Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дамбадаржаагийн Хулан |
Хэргийн индекс | 183/2016/01861/И |
Дугаар | 2608 |
Огноо | 2017-11-28 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 11 сарын 28 өдөр
Дугаар 2608
2017 оны 11 сарын 28 өдөр | Дугаар 183/ШШ2017/02608 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 1 хороо, 220 мянгат, 23 байр 2 тоотод оршин суух, Сүнэт овогт Энхтүвшингийн Э,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 1 хороо, 220 мянгат, 23 байр 2 тоотод оршин суух, Эрдэнэцагаан овогт Бямбасүрэнгийн Т нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо, 7 хэсэг, Андууд хотхон, 14/1 байр 4 тоотод оршин суух Харгана овогтой Дийн Г /РД:ХЕ61121872/,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо, 7 хэсэг, Андууд хотхон, 14/1 байр 4 тоотод оршин суух, Боржигон овгтой Цэрэнсодномын Д /РД:ХБ64011767/ нарт холбогдох,
Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 484 266 478 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо, 7 хэсэг, Андууд хотхон, 14/1 байр 4 тоотод оршин суух Харгана овогтой Дийн Г,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо, 7 хэсэг, Андууд хотхон, 14/1 байр 4 тоотод оршин суух, Боржигон овгтой Цэрэнсодномын Д нарын,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 1 хороо, 220 мянгат, 23 байр 2 тоотод оршин суух, Сүнэт овогт Энхтүвшингийн Э /РД:ХВ64120678/,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 1 хороо, 220 мянгат, 23 байр 2 тоотод оршин суух, Эрдэнэцагаан овогт Бямбасүрэнгийн Т /РД:ЦЗ82110709/ нарт холбогдох
Зээлийн гэрээг сунгасан гэх хэлцлүүд, 2013 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн зээлийн гэрээ, 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр байгуулсан хэлцлийг тус тус хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авснаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.Э, Б.Т, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч С.Ууганбаяр /ШТЭҮ-0416/, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Золзаяа, нарийн бичгийн дарга Ж.Цээрүүгүндүү нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Э.Э, Б.Т нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэлийн тодруулсан шаардлага, сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа:
Миний бие эхнэр Тийн хамт иргэн Д.Г, Ц.Д нартай харилцан тохиролцож дараах зээлийн гэрээнүүдийг байгуулсан болно.
1.2012-03-12-ны өдөр 7 000 000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй 2 сарын хугацаатай зээлүүлэн зээлийн гэрээ байгуулсан. Зээлийн гэрээний хугацааг 2012-05-12-ны өдрөөс 2016-07-12-ны өдрийг хүртэл сунгасан.
2.2012-12-17-ны өдөр 75 000 000 төгрөгийг сарын 6 хувийн хүүтэй 1 сарын хугацаатай зээлүүлэн зээлийн гэрээ байгуулсан. Энэхүү зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг хангах үүднээс 2012-12-17-ны өдөр Барьцааны гэрээ байгуулж, Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо 2 дугаар 40 мянгатын 37 дугаар байрны 53 тоот байрлах Ц.Дгийн өмчлөлийн 41м2 талбайтай 3 өрөө орон сууцыг барьцаалсан. 2013-02-16-ны өдрөөс 2016-07-16-ны өдрийг хүртэл зээлийн гэрээг сунгаж зээлийн гэрээний хүүг 5 хувь болгон өөрчилсөн.
3.2013-01-07-ны өдөр 10 000 000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй 1 сарын хугацаатай зээлүүлэн зээлийн гэрээ байгуулсан бөгөөд 2013-02-17-ны өдрөөс 2016-07-17-ны өдрийг хүртэл зээлийн гэрээний хугацааг сунгаж, зээлийн хүүг 5 хувь болгож өөрчилсөн.
4.2013-01-16-ны өдөр 80 000 000 төгрөгийг сарын 2 хувийн 10 хоногийн хугацаатай зээлүүлэн зээлийн гэрээ байгуулсан бөгөөд 2013-01-17-ны өдөр 3 000 000 төгрөгийг нэмж нийт 83 000 000 төгрөгийг зээлдүүлсэн. 2013-01-26-ны өдрөөс 2016-07-26-ны өдрийг хүртэл зээлийн гэрээг сунгаж зээлийн гэрээний хүүг 5 хувь болгон өөрчилсөн.
5.2013-02-28-ны өдөр 25 000 000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэйгээр 3 сарын хугацаатай зээлүүлэн зээлийн гэрээ байгуулж 2013-05-28-ны өдрөөс 2016-07-28-ны өдрийг хүртэл зээлийн гэрээг сунгасан юм.
Эдгээр зээлийн гэрээ байгуулагдсанаас хойш зээлийн гэрээний төлбөрийг хугацаандаа төлөөгүй ба зээлийн гэрээг Д.Г, Ц.Д нар нь сунгах хүсэлт гаргасны дагуу бүх зээлийн гэрээг сунгасан болно.
Хариуцагч нар нь зээлийн гэрээнүүдийн хүүг 4 удаа төлсөн. Үүнд: 2013-01-26-ны өдөр 15 000 000 төгрөг, 2013-10-24-ний өдөр 100 000 000 төгрөг, 2014-03-25-ны өдөр 50 000 000 төгрөг, 2016-01-23-ны өдөр 12 500 000 төгрөг, нийт 177 500 000 төгрөг төлсөн. Үүнээс хойш Д.Г, Ц.Д нарыг зээлийн гэрээний үүргээ биелүүлэх талаар удаа дараа шаардлага тавьсан боловч гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа тул Иргэний хуулийн 281.1-д заасны дагуу Д.Г, Ц.Д нараас зээлийн гэрээнүүдийн үлдэгдэл төлбөр болох үндсэн зээл 177 516 450 төгрөг, хүү 235 260 213 төгрөг, алданги 71 489 815 төгрөг, нийт 484 266 478 төгрөгийг гаргуулна. Д.Г, Ц.Д нар нь зээлийн төлбөрийг сайн дураараа төлөөгүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгө болох Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар 40 мянгатын 37 байрны 53 тоотод байрлах Ц.Дгийн өмчлөлийн 41 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулах замаар төлбөрийг барагдуулж өгнө үү.
Нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж байна. Үүнд хариуцагч Ц.Дгээс:
1.2012-12-17-ны өдөр 75 000 000 төгрөгийг зээлж, зээлийн гэрээ байгуулж, үл хөдлөх хөрөнгө барьцаалж барьцааны гэрээ байгуулсан. 2013-02-16-наас 2016-07-16-ныг хүртэл зээлийн гэрээг сунгаж зээлийн хүүг 5 хувь болгон өөрчилсөн тул гэрээний үүрэг үндсэн зээл 59 516 450 төгрөг, хүү 82 430 214 төгрөг, алданги 14 746 991 төгрөг, 156 693 655 төгрөг гаргуулах,
2.2013-01-07-ны өдөр 10 000 000 төгрөгийг зээлж, зээлийн гэрээ байгуулсан бөгөөд 2013-02-17-ноос 2016-07-17-ныг хүртэл сунгаж хүүг 5 хувь болгож өөрчилсөн тул гэрээний үүрэг үндсэн зээл 10 000 000 төгрөг, хүү 13 866 666 төгрөг, алданги 11 933 333 төгрөг, нийт 35 799 999 төгрөг гаргуулах, нийт зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 192 493 654 төгрөг,
Хариуцагч Д.Г, Ц.Д нараас:
1.2013-01-16-нд 80 000 000 төгрөгийг зээлж, 2013-01-17-нд нэмж 3 000 000 төгрөг зээлж, нийт 83 000 000 төгрөг зээлдүүлж гэрээ байгуулсан, 2013-01-26-наас 2016-07-26-ныг хүртэл гэрээг сунгаж хүүг 5 хувь болгон өөрчилсөн тул гэрээний үүрэг үндсэн зээл 83 000 000 төгрөг, хүү 103 838 333 төгрөг, алданги 14 746 991 төгрөг, нийт 201 585 324 төгрөг гаргуулах,
2.2013-02-28-нд 25 000 000 төгрөгийг зээлж, гэрээ байгуулан 2013-05-28-наас 2016-07-28-ныг хүртэл сунгасан тул үндсэн зээл 25 000 000 төгрөг, хүү 35 125 000 төгрөг, алданги 30 062 500 төгрөг, нийт 90 187 500 төгрөг гаргуулах,
Нийт зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 291 772 824 төгрөг гаргуулж өгнө үү.
Хариуцагчийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь хариуцагч нартай харилцан тохиролцоод өөрсдөө зээлийн гэрээний хугацаа сунгах талаар хүсэлт гаргасны дагуу 2012 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн зээлийн гэрээг 2016 оны 7 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл сунгахдаа зээлийн гэрээний хугацаа дуусах өдөр буюу 2016 оны 7 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл сунгасан. Нэхэмжлэгч Б.Тийн зөвшөөрлөөр эрх олгосны дагуу 2012 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн зээлийн гэрээг сунгасан, 2013 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийн зээлийн гэрээг Ц.Д нь зээлийн гэрээний хугацаа сунгах хүсэлт гаргасны дагуу 2016 оны 07 сарын 17-ны өдрийг хүртэл сунгасан.
Мөн 2013 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр 80 000 000 төгрөгийг сарын 2 хувийн хүүтэй, 10 хоногийн хугацаатай зээлүүлэхээр хариуцагч нартай харилцан тохиролцож зээлийн гэрээ байгуулсан. Хариуцагч нар нь 2013 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр хүүгийн хамт 80.533.333 төгрөг төлөх үүрэг хүлээсэн боловч зээлийг хугацаандаа төлөх боломжгүй байгаа талаар хүсэлт гаргасны дагуу тус зээлийн гэрээг 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл сунгасан. Гэрээний үүргээ биелүүлэхгүй байсны улмаас 2016 оны 7 сард Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтэст гомдол гаргахад Д..Г нь “...200 000 000 төгрөгийг авсан, Эоос авсан мөнгийг 7 000 000 төгрөгийг ноос ноолуулан утас, ажилчдын цалин, түрээсийн төлбөрт зарцуулсан, байраа барьцаалсан 75 000 000 төгрөгийг Седан банк бус санхүүгийн байгууллага дээр барьцаалсан байсан 3 өрөө орон сууцыг чөлөөлүүлсэн тэр нь 60 000 000 төгрөгний барьцаанд тавигдсан байсан. Үлдэгдэл мөнгийг үйлдвэрлэлдээ зарцуулсан. Дараагийн 10 000 000 төгрөгийг бас л үйлдвэртээ зарцуулагдсан байх гэж бодож байна. 80 000 000 төгрөгийг Алаг уул ган ББСБ-д барьцаалсан байсан үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай талбайг чөлөөлүүлэхэд зарцуулагдсан. Сүүлийн зээлсэн мөнгийг хүүгийнхээ сургалтын төлбөрт зарцуулагдсан” гэж тайлбар өгсөн байж одоо ямар ч үндэслэлгүй сөрөг нэхэмжлэл гаргаж байна.
Д.Г, Ц.Д нар нь 2015 оны 11 сарын 25-ны өдөр Зээлийн гэрээнүүдийн эргэн төлөлтийн талаар тооцоо нийлж 2014 оны 3 сарын 25-ны өдрөөс 2015 оны 11 сарын 25-ны өдрийг хүртэл нийт 356 787 700 төгрөг болсныг харилцан тохиролцон зөвшөөрч гарын үсэг зурсан. Энэхүү 2015 оны 11 сарын 25-ны өдрийн тооцоо нийлсэн баримт нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасан хэлцэл хүчин төгөлдөр бус байх үндэслэлд огт хамаарахгүй, мөн уг хэлцлийг бид дарамталж хийсэн гэдэг нь худлаа, бид өөрсдөө тооцоо нийлсэн, хүсэл зоригийн илэрхийлэл юм.
