Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 130/ШШ2018/00019

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.М даргалж, шүүгчид А.Ж, К.Б нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Ц сумын 8 дугаар багт оршин суух, М х овогт Х М-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Ц сумын 8 дугаар багт оршин суух, С овогт М А-д холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С, хариуцагч М.А, орчуулагч А.Е, иргэдийн төлөөлөгч П.А, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.М нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол 6586800 6586800 төгрөг гаргуулах тухай.

Нэхэмжлэгч Х.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2017 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 13 цагийн үед М.А нь өөрийн эзэмшилд байгаа УАЗ 31512 маркийн 38-02 БӨТ дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож яваад миний нөхөр А.М-ын жолоодож явсан мотоциклыг мөргөж сундалж явсан миний биед хүндэвтэр гэмтэл учруулсан нь 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 5/44 тоот прокурорын тогтоолоор нотлогдсон юм. М.Аын учруулсан гэм хорын улмаас миний зүүн шилбэний нарийн ба бүдүүн ясны далд хугарал авч Улаанбаатар хотод нөхөр маань сахиулаар хамт явж бид хоёр тэнд 22 хоног байж эмчилгээ хийлгэж ирсэн бөгөөд үүний улмаас манай гэр бүл эд материалын их хэмжээний хохирол учраад байна. Иргэний хуульд зааснаар гэм учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй хэмээн заасан байдаг тул миний эмчилгээнд байх хугацаанд гэр бүлд минь учирсан хохирол болон эмчилгээнд гарсан дараах зардлуудыг хариуцагчаас нөхөн төлүүлж, учирсан гэм хорыг арилгуулж өгөхийг хүсэж байна. Хохирлын талаар тусгахад дараах гэм хор учирсан болно: Үүнд:

1.    Хот явж ирсэн нөхөр бид хоёрын замын зардал 880000 төгрөг

2.   Адууны кальци эмийн үнэ 135000 төгрөг

3.   Улаанбаатар хотод байх хугацааны хоол хүнсэнд зарцуулсан мөнгө 550000 төгрөг

4.   Улаанбаатар хот доторх таксины мөнгө 350000 төгрөг

5.   Тахир дутуугийн сандлын үнэ 85000 төгрөг

6.   Таяг 40000 төгрөг

7.   Ц сум аймаг хоорондын таксины мөнгө 96,000 төгрөг

8.   Суултуур 85000 төгрөг

9.   Дальцин эмийн үнэ 63000 төгрөг

10. 6 сартай охин маань Аг А.Булдын асрамжид 22 хоног үлдээхэд 1 өдрийг 30000 төгрөгөөр тооцож нийт төлсөн хөлс 660000 төгрөг

11. Дотуур байранд байсан хүүхдүүдээ тухайн үед 10 км газраас сургуульд хичээлийн өдрүүдэд мотоциклоор зөөж байсан үүнд зарцуулсан бензин 442800 төгрөг

12. Нөхөр бид хоёр хотод эмчилгээнд явахад гэр орон малаа эзгүйрүүлэхгүйгээр гэрээ орноо манаж байсан хүнд төлсөн 500000 төгрөг

13. Нөхөр М нь зууны улиралд өдөрт 30000 төг олдог бөгөөд 6, 7, 8 сард олох 2700000 төгрөг

14. Нийт гарсан хохирол 6586800 төгрөг гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: Миний бие өнөөдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Х.М 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 13 цагийн үед Ц сумын төвд хүүхдээ эмнэлэгт үзүүлэхээр сумын гол замаар нөхөр Мын мотоциклын ард сундалж яваад туслах талаас ирсэн М.Аын машинд мөргүүлснээс болж биедээ хүндэвтэр гэмтэл авсан. Х.М нь одоо хүртэл эмчлүүлж, хүний тусламжтайгаар явж байгаа. Тийм учраас гэмт хор болон өөртөө учирсан хохирлыг хариуцагч М.Аоос нэхэмжилж байгаа. Нийт 6586800 төгрөгийн хохирол гарсан бөгөөд үүнээс Х.Мийн Улаанбаатар хотод ирж очсон онгоцны зардал 600000 төгрөгийг хасаж нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна. Үлдсэн мөнгө 5958800 төгрөгийг хариуцагч М.Аоос нэхэмжилж байна гэв.

