Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 001/ХТ2020/00842

 

Г.Г, Д.А нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 181/ШШ2019/02382 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 490 дүгээр магадлалтай,

Г.Г, Д.А нарын нэхэмжлэлтэй,

Ад холбогдох,

 Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц-гийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

 шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Д.Н, хариуцагчийн өмгөөлөгч Д.Б, Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

 Нэхэмжлэгч Г.Г, Д.А нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ёндонжамц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Г, Д.А бид А-д ажиллаж байх хугацаандаа хариуцсан ажилдаа алдаа дутагдал гаргаж байгаагүй.

Г.Г нь 2018 оны 8 дугаар сарын 27-нд БСШУЯ-ны гадаа А-ийн тогтвортой хөгжил үйлдвэрчний эвлэлийн түр хорооны цуглаанд оролцож байх үед Хангамж үйлчилгээний гэзрын дарга Цэвээндорж намайг дарамталж, халагдсан тушаалаа аваарай гээд явсан бөгөөд энэ өдрөөс хойш 1 хоногийн дараа тушаал гарч ажлаас халагдсан. Халагдах Б/102 дугаартай тушаалаар Үнэлгээний хороонд орж ажиллахдаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээний худалдан авах хуулийг зөрчиж тендер шалгаруулж, шударга өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлээгүй төрийн ашиг сонирхлыг дээдлэх зарчим алдагдуулсан гэж 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдрөөс ХҮГазрын мэргэжилтний үүрэгт ажлаас чөлөөлж, миний албан үүрэгт үл хамаарах үндэслэлийг зааж миний хөдөлмөрийн гэрээг үндэслэлгүйгээр цуцалсан. Иймд Г.Гантулгыг ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоож, эрхэлж байсан ажил, албан тушаалдаа эргүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.

Д.А нь 1997 онд АУИС-д орж 2004 онд хүний эх эмчээр төгссөн. 2005-2007 онд ЭМШУҮИС-д хөх, умайн хүзүүний талаарх өрхийн эмч нарын мэдлэг, хандлага сэдвээр магистрын зэрэг, 2015 онд АШУИС-д Хөхний өмөнгөөр өвчлөгсдийн амьдрах чадварын судалгаа сэдвээр анагаахын ухааны докторын зэргээ тус тус хамгаалсан. Тус их сургуульд АШУИС-н НЭМС, Эпидемиологи биостатискийн тэнхимд багшаар ажиллан 2005 оноос Судалгааны арга зүй, Эпидемиолог сэдвээр, чиглэлээр оюутан, резидэнт, магистрант, докторантыг өнөөг хүртэл 12 жил удирдан багшилж байна. 2017 оны 1 дүгээр сарын 6-ны өдрийн Б/38 тоот А-ийн захирлын тушаалын 6 дахь хэсгээр Д.А намайг Шинжлэх ухаан технологийн Газрын даргаар томилж багшийн цагийн ачааллын 40 хувиар тооцож ажилласан. Шинжлэх ухаан технологийн газрын даргаар ажиллах хугацаанд А-ийн цөм лаборатори, Гарааны компани, Их сургууль дээр хэрэгжиж буй төсөл, А-ий бусад ажлуудыг хариуцан ажиллаж байх хугацаандаа хариуцсан ажилдаа алдаа дутагдал гаргаж байгаагүй, сахилгын шийтгэл хүлээж байгаагүй, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь хийж гүйцэтгэж байсан.

