Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 181/ШШ2019/00836

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Батчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч:А.Б,

Нэхэмжлэгч: Б.Б ,

Нэхэмжлэгч: Ц.Ц,

Нэхэмжлэгч: О.П,

Нэхэмжлэгч: Л.Э нарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: “МЧБХ” НҮТББ д холбогдох,

 

“МЧБХ” НҮТББ-ын  Их хурлын 2009 оны 3 сарын 14-ний өдрийн 01, 02, 03 дугаартай тогтоолууд, мөн өдрийн их хурлын тэмдэглэл,

2013.03.19-ний өдрийн 35 дугаартай “Удирдах зөвлөлийн гишүүдийг сонгож, бүрэн эрхийг нь баталгаажуулах тухай” тогтоол,

Удирдах зөвлөлийн 2013.05.01-ний өдрийн 12 дугаартай “МЧБХ ТББ-ын ерөнхийлөгчийг сонгох тухай” тогтоол, мөн өдрийн удирдах зөвлөлийн хуралдааны тэмдэглэл,

Удирдах зөвлөлийн 2013.11.25-ны өдрийн “Холбооны дүрэм өөрчлөх тухай” тогтоол, уг тогтоолын хавсралтаар батлагдсан дүрэм, мөн өдрийн удирдах зөвлөлийн хуралдааны 5 дугаартай тэмдэглэл,

Удирдах зөвлөлийн 2016.11.21-ний өдрийн 19/01 дугаартай “Удирдах зөвлөлийн гишүүдийн талаарх шийдвэрийг зөвтгөж, удирдах зөвлөлийн гишүүний бүрэн эрхийг баталгаажуулах тухай” тогтоол, мөн өдрийн удирдах зөвлөлийн хуралдааны 19 дугаартай тэмдэглэл,

Удирдах зөвлөлийн 2016.11.23-ны өдрийн 20/01 дугаартай “Дүрэм батлах тухай” тогтоол, уг тогтоолын хавсралтаар батлагдсан дүрэм, мөн өдрийн удирдах зөвлөлийн хуралдааны 20 дугаартай тэмдэглэл,

Удирдах зөвлөлийн 2017.01.05-ны өдрийн 01/4 дугаартай “Удирдах зөвлөлийн даргыг чөлөөлж, томилох тухай” тогтоол, мөн өдрийн удирдах зөвлөлийн хуралдааны 01 дугаартай тэмдэглэл зэргийг тус тус хүчингүй болгож,

Д.Сумъябазар, Л.Чинбат, А.Сүхбат, Б.Болд, Ц.Отгонбаатар, Ж.Түмэн-Аюуш, Б.Өнөбаатар, Г.Өсөхбаяр, Ло.Энхбаяр, Ж.Бат-Эрдэнэ, Г.Бат-Эрдэнэ, Д.Гантулга, Д.Бумбаяр, О.Баянмөнх, А.Цэдэнсодном, С.Мөнхсүх нарыг “МЧБХ” ТББ-ыг төлөөлөх эрхгүй хууль бус удирдлага болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.Б, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Ариунчимэг, Г.Жанчив, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Нямжаргал, хариуцагчийн өмгөөлөгч Г.Должинсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Түмэнбаяр нар оролцов

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: МЧБХ /цаашид МЧБХ/ нь хагас зуун жилийн түүхтэй ахмад тамирчдын үүсгэн байгуулсан манай улсын анхдагч спортын холбоодын нэг билээ. Үе үеийн тамирчдын хүч хөдөлмөр, тэдний гаргасан түүхэн амжилтуудын үр дүнд байгуулагдсан үеэсээ хойш өнөөдрийг хүртэл тогтвор суурьшилтай үйл ажиллагаа явуулж буй төрийн бус байгууллага юм. Улмаар тус холбоо нь тухайн үеийн хууль тогтоомжийн дагуу 1994 онд Хууль зүйн яаманд бүртгүүлж, 254 дугаартай гэрчилгээ авсан мөн оноос эхлэн 2011 оны 03 дугаар сарыг хүртэл УХ31045 дугаартай байгууллагын тэмдгийг /тамга/ хэрэглэж байсан билээ. Харин МЧБХны удирдлагаар хууль бусаар сонгогдсон Л.Чинбат нар нь шинэчлэл нэрийн дор УХЗЮ45 дугаартай байгууллагын тэмдгийг /тамга/ 2011 оны 03 дугаар сараас сольж, ТТГ5760, 1013726 дугаартай тэмдэг хэрэглэж ирсэн юм.

Гэтэл Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээр хянагдаж буй иргэн Д.Дагвадоржийн нэхэмжлэлтэй нэр төр сэргээлгэх тухай маргаанд хариуцагч Ц.Ц нарын нэр бүхий таван иргэнд холбогдох иргэний хэрэгт шүүхийн журмаар Улсын бүртгэлийн ерөнхий газраас “МЧБХ” төрийн бус байгууллагын хувийн хэргийн материалыг гаргуулахад илт хүчингүй болгуулахаар шаардлага гаргаж буй тогтоолуудыг хуурамчаар үйлдсэн болохыг олж мэдсэн байна.

Хариуцагч нь 2009 оны МЧБХ-ны Их хурлын тогтоолууд дээр 2011 оны 03 дугаар сараас хэрэглэж эхэлсэн ТТГ5760, 1013726 дугаартай тэмдгийг дарсан байна. МЧБХ-ны 2009 онд хуралдсан их хурлаар нэхэмжлэгч нарын хүчингүй болгуулахаар шаардлага гаргаж буй 2009 оны 03 дугаар сарын 14-ны өдрийн 01, 02, 03 дугаар тогтоолуудад дурдсан асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн бол тухайн хурлын протокол, тогтоолууд дээр тус холбооны 2011 оноос хэрэглэж эхэлсэн тамгыг дарах ямарч боломжгүй юм. Өөрөөр хэлбэл хариуцагч нөхөж үйлдсэн болох нь тогтоогдож байна.

Түүнчлэн МЧБХ-ны удирдлагууд дан ганц тамга тэмдгийг хуурамчаар үйлдээд зогсохгүй 2009 оны 03 дугаар сарын 14-ны едрийн 01, 02, 03 дугаар тогтоолууд дээр тухайн хурлын дарга, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Монгол Улсын Дархан аварга Хорлоогийн Баянмөнхийн гарын үсгийг дуурайлгаж зурсан нь хуурамчаар зурсан байна.