Тиймээс Д.Г, Ц.Д нарын гаргасан сөрөг нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Э.Э нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна, шаардлагаа тодруулж өгсөн. Тиймээс зээлийн гэрээгээр хариуцагч нар нь нийт 484 266 478 төгрөгийг төлөөгүй, үүргээ гүйцэтгээгүй хохирол учруулж байгаа учраас хариуцагч нараас гаргуулж өгнө үү, мөн зээлийн гэрээ болон барьцааны гэрээ, зээлийн гэрээний сунгалтуудыг бүгдийг өөрсдөө сайн дураар хийсэн, зээлээ төлж амжихгүй болчихлоо гээд л сунгаж байсан. Тиймээс хүчин төгөлдөр бусад тооцуулах сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй, 80 000 000 төгрөгийг зээлээд би данснаасаа аваад өгсөн, авснаа зөвшөөрч эрүүгийн хэрэгт төлнө гэж ярьж байснаа одоо огт аваагүй гэж байгаад гайхаж байна. Мөн 2015 оны 11 сарын 25-ны өдөр зээлийн гэрээнүүдийг нэгтгэн дүгнэхэд өөрсдөө үлдэгдлээ зөвшөөрөөд гарын үсгээ зурсан юм. Хэрэгтэй үедээ авчихаад өөрсдөө хүсэлт гаргаж сунгачихаад төлөхгүй, аваагүй гэж байгааг зөвшөөрөхгүй. Тиймээс нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.
Нэхэмжлэгч Б.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна, нэхэмжлэлийг хангаж хохиролгүй болгож өгнө үү. Зээлийн гэрээний сунгалтыг хариуцагч нарын өөрсдийнх нь хүсэл зоригийн дагуу л хийсэн. Боломжгүй байгаа тул сунгая гэж өөрсдөө л санал тавьсан. Сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байна гэв.
Хариуцагч Д.Г, Ц.Д нар нь шүүхэд гаргасан хариу тайлбар болон сөрөг нэхэмжлэлдээ:
Тус шүүхэд гаргасан Э.Э Б.Т нарын нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.
1.2012.03.12-ны өдөр 7 000 000 төгрөг зээлийн гэрээг байгуулсан. Энэхүү гэрээний барьцаанд 9911... тэй мобикомын дугаарыг барьцаанд тавьсан бөгөөд зээлийн төлбөрийг төлж байхад Э.Э нь утасны дугаарыг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлдээ авч гэрээг дуусгавар болгосон учир энэ гэрээний дагуу төлөх төлбөргүй.
2.2012.12.17-ны өдрийн 75 000 000 төгрөгийн зээлийн гэрээг байгуулсан, харин Д.Г нь 2013 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр 80 000 000 төгрөг аваагүй, өмнөх 75 сая төгрөгийн гэрээнд төлөх 1 сарын хүү 4 500 000 төгрөгийг төлөх боломжгүй байсан тул хүүг нэмж 2013.01.16-ны өдөр 80 000 000 төгрөгийн зээлийн гэрээ болгон шинэчлэн байгуулсан учир эдгээр гэрээнүүдэд тус тусад нь үндсэн зээл, хүү, алданги тооцон нэхэмжлэх үндэслэлгүй гэж үзэж байна.
3.2013.01.07-ны болон 2013.02.28-ны өдрийн гэрээнүүдийг байгуулан мөнгийг хүлээн авсан. Харин дээрх гэрээнүүдийн хугацааг 2016 он хүртэл огт сунгаагүй, сунгалт хийх талаар ярилцаж байгаагүй тул 2016 он хүртэлх хугацааны хүү алданги төлөх үндэслэлгүй. Хариуцагч нараас Э.Э Б.Т нарт зээлийн төлбөрийг төлж барагдуулсан байх тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Дараах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд:
1.Нэхэмжлэгч Э.Э 2012 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 99113763 дугаарыг хүлээн авч төлбөр тооцоог дуусгавар болгосон. Гэтэл Э.Э өөрөө гарын үсэг зураагүй 2015 оны 5 сарын 12-ны өдрөөс 2016 оны 7 сарын 12-ны өдрийг хүртэл зээлийн гэрээг сунгасан гэх баримтаар хариуцагчаас төлбөр нэхэмжилсэн.
Мөн нэхэмжлэгч Б.Ттэй байгуулсан 2012 оны 12 сарын 17-ны өдрийн зээлийн гэрээний сунгалт гэх баримтад зээлдүүлэгч Б.Т гарын үсэг зураагүй. Төлөөлөх эрхгүй этгээдийн гарын үсэг бүхий баримтаар төлбөр нэхэмжилсэн.
Гэтэл Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2-т "гэрээг бичгээр байгуулахаар хуульд заасан буюу талууд тохиролцсон бол талууд нэг баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурснаар..." гэрээ байгуулагдсанд тооцохоор хуульчилсан байдаг. Мөн ИХ-н 42.2, 43.2.1-д заасныг зөрчсөн байгаа тул талуудын хооронд хэлцэл байгуулагдсанд тооцогдох үндэслэлгүй, талуудын хүсэл зоригийн бүрэн илэрхийлэл гэж үзэх боломжгүй.
Иймд ИХ-н 56 дугаар зүйлийн 56.1.1-т "хууль зорчсон ... хэлцэл" хүчин төгөлдөр бус байна гэж заасны дагуу нэхэмжлэгч талаас 7 сая төгрөгийн зээлийн гэрээг 2015.05.12- ны өдрөөс 2016.07.12-ны өдрийг хүртэл сунгасан гэх хэлцэл, 75 сая төгрөгийн зээлийн гэрээг 2013.02.16-ны өдрөөс 2016.07.16-ны өдрийг хүртэл сунгасан гэх хэлцлийг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү.
2.Ц.Д миний бие Э.Этой 2013 оны 1 сарын 07-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний хугацаа нь 2013 оны 2 сарын 07-ны өдөр дуусгавар болсон. Гэтэл нэхэмжлэгч Э.Э нь Иргэний хуулийн 72 дугаар зүйлийн 72.7-д "хугацааг сунгах тохиолдолд хугацаа дууссан үеэс шинэ хугацааг тоолно" гэсэн хуулийн заалтыг зөрчиж зээлийн гэрээний сунгалтыг 10 хоногийн дараа буюу 2013 оны 1 сарын 17-ны өдөр байгуулсан тул хүчин төгөлдөр бус гэж үзэж байна. Иймд хугацаа тоолох журмыг зөрчин байгуулсан зээлийн гэрээг сунгасан гэх хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох үндэслэлтэй гэж үзэж байх тул сөрөг нэхэмжлэл гаргаж байна.
