Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 302

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Б, Ш.Ц- нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч М.Алдар, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Н.Мөнхцэцэг,

шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Б.Тэнгис,

шүүгдэгч Ш.Ц-, түүний өмгөөлөгч Э.Энххэрлэн,

нарийн бичгийн дарга Б.Нямдаваа нарыг оролцуулан,

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 208 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ш.Ц-ын өмгөөлөгч Э.Энххэрлэнгийн гаргасан давж заалдах гомдлоор Б.Б, Ш.Ц- нарт холбогдох 1802001680136 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 3 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

М овгийн Б-ийн Б, 1979 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эцгийн хамт Сонгинохайрхан дүүргийн ................... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:................/;

 

Т овгийн Ш-ийн Ц-, 1984 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянгол дүүргийн .................тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоо Баянгол дүүргийн ......... тоотод түр оршин суудаг гэх, ял шийтгэлгүй /РД:.................../;

 

            Ш.Ц- нь 2018 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Өргөө” кино театрын автобусны буудлын орчимд Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай тарианы шилний хамт 1.6 грамм “Мөс” гэх нэршилтэй мансууруулах бодисыг олж аван 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар биедээ хадгалсан,

мөн 2018 оны 5 дугаар сарын 2-ны өдөр хүртэлх хугацаанд Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Еlizabeth century landmark” хотхоны 2 дугаар байрны 5 дугаар орцны 5, 6 дугаар давхрын голын паарны ард нуун хадгалж байгаад 2018 оны 5 дугаар сарын 2-ны өдөр Б.Бэд өгсөн,

 

            Б.Б нь 2018 оны 5 дугаар сарын 2-ны өдөр Ш.Ц-ын Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Еlizabeth century landmark” хотхоны 2 дугаар байрны 5 дугаар орцны 5, 6 дугаар давхрын голын паарны ард нуусан Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай тарианы шилний хамт 1.6 грамм “Мөс” гэх нэршилтэй мансууруулах бодисыг олж аван худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар биедээ хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Нийслэлийн прокурорын газраас: Б.Б, Ш.Ц- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

           

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Т овогт Ш-ийн Ц-ыг хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, бусдад өгсөн гэмт хэрэг үйлдсэн, Ма овогт Б-ийн Бийг хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б, Ш.Ц- нарыг тус бүр хоёр жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б, Ш.Ц- нарт оногдуулсан 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б, Ш.Ц- нарын цагдан хоригдсон хоёр хоногийг тэдний эдлэх ялд оруулан тооцож, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зиплок түгжээ бүхий гялгар уутанд хийсэн тарианы шилний хамт 1.6 грамм жинтэй цагаан өнгийн мөс мэт тунгалаг зүйл, 1 ширхэг цагаан өнгийн хуванцар гуурсыг устгуулахаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газарт шилжүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б, Ш.Ц- нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, тэдний эдлэх ялыг 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Ш.Ц-ын өмгөөлөгч Э.Энххэрлэн давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Ш.Ц- нь 2018 оны 5 дугаар сарын 2-ны өдөр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хадгалж, Б.Бэд өгсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдон шүүхийн шатанд хэрэг хянагдаж байх хугацаанд буюу 2018 оны 10 дугаар сарын 24-ноос 25-нд шилжих шөнө мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдон Нийслэлийн Прокурорын газраас 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан. Улсын яллагч болон өмгөөлөгчийн зүгээс Ш.Ц-ад холбогдох хэргийг шүүгдэгч Б.Бэд холбогдох хэргээс тусгаарлаж, сүүлийн 1802 0044 80276 дугаартай эрүүгийн хэрэгтэй нэгтгүүлж, нэг шийтгэх тогтоолоор ял оногдуулах нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлнэ гэж үзэн хүсэлт гаргаж байсан боловч анхан шатны шүүх хүсэлтийг хүлээж авалгүй Ш.Ц-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хоёр жилийн хорих ял оногдуулсан нь түүний үйлдсэн нэг төрлийн гэмт хэрэгт хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулж, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг хүндрүүлэх нөхцөл байдлыг үүсгээд байна.

