Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Хуушааны Эрдэнэсувд |
Хэргийн индекс | 182/2018/02474/И |
Дугаар | 001/ХТ2020/00825 |
Огноо | 2020-12-17 |
Маргааны төрөл | Татварын ерөнхий хуулиар, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2020 оны 12 сарын 17 өдөр
Дугаар 001/ХТ2020/00825
М.О-гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 182/ШШ2019/00714 дүгээр шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 1233 дугаар магадлалтай,
М.О-гийн нэхэмжлэлтэй,
“П” ХХК, Тт тус тус холбогдох,
НӨАТ-ын буцаан олголтыг авч чадаагүйгээс учирсан хохирол 2 128 472.72 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагч “П” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Д-ийн хяналтын журмаар гаргасан гомдлоор
шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч М.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.А, хариуцагч Т-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагч “П” ХХК-ийн өмгөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.
Нэхэмжлэгч М.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.О миний бие нь “П” ХХК-тай 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Орон сууц захиалгаар бариулах гэрээ хийж, Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, Наадамчдын зам гудамж, Туул ривер кондоминиум хотхоны 103 дугаар байрны 63 тоот болох 60.03 м.кв орон сууцыг Худалдаа хөгжлийн банкны ипотекийн зээлээр худалдан авсан. Урьдчилгаа төлбөр болох 25 066 000 төгрөгийг “П” ХХК-ийн дансанд 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр шилжүүлсэн. Мөн банкнаас хүссэн зээл болох 92 000 000 төгрөг 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр “П” ХХК-ийн дансанд шилжиж орсон байсан. Энэ тухай би тус компанийн менежер н.Оюунтунгалаг руу утсаар залган ярьж байхдаа мэдсэн, е-баримт авах хүсэлтэй байгаагаа хэлэхэд манайх жилийн эцсийн тайлангаа тушаасан, одоо өгөх боломжгүй, бид мэдэлгүй тайлангаа тушаасан гэх хариу өгсөн. Зөрүү 80 300 төгрөгийг өөрийн данснаас шилжүүлэг хийн төлбөрийг барагдуулж дууссан.
Хотхоны оршин суугчид хурал хийн “П” ХХК-иас Е-баримтаа авах хэрэгтэй талаар зөвлөсний үндсэн дээр “П” ХХК-д дахин хандаж, ерөнхий нябо Г.Долгорсүрэнтэй утсаар холбогдон ярьж баримтаа нэхэхэд манайх баримт хэвлэх боломжгүй, дахин асууж байгаад ирэх хариуг өгч байсан. Олон дахин утсаар лавлан асууж байгаад 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр компанийн байранд очиж нэхэхэд 117 000 000 төгрөгийн үнийн дүнтэй, сугалааны дугааргүй, 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр эсэн огноотой баримтыг хэвлэн өгсөн. Ингээд уг баримтыг Е-баримтын цахим системд бүртгүүлэхэд аж ахуйн нэгж илгээгээгүй байна гэх улаан төлөвтэй болсон байсан.
Үүнийг зургаар баталгаажуулан Тт очиж уулзахад Нийслэлийн Татварын албатай уулзахыг зөвлөсөн. Үүний дагуу Нийслэлийн Татварын албаны “П” ХХК-ийг хариуцсан татварын байцаагчтай уулзахад “П” ХХК нь 2016 оны тайландаа 96 айлыг бөөн дүнгээр шивж илгээсэн бөгөөд 2017-2018 онд тус тайландаа 3 удаа засвар оруулсан талаар мэдээлэл өгсөн. Ингээд Трын хуулийн хэлтэстэй уулзан тэдний зөвлөсний дагуу 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Тт албан хүсэлт гаргасан. Үүний дараа е-баримтын цахим сүлжээ хариуцсан ажилтан нь холбогдож тухайн баримтаа дахин давтагдашгүй төлбөрийн дугаар /ДДТД/-аар дахин бүртгүүлэхийг санал болгосны дагуу дахин бүртгүүлэхэд аж ахуйн нэгж хүлээн авсан хэмжээн ногоон төлөвт орсон байсан.
Траас албан хүсэлтийн хариуг өгсөн ба тус е-баримт нь хүчингүй болохыг мэдэгдсэн бөгөөд хугацаа хэтэрсэн болохыг заасан байсан. “П” ХХК нь урт хугацааны туршид намайг хохироож орон сууц худалдаж авсны Е-баримтыг өгөхгүй чирэгдэл учруулан олон дахин явуулсан түүгээр зогсохгүй тухайн оны тайлангаа бөөн дүнгээр илгээснээс үүдэн олгосон баримт нь хүчингүй байсан.
