Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 107

 

“Зиг заг дизайн” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Г.Банзрагч, Б.Мөнхтуяа, Д.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баяржаргал, хариуцагч Ү.Ууганбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Соёлмаа нарыг оролцуулан, “Зиг заг дизайн” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн татварын газрын Хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч С.Уянга, Ү.Ууганбаяр нарт холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 878 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 221/МА2017/0027 дугаар магадлалтай захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлоор, шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 878 дугаар шийдвэрээр: Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.3, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.1.1, 14.3-д заасныг тус тус баримтлан Нийслэлийн Татварын газрын Хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч нарын 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 220017252 дугаар актын 1.424.545 төгрөгийн нөхөн татварыг нэхэмжлэгч “Зиг Заг Дизайн” ХХК-иар төлүүлж, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-д зааснаар актын 427.363 төгрөгийн торгууль, 712.272 төгрөгийн алданги, бүгд 1.139.544 төгрөгийг өршөөн хэлтрүүлж, төлбөр тогтоосон захиргааны актын төлбөрийн хэмжээг багасгаж шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 221/МА2017/0027 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 878 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.3, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.1.1, 14.3, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэгт хэсэгт заасныг баримтлан “Зиг заг дизайн” ХХК-ийн нэхэмжлэлээс “Нийслэлийн Татварын газрын Хяналтын шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч нарын 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 220017252 дугаар актаар тогтоосон 2.564.180 төгрөгийн төлбөрөөс 427.363 төгрөгийн торгууль, 712.272 төгрөгийн алдангийн төлбөрийг өршөөн хэлтрүүлж, актаар тогтоосон төлбөрийн хэмжээнээс нийт 1.139.635 төгрөгөөр багасгаж, нэхэмжлэлийн шаардлагын бусад хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баяржаргал хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “Зиг заг дизайн" ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн татварын газрын Хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч С.Уянга, Ү.Ууганбаяр нарын 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн төлбөр төлүүлэхээр тогтоосон 220017252 тоот актыг бүхэлд нь хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хянан хэлэлцээд 878 дугаар шийдвэрээр нөхөн татварыг нэхэмжлэгчээр төлүүлэхээр шийдвэрлэсэн. Шийдвэрийг эс зөвшөөрч Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан боловч 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 221/МА2017/0027 дугаар магадлалаар шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхисон. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал нь “Хүслийн дээд” ХХК-ийн үйл ажиллагааг шалгаж буй цагдаагийн байгууллагын албан бичиг, цагдаагийн байгууллагад мэдүүлсэн мэдүүлгийг үндэслэн уг НӨАТ-ын падааныг хуурамч хэмээн үзэж, дээр дурдсан улсын байцаагч нарын актыг хуульд нийцсэн байна гэж үзлээ.

Улсын байцаагч нарын гаргасан акт нь Нэмэгдсэн өртөгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3-д заасныг үндэслэсэн нь хуульд нийцсэн байна гэж үзсэн нь хуулийг үнэн зөв хэрэглээгүй. Татварын албанаас аж ахуйн нэгжүүдийг НӨАТ төлөгчөөр бүртгэж, гэрчилгээ олгож, НӨАТ-ын падаан тараахдаа падаан нэг бүрийг ямар хуулийн этгээдэд олгосноо бүртгэн баталгаажуулж, өөрийн цахим мэдээллийн сайтдаа дурын сонирхогч этгээд харж болохоор байршуулсан байдаг. Тайлант хугацаанд “Хүслийн дээд” ХХК-ийг татварын албаны цахим хаягаар нэр, регистрийн дугаараар шивж шалгахад татварын албанд бүртгэлтэй, НӨАТ төлөгч аж ахуйн нэгж байсан. Тийм учраас нэхэмжлэгчийн тухайн улирлын НӨАТ-ын тайланг татварын улсын байцаагч нар цахимаар хүлээн авч баталгаажуулсан.