Нөгөөтэйгүүр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд 1 дэх хэсэгт: “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн эдлэх ялын хэмжээг тогтооно.” гэж хуульчилсан. Гэтэл Ш.Ц- огт ялтан биш, түүнд шүүх ял оногдуулаагүй, тэрээр үйлдсэн гэмт хэргийн эхний үйлдэлд гэм буруутай эсэх нь шүүхээр тогтоогдоогүй, шүүхээр тухайн хэрэг зөвхөн хянагдаж байх хугацаанд сүүлийн гэмт хэрэгт холбогдсон нь тогтоогдож байхад тэдгээр нэг төрлийн гэмт хэргийг нэгтгэн шалгуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй гэж үзнэ. Шийтгэх тогтоолын үндэслэх хэсэгт: “...Улсын яллагчийн зүгээс түүнд холбогдох хэргийг шүүгдэгч Б.Бэд холбогдох хэргээс тусгаарлаж, 1802004480276 дугаартай хэрэгтэй нэгтгэх, ийнхүү тусгаарлах нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх тухай гаргасан хүсэлт нь хуулийн тухайн заалтад хуульчилсан үндэслэлд хамаарахгүй...” гэж дүгнэж, холбогдох хэргийг яаравчлан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.18 дугаар зүйлийн холбогдох хэсгийн заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэх нөхцөл байдалд хүргэж байна. Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.18 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т: “...холбогдох хэргийг тусгаарлаж, хэргийг хянан шийдвэрлэх нь хэргийн байдлыг бүрэн бодитойгоор тогтооход нөлөөлөхөөргүй байвал” мөн зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “шүүх ... эрүүгийн хэргийг тусгаарлах тухай улсын яллагчийн санал, өмгөөлөгчийн хүсэлтийг үндэслэн хэргийг тусгаарлаж шүүх хуралдааныг үргэлжлүүлэн хэргийг эцэслэн шийдвэрлэнэ.” гэжээ.

Шийтгэх тогтоолын дээрх дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т “...дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болох ноцтой зөрүүтэй байвал гэх заалтыг зөрчсөн, хэргийн бодит байдалтай нийцээгүй...” гэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт “...хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн...” гэх нөхцөл байдлыг бий болгож байна. Шүүгдэгч Ш.Ц-ыг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, сургуулийн насны 2 хүүхэд болон элэгний хорт хавдартай эхийгээ асардаг зэрэг хувийн байдлуудыг харгалзан анхан шатны шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгч нарт нэг жилийн хорих ял оногдуулах санал гаргасан байхад шүүх түүнд хоёр жилийн хорих ял оногдуулж, эрх зүйн байдлыг нь дордуулж байгаа нь шударга ёсны зарчимд нийцээгүй гэж үзнэ.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийн дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд нь буцааж өгнө үү ...” гэв.

 

Шүүгдэгч Б.Бийн өмгөөлөгч Б.Тэнгис тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 208 дугаартай шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргаагүй. Учир нь, анхан шатны шүүх хуралдаан, урьдчилсан хэлэлцүүлэгт хэргийн нөхцөл байдлын талаар өөрийн санал бодлоо илэрхийлж байсан. “Мөс” гэх 1.6 грамм бодисыг Ш.Ц- хадгалсан, тодорхой нэг газар нуусан байснаа Б.Бэд хэлж, түүнийг хадгалж байгаад өгсөн гэж буруутгагддаг. Б.Бийг тарианы шилний хамт 1.6 грамм “Мөс” гэх тунгалаг зүйлийг хадгалсан гэж буруутгасан. Хэдэн грамм бодисыг яг яаж хадгалсан нь тодорхой бус, эргэлзээ бүхий байна. Анхан шатны шүүхээс энэ үндэслэлээр мөрдөн байцаалтад буцааж байсан боловч прокурорын эсэргүүцлээр давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх боломжтой байна гэж үзсэн. Үүний дагуу анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэж 1.6 грамм “Мөс” мэт тунгалаг зүйл гэдэгт огт дүгнэлт хийхгүйгээр хоёр шүүгдэгчийг гэм буруутай гэж үзэж хоёр жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Өмгөөлөгчийн хувьд энэ байдалд эргэлзэж байна. Учир нь, шилэнд бохирлогдсон мөс мэт тунгалаг зүйлээр хүнийг яллаж болохгүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан сэтгэцэд нөлөөлөх бодисыг хадгалсан гэдэг утгаар зүйлчлэлийн асуудал яригддаг. Б.Бийн хувьд хадгалж байсан гэж үзэхэд эргэлзээ бүхий байна. Давж заалдах шатны шүүх үйл баримтыг хянаад хэрэв Б.Бийг гэм буруутай гэж үзвэл хорих ялыг багасгаж өгнө үү ...” гэв.