Мөн нэхэмжлэгч талаас эдгээр хэлцлүүдийг үндэслэл болгон хариуцагч нараас хэдэн төгрөг тус тус нэхэмжилж байгаа нь ч огт тодорхойгүй байна.
3.Б.Г миний бие Э.Эоос 2013 оны 1 сарын 16-ны өдөр 80 000 000 төгрөг зээлж аваагүй. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Э.Эоос шүүхэд гарган өгсөн 2013 оны 1 сарын 16-ны өдрийн Зээлийн гэрээг эхнэр Ц.Д Б.Т нарын хооронд байгуулсан. 2012 оны 12 сарын 17-ны өдрийн 75 000 000 төгрөгийн зээл, зээлийн хүү 4 500 000 төгрөгийг нэмж нэгггэн Д.Г миний нэр дээр шинэ Зээлийн гэрээ байгуулан 75 000 000 төгрөгийн зээлийн гэрээг дуусгавар болгох тухай Б.Т Э.Э нараас хүсэлт тавьсан.
Миний бие хүлээн зовшөөрч 80 000 000 төгрөгийн зээлийн гэрээг байгуулж, мөн шаардсаны дагуу мөнгө хүлээн авсан тухай бичиж өгсөн. Энэ гэрээг байгуулснаар миний эхнэр Ц.Д Б.Ттэй байгуулсан 75 000 000 төгрөгийн зээлийн гэрээ хүүгийн хамт дуусгавар болсон гэж бодож байтал нэхэмжлэгч нараас 75 000 000 төгрөг болон 80 000 000 төгрөгийг хүү, сунгалтууд гэх баримтад заасан үнийн дүнг нэмж нэгтгэн биднээс нэхэмжилсэн байна. Хариуцагч тал энэ гэрээний үүргүүдийг шаардаж байгаа талаар 2016 оны 12 сарын 01-ний өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас олж мэдсэн.
Гэтэл Б.Г миний бие ИХ-ийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасанчлан 80 000 000 төгрөгийг өөрийн өмчлөлд хүлээн аваагүй, захиран зарцуулаагүй, бэлэн болон бэлэн бусаар шилжүүлж өгөөгүй. Зээлийн гэрээг хүүгийн хамт нэмж нэгтгэн дахин шинээр зээлийн гэрээ байгуулсан тул уг гэрээг хууран мэхлэж байгуулсан гэж үзэж байна.
Иймд ИХ-ийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2 болон 59 дүгээр зүлйийн 59.1-д “хэлцэл хийх зорилгоор бусдыг хууран мэхэлсэн бол мэхлэгдсэн этгээд уг хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардах эрхтэй...” гэж заасныг үндэслэн 2013 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн зээлийн гэрээг, хуулийн 56.1.10-д заасан үндэслэлээр уг гэрээг сунгасан гэх хэлцлийг тус тус хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү.
4.2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн баримтыг хариуцагч тал өөрсдийн хүсэл зоригийн дагуу хийгээгүй. Э.Э нь 2015 оны 10 дугаар сараас 11 дүгээр сарын хооронд хариуцагч талын гэрийн хаяг болон ажил үйлдвэрлэл явуулдаг үйлдвэрийн байранд 5-6 удаа 1-2 хүмүүсийн хамт ирж хэрүүл гарган үйлдвэрийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулан, дайрч доромжлон, гэрт насанд хүрээгүй хүүхэд байхад дайрч орох, айлгах, загнах зэргээр зүй бус авирлах болсон. Мөн 2015 оны 11 сарын 23-ны өдөр гэрт үл таних нэг хүний хамт ирж хүүхдүүдийг загнан гэрт дайрч орж айлгахад нь хүүхдүүд Хан-Уул дүүргийн 11 хорооны цагдаагийн хэлтэст дуудлага өгсөн бөгөөд дуудлагын дагуу эргүүлийн 2 цагдаа ирж Э.Эыг үл таних хүний хамт гэрээс гаргасан.
Бид энэ явдлаас болоод Э.Эын өөрийнх нь гараар бичсэн баримтан дээр 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр гарын үсэг зурсан. Үр хүүхэд айлган гэр орон үйлдвэрийн байраар ирж хэрүүл хийж, машинтай залуусыг хөлслөн шөнө өдөргүй араас дагуулж. хамт олны дунд ажил хэргийн нэр хүндэд халдаж байсан учраас хүссэн баримтан дээр нь гарын үсэг зурцгаасан.
Нэхэмжлэгч Э.Э хууль бус хийгдсэн 80 000 000 төгрөгийн гэрээ, 2012 оны 5 сарын 12-ны өдрийн 2013 оны 2 сарын 16-ны өдрийн 2012 оны 2 сарын 17-ны өдрийн сунгалтуудыг баталгаажуулах, халхавчлах, баримтжуулах зорилгоор 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр баримт үйлдэн өөртөө авсан. Хариуцагч нарын зүгээс энэхүү баримтыг үнэ зөв болгох талаар болон дахин нягтлан үзэж тооцоо нийлэх талаар 2016 онд удаа дараа Э.Эод хандсан боловч 2016 оны 12 сарын 01-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байсан.
Иймд хариуцагч нарын зүгээс Э.Этой 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр байгуулсан хэлцлийг ИХ-ийн 56.1.3-д заасныг үндэслэл болгон хүчин төгөлдөр бусад тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж байна. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хүлээн авч хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Золзаяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Зээлийн гэрээ байгуулсан зээл авсан нь үнэн, гэхдээ зээлийн гэрээний хугацааг сунгах талаар харилцан тохиролцоогүй, хүчин төгөлдөр бус хэлцэл тул гэрээний хугацааг сунгасан гэж үзэхгүй. Зээлийн гэрээнд заасан үндсэн зээл, зээлийн гэрээний хугацаанд ашигласан хүүг төлж дуусгасан гэж үзэж байна. Мөн 2013 оны 1 сарын 16-ны өдөр 80 000 000 төгрөгийг хүлээн аваагүй гэдэг. Эрүүгийн хэрэгт гаргасан тайлбарт 80 000 000 төгрөгийг авсан, юунд ашигласныг мэдүүлж байсан боловч энэ нь иргэний хэрэгт нотлох баримтаар үнэлэгдэхгүй. Тиймээс мөнгийг шилжүүлэн аваагүй тул зээлийн гэрээг байгуулсан гэж үзэхгүй, уг гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хууль зөрчсөн, энэ гэрээний сунгалт нь 56 дугаар зүйлийн 56.10-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийгдсэн тул мөн л хүчин төгөлдөр бус. 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр зээлийн гэрээг дүгнэсэн, уг баримтад хариуцагч нь гарын үсгээ зурсан байгаа боловч уг хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т зааснаар өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийгдсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байна. Мөн энэ хэлцлийг хийхэд хүргэсэн байдал нь удаа дараа гэрт нь болон ажлын байранд нь ирсэн, хүн дагуулсан, дайрч орж дарамталсан учраас л гарын үсэг зурсан гэж хэлдэг.