Нэхэмжлэгч А.Б нь МЧБХны удирдах зөвлөлийн гишүүн, Дэд ерөнхийлөгч болон шүүгчдийн зөвлөлийн даргаар ажиллаж байсан. Гэтэл МЧБХны их хурлын 2009 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 02 дугаар “МЧБХ-ны удирдах зөвлөлийг сонгох тухай” гэх хууль бус тогтоолоор түүнийг удирдах зөвлөлийн гишүүнээс хассан байна. Мөн энэ тогтоолоор Монгол Улсын Дархан аварга Хөдөлмөрийн баатар Ж.Мөнхбат, X.Баянмөнх, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин 3.Ойдов, Монгол улсын гавьяат тамирчин Н.Бүргэдмаа нарыг хасч уг тогтоол дээр Монгол Улсын дархан аварга хөдөлмөрийн баатар X.Баянмөнхийн гарын үсгийг хуурамчаар дуурайлган зурсан байна.

Түүнчлэн Л.Чинбат дээрх хуурамч тогтоолуудаар МЧБХ-ны “үүсгэн байгуулагч”-аар томилогдсон нь хууль бус болжээ. Учир нь 2009 оны МЧБХ-ны их хурлаар үүсгэн байгуулагч томилох, сонгох асуудал огт яригдаагүй байдаг. Гэтэл 1961 оноос хойш үйл ажиллагаа явуулж, 1962 онд Олон Улсын бөх сонирхогчдын холбоонд гишүүнээр элссэн ууган холбоодын нэг МЧБХ-ны үүсгэн байгуулагчаар Л.Чинбат, Д.Сумъяабазар нарыг хурлаар огт хэлэлцээгүй асуудлаар хуурамч тогтоол үйлдэн МЧБХ-г “өмчилж” өгсөн нь МЧБХ болон энэ спортын төрлийн төлөө өөрсдийн сэтгэл, хичээл зүтгэлээ зориулж ирсэн үе үеийн зүтгэлтнүүд, тамирчид, багш дасгалжуулагчид, шүүгчид, хөгжөөн дэмжигчдийн 50 гаруй жилийн хөдөлмөрийг үл тоомсорлож, уландаа гишгэсэн үйлдэл гэж үзэхээс аргагүй байна.

Улмаар “үүсгэн байгуулагчаар” хууль бусаар томилогдсон Л.Чинбат нь МЧБХ- ны их хурлыг хуралдуулалгүйгээр 2013 оны 03 дугаар сарын 19-ний өдөр холбооны “удирдах зөвлөл”-ийн гишүүдийг сонгож, бүрэн эрхийг нь баталгаажуулах тухай 35 дугаар тогтоол дангаараа гаргасан үндэслэлгүй юм. Л.Чинбат МЧБХ-ны удирдах зөвлөлийн гишүүдийг дангаар томилдог эрх хэмжээтэй “үүсгэн байгуулагч”-аар томилох асуудал 2009 оны МЧБХ-ны их хурлаар огт хэлэлцэгдээгүй ба хуурамчаар бичиг баримт үйлдэн байж ийнхүү “үүсгэн байгуулагч” болсон. Ийм ёс зүйтэй хүмүүс өдгөө МЧБХ-г “өмчилж” аваад удирдаад сууж байгаа нь дэндүү харамсалтай.

