Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 9А

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунгэрэл даргалж,

нарийн бичгийн дарга Ч.Лхагвасүрэн,

улсын яллагч Ж.Энхжаргал,

иргэний хариуцагч Б.Батцэнгэл,

гэрч Г.Мөнхжаргал,

шинжээч Н.Шинэбаатар,

хохирогч Г.Батбаяр, түүний өмгөөлөгч Ж.Тэгшмандал,

шүүгдэгч Б.Эрхэмбаяр, түүний өмгөөлөгч Б.Сүрэнхүү нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2, мөн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хөх тайж овогт Батцэнгэлийн Эрхэмбаярт холбогдох эрүүгийн 201524000914 дугаартай хэргийг 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1995 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Мото спортын тамирчин, ам бүл 3, эмээ, эцэг нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын 3-39 тоотод оршин суух, Мото спортын төрлөөр “Монгол улсын спортын дэд мастер” цол, Биеийн тамир, спортын улсын хорооны “Спортын алдар” тэмдгээр тус тус шагнагдаж байсан, ял шийтгэлгүй, бие эрүүл, Хөх тайж овогт Батцэнгэлийн Эрхэмбаяр /РД:УЗ95122339/

Холбогдсон хэргийн талаар /прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Б.Эрхэмбаяр нь 2015 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 20 цагийн үед Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг, Амгалангийн буюу Хууль сахиулахын их сургуулийн урд талын уулзвар замд Б.Батцэнгэлийн эзэмшлийн КТМ маркийн улсын дугааргүй мотоциклийг жолоодож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 7.6 дахь заалт “Жолооч хөдөлгөөн эхлэхдээ зам, орчны байдлыг биеэр шалгаж, байр эзлэх, хөдөлгөөний чиг өөрчлөхөд бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх бүх нөхцөлийг хангана” гэснийг зөрчсөнөөс Г.Батбаярын жолоодож явсан 00-16 УБ улсын дугаартай КТМ маркийн мотоцикльтой мөргөлдөж Г.Батбаярын биед хүнд гэмтэл, Г.Мөнхжаргалын биед хөнгөн гэмтэл, КТМ 00-16 УБ дугаартай мотоциклийн эзэмшигч Г.Батбаярт нийт 85.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг,

Мөн дээрх ослын үед Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.5 “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, в/зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага /ажилтанд/-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог, нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх гэсэн заалтуудыг зөрчиж осол гарсан талаар зохих байгууллага, албан тушаалтанд мэдэгдэх үүргээ биелүүлээгүй гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан нотлох баримтыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Эрхэмбаяр шүүхийн хэлэлцүүлэгт: “2015 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Батбаяртай ахтай уулзаж Тэрэлж рүү мотоцикльтой салхинд гарахаар болж замаараа нэг найзыг нь авах гэж зогссон. Явах замд Батбаяр ах байнга улаан гэрлээр гарч эвгүй явж байсан. Энэ талаар ингэж явж болохгүй гэж Батбаяр ах бид 2 ярилцаж байсан. Тэгээд Мөнхжаргал гэх найзыгаа Батбаяр ах ардаа суулгаад бид 3 хөдөлсөн. Хууль сахиулахын их сургуулийн хажуугаар гараад зүүн зүг рүүгээ явж байсан. Тэгээд явж байхад гэнэт улаан гэрэл асаад би зогссон. Тэгтэл Батбаяр ах араас орилж ирээд мөргөсөн. Би уулзварын голд ортол түрэгдээд мотоциклио орхиод эргэж гүйж очоод Батбаяр ахын толгойг өвөр дээрээ тавиад найз болох Мөнхжаргалаар нь түргэн тусламж, цагдаагийн байгууллага дуудуулсан. Би өөрөө тухайн үед утасгүй байсан. Тэгээд хүлээж байгаад түргэн ирэхээр нь эмнэлэгийн машинд Батбаяр ахыг суулгаж явуулсан. Ийм зүйл болсон. Ард хоцорч явж байгаад намайг улаан гэрэл дээр зогсоход орилж ирээд мөргөсөн. Намайг улаан гэрэл дээр зогсоход миний баруун, зүүн талаар мотоцикль багтах хангалттай зай байсан. Би баруун гар тал руугаа шахаж зогссон зүйл байхгүй. Яг осол болсон цэг дээр зогсож үзэхэд миний баруун гар талаар мотоцикль багтах хангалттай зай байгаа. Одоогийн байдлаар хохиролд 5 сая төгрөг өгсөн байгаа. Гэхдээ Батбаяр ах хурдаа тохируулаад явж байсан бол ийм зүйл болохгүй байсан. Батбаяр ах бид хоёр 60 гаран километр цагийн хурдтай явж байсан байх. Сайн санахгүй байгаа. Миний мотоцикль уралдааны мотоцикль учраас толь, улсын дугаар байдаггүй. Би замдаа явж байхдаа Батбаяр ахыг хаана явж байна гэж эргэж харахад миний баруун хойно явж байсан. Гэхдээ зогсох хангалттай зай байсан. Нэгдүгээр эгнээний баруун гар талд 1 метр орчим зай байсан. Хоёрдугаар эгнээ машингүй чөлөөтэй байсан. Мөн би хэргийн газраас зугтаасан зүйл байхгүй. Би Батбаяр ахад хэлж байсан. Хэргийн газар би шөнийн 00 цаг хүртэл байсан. Би их айж сандарсан байсан болохоор Батбаяр ахтай холбогдож чадаагүй. Би нэгдүгээр эгнээний зүүн урд Батбаяр ах миний баруун хойно явж байсан. Би мотоцикль жолоодох эрхийн А үнэмлэхийг 2015 оны 2 сард авч байсан. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэв.

