Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 275

 

 

 

 

 

 

 

 

 

С.С-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Д.Оюунчулуун, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Н.Ням-Очир,

            шүүгдэгч С.С-ын өмгөөлөгч Г.Энхболд,

нарийн бичгийн дарга Г.Алтанзул нарыг оролцуулан,

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 76 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, шүүгдэгч С.С-ын өмгөөлөгч Г.Энхболдын гаргасан давж заалдах гомдлоор С.С-д холбогдох 1805021881131 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 3 дугаар сарын 4-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Н овгийн С-ийн С-, 1974 оны 7 дугаар сарын 1-ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, экскаваторын операторч мэргэжилтэй, “Эрдэнэс таван толгой” ХК-д оператор ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянгол дүүргийн _....... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:......../;

 

С.С- нь 2018 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр Баянгол дүүргийн ......... давхарт Б.Б-тэй маргалдаж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас: С.С-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Ноёдууд овогт Сорогжоогийн С-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.С-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч С.С-аас 5.168.000 төгрөг гаргуулж хохирогч Б.Б-өд олгож, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч С.С- цагдан хоригдсон хоноггүйг дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч С.С-ын өмгөөлөгч Г.Энхболд давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч С.С- хүн зодсон гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа хэдий ч хохирогчийн нэхэмжилж байгаа 5.200.000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Учир нь хавтаст хэргийн 16, 17 дугаар талд “MBG” гэх эмнэлэгт хагалгааны төлбөр 5.000.000 төгрөг төлсөн гэх баримт байгаа ч энэ нь нотлох баримтын шаардлагыг хангахгүй захирал, нягтлан бодогч нар гарын үсэг зурж баталгаажуулаагүй, ажил үйлчилгээ үзүүлж байгаа байгууллага дахин давтагдашгүй QR код бүхий Е-баримт хэвлэж өгөх үүрэгтэй, үйлчлүүлэгч ч тус баримтыг авах эрхтэй. Хохирогч хагалгааны төлбөр нэхэмжилж байгаа бол хагалгаанд орсноо нотлох үүрэгтэй. Гэтэл хавтаст хэрэгт хохирогч Б.Б-ийн хагалгаанд орсон эсэхийг нотлох баримт байхгүй. Хагалгаанд орсныг нотлох хамгийн гол баримт өвчтөний өвчний түүх, эмчилгээний түүх байхгүй, хэрэгт хамааралгүй 2014 онд үзүүлж байсан тэмдэглэл бүхий эмнэлгийн картын хуулбарыг хэрэгт өгчихөөд өөрөө ч шүүх хуралд оролцохгүй байгаа. Шүүгдэгч С.С-ын хэлж байгаагаар хохирогчтой таарахад хагалгаа хийлгэсэн шинж байгаагүй гэсэн. Иймд иргэний нэхэмжлэлтэй холбоотой баримтыг дахин нягталж өгнө үү. Мөн хохирогчийн зүүн нүд гэмтсэн байхад анхан шатны шүүх баруун нүдний ухархайн дотор хана цөмөрсөн гэх дүгнэлтийг нотлох баримтаар үнэлж шийдсэн тул дахин шинжээчийн дүгнэлт гаргуулах саналтай байна ...” гэв.

 

Прокурор Н.Ням-Очир тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Энхболдын гаргасан давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргаж байгаа тайлбар нь ойлгомжгүй байна. Шинжээч эмчийн эхний дүгнэлтэд баруун нүд гэж гарсан. Эмчийн үзлэг болон хэсэг газрын үзлэгээр зүүн нүдэнд гэмтэл учирсан талаар бичигдсэн. Харин дүгнэлт хэсэгтээ техникийн шинжтэй алдаа гаргаж, зүүн нүдийг баруун нүд гэж бичсэн талаар тодорхойлолт хийж өгсөн.  Энэ талаар маргаж байсан учраас дахин шинжээчийн дүгнэлт гаргуулж зүүн нүдэнд гэмтэл учирсан гэдгийг тогтоосон. Хохирогч нь шүүгдэгчийг хохирол, төлбөр төлөхийг хүлээхгүйгээр 5.168.000 төгрөгийг өөрөөсөө гаргаж хагалгаа хийлгэсэн. Тухайн мөнгө нь ирээдүйд гарах зардал биш. Хийгдсэн эмчилгээний төлбөр, баримт нь байгаа. 5.168.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байгаа нь өндөр байна гэж анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт яригдаж байсан ч 5.168.000 төгрөгийн бодит зардал гарсан нь баримтаар тогтоогдож байгаа. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээх саналтай байна ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлагдахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

