Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 001/ХТ2021/00012

 

2021           01            06                                          001/ХТ2021/00012

 

 

 

.......... ХХК-ний нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 183/ШШ2019/00778 дугаар шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 1155 дугаар магадлалтай,

 

.......... ХХК-ний нэхэмжлэлтэй

..........ХХК-д холбогдох

 

Гэрээний үүрэгт 152 358 830 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Даваасүрэнгийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Даваасүрэн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Батбуян, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Тэгшмандал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: .......... ХХК нь 2014 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр ..........ХХК-тай бараа материал нийлүүлэх 32/2014/140 тоот гэрээг байгуулсан. Уг гэрээний зорилго нь .......... ХХК-ийн барьж байгаа Эрин хотхоны орон сууцны барилгын гадна хана фасадны гоёлын чулуут зуурмаг /эмульс/, бусад дагалдах материалыг нийлүүлэхээр харилцан тохиролцсон. Улмаар 2014 оны 9 дүгээр сараас эхлэн бараа материалыг нийлүүлсэн бөгөөд 273 505 900 төгрөгийн үнэ бүхий гэрээ хийж төлбөр тооцоог бүрэн барагдуулсан. Гэрээ байгуулах үед хариуцагч компанийн зүгээс чулуут зуурмаг /эмульс/-ийг маш удаан хугацаанд өнгө алдахгүй гэдгийг илэрхийлж байсан нь гэрээ байгуулах үндсэн нөхцөл болсон. ..........ХХК нь Солонгос улсаас шинэ бүтээгдэхүүн оруулж ирэн дотооддоо үйлдвэрлэн найруулж хэрэглэгчдэд зардаг болсонтой холбогдуулан энэ бүтээгдэхүүний гурван гол давуу талыг удаан хугацаанд өнгөө алдахгүй, хурдан хаталттай, байгалийн чулуут эмульс гэж хэлсэн тул гоёлын чулуут эмульс гэдэг утгаар нь сонгож авсан. Гоёлын чулуут эмульс нь дотроо байгалийн том бүхэллэг чулуутай, шпатлаар татаж хэрэглэхэд босоо судлан зураас гардаг бүтээгдэхүүн. ..........ХХК-аас ямар нэгэн танилцуулга, зааварчилга ирээгүй бөгөөд гадна фасадад хэрэглэх эмульс нь ашиглах технологийн хувьд тодорхой байдаг тул шпатлаар татаж үзэхэд босоо судал нь гараагүй тул 2014 оны 9 дүгээр сард ..........ХХК-ийн захиралтай очиж уулзахад та нар хүссэнээрээ хэрэглэ, шпатлаар татна уу, шүршинэ үү, энэ бол та нарын өөрсдийн асуудал гэж хэлсэн. Улмаар бидний хүсээд байсан цагаан судал гараагүй тул шпатлаар татах биш, бараа бүтээгдэхүүнийг бэлтгэн нийлүүлэхэд хугацаа алдаж байсан учир шууд шүршиж хэрэглэсэн. Бараа материал бэлтгэн нийлүүлэх хугацаа алдагдаж 11 дүгээр сарын үед хийж эхэлсэн. Хүйтний улирал эхлэхтэй холбоотойгоор шингэн ФС107 нь агаарын температураас