Ийнхүү хууль бус тогтоолоор томилогдсон удирдах зөвлөл гэж өөрсдийгөө нэрлэсэн нэр бүхий хүмүүс хуралдаж 2013 оны 05 дугаар сарын 01-ны өдрийн 12 дугаар тогтоолоор холбооны дүрмийн дөрөвдүгээр зүйлийн 4.6,“ 4.7-д үндэслэн Д.Дагвадоржийг МЧБХ-ны ерөнхийлөгчөөр сонгосон нь хууль бус үйлдэл болсон байна. Энэ нь нэгдүгээрт Д.Дагвадоржийг МЧБХ-ны ерөнхийлөгчөөр сонгох асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн гэх удирдах зөвлөл өөрөө хууль бусаар томилогдсон, хоёрдугаарт 2013 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 12 дугаар тогтоолыг гаргахад үндэслэсэн холбооны дүрмийн дөрөвдүгээр зүйлийн 4.6, 4.7 гэх заалтууд орсон дүрмийг МЧБХны удирдах зөвлөлийн 2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн “Холбооны дүрмийг өөрчлөх тухай” 05 дугаар хурлаар хэлэлцэн баталсан байна. Өөрөөр хэлбэл, хууль бусаар “үүсгэн байгуулагч”-аар томилогдсон этгээд эрх хэмжээгүй атлаа мөн л хууль бусаар удирдах зөвлөлийн гишүүдийг дангаараа томилж улмаар тухайн хууль ёсны эрх хэмжээгүй “удирдах зөвлөл”-ийн гишүүд Д.Дагвадоржийг МЧБХ-ны ерөнхийлөгчөөр томилсон тул эдгээр холбогдох тогтоол, шийдвэрүүдийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж байгаа юм. Иймд энэхүү нөхцөл байдлыг харгалзан үзэж МЧБХны их хурлын 2009 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн протокол, 01 дугаар МЧБХ-ны ерөнхийлөгчийг сонгох тухай” тогтоол, 02 дугаар “МЧБХ-ны удирдах зөвлөлийг сонгох тухай” тогтоол, 03 дугаар “МЧБХ-ны үүсгэн байгуулагчийг сонгох тухай” тогтоол, мөн холбооны 2013 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 35 дугаар “Удирдах зөвлөлийн гишүүдийг сонгож, бүрэн эрхийг нь баталгаажуулах тухай тогтоол, МЧБХ-ны удирдах зөвлөлийн 2013 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн хурлын тэмдэглэл мөн өдрийн 12 дугаар удирдах зөвлөлийн хурлын “МЧБХ-ны ерөнхийлөгчийг сонгох тухай” тогтоол, МЧБХ-ны удирдах зөвлөлийн 2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн “Холбооны дүрмийг өөрчлөх тухай” 05 дугаар тэмдэглэл, тус хурлаар баталсан МЧБХ-ны дүрэм, Удирдах зөвлөлийн 2016.11.21-ний өдрийн 19/01 дугаартай “Удирдах зөвлөлийн гишүүдийн талаарх шийдвэрийг зөвтгөж, удирдах зөвлөлийн гишүүний бүрэн эрхийг баталгаажуулах тухай” тогтоол, мөн өдрийн удирдах зөвлөлийн хуралдааны 19 дугаартай тэмдэглэл, Удирдах зөвлөлийн 2016.11.23-ны өдрийн 20/01 дугаартай “Дүрэм батлах тухай” тогтоол, уг тогтоолын хавсралтаар батлагдсан дүрэм, мөн өдрийн удирдах зөвлөлийн хуралдааны 20 дугаартай тэмдэглэл, Удирдах зөвлөлийн 2017.01.05-ны өдрийн 01/4 дугаартай “Удирдах зөвлөлийн даргыг чөлөөлж, томилох тухай” тогтоол, мөн өдрийн удирдах зөвлөлийн хуралдааны 01 дугаартай тэмдэглэл зэргийг тус тус хүчингүй болгож, Д.Сумъябазар, Л.Чинбат, А.Сүхбат, Б.Болд, Ц.Отгонбаатар, Ж.Түмэн-Аюуш, Б.Өнөбаатар, Г.Өсөхбаяр, Ло.Энхбаяр, Ж.Бат-Эрдэнэ, Г.Бат-Эрдэнэ, Д.Гантулга, Д.Бумбаяр, О.Баянмөнх, А.Цэдэнсодном, С.Мөнхсүх нарыг “МЧБХ” ТББ-ыг төлөөлөх эрхгүй хууль бус удирдлага болохыг тогтоож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “МЧБХ” ТББ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: МЧБХ нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага нь 2009-2017 оны хооронд гарсан МЧБХны дүрэм, хурлын тэмдэглэл, тогтоолыг хүчингүй болгуулахыг шаардсан байна. Эдгээр шаардлагуудад дурдсан хурлын тэмдэглэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд хамаарах хүчингүй болгодог баримт бичиг биш юм. Харин хурлын тогтоолуудын хувьд Төрийн бус байгууллагын тухай хууль болон Иргэний хуульд шүүхээс Төрийн бус байгууллагын тогтоол, шийдвэрийг хүчингүй болгох эрхтэй гэсэн заалт байхгүй. Түүнчлэн эдгээр 17 шаардлага бүхий дүрэм, хурлын тэмдэглэл, тогтоолуудаас 2013.03.19-ний өдрийн 35 дугаартай тогтоол, 2013.05.01-ний өдрийн хурлын тэмдэглэлийг тус тус МЧБХноос хүчингүй болгосон тогтоол гарсан байгаа. Мөн МЧБХг удирдах эрхгүй этгээд удирдах зөвлөлд байна гэж нэр бүхий хүмүүсийг дурдсан байна. Жишээ нь Ж.Бат-Эрдэнэ, Г.Гантулга, О.Баянмөнх, А.Цэдэнсодном зэрэг хүмүүсийг хүсэлтээр нь удирдах зөвлөлөөс чөлөөлсөн байгаа. Д.Гантулга гэдэг хүн байхгүй, Г.Гантулга гэдэг хүнийг чөлөөлсөн. Тиймээс энэ зөрүүтэй байдлыг өөрсдөө шалгаж, тодруулах хэрэгтэй байх. Нэхэмжлэгч талд өөрсдөд нь хууль ёсны эрх ашиг нь хөндөгдсөн зүйл байхгүй гэдгийг түрүүн хэллээ. Эдгээр хүмүүсийн хэлж байгаагаар өөрсдийнх нь эрх ашиг зөрчигдөөгүй, танай холбоо үйл ажиллагаагаа зөв явуулж чадахгүй байна гэдэг байдлаар маргаад байгаа зүйл ажиглагдаж байна. МЧБХ нь анх 1994 онд Ж.Гүррагчаа гэдэг хүний өргөдлөөр улсын бүртгэлд бүртгүүлсэн байдаг. Энэ нь 50 жилийн түүхтэй Төрийн бус байгууллага гэж яриад байгаатай холбоотой юм. Учир нь Монгол Улсад 50 жилийн түүхтэй Төрийн бус байгууллага гэж байхгүй. Монгол улсад 1992 оны ардчилсан Үндсэн хууль батлагдсанаас хойш хувийн хэвшил, хуулийн этгээдийн эрх зүйн асуудал яригдаж 1997 онд Төрийн бус байгууллагын тухай хууль батлагдсан. Уг холбоо нь 1997.12.30-ны өдөр хууль ёсоор шинэчилсэн бүртгэл хийлгэсэн. 1997 оноос хойш улсын бүртгэлд авагдсан МЧБХны гэрчилгээн дээр өөрчлөлт нь 1997 онд шинэчилсэн бүртгэл хийгдээд, 2001, 2005, 2009 онуудад дүрмээ бүртгүүлсэн өөрчлөлтүүд байна. А.Б гэдэг хүн 2001-2009 оны хооронд тус холбоонд ерөнхий нарийн бичгийн алба хашиж байсан байна. 2001 онд дараагийн огноотой, А.Б гэсэн гарын үсэгтэй бүртгэл хийлгэсэн байна. 2005 онд бага хурал хуралдсан тухай бүртгэл хийгдээгүй байна. Энэ нь 2001 оны дүрэм хэрэгжээгүй байна гэсэн үг. 2009 онд мөн адил өөрчлөлт ороогүй, бүртгэгсэн зүйл байхгүй байна. 2012 оны 01 дүгээр сард бүртгэл хийгдсэн байна. 2011.11.30-ны өдөр өргөдөл гаргасан байна. Тухайн өргөдлийн дагуу хууль зүйн яамнаас улсын бүртгэл рүү мэдээлэл явуулж, хуулийн этгээдийн шинэчилсэн бүртгэл хийгдэж гэрчилгээг шинээр олгож байсан байна. Энэ шинэчилсэн бүртгэлтэй холбоотойгоор 2009 онд хуралдсан хурлыг нөхөж бичиж, бичиг баримтыг нь нөхөж үйлдсэн юм. 2012 онд шинэчилсэн бүртгэл хийлгэхийн тулд хуульд заасан тодорхой баримтуудыг бүрдүүлсэн. Тэр бүрдүүлсэн баримтууд дээр 2011 оноос хойш хэрэглэж эхэлсэн тамга тэмдэг дарагдсан нь үнэн. Яагаад гэвэл 2009 онд бүртгэл хийгдээгүй. 2001-2011 оны хооронд бүртгэд хийгдэлгүй явсан учраас бүртгэлээ хийлгэхийн тулд баримт нөхөж бүрдүүлэх шаардлагатай болсон. Х.Баянмөнх аварга бидэнд олдохгүй байсан учраас улсын бүртгэлд баримт материалаа өгөхийн тулд О.Баянмөнх гэдэг хүн гарын үсэг зурсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байгаа. О.Баянмөнх гэдэг хүн нь тухайн үед холбооны нарийн бичгийн даргаар ажиллаж байсан юм. Энэ нь хуурамчаар бичиг баримт үйлдсэн гэхээс илүү Төрийн бус байгууллагынхаа эрх зүйн байдлыг хадгалах, улсын бүртгэлд бүртгүүлэх, баталгаажуулах зэргээс хамаарч тухайн үеийн нөхцөл байдалдаа тааруулан баримт бичгийг нөхөж үйлдсэн явдал юм. Баримт бичгийг нөхөж үйлдэх нь хуурамч баримт бичиг үйлдэхээс өөр юм. Хуурамчаар баримт бичиг үйлдсэн үйлдэл нь иргэний хэргийн маргаанд хамаарахгүй, эрүүгийн хэрэгт хамаарна. 2009 оны нөхөж үйлдсэн баримт бичиг, гарын үсэг, тамга тэмдэг нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн шинэчилсэн бүртгэлтэй шууд хамааралтай юм. 2011.06.08-ны өдөр тухайн үед холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Л.Чинбат гэдэг хүн 255 гэсэн тоот албан бичгийг улсын бүртгэл рүү явуулж, шинэчилсэн бүртгэлд бүртгүүлэх тухай хүсэлтийг гаргасан байгаа. 2011.06.08-ны өдөр өгсөн өргөдөл 2012 оны 02 дугаар сард шийдэгдэж байгаа нь ТББ-ын үйл ажиллагаанаас хамааралгүй, харин төрийн байгууллагын системийн үйл ажиллагаатай холбоотой юм. Мөн хариуцагч МЧБХ нь нэхэмжлэгч таван иргэний эрх ашгийг яаж зөрчөөд, хохироосон талаар бодитой зүйл байхгүй байна. МЧБХ нь нийгэмд үйлчилдэг гишүүнчлэлгүй байгууллага юм. Төрийн бус байгууллага нь иргэдийн сайн дурын үндсэн санаа зорилго нэгдсэн хүмүүсийн нэгдэл юм. Хэний ч албадлагагүйгээр нэгдэн нийлдгээрээ онцлогтой. А.Б гэдэг хүний хувьд удирдах зөвлөлийн гишүүн байсан гэж ярьж байгаа боловч хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд А.Б гэдэг хүнийг 2009 онд удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдсон гэдэг баримт байхгүй байна. МЧБХны үе үеийн удирдлагаар олон хүн ажиллаж ирсэн. Жишээ нь Ж.Гүррагчаа, н.Батболд, н.Бадамжунай, н.Ганзориг, Л.Чинбат гэх зэрэг хүмүүс ажиллаж ирсэн байдаг. Мөн улсын бүртгэлтэй холбоотойгоор МЧБХны ерөнхийлөгчөөр н.Ганзоригийг чөлөөлж Л.Чинбатыг томилсон тухай албан тоот хүргүүлэхэд, тухайн холбооны ерөнхийлөгчөөр н.Ганзориг гэдэг хүн томилогдож байгаагүй байна гэдэг хариу ирэхээр нь н.Батболдыг холбооны ерөнхийлөгчийн албан тушаалаас чөлөөлж, Л.Чинбатыг томилов гэж өөрчилж байсан тохиолдол байдаг. Тиймээс нэхэмжлэгч нарын зүгээс ТББ-ын дотоод ажиллагаанд хэт оролцож, үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэхэд саад учруулж, нэр хүндэд нь халдаж, сөрөг үр дагавар үүсгэж байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх зохигч талуудаас гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                   ҮНДЭСЛЭХ нь:                                                                                                                                                                                                                            