 

Шүүгдэгч Ш.Ц- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Гэм буруугаа ойлгож байна. Хоёр хүүхэд маань сургуульд сурдаг бөгөөд харж хандах хүн байхгүй ...” гэв.

Шүүгдэгч Б.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Гэм буруутай үйлдлээ ойлгож байна. Аав маань группт байдаг бөгөөд 7 дугаар ангийн хүүхэд хамт байдаг. Би гурван удаа сороод газарт тавьсан. Гэтэл намайг хадгалсан гэж үзсэн. Миний хувьд гэм буруугаа ойлгож байна. Тийм учраас анх удаа хэрэг үйлдсэн гэдгийг харгалзан хорих ялыг багасгаж өгнө үү ...” гэв.

 

Прокурор Н.Мөнхцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Өмгөөлөгч нарын гаргасан гомдол, тайлбартай танилцлаа. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна. Ш.Ц-ын өмгөөлөгч прокурорт буцаах санал тавьсан гэж байна. Ш.Ц-ын сүүлийн үйлдсэн хэрэгт нь эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоол хянагдаж байх үед шүүх хуралдаан болсон. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.18 дугаар зүйлд зааснаар хэргийг тусгаарлаж, нэгтгэж шийдвэрлүүлэх санал тавьсан. Гэвч шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.18 дугаар зүйлд заасан хэргийг тусгаарлаж шийдвэрлэх хоёр үндэслэлд хамаарахгүй гэж үзсэн. Энэ нь үндэслэл бүхий байна гэж прокуророос үзэж шүүхийн шийдвэрийг хүлээж авсан. Тийм ч учраас хэргийг эцэслэн шийдвэрлэж ял шийтгэл оногдуулсан нь үндэслэл бүхий болсон гэж үзэж байна. Тусгаарлах асуудал яагаад яригдах боломжгүй байсан гэхээр 2018 оны 6 сард  хэрэг шүүхэд шилжиж 208 оны 8 сард шүүх урьдчилсан хэлэлцүүлэг явуулахгүйгээр шууд шүүхэд шилжүүлж гэм буруугийн хуралдаанаар буцаасан. Үүнд прокурор эсэргүүцэл бичиж давж заалдах шатны шүүхээс эсэргүүцлийг хүлээн авч анхан шатны шүүх хуралдаан 2018 оны 11 дүгээр сард болсон. Энэ үед Ш.Ц-ын сүүлийн хэрэг шалгагдаж байсан ба худалдаалах зорилготой байсан эсэх талаар маргаантай байсан. Энэ бүх байдлыг хянаж талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэргийг эцэслэн шийдвэрлэсэн. Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлагдахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

 

Хэрэгт цугларч, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

 

Шүүгдэгч Ш.Ц- нь 2018 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, “Өргөө” кино театрын автобусны буудлын орчимд Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай тарианы шилний хамт 1.6 грамм “Мөс” гэх нэршилтэй мансууруулах бодисыг олж аван 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар биедээ хадгалсан,

мөн 2018 оны 5 дугаар сарын 2-ны өдөр хүртэлх хугацаанд Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Еlizabeth century landmark” хотхоны 2 дугаар байрны 5 дугаар орцны 5, 6 дугаар давхрын голд паарны ард нуун хадгалж 2018 оны 5 дугаар сарын 2-ны өдөр Б.Бэд өгсөн,

шүүгдэгч Б.Б нь 2018 оны 5 дугаар сарын 2-ны өдөр Ш.Ц-ын Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Еlizabeth century landmark” хотхоны 2 дугаар байрны 5 дугаар орцны 5, 6 дугаар давхрын голд паарны ард нуун хадгалж байсан Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай тарианы шилний хамт 1.6 грамм “Мөс” гэх нэршилтэй мансууруулах бодисыг олж аван худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар биедээ хадгалсан болох нь:

 