хамаараад хэрэглэх боломжгүй, усан суурьтай тул хөлдөж эхэлсэн. Хариуцагч байгууллагаас хүйтний улиралд хэрэглэж болохгүй гэсэн анхны санамжийг өгөх үед бид барилгын ажлын бүрэн зогсоогоод Эрин хороололд баригдаж байсан 4 блок барилгын 3 барилгын гадна фасадыг будсан байсан учир 4 дэх барилгын фасадыг чулуут эмульсээр хийхээ болиод шингэн эмульсээр хийсэн. Ер нь ФС107 гэдэг бол өөрөө тодорхой найрлагын хүрээнд гарч ирдэг өнгөний код бөгөөд энэ өнгөний кодоор шингэн эмульсийг гаргуулахаар очсон, төлбөрийг шилжүүлсэн баримт хэрэгт байгаа. Улмаар чулуут эмульсээр хийж байсан ажлаа бүрэн зогсоож шингэн эмульсээр 1 барилгын гадна фасадыг будсан бөгөөд 2015 оны 4 дүгээр сард байраа улсын комисст хүлээлгэн өгсөн. Улсын комисст хүлээлгэн өгсөний дараа 2015 оны намраас Эрин хорооллын нэгдүгээр ээлжийн гадна фасад өнгөө алдаж, улбар шар гэгээлэг өнгө нь цайж цагаан туяатай болж 2016 онд үндсэн өнгө байхгүй цементэн барилгын өнгөтэй болж эхэлсэн тул ..........ХХК-д албан болон албан бусаар хандахад хариуцагч компани танайх шпатлаар татах ёстой байсан юмыг шүршээд хийсэн гэх асуудал ярьж, бид бодит нөхцөл байдлыг газар дээр нь ирж танилцах байх гэж байтал 2017 оны 08 дугаар сарын 24-ний 146 тоот албан бичгээр гандалт гэхээсээ илүү бохирдолт гэх тайлбарыг өгч гэрээний 5.4-д заасан захиалагчаас чанар болон стандартын талаар гомдол гаргавал шинээр сольж өгөх буюу захиалагчтай харилцан тохиролцож шийдвэрлэх үүргээ биелүүлэхээс татгалзсан. Тухайн үед эрин хорооллын байрнууд борлуулагдаж дуусаагүй байсан учир оршин суугчид "энэ байр яагаад ийм богино хугацаанд өнгөө алдчихав" гэсэн гомдол гаргаж, шинээр байр сонирхож байгаа хүмүүс танайх богино хугацаанд өнгөө алдчихлаа, чанаргүй гэх байдлаар хандаж байсан тул хариуцагч компанитай цаашдын хамтын ажиллагааны хүрээнд шалтгаан нөхцөлийг эрэлхийлж 2017 оны 8 дугаар сарын 07-ны өдөр ..........ХХК-д "Эрин хорооллын гадна фасаданд ашигласан чулуут эмульс өнгөө алдаж байна. Өнгө хувиралтыг зогсох байх гэсэн боловч улам бүр гандаад байгаа учир та бүхэн бодит нөхцөлтэй ирж танилцаач" гэсэн утгатай албан бичиг өгөхөд танайх шпатлаар татаж хийх ёстой байсан, мөн 0 градуст хийх ёстой байсан, та нар хүйтэнд хийсэн байж магадгүй гэх хариуг ирүүлсэн. Хариуцагч компани нийлүүлсэн бараа бүтээгдэхүүнийг хэрхэн хэрэглэх талаар заавар өгөөгүй бөгөөд ямар нэгэн байдлаар доголдолтой, дотоодод үйлдвэрлэх явцдаа чанарын шаардлага хангаагүй бүтээгдэхүүн бэлтгэн нийлүүлсэн. Эрин хотхоны гадна фасадны өнгө хувирч компанийн борлуулалтад ихээхэн сөргөөр нөлөөлсөн тул бид 7 сард Эрин хорооллын 53-6, 53-7, 53-8 дугаар байрнуудын