| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Авуталивын Жархынгүл |
| Хэргийн индекс | 130/2017/00663/И |
| Дугаар | 130/ШШ2018/00060 |
| Огноо | 2018-01-26 |
| Маргааны төрөл | Газрын тухай хуулиар, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 01 сарын 26 өдөр
Дугаар 130/ШШ2018/00060
Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Ж даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Буянт сумын 3 дугаар багт оршин суух, Н овогт А.Аын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Буянт сумын 3 дугаар багт оршин суух, М овогт Т.Над холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.С, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Я.С, хариуцагч Т.Н, хариуцагчийн өмгөөлөгч А.С, орчуулагч А.Е, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.М нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: А.Аын хууль ёсоор эзэмшиж буй өвөлжөөний орчимд иргэн Т.Нын зөвшөөрөлгүй барьсан 30 метрийн хэмжээтэй хашаа, 10х9 метрийн өвлийн сууцыг албадан буулгахыг хүсжээ.
Нэхэмжлэгч А.А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч С.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А.А би С.Жийн өвөлжөөний зориулалттай 700 мкв талбай бүхий газрыг “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ"-ний дагуу шилжүүлэн авснаар Буянт сумын Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн А/32 дугаар захирамжаар тус сумьн 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлалтай өвөлжөөний газрыг миний эзэмшилд 40 жилийн хугацаагаар олгож, улмаар сумын газрын даамал Р.Төөс 000683821 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон юм. Багийн малчид өвөлжөө, хаваржааны бэлчээрийн зааг тогтоох асуудлыг хэлэлцэж Буянт сумын 3 дугаар багийн Иргэдийн нийтийн хурлын тогтоолоор ойр хавийн бэлчээрийн зааг тогтоох асуудлыг сумын Засаг даргад уламжилсан. Улмаар сумын малчдад өвөлжөө, хаваржааны бэлчээрийг хуваарилан эзэмшүүлэх ажлыг зохион байгуулж малчдын бэлчээрийн заагийг тогтоож, зурагжуулсан. Тухайн үед Буянт сумын Өмнө-гол багийн “Түймэр идсэн өтөг” хэмээх газар дахь өвөлжөөний орчмоос 8 га газрыг өвөлжөөний бэлчээрийн зориулалтаар эзэмшиж ашиглахыг надад зөвшөөрч сумын Засаг дарга гэрчилгээ олгосон. Малчин бид өвөлжөө, хаваржааны орчмын бэлчээрт амьжиргаа залгуулах хэдэн малаа бэлчээж амьдардаг. Газрын гарц муутай энэ үед хооронд нь км хүрэхгүй миний эзэмшлийн өвөлжөөний бэлчээрт дөнгөж 150 метрийн зайтай газарт Т.Н гэгч 2016 оны 08 дугаар сарын сүүлээр өвөлжөө барихаар болж ачаагаа ачиж ирээд буулгаж байхад энэ газарт надад гэрчилгээ байгаа, энэ газарт бууж болохгүй шүү гэж хэлсэн. Би өөрөө урьд нь хагалгаа хийлгэж байсан учраас Т.Нтай маргалдахаас зайлсхийж гэртээ очоод гэрийнхээ хүмүүстэй яриад тухайн газрын гэрчилгээг авч ирээд үзүүлсэн. Тэгэхэд Т.Н надад хэлэхдээ Б.