Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 001/ХТ2020/00802

 

Б.Б-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

          Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

         Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн        

          2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 183/ШШ2019/00924 дүгээр шийдвэр,

          Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

          2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 1190 дугаар магадлалтай,

          Нэхэмжлэгч: Б.Б-

          Хариуцагч: “Биокомбинат” Улсын төсөвт үйлдвэрийн газар /УТҮГ/

          Хариуцагч: Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар

          Олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай иргэний хэргийг

            Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг үндэслэн

            Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

        Шүүх хуралдаанд: хариуцагч Биокомбинат УТҮГ-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ариунбаяр, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ганзориг, нарийн бичгийн даргад Х.Билгүүн нар оролцов.

          Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: Биокомбинат ТӨААТҮГ-н захирлыг 2011 онд анх удаа нээлттэй сонгон шалгаруулалтаар томилохоор зарлаж, энэ шалгаруулалтад миний бие оролцож захирлаар томилогдон ажиллах болсон. Шүүхийн шийдвэрээр эрхэлж байсан ажилдаа эгүүлэн томилогдож, 2018-01-23-нд ажлаа хүлээж авсан. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар 2018-01-23-с хойш контракт байгуулахгүй, цалингүй ажиллуулж байгаад 2018-03-06-ны өдөр дуудаж контракт байгуулахаар болсон. Гэтэл тус газрын улсын үйлдвэрийн захиралтай байгуулдаг контрактын гэрээ 7 зүйл, 83 заалттай байдаг бол надтай байгуулах контрактын гэрээ 7 зүйл 86 заалттай байсан бөгөөд Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар дур мэдэн, ажилтанд хэлэлгүйгээр хоёр заалт шинээр нэмж, нэг заалтыг өөрчилсөн байсан. Би шүүхийн шийдвэрээр ажилдаа эгүүлэн томилогдсон учраас миний урьдын контракт үргэлжлээд явах ёстой. Нөгөө талаасаа би 3 сарын хугацаатай, 3 заалт дур мэдэн өөрчилсөн гэрээнд гарын үсэг зурахгүй, хуулийн хүрээнд ойлголцох хэрэгтэй гэдгийг хэлсэн. Контрактын гэрээ хийлгүй 2018-04-03-ны өдөр хүрч, тухайн өдөр Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын хурлаар оруулан контрактын гэрээнд гарын үсэг зурахаас татгалзсан гэж намайг шүүхийн шийдвэрээр ажилд эгүүлэн томилсон 2017-10-17-ны өдрийн 415-р тогтоолын хэрэгжилтийг түр түдгэлзүүлж 72-р тогтоол гаргасан ч энэ нь шүүхийн 2018-06-15-ны өдрийн шийдвэрээр хүчингүй болж,  2018-07-20-ны өдрийн 1681-р магадлал, 2018-12-17-ны өдрийн тогтоолоор хэвээр үлдсэн. Би ажлаасаа үндэслэлгүй халагдаагүй, хууль бусаар түр түдгэлзсэн 3 шатны шүүхээр хянагдаж, уг тогтоолыг хүчингүй болж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон...үндсэн цалин 2,3сая төгрөг, удаан жилийн нэмэгдэл үндсэн цалингийн 20% буюу 460,000 төгрөг, мал эмнэлгийн ухааны докторын нэмэгдэл үндсэн цалингийн 15% буюу 345,000 төгрөг, нийт 3,105,000 төгрөг, нэг өдрийн цалин 144,419 төгрөг болж байна. Надаас үл шалтгаалан контрактын гэрээгүй, цалин хөлсгүй 2018-01-23-с эхлэн ажлаа хууль бусаар түдгэлзсэнээс хойш шүүхийн шийдвэр гарах хүртэл нийт 323 өдөр ажилгүй, цалингүй байна. Иймд нийт 46,647,337 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг Биокомбинат ТӨААТҮГ-ын эрх залгамжлагч Биокомбинат УТҮГ-т даалгаж өгнө үү. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар нь тус газрын захирлыг ажилд томилох чөлөөлөх эрхтэй бөгөөд хууль бусаар ажлаас түдгэлзүүлсэн гэжээ.

