Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2018/00204

 

 

 

 

 

 

2018 01 15

210/МА2018/00204

 

 

 

А.Басхүү нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Э.Золзаяа, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 181/ШШ2017/02562 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч А.Басхүү, Б.Баяраа, Ц.Цогтбаяр, О.Пүрэвбаатар, Л.Энхбаяр нарын нэхэмжлэлтэй, хариуцагч Монголын чөлөөт бөхийн холбоо ТББ-д холбогдох

 

Тогтоол, хурлын тэмдэглэл, дүрэм хүчингүй болгуулах нэхэмжлэлтэй хэргийг зохигчдын давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.Басхүү, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Жанчив, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Мандах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

 

Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Монголын чөлөөт бөхийн холбоо нь тухайн үеийн хууль тогтоомжийн дагуу 1994 онд Хууль зүйн яаманд бүртгүүлж, 254 дугаартай гэрчилгээ авсан, мөн оноос эхлэн 2011 оны 03 дугаар сарыг хүртэл УХЗЮ45 дугаартай байгууллагын тэмдгийг /тамга/ хэрэглэж байсан. Харин Монголын чөлөөт бөхийн холбооны удирдлагаар хууль бусаар сонгогдсон Л.Чинбат нар нь шинэчлэл нэрийн дор УХЗЮ45 дугаартай байгууллагын тэмдгийг /тамга/ 2011 оны 03 дугаар сараас сольж, ТТГ5760, 1013726 дугаартай тэмдэг хэрэглэсэн.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж буй иргэн Д.Дагвадоржийн нэхэмжлэлтэй нэр төр сэргээлгэх тухай хэрэгт шүүхийн журмаар Улсын бүртгэлийн ерөнхий газраас Монголын Чөлөөт бөхийн холбоо төрийн бус байгууллагын хувийн хэргийн материалыг гаргуулахад илт хүчингүй болгуулахаар шаардлага гаргаж буй тогтоолуудыг хуурамчаар үйлдсэн болохыг олж мэдсэн.

Хариуцагч нь 2009 оны МЧБХ-ны Их хурлын тогтоолууд дээр 2011 оны 03 дугаар сараас хэрэглэж эхэлсэн ТТГ5760, 1013726 дугаартай тэмдгийг дарсан байна. Монголын чөлөөт бөхийн холбооны 2009 онд хуралдсан их хурлаар нэхэмжлэгч нарын хүчингүй болгуулахаар шаардлага гаргаж буй 2009 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 01, 02, 03 дугаар тогтоолуудад дурдсан асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн бол тухайн хурлын протокол, тогтоолуудад тус холбооны 2011 оноос хэрэглэж эхэлсэн тамгыг дарах ямар ч боломжгүй юм. Өөрөөр хэлбэл хариуцагч нөхөж үйлдсэн болох нь тогтоогдож байна. Түүнчлэн МЧБХ-ны удирдлагууд дан ганц тамга тэмдгийг хуурамчаар үйлдээд зогсохгүй 2009 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 01, 02, 03 дугаар тогтоолууд дээр тухайн хурлын дарга, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Монгол Улсын Дархан аварга Хорлоогийн Баянмөнхийн гарын үсгийг хуурамчаар дуурайлгаж зурсан байна.

Нэхэмжлэгч А.Басхүү нь Монголын чөлөөт бөхийн холбооны удирдах зэвлөлийн гишүүн, дэд ерөнхийлөгч болон шүүгчдийн зөвлөлийн даргаар ажиллаж байсан. Гэтэл Монголын чөлөөт бөхийн холбооны их хурлын 2009 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 02 дугаар "МЧБХ-ны удирдах зөвлөлийг сонгох тухай" гэх хууль бус тогтоолоор түүнийг удирдах зөвлөлийн гишүүнээс хасч, Монгол Улсын Дархан аварга Хөдөлмөрийн баатар Ж.Мөнхбат, Х.Баянмөнх, Хөдөлмөрийн баатар, гавъяат тамирчин З.Ойдов, Монгол улсын гавъяат тамирчин Н.Бүргэдаа нарыг хассан. Иймд Л.Чинбатын дээрх хуурамч тогтоолуудаар МЧБХ-ны "үүсгэн байгуулагч"-аар томилогдсон нь хууль бус болжээ. Учир нь 2009 оны МЧБХ-ны их хурлаар үүсгэн байгуулагч томилох, сонгох асуудал огт яригдаагүй.