Хариуцагч М.А шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Ц сумын 8-р багт оршин суух Молхы хошах овгийн Хын Мийн 2017 оны 10-р сарын 13-ны өдөр Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй бүрэн танилцаж дараах тайлбарыг хүргүүлж байна. Би 2017 оны 02 дугаар сарын 23-ний өдөр Ц сумын төвд өөрийн эзэмшилд байгаа УАЗ-31512 маркийн 38-02 БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явах үед Ц сумын иргэн А.Мын жолоодож явсан мотоциклтой мөргөлдөж гэнэт тоормос дарж амжсанаар хүний амь аврагдаж, хөлийн ясны хугаралтай хөнгөн гэмтэл учирсан болно. Хэрвээ энэ мөчид А.М нь мотоциклын замын хөдөлгөөний дүрмийн мэдлэгтэй дадлагатай байсан бол олон урсгалтай замын ширүүн хөдөлгөөнтэй газар тоормослоогүй хурдан өнгөрсөн бол осол гарахгүй өнгөрөх байсан. А.М мотоцикл жолоодох эрхгүй хүн хөдөлгөөнд орсон нь гол буруутай байгаа нь тодорхой батлагдсан нь мөрдөн байцаалт, прокурорын тогтоолоор батлагдсан билээ. Иймээс А.М бүх бурууг хүлээж хохирлыг А.М өөрөө төлөх ёстой гэж хариуцагч миний бие үзэж байна. Харин хүнлэг санаа гаргаж дараах нөхөн төлбөрүүдийг төлж гэм хорыг арилгахад туслалцаа үзүүлсэн юм.

1. Нэхэмжлэгч Х.Мийг Улаанбаатар хотод эмчлүүлэхэд очиход /онгоцны хоёр талын зардал/ хотод болон Аймгийн төв нэгдсэн эмнэлэгт гэмтлийн эмчилгээ хийлгэхэд өөрөө онгоцоор хамт явж хөл гарын барьж хотод эмнэлэгт хүргүүлсэн. Нийт 538000 /Таван зуун   гучин   найман   мянган/ төгрөг гаргасан. Баримтаар нотлогдож байна. (Аеrо Моngolia, HUNNU AIR-ийн онгоцны билет, Ц сумын сум дундын эмнэлгийн ерөнхий эмч К.Ө нарын тодорхойлолтоор нотлогдож байна.)

2. Нэхэмжлэгч Х.Мийн хөлд авсан хөнгөн гэмтлийг эмчлүүлэх болон бусад зардлуудыг би өөрөө хувиасаа гаргаж төлсөн байна. Үүнд:

>  Хөлийн эмчилгээ хийлгэж зардал 700000 /долоон зуун мянган төгрөг/ 2017 оны 03-р сарын 24-ний өдрийн баримтаар нотлогдож байна.

> Нэхэмжлэгч Х.Мд авч өгсөн эмийн баримтууд: Энх Ж эмийн сангаас авч өгсөн 3 төрлийн эм нийт    46000+21000= 67000 /Жаран долоон мянган төгрөг/ 2017 оны 03-р сарын 29-ний, 2017 оны 04-р сарын 03-ний өдрийн баримтаар нотлогдсон.

> Нэхэмжлэгч Х.Мд эмчилгээний зардалд 100000+100000= 200000 /Хоёр зуун мянган төгрөг/ 2017 оны 03-р сарын 24, 2017 оны 03-р сарын 23-ний өдрүүдийн баримтаар нотлогдож байна.

