Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 001/ХТ2020/00835

 

 Д.Амаржаргалын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 133/ШШ2020/00015 дугаар шийдвэртэй,

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 06 дугаар магадлалтай,

Д.Амаржаргалын нэхэмжлэлтэй,

Төрийн банк ХХК-ийн Говь-Алтай салбарт холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж бичилт хийлгэх тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Амаржаргал, түүний өмгөөлөгч Б.Оюунбилэг, нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Амаржаргалын шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Миний бие 2009 онд Монгол шуудан нэртэй байхад нь анх кассын няраваар ажилд орж байсан. Түүнээс хойш би 10 жил тасралтгүй энэ банкинд ажиллаж байгаа. Би 2019 оны 8 дугаар сарын 19-нд амралтаа аваад явсан байхад намайг гүтгэн нэр төрийг маань унагаж, үндэслэлгүйгээр ажлаас халсан. Би ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхээр нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч Төрийн банк ХХК-ийн Говь-Алтай салбарын төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбарт: ...Нэхэмжлэгч нь харилцагч Б.Жавзандуламын тэтгэврийг удаа дараа дутуу олгосон. Б.Жавзандулам нь тэтгэврээ дандаа 310.000 төгрөгөөр авдаг байсан гэсэн боловч 2 дугаар сард 318.000 төгрөг, 3 дугаар сард 316.000 төгрөгөөр зарлага гарсан. Б.Жавзандулам нь 2019 оны 8 дугаар сард манай банкаар үйлчлүүлэхээр ирэхдээ тэтгэврээ 316.000 төгрөгөөр тогтсон гэдгийг мэдсэн байна. 2019 оны 9 дүгээр сарын 12-ны орой 91171519 дугаарын утсаар холбогдоход энэ талаар тайлбар өгсөн. Харилцагч Т.Наранцэцэг 2019 оны 7 дугаар сарын 09-нд 130.000 төгрөг авахаар баримт бичиж өгөхөд 100.000 төгрөг л гарах юм байна гээд 100.000 төгрөг өгсөн гэх данснаас 130.000 төгрөгөөр зарлага гарсан. Харилцагчтай уулзаж тодруулахад 100.000 төгрөг авсан гэсэн тайлбар өгсөн. Д.Жавзмаа Вангийн ивээл хадгаламж зээлийн хоршооны дансанд А.Цэлмэгбаянгийн зээлийн хүү болох 40.000 төгрөгийг орлогодсон боловч дансанд ороогүй. Харилцагчийг өөрийн биеэр банкинд ирээгүй байхад картнаас нь 500.000 төгрөгийн зарлагын гүйлгээ хийсэн. Мөн нэхэмжлэгч Д.Амаржаргал нь толгойноос халаад байна гэсэн шалтгаанаар нэгжийн хяналтын камерыг журам зөрчиж, тогтмол салгадаг талаар Тооцооны төвийн захирал, ахлах теллер нар тайлбар өгсөн. Өмнө нь Мэдээлэл технологи хариуцсан мэргэжилтэн Г.Батболдыг тус тооцооны төвд шалгалт хийх үед 2017 оноос хойших бичлэг хадгалаатай камерыг төдийлөн ажиллуулдаггүй байсан тул камерын бичлэгийг шалгахад Д.Амаржаргал хяналтын камерыг унтрааж байгаа нь бичигдэж үлдсэн байдаг. Нэхэмжлэгчийн дээрх үйлдлүүд нь Төрийн банкны дараах дүрэм журмуудыг зөрчсөн болно. Төрийн банкны ажилтны ёс зүйн дүрмийн 3 дугаар зүйлийн 3.1.2, 3.1.3, 5 дугаар зүйлийн 5.1.2, 5.1.5, 5.2.4 дэх заалт, Хөдөлмөрийн дотоод журмын 5 дугаар зүйлийн 5.28.2, 5.28.4, 5.28.9, 5.28.11, 5.28.12, 5.28.13, 5.28.14, 5.28.25 дахь заалт, Теллерийн системийн багц журмын 9 дүгээр зүйлийн 9.1.1 дэх заалт, Хяналтын камерын системийг удирдан хөтлөх журмын 3 дугаар зүйлийн 3.4.5 дахь заалт, Аюулгүй байдал, хамгаалалтын дотоод журмын 4 дүгээр зүйлийн 4.13.6 дахь заалт, Хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.4.2, 7.4.5, 7.4.10, 7.4.13, 7.4.14, 7.4.15, 7.4.26 дахь заалт. Иймд банк Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5 дахь заалтын дагуу Д.Амаржаргалтай байгуулсан Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан болно. Төрийн банкны Говь-Алтай салбар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчаар оролцох эрх зүйн субъект биш, түүнчлэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Энэ хүнийг харилцагч нараас ирсэн гомдол саналын дагуу шалгаж үзээд, ажлаас нь халах хүртэл арга хэмжээг авсан байгаа. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэг, Төрийн банкны ёс зүйн дүрмийн 5 дугаар зүйлийн 5.1.5 дахь заалт, Төрийн банкны хөдөлмөрийн дотоод журмын 5 дугаар зүйлийн 5.29.9 дэх заалт, Теллерийн системийн багц журмын 9 дүгээр зүйлийн 9.1.1 дэх хэсэг, 9.12.11 дэх хэсэг, салбарын захирлын зөвлөлийн 2019 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн хурлын шийдвэрийг үндэслэн энэ хүнийг ажлаас чөлөөлсөн байгаа. Харилцагч нартай холбоотой тайлбар дээр бол яг энэ гүйлгээг хийхээр камерын бичлэг байхгүй, дараагийн гүйлгээ нь бүгд бичлэгтэйгээ байгаа. Өмнө нь 2018 онд манай мэдээлэл технологийн мэргэжилтэн газар дээр нь очоод Д.Амаржаргал камер унтраахгүй шүү гэдгийг бол анхааруулж хэлсэн байгаа. Харилцагч нартай холбоотой өөрийнх нь гаргасан зөрчил дээр өөрөө гүйлгээ хийхдээ камер унтраагаад дараагийн гүйлгээнээс бичлэг нь бичигдээд явдаг тийм бичлэг бол байгаа. Манай камер бол 3 сарын бичлэг хадгалах санах ойтой. Д.Амаржаргалд би ч гэсэн камер унтраагаад байх юм бол өөрөө асуудалд орно шүү гэдгийг анхааруулж хэлж байсан. Иймд нэхэмжлэл үндэслэлгүй гэжээ.

