Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 2366

 

2017 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2017/02366

 

 

Р.Оийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Г.Даваадорж, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 182/ШШ2017/01824 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Р.Оийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “МК” ХХК-д холбогдох,

 

99191213 дугаарын эзэмших, ашиглах эрхийг сэргээлгэх тухай иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 99191213 дугаарыг 2005 оны 5 дугаар сараас эхлэн эзэмшиж, ашиглаж байсан ба “МК” ХХК-иас надад санал болгосны дагуу 99101213 дугаарын урьдчилсан төлбөрт дугаарыг, мөн өөрийн ажлын шаардлагын дагуу 99117595 дугаарыг эзэмшиж, ашигладаг болно.

Би 2016 оны 11 сард 99101213, 99117595 дугааруудын төлбөрийг төлөх үедээ үйлчилгээний ажилтнаас 99191213 дугаарын хугацаа хэзээ дуусахыг асуухад 2017 оны 2 дугаар сард дуусна гэж хэлсэн. Үүнээс хойш би хүнд өвчтэй ахыгаа 1 сар асраад өөрийн биеэр төлбөр хийж чадалгүй дүүгээрээ дамжуулж хийж байсан. Гэтэл ах маань нас барж ажил явдал болж дуусаад 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдөр 99191213 дугаараа сунгуулах гэтэл хугацаа нь дууссан сэргээх боломжгүй гэсэн.

Хэрэглэгчдийн санал гомдол хариуцсан үйлчилгээний ажилтан н.Нарангэрэлд хандахад уг дугаарын хугацаа нь дуусаад 40 хонож байгаа юм байна, сэргээх боломжтой, манайд шинээр журам баталсан, та 10 хоногийн дараа ирж зохих журмын дагуу өргөдлөө өгөөрэй гэсэн.

Би 7 хоног эмнэлэгт хэвтэж байгаад хэлсэн ёсоор 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдөр өргөдлөө бичиж өгсөн. Хариу нь гарахаар ирээрэй гэсэн. Гэтэл хэд хоногийн дараа Мобиком компаниас залгаад “н.Энхсайхан дарга таны дугаарыг өгөх боломжгүй гэсэн хариу өгсөн” гэж хэлсэн. Иймд би хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгт хандсан. Тухайн байгууллагаас “МК” ХХК-д албан бичиг өгсөн байдаг. Гэтэл уг байгууллагын албан бичгийн дагуу “МК” ХХК-иас миний дугаараа ашиглаж, хэрэглэж байсан цаг хугацаатай огт таарахгүй байгаа бөгөөд энэ дугаарыг “МК” ХХК татан авсан учраас би өөрийнхөө дугаарын ашиглалтын талаар баримтжуулах боломжгүй байгаа юм.

Энэ дугаар нь миний бизнесийн түншүүд, найз нөхөд болон бусад харилцагчдад бичиж тэмдэглүүлсэн чухал дугаар учраас зайлшгүй надад хэрэгтэй байгаа юм. Иймд миний дугаарын ашиглалтын хугацаа дуусаагүй байхад үндэслэлгүйгээр хураан авч сэргээж өгөхгүй байгаа тул 99191213 дугаарыг миний нэр дээр эзэмшиж ашиглах эрхийг сэргээж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Р.О өөрийн эзэмшиж ашиглаж байсан 99191213 дугаарын гар утасны хугацаа хэзээ дуусахыг өөрийн биеэр лавлаж мэдсэн байдаг. Урьдчилсан төлбөрт үйлчилгээний нөхцлийг Р.О мэдсэн байх ёстой.

Урьдчилсан төлбөрт үйлчилгээний нөхцлийн талаарх журамд заасны дагуу түүнд 60 болон 88 дахь хоногт нь мессежээр мэдэгдсэн байгаа. Гэтэл өөрөө утсаа нээгээгүй учраас энэ анхааруулга бүхий мессежийг хүлээж авах эсэх нь өөрийнх нь асуудал. Уг мессежийг манайхыг явуулаагүй эсвэл хүлээн аваагүй гэдгээ нотлох ёстой.

Урьдчилсан төлбөрт үйлчилгээний сим картын үүрэн дээр 90 хоногийн хугацаанд хэрэглээ хийхгүй бол дугаар нь хураагдах ёстой талаар анхааруулсан байдаг. Иймд тэрээр дугаараа ашиглахгүй, хэрэглээ хийхгүй 90 хоногийн хугацаа өнгөрсөн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэв.

 

Шүүх: Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт зааснаар ”МК” ХХК-ийн үүрэн телефоны 99191213 дугаарыг нэхэмжлэгч Р.Оийн эзэмшиж ашиглах эрхийг сэргээхийг хариуцагч “МК” ХХК-д үүрэг болгож,

 Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Р.Оээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч “МК” ХХК-иас 70 200 төгрөг гаргуулж Р.Од олгож шийдвэрлэжээ. 

