Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 31

 

 

Алтай ложистик  ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

            Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Нямбаяр даргалж, Ерөнхий шүүгч С.Өмирбек, Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй хийж, Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 682 дугаар шийдвэртэй, Алтай ложистик ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Увс аймгийн Зүүнговь сумын 01 дүгээр багт оршин суух Шөвөөгийн Б-д холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэнгийн  илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Золзаяа, өмгөөлөгч П.Оюун /цахимаар/, хариуцагчийн  өмгөөлөгч Б.Лхагважав, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Тамираа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: 10.180.039.50  төгрөг гаргуулах тухай.

 

Нэхэмжлэлийн агуулга: “Шөвөө овогтой Б- нь Алтай Ложижтик ХХК-тай 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 1 жилийн хугацаатайгаар Нордын хэлтэст Хүнд даацын авто машины жолоочийн албан тушаалд ажиллахаар Хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилласан. Алтай Ложистик ХХК-ийн жолооч Ш.Б- нь Алтайн Хүдэр ХХК-ийн өмчлөлийн 31-59 УНМ улсын дугаартай Норд Бенз маркийн тээврийн хэрэгслийг эзэмшиж, Уулын Баяжуулах Таяннуур үйлдвэрээс төмрийн хүдрийн баяжмал тээвэрлэх ажил гүйцэтгэдэг байсан. Ш.Б- нь 2014 оны 5 дугаар сард Дундговь аймгийн Гурван Сайхан сумын нутагт Алтайн Хүдэр ХХК-ийн 31-59 УНМ улсын дугаартай Норд Бенз маркын тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ компаний өмчлөлийн 15-18 УНО улсын дугаартай Норд бенз маркийн тээврийн хэрэгслийн араас мөргөж, Алтайн Хүдэр ХХК-ийн өмчлөлийн 31-59 УНМ улсын дугаартай Норд Бенз маркын тээврийн хэрэгсэлд нийт 6.883.273 төгрөгийн хохирол учруулсан. 2014 оны 9 сарын 12-ны өдөр Ш.Б- нь Алтай Ложистик ХХК-д Шөвөө овогтой Б- миний бие Таяннуураас Их Говь руу явах замд норд бенз 47 маркын машиныг эзэмшиж явсан бөгөөд замд тээврийн осолд орж машины кабин бусад эд ангийг гэмтээсэн юм. Иймд би сарын цалингаасаа 800.000 төгрөгийг суутгуулж компанийг хохиролгүй болгох хүсэлтэй байна, нийт хохирлын хэмжээ 6.800.000 төгрөг болсон. Энэхүү хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү хэмээн компанид хохирол учруулсан болохоо хүлээн зөвшөөрч цалингаасаа сар тутам төлж, хохирлыг барагдуулж дуусгах хүсэлтэй байгаа талаар өргөдөл өгсөн. Энэхүү ажилтны гараар бичсэн өргөдлийн дагуу Алтай Ложистик ХХК нь Ш.Б-тай учруулсан хохирлыг барагдуулах тухай Хариуцлагын гэрээг 2014 оны 9 сарын 12-ны өдөр байгуулсан. Уг гэрээгээр 2014 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн 2015 оны 6 дугаар сарын 15-ны өдрийг дуусталх хугацаанд учирсан хохирол болох нийт 6.883.273 төгрөгийг гэрээнд заасан хуваарийн дагуу цалингаасаа суутгуулах замаар төлөхөөр тохирсон. Энэхүү Хариуцлагын гэрээ-ний 3 дугаар зүйлийн 3.2, 5 дугаар зүйлийн 5.2-т заасны дагуу Ш.Б- нь ажлаас чөлөөлөгдсөн ч гэрээний үүрэг үргэлжилж байна. Ш.Б- нь 2014 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 96.580 төгрөгийг Алтай Ложистик ХХК-д төлж гэрээний үлдэгдэл 6.786.693 төгрөг байна. Талуудын хооронд байгуулагдсан Хариуцлагын гэрээний 6 дугаар зүйлийн 6.1-т зааснаар 2014 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн гүйцэтгээгүй үүргийн нийт үнийн дүн болох 6.786.693 төгрөгөөс хоног тутамд 0.5 хувиар алданги тооцоход нийт 30.472.490.88 төгрөг болно. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасны дагуу нийт гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрүүлэлгүй 3.393.346,50 төгрөгийн алдангийг, нийт 10.180.039,50 /арван сая нэг зуун наян мянга гучин есэн төгрөг, тавин мөнгө/ төгрөгийг нэхэмжилж байна” гэжээ.