Говь-Алтай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 133/ШШ2020/00015 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг үндэслэн Төрийн банкны Говь-Алтай аймаг дахь салбарт холбогдох, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хүссэн Иөншөөбү овогт Должмаагийн Амаржаргалын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдаж шийдвэрлэжээ.

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 06 дугаар магадлалаар Говь-Алтай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 133/ШШ2020/00015 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ариунжаргалын хяналтын журмаар гаргасан гомдолд: ...Анхан болон давж заалдах шатны шүүх нь нэхэмжлэгчийн гаргасан ноцтой зөрчил нь харилцагч нарын гаргасан гомдол, хүсэлт дансны хуулга, гэрчийн мэдүүлгээр тогтоогдсон байна гэж дүгнэснийг үндэслэлгүй гэж үзэж байна. Тухайлбал, Д.Жавзандуламын тэтгэврийг удаа дараа дутуу олгосон гэх зөрчилд нэхэмжлэгчийг буруутгасан боловч зөрчлийг шалгах явцад болон шүүхийн шатанд ч Д.Жавзандулам яг хэдэн төгрөгний тэтгэвэр авдаг гэдэг нь нотлогдоогүй. Хариуцагч нь нэхэмжлэгчийг энэхүү зөрчлөөр буруутган ажлаас халахаасаа өмнө Нийгмийн даатгалын юмуу Нийгмийн халамжийн байгууллагаас эсвэл өөрийн программаас Д.Жавзандуламын тэтгэврийн хэмжээг лавлах үүрэгтэй байсан. Гэтэл энэхүү зөрчлийг шалгасан нотлох баримт нь зөвхөн Д.Жавзандуламын тайлбар л байдаг. Өөрөө харилцагчийн гомдол үндэслэлтэй эсэхийг шалгаагүй, шалгасан зүйл байдаггүй. Т.Наранцэцэг харилцах данснаасаа 100.000 төгрөгийн гүйлгээ хийлгэхэд 30.000 төгрөгийн зарлагын гүйлгээ хийж, 30,000 төгрөг хувьдаа авсан гэх зөрчилд нэхэмжлэгчийг буруутгасан боловч энэ зөрчил нь мөн л тогтоогдоогүй. Учир нь депозит дансны хуулгаар Т.Наранцэцэг нь 130.000 төгрөг хүлээн авсан гэж гарын үсэг зурсан атлаа хэзээ хойно 30.000 төгрөгийг нь аваагүй гэж байгаа нь өөрөө эргэлзээтэй. Мөн 30.000 төгрөгийг Д.Амаржаргал хувьдаа завшсаныг нотлох ямар ч нотлох баримт хэрэгт авагдаагүй. Зөвхөн Т.Наранцэцэгийн тайлбар байдаг. Банк нь өөрийн ажилтнаа зөвхөн харилцагчийн гомдлоор буруутгасан. Харин харилцагчийн гомдол үнэн эсэхийг шалгаагүй. Д.Жавзмаагийн 40.000 төгрөгийн орлогын гүйлгээг хийгээгүй гэх зөрчил мөн тогтоогдоогүй. Учир нь Д. Жавзмаа нь өөр хүний өмнөөс зээлийн хүү төлөх үүргийг албан үүргийнхээ дагуу гүйцэтгэсэн гэх бөгөөд 40.000 төгрөгийг банкинд тушаасан байхад хүү төлөгдөөгүй гэсэн гомдлыг гаргасан байдаг. Гэтэл Д.Жавзмаа үнэхээр энэ гүйлгээг хийсэн бол өөрт нь гүйлгээний хуудас байх ёстой байтал тийм баримт өөрт нь байхгүй байдаг. Эндээс Д.Жавзмаа нь өөрөө ч уг 40.000 төгрөгийг завшсан байх магадлалтай байхад зөвхөн түүний гомдолд үндэслээд ажилтнаа ноцтой зөрчилд буруутгасан байдаг. Энэ зөрчилд Д.Жавзмаагийн гомдлоос өөр нотлох баримт байхгүй. Д.