1961 оноос хойш үйл ажиллагаа явуулж, 1962 онд Олон улсын бөх сонирхогчдын холбоонд гишүүнээр элссэн /FILA/-д ууган холбоодын нэг МЧБХ-ны үүсгэн байгуулагчаар Л.Чинбат, Д.Сумъяабазар нарыг хурлаар огт хэлэлцээгүй асуудлаар хуурамч тогтоол үйлдэн МЧБХ-г өмчилж өгч, улмаар үүсгэн байгуулагчаар хууль бусаар томилогдсон Л.Чинбат нь МЧБХ- ны их хурлыг хуралдуулалгүйгээр 2013 оны 03 дугаар сарын 19-ний өдөр холбооны "удирдах зөвлөл"-ийн гишүүдийг сонгож, бүрэн эрхийг нь баталгаажуулах тухай 35 дугаар тогтоол дангаараа гаргасан нь үндэслэлгүй.

Ийнхүү хууль бус тогтоолоор томилогдсон удирдах зөвлөл гэж өөрсдийгөө нэрлэсэн нэр бүхий хүмүүс хуралдаж 2013 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 12 дугаар тогтоолоор холбооны дүрмийн 4 дүгээр зүйлийн 4.6, 4.7-д заасныг үндэслэн Д.Дагвадоржийг МЧБХ-ны ерөнхийлөгчөөр сонгосон нь хууль бус үйлдэл болсон байна. Энэ нь нэгдүгээрт Д.Дагвадоржийг МЧБХ-ны ерөнхийлөгчөөр сонгох асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн гэх удирдах зөвлөл өөрөө хууль бусаар томилогдсон, хоёрдугаарт 2013 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 12 дугаар тогтоолыг гаргахад үндэслэсэн холбооны дүрмийн 4 дүгээр зүйлийн 4.6, 4.7 гэх заалтууд орсон дүрмийг Монголын чөлөөт бөхийн холбооны удирдах зөвлөлийн 2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн "Холбооны дүрмийг өөрчлөх тухай" 05 дугаар хурлаар хэлэлцэн баталсан байна. Өөрөөр хэлбэл, хууль бусаар "үүсгэн байгуулагч"-аар томилогдсон этгээд эрх хэмжээгүй атлаа мөн л хууль бусаар удирдах зөвлөлийн гишүүдийг дангаараа томилж улмаар тухайн хууль ёсны эрх хэмжээгүй "удирдах зөвлөл"-ийн гишүүд Д.Дагвадоржийг МЧБХ-ны ерөнхийлөгчөөр томилсон тул эдгээр холбогдох тогтоол, шийдвэрүүдийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж байгаа юм.

Иймд Монголын чөлөөт бөхийн холбооны их хурлын 2009 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн протокол, 01 дугаар "МЧБХ-ны ерөнхийлөгчийг сонгох тухай" тогтоол, 02 дугаар "МЧБХ-ны удирдах зөвлөлийг сонгох тухай" тогтоол, 03 дугаар "МЧБХ-ны үүсгэн байгуулагчийг сонгох тухай" тогтоол, мөн холбооны 2013 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 35 дугаар удирдах зөвлөлийн гишүүдийг сонгож, бүрэн эрхийг нь баталгаажуулах тухай" тогтоол, Монголын чөлөөт бөхийн холбооны удирдах зөвлөлийн 2013 оны 05 дугаар сарын 01 -ний өдрийн хурлын тэмдэглэл, мөн өдрийн 12 дугаар удирдах зөвлөлийн хурлын "МЧБХ-ны ерөнхийлөгчийг сонгох тухай" тогтоол, Монголын чөлөөт бөхийн холбооны удирдах зөвлөлийн 2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн "Холбооны дүрмийг өөрчлөх тухай" 05 дугаар хурлын тэмдэглэл, тус хурлаар баталсан Монголын чөлөөт бөхийн холбооны дүрмийг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.