Иймд “П” ХХК-иас миний Е-баримтын буцаан олголтын хохирол 2 128 472.72 төгрөгийг гаргуулж өгнө үү. Тт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.
Хариуцагч “П” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Д шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “П” ХХК нь Татварын ерөнхий хуулийн татвар төлөгчийн эрх үүргийн тухай 18 дугаар зүйлийн 18.1.1-д заасан татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх, мөн зүйлийн 18.1.2-т заасны дагуу татвар ногдуулах, төлөхтэй холбогдсон тооцоо, мэдээ, тайланг гаргаж тогтоосон хугацаанд татварын албанд ирүүлэх хуулийн хүрээнд тайлант хугацаанд 2016 оны тайлант хугацаанд борлуулалт, зардлаа тайлагнасан. 2016 оны 12 дугаар сарын 31-нд нийт 53 орон сууц худалдан авсан иргэдийг, хувь хүн тус бүрээр НӨАТ-ын тайланг шивж илгээсэн болно. Тухайн үед Е-баримт авах гээд ирсэн хүн бүрт өгч байсан. Манай улс нэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллын системийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж 2017 оноос НӨАТ-ын 20 хувийн буцаалтыг иргэдэд олгож эхэлсэн. Манай компани нь иргэний худалдан авсан орон сууцны төлбөрийн баримтыг цахим төлбөрийн баримтын системд хуулийн хугацаанд бүртгэж, баталгаажуулах үүрэгтэй.
Хуулийн хугацаа гэдгийг Сангийн сайдын 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 37 тоот тушаалаар батлагдсан Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг буцаан олгох журам-ын 4-р зүйлд 4.6 Албан татвар төлөгч нь энэ журмын 4.2.2-т заасныг үл харгалзан тухайн хуанлийн жилийн сүүлийн өдрийн 24 цаг 00 минутаас өмнө худалдан авсан төлбөрийн баримтын мэдээллийг дараагийн хуанлийн жилийн эхний сарын 7-ны дотор бүртгүүлсэн байна гэж заасны дагуу жилийн эцсийн тайлангаа тушаасан. М.О нь орон сууцны Е-баримтаа хуулийн хугацаандаа ирж авч аваагүй. Манай байгууллага дээр биеэр ирэхэд нь 2016 онд тайлагнасан е-баримтыг (58408 тоот) хэвлэж өгсөн. Манайх худалдсан орон сууцыг тэр жилд бөөн дүнгээр шивээгүй.
НӨАТ-ын тухай хуулийн 4.1.1 зүйлд борлуулалт гэж барааг бусдын өмчлөлд төлбөртэйгөөр шилжүүлэх, ажил, үйлчилгээг төлбөртэйгөөр гүйцэтгэхийг гэж заасан байдаг. Мөн Татварын тухай хуулийн Нэмэгдсэн өртгийн албан татварыг ногдуулах тухай 4.2.2 заалтанд Барилга угсралтын үйл ажиллагаанд ногдуулах нэмэгдсэн өртгийн албан татварыг эцсийн борлуулалтанд тооцон ногдуулна гэж заасны дагуу хуулийн хүрээнд тайлангаа илгээсэн.
Иймд иргэн М.Огийн 2016 онд худалдаж авсан орон сууцыг тухайн онд нь манайх татварт тайлагнасан тул татварын албанд дахин тайлагнаж Е-баримт өгөх боломжгүй, дахин борлуулалт тооцох үндэслэл байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Трын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, К.О нар шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Татварын ерөнхий хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль болон Сангийн сайдын 2017 оны 37 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар шинэчлэн батлагдсан Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг буцаан олгох журамд нэмэгдсэн өртгийн албан татварыг төлөх, тайлагнах, урамшуулал буцаан олгохыг заасан байгаа. Төлбөрийн баримтыг нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгч нь худалдан авагчид хэвлэж өгөх үүрэгтэй.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага олох НӨАТ-ын буцаан олголтыг “П” ХХК нөхөн төлөх ёстой гэж үзэж байна. “П” ХХК нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.1, 17.3.2, 17.3.3-т заасан үүргээ тайланд хугацаанд гаргалгүй, Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д заасан үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгчид учруулсан хохирлыг хариуцах нь зүйтэй гэжээ.