гадна фасадыг сэргээн завсарлаж будаж, доголдлыг арилгахтай холбогдуулан гарсан зардал болох 152 358 830 төгрөгийг гаргуулахаар шаардсан. Барилгын ажлыг гүйцэтгэсэн Өндөр констракшн ХХК, Хабул констракш ХХК, Сариг хайрхан ХХК гэх гурван компани нь гоёлын фасадны чулуут өнгөлгөөг зөвхөн ханан дээр будах ажлыг хийж гүйцэтгэсэн. Шинжээч дүгнэлт гаргахдаа нэг ч удаа тайлбар аваагүй, газар дээр нь ирээгүй гэрчийн мэдүүлэгт дүгнэлт хийсэн байдлаар дүгнэлт гарсан гэж үзэж байна. Бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтэд бичигдсэн гадна фасадны ашиглалттай холбоотой, энэ бүтээгдэхүүнийг хэрэглэхэд Монголд ямар нэгэн стандарт байхгүй гэдэг нь тогтоогдсон. Мөн шүршиж хийх үү, шпатлаар татаж хийх үү гэдэгт будаг болон байгалийн чулуу хоёрын цавууны байдал, өнгөнд өөрчлөлт орохгүй гэдэг нь тогтоогдсон. Цаг агаарын температурын дундажийг шалгаж үзсэн. Ажиллах үеийн температур нь 5 градус биш 0 градус гэсэн ойлголт өгч байсан. Гэтэл хүйтэнд хийсэн бол дулаанд хийгдсэн бүх өнгө өнгөө хувиргахгүй байх ёстой байтал хүйтэнд хийсэнтэй ялгаагүй бүгд өнгө нь хувирсан. Технологийн горим, дулааны хэм зөрчсөн асуудал бодит байдал дээр баримтуудаар үгүйсгэгдэж байгаа, доголдолтой бүтээгдэхүүн нийлүүлсэн тул хариуцагчийн татгалзлыг зөвшөөрөхгүй доголдлыг арилгахад гаргасан зардлыг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. 2014 оны 9 дүгээр сарын 29-ний өдрөөс 2014 оны 11 дүгээр сарын 27-ны хооронд нийлүүлсэн бараа бүтээгдэхүүнтэй холбоотой доголдлын талаар нэхэмжлэл гаргасан. Гэтэл 2015 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр маш сайн ажиллаа гэж өргөмжлөл хүртэл өгч байсан, 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдөр ирүүлсэн мэдэгдэлдээ чанар, өнгө хувирчихлаа үүнийгээ засаж сольж өгөөч гэсэн. Энэ мэдэгдлийн дагуу бид нийлүүлсэн бараа бүтээгдэхүүн болон бүхий л зүйлүүд дээр дүн шинжилгээ хийж, очиж үзэхэд биднээс авсан бараа материалуудыг хүйтэн орчинд хэрэглэх заавар, журмыг зөрчиж хийснээс болж өнгө хувирч, хөлдсөн нөхцөл байдал бий болсон. Энэ талаар 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 146 дугаартай хариу мэдэгдэх хуудсыг хүргүүлсэн. 2014 оны 09 дүгээр сарын 29-ний өдрөөс 12 дугаар сарын 27-ны өдрийг хүртэлх хугацаанд татаж авсан бараа материалуудыг 10, 11 дүгээр саруудад хасах хэмтэй байхад хэрэглэснээс болж бүтээгдэхүүний цавуулаг чанар алдагдаж мөн чанарт өөрчлөлт орсон нь харагдаж байна. Гэрч ..........