2018 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Б/84 тоот тушаалаар Шинжлэх ухааны газрын даргын үүрэгт ажлаас чөлөөлж багшийн ажилд түр томилох тушаал гаргасан нь хууль бус байна. Миний эрх ашгийг зөрчсөн, үндэслэлгүй ойлгомжгүй байх тул үндэслэлгүйгээр халагдсан болохыг тогтоолгох, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Г.Гантулгын тухайд: Тэрээр Үнэлгээний хороонд ажиллахдаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээний худалдан авах хуулийг зөрчиж тендер шалгаруулсан, байгууллагад хохирол учруулсан тул А-ийн захирлын 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн Б/102 тоот тушаалаар Хангамж үйлчилгээний газрын мэргэжилтний үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн. Энэ тушаал нь үндэслэлтэйн дээр Төрийн өмчийн хорооны бодлого зохицуулалтын газраас хийсэн шалгалтаар түүний гаргасан зөрчил мөн тогтоогдсон. Г.Г 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдөр ажлаас чөлөөлсөн тушаалаа авсан талаараа нэхэмжлэлдээ дурдсан атлаа Хөдөлмөрийн тухай хуулийн 129.2 дах хэсэгт заасан нэг сарын хугацаанд гомдол гаргах заалтыг зөрчсөн байна. Иймд Г.Гд авсан сахилгын арга хэмжээ нь түүний гаргасан зөрчилд тохирсон, мөн шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Нэхэмжлэгч Д.А-ий тухайд: Нэхэмжлэгч Д.А-ий шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүйн зэрэгцээ одоо ажил үүргээ гүйцэтгээд явж байгаа ба ажлаас чөлөөлөгдөөгүй болно. Д.Агийн Г.Гтай хамтатган гаргасан нэхэмжлэлийн агуулга нь мөн хуулийн 128.1 дэх хэсэгт заасан шүүхээр хянан шийдвэрлэх маргаанд хамаарахгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65.1.3, 65.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахаар заасан. Мөн Д.Агийн А-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлага, агуулга, үндэслэл тодорхойгүйн зэрэгцээ хөдөлмөрийн ганцаарчилсан маргаан гэж үзэж байгаа тул нэхэмжлэгчдийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 181/ШШ2019/02382 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 129 дүгээр зүйлийн 129.2-т зааснаар Анагаахын шинжлэх ухааны их сургуульд холбогдох, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан бүх хугацаанд урд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулах тухай Г.Г, Д.А нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Г.Г, Д.А нарын шүүхэд гаргасан шаардлага нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 490 дүгээр магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 181/ШШ2019/02382 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч Г.Гантулгыг А-ийн Хангамж үйлчилгээний газрын мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 21 287 916 төгрөгийг хариуцагч А-аас гаргуулж нэхэмжлэгч Г.Гд олгож, түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу шимтгэл, хураамж төлөхийг хариуцагч А-д даалгаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дах хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул өөр ажилд буруу шилжүүлснийг тогтоож, Шинжлэх ухаан технологийн газрын даргын ажилд эгүүлэн тогтоолгох, цалин хөлсний зөрүүтэй тэнцэх олговрыг гаргуулах тухай нэхэмжлэгч Д.Агийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж шийдвэрлэжээ.

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэндсүрэн хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нэг: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1 дэх хэсэгт заасан үндэслэлийн талаар:

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн 490 дугаартай магадлалаар нэхэмжлэгч Д.Гантулгын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж анхан шатны шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан.

Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.7 дахь хэсэгт “...хуулийг мэдэхгүй буюу буруу ойлгосон нь хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй...” гэж заасан.

Г.Г нь 2018 оны 8 сарын 28-ны өдөр Б/102 дугаартай захирлын тушаалаар Хангамж үйлчилгээний газрын мэргэжилтний ажлаас чөлөөлөгдсөн, тушаалыг гардан авч ажил хүлээлцсэн атлаа 2019 оны 1 сарын 29-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан “Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана” гэсэн заалтыг зөрчсөн.

Улмаар шүүхэд гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн тухайгаа нотолсон баримт, хүсэлтийг шүүхэд гаргаагүй байхад давж заалдах шатны шүүх Г.Гантулгын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.

Хоёр. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар мөн зүйлийн 172.2.2 дахь хэсэгт заасан үндэслэлийн талаар:

Давж заалдах шатны шүүх 490 дугаартай магадлал гаргахдаа хэрэгт байхгүй нотлох баримтуудыг үндэслэн анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан.