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 182/ШШ2019/00714 дүгээр шийдвэрээр: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагч Тт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан нэхэмжлэгч М.Огийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 514 дүгээр зүйлийн 514.1-ийг баримтлан хариуцагч “П” ХХК-иас 1 064 236.36 төгрөгийг гаргуулж М.Од олгож, нэхэмжлэлээс 1 064 236.36 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч М.Огаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 52 411.72 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч “П” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 30 091 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М.Од олгож шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 1233 дугаар магадлалаар: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 182/ШШ2019/00714 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 30 100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Хариуцагч “П” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Д хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 182/ШШ2019/00714 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 1233 дугаар магадлалыг хариуцагч “П” ХХК-ийн зүгээс эс зөвшөөрч, дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.
Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2. дахь хэсэгт “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлэх” хуульд заасан журмыг буруу хэрэглэж хэргийн үйл баримт, хууль, тогтоомжийн цаг хугацаа заасан зохицуулалтыг үл хэрэглэж алдаатай шийдвэрлэснийг давж заалдах шаны шүүх залруулалгүй зөвтгөж шийдсэн болно.
Иргэн М.О нь 2016 оны худалдан авалтын НӨАТ-ын Е-баримтаа хуулийн хугацаа өнгөрсний дараа буюу 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс хойш хүлээн авахаар манай компанид хандсан байдаг. Энэ байдлыг нэхэмжлэлдээ “...2016 оны Е-баримтаа авах хүсэлтэй байгаагаа хэлэхэд манайх жилийн эцсийн тайлангаа тушаасан нөхөж өгөх боломжгүй гэсэн харыу өгсөн...” гэж бичснээр тогтоогддог. Нэхэмжлэлийн агуулгаас ч тэр нэхэмжлэгч нь 2017 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн дотор 2016 оны баримтаа “бүртгүүлэх” хуулийн хугацааг хэтрүүлснээр НӨАТ-ын хувийг буцаан авах боломжоо алдсан байсан нь харагддаг. Энэ үйл баримтыг нэхэмжлэгчийн хүсэлтээр оролцсон гэрчийн тайлбараар ч нотлогддог.
Тус компани нь Татварын ерөнхий хуулийн татвар төлөгчийн эрх үүргийн тухай 18-р зүйлийн 18.1.1 -д заасан “татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх”, мөн зүйлийн 18.1.2-т заасны дагуу “татвар ногдуулах, төлөхтэй холбогдсон тооцоо, мэдээ, тайланг гаргаж тогтоосон хугацаанд татварын албанд ирүүлэх” үүргээ биелүүлж, хуулийн хугацаанд нь 2016 оны борлуулалт, зардлаа татварын байгууллагад тайлагнасан.
Сангийн сайдын 2017 оны 01-р сарын 30-ны өдрийн 37 тоот тушаалаар батлагдсан “Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн худалдан авалтанд төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг буцаан олгох журам”-ын 4-р зүйлийн 4.6-д “Албан татвар төлөгч нь энэ журмын 4.2.2-т заасныг үл харгалзан тухайн хуанлийн жилийн сүүлийн өдрийн 24 цаг 00 минутаас өмнө худалдан авсан төлбөрийи баримтын мэдээллийг дараагийн хуанлийн жилийн эхний сарын 7- ны дотор бүртгүүлсэн байна” гэж заасны дагуу жилийн эцсийн тайлангаа тушаасан байдаг.
Өөрөөр хэлбэл хууль, тогтоомжид заасан үүргээ биелүүлсэн, зөрчил гаргаагүй. Гэтэл шийдвэрлэсэнд гомдолтой байна.
Шүүх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-ийг үндэслэж тус компанийг гэм буруутай байна гэж үзэж шийдвэрлэсэн. Хуулийн энэ зохицуулалтаар хариуцагчийн үйлдэл хууль бус байх, гэм буруутай талаар эрх бүхий этгээдийн шийдвэр байх, гэм хор учруулсан байх, гэм буруу, хохирол нь хоорондоо шалтгаант холбоотой байх буюу тухайн заалтад тавигдах урьдчилсан нөхцөл бүрдсэн байхыг шаардана. Гэтэл хуулийн энэ зохицуулалтыг хэрэглэх үйл байдал, баримт нотолгоо хэрэгт байдаггүй.
Иймд нэхэмжлэгч М.Огын 2016 онд худалдаж авсан орон сууцад ногдох НӨАТ-ыг тухайн онд нь тус компани хуулийн шаардлага, хугацаанд нь татварт тайлагнаж улсын төсөвт төвлөрүүлсэн тул нэхэмжлэгчид гэм хор учруулсан, гэм буруугийн шалтгаант холбоо байхгүй тул анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч М.О нь Т, “П” ХХК-д холбогдуулан НӨАТ-ын буцаан олголтыг авч чадаагүйгээс учирсан хохирол 2 128 472.72 төгрөгийг гаргуулах шаардлага гаргажээ.