          Хариуцагч “Биокомбинат” УТҮГ тайлбартаа: Биокомбинат Төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар болж, шинээр байгуулагдсан улсын төсөвт байгууллагын үйл ажиллагаа, дүрэм нь ижил учраас эрх залгамжилсан, өөрчлөн байгуулагдсан гэснийг зөвшөөрөхгүй. Биокомбинат ТӨААТҮГ-ын цалингийн сан, орон тоо УТҮГ-т шилжсэн боловч нотлогдоогүй. Биокомбинат ТӨААТҮГ-ын хаалтын баланс, санхүүгийн тайлан зэргээс харахад цалингийн сан шилжсэн зүйл байхгүй. Төрийн албаны тухай хуульд зааснаар төрийн үйлчилгээний байгууллагын цалингийн хэмжээ, сүлжээг Засгийн газрын 2019 оны 24 дүгээр тогтоолоор баталсан бөгөөд УТҮГ-ын даргын 2019-02-18-ны өдрийн А/33 дугаартай тушаалаар байгууллагын ажиллагсдын цалингийн санг баталсан. Төсөвт байгууллага болсон учраас Төсвийн тухай хуульд заасны дагуу Биокомбинат УТҮГ-ын бүтэц, орон тоог Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2018-10-18-ны өдрийн А-177 дугаартай тушаалаар баталсан. Биокомбинат ТӨААТҮГ-ын улсын бүртгэлийн гэрчилгээ, дэлгэрэнгүй лавлагаа, татварын тодорхойлолт зэргээс харахад хуулийн этгээд улсын бүртгэлээс хасагдаагүй байна. Биокомбинат ТӨААТҮГ-ын татварын тодорхойлолт болон Биокомбинат УТҮГ-ын татварын тодорхойлолтоос харахад татвар төлөгчийн дугаар, хариуцлагын хэлбэр, удирдлагын нэр өөр, түүнчлэн татварын өр хоорондоо шилжүүлсэн зүйл байхгүй. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд зааснаар Засгийн газар нь төрийн өмчийн бүрэн бүтэн байдлыг Улсын Их Хурлын өмнө хариуцдаг тул төр өөрийн өмчийн хувь заяаг бүрэн шийдвэрлэх эрхтэй. Гэтэл нэхэмжлэгчийн ажиллаж байсан Биокомбинат ТӨААТҮГ-ыг татан буулгаж, хаалтын баланс үйлдэхийг Засгийн газрын 2018 оны 188 дугаар тогтоолоор Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт даалгасан байх бөгөөд 2019-01-22-ны өдрийн 36 дугаар тогтоолоор Биокомбинат ТӨААТҮГ-ын хаалтын тайланг баталсан. Оршин байгаа хаяг адилхан байх нь хуулийн этгээд эрх залгамжилсан, өөрчлөн зохион байгуулагдсан гэдгийг нотлохгүй юм. Биокомбинат ТӨААТҮГ нь улсын бүртгэлээс хасагдаагүй бөгөөд УТҮГ-ын хуулийн этгээдийн бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагаанаас харахад 2018-10-17-ны өдөр бүртгүүлж улсын бүртгэлийн гэрчилгээ, регистрийн дугаар авсан. Иймд Биокомбинат ТӨААТҮГ татан буугдаагүй, улсын бүртгэлээс хасагдаагүй иргэний эрх зүйн чадвар дуусгавар болоогүй байхад эрх залгамжлах, өөрчлөх замаар дахин байгуулах боломжгүй юм. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын буруу, хууль бус шийдвэрээс болж хохирсон хохирлыг ямар ч хамааралгүй өөр төсөвт байгууллагаар төлүүлэх нь буруу. Манайд Биокомбинат ТӨААТҮГ-ын захирал гэсэн цалингийн сан байхгүй, шилжиж ирээгүй, гэрээ, контракт байгуулаагүй тул Хөдөлмөрийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд заасны дагуу ажил олгогч байгууллагаар нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах нь шударга ёсны зарчимд нийцэж байна. Иймд манай УТҮГ-т холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