2009 оны Их хурлын протоколыг өөрчилж хурлын дарга маань протокол хөтөлснөөр хийж тухайн их хуралд н.Дамдиншарав, н.Ганбат, н.Гантогтох нар огт суугаагүй, ирээгүй. Гэтэл уг хуурамч Их хурлын протокол гэдэг зүйл дээр энэ гурван хүнийг суулгаснаар тооцож, үг хэлсэн хэмээн үгийг зохион бичиж, хурлын дарга өөрөө хөтөлсөн байдаг. Яагаад хуурамч материал хийсэн гэдэг шалтгаан бол уламжлалт тавдугаар хурлыг хуралдуулахгүйгээр эрх мэдлээ гартаа авахын тулд үүсгэн байгуулагч хэрэгтэй болсон. Гэмт хэргийн шинжтэй дээрх үйлдлийг хийж, үүсгэн байгуулагчийг гаргаж ирээд, үүсгэн байгуулагч нь 2013 оны 03 дугаар сарын 19-ний өдөр удирдах зөвлөлийг нэр заан бий болгосон. Энэ хууль бус үйл ажиллагаа 2009 оны хуурамч материалыг 2013 онд хийсэн гэж тооцогдож байгаа юм. Яагаад гэвэл 2013 онд МЧБХ-ны ерөнхийлөгчөөр н.Дагвадорж болох шаардлагатай болсон учир энэ материалыг хуурамчаар үйлдэж улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгүүлсэн. Иймд 2013 онд сонгогдсон н.Дагвадоржийн хууль бус үйл ажиллагаа одоог хүртэл үргэлжлэн явагдаж байгаа. Одоогийн чөлөөт бөхийн холбоо эрх зүйн чадамжгүй бөгөөд удирдлага нь хууль бус гэж үзэх үндэстэй тул уг асуудлыг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч "Монголын Чөлөөт Бөхийн Холбоо" ТББ-ын шүүхэд гаргасан тайлбарт: Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчаас бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн хэргийн материалд Монголын Чөлөөт Бөхийн Холбоо ТББ-ын 2013 оны өөр хоорондоо ялгаатай дүрмүүд авагдсан байна. Иймээс Улсын бүртгэлийн байгууллагын тамга тэмдгээр баталгаажин бүртгэгдсэн Монголын Чөлөөт Бөхийн Холбоо ТББ-ын дүрмийг улсын бүртгэлийн байгууллагаас лавлагаар гарган авахуулах хүсэлтэй байна гэжээ.

 

