Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 13

 

 

Ц.*******д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч М.Нямбаяр, Б.Дамба нарын бүрэлдэхүүнтэй, хохирогч *******, шүүгдэгч Ц.******* түүний өмгөөлөгч Л.Оюунцэцэг, прокурор Д.Дуламжав, нарийн бичгийн дарга Ц.Энхтуяа нарыг оролцуулан

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 36 дугаар шийтгэх тогтоолтой, Ц.*******д холбогдох эрүүгийн 1836021700009 ******* хэргийг хохирогч, шүүгдэгч түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг үндэслэн, 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч шүүгч Б.Дамбын илтгэснээр нээлттэйгээр хянан хэлэлцэв.

 Монгол улсын иргэн, 1983 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Ховд аймгийн ******* суманд төрсөн, 36 настай, боловсролгүй, эрэгтэй, урьд Ховд аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 69 ******* шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар 2 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзаж байсан, ******* ******* *******, ******* овогт *******ын ******* нь 2018 оны 12 дугаар сарын 07-08-нд шилжих шөнө Ховд аймгийн Жаргалант сумын Хайрхан багийн 4-24 тоотод оршин суух иргэн *******ийн байшинд буюу хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байранд нэвтэрч Самсунг маркийн 32 инчийн LCD зурагтыг нууцаар, хууль бусаар хулгайлж хохирогчид 400.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх “Шүүгдэгч ******* овогт *******ын *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нууцаар, хууль бусаар нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******ын *******г 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Ц.*******д оногдуулсан 01 /нэг/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Шүүгдэгч Ц.******* нь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Ц.*******д авсан хувийн баталгаа авах таслан сэргийлгэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

Хохирогч ******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2018 оны 12 дугаар сарын 5-6 нд дүү Ц.*******г хөдөө авч явж мал нядлуулах ажилд туслуулж байх үед түүний хүссэний дагуу манай гэрт байгаа хуучин муу зурагтыг авахыг зөвшөөрсөн байсан бөгөөд тэрээр 12 дугаар сарын 08-ны орой манай гэрт ирж зурагт авч явж байгаад эргүүлийн цагдаад саатуулагдан улмаар хэрэг үүсгэгдэж, ял шийтгүүллээ.

Манай зурагт хоёр удаа засварт орсон, 400000 төгрөгөөр үнэлэгдэх хэмжээний сайн зурагт биш юм. Асуудлын учир шалтгааныг зөв талаас нь шалгаж тогтоолгүй, зөвхөн гэмт хэрэг үйлдсэн гэж хэт нэг талыг баримтлан хэрэгт холбогдуулахад чиглэсэн баримт бүрдүүлэхэд анхаарч, улмаар ял шийтгэл эдлэхэд хүрсэний ах дүү, хамаатан садан, гэр бүлийн хүрээнд үл ойлголцол үүсч, хэрүүл гарч, эв дүйгээ олохгүй маш хэцүү болоод байна.

Иймд энэ хэргийн бодит байдал учир шалтгааныг үнэн зөвөөр нь ойлгож Ц.*******г цагаатгаж өгнө үү гэв.

Шүүгдэгч Ц.******* түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал нарын давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.******* нь зурагт авах болсон шалтгаан нөхцөлөө мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн боловч заавал гэмт хэрэгтэн болгох зорилгоор нэг талыг баримтлан шалгаж хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалагдсан байр, агуулахад нэвтэрч гэмт хэрэг үйлдсэн хэмээн хүнд гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, шүүхээр таслан шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Ц.******* нь бичиг үсэг тайлагдаагүй, шалгах, шалгуулах явцад ямар эрх үүрэгтэйгээ ч ойлгохооргүй, байцаагчийн хэлж ярьж байгааг ч ухаж ойлгох, өөрийнхөө төлөө хуулийн дагуу асуудалд хэрхэн хандахаа ч мэдэхгүй, энэ бүхэнд өмгөөлөгчийн туслалцаа хангалттай авч чадаагүй. Ам бүл 4, хөгжлийн бэрхшээлтэй бага насны хүүхэдтэй, эхнэр нь одоо 6 сартай жирэмсэн, Ц.******* нь авто ослын улмаас тархиндаа хүнд гэмтэл авч мэс засал хийлгэж тархины яс орлуулагч суулгуулсан, толгойн байнга өвддөг, өвчин намдаах эм байнга уудаг.