Иймд зээлийн гэрээний сунгалтууд нь хууль зөрчсөн, 2013 оны 1 сарын 16-ны өдрийн 80 000 000 төгрөгний зээлийн гэрээ нь байгуулагдсан гэж үзэхгүй, 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн гэрээ дүгнэсэн хэлцлийг хууль бус хэлцлүүдийг халхавчлах зорилгоор дарамталж, айлгаж хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл болох нь тогтоогдож байх тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү, үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Э.Э, Б.Т нар нь хариуцагч Д.Г, Ц.Д нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 484 266 478 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага, хариуцагч Д.Г, Ц.Д нар нь нэхэмжлэгч Э.Э, Б.Т нарт холбогдуулан зээлийн гэрээг сунгасан гэх хэлцлүүд, 2013 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн зээлийн гэрээ, 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр байгуулсан хэлцлийг тус тус хүчин төгөлдөр бусад тооцуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус шүүхэд гаргажээ.
Шүүх дараах үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.
Нэхэмжлэгч Э.Э нь хариуцагч Д.Гтай 2012 оны 3 дугаар сарын 12-ны өдөр 7 000 000 төгрөгийг 2012 оны 3 дугаар сарын 12-ны өдрөөс 2012 оны 5 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл сарын 5 хувийн хүүтэй, хугацаандаа төлөөгүй бол 0,5 хувийн алданги төлөхөөр зээлийн гэрээ байгуулж, зээлийн гэрээний хугацааг 2012 оны 5 дугаар сарын 12-ны өдрөөс 2016 оны 7 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл сунгасан,
нэхэмжлэгч Б.Т нь хариуцагч Ц.Д, хамтран зээлдэгч Д.Г нартай 2012 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 75 000 000 төгрөгийг 2012 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс 2013 оны 2 дугаар сарын 17-ны өдөр хүртэл 2 сарын хугацаатай, сарын 6 хувийн хүүтэй, хугацаандаа төлөөгүй бол 0,5 хувийн алданги төлөхөөр зээлийн гэрээ байгуулж, мөн 2012 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн барьцааны гэрээгээр Ц.Дгийн өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар 40 мянгатын 37 байрны 53 тоотод байрлах 41 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг барьцаалж, зээлийн гэрээний хугацааг 2013 оны 2 дугаар сарын 16-ны өдрөөс 2016 оны 7 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл сунгаж, сарын хүүг 5 хувь болгон өөрчилсөн,
нэхэмжлэгч Э.Э нь хариуцагч Ц.Дтэй 2013 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр 10 000 000 төгрөгийг 2013 оны 1 дүгээр сарын 07-ны өдрөөс 2013 оны 2 дугаар сарын 07-ны өдөр хүртэл 1 сарын хугацаатай, сарын 3 хувийн хүүтэй, хугацаандаа төлөөгүй бол 0,5 хувийн алданги төлөхөөр зээлийн гэрээ байгуулж, зээлийн гэрээний хугацааг 2013 оны 2 дугаар сарын 17-ны өдрөөс 2016 оны 7 дугаар сарын 17-ны өдрийг сунгаж, сарын хүүг 5 хувь болгон өөрчилсөн,
мөн нэхэмжлэгч Э.Э нь хариуцагч Д.Г, хамтран зээлдэгч Ц.Д нартай 2013 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр 80 000 000 төгрөгийг 2013 оны 1 дүгээр сарын 16-ны өдрөөс 2013 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл 10 хоногийн хугацаатай, 2 хувийн хүүтэй, хугацаандаа төлөөгүй бол 0,5 хувийн алданги төлөхөөр зээлийн гэрээ байгуулж, зээлийн гэрээний хугацааг 2013 оны 1 дүгээр сарын 16-ны өдрөөс 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл сунгаж, сарын хүүг 5 хувь болгон өөрчилсөн,
нэхэмжлэгч Э.Э нь хариуцагч Ц.Дд 2013 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр 3 000 000 төгрөгийг 2013 оны 1 дүгээр сарын 17-ны өдрөөс 2013 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл 10 хоногийн хугацаатай, 2 хувийн хүүтэй, хугацаандаа төлөөгүй бол 0,5 хувийн алданги төлөхөөр мөнгө зээлсэн баримт үйлдсэн, уг гэрээний хугацааг 2013 оны 1 дүгээр сарын 26-ны өдрөөс 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл сунгаж, сарын хүүг 5 хувь болгон өөрчилсөн, ,
нэхэмжлэгч Э.Э нь хариуцагч Ц.Д, хамтран зээлдэгч Д.Г нартай 2013 оны 2 дугаар сарын 28-ны өдөр 25 000 000 төгрөгийг 2013 оны 2 дугаар сарын 28-ны өдрөөс 2013 оны 5 дугаар сарын 28-ны өдөр хүртэл 3 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй, хугацаандаа төлөөгүй бол 0,5 хувийн алданги төлөхөөр зээлийн гэрээ байгуулж, зээлийн гэрээний хугацааг 2013 оны 5 дугаар сарын 28-ны өдрөөс 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл сунгасан болох нь хэрэгт авагдсан Иргэд хоорондын зээлийн гэрээнүүд, зээлийн гэрээ, зээлийн гэрээний хугацаа сунгалтууд, мөнгө хүлээн авсан баримт, барьцааны гэрээ, Төрийн банк, ХААН банкны мөнгөн шилжүүлгийн болон зарлагын баримтууд зэрэг баримтуудаар тогтоогдож байна. /хэргийн 6-25-р хуудас/
Нэхэмжлэгч нар нь хариуцагч Ц.Дтэй 2012 оны 12 дугаар сарын 17-ны өдөр, 2013 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр, хариуцагч Ц.Д болон Д.Г нартай 2013 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр 80 000 000 төгрөг, 2013 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр, 2013 оны 2 дугаар сарын 28-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, зээлийн гэрээний дагуу мөнгийг шилжүүлж, уг зээлийн гэрээг хариуцагч нарын хүсэлтээр удаа дараа сунгаж байсан боловч гэрээний үүргээ биелүүлээгүй тул хариуцагч Ц.Дгээс зээлийн гэрээний үүрэгт 192 493 654 төгрөг, хариуцагч Д.Г, Ц.Д нараас 291 772 824 төгрөг, нийт 484 266 478 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжилсэн.