> Нэхэмжлэгч Х.Мд би хүнлэг санаа гаргаж тухайн үед 1  тонн нүүрс 75000 /Далан таван мянган/ төгрөг, 1м3 хуурай шинээс мод 48000 /Дөчин найман мянган/ төгрөг, 1 шудай 50 кг Мука гурил 48000 /Дөчин найман мянган/ төгрөг, Машины хөлсөнд 10 литр бензин /Арван зурган мянган/ төгрөг нийт 187000 төгрөг ахуйн эд зүйлээр тусалж гэрт нь хүргэж өгсөн болно. Улаанбаатар хотод эмчилгээ хийлгэж байх үед би 2 дүүгийн хамт 7 хоногийн турш өдөрт 2 удаа хоол, цаг зөөж өгч байсан. Тэр үед нүүрс, мод, гурил худалдаж авсан хүмүүсийн тодорхойлолт зэргээр нотлогдож байна. Хэрвээ эдгээр хүмүүсийг дуудаж биеэр байцаалт өгүүлэхэд Б.С, М.Б, О.К, А.А нараас тодруулж болно.

3. Нэхэмжлэгч Х.Мийн нэхэмжлэлд бүх зардлыг М.А надаар төлүүлэхээр нэхсэн нь буруу гэж үзэж зөвшөөрөхгүй байна. Учир нь: Тухай үед мотоцикл жолоодогч А.М нь жолоодох эрхгүй хүн замын хөдөлгөөнд оролцож буруу үйлдэл хийсэн осол гаргах нөхцөл бүрдүүлсэн тул эдгээр зардлыг А.М өөрөө хариуцах ёстой гэж үзэж байна.

4. Нэхэмжлэгч Х.Мийн Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлд ямар ч нотлох баримтгүй, зүйл, заалт, тоо хэмжээ нь үндэслэлгүй худлаа бичиж, хүнээс мөнгө угаах гэсэн шинжтэй байна.

5. Сандал ба суултуур эмнэлгийн үйлчилгээ юм. Тэд нар худалдаж аваагүй.

6. Хүүхэд асаргаа нь тэдний ах дүү нь тусалсан байх. А.Бд гэдэг хүнд нийгмийн даатгалын шимтгэл төлсөн цалин авсан зэрэг баримтгүй. Ер нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг Монгол Улсын Засгийн газраас тогтоосноор 240000 төгрөг байна даа. Өдөрт 10000 төгрөг гэхэд 22 хоногт 220000 төгрөг болох жишээтэй. Энэ мөнгийг төлөх боломжгүй.

7. А.Мийн өдрийн хөлс 30000 төгрөг байдгийг батлах баримтгүй, нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй, төрийн захиргааны албан тушаал эрхэлдэг хүн сар даа 1,0 сая төгрөг авдаггүй. Энэ бол үндэслэлгүй. Тухайн үед А.М Улаанбаатар хот явах шаардлагагүй байсан. Би өөрөө бүх үйлчилгээг хийж өгсөн юм.