Жавзмаагийн гомдол нь үнэн эсэх нь эргэлзээтэй. Мөн М.Энхбатын тайлбарт Д.Жавзмаагийн тухайд мөнгөө өгч байгаа бичлэг байхгүй байсан харин хамт хийсэн гүйлгээнүүдийнх нь бичлэг байсан гэж мэдүүлснийг шүүх анхаараагүй. Т.Оросоогоос 650.000 төгрөг зээлж санхүүгийн харилцаанд орсон гэх зөрчил нь мөн тогтоогдоогүй. Учир нь хэрэгт авагдсан баримтууд, гэрчийн мэдүүлэг зэргээс харахад Т.Оросоогоос Д.Амаржаргал биш харин түүний нөхөр нь мөнгө зээлсэн байдаг. Нэгжийн хяналтын камерыг удаа дараа унтраасан гэх зөрчил нь Д.Амаржаргалыг нэгжийн хяналтын камерыг яг хэзээ, хэдэн удаа унтраасан гэх зөрчилд буруутгаж байгаа нь ойлгомжгүй. Гэрч Арилдийсүрэнгийн мэдүүлгээр Арилдийсүрэн нь өөрөө хяналтын камерыг унтраадаг гэдгээ хэлсэн байдаг. Мөн Д.Амаржаргалыг нэгжийн камерыг удаа дараа унтраасан гэх зөрчилд буруутгахдаа 2016 онд Д.Амаржаргал камер унтрааж байгаа бичлэг нь байсан тэгэхээр Д.Амаржаргал л камер унтраадаг байж таарна гэх үндэслэлгүй дүгнэлт хийж энэхүү зөрчлийг үйлдсэн гэж үзэж ажлаас чөлөөлсөн нь илт шударга бус үндэслэл муутай шийдвэр гаргасныг нотолно. Мөн анхан болон давж заалдах шатны шүүх хариуцагч нь нэхэмжлэгчийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4 дэх хэсэгт заасан үндэслэлээр чөлөөлсөн гэж дүгнэж байх хэдий ч хариуцагчийн нэхэмжлэгчид гардуулсан тушаалаар нэхэмжлэгчийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4, 40.1.5 дахь заалтыг тус тус үндэслэн ажлаас халсан байдаг. Хариуцагчийн төлөөлөгчөөс шүүхийн хэлэлцүүлэгт яг аль үндэслэлээр нь халсныг тодруулахад үндэслэл бүхий тайлбарыг өгч чадаагүй. Дээрхи үндэслэлүүдээр анхан болон давж заалдах шатны шүүх нь хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 40.3 дахь хэсэгт зааснаар хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ. Шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй гэснийг ноцтой зөрчиж, мөн хэргийг шийдвэрлэхдээ хэт нэг талыг барьж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан шүүхийн өмнө эрх, тэгш байх зарчмыг алдагдуулсан шийдвэрийг гаргасан гэж үзэж байна. Иймд шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Д.Амаржаргал хариуцагч Төрийн банкны Говь-Алтай аймаг дахь салбарт холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн тооцуулж бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн ба шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцжээ.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй, хийвэл зохих эрх зүйн дүгнэлтийг бүрэн хийсэн, хэрэглэвэл зохих Хөдөлмөрийн тухай холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Зохигч огноо, дугаар адил боловч агуулга нь зарим талаараа өөр 2 тушаалыг нотлох баримтаар гаргасныг шүүх нэхэмжлэгчид гардуулсан тушаалыг түүнийг ажлаас халсан шийдвэр гэж үзэж, энэхүү шийдвэрийн хүрээнд дүгнэлт хийсэн нь зөв болжээ.