Шүүх: Төрийн бус байгууллагын тухай хуулийн 6 дугаар зүйл, 10 дугаар зүйлийн 2, 11 дүгээр зүйлийн 11.1, 11-ийн 2, Иргэний хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 75 дугаар зүйлийн 75.2, 75 дугаар зүйлийн 75.2.3 дахь заалтад заасныг баримтлан хариуцагч "Монголын Чөлөөт Бөхийн Холбоо" ТББ-ын 2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн № 05 дугаар "Холбооны дүрмийг өөрчлөх тухай" хурлын тэмдэглэл, 2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн дүрмийг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн хариуцагч "Монголын Чөлөөт Бөхийн Холбоо" ТББ-ын их хурлын 2009 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн протокол, 01 дүгээр "МЧБХ-ны ерөнхийлөгчийг сонгох тухай" тогтоол, 02 дугаар "МЧБХ-ны удирдах зөвлөлийг сонгох тухай" тогтоол, 03 дугаар "МЧБХ-ны үүсгэн байгуулагчийг сонгох тухай" тогтоол, мөн холбооны 2013 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 35 дугаар "Удирдах зөвлөлийн гишүүдийг сонгож, бүрэн эрхийг нь баталгаажуулах тухай" тогтоол, МЧБХ-ны удирдах зөвлөлийн 2013 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн хурлын тэмдэглэл, мөн өдрийн 12 дугаар удирдах зөвлөлийн хурлын "МЧБХ-ны ерөнхийлөгчийг сонгох тухай" тогтоолыг хүчингүй болгох шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч тус бүрийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч тус бүрээс улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 559 800 төгрөг гаргуулан улсын орлогод буюу Сүхбаатар дүүргийн орон нутгийн төсвийн орлогын 1165105733 тоот дансанд оруулж, хариуцагч "Монголын Чөлөөт Бөхийн Холбоо" ТББ-аас нэхэмжлэгч А.Басхүү, Б.Баяраа, Ц.Цогтбаяр, О.Пүрэвбаатар, Л.Энхбаяр тус бүрт 489 600 төгрөгийг гаргуулан олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Жанчив давж заалдах гомдолдоо: Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, мөн нэхэмжлэгч А.Басхүү, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг буруу тайлбарлаж хэлээгүй, яриагүй зүйлийг ярьсан, зөвшөөрөхгүй байгаа зүйлийг зөвшөөрсөн мэт дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэнд нэхэмжлэгч нарын зүгээс гомдолтой байна. МЧБХолбооны 2009 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн хурлын тэмдэглэл, мөн өдрийн 01, 02, 03 дугаар тогтоолуудыг хариуцагч хуурамчаар үйлдсэн болох нь хэрэгт цугларсан дараах бичгийн нотлох баримтуудаар тогтоогдоно.

МЧБХолбооны 2009 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн хурлын тэмдэглэл мөн өдрийн 01, 02, 03 дугаар тогтоолууд дээр зурагдсан гарын үсэг нь Х.Баянмөнхийн гарын үсэг биш гэдэг нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 07 дугаар сарын 3254 дугаар Шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Мөн дээрх тэмдэглэл болон тогтоолууд дээр дарагдсан /Монголын Чөлөөт Бөхийн Холбоо ТББ/ гэх бичвэр бүхий ТТГ5760, 1013726 дугаар тамгыг хариуцагч байгууллага 2011 оны 03 дугаар сарын 28-ны өдрөөс хойш хэрэглэж эхэлсэн нь МЧБХолбооны ерөнхийлөгч Л.Чинбатын 2011 оны 03 сарын 07-ны өдөр нэхэмжлэгч А.Басхүүд хүргүүлсэн албан бичиг, Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газраас шүүхэд ирүүлсэн 2017 оны 02 сарын 02-ны өдрийн 12/955 тоот албан бичиг, МЧБХолбооны 2011 оны 03 сарын 28-ны өдрийн 100 дугаар албан бичиг зэргээр тогтоогдоно.

Дээрх хуурамч тогтоолоор тодруулбал 02 дугаар тогтоолоор нэхэмжлэгч А.Басхүүг Монголын чөлөөт бөхийн холбооны удирдах зөвлөлийн гишүүнээс чөлөөсөн байхад шүүх энэ талаар үндэслэлгүй дүгнэсэн. Энэхүү хууль бус тогтоолуудын улмаас өнөөдөр ч гэсэн нэхэмжлэгч А.Басхүүгийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байна.