Түүнчлэн Ад холбогдуулан нэхэмжлэгч Г.Г шүүхэд нэхэмжлэл гаргаагүй талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт тус тус зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүгчийн захирамж хүчин төгөлдөр болсон.

Гэтэл давж заалдах шатны шүүх шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, захирамжийг нотлох баримт биш гэж дүгнэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Иймд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 490 дугаартай магадлалыг хүчингүй болгож, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 сарын 21-ний өдрийн 181/ШШ2019/02382 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

 Нэхэмжлэгч Г.Г, Д.А нар нь Ад холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийлгүүлэхээр нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, ажил олгогчийн тушаал хууль зөрчөөгүй гэж маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч нар шүүхэд нэхэмжлэл гаргах хуульд заасан хугацаанд гомдлоо гаргаагүй, хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн болох нь тогтоогдоогүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч Г.Гантулгын нэхэмжлэлийг хангаж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээжээ.

Магадлалыг эс зөвшөөрсөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гомдлын талаар:

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2.-т ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана гэж, тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана, хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр эхлэн тоолно гэж Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1., 79.7.-д зохицуулжээ.  

Ажил олгогч Анагаахын шинжлэн ухааны үндэсний их сургуулийн захирлын 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн Б/102 дугаартай тушаалаар Г.Гантулгыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Д.Аг Шинжлэх ухааны технологийн газрын даргаар томилсон тушаалыг 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн Б/84 тушаалаар хүчингүй болгожээ.

Нэхэмжлэгч нар итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасныг 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 1023 дугаартай Шүүгчийн захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5, 117 дугаар зүйлийн 117.1.-д заасан үндэслэлээр холбогдох хэргийг хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр дахин нэхэмжлэл гаргасан үйл баримт тогтоогджээ.

Нэхэмжлэгч нар нь итгэмжлэгдсэн төлөөлөгч тэдний нэрийн өмнөөс 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан үйлдлийг зөвшөөрч, энэ эрхийг олгосон гэж тайлбарлах тул итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Иргэний хуулийн 68 дугаар зүйлийн 68.1.-д зааснаар нэхэмжлэгчийг хуульд заасан хугацаанд шүүхэд нэхэмжлэл гаргасан гэх үндэслэлээр хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзнэ.

 Улмаар хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамж гарснаас хойш хуульд заасан хугацаанд дахин нэхэмжлэл гаргасан нь хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй гэх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэрэгт цугларсан баримтад үндэслэгдсэн, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн байх тул “...хөөн хэлэлцэх хугацааг буруу тооцсон, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн...” талаарх хариуцагчийн гомдол үндэслэлгүй байна.

2. Нэхэмжлэлийн шаардлагын талаар:

Нэхэмжлэгч Г.Гантулгыг Аийн Хангамж үйлчилгээний газарт мэргэжилтнээр ажиллаж байхад нь тус сургуулийн захирлын 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн Б/102 дугаартай тушаалаар “...Үнэлгээний хороонд ажиллахдаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийг зөрчиж, тендер шалгаруулж, шударга өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлээгүй, төрийн ашиг сонирхлыг дээдлэх зарчмыг алдагдуулсан...” гэх үндэслэл зааж Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4.-т зааснаар үүрэгт ажлаас нь чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4.-т зааснаар ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчлийг гаргасан бол ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалж болно.

Иймд ажилтны гаргасан зөрчил тодорхой тогтоогдсон, холбогдох баримтаар нотлогдсон байвал зохино.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн хууль буруу тайлбарлаж хэрэглэсэн алдааг засч, хэрэгт цугларсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, өөрийн эрхийн хүрээнд дүгнэлт хийж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа нэхэмжлэгч Г.Гантулгыг тушаалд заасан зөрчлийг гаргасан талаар үндэслэл бүхий баримтгүй, хариуцагч нь нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн тайлбар, татгалзлаа нотлох үүргийг хэрэгжүүлээгүй, ажил олгогчийн тушаал хуульд нийцээгүй гэж үзэн Г.Гантулгын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, түүнийг Аийн Хангамж үйлчилгээний газрын мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан цалин хөлстэй тэнцэх олговорт хариуцагчаас 21 287916 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгуулахаар, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэжээ.