Ш.Ц-ын яллагдагчаар өгсөн “...Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. 2018 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Цогтоотой тааралдаад бага зэрэг мөс авсныгаа 4 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд хувцасныхаа халаасанд авч яваад мартчихсан байсан...уг мөснөөс хэрэглэж үзэхэд муухай гашуун амттай, толгой өвтгөөд байхаар нь “Элизабет” хотхоны баруун талын байрны эхний орцны 5 билүү 6 давхарын паарны ард уг мөсийг тарианы шилтэй чигээр нь үлдээчихсэн. Би уг мөсийг хаях гэж байснаа дараа хэрэглэмээр санагдвал эндээс авна гэж бодоод үлдээсэн юм. Тэгтэл Б 2018 оны 5 дугаар сарын 2-ны өдөр надтай холбогдоод “мөс байна уу” гэж асуухаар нь үлдээсэн газраа зааж өгөөд “тэнд байж магадгүй, үгүй ч байж магадгүй” хэлсэн...Би ийм гэмт хэрэг үйлдсэндээ маш их харамсаж байна, дахин ийм гэмт хэрэг үйлдэхгүй ...” гэх мэдүүлэг/1хх 161-162/,

Б.Бийн яллагдагчаар өгсөн “...Би үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна...2018 оны 5 дугаар сарын 2-ны өдөр Ц- гэж найзтайгаа холбогдоод “ганц нэг үлээчих юм байна уу” гэж асуухад “Элизабет” хотхоны баруун талын байрны хамгийн наад талын орцны 5 давхрын паарны ард бага зэрэг мөс байж ч магадгүй, байхгүй ч байж магадгүй гэж хэлсэн. Тэгээд уг газар нь яваад очиход тарианы шилтэй, урд нь хэрэглэсэн байдалтай бага зэрэг мөс байсан...уг мөсийг аваад доороос нь асаагуураар халаагаад, гуурсаар хоёр удаа сороод зогсож байтал цагдаа нар барьсан...” гэх мэдүүлэг /1 хх 167-168/,

гэрч Г.Бүрэндэлгэрийн “...Би Б ахыг мөс хэрэглэдэг гэдгийг мэднэ...2018 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Б ах над руу “вийд байна уу, хатаж үхлээ” гэх мэт мессеж бичээд байсан. Би хариу бичээгүй...” гэх мэдүүлэг /1хх 85/,

гэрч Б.Батболдын “Б байр руу хүнтэй уулзана гэж ороод 5 давхарт гараад паарны тэр хавиас тарианы шилтэй зүйл олсон. Тэгээд доороос нь халаагаад сороод байсан...удалгүй цагдаа нар орж ирээд бид хоёрыг баривчилсан ...” гэх мэдүүлэг /хх 82-84/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 4985 дугаартай “...“Ш.Ц- V/03 0102” гэж хаягласан шээсний дээж тус бүрээс /2ш/ метамфетамин /МАМР/ илэрсэн. “Б.Б V/02 18г” гэж хаягласан шээсэнд метамфетамин /МАМР/, тетрагидроканнабинол /ТНС/ илэрсэн. Илэрсэн метамфетамин /МАМР/, тетрагидроканнабинол /ТНС/ нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад хамаарна. ...” гэх дүгнэлт /1хх 99/,

2018 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 4987 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн цайвар өнгийн зүйлээр бохирлогдсон тарианы шил, №2 гэж дугаарласан цагаан өнгийн гуурс, АV 5463868 серийн дугаартай  Монгол Улсын 50-тын мөнгөн дэвсгэртийг ирүүлсэн нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн цайвар өнгийн зүйлээр бохирлогдсон тарианы шил, №2 гэж дугаарласан цагаан өнгийн гуурсанд метамфетамин илэрсэн. Метамфетамин нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтад багтдаг болно. Шинжилгээнд ирүүлсэн Монгол Улсын 50-тын мөнгөн дэвсгэртэд мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис илрээгүй...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 108-109/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл үзүүлэлтүүд /1хх 20-28/, хэрэг бүртгэлтийн 180200168 дугаартай хэрэгт зиплок түгжээ бүхий уутанд хийсэн, тарианы шилний хамт 1.6 грамм жинтэй метамфетамины агууламжтай мөс гэх нэршилтэй бодис, №2 гэж дугаарласан, метамфетамины агууламж илэрсэн цагаан өнгийн соруулыг эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 65-66/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон  тогтоогджээ.

