Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 320

 

2018 оны 02 сарын 20 өдөрДугаар 182/ШШ2018/00320Улаанбаатар хот              

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн ............. хороо, ........... хороолол, ........... байрны ........ тоотод оршин суух, С.Г /РД:0000000/-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Чингэлтэй дүүргийн ........... хороо, ..............., өөрийн байранд байрлах, Т.Б /РД:000000/-д холбогдох

Ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговорт 21,430,519 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Г, түүний өмгөөлөгч Э.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ж, Ж.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэрэндулам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Миний бие Т.Б ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Б/106 дугаар тушаалаар Харилцагчийн гүйлгээний хэлстийн захирлын албан тушаалд томилогдон хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаад 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Б/1412 дугаар тушаалаар ажлаасаа чөлөөлөгдсөн.

Уг тушаалд гомдол гаргаж улмаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 182/ШШ2017/00521 дүгээр шийдвэрээр намайг Т.Б ХХК-ийн Харилцагчийн гүйлгээний хэлстийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг маань хариуцагчаас гаргуулан шийдвэрлэсэн.

Т.Б ХХК нь 2017 оны 11 дүгээр сарын 09-нд намайг ажилд маань эргүүлэн авах тушаал гаргасан.

Ийм учраас Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 182/ШШ2017/00521 дүгээр шийдвэр гарснаас хойш ажилд эгүүлэн авсан Т.Б ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн Б/1661 дүгээр тушаал гарсан өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин 21,430,519 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, Нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж өгнө үү... гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Жавхлан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэгдүгээрт: Нэхэмжлэгч нь шүүхэд ажлаас үндэслэлгүй халагдсан болохоо тогтоолгохоор шүүхэд хандаж анхан шатны шүүхийн шийдвэрээр Гантуяагийн ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 425,556 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн.

Манай банкны зүгээс шүүхийн шийдвэрийг биелүүлж ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт нь 425,556 төгрөгийг бүрэн олгож, Нийгмийн болон Эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нь дээрх хугацааны нөхөн бичилтийг хийсэн.

Хоёрдугаарт: Нэхэмжлэлийн шаардлага болох 21,430,519 төгрөгийг яаж бодоод байгаа нь тодорхойгүй байна. Учир нь Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 55 тоот тушаалын хавсралт Дундаж цалин хөлс тодорхойлох журам байдаг. Гэтэл ямарч үндэслэлээр ингэж нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй байна.

Мөн анхан шатны шүүхийн шийдвэрээр Гантуяагийн ажилгүй байсан хугацааг тодорхойлсон байхад дахин ажилгүй байсан хугацааны цалин гэж нэхэмжилж байгаа нь өөрөө үндэслэлгүй.

Анхан шатны шүүхийн шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг үндэслэн ажилгүй байсан хугацааг нь тодорхойлж, цалинг нь гаргуулан шийдвэрлэсэн.

Гэтэл нэхэмжлэгч нь Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 182/ШШ2017/00521 дүгээр шийдвэрт гомдол гаргаагүй бөгөөд Улсын дээд шүүхээс анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Мөн Нийгмийн даатгалаас ажилгүйдлийн тэтгэмжээ авсан байсан.

Хариуцагчийн хувьд Гантуяад ажилгүй байсан хугацааны цалинг нь бүрэн олгосон учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэв.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь

Нэхэмжлэгч С.Г нь хариуцагч Т.Б ХХК-д холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 21,430,519 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

Нэхэмжлэгч С.Г нь хариуцагч Т.Б ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б/1412 тоот тушаалаар Т.Б ХХК-ийн Харилцагчийн үйлчилгээний хэлтсийн захирлын ажлаас чөлөөлөгдсөн байна.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 182/ШШ2017/00521 дугаар шийдвэрээр С.Гг Т.Б ХХК-ийн Харилцагчийн үйлчилгээний хэлтсийн захирлын ажил албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 8,525,556 төгрөгийг Т.Б ХХК-иас гаргуулж, түүнд олгохоор шийдвэрлэсэн байх ба үүнээс хариуцагчаас ажлаас халагдсаны тэтгэмжид шилжүүлсэн 8,100,000 төгрөгийг хасч тооцон 425,556 төгрөгийг олгуулахаар шийдвэрлэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 182/ШШ2017/00521 дугаар шийдвэрт хариуцагч Т.Б ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргасан ба Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүх 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдөр хянан хэлэлцэж 210/МА2017/01216 дугаар магадлалаар анхн шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн бол Монгол улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 001/ХТ2017/0127 дугаар тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хэвээр үлдээжээ.