нь гадна фасадны ажлыг Өндөр констракшн ХХК 2014 оны 9 дүгээр сарын 17-ны өдрөөс эхэлж хийж гүйцэтгэж, дараа нь Хабул констракшн ХХК 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс хойш гүйцэтгэсэн талаар мэдүүлсэн. Энэ 2 компанийн хийж гүйцэтгэсэн ажилд гологдол үүссэн асуудалд тухайн компаниудаас шаардах эрхтэй. Бараа бүтээгдэхүүнийг шилжүүлээд өгсөн худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн учир ..........ХХК-аас шаардах эрхгүй. Хэрвээ нийлүүлсэн бараа бүтээгдэхүүн доголдолтой байсан гэж байгаа бол Иргэний хуульд зааснаар 6 сарын дотор шаардах эрхтэй байсан. Бараа материал нийлүүлэх 2014 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн гэрээнд ямар нэгэн баталгаа гаргаагүй, мөн энэ бараа бүтээгдэхүүнийг ийм хугацаанд өнгөө алдахгүй, ийм хугацаанд батлан дааж асуудлыг шийдвэрлэнэ гэсэн ямар ч тохиролцоо байхгүй. Бидний хоорондын тохиролцоогоор 82 050 000 төгрөгт байр авсан, үлдсэн төлбөрийг тодорхой графикийн дагуу төлж төлбөр тооцоо дууссан. Гэрээний хугацаанд нэхэмжлэгчийн хүссэнээр захиалгын хэмжээ нэмэгдэж төлбөр тооцоо хийгдсэн. Энэ өнгө хувирсан нь чанартай бүтээгдэхүүн эсэх талаар 2 удаа шинжээч томилогдож, дүгнэлт гаргасан ба цаг хугацаа болоогүй хүйтэн сэрүүн улиралтай байхад ажил хийж гүйцэтгэсэн, стандарт нь нэмэх 5 хэм байх ёстой гэж тогтоосон. Өдрийн 0,3 хэм, шөнийн хасах 15,7 хэмд 41 өдрийн турш ажилласан гэдэг нь тогтоогдсон. ..........өөрөө материалыг сонгож авсан, чулуут өнгөлгөөг татаж хийгдээгүй шүршиж хийсэн, Өндөр констракшн ХХК, Хабул констракш ХХК-д зааварчилгаа өгч байсан гэж мэдүүлэг өгсөн. .......... ХХК нь ..........ХХК-аас биет байдал болон эрхийн доголдолгүй стандартын шаардлагыг бүрэн хангасан чанартай чулуут зуурмагийг дагалдах баримт бичиг чанарын сертификат хүлээн авч бэлтгэн нийлүүлэгчтэй төлбөр тооцоог хийж дуусган бараа материалыг хүлээж авснаас хойших эрсдэлийг хариуцах ёстой. Гэрээний 5.4-т зааснаар стандартын шаардлага хангасан материалыг нийлүүлэх үүргээ ..........ХХК биелүүлж ажилласан. Шинжээч нар дүгнэлт гаргахдаа нэхэмжлэгч болон хариуцагч нарын аль аль талынхан тайлбарыг авч байсан. Гадна талын дулаалга болон өнгөлгөөний бүтээгдэхүүнийг яаж хэрэглэх талаар заавар журмуудыг гаргаж өгсөн. Бараа бүтээгдэхүүнийг дагалдах бичиг баримтгүй худалдана гэж байхгүй. Нийлүүлсэн барааны сав дээрээ бичигдсэн байгаа. Дахин шинжээч томилох асуудал дээр гомдол гаргаагүй учир шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн гэж ойлгосон. Хасах хэм хүйтэн нөхцөлд хийсэн талаараа нэхэмжлэгч өөрөө зөвшөөрсөн, шинжээч нар тогтоогоод өгсөн учир гэрч, шинжээч нарыг шүүх хуралдаанд асуулгах хүсэлт гаргаагүй Гэрээний 5.1 дэх хэсэгт зааснаар бараа материалууд чанарын шаардлага хангахгүй байна, сольж өг гэх шаардлагыг тухайн үед нь тавих боломж байсан гэжээ.