                                                                                                                  

Нэхэмжлэгч А.Б, Л.Э, Ц.Ц, Б.Б, Н.Пүрэвбаатар нар нь “МЧБХ” НҮТББ-д холбогдуулж,

- “МЧБХ” НҮТББ-ын их хурлын 2009 оны 3 сарын 14-ний өдрийн 01, 02, 03 дугаартай тогтоолууд, мөн өдрийн их хурлын тэмдэглэл,

- “МЧБХ” НҮТББ-ын 2013.03.19-ний өдрийн 35 дугаартай “Удирдах зөвлөлийн гишүүдийг сонгож, бүрэн эрхийг нь баталгаажуулах тухай” тогтоол,

- “МЧБХ” НҮТББ-ын удирдах зөвлөлийн 2013.05.01-ний өдрийн 12 дугаартай “МЧБХ ТББ-ын ерөнхийлөгчийг сонгох тухай” тогтоол, мөн өдрийн удирдах зөвлөлийн хуралдааны тэмдэглэл,

- “МЧБХ” НҮТББ-ын удирдах зөвлөлийн 2013.11.25-ны өдрийн “Холбооны дүрэм өөрчлөх тухай” тогтоол, уг тогтоолын хавсралтаар батлагдсан дүрэм, мөн өдрийн удирдах зөвлөлийн хуралдааны 5 дугаартай тэмдэглэл,

- “МЧБХ” НҮТББ-ын удирдах зөвлөлийн 2016.11.21-ний өдрийн 19/01 дугаартай “Удирдах зөвлөлийн гишүүдийн талаарх шийдвэрийг зөвтгөж, удирдах зөвлөлийн гишүүний бүрэн эрхийг баталгаажуулах тухай” тогтоол, мөн өдрийн удирдах зөвлөлийн хуралдааны 19 дугаартай тэмдэглэл,

- “МЧБХ” НҮТББ-ын удирдах зөвлөлийн 2016.11.23-ны өдрийн 20/01 дугаартай “Дүрэм батлах тухай” тогтоол, уг тогтоолын хавсралтаар батлагдсан дүрэм, мөн өдрийн удирдах зөвлөлийн хуралдааны 20 дугаартай тэмдэглэл,

- “МЧБХ” НҮТББ-ын удирдах зөвлөлийн 2017.01.05-ны өдрийн 01/4 дугаартай “Удирдах зөвлөлийн даргыг чөлөөлж, томилох тухай” тогтоол, мөн өдрийн удирдах зөвлөлийн хуралдааны 01 дугаартай тэмдэглэл зэргийг тус тус хүчингүй болгож,

Д.Сумъябазар, Л.Чинбат, А.Сүхбат, Б.Болд, Ц.Отгонбаатар, Ж.Түмэн-Аюуш, Б.Өнөбаатар, Г.Өсөхбаяр, Ло.Энхбаяр, Ж.Бат-Эрдэнэ, Г.Бат-Эрдэнэ, Д.Гантулга, Д.Бумбаяр, О.Баянмөнх, А.Цэдэнсодном, С.Мөнхсүх нарыг “МЧБХ” ТББ-ыг төлөөлөх эрхгүй хууль бус удирдлага болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргаж байна.

 

Нэхэмжлэгч нараас нь бусдын эрх зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгож, нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллагын удирдах байгууллагад сонгох, сонгогдох зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэж тайлбарлаж байна.

 

“МЧБХ” НҮТББ нь Монгол Улсад бөхийн чөлөөт, сонгомол барилдааныг хөгжүүлэх, энэ спортоор дамжуулан Монгол хүний авьяас чадварыг нээн хөгжүүлэх, эх орноо сурталчлан таниулах, олимпийн наадам, олон улс, тив дэлхийн хэмжээнд өрсөлдөхүйц тамирчид бэлтгэх чиглэлээр нийгмийн тусын тулд үйл ажиллагаа явуулдаг ба улсын бүртгэлд 1994 оны 05 дугаар сарын 18-ны өдөр бүртгэгджээ. /хх 10-12/

 

“МЧБХ” НҮТББ-ын удирдах зөвлөлийн гишүүдийн бүрэн эрхийг баталгаажуулах тухай тогтоол, хуралдааны тэмдэглэлийн талаар:

 

Нэхэмжлэгч нараас “МЧБХ” НҮТББ-ын удирдах зөвлөлийн гишүүдийг сонгох тухай тус байгууллагын 2009 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 02 дугаартай, 2013 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 35 дугаартай, 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 19/01 дугаартай тогтоолуудыг, хуралдааны тэмдэглэлийн хамт хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

Төрийн бус байгууллагын тухай хуулийн 10 дугаар зүйлд зааснаар төрийн бус байгууллагын дүрэмд удирдах зөвлөлийн эрх хэмжээ, ... удирдах зөвлөлийн бүрэлдэхүүний доод, дээд хязгаар, ... удирдах зөвлөлийн гишүүдийг сонгох, чөлөөлөх журам, ... бүрэн эрхийн хугацаа, ... удирдах зөвлөлийн хуралдаанаас шийдвэр гаргах журам зэргийг тусгана.