Төрийн банкны Говь-Алтай аймаг дахь салбарын харьяа Баян-Уул тооцооны төвийн теллерээр ажиллаж байсан Д.Амаржаргалыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5-д заасан  ноцтой зөрчил гаргасан, ажил олгогчийн итгэлийг алдсан үндэслэлээр Төрийн банк ХХК-ны захирлын 2019.09.20-ны өдрийн Б/106 дугаар тушаалаар ажлаас халсан, шүүх  тушаалд заасан үндэслэл тогтоогдсон гэж үзэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь харьцуулан үзсэний үндсэн дээр хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасныг зөрчөөгүй байна.

 Ажил олгогч нь ажилтны гаргасан зөрчлийг үйлчлүүлэгчийн гомдол, хүсэлт, банкны дансны хуулга, камерын бичлэг байгаа эсэхийг шалгасан болон уг бичлэгийг салгадаг талаар Тооцооны төвийн ажилтнуудын тайлбар зэрэгт үндэслэн шалгаж тогтоосон байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчийн хүсэлтээр эдгээр хүмүүсийг гэрчээр асууж, мэдүүлэг авах ажиллагааг   шүүх гүйцэтгэжээ.

Гэрч нарын мэдүүлэгт дурдсан үйл баримт нэхэмжлэгч Д.Амаржаргалыг ажлаас халах үндэслэл болгосон гомдол, хүсэлтийн агуулгаас зөрөөгүй байна.

Иймд нэхэмжлэгч Д.Амаржаргалын гаргасан, ажлын байрны давуу байдлаа ашиглан харилцагчийг өөрийн биеэр ирээгүй байхад дансыг удаа дараа лавлах, олж авсан мэдээллийг хувийн ашиг сонирхолд нийцүүлэн ашигласан, харилцагчийн бичгээр гаргасан зөвшөөрөлгүйгээр данснаас орлого, зарлагын гүйлгээ хийсэн, мөнгийг дутуу олгосон, завшсан, харилцагчийн үйлчилгээний журам, ёс зүйн журмуудыг мөрдөж ажиллаагүй нь тогтоогдсон гэж үзсэн шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэлгүй байна.

Д.Амаржаргалын гаргасан зөрчил нь ажил олгогч ажилтны хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.4.2, 7.4.5, 7.4.10, 7.4.13, 7.4.14, 7.4.15 дахь хэсэгт заасан ажил олгогч санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах ноцтой зөрчилд хамаарсан байна.

Нэхэмжлэгчийг хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан, ажил олгогчийн итгэлийг алдсан үндэслэлээр ажлаас халсан Б/106 тоот тушаал хууль зөрчөөгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй байна.

Дээр дурдснаар шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 133/ШШ2020/00015 дугаар шийдвэр, Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 06 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэгч Д.Амаржаргал нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР

 ШҮҮГЧ Г.АЛТАНЧИМЭГ