Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Батсүрэнгийн Ундрах |
Хэргийн индекс | 101/2019/00468/И |
Дугаар | 001/ХТ2021/00025 |
Огноо | 2021-01-13 |
Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2021 оны 01 сарын 13 өдөр
Дугаар 001/ХТ2021/00025
Л.Б-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2019 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 101/ШШ2019/01436 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2019 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 1374 дүгээр магадлалтай,
Нэхэмжлэгч: Л.Б-
Хариуцагч: Г.И-
Гэм хорын хохиролд 3,813,297 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг
Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн гомдлыг үндэслэн
Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хариуцагч Г.И-, түүний өмгөөлөгч Б.Цэцэнбилэг, нарийн бичгийн даргад Х.Билгүүн нар оролцов.
Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: Дээд шүүхийн эрүүгийн хэргийн 2017-01-20-ны өдрийн 11 дүгээр тогтоолоор Г.И- нь 2016-03-06-ны өдөр В.Б-, Л.Б- нарыг зодож, биед нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн. Г.И-т зодуулснаас хойш удаа дараа таталт өгч эмчилгээ хийлгэсэн ба эм тариа урагт нөлөөлөх учир хүүхдээ тээх боломжгүй болсон. Цаашид 5 жилийн хугацаатай эмчилгээ хийлгэх шаардлагатай болсон. Дээрх цаг хугацаанаас хойш эмчийн үзлэг, эмчилгээ, эм тарианы зардалд эрүүгийн хэрэг шийдвэрлэх хүртэлх хугацаанд 1,661,790 төгрөг зарцуулсан. Худалдан авсан эмийн нийт дүн 929,543 төгрөг, эмчилгээ, үзлэг хийлгэсэн 483,000 төгрөг, Хятад эмнэлгийн төлбөр 540,000 төгрөг, нийт 3,614,333 төгрөг болсон. Сүүлд хийлгэсэн эмчилгээ болон эмийн төлбөр 198,964 төгрөгийг нэмж 3,813,297 төгрөг болсон. Г.И-аас 3,813,297 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч тайлбартаа: Л.Б-т учирсан гэмтлийг эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна гэж дүгнэсэн. Гэтэл эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэлд Л.Б- нь 3,813,297 төгрөг нэхэмжилж байгааг хэт өндөр үнэлсэн, зардлууд нь түүнд учирсан гэмтлийг эмчлүүлэхэд хамааралгүй, өөр бусад ужиг өвчнөө эмчлүүлсэн эмчилгээний зардлаа нэхэмжилсэн гэж үзэж байна. Хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 11 дүгээр тогтоолд анхан шатны шүүх гэм хорын хохирлыг шийдвэрлэхдээ тухайн хэрэгт хамааралтай, нотлох баримтын шаардлага хангасан эсэхэд хууль зүйн дүгнэлт хийхгүйгээр Г.И-аас 1,661,790 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болсон хэмээн тусгагдсан байна. Эрүүгийн хэрэг шалгагдаж байхад Л.Б- нь 3,600,000 төгрөг нэхэмжилж байсан. Миний бие түүнд гар хүрээгүй гэж үздэг, одоо ч ийм байр суурьтай байна. Л.Б- нь намайг В.Б-той барилцаж авах үед гарын тохойноос зүүгдэж байгаад унахдаа машины гуфер мөргөж тархиндаа гэмтэл авсан гэж өөрөө ярьдаг. Гэтэл энэ өдрөөс өмнө буюу 2016-03-03-ны өдөр Л.Б- нь түргэнд дуудлага өгч, түүнийг түргэн тусламж авч явсан, үүнээс гадна өмнө нь авто осолд орсон байдаг учир энэ бүх шаардаж байгаа эмчилгээ, эм тарианы зардал нь миний учруулсан гэмтэлтэй хамааралтай гэж үзэхэд эргэлзээтэй юм. Нэхэмжлэлийн шаардлагаас 250,000 төгрөгийг зөвшөөрч байна, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэжээ.
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдөр 101/ШШ2019/01436 дугаар шийдвэр гаргаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д баримтлан Г.И-аас 386.500 төгрөг гаргуулан Л.Б-т олгож, нэхэмжлэлээс 3.426.797 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.7-т заасныг баримтлан нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнг дурьдаж, Г.И-аас 12.245 төгрөг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэсэн байна.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 1374 дүгээр магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 101/ШШ2019/01436 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчаас 1,879,300 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох, нэхэмжлэлээс 1,933,997 төгрөг хэрэгсэхгүй болгохоор зааж, Л.Б- гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнг дурджээ.