Б /Г/ надад газрын гэрчилгээ байгаа, чи энэ газарт байшин барьж болно гэхээр нь байшин барих гэж байсан, би тэгвэл энэ газарт буухгүй, байшин барихгүй гэж хэлж үлдсэн байсан. Гэтэл 3-4 хоногийн дараа очиход тухайн газар хашаа, байшин барьсан байсан. Тухайн үед сонгуулийн үе байсан. Энэ талаар сумын Засаг дарга болон сумын газрын даамал нарт мэдэгдэхэд сумын цагдаагийн ажилтан Т, газрын даамал Т, Нийгмийн даатгалын хэлтсийн байцаагч Х, сумын байгаль орчны хяналтын байцаагч А нарын комиссын бүрэлдэхүүн 2016 оны 10 дугаар сарын дунд үед тухайн маргаан бүхий нутаг дэвсгэрт газар дээр нь ирж шалгаж, улмаар миний газарт хэмжилт хийж надад танд ямар нэгэн асуудал байхгүй, та газраа чөлөөтэй ашиглаж болно, харин Б.Нтай бид нар өөрсдөө ярих болно гэж яваад өгсөн. Дараа нь сумын Засаг даргад 2017 оны 04 дүгээр сард өргөдөл гаргасан боловч асуудлыг шийдвэрлэх болно гэсэн амаар хариу өгдөг боловч ямар нэгэн дорвитой хариу өгөөгүй болно. Т.Н нь миний өвөлжөөний ойролцоо надад эзэмшүүлсэн бэлчээрт шинээр өвөлжөө барьж, оршин сууж байгаа нь үндэслэлгүй бөгөөд ямар нэгэн газар эзэмших болон бэлчээр ашиглах эрхийн гэрчилгээ байхгүй болохыг дурдаж байна. Тиймээс ямар ч зөвшөөрөлгүйгээр дураараа өвөлжиж, малын бэлчээрт саад учруулж байгааг би хүлээн зөвшөөрөхгүй. Зүй нь, багийн нутаг дэвсгэрт хаваржаа, өвөлжөө барих асуудлыг багийн Иргэдийн нийтийн хурлаас малчдыг оролцуулан хэлэлцэн шийдвэрлэж тогтоол гаргаж улмаар Засаг дарга газар эзэмшүүлэх захирамж гаргах учиртай. Гэтэл манай багийн Иргэдийн нийтийн хурлаас болон Засаг даргаас Т.Над өвөлжөө барих зөвшөөрөл олгоогүй тул бэлчээрийн даац хэтэрсэн энэ үед ямар нэгэн зохих зөвшөөрөлгүйгээр өвөлжиж байна. Иймд нэхэмжлэгчийн тодруулсан нэхэмжлэлийн шаардлага болох А.Аын хууль ёсоор эзэмшиж буй өвөлжөөний орчимд иргэн Т.Нын зөвшөөрөлгүй барьсан 30 метрийн хэмжээтэй хашаа, 10х9 метрийн өвлийн сууцыг албадан буулгаж өгөхийг хүсэж байна гэжээ.
Хариуцагч Т.Н шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: Т.Н миний бие тус аймгийн Булган сумд оршин сууж байгаад Буянт сумын 3-р багийн харьяат Б.Бийн хүсэлтээр түүний малыг маллаж өгөхөөр болж 2013 оны 9 дүгээр сард гэр бүлийн хамт нүүж ирсэн. Тухайн үед иргэн Б.Б нь өөрийн эзэмшлийн газарт байшин сав барьж өгсөн ба миний бие гэр бүлийн хамт тэнд амьдарч байгаа болно. 2017 оны 4 дүгээр сарын үед иргэн С гэх иргэн манай газрын зэргэлдээ газарт буусан ба бид нарт хандаж: - энэ бол миний эзэмшлийн газар, та нар зайлцгаа гэх мэтээр дарамт үзүүлж эхэлсэн. Бид тэвчиж чадалгүй Буянт сумын захиргаанаас энэ талаар асуухад тухайн газрыг нэгэн 9 настай хүүд эзэмшүүлсэн байсан. Б.Б үүнийг мэдмэгцээ зохих газарт гомдол гаргасан. Тэгээд нэг хэсэгтээ тэд /С/ бид нараар оролдоогүй. Гэвч нэг их удалгүй С нь "энэ газар одоо миний эхнэрийн газар болсон, одоо та нар хурдан зайлаарай! Та нар намайг яаж ч чадахгүй, миний ард хүчтэй хүмүүс байгаа" гэх мэтээр элдвээр заналхийлж сүрдүүлж эхэлсэн. Б.