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 183/ШШ2019/00778 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.1, 254.6-д заасныг баримтлан хариуцагч ..........ХХК-д холбогдох худалдах, худалдан авах гэрээний дагуу нийлүүлсэн бараа материалын доголдлыг арилгахад гарсан зардалд 152 358 830 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч .......... ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын 59 306 470 төгрөгийн хэсгээр татгалзсан болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 216 300 төгрөгийн 919 744 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн 2603030349 тоот данснаас 296 556 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч .......... ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д заасныг баримтлан 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн шинжээчийн зардлыг хариуцагч ..........ХХК нь Барилгын төсөв, хөрөнгийн үнэлгээний компанид төлсөн болохыг дурдаж, 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн шинжээчийн зардал 6 467 460 төгрөгийг нэхэмжлэгч .......... ХХК-иас гаргуулж Монголын барилгын материал үйлдвэрлэгчдийн холбоонд нөхөн төлүүлж шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 1155 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 183/ШШ2019/00778 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг 254.6 гэснийг хасч, 2 дахь заалтыг хүчингүй болгож, 3 дахь заалтыг 2 гэж, 4 дэх заалтыг 3 гэж, 5 дахь заалтыг 4 гэж, 6 дахь заалтыг 5 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 919 744.15 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Даваасүрэн хяналтын гомдолдоо: Магадлалд гомдол гаргаж байна. Магадлалын хянавал хэсэгт буюу магадлалын 9 дэх талд “хариуцагч ..........ХХК нь барилгын материал үйлдвэрлэгчийн хувьд өөрийн үйлдвэрлэсэн гадна хананы фасадны гоёлын чулуут зуурмагийн чанар байдалд хуулиар 3 жилийн баталгаа өгөх үүрэгтэй гэж дүгнэхээр байна... Иймд нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6 дах хэсэгт заасан гомдлын шаардлага гаргах хугацааг хэтрүүлсэн гэж дүгнэж, доголдолтой холбоотой зардал шаардах эрхгүй гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь буруу болжээ” гэж анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим алдааг залруулж хуулийг зөв хэрэглэсэн боловч материалын чанар, бодит нөхцөл байдлын талаар зөрүүтэй ойлголт нөхцөл байдлыг үл харгалзан, нотлох баримтыг бүх талаас үнэлж хэргийн нөхцөл байдлыг тогтоохгүйгээр хуулийг буруу хэрэглэн хэргийг хянан шийдвэрлэсэн гэж үзэж байна Тухайлбал тус гадна фасадны ажлыг хүйтэн цаг агаар буюу “хасах” хэмд хийсэн ажил болон “нэмэх” хэмд хийсэн ажлууд яг адил хэмжээнд гандсан, өнгөнд өөрчлөлт орсон байдлыг анхан болон давж заалдах шатны шүүх анхаарч үзсэнгүй. Цаг уур, орчны шинжилгээний газрын Архив мэдээллийн сангийн хэлтсийн лавлагаанаас үзэхэд 2014 оны 9-11 дүгээр сар хүртэл ажиллах үеийн агаарын хэм +5 градусаас дээш дулаан байсан. Мөн шүүхийн шийдвэр, магадлалын үндэслэл болж буй шинжээч Барилгын материал үйлдвэрлэгчдийн холбооны 2019 оны 01 сарын 25-ны өдрийн дүгнэлтэд ч “...Ус цаг уур шинжилгээний өртөөний мэдээгээр ...42 өдрийн 13 өдөр нь +5-аас дээш температуртай, 13 өдөр нь хасах температуртай байсан” гэжээ. Эндээс үзсэн ч хасах хэмд ажил гүйцэтгэсэн гэж үзэж байгаа бол нэмэх хэмд гүйцэтгэсэн барилгын гадна хэсэг өнгөө алдаж гандахгүй. Гэтэл бүх барилгын гадна адилхан өнгө хувирч, өнгөө алдсан байгаа нь өнгө алдалт температураас болоогүй гэдгийг нотолж байгаа юм. Өөрөөр хэлбэл, ажиллах хэмээс болж өнгө гандсан бол нэмэх хэмд гүйцэтгэсэн ажил өнгөө алдахгүй буюу хасах хэмд гүйцэтгэсэн ажлаас ялгагдах байсан. Мөн хэргийн материалд авагдсан тухайн чулуут эмульсын заавар болон хариуцагчийн тайлбаруудад тухайн бүтээгдэхүүнийг +5 биш 0 градусаас дээш хэмд ашиглана гэснийг ч мөн анхаарч үзэх шаардлагатай юм. Иймд шүүх энэ нөхцөл байдлыг анхаарч үзэхгүйгээр хасах хэмд ажил гүйцэтгэснээс өнгөө алдсан гэж дүгнэж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1-т зааснаар Шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр үнэлэх, мөн хуулийн 116.2-т зааснаар Шийдвэр үндэслэл бүхий байх шаардлага зөрчигдсөн гэж үзэж байна. Мөн шинжилгээ хийсэн байгууллага нь ашиг сонирхлын зөрчилтэй этгээд буюу хариуцагч компанийг эрх ашгийг хамгаалдаг гишүүнчлэл бүхий байгууллага болох Барилгын материал үйлдвэрлэгчдийн холбоо байсан. Улмаар шинжээчийн дүгнэлт нь зөвхөн гэрчийн мэдүүлэг талуудын тайлбарт анализ хийсэн, нэг талыг барьж шүүхийн өмнөөс хэргийн үйл баримтыг үнэлж дүгнэсэн агуулгатай дүгнэлт болсон. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47.1-т зааснаар шинжээч тусгай мэдлэгийн хүрээнд дүгнэлт гаргах болон Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 4.1.3, 14.1.7-т заасан шинжилгээ хийхэд хараат бус, хөндлөнгийн байх, шинжээч хөндлөнгийн байр сууринаас ажиллах зарчим зөрчигдсөн гэж үзэж байна. Мөн Шүүхийн үндэслэл болгосон шинжээчийн дүгнэлтийн өөр бас нэгэн үндэслэл нь “аж үйлдвэрийн бүс, хотын авто тээвэр, ногоон байгууламжтай хэт ойр байснаас бохирдолт явагджээ” гэж дүгнэсэн. Гэтэл Эрин хороолол байрлаж буй БГД-ийн 20 дугаар хорооны хэсэг нь Хархорин худалдааны төвийн хажууд бөгөөд энэ байршилд Хархорин, Өнөр, Очир, Замын баруун хойд хэсэгт нь Москва хороолол гээд бүхэлдээ барилгажсан буюу шүүхийн дүгнэсэн үйлдвэр, хотын автотээвэр, ногоон байгууламжтай ойр гэх тодотголд хамаарахгүй. Мөн Эрин хорооллын ойр орчмын авто тээврийн зам нь шороон зам биш, засмал замтайгаас гадна, гадна фасадны өнгийг бүхэлд нь өөрчлөх хэмжээний ногоон байгууламжтай ойр биш атал зөвхөн Хариуцагч ..........ХХК-ийн эрх ашгийг хамгаалдаг Барилгын материал үйлдвэрлэгчдийн холбооны буюу гишүүддээ үйлчилдэг байгууллагын удирдах ажилтны хэт нэг талыг барьсан үндэслэлгүй дүгнэлтэд үндсэн шийдвэр гаргаж байгаа нь хэргийг тал бүрээс нь бүхэлд хянах хуулийн зохицуулалтыг хангахгүй байна. Ер нь Аливаа бүтээгдэхүүний стандарт нь тухайн бүтээгдэхүүн ямар нөхцөлд байхаас үл хамааран эдэлгээний хугацааг уртасгах хэмжээндээ технологийг барьж үйлдвэрлэх хэрэгтэй байдаг. Гэрээний зүйл болох чулуун эмульс нь зах зээлд зарагддаг бусад энгийн эмульсийг бодвол үнэтэй байдаг бөгөөд бид анх худалдаж авахдаа чанарыг эрхэмлэж энэхүү үнэтэй чулуун эмульсийг сонгосон. Гэтэл энэхүү эмульс хотын авто тээвэр, ногоон байгууламжтай ойр байснаас, аж үйлдвэрийн бүстэй холбоотойгоор 2 жил хүрэхгүй хугацаанд өнгөө 50% хүртэлх хэмжээнд алдаж байна гэж дүгнэх нь ямарч логик үндэслэлгүй дүгнэлт юм. Шинжээчийн энэхүү үндэслэлгүй дүгнэлтийн нэхэмжлэгч тал анхан шатны шүүх хурал болон давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо шинжээч нэг ч удаа ирж тус барилгыг үзээгүй, тайлбар авалгүйгээр шууд дүгнэлт гаргасан гэж удаа дараа шүүх хурал дээр болон, гомдолдоо дурдаж байсан. Үүнийг шинжээчийн дүгнэлтэд шинжилгээ хийсэн гэрэл зураг, шинжилгээний явцад байлцсан хэргийн оролцогчийн тухай мэдээлэл, шинжээчид тавьсан асуулт, түүнд өгсөн хариулт зэрэг нэг ч байхгүй байгаагаас нотолж болно. Өөрөөр хэлбэл шинжээч тухайн барилгын гадна фасадыг нэг ч удаа хараагүй атлаа биднийг хэрэглэх зааврыг буюу хүйтэн цаг агаарт хийсэн учраас өнгө нь алджээ гэж дүгнэсэн үндэслэлгүй. Энэхүү үндэслэлгүй шинжээчийн дүгнэлтийг анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ үндэслэл болгосон нь хэргийг тал бүрээс нь бүрэн дүүрэн, бодитойгоор дүгнэх зарчим, шүүхийн шийдвэр хууль ёсны, үндэслэлтэй байх зарчимд нийцэхгүй байна гэж үзэж байна. Иймд шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Нэхэмжлэгч .......... ХХК нь хариуцагч ..........ХХК-д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний зүйл доголдолтой байсны улмаас учирсан хохиролд 211 665 300 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг гаргасан ба нэхэмжлэлээ багасгаж 152 358 830 төгрөгийг шаарджээ. Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй маргахдаа нэхэмжлэгч барилгын материалыг ашиглах заавар журмыг зөрчсөн буруутай гэх үндэслэлийг заажээ.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, шийдлийг хэвээр үлдээсэн байна.

