Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 01824

 

 

 

 

2017 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 182/ШШ2017/01824

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

            Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, тус шүүхийн  танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: тоотод оршин суух О-ийн нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: байрлах М ХХК холбогдох

            9 дугаарыг эзэмших, ашиглах эрхийг сэргээлгэх тухай  иргэний хэргийг хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч О, хариуцагчийн төлөөлөгч Ч, нарийн бичгийн дарга З.Баярцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Би 9 дугаарыг 2005 оны 5 дугаар сараас эхлэн эзэмшиж ашиглаж байсан ба, М компаниас надад санал болгосны дагуу 9 дугаарын урьдчилсан төлбөрт дугаарыг, мөн өөрийн ажлын шаардлагын дагуу 99117595 дугаарыг эзэмшиж ашигладаг болно. Би 2016 оны 11 сард 9, 99117595 дугааруудын төлбөрийг төлөх үедээ үйлчилгээний ажилтнаас 9 дугаарын хугацаа хэзээ дуусахыг асуухад 2017 оны 2 дугаар сард дуусна гэж хэлсэн. Үүнээс хойш би хүнд өвчтэй ахыгаа 1 сар асраад өөрийн биеэр төлбөр хийж чадалгүй дүүгээрээ дамжуулж хийж байсан. Гэтэл ах маань нас барж ажил явдал болж дуусаад 2017 оны 3 дугаар сарын 16-нд ирж 9 дугаараа сунгуулах гэтэл  хугацаа нь дууссан сэргээх боломжгүй гэсэн. Тэхээр нь хэрэглэгчдийн санал гомдол хариуцсан үйлчилгээний ажилтан Нарангэрэлд хандахад уг дугаарын хугацаа нь дуусаад 40 хонож байгаа юм байна, сэргээх боломжтой, манайд шинээр журам баталсан. Та 10 хоногийн дараа ирж зохих журмын дагуу өргөдлөө өгөөрэй гэсэн. Би 7 хоног эмнэлэгт хэвтэж байгаад хэлсэн ёсоор 2017 оны 03 дугаар сарын 24-нд өргөдлөө бичиж өгсөн. Хариу нь гарахаар ирээрэй гэсэн. Гэтэл хэд хоногийн дараа М компаниас залгаад Энхсайхан дарга таны дугаарыг өгөх боломжгүй гэсэн хариу өгсөн гэж хэлсэн. Иймд би хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгт хандсан. Тухайн байгууллагаас М компанид албан бичиг өгсөн байдаг. Гэтэл уг байгууллагын албан бичгийн дагуу М компаниас миний дугаараа ашиглаж хэрэглэж байсан цаг хугацаатай огт таарахгүй байгаа бөгөөд энэ дугаарыг М компани татан авсан учраас би өөрийнхөө дугаарын ашиглалтын талаар баримтжуулах боломжгүй байгаа юм. Энэ  дугаар нь  миний бизнесийн түншүүд, найз нөхөд болон бусад харилцагчдад бичиж тэмдэглүүлсэн чухал дугаар учраас  зайлшгүй надад хэрэгтэй байгаа юм. Иймд миний дугаарын ашиглалтын хугацаа дуусаагүй байхад үндэслэлгүйгээр хураан авч сэргээж өгөхгүй байгаа тул 9 дугаарыг миний нэр дээр эзэмшиж ашиглах эрхийг минь сэргээж өгнө үү гэв.

 

Хариуцагч тал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Оийн гаргаж буй нэхэмжлэл нь үндэслэлгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Учир нь О өөрийн эзэмшиж ашиглаж байсан 9 дугаарын гар утасны хугацаа хэзээ дуусахыг  өөрийн биеэр лавлаж мэдсэн байдаг. Урьдчилсан төлбөрт үйлчилгээний нөхцлийг О мэдсэн байх ёстой. Урьдчилсан төлбөрт үйлчилгээний нөхцлийн талаарх журамд заасны дагуу түүнд 60 болон 88 дахь хоногт нь мессежээр мэдэгдсэн байгаа. Гэтэл өөрөө утсаа нээгээгүй учраас энэ анхааруулга бүхий мессежийг хүлээж авах эсэх нь өөрийнх нь асуудал. Уг мессежийг манайхыг явуулаагүй эсвэл хүлээн аваагүй гэдгээ нотлох ёстой. Урьдчилсан төлбөрт үйлчилгээний  сим картын үүрэн дээр 90 хоногийн хугацаанд хэрэглээ хийхгүй бол дугаар нь хураагдах ёстой талаар анхааруулсан байдаг. Иймд тэрээр дугаараа ашиглахгүй, хэрэглээ хийхгүй 90 хоногийн  хугацаа өнгөрсөн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг  шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

            Нэхэмжлэгч О нь хариуцагч М корпораци ХХК-д холбогдуулан 9 дугаарыг эзэмшиж ашиглах эрхийг сэргээлгэх тухай  шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

           

            Нэхэмжлэгч  О нь урьдчилсан төлбөрт үйлчилгээний дугаарын эрх дууссанаас хойш 90 хоног хүлээхгүйгээр дугаарыг эзэмшиж ашиглах эрхийг хаасан гэж үзэж хариуцагч М корпораци ХХК-д холбогдуулан 9 дугаарыг эзэмшиж ашиглах эрхийг сэргээлгэх тухай  нэхэмжлэл гаргасан.