 

Хэрэгт цугларч, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

 

Шүүгдэгч С.С- нь 2018 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 2 дугаар байрны 1 дүгээр орцны 5 давхарт Б.Б-өд “орцонд битгий тамхи тат” гэсэн шаардлага тавьсны улмаас маргалдаж С.С- нь Б.Б-ийн нүүрэнд цохиж зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, тархи доргилт, дух, 2 нүдний дээд, доод зовхи, хамрын зөөлөн эдийн няцралт, цус хуралт, зүүн нүдний алимын цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:

 

Хохирогч Б.Б-ийн “...5 давхарт лифтний хажууд тамхи татаж байтал манай давхарын оршин суугч гарч ирээд “тамхиа гарч тат” гэхээр би юм хэлээгүй. Тэгтэл дахиад “тамхиа гарч тат, муу түрээсийн юмнууд дандаа ингэж заваарч байдаг, орцонд хог хаядаг” гэхээр нь би тэр залууд хандаж “түрээсийнх байх, хаана тамхи татах нь чамд ямар хамаатай” гэж хэлээд би ам руу салаавч өгчихсөн. Тэгсэн тэр залуу “чи намайг амжихгүй, буруу хүнээрээ оролдлоо доо” гээд миний нүүр хэсэг рүү 2-3 удаа баруун гараараа цохисон санагдаж байна. Тэгээд миний нүд юм харахгүй болчихоод би тэр залуугийн энгэрээс нь заамдаад барилцаад авсан. Тэгсэн миний хойноос нэг хүн тэврээд больцгоо та нар гээд салгаж байсан. ...” гэх мэдүүлэг /хх 12-13/,

гэрч Д.Урантөгсийн “...Манай нөхөр тамхи татах гээд орц руу гарчихсан байсан...орцонд дуу чимээ болоод, пижигнээд ирэхээр нь би хувцсаа өмсөөд үүдээ онгойлгосон чинь өөдөөс манай нөхөр Б- цус нөж болсон байдалтай орж ирсэн ...” гэх мэдүүлэг /хх 28/,

гэрч Д.Баасанжавын “...Би Б-ийг сайн танихгүй. Манай эмнэлэгт 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр хэвтэж, 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр гарсан. Зүүн нүдний ухархайн ясны хугарал, хамар ясны хугарал оноштой хэвтсэн. Ухархайн ясны мэс засал, давхар хамар ясны хугарлын мэс засал хийсэн. Уг мэс засал нь нүүрний зүүн талд хийгдсэн ...” гэх мэдүүлэг /хх 32/,

С.С-ын яллагдагчаар өгсөн “...гэр лүүгээ орох гээд явж байтал 5 давхарт нэг хүн тамхи татаад зогсож байхаар нь би “та энд тамхи татахгүй, гарч татаа” гэсэн шаардлага тавихад “миний хаана тамхи татах чамд хамаагүй” гэсэн. Би чамд буруу шаардлага тавиагүй гэхэд урдаас хараалын үг хэлээд бид хоёр маргалдаад би “түрээсийн юмнууд ингэдэг байхгүй юу” гэхэд Б- миний ам руу салаавч хийсэн. Намайг 2-3 удаа цохих гэхэд би хойшоо болоход миний нүдний шил, малгай унасан. Би эргээд Б- гэх залууг буцаагаад түлхсэн. Газраас нүдний шил малгайгаа авах гэхэд Б- миний ам руу 3-4 удаа цохисон. Би босож ирээд Б-ийг 2 удаа цохисон ...” гэх мэдүүлэг /хх 68-70/,

 “...Б.Б-ийн биед зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, тархины доргилт, дух, 2 нүдний дээд, доод зовхи, хамрын зөөлөн эдийн няцралт, цус хуралт, зүүн нүдний алимын цус хуралт...” бүхий хөнгөн гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 1145 дугаартай дүгнэлт /хх 58/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон  тогтоогджээ.