Бид бодитой худалдан авалт хийсэн бөгөөд татварын алба өөрөө хэвлэн тараасан НӨАТ-ын падаан дээр худалдагч тал тамга тэмдгээ дарж баталгаажуулсан ба тухайн борлуулалтыг “Хүслийн дээд” ХХК дараа сарын НӨАТ-ын тайландаа тусгаж тайлагнасан байх үүрэгтэй. Худалдан авагч буюу манай компани зах зээлээс НӨАТ шингэсэн үнээр бараа авсан, хуульд заасан журмаар мэдүүлэн тайлагнасаар атал борлуулагч хуулийн этгээд тухайн гүйлгээг тайлагнаагүйгээс манай компанид төлбөр тавьж хариуцлага хүлээлгэсэн нь хууль бус гэж маргасан. Учир нь, тухайн гүйлгээг худалдан авагч, борлуулагч хэн аль нь НӨАТ-ын тайлангаараа дамжуулан харьяалах татварын албандаа тайлан илгээж мэдүүлэх үүрэгтэй.

Бараа, барилгын материал Монгол Улсын хилээр нэвтрэхдээ гааль болон НӨАТ тус тус бүрэн төлөгдөж орж ирдэг. Бид НӨАТ орсон, шингэсэн үнээр бараа, барилгын материал худалдан авч түүгээр бусдад ажил үйлчилгээ үзүүлж эргээд төлбөрөө авахдаа НӨАТ-ын падаан олгож түүнийгээ татварын албанд тайлагнадаг. Ингэж тухайн бараа, ажил үйлчилгээний өртөг өсөж (нэмэгдэж), түүнд ногдуулсан татвар төсөвт төвлөрч, эцсийн хэрэглэгч буюу нийт худалдан авагч уг татварын төлөгч байхаар системчлэгдсэн зарчимтай татвар юм. Борлуулагч, худалдагч аль ч байдлаар НӨАТ-ын падаан бичиж олгосон бол түүнийг тайлагнаж мэдүүлэх хуулийн шаардлагатай, эс биелүүлбэл буруутай этгээдэд хариуцлага хүлээлгэдэг татварын хуулийг байцаагч нар хэрэгжүүлэлгүй манай компанид төлбөр ногдуулсан.

Энэ талаар хариуцагч нар “...хэдийгээр “Зиг заг дизайн” ХХК тухайн гүйлгээг тайлагнасан боловч “Хүслийн дээд” ХХК нь хуурамч НӨАТ бичдэг компани” гэж буруутай этгээдийг хариуцлагаас чөлөөлж, НӨАТ-тай бараа худалдан авсан бидэнд төлбөр ногдуулж акт үйлдсэн. Өөрөөр хэлбэл, татварын хууль зарчмынхаа дагуу хэрэгжээгүй, манай компани нэг бараанд хоёр удаа буюу давхар татвар төлөхөөр акт тогтоосон. “Хүслийн дээд” ХХК-ийн тайлагнасан болон тайлагнаагүй нөхөн татвар буюу хууль зөрчснөөс бий болсон төлбөрийг улсад учруулсан хохирол гэж ойлгож байгаа. Гэтэл татварын улсын байцаагч нар энэ талаар шалгаж тогтоолгүй манай компанийг шууд буруутай мэт үзэж, үндэслэлгүй акт тогтоосон хариуцагч нарын үйлдэл, эс үйлдлийг шүүх анхаарч шийдвэрлэж чадсангүй. Иймд, шийдвэр, магадлалыг хянаж шийдвэрлэж өгнө үү... гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүхийн магадлал Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д заасантай нийцсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй тул хэвээр үлдээж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч “Зиг заг дизайн” ХХК нь “...зах зээлээс НӨАТ шингэсэн үнээр бараа материал худалдан авч хуульд заасан журмаар мэдүүлэн тайлагнасаар атал борлуулагч хуулийн этгээд тухайн гүйлгээг тайлагнаагүйгээс манай компанид төлбөр тавьж, хариуцлага хүлээлгэсэн нь хууль бус” гэж, хариуцагчаас “...хий бичилттэй падаанаар хасалт хийж татвар ногдох орлогыг бууруулсан” гэж тус тус маргажээ.

Нийслэлийн татварын газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч нар Цагдаагийн ерөнхий газрын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын 2015 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 91/3189 тоот албан бичгийг үндэслэн, нэхэмжлэгч “Зиг заг дизайн” ХХК-ийн 2010-2014 оны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хэсэгчилсэн шалгалт хийж, татварын улсын байцаагчийн 2015 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 220017252 дугаар актаар, 2011 онд “Хүслийн дээд” ХХК-ийн 008052508 дугаарын падаанаар 14,245,455.0 төгрөгийн хий бичилт хийн төсөвт төлөх татварыг бууруулсан зөрчилд 1,424,545.0 төгрөгийн нөхөн татвар, 427,363.0 төгрөгийн торгууль, 712,272.0 төгрөгийн алданги, нийт 2,564,180.0 төгрөгийн төлбөрийг ногдуулсан нь Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.3-д заасантай нийцсэн байна.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-д “...нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасч тооцохгүй” гэж зааснаар нэмэгдсэн өртгийн албан татварын падаан нь дангаараа нэмэгдсэн өртгийн албан татвар төлснийг нотлохгүй, санхүүгийн анхан шатны бусад баримтаар уг гүйлгээ хийгдсэн нь тогтоогдсон байх шаардлагатай.

Нэхэмжлэгч “Зиг заг дизайн” ХХК нь 2011 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 008052508 дугаар падаанаар “Хүслийн дээд” ХХК-аас 2 удаагийн худалдан авалтаар 14,245,455.0 төгрөгийн үнийн дүн бүхий барилгын материал худалдан авсан гэж нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулах орлогыг бууруулж тайлагнасан боловч “Хүслийн дээд” ХХК-ийн гэх зарлагын баримт, “Зиг заг дизайн” ХХК-ийн кассын орлого, зарлагын ордероос өөр санхүүгийн анхан шатны баримтгүй, өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч компани уг барилгын материалыг бодитоор худалдан авсан болох нь нотлогдоогүй байна.

Харин маргаан бүхий падааныг Баянгол дүүргийн Татварын хэлтсээс “Хүслийн дээд” ХХК-д хуваарилаагүй, “Эй энд Эй трейдинг” ХХК-д олгосон болох нь дүүргийн татварын хэлтсийн 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 2/2498 тоот албан бичгээр нотлогдсоны гадна “Хүслийн дээд” ХХК нь барилгын материалын худалдаа эрхэлдэггүй, компьютерийн худалдаа эрхэлдэг гэх боловч 2007 оноос хойш үйл ажиллагаа явуулаагүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогджээ.

Мөн, Дүүргийн 2 дугаар прокурорын газрын 2016 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 964 дүгээр прокурорын тогтоолоор, 2010-2011 оны хооронд “Хүслийн дээд” ХХК-ийн тамга тэмдгийг ашиглан НӨАТ-ын хуурамч 81 ширхэг падааныг нэр бүхий 6 аж ахуйн нэгж, байгууллагад ашиглуулах зорилгоор Баянгол дүүргийн татварын хэлтсийн улсын байцаагч нараас зарж борлуулсан гэх үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан боловч “хөөн хэлэлцэх хугацаа дууссан” үндэслэлээр эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.

Дээрх нотлох баримтуудаар нэхэмжлэгч “Зиг заг дизайн” ХХК нь 2011 онд 008052508 дугаарын хий бичилттэй падаанаар 14,245,455.0 төгрөгийн хасалт хийн төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварыг бууруулсан зөрчил гаргасан нь тогтоогдсон, татварын байцаагчийн актаар 2,564,180.0 төгрөгийн төлбөр ногдуулсан нь хуулийн дээрх зохицуулалтад нийцсэн, анхан болон давж заалдах шатны шүүх маргаан бүхий актад үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсгийн 1, 2 дахь заалтыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.6-д заасантай нийцүүлэн өөрчилж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэстэй тул магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 221/МА2017/0027 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                       ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                     М.БАТСУУРЬ

                         ШҮҮГЧ                                                               Б.МӨНХТУЯА