Хариуцагч байгууллага 2009 оноос хойш өнөөдрийг хүртэл нэг ч удаа их хурал хуралдуулаагүй, удирдах зөвлөлийн гишүүд болон ерөнхийлөгчийг сонгох тухай сонгуулийг явуулаагүй байхад нэхэмжлэгч нарыг 2013 оны 12 дугаар тогтоол, 35 дугаар тогтоолуудыг тухайн үед мэдсэн гэх тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргасан мэт илт худал дүгнэлтийг хийсэн байна. Хариуцагч нь 2013 оны 05 дугаар сард Д.Дагвадоржийг хууль зөрчиж, дүрмийн бус аргаар МЧБХолбооны ерөнхийлөгчөөр томилохын тулд 2009 оны хурлын тогтоолуудыг хуурамчаар үйлдэж тус холбооны үүсгэн байгуулагчаар Л.Чинбат, Д.Сумъяабазар нарыг баталгаажуулсан бөгөөд тухайн хуурамч тогтоолоор томилогдсон Л.Чинбатын удирдах зөвлөлийн гишүүдийг томилох тухай тогтоол, удирдах зөвлөлөөс Д.Дагвадоржийг МЧБХолбооны ерөнхийлөгчөөр сонгосон. Иймд шийдвэрт өөрчлөлт оруулан нэхэмжлэгч нарын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч А.Басхүү давж заалдах гомдолдоо: Шийдвэрийг эс зөвшөөрч байна. Асуудлын гол нь 2009 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн их хурлын тогтоол, протоколыг хариуцагч нөхөж үйлдсэн. Учир нь тус хуралд огт суугаагүй, ирээгүй Ч.Дамдиншарав, Б.Гантогтох, Д.Ганбат нарыг үг хэлсэн болгож үгийг нь зохион бичиж, уг хурлыг удирдан даргалсан МУ-ын хөдөлмөрийн баатар, дархан аварга Х.Баянмөнхийг өөрөө хурлын протоколыг хөтөлснөөр хуурамч протокол үйлдэж, улмаар тогтоол, протоколд гарын үсгийг нь хуурамчаар зурсан төдийгүй 2009 оны тогтоол дээр тус холбооны 2011 оны 3 дугаар сараас хэрэглэж эхэлсэн тамгыг дарж, хууль бус үйлдэл хийсэн. Түүнчлэн Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 3254 дугаар Шинжээчийн дүгнэлтээр №01 тогтоол, №02 тогтоол болон протокол дахь хурлын дарга гэсний ард зурагдсан гарын үсэг нь Х.Баянмөнхийн гарын үсгийн загваруудтай тохирохгүй байгааг тогтоосон.

Миний бие 2009 оны 03 дугаар сарын 14-ний Их хурлын бүх төлөөлөгчдийн олонхийн саналаар удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдсон боловч 2009 оны 03 дугаар сарын 14-ний гэх өдрийн их хурлын хууль бус хуурамч №02 тогтоолоор хасагдсан бөгөөд 2009 оны гурван сараас хойш бүрэн эрхийн хугацаандаа ажиллах ямар ч боломж олгоогүй төдийгүй бүхий л хурал, зөвлөлгөөнийг надаас нууц далд хэлбэрээр явуулж ирсэн. 50 гаруй жилийн түүхтэй Монголын чөлөөт бөхийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүдийг анх удаа ээлжит их хурлыг хуралдуулалгүйгээр 2013 оны 03 дугаар сарын 19-ний өдөр "үүсгэн байгуулагч''-ийн шийдвэр гэгчээр сонгож, бүрэн эрхийг нь баталгаажуулах тухай 35 дугаар тогтоолоор хууль бус удирдах зөвлөлийн гишүүдийг бүрдүүлэн улмаар ерөнхийлөгчөө сонгож, зөвхөн Их хурлаар хэлэлцэж өөрчлөх ёстой холбооны дүрэмд өөрчлөлт оруулсан үйлдэл болон хууль бус үйл ажиллагаа үргэлжилсээр байна.