Ц.*******д холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2, 1.15 дугаар зүйлийн 2, 5.1, 5.2, 15.1  дүгээр зүйлийн 1, 16.2 дугаар зүйл, 16.3, 16.3 дугаар зүйлийн 2, 16.3 дугаар зүйлийн 8 дахь хэсгийн 8.3 дахь заалтуудыг тус тус зөрчсөн байна. Иймд Ц.*******д холбогдох  хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар шүүгдэгч Ц.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон, хэргийг тал бүрээс нь шалгаж тогтоосон ба хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэж гаргасан шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шүүдэгч түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

                                                                                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

            Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх   хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Ц.******* түүний өмгөөлөгч Л.Оюунцэцэг нарын давж заалдсан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

             Анхан шатны шүүх шүүгдэгч Ц.*******гийн 2018 оны 12 дугаар сарын 07-ны шөнө Ховд аймгийн Жаргалант сумын Хайрхан  багийн 4-24 тоотод оршин суух өөрийн хүргэн ах болох *******ийн хувийн байшингийн хаалга нь ямар нэг түгжээгүй байсан учир дотор нь орж Самсунг маркийн 32 инчийн LCD зурагтыг хулгайлж хохирогчид 400000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг, бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж  хэргийг хүндрүүлэн зүйлчилж,  Ц.*******д ял шийтгэл оногдуулсан нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна гэж үзлээ.

            Учир нь шүүгдэгч Ц.******* нь хохирогч *******ийн эхнэрийн төрсөн дүү нь бөгөөд хоорондоо төрөл садангийн холбоотой, хүргэн ахынхаараа байнга орж гарч явдаг, тэдний ойр зуурын ажилд нь тусладаг байжээ.

Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6-д “ садангийн хүн “ гэж гэрлэгчдийн  төрсөн ах, эгч, дүү . . тэдгээрийг ойлгоно” гэж заажээ.

 Иймд шүүгдэгч Ц.*******г хохирогч *******ийн байшинд хууль бусаар нэвтрэн орсон гэж үзэх үндэслэлгүй байх тул хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Харин шүүгдэгч Ц.******* нь хохирогч *******ийн зурагтыг түүний зөвшөөрөлгүйгээр, нууцаар гэрээс нь авч явсан үйлдэл нь бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн шинжтэй байна.

            Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан, прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж,  шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулах нь  зүйтэй гэж  давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

            Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            А.Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 36 ******* шийтгэх тогтоолын Тогтоох хэсэгт дараах өөрчлөлтүүдийг оруулсугай. Үүнд:

            1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Ц.*******д Ховд аймгийн хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй,

            2.Шүүгдэгч ******* овогт *******ын *******г бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай,

            3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.*******г 430 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй,

            4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Ц.******* нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай,

            5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Ц.*******гийн 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрөөс,2019 оны 04 дүгээр сарын 16 -ны өдөр хүртэл цагдан хоригдсон 54 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцож эдлэх ялаас нь хасаж, шүүгдэгч Ц.******* нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг бүрэн эдэлж дууссан болохыг дурдсугай,

            6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлийн 1-т заасныг баримтлан шүүгдэгч Ц.*******г шүүх хуралдааны танхимаас сулласугай” гэсэн нэмэлт, өөрчлөлт оруулж, тогтоолын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээсүгэй.

Б. Гомдол эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

     ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Н.ТУЯА

              ШҮҮГЧИД                                        М.НЯМБАЯР            

Б.ДАМБА