          Хариуцагч Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар тайлбартаа: Засгийн газрын 2018 оны 188 дугаар тогтоолоор Биокомбинат ТӨААТҮГ-ыг татан буулгаж, УТҮГ болгосон. 72 дугаар тогтоолыг гаргах болсон үндэслэл нь Биокомбинатын үйлдвэрчний эвлэлийн хороо болон ажиллагсдаас удаа дараа ирүүлсэн гомдол, хүсэлт, санал, шаардлага, ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн Б.Б-ыг ажлаас нь түдгэлзүүлсэн. Контрактын гэрээг 3 үндэслэлээр байгуулахаас татгалзсан байсан бөгөөд Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2017 оны 90 дүгээр тогтоолоор төрийн өмчит үйлдвэрийн газрын захиралтай байгуулах контрактын гэрээний үлгэрчилсэн загвар болон дүгнэх журмыг баталсан байдаг. Санхүүгийн цаглабартай нийцүүлэн 3-6 сарын хугацаатай байгуулдаг бөгөөд Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар 5 хүртэл жил байгуулахаар хуульчилсан. Төрийн өмчит компани болон захирлуудын тухайн өмнөх жилийн ажлыг дүгнээд хувьцаа эзэмшигчийн хурал хуралдаж, контрактын гэрээг сунгах эсэх асуудлыг шийдвэрлэдэг. Контрактын гэрээнд нэмэлтээр байгууллагын ажилчдаас захирлын үйл ажиллагаанд удаа дараа гомдол, санал гаргасан бол... гэх заалтыг оруулж өгсөн. Учир нь Биокомбинат ТӨААҮГ нь улсын онцгой объектод хамаарч төрийн тусгай хамгаалалтад байдаг учраас байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулахгүй байх, байгууллагын ажилчдын санал, хүсэлт, гомдлыг шийдвэрлэж, хөдөлмөрлөх эрхийг хангах гэдэг байдлаар дээрх заалтыг оруулж өгсөн. Гэвч нэхэмжлэгч нь контрактын гэрээ байгуулахаас татгалзсан тул Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас түүнийг түр түдгэлзүүлсэн тухай тогтоол гарсан. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар нь шүүхийн шийдвэрийг биелүүлж, 2017-10-17-ны өдөр 415 дугаар тогтоолоор Б.Б-ыг урьдах ажилд нь эгүүлэн томилсон бөгөөд ажлыг нь 2018-01-23-ны өдөр хүлээлгэн өгсөн. Улмаар мөн өдөр контрактын гэрээ байгуулах санал хүргүүлсэн боловч хүлээж аваагүй, контрактын гэрээ бичгээр байгуулагдаагүй тул гэрээнд заасан гэх 2,300,000 төгрөгөөр тооцож, цалин олговор нэхэмжлэх эрхгүй гэжээ.

          Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр 183/ШШ2019/00924 дүгээр шийдвэр гаргаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дугаар зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан Биокомбинат УТҮГ-с 45.780.688 төгрөг  гаргуулж, Б.Б-од олгож, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар дээрх олговроос шимтгэл тооцон нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг Биокомбинат УТҮГ-т даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, 7 дугаар зүйлийн 7.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 233.800 төгрөгнөөс түүний төлөх 116.621 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 117.179 төгрөгийг улсын төсвийн данснаас буцаан гаргуулж Б.Б-од олгож, Биокомбинат УТҮГ-аас 386.853 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулахаар шийдвэрлэжээ.

          Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 1190 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 183/ШШ2019/00924 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан Биокомбинат УТҮГ-аас 19,729,285 төгрөг гаргуулж, Б.Б-од олгож, нэхэмжлэлээс 26,051,403 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж, 3 дахь заалтын “386,853” гэснийг “256,596” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар Биокомбинат УТҮГ-ын төлөөлөгчийн төлсөн 387,000 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсэн байна.

         Нэхэмжлэгч Б.Б- хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Шүүх ИХШХШТХ-н 40.4-г үндэслэхдээ Б.Б- миний 9 жилийн өмнөх 2011 оны контрактаар 2018 онд миний бие цалин хөлс авалгүй ажиллаж байсан хугацааны болон хууль бусаар үүрэгт ажлаасаа түдгэлзсэн хугацааны цалин хөлсийг тооцсон нь үндэслэлгүй байна. ХОЁР. давж заалдах шатны шүүх нэгэнт ТӨБЗГ нь хурлаараа 54-р тогтоолыг гаргаж Биокомбинатын захирлын цалин 2,3сая төгрөгөөр баталсан нотлох баримт хэрэгт авагдсан байхад, энэ баталсан цалингаа үндэслэсэн ТӨБЗГ-ын тамга тэмдэгтэй, эрх бүхий хүний гарын үсэгтэй гэрээний 4-т цалин хөлс, урамшуулал, ажлын нөхцөл хэсэгт захирлын үндсэн цалин 2,3сая гэж байсаар байхад уг нотлох баримтуудыг дутуу үнэлж ТӨБЗГ-ын 2018 оны 54-р тогтоолоор цалин хөлс нь шинэчлэгдэж хүчингүй болсон аль 9 жилийн өмнөх гэрээгээр миний авах ёстой цалин хөлсийг бодсон нь алдаатай байна. ГУРАВ. ТӨБЗГ-т хандан миний гэрээндээ гарын үсгээ зураагүй 3 шалтгааныг бичсэн тайлбар албан бичиг хэрэгт бий. Үүнд цалин хөлс ямар ч хамааралгүй цалингаа зөвшөөрч байсан. ДӨРӨВ. Дээрх ТӨБЗГ-ын 54-р тогтоолыг үндэслэн Б.Б- миний бие захирлаар ажиллаж байхдаа “Биокомбинат ТӨАТҮГ-ын удирдлагын бүтэц, зохион байгуулалт, орон тоо, цалингийн сан”-г баталсан 2018-03-06-ны өдрийн Б/36 дугаартай тушаалыг гаргасан. Энэ тушаалын 3-р хавсралтанд захирлын үндсэн цалин хөлсийг 2,300,000 төгрөгөөр баталсан. Мөн миний дараа захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан, ТӨБЗГ-ын ахлах мэргэжилтэн В.Дарханбаатар 2018-05-10-нд “Биокомбинат ТӨАТҮГ-ын удирдлагын бүтэц, зохион байгуулалт, орон тоо, цалингийн санд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” тушаалыг гаргасан байсан. Энэхүү тушаалууд хоорондоо өөрчлөлт орсон ялгаагүй бөгөөд хоёуланд нь захирлын үндсэн цалин 2,300,000 төгрөг болон бүх 254 ажилчдын цалинг нэр, ажил, цех нэгж тус бүрээр нь нэг бүрчлэн жагсааж бичиж баталсан төлөвлөгөө хэрэгт байгаа болно. ТАВ. ТӨБЗГ-ын 54-р тогтоолын дагуу Биокомбинат ТӨААТҮГ нь 2018 оны “Үйлдвэрлэл санхүүгийн төлөвлөгөө”-гөө /Бизнес төлөвлөгөө ч гэж нэрлэдэг/ баталж ажилладаг юм. “Биокомбинат ТӨААТҮГ-ын 2018 оны Бизнес төлөвлөгөө” гэсэн нэртэй бүхэл бүтэн хавтас нотлох баримтыг эх хувиар нь Биокомбинатаас гаргуулан шүүхэд нотлох баримтаар өгсөн болно. ЗУРГАА. Биокомбинат ТӨААТҮГ-ын захирлын цалин хөлсийг жил бүр шинэчлэн тогтоодог эрх бүхий байгууллага болох ТӨБЗГ-ын 2018-03-06-ны өдрийн 54-р тогтоол гарснаар миний урдны 2011 оны контракт дээрх 990,000 төгрөгийн үндсэн цалин албан ёсоор хүчингүй болсон байгаа юм. Улсын үйлдвэрүүдийн газрын захирал, ажилчдын цалин хөлсийг зөвхөн гэрээгээр нотолбол өрөөсгөл болно. Учир нь он бүхний эхэнд Улсын үйлдвэрийн газруудын захирал болон ажилчдын цалинг ТӨБЗГ-ын хурлаар оруулж орон тоо бүтэц, цалингийн сан, эдийн засгийн үндсэн үзүүлэлт, хөрөнгө оруулалтыг нь ТӨБЗГ-аас шинэчлэн баталж тогтоол гаргадаг учраас зөвхөн гэрээгээр цалин нотлогдохгүй гэсэн үг юм. ТӨБЗГ-аар бүх орон тоо, цалинг нь ТӨБЗГ-аас баталдаг учраас маш тодорхой юм. Харин хичнээн гарын үсэг зурсан гэрээ байсан ч хэрэв Биокомбинат ТӨААТҮГ-ын захирлын цалинг ТӨБЗГ-ын хурлаар батлаагүй, ТӨБЗГ-ын тогтоол гараагүй бол гэрээ хийсэн байсан ч цалин хүчингүй болдог. Давж заалдах шатны шүүх нь гэрээнээс гадна нэхэмжлэгчийн цалин хөлсийг нотолж тодорхойлсон: 2018-03-06-ны өдрийн ТӨБЗГ-ын 54-р тогтоол, Биокомбинат ТӨААТҮГ-ын 2018 оны “Үйлдвэрлэл санхүүгийн төлөвлөгөө”-нд /Бизнес төлөвлөгөөнд/ баталсан захирлын үндсэн цалин 2.300.000 төгрөгөөр баталсан, Миний бие захирлаар ажиллаж байхдаа гаргасан Биокомбинат ТӨААТҮГ-ын удирдлагын бүтэц, зохион байгуулалт, орон тоо, цалингийн сан”-г баталсан 2018-03-06-ны өдрийн Б/36 дугаартай тушаал, Захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч В.Дарханбаатарын 2018-05-10-нд “Биокомбинат ТӨАТҮГ-ын удирдлагын бүтэц, зохион байгуулалт, орон тоо, цалингийн санд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” Б/72 дугаартай тушаал зэрэг ИХШХШТХ-н 40.4. Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” заалтад мөн адил хамаарах эдгээр баримтуудыг дутуу үнэлж, хуулийг буруу хэрэглэсэн байна. Миний нөхөн авах цалин хөлсийг 54-р тогтоолоор хүчингүй болсон 9 жилийн өмнөх 2011 оны гэрээн дээрх 990,000 төгрөгний цалингаар биш 2018 онд ТӨБЗГ-ын 54-р тогтоолоор батлагдсан хүчин төгөлдөр 2,300,000 төгрөгний цалингаар тооцно гэж үзэж байна. Шийдвэрээр цалин хөлсийг гаргасан нь зөв байсан. Ийм магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