Энэхүү нэхэмжлэл нь бүхэлдээ ашиг хонжоо олох гэсэн оролдлого байна гэж миний бие үзэж байна. Би Мийн эмчлүүлэхэд зохих тусламж үйлчилгээ үзүүлж нийт 1692000 /Нэг сая зургаан зуун ерийн хоёр мянган/ төгрөгийн мөнгөн өгч тусалсан. Иймд Х.Мийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч М.А шүүх хуралдаанд хэлсэн хариу тайлбартаа: 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 13 цагийн үед осол болсон нь үнэн. Осол болох үед мотоцикл миний машинд ирж мөргүүлсэн. Тухайн үед би эмнэлгийн тусламж үзүүлж, Цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Цагдаагийн байгууллагаас зохих ёсоор шалгалт явуулж, бид нарын бүх бичиг баримт, машины бүрэн бүтэн байдлыг шалгасан. Тэгэхэд миний бүх бичиг баримт бүрэн, машин бүрэн бүтэн байсан. Харин Х.Мийн нөхөр нь болох А.М  нь мотоцикл жолоодох эрхийн үнэмлэхгүй хүн байсан. Тухайн үед би Х.Мийг аймагт авчирж хөлийг нь эмнэлэгт үзүүлсэн. Дараа нь 16 хоногийн дараа Х.Мийг дахиж эмнэлэгт авчирж үзүүлэхэд хөл нь эдгээгүй, болохгүй байсан учир би Х.Мийн онгоцны зардлыг даагаад Улаанбаатар хот руу дагуулж очоод гэмтлийн эмнэлэгт үзүүлээд хөлд нь 3 газарт хадаас тавиулж эмчлүүлж байсан.Тухайн үед нөхөр нь автобусаар би өөрийнхөө зардлыг төлнө гээд явсан. Харин 2017 оны 03 дугаар сарын 18-ний өдөр тэдгээр хүмүүсийг буцаагаад онгоцоор явуулсан. Х.М эмчилгээ хийлгүүлж байхад бүх эм тариаг нь авч өгч харж хандаж байсан. Тэгээд би өөрөө тэнд үлдээд ажил хийсэн. Осол болсон үед би хоёр банкнаас зээл аваад Х.Мд тусламж үзүүлж байсан. Одоо тухайн зээлээ төлж чадахгүй хэцүү байдалтай байна гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Х.М нь хариуцагч М.Аоос гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол 6586800 төгрөг гаргуулахыг хүсжээ.

Зохигчид Ц сумын төвд 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр зам тээврийн осол болсон талаар маргаагүй ба хариуцагч М.А нь нэхэмжлэгч Х.Мийн гэмт хэргийн улмаас учир гэм хорын хохирол гаргуулах тухай шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй маргасан болно.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар Ц сумын 8 дугаар багийн иргэн М.А нь 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 13 цагийн үед өөрийн эзэмшлийн УАЗ 31512 маркийн 3802 БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож яваад иргэн А.Мын жолоодож явсан улсын дугааргүй мотоциклтой мөргөлдсөний улмаас мотоциклд сундалдаж явсан Х.Мийн биед нь хүндэвтэр гэмтэл учруулсан болох нь Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 86 дугаартай шинжээчийн дүгнэлтээр иргэн Х.Мийн биед зүүн шилбэний нарийн ба бүдүүн ясны далд хугаралттай, зүүн талын шилбэнд хавдартай зөөлөн эдийн бэртэл гэмтэлтэй, дээрх гэмтэл эрүүл мэндийг удаан сарниулах, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2,3 заалтыг агуулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах гэмтэл болох нь тогтоогджээ.

Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 5/44 дугаартай “Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” тогтоолоор яллагдагч М.А нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн, учруулсан хохирлоо бүрэн төлсөн бөгөөд хохирогч Х.М яллагдагч М.Аыг уучилж, хоорондоо сайн дураараа эвлэрсэн нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шалгагдсан яллагдагч М овогтой Ад холбогдох эрүүгийн 201704000074 дугаартай хэргийг Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосон байна.  

ГССҮТөвийн ЯҮГТасгийн их эмч Г.Б-ын 2017.03.29-ний өдрийн “Өвчтөн Х.М 41 настай/ эмэгтэй. 2017.02.23-нд авто осолд орж гэмтсэн. 2017.03.22-нд ГССҮТөвд ирж хэвтсэн. Онош: Зүүн шилбэний шаант тахилзуур ясны доод 1/3 хэсгийн хөндлөн ташуу зөрөөтэй хугарал, Эмч нарын зөвлөгөөний шийдвэрийн дагуу зохих шинжилгээг бүрдүүлэн 2017.03.24-нд зүүн шилбэний шаант ясыг ил аргаар эвлүүлж, түгжээт хадаасаар бэхлэх, тахилзуурын хугарлыг мөн ил аргаар эвлүүлж уян хадаасаар бэхлэх мэс засал хийгдсэн. Эмчилгээ цаашид үргэлжилж байна” гэх тодорхойлолт болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нэхэмжлэгч Х.Мийн эрүүл мэндэд гэм хор учирсан болох нь нотлогдон тогтоогдож байна.