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, нотлох баримтыг ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй гэсэн үндэслэлээр, мөн энэхүү маргааны үнэн зөв шийдвэрлэх талаас нь огт ажиллаагүй харин хэт нэг талыг барьж, хэрэгт авагдсан чухал нотлох баримтуудыг үнэлэлгүй, нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан нотлох баримтгүй тайлбарт ач холбогдол өгч шийдвэр гаргасан гэж үзэж байна.

Нэхэмжлэгч маргаан бүхий дугаарыг 2016 оны 11 сард манай үйлчилгээний ажилтнаас өөрийн биеэр ирж, асууж тодруулаад 2017 оны 2 сард дуусна гэдгийг мэдсэн тухайгаа нэхэмжлэлдээ дурьдсан байдаг. Энэ нь 2017 оны 11-02 cap хүртэл нийт 90-ээс дээш буюу 120 хоногийн хугацаа өнгөрсөн байхад шүүх үүнийг үнэлээгүй юм.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт 2016 оны 11 дүгээр сараас хойш үйлчилгээг авч ашиглаагүй, цэнэглэлт болон хэрэглээ хийгээгүй гэх үндэслэлээр нэхэмжлэгчийн уг дугаарыг эзэмшиж ашиглан авч байсан эрхийг нь цуцалж, үйлчилгээг 2017 оны 2 дугаар сард зогсоосон болох нь талуудын тайлбараар тогтоогдож байна гэсэн боловч нэхэмжлэгч Р.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ "...2016 оны 11 дүгээр сард 99101213, 99117595 гэсэн дугааруудын төлбөрөө хийх үедээ үйлчилгээний ажилтнаас 99191213 дугаарын хугацаа хэзээ дуусахыг асуухад 2017 оны 2 сард гэж хэлсэн..." гэдэг.  Энэ нь нэхэмжлэгч нь 99191213 дугаарыг удаан хугацаанд ашиглаагүй бол хугацаа нь дуусна гэдгийг мэдэж байсан. Тийм учраас үйлчилгээний ажилтнаас тодруулж асуусан гэдгийг илтгэж байна.

Мөн үйлчилгээний ажилтан 2017 оны 02 дугаар сард дуусна гэж хэлсэн хэмээн нэхэмжлэлдээ дурдсан нь нэхэмжлэгч Р.О нь хугацаа дуусна гэдгийг манай байгууллагын ажилтантай уулзан, мэдэж авсан гэдгийг өөрөө нотолж байхад шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчээс огт асууж тодруулаагүй.

Гэтэл шүүхийн зүгээс үйлчилгээний журам нөхцлөө хэрхэн танилцуулсан талаар нотлох баримтгүй байна гэсэн нь үндэслэлгүй бөгөөд энэ нь нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан байдаг. Тиймээс нэхэмжлэгч нэхэмжлэлдээ дурьдсанчлан 99191213 дугаарын хугацаа хэзээ дуусах талаар үйлчилгээний ажилтнаас лавласан тухайгаа бичсэн нь манай байгууллага үүргээ гүйцэтгэж, мэдээллийг өгсөн боловч үйлчлүүлэгчийн ар гэр, биеийн байдлын улмаас дугаарын хугацаа дуусахаас өмнө хугацаагаа сунгуулаагүй гэсэн нь нэхэмжлэгчийн өөрийн буруу, хариуцлагагүй үйлдлээс үүдэлтэй нь тодорхой байна. Мөн нэхэмжлэгч бидэнд дугаараа түр хаалгах тухай ямар нэгэн хүсэлт, бичиг ирүүлээгүй.

Түүнчлэн шүүхийн шийдвэрт хариуцагч "Мобиком Корпораци" ХХК-ийн зүгээс гэрээгээ цуцлах талаар болон нэмэлт хугацаа өгч, мэдэгдсэн талаар нотлох баримтгүй байх тул үүрэн холбооны үйлчилгээ үзүүлэх гэрээ цуцлах эрх хариуцагч талд байхгүй болно гэсэн. Энэ нь илт үндэслэлгүй дүгнэлт юм. Учир нь урьдчилсан төлбөрт үйлчилгээ нь хэрэглэгчтэй гэрээ байгуулдаггүй бөгөөд бидний зүгээс зөвхөн сим карт сэргээх болон цэнэглэх, хугацаа сунгах зэрэг үйлчилгээ үзүүлэн ажилладаг. Гэтэл анхан шатны шүүх талуудын хооронд гэрээ байгуулсан мэтээр дүгнэж шийдвэр гаргасан байна.