Давж заалдах шатны шүүхийн дээрх шийдвэр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4., 128, 69 дүгээр зүйлийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2., 166 дугаар зүйлийн 166.4. дэх заалтыг зөрчөөгүй байна.

Аийн захирлын 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн “Ажилд авах, ажлаас чөлөөлөх, чөлөө олгох тухай” Б/38 дугаартай тушаалын 6-д: хөдөлмөрийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.-д заасныг үндэслэн НЭМС-ийн Эпидемиологи биостатистикийн тэнхимийн ахлах багш Д.Аг ...Шинжлэх ухаан технологийн газрын даргаар томилж, багшийн цагийн ачааллыг 40 хувиар тооцохоор шийдвэрлэсэн бөгөөд 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн “Ажилд түр томилох, хавсран ажиллаж байгаа ажлаас чөлөөлөх тухай” Б/84 дугаартай тушаалын 4 дэх заалтаар: ...Б/38 тушаалын 6 дахь заалтын Д.Ад холбогдох хэсгийг хүчингүй болгож, НЭМС-ийн Эпидемиологи биостатистикийн тэнхимийн ахлах багшаар үргэлжлүүлэн ажиллуулахаар шийдвэрлэжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 26 дугаар зүйл нь хэд хэдэн ажил үүргийг зэрэг гүйцэтгэх зохицуулалт бөгөөд Д.Агийн Б/38 дугаар тушаалаар томилогдон ажиллаж байсан  Шинжлэх ухаан технологийн газрын даргын албан тушаалд Л.Баттүвшин ажиллах болсонтой холбогдуулан эзгүй байгаа ажилтны үүргийг түр орлон гүйцэтгүүлэхээр ажил олгогчоос урьд гаргасан шийдвэрийг хүчингүй болгож, багшийн ажил үүргийг нь гүйцэтгүүлэхээр гаргасан ажил олгогчийн тушаал хууль зөрчөөгүй, ажил олгогчийн бүрэн эрхийн хүрээнд хамаарна гэх үндэслэлээр нэхэмжлэгч Д.Агийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй, шүүхийн энэ шийдвэрт нэхэмжлэгч гомдол гаргаагүй байна.

Иймд магадлалыг эс зөвшөөрсөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.-д улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж, нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно гэж, 60 дугаар зүйлийн 60.1.-д улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна гэж, 56 дугаар зүйлийн 56.2.-т нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч буюу нэхэмжлэгчид хуваарилан хариуцуулна гэжээ.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч Г.Гантулгын ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэхдээ тус олговрын хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамжийг шийдвэрлэлгүй орхигдуулсан байх тул энэ үндэслэлээр шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 490 дүгээр магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалт, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 181/ШШ2019/02382 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2., 69 дүгээр зүйлийн 69.1., 46 дугаар зүйлийн 46.1., 46.2.-т зааснаар нэхэмжлэгч Г.Гантулгыг Аийн Хангамж үйлчилгээний газрын мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 21 287 916 төгрөгийг хариуцагч Аиас гаргуулж, нэхэмжлэгч Г.Гд олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2.-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул Д.Агийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтыг “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., 41 дүгээр зүйлийн 41.1.5., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2.-т зааснаар хариуцагч Аиас 264 390 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж, нэхэмжлэгч нар нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай” гэж өөрчлөн, шийдвэр, магадлалыг бусад хэсгийг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц-гийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагч Аиас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 264 390 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                         Х.СОНИНБАЯР   

                            ШҮҮГЧ                                                   Х.ЭРДЭНЭСУВД