 

Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн “МЧБХ” НҮТББ-ын хувийн хэргийн баримтаас үзэхэд:

1993 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн бага хурлаар батлагдсан дүрэм,

2001 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн ээлжит бага хурлаар баталсан дүрэм,

2011 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн их хурлаар батлагдсан дүрэм,

2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн удирдах зөвлөлийн хуралдаанаар батлагдсан дүрэм,

2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн удирдах зөвлөлийн хуралдаанаар батлагдсан дүрэм тус тус улсын бүртгэлд бүртгэгдсэн байна.

 

Нэг. “МЧБХ” НҮТББ-ын Их хурлын 2009 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 02 дугаартай тогтоолоор удирдах зөвлөлийн гишүүнээр Ч.Чинбат, Г.Бат-Эрдэнэ, Д.Дагвадорж, Б.Мөнхбаатар, Я.Содбаатар, Д.Сумъяабазар, Б.Болд, Р.Бат-Эрдэнэ, О.Амартүвшин, О.Содбилэг, Д.Хүрэлбаатар, Р.Ууганбаяр, Б.Өнөбаатар, Ц.Отгонбаатар, Ж.Түмэн-Аюуш, А.Баянмөнх, Г.Баясгалан, Г.Өсөхбаяр, Д.Батмөнх, Б.Батмөнх, Ло.Энхбаяр, Б.Баттүвшин, М.Баттогтох, А.Сүхбат, А.Хаянхирваа, Д.Баттөр, Х.Пүрэвсүрэн, Ж.Бат-Эрдэнэ, Т.Гантулга, О.Баянмөнх, Б.Баяндэлгэр нарын бүрэлдэхүүнтэй байхаар тогтоосон байх ба уг тогтоолд хурлын дарга О.Баянмөнх гарын үсэг зурж баталгаажуулсан байна. /хэргийн 2-р хавтас 84 хуудас/

 

Тус байгууллага 2009 оны 03 дугаар сарын 14-ний өдөр их хурлаа зарлан хуралдуулахад байгууллагын үйл ажиллагаанд баримтлах үндсэн баримт бичиг нь 2001 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн ээлжит бага хурлаар баталсан дүрэм байсан гэж үзэхээр байна. 

2001 онд батлагдсан дүрмийн 4.3.3, 4.7, 4.8-т зааснаар холбооны удирдах зөвлөл нь 21 хүний бүрэлдэхүүнтэй байх ба холбооны бага хурлаас зөвлөлийг 4 жилийн хугацаагаар саналаа нууцаар хурааж сонгохоор тус тус заажээ.

 

Хэрэгт авагдсан 2009 оны 3 сарын 14-ний өдрийн Их хурлын дүрс бичлэгт үзлэг хийж бэхжүүлсэн тэмдэглэлээс үзэхэд хуралд 171 төлөөлөгч оролцсон байх ба удирдах зөвлөлийн гишүүнд нэр бүхий 46 хүн нэр дэвшсэний дотор Д.Дагвадорж, Б.Мөнхбаатар, Я.Содбаатар, О.Амартүвшин, О.Содбилэг, Д.Хүрэлбаатар, Б.Өнөбаатар, А.Баянмөнх, Г.Баясгалан, Д.Батмөнх, Г.Баясгалан, Д.Батмөнх, Ло.Энхбаяр, Б.Баттүвшин, А.Хаянхярваа, Д.Баттөр, Х.Пүрэвсүрэн, Б.Баяндэлгэр, Ж.Бат-Эрдэнэ, Ц.Отгонбаатар, М.Баттогтох, Б.Батмөнх нар нэр дэвшээгүй байна.

 

Мөн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 3254 дугаартай дүгнэлтээр МЧБХ-ны их хурлын 2009 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн № 1, № 2 тогтоол болон протокол дахь хурлын дарга гэсний ард зурагдсан гарын үсэг нь Х.Баямөнхийн гарын үсгийн загваруудтай тохирохгүй болохыг тогтоогджээ.

 

 Иймд “МЧБХ” НҮТББ-ын Их хурлын 2009 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 02 дугаартай тогтоолоор баталгаажуулсан нэр бүхий 31 хүнийг дүрэмд заасны дагуу холбооны их хурлаар удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдсон болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байхаас гадна уг тогтоолыг баталгаажуулсан гарын үсэг нь хурлын дарга Х.Баянмөнхийн гарын үсэг биш болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

 

Хоёр. “МЧБХ” НҮТББ-ын удирдах зөвлөлийн 2013 оны 3 сарын 19-ний өдрийн 35 дугаар тогтоолоор удирдах зөвлөлийн гишүүдээр Л.Чинбат, Г.Бат-Эрдэнэ, Д.Дагвадорж, Д.Сумъяабазар, Б.Болд, Б.Өнөбаатар, Р.Ууганбаяр, Ц.Отгонбаатар, Ж.Түмэн-Аюуш, Г.Өсөхбаяр, Ло.Энхбаяр, А.Сүхбат, Ж.Бат-Эрдэнэ, Д.Гантулга, Д.Сэржбүдээ, Н.Гантөмөр, О.Амартүвшин нарын бүрэлдэхүүнтэй байхаар тогтоосон байх ба уг тогтоолд ерөнхийлөгчөөр Л.Чинбат гарын үсэг зурж баталгаажуулсан байна.  /хэргийн 1-р хавтас 21 хуудас/

 

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэр бүхий 17 хүнийг удирдах зөвлөлийн гишүүнээр хэрхэн сонгосон нь тодорхойгүй. Өөрөөр хэлбэл, тухайн үед мөрдөгдөж байсан дүрэм /2011/-ийн 5.3.5-д зааснаар холбооны их хурлаар удирдах зөвлөлийг сонгох, чөлөөлөхөөр заасны дагуу удирдах зөвлөлийн гишүүдийг сонгосон эсэх талаар баримт хэрэгт авагдаагүй, “МЧБХ” НҮТББ-ийн ерөнхийлөгч нь удирдах зөвлөлийн гишүүдийг сонгох эрх бүхий этгээд гэж үзэх үндэслэлгүй байхаас гадна энэ талаарх өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлээгүй байна.