Хариуцагч Т “...хохирлыг “П” ХХК хариуцах ёстой...” гэж, хариуцагч “П” ХХК “...нэхэмжлэгч хугацаандаа баримтаа шаардаж аваагүй, ...манай компани тухайн онд худалдан борлуулагдсан орон сууцыг татварт тайлагнасан тул дахин тайлагнаж, е-баримт өгөх боломжгүй...” гэж тайлбар гарган татгалзжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь хариуцагч Тт холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан тул шүүх нэхэмжлэгчийн хариуцагчаас татгалзсан татгалзсан татгалзлыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5. дахь заалтад нийцжээ.
Анхан шатны шүүх хариуцагч “П” ХХК-иас 1 064 236.36 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн байна.
Хяналтын журмаар гаргасан хариуцагч “П” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2.1.-д зааснаар хуульд заасан нөхцөл, шаардлага хангасан албан татвар төлөгчийн тухайн татварын жилд албан татвар суутган төлөгчтэй хийсэн худалдан авалтад төлсөн албан татварын 20 хүртэл хувийг буцаан олгох тул нэхэмжлэгч нь орон сууц худалдан авалтад төлсөн албан татварын буцаан олголтыг шаардсан нь хууль зөрчөөгүй талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.1.-д заасан албан татвар суутган төлөгч бөгөөд хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.1.-д албан татвар суутган төлөгч нь албан татвар төлөгчийн хийсэн төлбөр тооцооны мэдээллийг хэрэглэгчийн системд төлбөр хийсэн тухай бүр бүртгэнэ, 17.3.2.-т бараа, ажил үйлчилгээг борлуулсан тухай бүр төлбөрийн баримтыг татвар төлөгчид олгоно, 17.3.3.-т хэрэглэгчийн системд бүртгэгдсэн төлбөрийн мэдээллийг гурав хоногийн дотор багтаан борлуулалтын нэгдсэн системд илгээнэ гэж, 17.5.-д төлбөрийн баримт олгохоос татгалзах, хуурамч буюу хийгдсэн төлбөр тооцооноос өөр үнийн дүнтэй төлбөрийн баримт олгохыг хориглоно гэж тус тус зохицуулжээ.
Хариуцагч “П” ХХК орон сууц худалдан авсан төлбөрийн баримтыг татвар төлөгч буюу нэхэмжлэгчид төлбөр хийсэн тухай бүр нь өгөөгүй хугацаа хэтрүүлж 2017 оны 10 дугаар сард сугалааны дугааргүй, үнийн дүн зөрүүтэй баримт өгсөн, тухайн баримтыг хэрэглэгчийн системд бүртгэх хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт хэрэгт цугларсан баримтад үндэслэгдсэн, шүүх Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1.-д зааснаар бусдын эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, 497.2.-т гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө.
Хариуцагч “П” ХХК тухайн жилийн татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, татвар ногдуулах, төлөхтэй холбогдсон тооцоо, мэдээ тайланг гаргаж тогтоосон хугацаанд нь татварын албанд ирүүлэх үүргээ биелүүлсэн, худалдан авсан төлбөрийн баримтын мэдээллийг журамд заасан хугацаанд татварын албанд бүртгүүлсэн тул хариуцагчид учирсан хохиролд гэм буруугүй гэж маргах боловч гэж буруугүй болохоо нотлоогүй байна.
Тэрээр нэхэмжлэгч М.Од орон сууцны төлбөр төлөгдсөн тухайн хугацаанд төлбөрийн баримтыг хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүйгээс нэхэмжлэгч буюу худалдан авагч орон сууцны үнийн дүнд төлсөн 117 066 000 төгрөгт ногдох нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтоо авч чадалгүй эд хөрөнгийн хохирол учирсан шалтгаант холбоотой гэж үзэн нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж шийдвэрлэсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтад нийцсэн, шүүх нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагад нийцжээ.
Худалдан авагч нь худалдагчаас хүлээн авсан төлбөрийн баримтын мэдээллийг хуульд заасан хугацаанд татварын нэгдсэн системийн хэрэглэгчийн хэсэгт бүртгүүлэх үүрэгтэй бөгөөд худалдагч төлбөрийн баримтыг өгөөгүйд худалдан авагчийг буруутгах боломжгүй тул “...нэхэмжлэгч нь төлбөрийн баримтыг шаардаж аваагүй...” гэх хариуцагчийн гомдол үндэслэлгүй.
Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байх тул хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 182/ШШ2019/00714 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 1233 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагч “П” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Долгорсүрэнгийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагч “П” ХХК-ийн өмгөөлөгч Б.Баяржаргалаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 30 100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Х.ЭРДЭНЭСУВД