Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 168

 

Капитал банкны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2017/00765/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхжаргал даргалж, шүүгч С.Оюунцэцэг, Л.Амарсанаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 903 дугаар шийдвэртэй,  

           Нэхэмжлэгч Капитал банкны нэхэмжлэлтэй,

           Хариуцагч С.Д-д холбогдох

          “59.142.481 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг 

          Хариуцагч С.Д-гийн давж заалдсан гомдлыг үндэслэн

          2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Амарсанаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Энхболд, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Энхтайванаас:

Хариуцагч С.Д- нь “Анод” банкнаас 2007 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр №13070702 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 17.500.000 төгрөгийг 24 сарын хугацаатай, сарын 2,20 хувийн хүүтэй зээлсэн. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгон №13070702 тоот барьцааны гэрээ байгуулж, Дархан сум, 14-р баг, 1 хороолол, 6 байрны 43 тоот 28,0 мкв талбайтай 2 өрөө орон сууцыг барьцаалсан. Зээлийн гэрээний хугацаа 2009 оны 11 дүгээр  сарын 28-ны өдөр дууссан боловч зээлдэгч зээлийн гэрээгээр  хүлээсэн үүргээ биелүүлээгүй, 2011 оны 10 дугаар сарын 21-ний өдөр “Анод” банкнаас шаардах эрх шилжүүлэх гэрээний дагуу хүлээн авснаас хойш тус зээлийн үндсэн зээлээс огт төлөөгүй, зээлийн хүүнд 2.500.000 төгрөг төлсөн. “Анод” банк нь С.Д-д холбогдуулан 2012 оны 09 дүгээр сарын 27 өдрийн байдлаар зээлийн өрийн үлдэгдлээр төлбөр гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч нь бүртгэлтэй оршин суух хаягтаа амьдардаггүй гэх тул эрэн сурвалжлах хүсэлт гаргасан. 2011 оны 10 дугаар сарын 20 өдөр “Анод” банк болон Капитал банк нарын хооронд байгуулсан гэрээгээр С.Д-гийн зээл нь “Капитал” банкинд шилжиж ирсэн бөгөөд 2011 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар үндсэн зээл 17.486.600 төгрөг, хүү 12.465.488 төгрөг, нотариатын зардал  6500 нийт 29.958.548 төгрөгийн зээлтэй болсон боловч хариуцагч нь зээл, хүүгээ төлөхгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэхгүй, ор сураггүй алга болон банкыг хохироосон. Иймд С.Д-гээс үндсэн зээл 17.486.600 төгрөг, зээлийн хүү 36.374.142.50 мөнгө, нэмэгдүүлсэн хүү 5.281.481 төгрөг 40 мөнгө, нотариатын зардал 20.000 төгрөг нийт 59.142.481,40 төгрөгийг гаргуулах, мөн зээлийн барьцаа хөрөнгө болон бусад орлогоос зээлийн төлбөрийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхийн шийдвэрт тусгаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Энхболдоос:

Иргэн С.Д- “Анод” банкнаас 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр үл хөдлөх хөрөнгө барьцаалан 17.500.000 төгрөгийн зээл 2 жилийн хугацаатай 2.20%-ийн хүүтэйгээр авсан. Үүнээс 2014 онд 2.500.000 төгрөг үндсэн зээл төлсөн. “Анод” банкинд хүү болон хүүгийн авлага нэмэгдүүлсэн хүү зэргээр нийт 5.109.329 төгрөг тушаасан бөгөөд 2010 онд “Анод” банк дампуурсан ба зээлтэй холбоотой бичиг баримт хаана байгаа нь мэдэгдэхгүй байсаар хугацаа алдсан. Зээл төлөх талаар надад албан ёсоор мэдэгдээгүй тул  нэхэмжилсэн мөнгийг хүлээн зөвшөөрөхгүй, нийт төлсөн 7.609.329 төгрөгийг авсан. Үндсэн зээлээс 9.890.000 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй гэжээ.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 903 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч С.Д-гээс 59.142.481 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Капитал” банкинд олгож,

            Иргэний хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1, 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан, хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн барьцааны зүйл болох С.Д-гийн өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү-2003008105 дугаарт бүртгэгдсэн Дархан-Уул аймгийн Дархан сумын 1 дүгээр хороолол 6 дугаар байр 43 тоот 28 мкв талбайтай орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж,

            Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 453.662 төгрөгийг нөхөн гаргуулж, Төрийн сангийн орлогод оруулж, хариуцагч С.Д-гээс 453.662 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Капитал” банкинд олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч С.Д- давж заалдсан гомдолдоо:

Би 2007 онд “Анод” банкнаас 17.500.000 төрөгийг 2 жилийн хугацаатай зээлж энэ хугацаанд 2008, 2009 онуудад хүү, алдангид нийт 5.109.329 төгрөг, мөн 2014 онд үндсэн зээлээс 2.500.000 төгрөгийг тус тус төлсөн. Гэтэл шүүх уг мөнгөнөөс нэг ч төгрөг хасалгүй шийдвэрлэж, “Капитал” банкинд өр шилжиж ирэхээс өмнө төлсөн баримтууд байгаа зэргийг хэрэгсэхгүй орхисон нь тодорхой бус байна. Банк миний авсан мөнгийг шийдвэрлэх гэж байгаа бол анх зээл авсан үеэс эхлэн нотлох баримтуудыг үнэлж дүгнэн шийдвэрлэх ёстой. Мөн зээлийн хугацаа 2 жил өнгөрсөн байхад банкны гаргасан баримтаар хүү, торгуулийг оролцуулан авч, зээлийг бүтэн 3 дахин илүү мөнгө төлөхөөр шийдвэрлэсэнд гомдолтой байна. “Анод” банк дампуурахад энэ талаар надад мэдээлэл өгөөгүй, зээл төлсөн нотлох баримтыг хаанаас гаргаж авах талаар тухайн үеийн захирал байсан н.Баянмөнхтэй Улаанбаатар хотруу удаа дараа явсан талаар гэрч байцаалгах хүсэлт гаргасан, мөн 2010 он, 2011 онуудад “Анод” банкинд төлсөн 6.000.000 гаруй төгрөгийн баримтыг гаргуулах хүсэлт гаргасан боловч эдгээр хүсэлтүүдийг хүлээн авалгүй шийдвэрлэсэн байна. Иймд хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Капитал банк хариуцагч С.Д-д холбогдуулж үндсэн зээлийн төлбөр 17.486.600 төгрөг, зээлийн хүү 36.374.142 төгрөг нэмэгдүүлсэн хүү 5.281.481 төгрөг нийт 59.142.481төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан, хариуцагч С.Д- үндсэн зээлээс 5.200.000 төгрөг төлсөн гэж маргасан байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, хариуцагч С.Д-гээс 59.142.481 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Капитал банкинд олгож, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэсэн байна.

Давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад дараах дүгнэлтийг хийлээ.

Хариуцагч С.Д- 2007 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Анод банктай зээлийн гэрээ байгуулж, 24 сарын хугацаатай, 2.2 хувийн хүүтэй, 17.500.000 төгрөг зээлсэн байх бөгөөд  зээлийн хүүд 5.130.844 төгрөг төлсөн байна.

Шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар 2009 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр дуусах байсан бөгөөд Анод банк 2011 оны 10 дугаар сарын 21-ний өдөр шаардах эрхээ Капитал банкинд шилжүүлсэн гэрээ байгуулсан байх тул Капитал банк нэхэмжлэл гаргах эрхтэй гэж үзнэ.

Шаардах эрх шилжүүлэх гэрээний 2.7-д зааснаар нэхэмжлэгч Капитал банк эрх шилжүүлж авсан талаар хариуцагч С.Д-д зайлшгүй мэдэгдэх ёстой бөгөөд энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

Хэргийн 42, 43 дугаар талд авагдсан баримтаас үзвэл хариуцагч С.Д- зээл болон зээлийн хүүд 5.060.000 төгрөг төлсөн баримтыг нэхэмжлэгч талаас гаргуулах, тухайн үеийн Анод банкны захирал байсан н.Баянмөнхийг гэрчээр асуулгах тухай хүсэлтүүдийг гаргасныг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй орхигдуулсан байх бөгөөд  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  38 дугаар зүйлийн 38.6-д зааснаар хэргийг шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ гэж заасныг зөрчиж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрх зөрчигдсөн байна.

Хэргийн оролцогчийн нотлох баримт бүрдүүлэх талаар гаргасан хүсэлтийг хангасны эцэст хэргийг шийдвэрлэх нь зөв гэж үзнэ.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн бөгөөд шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Иймд шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 903 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

            2.Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т  зааснаар хариуцагч С.Д-гээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 453.663 төгрөгийг Төрийн сангийн орлогоос шүүгчийн захирамжаар буцаан гаргуулж, хариуцагч С.Д-д олгосугай.

3.Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4.Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4,119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй

 

 

                              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        С.ЭНХЖАРГАЛ        

                              ШҮҮГЧИД                                                        С.ОЮУНЦЭЦЭГ

                                                                                                       Л.АМАРСАНАА