Б надад хэлэхдээ: "тэд нарыг битгий тоо, энэ газар миний өвөг дээдсээс үлдсэн газар, зохих зөвшөөрлүүд нь байгаа" гэж хэлсэн. Тэгээд би тайвширсан. Гэвч 2016 оны 11 сард С /нэхэмжлэгчийн нөхөр/ нь надтай өш хонзон санаж миний хүүхдийг газрын асуудлаас болж ямар ч үндэслэлгүйгээр зодсон асуудал гаргасан ба энэ нь Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 04 тоот шийтгэх тогтоолоор эцэслэн шийдвэрлэгдсэн болно. Хуульд зааснаар Монгол улсын иргэн зохих зөвшөөрлийн үндсэн дээр газар өмчлөх, эзэмших, ашиглах эрхтэй. Түүнчлэн Монгол улсын иргэн эх орныхоо нутаг дэвсгэрт чөлөөтэй зөрчих эрхтэй. Гэвч нэхэмжлэгч болон түүний нөхөр хууль бусаар бидний эрх чөлөөнд ийнхүү халдаж байгаа юм. Яс юман дээр С болон түүний эхнэр А нар энэхүү газрыг хууль бусаар эзэмшиж байгаа ба бид үүнийг цаашид хүчингүй болгуулахаар явах болно гэдгийг хэлье. Эцэст нь хэлэхэд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн судалж
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А.А нь анх шүүхэд хариуцагч Т.Нын зөвшөөрөлгүй барьсан хашаа байшинг албадан нүүлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж миний хууль ёсоор эзэмшиж буй өвөлжөөний орчимд хариуцагч Т.Нын зөвшөөрөлгүй барьсан 30 метрийн хэмжээтэй хашаа, 10х9 метрийн өвлийн сууцыг албадан буулгахыг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Шүүх хэргийн оролцогч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан, хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
1. Баян-Өлгий аймгийн Буянт сумын Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн А/32 дугаартай захирамжаар тус сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлалтай 000504201 дугаартай 700м2 талбай бүхий газар эзэмших гэрчилгээтэй Сгын Жийн өвөлжөөний зориулалттай газар эзэмших эрхийг БЙ90081608 регистрийн дугаартай Н овогт А.Ат зориулалтаар нь 40 жилийн хугацаатай эзэмшүүлж, үүнтэй холбогдуулан газрын эрхээ шилжүүлсэн С.Жийн 000504201 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, уг Засаг даргын захирамжийг үндэслэж 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдөр А.Ат Өмнө-гол багийн Түймэр идсэн өтөг гэдэг газарт өвөлжөөний хашаа байшин барих зориулалттай 700м2 газрыг 40 жилийн хугацаатай гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар 000683821 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, мөн өдөр газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан аймгийн Буянт сумын Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн А/32 дугаартай захирамж, газар эзэмшүүлэх эрх, шилжүүлэх гэрээ, газар эзэмшүүлэх гэрээ, 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдөр олгосон 1000683821 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ зэрэг бичгийн нотлох баримтаар нотлогдож байна.
- Шүүхэд гэрчээр асуугдсан Баян-Өлгий аймгийн Буянт сумын Өмнө-гол багийн иргэдийн Нийтийн хурлын дарга Д.Б-аас тухайн маргаан бүхий өвөлжөөний газарт бэлчээр болон газар эзэмшүүлэх асуудлын талаар багийн иргэдийн Нийтийн хурлаас хэлэлцэж байсан эсэхийг тодруулахад хэлэлцэж байгаагүй гэх боловч Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2-т заасны дагуу тухайн маргаан бүхий газрын бэлчээрийн асуудлыг 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдөр багийн иргэдийн Нийтийн хурлаас хэлэлцэж 04 дугаартай тогтоолоор тус багийн “Шарнуур” малчдын бүлгийн 23 хот айлын 46 өрхөд бэлчээр ашиглуулах гэрээ байгуулахыг дэмжиж, уг тогтоолыг сумын Засаг даргад уламжлахыг иргэдийн Нийтийн хурлын тэргүүлэгчид даалгасан байжээ.