Хариуцагч нар нь зээлийн гэрээ байгуулж байсан талаараа хүлээн зөвшөөрсөн боловч 2013 оны 1 сарын 16-ны өдрийн зээлийн гэрээний дагуу 80 000 000 төгрөгийг шилжүүлж аваагүй, мөн зээлийн гэрээний хугацааг сунгаагүй тул зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэж, үүрэг дуусгавар болсон гэж маргаад нэхэмжлэгч нарт холбогдуулан зээлийн гэрээний хугацаа сунгалтууд болон 2013 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 80 000 000 төгрөгийн зээлийн гэрээ, талуудын хооронд байгуулагдсан 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Зохигч талууд 2012 оны 3 дугаар сарын 12-ны өдөр, 2012 оны 12 дугаар сарын 17-ны өдөр, 2013 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр, 2013 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр, 2013 оны 2 дугаар сарын 28-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан, мөнгө хүлээн авсан талаараа маргаагүй тул талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлийн гэрээ байгуулагдсан, уг гэрээ нь хүчин төгөлдөр хэлцэл байна гэж үзэв. /хэргийн 6, 10, 16, 18, 21-р хуудас/
Хариуцагч нар нь 2013 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр зээлийн гэрээг байгуулсан боловч зээлийн гэрээний зүйл болох 80 000 000 төгрөгийг хүлээн аваагүй тул зээлийн гэрээ байгуулагдсанд тооцохгүй, өмнөх зээлийн үлдэгдлийг тооцоод байгуулсан гэж маргасан боловч хэрэгт авагдсан баримтаар хариуцагч Д.Г нь 80 000 000 төгрөгийг авлаа гэсэн баримтад гарын үсгээ зурсан, мөн 2013 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн зээлийн гэрээний сунгалтаар үндсэн зээл 80 000 000 төгрөгний зээлийн хүүг сар бүр төлнө гэж харилцан тохиролцсон, Төрийн банкны Э.Эын депозит дансны харилцагчийн хуулгаар 2013 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр 80 500 000 төгрөг зарлага гарсан болох нь тогтоогдож байна. /хэргийн 20, 22, 24-25, 48-49-р хуудас/
Нэхэмжлэгч нар нь хариуцагч Д.Гыг уг мөнгийг шилжүүлэн авсан болох нь эрүүгийн хэрэгт гаргасан тайлбараар тогтоогдоно, 80 000 000 төгрөгийг 10 хоногийн хугацаатай авсан гэдгийг өөрөө мэдүүлсэн гэснийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч үгүйсгээгүй боловч эрүүгийн хэрэгт гаргасан хариуцагчийн тайлбарыг иргэний хэрэгт нотлох баримтаар үнэлэхгүй гэсэн болно.
Мөн хариуцагч нар нь 2013 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 80 000 000 төгрөгийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцож болох хэлцэл, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-д зааснаар өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн, 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар хууран мэхлэж хийсэн гэж сөрөг нэхэмжлэл гаргасан.
Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д “хэлцэл хийх зорилгоор бусдыг хууран мэхлэсэн бол мэхлэгдсэн этгээд уг хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардах эрхтэй” гэж заасан, уг хэлцлийг өмнөх 75 000 000 төгрөгний зээлийн гэрээний хүүг тооцохоор хууран мэхлэж байгуулсан гэсэн боловч мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4-т “энэ зүйлд заасан хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах үндэслэл байгааг мэдсэнээс хойш нэг жилийн дотор нөгөө талдаа гомдлын шаардлага гаргах эрхтэй” байх бөгөөд зээлийн гэрээнд хариуцагч нар нь гарын үсгээ зурсан, уг гэрээг сунгасан баримт 2013 оны 1 сарын 26-ны өдөр үйлдэгдсэн байх тул 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр мэдсэн гэж үзэх үндэслэлгүй байна.
Мөн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-д “өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл” гэж тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр уг хэлцлийн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгох зорилгыг агуулсан, халхавчилж болон халхавчлуулж буй хоёр хэлцэл хийгдсэнээр бий болдог” бөгөөд хариуцагч нар нь уг хэлцлийг 75 000 000 төгрөгний зээлийн гэрээг хүү тооцож байгуулсан, уг хэлцлийг хийх хүсэл зориг эрмэлзэлгүй байсан гэсэн тайлбараа баримтаар нотлоогүй, 2012 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 75 000 000 төгрөгний зээлийн гэрээг байгуулсан, 2013 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр 80 000 000 төгрөгний зээлийн гэрээг байгуулахдаа 75 000 000 төгрөгний гэрээний үүргийг дуусгавар болгосон гэсэн боловч уг гэрээ болон гэрээний сунгалт гэсэн баримтуудад гарын үсгээ зурсан, гарын үсгийг зурсан талаараа маргаагүй болно.
Хариуцагч нар нь уг зээлийн гэрээний дагуу мөнгийг шилжүүлэн аваагүй гэдгийг баримтаар нотлоогүй, уг гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцох үндэслэлгүй байх тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т “мөнгө буюу эд хөрөнгийг шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээ байгуулагдсан тооцно” гэж зааснаар 2013 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн зээлийн гэрээ байгуулагдсан, хүчин төгөлдөр хэлцэл гэж дүгнэв.
Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж зааснаар нэхэмжлэгч нар нь зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй байна.
Хариуцагч нар нь зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон, зээлийн гэрээний хугацааг сунгаагүй тул 2012 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн зээлийн гэрээгээр 7 000 000 төгрөгийг хүлээн авсан боловч 9911-тэй дугаараа зарж төлбөрийг барагдуулж гэрээний үүрэг дууссан.
2012 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 75 000 000 төгрөгийг хүлээн авч, зээлийн гэрээний үүрэгт 79 500 000 төгрөгийг төлөхөөс 2013 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр 15 000 000 төгрөгийг, 2013 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 100 000 000 төгрөгийг төлсөн, 2013 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр 10 000 000 төгрөгийг хүлээн авч, зээлийн гэрээний үүрэгт 10 300 000 төгрөгийг төлөхөөс 2014 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 50 000 000 төгрөгийг төлсөн, 15 300 000 төгрөгний хасалт хийсэн, 2013 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр 3 000 000 төгрөгийг хүлээн авч, 3 020 000 төгрөгийг төлөхөөс 2014 оны 3 дугаар сарын 25-ны өдөр төлсөн 50 000 000 төгрөгнөөс 4 520 000 төгрөгийг хасаж гэрээний үүрэгт тооцсон, 2013 оны 2 дугаар сарын 28-ны өдөр 25 000 000 төгрөгийн хүлээн авч, хүүнд нь 3 750 000 төгрөгийг төлөх байснаас 2015 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр 517 000 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 668 700 төгрөг, 930 000 төгрөг, 550 000 төгрөгт бараа тооцож өгсөн, 2016 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр 12 500 000 төгрөгийг төлж, нийт 15 165 700 төгрөгийг төлсөн, үлдэгдэл 27 461 250 төгрөгийг 2014 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн төлсөн 50 000 000 төгрөгнөөс хасч, нийт 42 626 950 төгрөг төлж үүрэг дуусгавар болсон гэсэн.
Нэхэмжлэгч нар нь 2012 оны 3 сарын 12-ны өдрийн 7 000 000 төгрөгийг зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсонтой маргахгүй, бусад зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсныг хүлээн зөвшөөрөхгүй, зээлийн гэрээнүүдийг харилцан тохиролцоод сунгасан тул зээлийг ашигласны хүүг төлөх үүрэгтэй гэж нэхэмжилсэн.
Хариуцагч нар нь 25 000 000 төгрөгийн зээлийн гэрээг 2015 оны 5 дугаар сарын 12-ны өдрөөс 2016 оны 7 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл сунгасан гэх хэлцэл, 75 000 000 төгрөгийн зээлийн гэрээг 2013 оны 2 дугаар сарын 16-ны өдрөөс 2016 оны 7 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл сунгасан гэх хэлцэл, 10 000 000 төгрөгийн зээлийн гэрээг 2013 оны 2 дугаар сарын 16-ны өдрөөс 2016 оны 7 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл сунгасан гэх хэлцлүүд нь хууль зөрчсөн, 80 000 000 төгрөгний зээлийн гэрээг 2013 оны 1 дүгээр сарын 26-ны өдрөөс 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл сунгасан гэх хэлцлийг өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн, хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн тул хүчин төгөлдөр бусад тооцуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д “хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл” гэж хуулийн хориглох хэм хэмжээг зөрчсөн, эсхүл хуулийн шаардлагыг хангаагүй хэлцэл хамаарахаар заасан боловч хариуцагч нар нь талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээг сунгасан гэх хэлцлүүдийг Иргэний хуулийн ямар хориглох хэм хэмжээг зөрчсөн, хуулийн шаардлага хангаагүй гэдгийг баримтаар нотлоогүй, талуудын хүсэл зоригийн бүрэн илэрхийлэл гэж үзэх боломжгүй гэсэн боловч талууд зээлийн гэрээний хугацаа сунгасан баримтыг үйлдэж, гарын үсгээ зурсан хүчин төгөлдөр хэлцэл байна гэж үзэв.
Мөн талуудын хооронд байгуулагдсан 2013 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр хэлцэл гэж үзсэн тул 80 000 000 төгрөгний зээлийн гэрээг сунгасан баримтыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-д заасан “дээр дурдсан хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн бусад хэлцэлд” тооцох үндэслэлгүй юм.
Иймд хариуцагч нарын зээлийн гэрээний үүргийг төлж дуусгавар болгосон, гэрээний хугацаа сунгагдаагүй, зээлийн гэрээний хугацааг сунгасан хэлцлүүд нь хүчин төгөлдөр бус гэсэн тайлбар нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэгч нар нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-д “хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана” гэж зааснаар зээлийн гэрээг харилцан тохиролцоод сунгасан тул хариуцагч нараас зээлийг ашигласан хугацааны хүүг шаардах эрхтэй боловч хэрэгт авагдсан 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн хэлцлээр зохигч талууд өмнө байгуулсан зээлийн гэрээг нэгтгэн дүгнэж, тооцоо нийлсэн гэж тайлбарласан тул нэхэмжлэгч нь 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс хойших буюу 2016 оны 7 дугаар сарын 16-ны өдрийг хүртлэх хугацаанд зээл ашигласны хүүг хариуцагч нараас шаардсан нь үндэслэлгүй гэж үзэв.
Зохигч талуудын хооронд 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Зээл төлөлтийн нэгтгэн дүгнэсэн гэсэн хэлцэлд “...Г, Д, Э нарын хооронд байгуулсан зээлийн гэрээнүүдийг нэгтэн дүгнэж 2015-11-25-ны байдлаар үндсэн зээл 178 394 000 төгрөг, төлөгдөөгүй хүү 2014-3-25-наас 2015-11-25 хүртэл 178 394 000 төгрөг, нийт 356 787 700 төгрөг болсоныг 2 тал тохиролцож энэ мөнгийг 1 сарын 5 хувийн хүүтэй бодсон болно. Зээлийн төлбөрт өгсөн мөнгөнөөс эхний ээлжинд төлөгдөөгүй хүүг хасаж, илүү гарсныг үндсэн зээлээс хасаж тооцож бодсон” гэжээ. /хэргийн 54-р хуудас/
Шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэгч нар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь уг хэлцлийг байгуулсан, зээлийн гэрээг дүгнэж гарын үсэг зурсан гэдгийг хүлээн зөвшөөрсөн боловч хариуцагч нь хэлцлийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-д зааснаар хүчин төгөлдөр бус, өөрсдийн хүсэл зоригийн дагуу хийгдээгүй, удаа дараа дарамталж, гэр болон ажлын байран дээр ирж, хүн дагуулж сэтгэл зүйн хувьд хүнд байдалд оруулж, ажил хэргийн нэр хүндэд халдаж байсан тул гарын үсэг зурсан, энэ нь хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлэг, цагдаагийн газрын тодорхойлолтоор нотлогдоно гэж тайлбарласан.
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-д “өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл”-ийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож болох боловч 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийг хэлцлийг өмнөх хэлцлүүдийг халхавчлах зорилгоор хийсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх бөгөөд хэрэгт авагдсан 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 14м/5023 тоот Хан-Уул дүүрэг дах Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн тодорхойлолтод “...жижүүрийн албанд 2015 оны 12 дугаар сарын 30-ний өдрийн 19,00 цагт иргэн Дгийн 99993763 дугаарын утаснаас мөнгөний авлагатай хүмүүс гэрт ирээд мөнгөө нэхээд гэрээс гарахгүй байна” гэсэн боловч гэрээг 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр байгуулсан байна. /хэргийн 134-р хуудас/
Мөн дээрх цагдаагийн газрын албан бичиг болон гэрч Т.Отгонпүрэв, Г.Сэр-Од нарын мэдүүлэгт нэхэмжлэгч Э.Эыг хариуцагч нарын ажлын байр болон гэрт нь ирж байсан гэсэн бөгөөд нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа мөнгөө өгөхгүй байгаа юм чинь байнга очиж нэхэлгүй яахав гэж тайлбарласан, хэрэв хариуцагч нар нь нэхэмжлэгчийг удаа дараа дарамталсны улмаас хэлцэл хийсэн гэж үзсэн бол Иргэний хуулийн 60 дугаар зүйлийн 60.3-д зааснаар “...хэлцэл хийгч этгээд нь уг хэлцэл хийснээс хойш нэг жилийн дотор нөгөө талдаа гомдлын шаардлага гаргах” эрхээ хэрэгжүүлээгүй байна гэж үзэв. /хэргийн 137-141-р хуудас/
Иймд зохигч талуудын хооронд байгуулагдсан 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн хэлцэл нь хүчин төгөлдөр хэлцэл байх бөгөөд зохигч талууд уг хэлцлийг байгуулахад буюу зээлийн гэрээний үүргүүдийг нэгтгэн дүгнэхэд үндсэн зээл 178 394 000 төгрөг, төлөгдөөгүй хүү 178 394 000 төгрөг буюу нийт 356 787 700 төгрөгний үүргийг гүйцэтгээгүй гэж дүгнэсэн, уг нэгтгэн дүгнэсэн тооцооллын талаар хэн аль нь маргаагүй тул Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 186 дугаар зүйлийн 186.1, 206 дугаар зүйлийн 206.1-д зааснаар хариуцагч нь гүйцэтгээгүй үүрэг болох 356 787 700 төгрөгийг буцаан өгөх үүрэг үүссэн байна.
Хариуцагч нь 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн хэлцлийн дагуу нэхэмжлэгчид 356 787 700 төгрөгийг төлөх үүрэгтэйгээс уг хэлцлийг байгуулснаас хойш буюу 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс хойш хариуцагч нар нь зээлийн гэрээний үүрэгт 2015 оны 12 дугаар сарын 28-ны зарлагын баримт 02-оор 668 700 төгрөг, зарлагын баримт 01-ээр 930 000 төгрөг, зарлагын баримт 03-р 550 000 төгрөгт бараа тооцож шилжүүлсэн, мөн 2016 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр 12 500 000 төгрөгийг төлсөн гэж тайлбарласан, нэхэмжлэгч нар нь маргаагүй тул 356 787 700 төгрөгнөөс 14 648 700 төгрөгийг /668 700+930 000+550 000+12 500 000=14 648 700, 356 787 700-14 648 700=342 139 000/ хасч тооцох нь зүйтэй гэж үзэв. /хэргийн 65-67-р хуудас/
Иймээс хариуцагч нараас зээлийн гэрээний үүрэгт 342 193 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч нарт олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 142 127 478 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч нарын нэхэмжлэгч нарт холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.
Нэхэмжлэгч нар нь Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 159 дүгээр зүйлийн 159.1, 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Ц.Дтэй байгуулсан 2012 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн барьцааны гэрээгээр барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгийг албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргасан. Зохигч талуудын хооронд байгуулсан барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-т заасан шаардлагыг хангасан, барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгө нь Ц.Дгийн нэр дээр түүний өмчлөлд байгаа болох нь Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн №0051864 тоот гэрчилгээгээр нотлогдож байна. /хэргийн 13-р хуудас/
Иймд зохигч талуудын хооронд байгуулсан барьцааны гэрээ нь хүчин төгөлдөр хэлцэл байх тул нэхэмжлэгч нарын хүсэлтийг хүлээн авч, хариуцагч нар нь үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд хариуцагч Ц.Дгийн, өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо 2 дугаар 40 мянгатын 37 дугаар байрны 53 тоот 41м2 талбайтай, улсын бүртгэлийн 2202003140 дугаарт бүртгэлтэй 3 өрөө орон сууцыг албадан худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 73 дугаар зүйлийн 73.2, 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4, 186 дугаар зүйлийн 186.1, 206 дугаар зүйлийн 206.1-д зааснаар хариуцагч Д.Г, Ц.Д нараас зээлийн гэрээний үүрэгт 342 139 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Э.Э, Б.Т нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 142 127 478 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.3, 56.1.10, 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар хариуцагч Д.Г, Ц.Д нарын нэхэмжлэгч Э.Э, Б.Т нарт холбогдуулан гаргасан зээлийн гэрээг сунгасан гэх хэлцлүүд, 2013 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн зээлийн гэрээ, 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр байгуулсан хэлцлийг тус тус хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч нар нь үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол хариуцагч Ц.Дгийн барьцаа хөрөнгө болох Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо 2 дугаар 40 мянгатын 37 дугаар байрны 53 тоот 41м2 талбайтай 3 өрөө орон сууцыг албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 2.579.290 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 1 868 645 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч нарт олгож, хариуцагч нарын сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 1 488 150 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ХУЛАН