Нэхэмжлэгч 99191213 гэсэн дугаарыг "2005 оноос эхлэн эзэмшиж байгаа Мобикомын утасны дугаараар миний аж амьдрал, ажил бизнестэй одоог хүртэл салшгүй холбоотой" гэдэг боловч дугаарын хугацаа дууссанаас хойш 40 хоног буюу 2017 оны 03 дугаар сарын 16-нд ирсэн. Нийт 130 хоногийн хугацаанд ажил амьдралын салшгүй хэсэг болсон дугаарынхаа хугацааг хэзээ дуусах талаар биеэр ирж тодруулчихаад хүн асарсан, эмнэлэгт хэвтсэн шалтгааны улмаас хаалгасан гэж байгаа үндэслэлгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

 

            Нэхэмжлэгч Р.О нь хариуцагч “МК” ХХК-д холбогдуулан 99191213 дугаарыг эзэмших, ашиглах эрхийг сэргээлгэхээр нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

            Хариуцагч “МК” ХХК болон нэхэмжлэгч Р.О нарын хооронд 2005 оны 05 сард үүрэн телефоны 99191213 дугаарыг эзэмшиж, ашиглах тухай гэрээг амаар байгуулсан, уг дугаарыг нэхэмжлэгч эзэмшиж, ашиглаж байсан үйл баримтын хувьд талууд маргаагүй бөгөөд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан хариуцагч байгууллагын үүрэн телефоны үйлчилгээний дугаар эзэмших, ашиглах эрхийг худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн.

 

            Зохигчдын тайлбарыг харьцуулан дүгнэвэл нэхэмжлэгч Р.О нь 2016 оны 11 дүгээр сараас хойш үйлчилгээг авч ашиглаагүй, цэнэглэлт болон хэрэглээ хийгээгүй, хариуцагч байгууллагаас 99191213 дугаарыг эзэмших, ашиглах эрхийг цуцалж, үйлчилгээг 2017 оны 02 дугаар сард зогсоосон үйл баримт тогтоогджээ.

 

            Гэрээгээр талууд хугацаа тохиролцоогүй тул гэрээ дуусгавар болоогүй хүчин төгөлдөр байна.

 

            Хариуцагч талаас гэрээг гэрээний нөгөө талын зөрчилтэй холбогдуулж цуцалсан гэх тайлбар гаргасан боловч гэрээ цуцлахдаа нөгөө талдаа мэдэгдэх, нэмэлт хугацаа тогтоох Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэж үзнэ.

 

Өөрөөр хэлбэл хариуцагч нь нэхэмжлэгчид гэрээг цуцлах талаар нэмэлт хугацаа тогтоож өгснөө нотлоогүй, Нэхэмжлэгч нь гэрээнд заагаагүй дугаарын хэрэглээний төлбөр төлөхөөр хариуцагч байгууллагын ажилтнаас асуух үед гэрээнд заасан 99191213 дугаарын талаар асууж лавлахад /2016 оны 11 дүгээр сард/ дугаар ашиглах хугацаа дуусахад 40 хонож байгааг ажилтан хэлсэн зэрэг талаар хариуцагч маргаагүй. Харин хариуцагч байгууллагын ажилтан уг хугацаа дууссанаар гэрээг цуцлах үр дагаврыг тайлбарлаж өгөөгүй тул нэмэлт хугацаа тогтоосон гэж дүгнэх боломжгүй юм.

 

            Мөн үйлчилгээний дугаарын сим картны хайрцаг дээр “90 хоногийн хугацаанд цэнэглэлт болон хэрэглээ хийгээгүй бол үйлчилгээг зогсоох” анхааруулга байдаг гэсэн хариуцагчийн тайлбар нотлогдоогүйгээс гадна энэ нь гэрээний хэсэг болох стандарт нөхцөлд хамаарах тохиолдолд Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.3.1-т заасан гэрээний нөхцөл ил тод харагдах зарчмыг хангасан гэдгийг хариуцагч мөн нотлох байжээ.

 

            Харин “МК” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 797 дугаартай тушаалаар батлагдсан “Үүрэн телефон холбооны урьдчилсан төлбөрт багцын үйлчилгээний нөхцөл”, “Үүрэн телефон холбооны урьдчилсан төлбөрт нөхцлийн цэнэглэгч картын нөхцөл” зэрэг журмуудыг 2005 онд байгуулагдсан гэрээний нөгөө талдаа танилцуулсан байдал тогтоогдохгүй байх тул уг журмыг нэхэмжлэгч дагаж мөрдөх үүрэгтэй гэж үзэхээргүй байна.

 

            Нэхэмжлэгч Р.О нь “МК” ХХК-ийн 99117595, 99101213 зэрэг дугааруудыг эзэмшиж ашигладаг тул хариуцагч байгууллагаас уг дугааруудад холбогдож, 99191213 дугаарын үйлчилгээтэй холбоотой мэдэгдлийг түүнд хүргүүлэх боломжтой байсан гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 182/ШШ2017/01824 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч “МК” ХХК-иас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.      

 

 

 

                        ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                   А.МӨНХЗУЛ

                                               

                        ШҮҮГЧИД                                                     Г.ДАВААДОРЖ

                                                                                                 

                                                                                             Э.ЗОЛЗАЯА