Уг тогтоолыг үндэслэж Баян-Өлгий аймгийн Буянт сумын Засаг даргын А/51 дугаартай захирамжаар сумын бэлчээрийн төлөв байдалд үнэлгээ хийх, малчин өрхтэй бэлчээр ашиглах гэрээ байгуулах ажлын хэсгийг байгуулсан ба уг хэсэгт тухайн маргаан бүхий газрын буюу 3 дугаар багийн Засаг дарга Т.Б болон нэр бүхий хүмүүсийг томилж, 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн тус сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас иргэдээс хадлан бэлчээр ашиглах, эзэмших талаар нийтээр дагаж мөрдөх журам баталж, хавсралтаар малчидтай бэлчээр ашиглах гэрээ байгуулсан нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдож байгаа ба хоёрдугаар хавсралтын 10 дугаар баганад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.С төлөөлж, мөн 7 дугаар баганад Б.Б, Н.Б нарыг төлөөлж Т.Б гэрээ байгуулсан байна.
Хариуцагч Т.Н нь уг газарт тус багийн иргэн Б.Бийн барьж өгсөн хашаа хороонд түүний хүсэлтээр эсгий гэрээр байрлаж түүний малыг маллаж байгаад сүүлд эсгий гэр урагдаж хуучирч суух боломжгүй болсон тул өөрийн зардлаар өвлийн сууц барьж сууж байгаа ба миний өвөлжөөний газар биш Б.Бийн эцэг Р.Б-ны газар бөгөөд түүний эхнэр Н.Б нарын зөвшөөрлөөр сууж байгаа гэж маргаж, үүнтэй холбогдуулан 2008 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Буянт сумын Засаг даргын 2008 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 38 тоот захирамжийг үндэслэж 500 м2 газрыг 60 жилийн хугацаатай Өмнө-гол багийн Хүрдэтийн амны хонд гэх газарт хашаа байшин барих зориулалтаар Р.Б-д 0198709 дугаартай гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээ болон тус сумын Засаг даргын 2008 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 38 дугаартай захирамж, түүний хавсралт, *********** регистрийн дугаартай Н.Б, ************* регистрийн дугаартай Б.Б нарын “Т.Нын амьдарч байгаа өвөлжөөний зориулалттай барьсан байшин болох доорх газар нь хүү бид хоёрынх” гэсэн нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт, Баян-Өлгий аймгийн Буянт сумын 3 дугаар багийн Иргэдийн нийтийн хурлын дарга Д.Б-ын “Буянт сумын 3 дугаар багийн иргэн Т.Н нь Б.Бийн эзэмшилтэй газарт тус иргэний зөвшөөрөлтэй эхнэр, хүүхдүүдийн хамт амьдарч байгаа нь үнэн бөгөөд тэрээр 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр нүүж ирсэн” гэх тодорхойлолт, дээрх бэлчээр ашиглах гэрээг үндэслэж Буянт сумын Засаг дарга Т.М болон газрын даамал Р.Т нар нь Шарнуурын хурдэтийн амны өвөлжөөнөөс Б.Бөд 150 га бэлчээр ашиглах гэрээ байгуулж гэрчилгээг олгосон зэрэг нотлох баримтыг гаргаж өгчээ.
Гэтэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх цуглуулах үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч А.А болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хариуцагчийн гаргаж өгсөн нотлох баримтыг үгүйсгэх нотлох баримт гаргаж өгч чадаагүй ба дээрх бэлчээр ашиглах гэрээг үндэслэж Буянт сумын Засаг дарга Т.М болон газрын даамал Р.Т нар нь Буянт сумын Өмнө-гол багийн Түймэр идсэн өтөг гэх өвөлжөөнөөс 3 дугаар багийн иргэн Адилийн Атай 8 га, Б.Бөд 150 га бэлчээр ашиглах гэрээ байгуулж гэрчилгээг олгосон байна.