Хариуцагч М.Аын “...хохирогч Х.Мийн замын зардлыг төлж, Улаанбаатар хотод эмчлүүлэхэд өөрийн биеэр очиж эмнэлэгт хэвтүүлж, эмчилгээ хийлгэж, эмнэлэгт өдөртөө 2 удаа цай хоолыг хүргэж, зохих хэмжээний эмчилгээнд гарсан мөнгө төгрөгийг төлж туслалцаа үзүүлсэн, банкнаас зээл авсан зээлээ төлж байгаа, цаашид ямар нэгэн төлбөр төлөх боломжгүй, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэснийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны шатанд үгүйсгэж чадаагүй болно.

Хариуцагч М.А нь 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн Aero Mongolia  онгоцны 245000 төгрөгийн тийз, 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн HUHHU AIR онгоцны 227000 төгрөгийн тийз болон бэлэн мөнгөний орлогын баримт, 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн HUHHU AIR ХХК-ийн тодорхойлолт, 2017 оны 03  дугаар сарын 29-ний өдрийн худалдан авагч М БЮ76072209, Энх жаргалан эмийн сангийн зарлагын баримт 46000 төгрөг, 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн кассын орлогын ордер Х.М 40/эм шилбэний түгж хадаас 700000 төгрөг, тушаагч А гэх баримт, 2014 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн бэлэн мөнгөний орлогын баримт 100000 төгрөг, 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн орлогын мэдүүлэг 100000 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 21000 төгрөгийн зарлагын падаан зэрэг нотлох баримтууд болон шүүх хуралдааны шатанд хариуцагч М.Аын өгсөн тайлбарыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “хариуцагч М.А нь гэм хорын хохирол төлөөгүй” гэж үгүйсгэж чадаагүй ба хариуцагч М.А нь Х.Мийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлыг иргэний хувьд өөрийн ухамсраар төлж байсан нь хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдож байна.  

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т “... эрүүл мэнд ... гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, 499 дүгээр зүйлийн 499.1-т “... эрүүл мэндэд хохирол учирсан ... гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй”, 505 дугаар зүйлийн 505.1-т “бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус заасан ба дээрх хуулийн заалтаар нэхэмжлэгч Х.М нь хариуцагч М.Ааас эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлыг шаардах эрхтэй боловч хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. 

Нэхэмжлэгч Х.Мд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан эрх үүргийг танилцуулж, хэргийн оролцогч нь өөрийн шаардлага ба татгалзлаа үндэслэж байгаа нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэйг танилцуулсан боловч нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримтыг нотолж чадаагүй болно. 

Нэхэмжлэгч Х.М нь “... Улаанбаатар хот явж ирсэн нөхөр бид хоёрын замын зардал 880000 төгрөг, нөхөр А.М нь зуны улиралд өдөрт 30000 төгрөг олдог бөгөөд 6, 7, 8 сард олох байсан 2700000 төгрөгийг гаргуулах, дотуур байранд байсан хүүхдүүдээ тухайн үед 10 км газраас сургуульд хичээлийн өдрүүдэд мотоциклоор зөөж байсан, түүнд зарцуулсан бензиний үнэ 442800 төгрөг, нөхөр бид хоёр хотод эмчилгээнд явахад гэр орон малаа эзгүйрүүлэхгүйгээр гэрээ орноо манаж байсан хүнд төлсөн 500000 төгрөг, Улаанбаатар хотод байх хугацааны хоол хүнсэнд зарцуулсан мөнгө 550000 төгрөг, Улаанбаатарт хот дотор явсан таксины мөнгө 350000 төгрөг, тахир дутуугийн сандлын үнэ 85000 төгрөг буюу нийт 5507800 төгрөгийг гаргуулахыг хүсэж байна” гэх боловч энэ нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдохгүй байна. Учир нь, тухайн үед хариуцагч М.А нь хохирогч Х.Мийн Улаанбаатар хотод очих, буцах хоёр талын зардлыг төлж, өөрөө биечлэн очиж Улаанбаатар хотод эмнэлэгт хэвтүүлж эмчилгээ хийлгэжээ. Хохирогч Х.Мийн нөхөр нь А.Мын Улаанбаатар хотод очсон, буцсан замын зардлыг хариуцагч М.А төлөх үүрэг хүлээгээгүй учир Х.Мийн нөхөр А.Мын Улаанбаатар хотод очсон, буцсан замын зардлыг хариуцагч төлөх үүрэггүй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Х.Мийн нөхөр А.М нь зуны улиралд тогтвортой ажил төрөл хийдэг болох нь, нөхөр А.М нь зуны улиралд өдөрт 30000 төгрөгийн орлого олдог эсэх нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдохгүй байх тул нэхэмжлэгч Х.Мийн нөхөр А.М зуны улиралд ажил төрөл хийж, орлого олдог байсан гэж үзэх боломжгүй байна.