 

Хоёр шатны шүүх зохигчийн хооронд үүссэн маргааны талаар үндэслэлтэй дүгнэлт хийж, маргаантай харилцааг зохицуулсан Иргэний хуулийн холбогдох зүйл заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн ба хөөн хэлэлцэх хугацааны талаар анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хэм хэмжээг хэрэглээгүй алдааг давж заалдах шатны шүүх залруулж, шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулсан нь оновчтой болжээ.

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигч мэтгэлцэх эрхээ бүрэн хэрэгжүүлсэн байна.

Магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзэв.

 

2014 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр байгуулсан гэрээний дагуу ..........ХХК нь барилгын гадна фасадны гоёлын чулуут зуурмаг /эмульс/, дагалдах 7 нэр төрлийн бараа материалыг нийлүүлэх, .......... ХХК нь 273 502 900 төгрөгийг төлөх үүргийг харилцан хүлээсэн, гэрээний гол нөхцөл худалдах-худалдан авах гэрээний шинжийг агуулсан гэж үзсэн шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д нийцсэн, гэрээ хүчин төгөлдөр байх тул гэрээний талууд үүргээ харилцан биелүүлэх үүрэгтэй байна.

 

Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.

Түүнчлэн худалдагч нь худалдаж байгаа эд хөрөнгийн зориулалт, хэрэглээний шинж чанар, хадгалах, хэрэглэх, тээвэрлэх нөхцөл, журам, баталгаат болон эдэлгээний хугацаа, үйлдвэрлэгчтэй холбогдсон үнэн зөв, бүрэн мэдээллийг худалдан авагчид өгөх үүрэгтэй байна.

Хэрэгт байгаа баримтын хүрээнд ..........ХХК 2014 оны 09 сарын 26-наас 11 сарын 27-ны хооронд гэрээнд заасан бүтээгдхүүнийг нийлүүлсэн, .......... ХХК нь 273 502 900 төгрөгийг орон сууц, мөнгөөр төлсөн үйл баримт тогтоогджээ.

 

Гэрээний дагуу нийлүүлсэн бараа материалын тоо, ширхэг, худалдан авагчийн төлсөн төлбөрийн хэмжээг зохигч маргаагүй ба гадна фасадны чулуут зуурмаг /эмульс/  чанарын шаардлага хангасан эсэх, доголдол байсан эсэх асуудлаар талууд маргасан, шүүх  маргааны зүйлийг зөв тодорхойлсон байна. Нэхэмжлэгч нь гэрээний зүйлийг доголдолтой гэж үзэж, хохирол шаардсан байна.

 

Гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзнэ.