Т.Б ХХК-ийн гүйцэтгэх захирал 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 182/ШШ2017/00521 дугаар шийдвэр, Хүний нөөцийн хорооны 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 74 дүгээр шийдвэрийг үндэслэн 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн Б/1661 тоот тушаалаар С.Гг Бүтээгдэхүүн хөгжил, судалгааны газрын орлогч захирлын ажил албан тушаалд томилсон байна.

Нэхэмжлэгч С.Г нь хариуцагчийн буруутай ажиллагаанаас болж 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрөөс ажилд томилсон 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэлх хугацаанд цалин хөлсгүй байж хохирсон гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан бол хариуцагч Т.Б ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хуульд заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол гаргаж, Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн магадлал гарсны дараа шүүхийн шийдвэрийг биелүүлж, С.Ггийн ажиллаж байсан орон тоо цомхотгосон учраас Бүтээгдэхүүн хөгжил, судалгааны газрын орлогч захирлын ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоож ажилгүй байсан хугацааны цалинг нь олгосон, Нийгмийн даатгалын сангаас ажилгүйдлийн тэтгэмж авсан, нэхэмжлэлийн үнийн дүн тодорхойгүй байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргасан.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т Зохигч, түүний төлөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх эрхтэй, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй гэж заасан бөгөөд хариуцагч нь татгалзалаа баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй болно.

Хариуцагч Т.Б ХХК-ийн гүйцэтгэх захирал нь нэхэмжлэгч С.Гг ажлаас үндэслэлгүй халсан болох нь хэрэгт авагдсан Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 182/ШШ2017/00521 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүх 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 210/МА2017/01216 дугаар магадлал, Монгол улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 001/ХТ2017/0127 дугаар тогтоол зэргээр тогтоогдож байх тул шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болж, түүнийг дахин ажилд томилох хүртэлх хугацаанд С.Гг цалин хөлсгүй байсан явдалд шүүх хариуцагчийг буруутгах үндэслэл болж байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д ажилтныг ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, ... олгоно, мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д ажил олгогч болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр шимтгэл төлөх үүрэгтэй гэж тус тус заасан.

Нэхэмжлэгч нь хуулийн дээрх үндэслэлээр 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл 168 хоногийн ажилгүй байсан хугацааны олговорт 21,430,519 төгрөгийг нэхэмжилж байгааг буруутгах боломжгүй юм.

С.Г нь Т.Б ХХК-ийн Бизнес хөгжлийн газрын Бүтээгдэхүүн хөгжлийн хэлтсийн захирлын албан тушаалд сарын 2,317,198 төгрөгийн цалинтай ажиллаж байсан болох нь Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 182/ШШ2017/00521 дүгээр шийдвэрээр тогтоогдсон тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т заасан үндэслэлээр дахин нотлохгүй болно.

Ийм учраас нэхэмжлэгчийг анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрөөс хойш ажилд томилсон тушаал гарах хүртэл буюу 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн хүртэл 168 хоног /168 хоног х 109,302 төгрөг = 18,362,736/-ийн хугацаанд тооцогдох цалинтай тэнцэх олговорт 18,362,736 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3,067,783 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.5-д тус тус зааснаар Т.Б ХХК-иас ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговорт 18,362,736 төгрөг гаргуулж С.Гд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3,067,783 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д зааснаар нэхэмжлэгч С.Ггийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд даалгасугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, 63 дугаар зүйлийн 63.1.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар хариуцагч Т.Б ХХК-иас 249,763 төгрөг гаргуулж С.Гд олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 265,103 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гарган аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ Х.ДАШДЭЧМАА