2013 онд зөвхөн Д.Дагвадоржийг холбооны ерөнхийлөгчөөр сонгосон гэдгийг сайтад тавьсан мэдээлэлээс харсан бөгөөд хэзээ, хаана, ямар хурал, чухам юуг үндэслэж сонгосон талаар (албан ёсны) ямар ч мэдээлэл байдаггүй байсан. Харин дээр дурдсан 2015 оны Д.Дагвадоржийн нэхэмжлэлтэй холбогдох иргэний хэрэгт шүүхийн журмаар гаргаж авсан материалыг үзээд №03 дугаар тогтоолыг мэдсэн. Түүнчлэн ямар дүрмийн аль заалтыг үндэслэж ерөнхийлөгчөөр сонгосон нь нууцгай байсныг дээрх шүүхийн журмаар буюу холбооны ерөнхий нарийн бичгийн дарга О.Баянмөнхийн шүүхэд 2016 онд гаргаж өгсөн материалаар ил болсон. Энэ нь нөгөө хууль бус № 03 дугаар тогтоолоор бий болгосон "үүсгэн байгуулагч"-ийн шийдвэрээр Удирдах зөвлөлийн гишүүдийг сонгож, бүрэн эрхийг нь баталгаажуулсан №35 дугаар тогтоол, тэмдэглэл ба улмаар ерөнхийлөгчийг сонгосон №12 дугаар тогтоолыг тус тус мэдсэн. Иймд дээрх хууль зүйн нотолгоо бүхий үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хянан шийдвэрлэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гэрэл давж заалдах гомдолдоо: Хэрэг хэлэлцэн шийдвэрлэсэн 2017 оны 10 сарын 13-ны өдрийн хурлын товыг 2017 оны 09 сарын 28-ны өдрийн хурлаар хойшлуулан товлохдоо хэргийн оролцогчдын саналыг сонсоогүй. Миний бие 2017 оны 10 сарын 13-ны өдөр ажилтай тухай хэлэхэд "шүүгчид сургалтад оролцоод завгүй байгаа, үүнээс өөр товлох өдөргүй байна, тухайн өдөр асуудлаа шийдэрлүүлээрэй" гэж хэлсэн. Миний бие харааны бэрхшээлтэй ба Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооны ерөнхийлөгчийн албан тушаал эрхэлдэг. Дэлхийн цагаан таягтны өдөр буюу хараагүйчүүдийн эрхийг хамгаалах өдөр жил бүрийн 10 дугаар сарын 15-ны өдөр болдог ба энэ жилийн хувьд 15-ны өдөр ням гаригт тохиож байсан тул албан ёсны арга хэмжээ 13-ны баасан гаригт зохион байгуулагдсан. Шүүх хурлыг хойшлуулах тухай хүсэлтийг МХҮХ-ний ерөнхийлөгч мөн болох баримт болон 2017 оны 10 сарын 13-ны өдрийн арга хэмжээний хөтөлбөртэй хавсарган хүргүүлсэн боловч үүнийг хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэлгүй хариуцагчийн төлөөлөгчийг байлцуулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь мэтгэлцэх эрхийг ноцтой зөрчсөн. Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тухай хариу тайлбарыг өгсөн боловч тэрхүү татгалзлын үндэслэл, түүнд холбогдох нотлох баримтыг гаргаж өгөөгүй байсан юм. Түүнчлэн шүүх 2016 оны 11 сарын 09-ний өдрийн 06801 дугаар иргэний хэрэг үүсгэх тухай захирамжаар ". . . хурлын тогтоол хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэсэн" хэрнээ хурлаар "тогтоол, хурлын тэмдэглэл, дүрэм хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хэлэлцсэн" нь иргэний хэрэг үүсгээгүй шаардлагыг хэлэлцсэн.

"Монголын чөлөөт бөхийн холбоо" НҮТББ (цаашид "МЧБХ" гэх) нь 2016 оны 11 сарын 23-ны өдөр Удирдах зөвлөлийн хурлыг хийн, хурлаас тогтоол гарч, холбооны дүрмийг шинэчлэн баталсан. Дүрмийг тухайн үед хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газарт бүртгүүлсэн. Оюуны өмч, улсын бүртгэлийн газраас ирүүлсэн хуулийн этгээдийн бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагаанд энэ тухай мэдээлэл байх атал шүүх энэхүү чухал үйл баримтыг харгалзан үзэлгүй, үйлчлэл нь нэгэнт дуусгавар болсон дүрэм, тэмдэглэлийг хүчингүй болгосон нь хэргийн бодит байдалд бүрэн дүгнэлт хийгээгүй болох нь харагдаж байна. Учир нь МЧБХ нь Төрийн бус байгууллагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу гишүүнчлэлгүй буюу нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага юм. Төрийн бус байгууллагын тухай хууль 1997 онд батлагдсаны дараа төрийн бус байгууллагуудыг хуульд нийцүүлэн бүртгэлд оруулсан тэр үеэс л МЧБХ ийм хэлбэртэй байсан нь үе үеийн дүрмүүдээс тодорхой харагдана. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ ИХШХШТХ-ийн 14 дүгээр бүлэгт заасан гомдлоор авч хэлэлцэх хэрэгт хамааруулан шийдвэрлэсэн хэрнээ мөн хуулийн 156 дугаар зүйлд заасан харъяаллыг зөрчсөн. Өөрөөр хэлбэл, уг хуулийн 156 дугаар зүйлийн 156.1.1, 156.1.3-т нэхэмжлэгчийн гомдол нь "зөвхөн хуульд заасны дагуу гаргасан гомдол", эсхүл "шүүх шийдвэрлэхээр хуульд заасан бусад гомдол" байхыг шаарддаг. Гэтэл Төрийн бус байгууллагын тухай хуульд аливаа тогтоол, тэмдэглэл, дүрэм хүчингүй болгуулахаар шүүхэд гомдол гаргаж болохоор заагаагүй байхад шүүх авч шийдвэрлэсэн нь хууль бус болсон.