 

Гурав. “МЧБХ” НҮТББ-ын удирдах зөвлөлийн 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 19/01 дугаартай тогтоолоор удирдах зөвлөлийн даргаар Д.Дагвадорж, гишүүнээр Л.Чинбат, Д.Сумъяабазар, А.Сүхбат, Б.Болд, Р.Ууганбаяр, Ц.Отгонбаатар, Ж.Түмэн-Аюуш, Б.Өнөбаатар, Г.Өсөхбаяр, Ло.Энхбаяр, Ж.Бат-Эрдэнэ, Г.Бат-Эрдэнэ, Д.Гантулга, Д.Сэржбүдээ, Н.Гантөмөр, О.Амартүвшин нарын бүрэлдэхүүнтэй байхаар тогтоосон байх ба уг тогтоолд удирдах зөвлөлийн даргаар Д.Дагвадорж гарын үсэг зурж баталгаажуулсан байна. /хэргийн 2-р хавтас 47-50 хуудас/

 

Удирдах зөвлөлийн 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 19 дугаартай хуралдааны тэмдэглэлээс үзэхэд удирдах зөвлөлийн дарга Д.Дагвадорж, гишүүн Л.Чинбат, Д.Сумъяабазар, А.Сүхбат, Б.Болд, Ц.Отгонбаатар, Ж.Түмэн-Аюуш, Б.Өнөбаатар, Ло.Энхбаяр, Ж.Бат-Эрдэнэ, Д.Бумбаяр, О.Баянмөнх, С.Мөнхсүх, А.Цэдэнсодном нарын бүрэлдэхүүнтэйгээр хэлэлцэж, дээрх нэр бүхий 17 хүнийг удирдах зөвлөлийн гишүүнээр сонгосон байна.

Хэдийгээр тухайн үед мөрдөгдөж байсан дүрэм /2013/-ийн 4.4, 5.6-д зааснаар удирдах зөвлөлийн бүрэн эрхэд удирдах зөвлөлийн гишүүнийг чөлөөлөх, нөхөн бүрдүүлэх эрх хамаарч байх боловч энэхүү дүрмийг баталсан удирдах зөвлөл нь дээр дурдсанчлан өөрөө хууль болон дүрмийн дагуу сонгогдсон гэж үзэх үндэслэлгүй байна.

Иймд 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 19/01 дугаартай тогтоолоор удирдах зөвлөлийн гишүүдийг сонгох үндэслэл болсон дүрмийг тухайн үед хүчин төгөлдөр гэж үзэх, мөн тэдгээрийг сонгосон удирдах зөвлөл нь өөрсдөө удирдах зөвлөлийн бүрэн эрхийг хэрэгжүүлэх эрхтэй байсан гэж үзэх боломжгүй байна. 

 

“МЧБХ” НҮТББ-ын ерөнхийлөгч бөгөөд удирдах зөвлөлийн даргыг сонгох, үүсгэн байгуулагч болохыг батлах тухай тогтоол, удирдах зөвлөлийн хуралдааны тэмдэглэлийн талаар:

Нэхэмжлэгч нараас төрийн бус байгууллагын үүсгэн байгуулагчийг батлах, удирдах зөвлөлийн дарга болон ерөнхийлөгчийг сонгох тухай 2009 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 01, 03 дугаартай, 2013 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 12 дугаартай, 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 19/01 дугаартай, 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 01/4 дугаартай тогтоолуудыг удирдах зөвлөлийн хуралдааны тэмдэглэлийн хамт хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

1. “МЧБХ” НҮТББ-ын их хурлын 2009 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 01 дугаартай тогтоолоор холбооны ерөнхийлөгч С.Батболдыг үүрэгт ажлаас чөлөөлж, холбооны ерөнхийлөгчөөр Л.Чинбатыг сонгож, хурлын дарга Х.Баянмөнх гарын үсэг зурж, баталгаажуулжээ. /хэргийн 2-р хавтас 82 хуудас/

2. “МЧБХ” НҮТББ-ын удирдах зөвлөлийн 2013 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн хурлын тэмдэглэлээс үзэхэд удирдах зөвлөлийн гишүүн Д.Дагвадорж, Д.Сумъяабазар, Л.Чинбат, Ц.Дамдиншарав, Б.Өнөбаатар, Б.Болд, А.Сүхбат, Р.Ууганбаяр, Ц.Отгонбаатар, Ж.Түмэн-Аюуш, О.Баянмөнх, Б.Төмөрбаатар, Л.Э, С.Мөнхсүх нарын бүрэлдэхүүнтэйгээр “Холбооны ерөнхийлөгчийг сонгох, холбооны бүтэц зохион байгуулалтад өөрчлөлт оруулах тухай” хэлэлцэж, Холбооны ерөнхийлөгч Л.Чинбатыг үүрэгт ажлаас чөлөөлж, Холбооны ерөнхийлөгчөөр Д.Дагвадоржийг сонгож, “МЧБХ” ТББ-ын удирдах зөвлөлийн 2013 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 12 дугаартай “МЧБХ ТББ-ын ерөнхийлөгчийг сонгох тухай” тогтоолоор баталгаажуулжээ. /хх 25-26/ 

3. “МЧБХ” НҮТББ-ын удирдах зөвлөлийн 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 19 дугаартай хуралдааны тэмдэглэлээс үзэхэд Удирдах зөвлөлийн хуралдааныг дарга Д.Дагвадорж, гишүүн Л.Чинбат, Д.Сумъяабазар, А.Сүхбат, Б.Болд, Ц.Отгонбаатар, Ж.Түмэн-Аюуш, Б.Өнөбаатар, Ло.Энхбаяр, Ж.Бат-Эрдэнэ, Д.Бумбаяр, О.Баянмөнх, С.Мөнхсүх, А.Цэдэнсодном нарын бүрэлдэхүүнтэйгээр хэлэлцэж, удирдах зөвлөлийн даргаар Д.Дагвадоржийг сонгож, удирдах зөвлөлийн 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 19/01 дугаартай “Удирдах зөвлөлийн гишүүдийн талаарх шийдвэрийг зөвтгөж, удирдах зөвлөлийн гишүүний бүрэн эрхийг баталгаажуулах тухай” тогтоолоор баталгаажуулсан байна. /2-р хавтас 47-50/