           Б.Б- 2018-06-28-ны өдөр шүүхэд хандаж, Биокомбинат УҮГ, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт холбогдуулан нэхэмжлэл гаргаж, нийт 46,647,337 төгрөг  гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгахыг шаардсаныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.  

           Анхан шатны шүүх Биокомбинат УТҮГ-с 45,780,688 төгрөг гаргуулж, Б.Б-од олгож, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосон байна.

           Давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулж, Биокомбинат УТҮГ-с гаргуулах төлбөрийн хэмжээг багасгаж, бусад заалтуудыг нь хэвээр үлдээжээ. 

           Шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

           Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, Б.Б- Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014-09-29-ний өдрийн 4139 дүгээр шийдвэр, Нийслэлийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2015-01-07-ны өдрийн 14 дүгээр магадлал, хяналтын шатны 2015-03-19-ний өдрийн 167 дугаар тогтоолоор ажилдаа эгүүлэн тогтоогдсон байх бөгөөд тэрээр 2018-01-23-ны өдөр ажлаа хүлээн авч, 2018-04-03-ны өдөр хүртэл ажил үүргээ гүйцэтгэсэн нь нотлогдсон байна.

          Б.Б- 2018-01-23-ны өдрөөс 2018-04-03-ны өдөр хүртэл ажил үүргээ гүйцэтгэсэн байхад шүүх энэ хугацаанд нэхэмжлэгч “...ажилгүй байсан...” гэж үзсэн үндэслэлээ шийдвэрт заагаагүй нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1., 69 дүгээр зүйл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дүгээр зүйлийн 116.2-г зөрчжээ.

         Шүүх 2018-04-03-ны өдрөөс 2018-06-15-ны өдөр хүртэлх хугацааны мөнгийг олговор гэж үзсэн боловч 2018-04-03-ны өдрөөс хойш Б.Б-ыг ажилд эгүүлэн тогтоосон ямар нэг шийдвэр хэрэгт байхгүй тул шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2., 69 дүгээр зүйлийн зохицуулалтыг буруу тайлбарласан гэж үзнэ. 

         Хөдөлмөрийн тухай хуулийн хэрэглэвэл зохих зүйлийг хэрэглээгүйгээс гадна хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, өөрчлөх боломжгүй тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаав.

         Шүүх хэргийг шийдвэрлэхдээ маргааны үйл баримттай холбоотой шаардлагыг тодорхойлж, хэрэгт буй баримт, зохигчийн тайлбарын хэмжээнд нэхэмжлэлийн талаар дүгнэлт хийж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2 дахь хэсэгт заасан шийдвэрийн аль нэгийг гаргавал зохино.  

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

         1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 183/ШШ2019/00924 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 1190 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

         2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдөр төлсөн 288,500 төгрөгийг захирамжаар нэхэмжлэгчид олгосугай. 

 

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