Нэхэмжлэгч А.А нь Буянт сумын Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн А/32 дугаартай захирамжаар шилжүүлж авсан Өмнө-гол багийн Түймэр идсэн өтөг гэдэг газарт өвөлжөө хашаа байшин барих зориулалттай 700м2 газраас хариуцагчийн барьсан гэх хашаа хороо байшин хоорондох зай нь 517 метр, мөн нэхэмжлэгчийн бэлчээр ашиглах гэрчилгээгээр олгосон 8 га газраас хариуцагчийн барьсан гэх хашаа хороо байшин хоорондох зай нь 335 метр болох нь 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн тухайн маргаан бүхий газарт үзлэг хийсэн тэмдэглэл, схем зургаар нотлогдож байна.
Тус сумын иргэн Р.Бы Өмнө-гол галийн Хүртэдийн амны хондоос нэхэмжлэгчийн Түймэр идсэн өтөг хүртэлх газрын хоорондын зай 1000 метр болох нь шүүхэд гэрчээр асуугдсан газрын даамал байсан Р.Тийн мэдүүлэг болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байгаа бөгөөд нэхэмжлэгчийн Түймэр идсэн өтөг гэх газраас хариуцагчийн сууж байсан хашаа хороо байшин хүртэлх хоорондох зай 517 метр гарч байгаа. Мөн Р.Бы Өмнө-гол багийн Хүртэдийн амны хондоос түүний хүү Б.Бөд 150 га бэлчээр ашиглах гэрчилгээ, Буянт сумын газрын асуудал хариуцсан Өлгий сумын газрын даамал Т.Зын тодорхойлолт зэрэг бичгийн нотлох баримтаас дүгнэхэд хариуцагчийн өвөлжиж байгаа газар нь тус багийн иргэн Б.Бийн эцэг Р.Бы өвөлжөөний газар байна гэж шүүх үзлээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тус сумын Засаг даргаас Т.Над өвөлжөө барих зөвшөөрөл олгоогүй, бэлчээрийн даац хэтэрсэн тул хариуцагчийн барьсан хашаа хороо, байшинг албадан нүүлгэж өгнө үү гэж маргаж байгаа боловч Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 6.2.1-д хуульд өөрөөр заагаагүй бол бэлчээр, бэлчээр дэх уст цэг, хужир мараа бүхий газрыг төрийн зохих шатны байгууллагын хяналт, зохицуулалттайгаар нийтээр ашиглахаар заасан байх тул нэхэмжлэгчид ашиглахаар олгосон 8 га бэлчээрийн газарт хариуцагчийн өвөлжиж байгаа газар нь давхцаагүй болох нь хэргийн газрын үзлэг, схем зургаар тогтоогдож байгаа бөгөөд харин бэлчээрийн даац хэтэрснийг тогтоосон нотлох баримтууд байхгүй байгаа тул бэлчээрийн даац хэтэрсэн гэж үзэх боломжгүй байна.
Иймд хариуцагч Т.Нын сууж байгаа өвөлжөөний газар нь нэхэмжлэгч А.Аын өвөлжөөний зориулалтаар олгосон 700м2 газар болон түүнд олгосон 8 га бэлчээрийн газартай давхцаагүй, мөн нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг нь хязгаарласан, зөрчсөн болон эрхэд саад учруулсан ямар нэгэн нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлохгүй байх тул нэхэмжлэгчийн миний хууль ёсоор эзэмшиж буй өвөлжөөний орчимд иргэн Т.Нын зөвшөөрөлгүй барьсан 30 метрийн хэмжээтэй хашаа, 10х9 метрийн өвлийн сууцыг албадан буулгахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч А.Аын хууль ёсоор эзэмшиж буй өвөлжөөний орчимд иргэн Т.Нын зөвшөөрөлгүй барьсан 30 метрийн хэмжээтэй хашаа, 10х9 метрийн өвлийн сууцыг албадан буулгахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4. Энэ шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.Ж