4. “МЧБХ” ТББ-ны удирдах зөвлөлийн 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 01 дугаартай хуралдааны тэмдэглэлээс үзэхэд Удирдах зөвлөлийн дарга Д.Дагвадорж, гишүүн Д.Сумъяабазар, Ж.Түмэн-Аюуш, Л.Э, Б.Өнөбаатар, А.Цэдэнсодном, Б.Болд, Д.Бумбаяр, Ц.Отгонбаатар нарын бүрэлдэхүүнтэйгээр Төрийн бус байгууллагын удирдах зөвлөлийн даргыг сонгох тухай хэлэлцэж, Д.Дагвадоржийг удирдах зөвлөлийн дарга бөгөөд ерөнхийлөгчөөс чөлөөлж, Д.Сумъяабазарыг холбооны удирдах зөвлөлийн даргаар томилж, удирдах зөвлөлийн 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 01/4 дугаартай “Удирдах зөвлөлийн даргыг чөлөөлж, томилох тухай” тогтоолоор баталгаажуулжээ. /хэргийн 2 хавтас 20-30/

 

НҮТББ-ын их хурлын 2009 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 01 дугаартай “Холбооны ерөнхийлөгчөөр Л.Чинбатыг томилох тухай” тогтоолыг баталгаажуулсан гарын үсэг хурлын дарга Х.Баянмөнхийн гарын үсэг биш болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон боловч тус хурлаар Л.Чинбат нь тус байгууллагын ерөнхийлөгчөөр сонгогдсон болох нь баримтаар тогтоогдсон.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар 2009 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн их хурлаар Л.Чинбатыг ерөнхийлөгчөөр сонгосон талаар маргаагүй бөгөөд хэрэгт авагдсан тус хурлын дүрс бичлэгт үзлэг хийж бэхжүүлсэн баримтаас үзэхэд холбооны их хурлын 171 төлөөлөгчөөс 82 төлөөлөгчийн буюу олонхын саналаар Л.Чинбат нь ерөнхийлөгчөөр сонгогдсон болох нь тогтоогдсон байна.

 

Харин дээр дурдсанчлан “МЧБХ” НҮТББ-ын 2009 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 02 дугаартай, 2013 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 35 дугаартай, 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 19/01 дугаартай тогтоолоор баталгаажуулсан нэр бүхий удирдах зөвлөлийн гишүүдийг хууль болон дүрэмд заасны дагуу сонгогдсон гэж үзэх үндэслэлгүй байх тул тэдгээрийг удирдах зөвлөлийн бүрэн эрхийг хэрэгжүүлэх буюу холбооны ерөнхийлөгч, удирдах зөвлөлийн даргыг сонгох, чөлөөлөх эрхгүй байсан гэж үзэхээр байна.

 

Мөн Төрийн бус байгууллагын тухай хуулийн 6 дугаар зүйлд “Үүсгэн байгуулагчдаас төрийн бус байгууллага байгуулах тухай шийдвэр гаргаж байгууллагын дүрмийг баталснаар төрийн бус байгууллагыг үүсгэн байгуулагдсанд тооцох бөгөөд улсын бүртгэлд бүртгүүлснээр хуулийн этгээдийн эрх эдэлнэ.” гэж заасан.

“МЧБХ” НҮТББ нь 1994 оны 05 дугаар сарын 18-ны өдөр улсын бүртгэлд бүртгэгдсэн болох нь 254 дугаартай хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараар нотлогдож байх тул МЧБХны их хурлын 2009 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 03 дугаартай тогтоолоор ерөнхийлөгч Л.Чинбат, тэргүүн дэд ерөнхийлөгчөөр сонгогдсон Д.Сумъяабазар нарыг холбооны үүсгэн байгуулагч болохыг баталсан нь үндэслэлгүй гэж үзэхээр байна.

 

Төрийн бус байгууллагын дүрэм болон дүрэм батлах тухай тогтоол, удирдах зөвлөлийн  хуралдааны тэмдэглэлийн талаар:

Нэхэмжлэгч нараас НҮТББ-ын 2013.11.25-ны өдрийн “Холбооны дүрэм өөрчлөх тухай” тогтоол, уг тогтоолын хавсралтаар батлагдсан дүрэм, мөн өдрийн удирдах зөвлөлийн хуралдааны тэмдэглэл, 2016.11.23-ны өдрийн 20/01 дугаартай “Дүрэм батлах тухай” тогтоол, уг тогтоолын хавсралтаар батлагдсан дүрэм, мөн өдрийн удирдах зөвлөлийн хуралдааны тэмдэглэлийн тус тус хүчингүй болгох нэхэмжлэл гаргасан.

 

1. “МЧБХ” НҮТББ-ын удирдах зөвлөлийн 2013.11.25-ны өдрийн 5 дугаартай хуралдааны тэмдэглэлээс үзэхэд Удирдах зөвлөлийн хуралдааныг холбооны ерөнхийлөгч Л.Чинбат, гишүүн Д.Дагвадорж, Б.Болд, Д.Сумъяабазар, Ц.Отгонбаатар, Я.Содбаатар, Р.Ууганбаяр, Б.Өнөбаатар, Г.Бат-Эрдэнэ, Х.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэйгээр “Холбооны дүрмийг өөрчлөх тухай” хэлэлцэж, Төрийн бус байгууллагын дүрмийг шинэчлэн баталж, удирдах зөвлөлийн 2013.11.25-ны өдрийн “Холбооны дүрэм өөрчлөх тухай” тогтоол, уг тогтоолын хавсралтаар баталгаажуулсан байна. /хэргийн 2 хавтас 63-71/,

2. “МЧБХ” НҮТББ-ын удирдах зөвлөлийн 2016.11.23-ны өдрийн 20 дугаартай хуралдааны тэмдэглэлээс үзэхэд дарга Д.Дагвадорж, гишүүн Д.Сумъяабазар, А.Сүхбат, Б.Болд, Б.Өнөбаатар, Д.Бумбаяр, Ж.Түмэн-Аюуш, О.Баянмөнх, Ц.Отгонбаатар, Ло.Энхбаяр, С.Мөнхсүх, Ж.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, “Холбооны дүрмийг шинэчлэн батлах тухай” хэлэлцэж, Төрийн бус байгууллагын 2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн дүрмийг хүчингүй болгож, удирдах зөвлөлийн 2016.11.23-ны өдрийн 20/01 дугаартай “Дүрэм батлах тухай” тогтоол, уг тогтоолын хавсралтаар дүрмийг шинэчлэн баталсан байна. /хэргийн 2 хавтас 42-45/,

 

Төрийн бус байгууллагын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар удирдах зөвлөл нь дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах эрхийг хэрэгжүүлэх бөгөөд дээр дурдсанчлан 2009 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 02 дугаартай, 2013 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 35 дугаартай, 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 19/01 дугаартай тогтоолоор баталгаажуулсан нэр бүхий удирдах зөвлөлийн гишүүдийг хууль болон дүрэмд заасны дагуу сонгогдсон гэж үзэх үндэслэлгүй байх тул тэдгээрийг удирдах зөвлөлийн бүрэн эрхийг хэрэгжүүлэх буюу дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах эрхгүй гэж үзэхээр байна.