Шүүхэд нэхэмжлэлийг нэр бүхий 5 хүн гаргасан ба шүүх эдгээр маргаан бүхий тогтоол, тэмдэглэл, дүрэм нь нэхэмжлэгчийн ямар эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг зөрчсөн талаар дүгнэлт огт хийгээгүй байна. Эцэст нь шүүх улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэлийн шаардлага бүрээс эсхүл нэхэмжлэгч тус бүрээс тооцсоны аль нь болохыг тодорхой дурдаагүй. Ямар үндэслэлээр хариуцагч 489 600 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж төлөх үүрэгтэй болсон үндэслэл нь шийдвэрт тусгагдаагүй байна. Иймд шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөн байх тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч А.Басхүү, Б.Баяраа, Ц.Цогтбаяр, О.Пүрэвбаатар, Л.Энхбаяр нар хариуцагч Монголын чөлөөт бөхийн холбоо ТББ-д холбогдуулан тогтоол, дүрэм, хурлын тэмдэглэл хүчингүй болгуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Шүүхийн зүгээс иргэний хэрэг үүсгэх ажиллагааг бүрэн явуулаагүй, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхтэй холбоотой ажиллагааг зохих ёсоор гүйцэтгээгүйгээс хэргийн оролцогчийн эрх хангагдсан гэж үзэх боломжгүй.

 

Шүүх 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 181/ШЗ2016/06807 дугаартай шүүгчийн захирамжаар дээрх нэхэмжлэлийн дагуу иргэний хэрэг үүсгэхдээ нэхэмжлэлд дурдсан шаардлага бүрт хэрэг үүсгэлгүй, зөвхөн хурлын тогтоол хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэсэн байхын зэрэгцээ зохигчдод хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдлэх эрх, хүлээх үүргийг нь тайлбарлан танилцуулахыг шүүгчийн туслах С.Бадамцэцэгт даалгасан нь хууль зүйн үндэслэлгүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.1-д зааснаар иргэний хэрэг үүсгэсэн шүүгч хэргийн оролцогчдод нотлох баримтаа өөрөө гаргаж, тайлбар, татгалзлаа нотлох үүрэгтэйг танилцуулж, эдлэх эрхийг нь тайлбарлах үүргээ биелүүлээгүй байна.

 

Мөн нэхэмжлэгчийн нотлох баримтаар ирүүлсэн Монголын чөлөөт бөхийн холбооны их хурлын тогтоол, протокол гэх баримтуудын огноо, түүнд дарагдсан хуулбар үнэн дардас харагдахгүй байхад нотариатч А.Батцэцэг гэрчилсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байх тул уг баримтыг үндэслэн хэргийг шийдвэрлэх боломжгүй байна.

 

Иймд хэргийн оролцогчийн эрхийг хангаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын дээрх зөрчлийг давж заалдах шатны шүүх залруулж, зөвтгөх боломжгүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 181/ШШ2017/02562 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нэхэмжлэгч А.Басхүүгийн 70 200 төгрөг, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Жанчивын 280 800 төгрөг, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гэрэлийн 489 600 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 

А.МӨНХЗУЛ