 

Шүүгдэгч Ш.Ц-ын 2018 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай тарианы шилний хамт 1.6 грамм “Мөс” гэх нэршилтэй мансууруулах буюу сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хадгалсан, 2018 оны 5 дугаар сарын 2-ны өдөр Б.Бэд өгсөн,

шүүгдэгч Б.Бийн 2018 оны 5 дугаар сарын 2-ны өдөр Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай тарианы шилний хамт 1.6 грамм “Мөс” гэх нэршилтэй мансууруулах буюу сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар биедээ хадгалсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Ш.Ц-ыг сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, бусдад өгсөн, шүүгдэгч Б.Бийг сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

 

Шүүхээс тэдний гэм буруу, хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тухайн зүйлд заасан хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Харин шүүгдэгч Б.Бийн хувьд “Мөс” гэх нэршилтэй мансууруулах буюу сэтгэцэд нөлөөт бодисыг Ш.Ц-ын нуусан газраас аваад биедээ хадгалж байгаад үйлдэл дээрээ баригдсан байх тул тухайн бодисыг хадгалсан хугацаа, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдлийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдлыг харгалзан түүнд анхан шатны шүүхээс оногдуулсан хоёр жилийн хорих ялыг нэг жилийн хорих ял болгон, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгч Ш.Ц-ын өмгөөлөгч Э.Энххэрлэн “...Ш.Ц-ын үйлдсэн хэргүүдийг нэгтгэн шийдвэрлүүлэх...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

 

2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Нийслэлийн Прокурорын газрын 1802004480276 дугаар тогтоолоор Ш.Ц-ыг 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр, мөн 10 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө “Мөс” гэх нэршилтэй мансууруулах буюу сэтгэцэд нөлөөт бодисыг Т.Халиунд худалдсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан байх /2хх-91/ боловч түүний үйлдсэн болон холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан хэргүүд нь тус тусдаа бие даасан гэмт хэргийн шинжтэй, тус тусад нь ял шийтгэл оногдуулахаар байна. Өөрөөр хэлбэл дээрх хэргүүдийг нэгтгэж шийдвэрлэсэн ч тус тусад нь ял шийтгэл оногдуулж, Эрүүгийн хуулин 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял нэмж нэгтгэх асуудал хөндөгдөхөөр байх тул хэргийг нэгтгэж шийдвэрлүүлэх талаар гаргасан шүүгдэгч Ш.Ц-ын өмгөөлөгч Э.Энххэрлэнгийн гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж үзэв.

 

Түүнчлэн шүүгдэгч Ш.Ц-, Б.Б нар нь “Мөс” гэх нэршилтэй мансууруулах буюу сэтгэцэд нөлөөт бодисыг “Лидокайн” гэсэн бичигтэй тарианы шилний амыг тайрч, түүн дотроо хийж дороос нь галаар халааж, соруулаар утааг нь сорж хэрэглэж байсан гэх ба уг тарианы шилний ёроол хэсэг нь цайвар зүйлээр бохирлогдсон байсныг тарианы шилний хамт /салгах боломжгүй тул тарианы шилний хамт жинлэсэн/ шинжилгээнд хүргүүлж, шинжээчийн дүгнэлтээр цайвар өнгийн зүйлээр бохирлогдсон тарианы шил, цагаан өнгийн гуурсанд метамфетамин илэрсэн болохыг тогтоожээ. Үүнийг үндэслэн шүүгдэгч нарыг “тарианы шилний хамт 1.6 грамм жинтэй метамфетамины агууламжтай “Мөс” гэх нэршилтэй мансууруулах буюу сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, бусдад өгсөн” гэх гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй байна.

 

Иймд шүүгдэгч Ш.Ц-ын өмгөөлөгч Э.Энххэрлэнгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 208 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

 

2 дахь заалтад “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хоёр жилийн хугацаагаар хорих ялаар шүүгдэгч Б.Б, Ш.Ц- нарыг тус тус шийтгэсүгэй” гэснийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Ц-ыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Б.Бийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй” гэж,

3 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б, Ш.Ц- нарт оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бэд оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ял, шүүгдэгч Ш.Ц-ад оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй” гэж тус тус өөрчилсүгэй.

 

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалт хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгч Ш.Ц-ын өмгөөлөгч Э.Энххэрлэнгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

                                    ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                    М.ПҮРЭВСҮРЭН

                                    ШҮҮГЧ                                                             М.АЛДАР

ШҮҮГЧ                                                            Л.ДАРЬСҮРЭН