Мөн нэхэмжлэгч Х.М нь тухайн үед сургуулийн дотуур байранд байсан хүүхдүүдээ сургуулийн дотуур байрнаас гарган авч, хичээлийн өдрүүдэд мотоциклоор 10 км газраас хүргэхэд гарсан бензиний үнэ 442800 төгрөг, мөн гэр орон, малаа эзгүйрүүлэхгүйгээр гэрээ орноо харуулсан хүнд өгсөн 500000 төгрөг нэхэмжилснийг тус тус хариуцагч М.Аоос гаргуулах боломжгүй байна.

Учир нь, хүүхдүүдээ ямар зорилгоор сургуулийн дотуур байрнаас гарган авч, мотоциклоор хичээлд хүргэж байсан нь, гэр орон, мал хөрөнгөө хүнээр харуулсан шалтгаан нөхцөл нь нотлогдохгүй байгаа учир хангаж шийдвэрлэх боломжгүй байна. 

Нэхэмжлэгч Х.Мийн нэхэмжлэлийн шаардлагаас Ц эргэлтийн эмийн сангаас 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдөр авсан адууны кальци эмийн үнэ 135000 төгрөг, “Дэл Оюу дөл” ХХК-иас 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн баримтаар суга таяг 40000 төгрөг, Ц сум аймаг хооронд явсан таксины мөнгө 96000 төгрөг, 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн бэлэн мөнгөний орлогын баримтаар Х.М, Долон-отог ХХК-иас 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн баримтаар авсан суултуурын үнэ 85000 төгрөг, ЦСДЭ-ээс 2017 оны 04 сарын 20-ний өдрийн зарлагын баримтаар авсан далацин 150 мг эмийн үнэ 63000 төгрөг, 2017 оны 07 дугаар сарын 25-ний өдрийн хохирогч Х.Мийн 2016 оны 09 дүгээр сарын 03-ний өдөр төрсөн 6 сартай М.Аг А.Бд 22 хоног асарсны хөлс 660000 төгрөг буюу нийт 1079000 /нэг сая далан есөн мянган/ төгрөгийг хариуцагч М.Ааас гаргуулан нэхэмжлэгч Х.Мд олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 5507800 /таавн сая таван зуун долоон мянга найман зуун/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.  

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч Х.Мийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60  дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан хэмжээнд оногдох улсын тэмдэгтийн хураамж 30446 төгрөгийг хариуцагч М.Аоос гаргуулан улсын олгох нь зүйтэй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч М.Ааас 1079000 /нэг сая далан есөн мянган/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х.Мд олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 5507800 /таван сая таван зуун долоон мянга найман зуун/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч Х.Мийн энэ нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар хариуцагч М.Аоос 30446 төгрөг гаргуулан улсын орлого болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Х.М

                                     ШҮҮГЧИД                                  А.Ж

                                                                                       К.Б