 

Хариуцагчийн тайлбарын агуулга: Тухайн үед Алтай Ложистик ХХК нь тээвэрт явуулахдаа бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй явуулсан. 31-59 УНМ улсын дугаартай Норд Бенз маркийн тээврийн хэрэгсэл нь дугуйгүй байсан, дугуй өгөөч гэхэд акталсан 24 өгсөн, түүнийг нь тавьж аваад явсан. Тэгээд замд явж байгаад осол болсон, цагдаа, даатгал дуудья гэхэд шаардлагагүй гээд дуудаагүй юм. ... Энэхүү нэхэмжлэл нь Увс аймгийн Сум дундын 24 дүгээр шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 310 тоот шийдвэрээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 112 тоот магадлалаар шийдвэрийн хэвээр үлдээсэн. Монгол улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 991 тоот тогтоолоор магадлалыг хэвээр үлдээсэн. Иймд Алтай Ложистик ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 682 дугаар шийдвэрээр: “1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.3-т заасныг баримтлан мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.1.1, 135.1.2-т зааснаар хариуцагч Ш.Б-гаас хариуцлагын гэрээний дагуу 10.180.039,50 төгрөг гаргуулах тухай Алтай Ложистик ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Алтай Ложистик ХХК-ийнулсын тэмдэгтийн хураамжид төлсөн 177.840 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.” гэж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: “Нэхэмжлэгч "Алтай Ложистик" ХХК нь Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1,  497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.5-т зааснаар шаардах эрхийнхээ үндэслэлийг тодорхойлсон. Гэтэл шүүх дээрх хуулийн зүйл заалтууд, нэхэмжлэгчийн тайлбар, үндэслэлийг хэрхэн няцаасан нь тодорхойгүй бөгөөд талуудын хооронд хүсэл зоригоо илэрхийлэн бичгээр байгуулсан гэрээ хэлцлийг үл харгалзан Сум дундын 24 дүгээр шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 310 тоот шийдвэрийг удирдлага болгон тэр хүрээнд нотлох баримтыг үнэлж, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.3, 132 дугаар зүйлийн 132.1, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 13 5.1.1 -д 135.1.2- заалтуудыг тус тус удирдлага болгон хэргийг шийдвэрлэснийг шүүгч эрх зүйн маргаантай харилцааг зөв тогтоогоогүй гэж үзэж байна. Түүнчлэн Ш.Б-д холбогдуулан Дундговь аймгийн Замын цагдаагийн газарт гаргасан өргөдөл, холбогдох баримтыг шүүхийн журмаар нотлох баримтаар гаргуулах хүсэлт тавьсан боловч шүүгч хүсэлтийг хангалгүй, хариуцагч Ш.Б-гийн гэм буруутай эсэх үйл баримт "Алтайн Хүдэр" ХХК-ийн нэхэмжлэлтэй Ш.Б-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн Сум дундын 24 дүгээр шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 310 дугаар шийдвэрээр нэгэнт тогтоогдсон гэж 2017 оны 5 дугаар сарын 1169 дүгээр шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байсан. Шүүгч аливаа хэрэг маргааныг хэнээс ч хараат бус, аливаа нөлөөлөлд автахгүй, хуулийн хүрээнд шудрагаар шийдвэрлэх үндсэн зарчмыг удирдлага болгодог. Иргэний хэргийг анхан шатны журмаар хянан хэлэлцсэн шүүгчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан эрхийн актууд болоод бусад үйл баримтыг үндэслэн шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ шударагаар хянан шийдвэрлээгүй, хэт нэг талын ашиг сонирхол, хүсэл зоригт нийцүүлсэн шийдвэрүүдийг удаа дараа гаргасан гэж үзэж байна.. Иймд Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын  18-ны өдрийн 682 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж  шийдвэрлэнэ үү.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагад нийцээгүй байна.

           

            Алтай Ложистик ХХК нь эд хөрөнгийн хариуцлагын гэрээний дагуу хүлээн авсан автомашинд учруулсан гэм хорын хохирол 6.786.693 төгрөг, хоног тутамд алданги 0.5 хувиар тооцон үнийн дүнгийн 50 хувиар 3.393.346 төгрөг, нийт 10.180.039 төгрөг гаргуулахаар хариуцагч Ш.Б-гаас нэхэмжилжээ.

           

            Анхан шатны шүүх гэм хорын хохирол арилгуулах тухай Алтай Ложистик ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ш.Б-д холбогдох хэргийг шүүгч дангаар хянан шийдвэрлэсэн нь  Үндсэн хуулийн 52 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “ бүх шатны шүүх хэрэг маргааныг хамтын зарчмаар хянан хэлэлцэж шийдвэрлэх” зарчим болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1 дэх хэсгийн “анхан шатны журмаар шүүгч дангаар шийдвэрлэхээс бусад хэргийг 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэй хянан шийдвэрлэнэ” гэх заалтыг тус тус зөрчжээ.   

           

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт шүүгч дангаар хянан шийдвэрлэх эрх зүйн маргааныг тодорхойлсон ба үүнд гэм хорын хохирол гаргуулахтай холбоотой иргэний эрх зүйн маргаан багтаагүй тул энэ төрлийн маргааныг шүүгч дангаар шийдвэрлэснийг “хууль ёсны бүрэлдэхүүн” гэж үзэх боломжгүй байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.4-т заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

           

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчлийн улмаас хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан тул хэргийн үйл баримт болон давж заалдах гомдолд тусгагдсан үндэслэлүүдэд дүгнэлт хийгээгүй болно.

           

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 177.840 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгоно.