Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 255

 

2018 оны 02 сарын 06 өдөрДугаар 182/ШШ2018/00256Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн ........... хороо, .............. хороолол, ............ гудамж, .............. тоотод оршин суух, Б.О /РД:00000000/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Чингэлтэй дүүргийн ............. хороо, ............. өөрийн байранд байрлах, Т.Б /РД:00000/-д холбогдох,

Ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 22,013,606 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэрэндулам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Билгүүн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэгч нь Т.Бинд 2013 оны 7 дугаар сарын 23-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл хугацаанд Орон нутгийн банкны газрын харъяа зээлийн хэлтсийн захирлаар ажилласан байсан бөгөөд Т.Бны гүйцэтгэх захирлын 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б/1419 тоот тушаалаар талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас нь чөлөөлсөн.

Ажлаас чөлөөлсөн тушаал нь хууль зүйн үндэслэлгүй байсан учраас Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг нөхөн гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгүүлэх нэхэмжлэлийг гаргаж байсан.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 182/ШШ2017/00502 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн бөгөөд Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 1039 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 22-ны адрийн 001/ХТ2017/00999 дугаар тогтоолоор анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус хэвээр үлдээж шийдвэрлэсний дагуу анхан шатны шүүхийн 182/ШШ2017/00502 дугаар шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон юм.

Ийнхүү анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдрөөс хойш ажилд эгүүлэн авсан тушаал гарсан 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэлх хугацаагаар тооцож, цалин хөлстэй тэнцэх олговорт нийт 22,013,606 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлж өгнө үү... гэв.

Хариуцагч Т.Б ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Жавхлан шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.О нь хариуцагч Т.Б ХХК-д холбогдуулан aжилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 22,013,606 төгрөг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх шаардлага гаргажээ.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

Нэхэмжлэгч Б.Оийг хариуцагч байгууллагын гүйцэтгэх захирлын 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б/1419 тоот тушаалаар түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, Т.Б ХХК-ийн орон нутгийн газрын харьяа зээлийн хэлтсийн захирлын ажил албан тушаалаас чөлөөлжээ.

Нэхэмжлэгч Б.О нь хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халсан дээрх тушаалд гомдол гаргасны дагуу Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 182/ШШ2017/00502 дугаар шийдвэрээр түүнийг Т.Б ХХК-ийн Орон нутгийн газрын харьяа зээлийн хэлтсийн захирлын ажил албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 1,581,804 төгрөгийг хариуцагчаас гаргуулж түүнд олгохоор шийдвэрлэсэн байна.

Хариуцагч нь хуульд заасан эрхийнхээ хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргасны дагуу Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 1039 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 001/ХТ2017/00999 дугаар тогтоол тус тус гарч анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагч Т.Б ХХК нь Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 182/ШШ2017/00502 дугаар шийдвэрийг үндэслэн гүйцэтгэх захирлын 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Б/1653 тоот тушаалаар 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс нэхэмжлэгч Б.Оийг Орон нутгийн банкны газрын зээлийн хэлтсийн захирлын ажил, албан тушаалд томилсон байна

Нэхэмжлэгч Б.О нь хариуцагчийн буруутай ажиллагаанаас болж 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдрөөс хойш буюу Т.Б ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Б/1653 тоот Ажилд эгүүлэн томилох тухай тушаал гарах хүртэл хугацаанд цалин хөлсгүй байж хохирсон гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан бол хариуцагч нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан ч нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж байгаагаа баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй болохыг дурдах нь зүйтэй.

Хариуцагч Т.Б ХХК нь нэхэмжлэгч Б.Оийг ажлаас үндэслэлгүй халсан болох нь хэрэгт авагдсан Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 182/ШШ2017/00502 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 1039 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 001/ХТ2017/00999 дугаар тогтоолоор тогтоогдож байх тул шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болж, түүнийг дахин ажилд томилох хүртэл хугацаанд нэхэмжлэгчийг цалин хөлсгүй байсан явдалд шүүх хариуцагчийг буруутгах үндэслэлтэй.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д ажилтныг ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, ... олгоно гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нь хуулийн дээрх үндэслэлээр 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдрөөс хойш ажилд томилсон 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Б/1653 тоот тушаал гарах хүртэл ажилгүй байсан хугацааны олговорт 22,013,606 төгрөгийг нэхэмжилж байгааг буруутгах боломжгүй юм.

Ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасан үндэслэлээр олгохоор зохицуулсан.

Өөрөөр хэлбэл ажилд эгүүлэн тогтоох тухай шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг ажил олгогчоос биелүүлэх хүртэлх хугацаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасан ажилгүй байсан бүх хугацаанд хамаардаг учраас нэхэмжлэгч Б.О нь хариуцагч Т.Б ХХК-иас хуульд заасны дагуу шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хойш, Т.Бны орон нутгийн банкны газрын харьяа зээлийн хэлтсийн захирлаар томилогдох өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг нэхэмжлэх эрхтэй гэж үзнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ гэж заасан бөгөөд хариуцагч нь Б.Оийг Орон нутгийн банкны газрын зээлийн хэлтсийн захирлын ажил, албан тушаалд 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр томилсон болох нь Т.Б ХХК-ийн гүйцэтгэх захирлын Б/1653 тоот албан бичгээр тогтоогдсон.

Нэхэмжлэгч нь Т.Б ХХК-ийн хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөн тушаал гарсан 2016 оны 11 дүгээр сарын 16-наас хойш буюу Гялс төгрөг Хадгаламж зээлийн хоршоонд 2017 оны 4 дүгээр сараас 2017 оны 11 дүгээр сарыг хүртэл гэрээт ажилтнаар ажиллаж цалин хөлс авч, нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан талаарх баримт хэрэгт авагдсан байна.

Энэ нь нэхэмжлэгчийг анхан шатны шүүхийн шийдвэрээр ажилдаа эргүүлэн тогтоогдсоноос хойш Т.Б ХХК түүнийг ажилд нь эргүүлэн авах хүртэл хугацаанд Гялс төгрөг Хадгаламж зээлийн хоршоонд ажиллаж байсан болох нь баримтаар тогтоогдож байгаа хэдий ч энэхүү нөхцөл байдал нь хариуцагчийг Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т зааснаар ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эргүүлэн авах үүргээс чөлөөлөх болон мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасан олговрыг олгохгүй байх үндэслэл болохгүй.

Учир нь ажилтан ажлаас чөлөөлөгдөж, ажилгүй болох, шүүхэд мэдүүлэх эрхээ хэрэгжүүлэх, шүүх уг нэхэмжлэлийн дагуу үүсгэсэн иргэний хэргийг хянан шийдвэрлэх нь ажил олгогчийн хууль бус шийдвэр гаргаснаас үүсэх эрх зүйн үр дагавар мөн тул ажилтны ажлаас халагдсанаас хойш ажилд эгүүлэн тогтоох тухай шүүхийн хүчин төгөлдөр болсон шийдвэрийг ажил олгогчоос биелүүлэх хүртэлх хугацаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасан ажилгүй байсан бүх хугацаанд хамаарах тул ажил олгогч шүүхийн шийдвэрийг биелүүлэх хүртэлх хугацаанд нэхэмжлэгч өөр байгууллагад хөдөлмөр эрхэлж, цалин хөлс авсан нь ажил олгогчийг ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор олгох үүргээс чөлөөлөх үндэслэлгүй.

Нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацаагаа анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдрөөс хойш буюу Т.Б ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Б/1653 дугаартай тушаалаар ажилд томилогдох хүртэлх цалин 22,013,606 төгрөг гэж тодорхойлсон.

Б.О нь Т.Б ХХК-ийн Орон нутгийн банкны газрын харьяа зээлийн хэлтсийн захирлын албан тушаалд сарын 2,900,000 төгрөг, өдрийн 131,818 төгрөгийн цалинтай ажиллаж байсан болох нь Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 182/ШШ2017/00502 дугаар шийдвэрээр тогтоогдсон тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т заасан үндэслэлээр дахин нотлох шаардлагагүй юм

Ийм учраас анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдрөөс хойш ажилд томилсон тушаал гарах хүртэл 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл ажилгүй байсан бүх хугацааны ажлын 167 хоногийн цалин болох 22,013,606 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх үндэслэлтэй.

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т Ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй гэж заасны дагуу хариуцагч Т.Б ХХК-д нэхэмжлэгч Б.Оийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгах нь зүйтэй гэж үзлээ.

Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр гарч шүүх хуралдааныг 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 11 цаг 30 минутад хийхээр товлосон.

2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан давхацсан үндэслэлээр хүсэлт ирүүлсэн байх тул хүсэлтийг хүлээн авч, шүүх хуралдааныг 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 10 цаг 30 минут хүртэл хойшлуулсан.

2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 10 цаг 30 минутад шүүх хуралдаан эхлэхэд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Жавхлан нь өмгөөлөгч авах хүсэлт гаргасныг хүлээн авч, хуульд заасан эрхээр нь хангаж, шүүх хуралдааныг 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 15:00 цаг хүртэл хойшлуулж, хурлын товд хэргийн оролцогчид гарын үсэг зурсан байна.

2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 15:00 цагт товлогдсон шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Э.Жавхлан нь шүүх хуралдааны товыг мэдсэн боловч, ямар нэгэн хүсэлт гаргаагүй, шүүх хуралдааныг эхлэхээр 30 минут хүлээсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хэргийг шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар Т.Б ХХК-иас ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговорт 22,013,606 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Од олгосугай.

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Оийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Т.Б ХХК-д даалгасугай.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хариуцагч Т.Б ХХК-иас 268,018 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 268,018 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ Х.ДАШДЭЧМАА