 

Шүүгдэгч С.С- нь хохирогч Б.Б-ийн нүүр лүү  2-3 удаа гараараа цохиж, түүний эрүүл мэндэд зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, тархи доргилт, дух, 2 нүдний дээд, доод зовхи, хамрын зөөлөн эдийн няцралт, цус хуралт, зүүн нүдний алимын цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч С.С-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцэж байгаа хэдий ч үйл баримтыг тогтоохдоо нотлох баримтыг дутуу үнэлж, өөрөөр хэлбэл “...Б.Б-ийн биед баруун нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, тархи доргилт, дух, 2 нүдний дээд, доод зовхи, хамрын зөөлөн эдийн няцралт, цус хуралт, зүүн нүдний алимын цус хуралт бүхий хөнгөн гэмтэл...” учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 4834 дугаар дүгнэлтийг үндэслэн хохирогчийн “баруун нүдэнд” гэмтэл учирсан гэж буруу дүгнэжээ.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл, хохирогч Б.Б-ийн биед “...зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал...” бүхий хөнгөн гэмтэл учирсан байхад Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 4834 дугаар дүгнэлтэд хохирогчийн “...баруун нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал...” гэж бичигджээ. Энэ талаар “Эм Би Жи” гэмтэл согогийн эмнэлгийн даргын 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 34 дугаартай албан бичигт “...дүрс оношлогооны их эмчийн хариуцлагагүй байдлаас болж зүүн нүдийг баруун нүд гэж андуурч бичсэн...” гэх залруулга хийгдсэн байна. /хх 55/

 

Дээрх нөхцөл байдлаас үүдэн шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй гарсан гэх үндэслэлээр дахин шинжээч томилсны дагуу, “...Б.Б-ийн биед зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, тархины доргилт, дух, 2 нүдний дээд, доод зовхи, хамрын зөөлөн эдийн няцралт, цус хуралт, зүүн нүдний алимын цус хуралт...” бүхий хөнгөн гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 1145 дугаартай дүгнэлт/ хх 57/ гарсан /зөвтгөн гарсан/ байх бөгөөд гэрч “Эм Би Жи” гэмтэл согогийн эмнэлгийн дарга Д.Баасанжавын “...хохирогч Б.Б-т зүүн нүдний ухархайн ясны мэс засал, давхар хамар ясны хугарлын мэс засал хийсэн ...” гэх мэдүүлэг зэргээр /хх 32/ хохирогч Б.Б-ийн зүүн нүдэнд гэмтэл учирсан болох нь тогтоогдож байна. Эдгээр хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн давж заалдах шатны шүүхээс хэргийн үйл баримтыг залруулан дүгнэх боломжтой гэж үзлээ. 

 

Түүнчлэн анхан шатны шүүх хохирогч Б.Б-ийн эмчлэгч эмч Д.Баасанжавын “...Б.Б-т зүүн нүдний ухархайн ясны мэс засал, давхар хамар ясны хугарлын мэс засал хийсэн...” гэх мэдүүлэг, хохирогчийн гаргаж өгсөн “Эм Би Жи” гэмтэл согогийн эмнэлгийн кассын тэмдэг дарагдсан “хагалгааны төлбөр” гэх утгатай бэлэн мөнгөний орлогын баримтуудыг /хх 15-20/ үндэслэн хохирлыг тооцон гаргуулж, тооцоолох боломжгүй хохирлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг зааж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, 3 дах хэсэгт заасантай тус тус нийцсэн байна.

 

Иймд шүүгдэгч С.С-ын өмгөөлөгч Г.Энхболдын гаргасан “...иргэний нэхэмжлэлтэй холбоотой баримтыг дахин нягтлах,...дахин шинжээчийн дүгнэлт гаргуулах...” гэсэн агуулга бүхий  давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 76 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.С-ын өмгөөлөгч Г.Энхболдын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

                                    ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                    М.ПҮРЭВСҮРЭН

                                    ШҮҮГЧ                                                             Д.ОЮУНЧУЛУУН

ШҮҮГЧ                                                            Л.ДАРЬСҮРЭН