Хариуцагч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүх “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн” байна. Шийдвэрт өөрчлөлт оруулахдаа хохирлын төлбөр нь тухайн гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой хамааралтай эсэх, нотлох баримтын шаардлага хангаж байгаа эсэх, хамааралтай гэж үзсэн бол ямар нотлох баримт дээр үндэслэж шүүх хохирол гэж үзсэн зэрэг нөхцөл байдлыг тодорхойлоогүй, хамааралгүй нотлох баримтыг хэргийн хохирол гэж үзэж нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2016-03-10-ны өдрийн Шүүх эмнэлгийн дүгнэлтээр Л.Б-ийн биед тархи доргилт, зүүн өвдөг болон аюулхайд зөөлөн эдийн няцрал гэмтэлтэй гэсэн дүгнэлт гарсан. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1.-д “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан;” бол гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар заасан байдаг. Яг энэхүү гэмтэл тухайн хохирогчийн нэхэмжилж байгаа хохирол нь хамааралтай эсэхийг тогтоох шаардлагатай билээ. Гэтэл магадлалын шийдвэртээ үндэслэл болгосон хохирлын хэмжээг нотолсон нотлох баримт болох 1. Сэрэнги үеийн бичлэгийн үнийн талаар баримт байхгүй мөн бичлэгт /2016.05.11/эпилепсийн буюу тархины эсүүдийн хэт цэнэгжилтийн улмаас уналтын голомт үүсэж ухаан алдах, татах хэлбэрээр илэрдэг өвчний өвөрмөц өөрчлөлт одоогоор илрээгүй гэсэн онош гарсан байна. Мөн Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээс харвал нэхэмжлэгчийн өгсөн баримтууд нь дээрхи дүгнэлтүүдээс зөрүүтэй байна. 2. Гэмтэл согог судлалын үндэсний төвд хийлгэсэн компьютер томографын дүгнэлтээр Л.Б- остеофиг ургалттай ба остехондрозын өөрчлөлттэй гэсэн байна. Гэтэл остеофит ургалт гэдэг нь эмгэг өөрчлөлтийн дунд ургасан яслаг эдийн үүсэлтэй ургацаг юм. остеофит ургасан байгаа нь шохойжилт үүсч байгаагийн шинж бөгөөд остехондроз гэдэг нь Нурууны нугаламуудыг чөлөөтэй хөдлөх боломжоор хангаж байдаг нугалам хоорондын зөөлөн эд буюу дискэнд орсон өөрчлөлтийг хэлдэг. Өөрөөр хэлбэл уг компьютер томографын дүгнэлтээс харвал уг онош нь хэрэгт хамааралгүй байна. Мөн доорхи баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, нотлох баримтын шаардлага хангасан эсэх нь тодорхойгүй учир нь: 1. “Лижинжи” ХХК-ийн эмнэлэгт хийлгэсэн эмчилгээний баримтад төлбөрийн талаарх баримт мөн яг ямар эмчилгээ хийлгэсэн нь тодорхой бус 2. Улсын хоёрдугаар төв эмнэлгийн /2016.04.19/ баримтанд яг ямар эмчилгээ хийлгэсэн талаар мэдээлэл байхгүй. 3. Ньюремеди ХХК-ийн зарлагын баримтын он сар тодорхойгүй 4. Эмийн тарианы үнийн дүнгийн баримтууд нь гэм хорын хохиролтой холбоотой нотлох баримт гэхэд эргэлзээтэй байна. Тиймээс ИХШХШТХ-н 40.1. , 40.2. , 44.1. , 44.2.-т заасны дагуу нэхэмжлэгчийн гаргаж өгсөн баримт нотлох баримтын шаардлага хангаагүй буюу Улсын Ерөнхий Прокурорын газрын архивын “хуулбар үнэн” гэсэн дардастай байхад нотлох баримтын шаардлага хангасан эсэхэд хууль зүйн дүгнэлт хийхгүйгээр давж заалдах шатны шүүх анхан шатны шүүх Г.И-аас 1 879 300 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна. Иймд дээрх тайлбар үндэслэлүүдийг харгалзан шийдвэрийг хэвээр үлдээж, магадлалыг хүчингүй болгож өгөхийг хүсье гэжээ.
ХЯНАВАЛ:
Л.Б- 2019-01-19-ний өдөр шүүхэд хандаж, Г.И-аас 3,813,297 төгрөг төгрөг гаргуулахыг шаардахдаа “...хариуцагчид зодуулж гэмтэл авч ..эмчилгээ хийлгэж зардал гаргасан... эрүүгийн хэрэг шийдэгдэх үед гарсан байсан зардал 1,661,790 төгрөг, түүнээс хойш эм нийт 929,543 төгрөг, эмчилгээ үзлэгт 483,000 төгрөг, хятад эмнэлгийн төлбөрт 540,000 төгрөг, эмчилгээ болон эмийн төлбөрт 198,964 төгрөг төлсөн...” гэсэн үндэслэл заажээ.
Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө “...баримт нь нотлох баримтын шаардлага хангаагүй... мөн учирсан гэмтэлтэй холбоогүй байна...250,000 төгрөг төлөхийг зөвшөөрнө...” гэж маргасан байна.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангахдаа “...учирсан гэмтэл нь энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй нь тогтоогдсон... тул...2016-03-13-ны өдөр гаргасан зардал буюу Чинван эмийн сангаас авсан эмний үнэ 386.500 төгрөгийг хариуцагчаас гаргуулна...” гэсэн агуулга бүхий дүгнэлт хийжээ.
Давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулж, Г.И-аас 1,879,300 төгрөг гаргуулах үндэслэлтэй гэж үзэхдээ “...хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн тайлбараа...нотлоогүй..нэхэмжлэгчийн гаргасан баримтыг няцаагаагүй...” гэсэн дүгнэлт хийсэн байна.
Шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, хариуцагчийн гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
1. Л.Б-ийн нэхэмжлэлийн агуулгаас үзвэл, тэрээр Г.И- эрүүгийн хэрэгт ял шийтгүүлэх үеийн байдлаар 1,661,790 төгрөгийг, түүнээс хойш 2,151,507 төгрөгийг нийт 3,813,297 төгрөгийг эм, эмчилгээнд зарцуулсан гэжээ.
Анхан шатны шүүх 3,813,297 төгрөгөөс 386,500 төгрөгийн шаардлагыг хангах, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох шийдвэр гаргасан нь үндэслэл муутай болжээ.
Зохигч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэг хүлээнэ. Шүүх хэрэгт байгаа баримтын хэмжээнд дүгнэлт хийнэ.
Г.И- нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн тайлбараа баримтаар үгүйсгэж чадаагүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийн талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1,6.5., 25 дугаар зүйлийн 25.2.2., 116 дугаар зүйлийн 116.3-т нийцсэн байна.
Харин давж заалдах шатны шүүх хариуцагчаас 1,879,300 төгрөг гаргуулахаар шийдвэрлэхдээ уг үнийн дүнд багтаж буй эм,эмчилгээний зардлыг тодорхой заагаагүй байна.
Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэх байдал тогтоогдоогүй тул хэрэгт байгаа баримтын хэмжээнд хяналтын шатны шүүхээс нэхэмжлэлийн талаар дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
2. Бусдын эрүүл мэндэд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.
а\. Хэрэгт авагдсан баримтаар, Г.И- 2016-03-06-ны өдөр Л.Б-ийг зодож, биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016-10-07-ны өдрийн 174 дүгээр шийтгэх тогтоол,Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016-11-22-ны өдрийн 744 дүгээр магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2017-01-20-ны өдрийн 11 дүгээр тогтоолоор нотлогдсон байна.
Иймд Г.И-ын үйлдлийн улмаас Л.Б-ийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь тогтоогдсон талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т нийцжээ.
б\. Бусдад гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.
Хохирлыг мөнгөөр нөхөн төлүүлэх тохиолдолд учруулсан гэм хорын улмаас гаргасан зардлын хэмжээ тогтоогдсон байхыг шаардана. Өөрөөр хэлвэл, нэхэмжлэгчийн хийлгэсэн гэх эмчилгээ нь Г.И-ын учруулсан гэмтэлтэй шалтгаант холбоотой эсэх, шалтгаант холбоотой бол үүнтэй холбогдон гарсан зардлын хэмжээ хэд болох нь тус тус тогтоогдсон байх учиртай юм.
Давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулахдаа хэргийн зарим баримтууд нотлох баримтын шаардлага хангаагүй гэж үзсэн, магадлалд нэхэмжлэгч гомдол гаргаагүй зэргийг харгалзан хэргийн 55-99 дүгээр талд байгаагаас бусад баримтын хэмжээнд хяналтын шатны шүүхээс дүгнэлт хийх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1-т нийцнэ.
в\. Л.Б- нь Г.И- эрүүгийн хэрэгт ял шийтгүүлэх тухайн үеийн байдлаар 1,661,790 төгрөгийг эм, эмчилгээнд зарцуулсан гэж маргасан байна.
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2017-01-20-ны өдрийн 11 дүгээр тогтоолд “....анхан шатны шүүх гэм хорын хохирлыг шийдвэрлэхдээ хохирогч Л.Б-ийн эмчилгээний зардалтай холбоотой гаргаж өгсөн 2016-03-07-ны өдрөөс 2016-08-15-ны өдрийн хүртлэх огноо бүхий 40 ширхэг баримт нь бүгд тухайн хэрэгт хамааралтай нотлох баримтын шаардлага хангасан эсэхэд хууль зүйн дүгнэлт хийхгүйгээр Г.И-аас 1,661,790 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болсон байна...” гэсэн дүгнэлт хийгээд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016-10-07-ны өдрийн 174 дүгээр шийтгэх тогтоолын 4 дэх заалтыг “хохирогч Л.Б-..нар нь эрүүл мэндэд учирсан хохирлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээдээс тус тус жич нэхэмжлэх эрхтэй...” болохыг дурдсан \хх20\ байна.