 

            Хариуцагч М корпораци ХХК, нэхэмжлэгч Оийг уг дугаарыг 90 хоногийн хугацаанд цэнэглэлт болон хэрэглээ /яриа, мессежний үйлчилгээ/  хийж ашиглаагүй тул урьдчилсан төлбөрт үйлчилгээний нөхцлийн тухай журамд заасны дагуу уг дугаарыг эзэмшиж ашиглуулах үйлчилгээг цуцалсан  тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэсэн тайлбар гаргаж маргасан.

 

            Нэхэмжлэгч О нь хариуцагч М корпораци ХХК-иас үүрэн телефоны 9 дугаарыг эзэмшиж ашиглах тухай амаар хэлцэл хийж 2005 оны  5 дугаар сараас хойш уг дугаарыг эзэмшиж үйлчилгээг авч ашиглаж байсан тухайд талууд маргахгүй байна.

 

             Гэтэл 2016 оны 11 дүгээр сараас хойш үйлчилгээг авч ашиглаагүй, цэнэглэлт болон хэрэглээ хийгээгүй гэх үндэслэлээр нэхэмжлэгчийн уг дугаарыг эзэмшиж ашиглан авч байсан эрхийг нь цуцалж үйлчилгээг 2017 оны 2 дугаар сард зогсоосон болох нь талуудын тайлбараар тогтоогдож байна.

 

            Хариуцагч талаас нэхэмжлэгчид буюу хэрэглэгчийн дугаарт үйлчилгээний хугацаагаа сунгах, үйлчилгээний эрхийг нь цуцлах зогсоох талаар анхааруулах мессеж илгээсэн боловч хэрэглэгч дугаараа нээгээгүйн улмаас уг мессежийг хүлээн аваагүй гэж тайлбарлаж байх боловч урьдчилсан төлбөрт үйлчилгээний хэрэглэгчид үйлчилгээний журам нөхцлөө хэрхэн танилцуулсан талаар нотлох баримтгүй байна.

 

            Мөн хариуцагч талаас дугаарын сим картны үүрэн дээр 90 хоногийн хугацаанд цэнэглэлт болон хэрэглээ хийгээгүй бол үйлчилгээг зогсоох талаар анхааруулга байдаг гэж тайлбарлаж байх боловч нэхэмжлэгч Од ийм анхааруулга бүхий сим картыг хэзээ өгсөн тухайгаа нотлоогүй.

 

Хариуцагч талаас Оийг ямар хугацаанд уг дугаарыг ашиглаж үйлчилгээг авч байсан, хэзээнээс эхлэн уг дугаар дээр цэнэглэлт болон хэрэглээ хийхийг зогсоосон талаар нотлох баримтгүй байх бөгөөд  баримтыг хариуцагч тал хадгалах боломжгүй, тодорхой хугацаанд хадгалж байгаад устгагддаг гэж тайлбарласныг дурдах нь зүйтэй гэж үзэв.

 

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч О 9 дугаарыг 2016 оны 11 сараас хойш огт ашиглаагүй буюу цэнэглэлт, хэрэглээ хийгээгүй, хариуцагч талаас анхааруулах мессежийг ямар хугацаанд хүргүүлсэн, уг дугаарын хадгалах хугацаа хэзээ дууссан, дугаарын сим картаа хэзээ солиулж байсан  зэрэг  талаарх баримтыг шүүхэд гаргаж өгөх боломжгүй гэж тайлбарласан болно.

 

            Нэхэмжлэгч О нь хариуцагч талын үүрэн холбооны 99117595, 9 зэрэг дугааруудыг мөн эзэмшиж ашигладаг гэх тул хариуцагч талаас уг дугаарууд руу холбогдож 9 дугаарын үйлчилгээг зогсоох цуцлах тухайгаа мэдэгдэх бүрэн боломжтой байсан гэж үзэх үндэслэлтэй байна.

           

Хариуцагч  талаас М корпораци ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 797 дугаартай тушаалаар батлагдсан “Үүрэн телефон холбооны  урьдчилсан төлбөрт багцын үйлчилгээний нөхцөл”, мөн өдрийн 796 дугаар тушаалаар батлагдсан “Үүрэн телефон холбооны  урьдчилсан төлбөрт нөхцлийн цэнэглэгч картын нөхцөл” зэргийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн боловч уг нөхцөл журмуудыг хэрэглэгч, үйлчилгээ авч буй этгээд, тухайлбал нэхэмжлэгч Од хэрхэн мэдэгдсэн тухайгаа нотолсонгүй.

 

Харилцаа холбооны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т үйчлэгч нь “хэрэглэгч гэрээгээр  хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол үйлчилгээг зогсоох, гэрээг цуцлах эрхтэй” гэж заасан байх боловч талуудын хооронд ямар эрх үүрэгтэй байх талаар харилцан тохиролцсон бичгээр хийсэн гэрээ хэлцэл байхгүй байна.

 

Мөн хариуцагч М корпораци ХХК-ийн зүгээс гэрээгээ цуцлах талаар болон нэмэлт хугацаа өгч мэдэгдсэн талаар нотлох баримтгүй байх тул үүрэн холбооны үйлчилгээ үзүүлэх гэрээг цуцлах эрх хариуцагч талд байхгүй болно.

 

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгч Оийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                             

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д зааснаар М корпораци ХХК-ийн үүрэн телефоны 9 дугаарыг нэхэмжлэгч Оийн эзэмшиж ашиглах эрхийг сэргээхийг хариуцагч М корпораци ХХК-д үүрэг болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч Оээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч М корпораци ХХК-иас 70.200 төгрөг гаргуулж Од олгосугай.

 

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд, зохигч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурьдсугай.

 

 

 

                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                            Ц.АЛТАНЦЭЦЭГ