 

.......... ХХК-ийн бариулж буй орон сууцны барилгын гадна фасадны ажил 2014 оны 11 дүгээр сард хийгдэж дууссан, барилгыг 2015 оны 4 сард Улсын комисоос шалгаж, ашиглалтад оруулахыг зөвшөөрсөн байх ба барилгын гадна фасадны өнгө алдагдсан үйл баримт тогтоогдсон боловч энэ нь хариуцагчийн нийлүүлсэн бүтээгдхүүний доголдлоос бус хэрэглэх зааврыг зөрчснөөс үүссэн болох нь шинжээч Монголын барилгын материал үйлдвэрлэгчдийн холбооны “...Барилгын гадна ханын шавардлагатай дулаан тусгаарлалтын ажлын техникийн дүрэм /БД12-103-07/-ийн ...гадна агаарын температур +5 С-ээс бага байх үед ажил гүйцэтгэхийг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн, мөн дүрмийн 9.4-д аж үйлдвэрийн бүс, хотын автотээвэр, ногоон байгууламжтай хэт ойр байснаас болж үүсэх түрэмгий агаарын орчинд заслын үеийн ердийн хуучралт хурдсахыг тооцох хэрэгтэй гэсэн заалтыг .......... ХХК бодолцож үзээгүйгээс хөлдөлт бохирдолтод орж, өнгө нь хувирсан байна.” гэх дүгнэлтээр тогтоогдсон /2хх 153-156/, худалдах-худалдан авах гэрээний зүйлийг биет байдлын доголдолгүй гэж үзсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт хэрэгт байгаа нотлох баримтад үндэслэгджээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.-д зааснаар шүүхээс томилогдсон шинжээчийн дүгнэлт нь хэрэг хянан шийдвэрлэхэд шинжлэх ухаан, тооцоо, тоо бүртгэл, урлаг, утга зохиол, техникийн зэрэг тусгай мэдлэг шаардагдах асуудлыг тодруулах зорилготой байдаг ба уг дүгнэлтийг шийдвэрийн үндэслэл болгосон нь хууль зөрчөөгүй, шинжээч хариуцагчтай ашиг сонирхлын зөрчилтэй гэх маргаан шүүхээр хэлэлцэгдээгүй тул нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй байна.

..........ХХК Солонгос улсын патентын дагуу зуурмаг /эмульс/-ийг үйлдвэрлэж, борлуулдаг байх ба материалын чанарын шинжилгээг хийлгэсэн, зуурмагын сав баглаа боодолд бүтээгдхүүнийг хадгалах, тээвэрлэх, хэрэглэх заавар, сануулгыг монгол хэлээр бичиж, тусгасан байх тул бараа бүтээгдэхүүний заавар, зөвлөгөө өгөөгүй гэх нэхэмжлэгчийн гомдол мөн үндэслэлгүй байна.

 

Хэрэгт байгаа баримтын хэмжээнд хариуцагчийн нийлүүлсэн бүтээгдэхүүн доголдолтой байсан нь нотлогдоогүй, худалдагч үүргээ зөрчсөн нь тогтоогдоогүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэр, магадлал Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 243.2, 251 дүгээр зүйлийн 251.1, 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсгийг зөрчөөгүй гэж үзнэ.

 

Анхан шатны шүүх худалдан авагчийн зүгээс эд хөрөнгийн доголдлын талаар гомдол гаргах хугацаа, хөөн хэлэлцэх хугацааг тоолох журмыг дүгнэхдээ хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6-д заасан зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн алдааг давж заалдах шатны шүүх залруулж, зохих хууль зүйн дүгнэлтийг магадлалд тусгажээ. Түүнчлэн нэхэмжлэгч нэхэмжлэлээ багасгасан тохиолдолд шүүх нэхэмжлэлийн шаардлагын багасгасан хүрээнд маргааны талаар дүгнэх бөгөөд давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч нэхэмжлэлээ багасгах, нэхэмжлэлээсээ татгалзах хоёр өөр эрх зүйн асуудлыг зааглаж, үндэслэл бүхий дүгнэлтийг хийж, шийдвэрт өөрчлөлт оруулсан байна.

 

Иймд магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 1155 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 919 744 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                     ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                  Х.СОНИНБАЯР                

                            ШҮҮГЧ                                                            П.ЗОЛЗАЯА