 

Дээрх үндэслэлээр “МЧБХ” НҮТББ-ын 2009.03.14-ний өдрийн 01 дугаартай, 2013.03.19-ний өдрийн 35 дугаартай, 2016.11.21-ний өдрийн 19/01 дугаартай, “Удирдах зөвлөлийн гишүүдийг сонгож, бүрэн эрхийг нь баталгаажуулах тухай” тогтоолууд, хуралдааны тэмдэглэлийн хамт,

2013.05.01-ний өдрийн 12 дугаартай, 2016.11.21-ний өдрийн 19/01 дугаартай, 2017.01.05 №01/4 дугаартай удирдах зөвлөлийн даргыг томилох тухай тогтоолууд, мөн өдрийн удирдах зөвлөлийн хуралдааны тэмдэглэлийн хамт,

2013.11.25-ны өдрийн “Холбооны дүрэм өөрчлөх тухай” тогтоол, уг тогтоолын хавсралтаар батлагдсан дүрэм, 2016.11.23-ны өдрийн 20/01 дугаартай “Дүрэм батлах тухай” тогтоол, уг тогтоолын хавсралтаар батлагдсан дүрэм зэрэг нь хууль болон дүрэмд нийцээгүй гэж дүгнэлээ. 

 

Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-т зааснаар иргэний эрх зүйн хамгаалалт нь зөрчигдсөн эрхийг сэргээх зорилготой бөгөөд мөн зүйлийн 9.4.7-д бусдын эрх зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгох аргаар иргэний эрхийг хамгаалахаар заасан.

 

Гэвч Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т “.... өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна.”, 75 дугаар зүйлийн 75.2.3-т “тогтсон хугацааны турш гүйцэтгэх үүрэгтэй холбогдон шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна” гэж заасан.

Нэхэмжлэгч нар МЧБХны их хурлын 2009 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 01, 02, 03 дугаартай тогтоол, удирдах зөвлөлийн 2013 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 35 дугаартай, 2013 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 12 дугаартай тогтоол зэргээр төрийн бус байгууллагын удирдах зөвлөлийн гишүүд, удирдах зөвлөлийн даргыг тус тус сонгож, бүрэн эрхийг нь баталгаажуулсан талаар 2015 оноос өмнө мэдээгүй гэж тайлбарласан боловч тус тогтоолоор томилогдсон нэр бхий хүмүүс удирдах зөвлөлийн гишүүд болон удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байсныг мэдээгүй гэж дүгнэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Нэхэмжлэгч нар нь эрх, ашиг нь хөндөгдсөн талаар мэдсэн байх боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байх тул дээрх тогтоолуудыг хуралдааны тэмдэглэлийн хамт хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Харин “МЧБХ” НҮТББ-ын удирдах зөвлөлийн 2013.11.25-ны өдрийн “Холбооны дүрэм өөрчлөх тухай” тогтоол, уг тогтоолын хавсралтаар батлагдсан дүрэм, мөн өдрийн удирдах зөвлөлийн хуралдааны 05 дугаартай тэмдэглэл,

2016.11.21-ний өдрийн 19/01 дугаартай “Удирдах зөвлөлийн даргаар Д.Дагвадоржийг сонгох тухай” тогтоол, мөн өдрийн удирдах зөвлөлийн хуралдааны 19 дугаартай тэмдэглэл,

2016.11.23-ны өдрийн 20/01 дугаартай “Дүрэм батлах тухай” тогтоол, уг тогтоолын хавсралтаар батлагдсан дүрэм, мөн өдрийн удирдах зөвлөлийн хуралдааны 20 дугаартай тэмдэглэл

2017.01.05-ны өдрийн 01/4 дугаартай “Удирдах зөвлөлийн даргаар Д.Сумъяабазарыг томилох тухай” тогтоол, мөн өдрийн удирдах зөвлөлийн хуралдааны 01 дугаартай тэмдэглэл зэргийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Төрийн бус байгууллагын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 5, 11 дүгээр зүйлийн 1, 14 дүгээр зүйл, Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7, 75 дугаар зүйлийн 75.2.3-т заасныг баримтлан “МЧБХ” НҮТББ-ын их хурлын 2009 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 01 дугаартай “МЧБХ-ны ерөнхийлөгчийг сонгох тухай”, 2009 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 02 дугаартай “МЧБХ-ны удирдах зөвлөлийг сонгох тухай”, 2009 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 03 дугаартай “МЧБХ-ны үүсгэн байгуулагчийг сонгох тухай” тогтоол, мөн өдрийн их хурлын тэмдэглэл, удирдах зөвлөлийн 2013 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 35 дугаартай “Удирдах зөвлөлийн гишүүдийг сонгож, бүрэн эрхийг нь баталгаажуулах тухай” тогтоол, 2013 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 12 дугаартай “МЧБХ ТББ-ын ерөнхийлөгчийг сонгох тухай” тогтоол, мөн өдрийн удирдах зөвлөлийн хуралдааны тэмдэглэл зэргийг тус тус хүчингүй болгох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлээс үлдэх “МЧБХ” НҮТББ-ын удирдах зөвлөлийн 2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн “Холбооны дүрэм өөрчлөх тухай” тогтоол, уг тогтоолын хавсралтаар батлагдсан дүрэм, мөн өдрийн удирдах зөвлөлийн хуралдааны 05 дугаартай тэмдэглэл, 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 19/01 дугаартай “Удирдах зөвлөлийн даргаар Д.Дагвадоржийг сонгох тухай” тогтоол, мөн өдрийн удирдах зөвлөлийн хуралдааны 19 дугаартай тэмдэглэл, 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 20/01 дугаартай “Дүрэм батлах тухай” тогтоол, уг тогтоолын хавсралтаар батлагдсан дүрэм, мөн өдрийн удирдах зөвлөлийн хуралдааны 20 дугаартай тэмдэглэл, 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 01/4 дугаартай “Удирдах зөвлөлийн даргаар Д.Сумъяабазарыг томилох тухай” тогтоол, мөн өдрийн удирдах зөвлөлийн хуралдааны 01 дугаартай тэмдэглэл зэргийг тус тус хүчингүй болгож, Д.Сумъяабазар, Л.Чинбат, А.Сүхбат, Б.Болд, Ц.Отгонбаатар, Ж.Түмэн-Аюуш, Б.Өнөбаатар, Г.Өсөхбаяр, Ло.Энхбаяр, Ж.Бат-Эрдэнэ, Г.Бат-Эрдэнэ, Д.Гантулга, Д.Бумбаяр, О.Баянмөнх, А.Цэдэнсодном, С.Мөнхсүх нарыг “МЧБХ” НҮТББ-ын удирдах зөвлөлийн гишүүнээр томилсон нь хууль бус болохыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 631,800 төгрөгийг улсын төсвийн орлого болгож, хариуцагч “МЧБХ” НҮТББ-аас 351,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч нарт олгосугай

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Ч.БАТЧИМЭГ