрээр “уушигны хатгаа” гэсэн онош тавьж эмчилгээг үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн. Гэтэл сүрьеэгийн эмч биш эмчид сүрьеэ өвчний оношийг тавьж чадаагүй гэж сахилгын арга хэмжээ авсан нь шударга бус шийдвэр гэдгийг нотолно. 2019-02-25-с 03-13-нд өвчтөн эмчилгээ хийлгэж байгаад нас барсан, 2019-03-14-ний өдөр задлан шинжилгээ хийгдсэн. Задлан шинжилгээгээр олон эрхтнийг хамарсан сүрьеэ өвчин оношлогдсон бөгөөд өвчтөн оношлогдоогүйгээс нас барсан гэж үзэх үндэсгүй, хүнд амь нас аврагдаж эмчлэгдэж эдгэрэх боломжгүй байсан нь нотлогдсон. Үүнийг шүүх анхаарч нотлох баримтыг үнэлээгүй. Хөөн хэлэлцэх хугацааг анхан шатны шүүх зөв, хуульд нийцүүлэн тогтоосон гэж үзэж байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Ц.Т-, Б.Б- нар 2019-09-06-ны өдөр шүүхэд хандаж “...сахилын зөрчил гаргаагүй...хариуцагч үндсэн цалинг 10 хувь нэг сарын хугацаагаар хасах сахилгын шийтгэл ногдуулахдаа Хөдөлмөрийн тухай хууль болон дотоод журам зөрчсөн..” гэсэн үндэслэлээр Завхан аймгийн Тосонцэнгэл сумын нэгдсэн эмнэлгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2019-06-13-ны өдрийн Б/39 дугаар тушаалыг хүчингүй болгуулахыг шаардсан байна.
Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргахдаа “...онош буруу тавьсан...сахилгын арга хэмжээ авсан ..хууль зөрчөөгүй...” гэж маргажээ.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангасан, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, Ц.Т-, Б.Б- нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байна.
Хяналтын шатны шүүхэд гаргасан нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Завхан аймгийн Тосонцэнгэл сумын нэгдсэн эмнэлгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч 2019-06-13-ны өдөр Б/39 дугаар тушаал гаргаж, Засаг захиргаа нутаг дэвсгэр, түүний удирдлагын тухай хуулийн 33.5, Хөдөлмөрийн тухай хуулийн 131.1.2, дотоод журмын 10.2.1., 10.2.6., эмч нарын 2019-06-04-ний өдрийн клиник эмгэг судлалын хурлын шийдвэрийг үндэслэн “...дотрын тасгийн их эмч Б.Б-, дүрс оношилгооны их эмч Ц.Т- нар нь Эрүүл мэндийн тухай хуулийн 28.4.3-т заасан үүргээ биелүүлээгүйгээс үндсэн оношийн зөрөө, оношилгоо, эмчилгээний дутагдал гаргаж, эмнэлгийн тусламж үйлчилгээний хожимдол үүсгэсэн..” гэж үндсэн цалинг нь нэг сарын хугацаагаар 10% бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан /хх3/ уг тушаалыг нэхэмжлэгч нар хүчингүй болгохыг шаардсан байна.
Хөдөлмөрийн тухайн хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1-т зааснаар ажил олгогч буюу түүний хууль ёсны төлөөлөгч, эрх олгогдсон албан тушаалтан нь хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанд сахилгын шийтгэл ногдуулна.
Тушаалд заасан хөдөлмөрийн дотоод журмын 10.2.1-т “..ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээ, дотоод журам, зөрчсөн ажилтанд хууль болон эмнэлгийн мэргэжилтэн, ажилтны ёс зүйн хэм хэмжээний дүрэм, журамд заасан ..сахилгын шийтгэл ногдуулна..” гэж., 10.2.10-т “...эмч, эмнэлгийн мэргэжилтэн, бусад ажилтан нь албан тушаалын тодорхойлолтонд заасан эсхүл ...заагаагүй боловч эрхэлж буй ажилтай нь холбогдуулан шууд харьяалан удирдах дарга болон захиргаанаас өгсөн үүрэг даалгаврыг ..биелүүлээгүй тохиолдолд ..сахилгын шийтгэл ногдуулна..” гэж тус тус заажээ.
Ажил олгогч сахилгын шийтгэл ногдуулахдаа хөдөлмөрийн дотоод журмын 10.2.1, 10.2.10-г үндэслэсэн байх боловч нэхэмжлэгч нар нь хөдөлмөрийн гэрээний ямар заалтыг зөрчсөн талаар тушаалд заагаагүй байх тул Ц.Т-, Б.Б- нар “сахилгын зөрчил” гаргасан нь тогтоогдоогүй гэж үзнэ.
Эрүүл мэндийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4.3-т сахилгын зөрчлийн талаар бус, харин эмнэлгийн мэргэжилтэн нь үйл ажиллагаандаа эрүүл мэндийн тухай хууль тогтоомж, оношлогоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэх ажлын стандарт, технологи, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх удирдамжийг мөрдөж ажиллах үүрэгтэй талаар заасан байна. Эрүүл мэндийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4.3-н заалтыг биелүүлээгүйг сахилгын зөрчилд тооцох талаар хөдөлмөрийн гэрээнд заагаагүй байх тул энэ нь сахилгын шийтгэл оногдуулах үндэслэл болохгүй юм .
Хариуцагч нэхэмжлэгч нарт сахилгын шийтгэл оногдуулахдаа “...үндсэн онош зөрсөн... оношилгоо, эмчилгээний дутагдал гаргаж, эмнэлгийн тусламж үйлчилгээний хожимдол үүсгэсэн..” гэх боловч энэ нь сахилгын зөрчил эсхүл мэргэшлийн алдаа эсэхийг зааглан тогтоогоогүй, эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн алдаа гаргасан үр дагаварын талаар Эрүүл мэндийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т зохицуулсан байгааг давж заалдах шатны шүүх анхаарч үзээгүй нь дутагдалтай болжээ.
Зохигч нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг зөвшөөрсөн, эс зөвшөөрсөн баримтыг өөрөө гаргах үүрэгтэй. Шүүх хэрэгт байгаа баримтын хэмжээнд хэргийг хянан шийдвэрлэнэ.
Анхан шатны шүүх хэрэгт буй баримтын хэмжээнд Хөдөлмөрийн тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 205/МА2020/00006 дугаар магадлалыг хүчингүй болгож, Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 285 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.
2. Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Э.Ганбат хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Б.УНДРАХ