Иймд хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2017 оны 11 дүгээр тогтоолоор гэмт хэргийн улмаас учирсан хохирлын асуудлыг шүүх Г.И-т ял шийтгэл оногдуулахдаа шийдвэрлээгүй гэж үзнэ.
Хэрэгт авагдсан бичмэл баримтын нэг болох 2016-03-10-ны өдрийн үзлэгийн 3334 дүгээр дүгнэлтээр хариуцагчид учирсан эд хөрөнгийн хохирлыг бус, харин гэмтлийн зэргийг тогтоосон байна.
Учирсан хөнгөн гэмтлийг буюу тархи доргилт, зүүн өвдөг болон аюулхайд зөөлөн эдийн няцралыг эмчлүүлэхээр тухайн үед Л.Б- эмчид үзүүлсэн үйл баримт тогтоогдсон байх бөгөөд үүнтэй холбоотой үүссэн зардлыг хариуцагч эс зөвшөөрсөн /хх 19/ ч иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн гаргасан баримт, тайлбарыг үгүйсгэж чадаагүй байна.
Гэмтлийн улмаас 2016-03-13-ны өдрөөс 2016-07-19-ны өдрийн хооронд эмчлүүлсэн талаарх Чинван эмийн сан, 386,500 төгрөг\ хх-35., 2016-04-14 Энто, Антигриф, Вит с 1150 төгрөг \ хх-37\., 2016-04-19 Улсын хоёрдугаар төв эмнэлэг, 30,000 төгрөг \хх-21\., 2016-04-20 Ньеримеди, 39,300 төгрөг \хх-34\.,2016-05-05 Интермэд, тархины MRI-д төлсөн дүн 336,000 төгрөг \хх-33 \., 2016-05-15 Монос, Ибупрофен + тамедин 4,750 төгрөг\ хх-37\., 2016-05-18 Экспресс оношлогооны төв, шээсний шинжилгээ 5000 төгрөг \хх-36, 38\.,2016-05-19 Монос, 22,000 төгрөг\ хх-36, 38\., 2016-06-23 Чинван эмийн сан, 234,500 төгрөг \хх-39\.,2016-07-08 Монос, Биоген 10,500 төгрөг \хх-36,38\., 2016-07-19 Ньеримеди, 55,000 төгрөг \хх-40 \-н баримтуудыг үндэслэн нэхэмжлэлээс нийт 1,124,700 төгрөгийн шаардлагыг хангах нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйл, 25 дугаар зүйлийн 25.2.2-т нийцнэ.
г\. Нэхэмжлэгч нь Г.И- ял шийтгүүлсэн өдрөөс хойш нэмж 2,151,507 төгрөгийн эмчилгээ хийлгэсэн гэсэн үндэслэл заасан боловч энэ тухай баримтууд нь нэхэмжлэлийг нотлохгүй байна.
Өөрөөр хэлвэл, хөнгөн гэмтэл авч эмчилгээ хийлгэсэн гэх дээр дурдсан 2016-07-19-ны өдрөөс хойш 7 сарын дараа хийгдэж буй эмчилгээний төлбөрийг Г.И-аас гаргуулах үндэслэл тодорхойгүй буюу эмчилгээ нь хариуцагчийн үйлдэлтэй шалтгаант холбоотойг нотлох баримт хэрэгт байхгүй тул бусад баримтыг үндэслэн хариуцагчаас төлбөр гаргуулах нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497.2, 510 дугаар зүйлийг зөрчинө.
д\. Хэргийн 36,38,51 -д буй зарим баримтын мэдээллийн агуулгыг тодорхойлох боломжгүй буюу бичилт арилсан, уншигдахгүй байх тул эдгээрийг шийдвэрийн үндэслэл болгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсгийн агуулгад нийцэхгүй гэж үзлээ.
Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчаас 1,124,700 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох өөрчлөлтийг шийдвэр, магадлалд оруулж, хариуцагчийн гомдлын зарим хэсгийг хангана.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 1374 дүгээр магадлалын тогтоох хэсгийн нэг дэх заалт, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 101/ШШ2019/01436 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн нэг дэх заалтын “....386,500 төгрөгийг..” гэснийг “...1,124,700 төгрөгийг..” гэж, “....3.426.797 төгрөгт..” гэснийг “....2,688,597 төгрөгт..” гэж, хоёр дахь заалтын “....12,245 төгрөг... ”гэснийг “...30,062 төгрөг....” гэж тус тус өөрчлөн, шийдвэр магадлалын бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр төлсөн 38,400 төгрөгийг захирамжаар буцааж олгосугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Б.УНДРАХ