Хохирогч Г.Батбаяр шүүхийн хэлэлцүүлэгт: 2015 оны 8 дугаар сарын 23-ны өдөр 15 цагийн орчим Эрхэмбаяр над руу залгасан. Ахаа өнөөдөр мотоцикльтой жоохон гадуур явъя гэж дуудсан. Тэгээд би 1 дүгээр хороололд гэрт нь очсон. Эрхэмбаяр бид 2 миний мотоцикль дээр сундалдаад Зайсан явсан. Зайсанд очиж Эрхэмбаяр мотоциклио аваад эргээд гэрт нь очсон. Тэгээд гэртээ ороод гарч ирээд утасаар ярьсан. Эрхэмбаярт өөрт нь утас байсан. Тэгсэн Эрхэмбаярын найз охин Тэрэлжид согтуу байна машин барих хүн байхгүй ирээд аваач гэж байна гэсэн. Эрхэмбаяр ахаа таньд машин барих хүн байна уу гэсэн. Би найз болох Мөнхжаргал руу ярьсан. Тэгээд бид 2 Сансараас очиж Мөнхжаргалыг авсан. Эрхэмбаяр ахаа таны мотоцикль арай өндөр юм чинь та ардаа сундалаад яв гээд би Мөнхжаргалыг сундалаад явсан. Тэгээд бид 3 хөдлөөд Хууль сахиулахын их сургуулийн гэрлэн дохионы хажууд зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд явж байсан. Эрхэмбаяр миний зүүн урд талд 2 метрийн зайтай би зорчих хэсгийн баруун хойд талд боржуур шахаад явж байсан. Гэрлэн дохио дөхөөд ирэхэд Эрхэмбаяр над руу шахаад хойд дугуйны хажуу талд нь байгаа яндан нь миний урьд дугуйг шүргэсэн. Тэгээд би унасан. Тэгээд харсан Эрхэмбаяр мотоцикль дээрээ зогсчихсон эргээд над руу харж байсан. Би Мөнхжаргалыг зүгээр үү гэхэд зүгээрээ гээд хүрээд ирсэн. Тэгээд би босох гэхэд миний 2 хөл цээж нь дээрээ ирчихсэн байсан. Тэгээд түргэн дууд гээд Мөнхжаргал утасаараа түргэн тусламж дуудсан. Түргэн тусламж ирээгүй бараг 30 минут болсон. Тэгсэн тэнд 103-ын машин явж байсан. Мөнхжаргал урдаас нь тосож гүйгээд тэгээд эмнэлэг явсан. Ослоос болж нэг хөлөө тайруулсан. Нөгөө хөл сайн эдгэхгүй байгаа мөн гэдсэндээ хагалгаанд орсон. Би ослын дараа нийт 28 сая төгрөгийн хагалгаанд орсон. Миний ухаан санаа орон гаран байх үед 2 удаа мэдүүлэг авсан байдаг. Баримттай зардал гэвэл 13 сая төгрөгийн баримт байгаа. Тухайн үед баримт цуглуулах ямар ч боломж байгаагүй. Миний өмнөөс ах гүйж байсан болохоор дараа нь ийм зүйл болно гэж мэдээгүй байсан. Мөрдөн байцаалтын үед Эрхэмбаярын аав Батцэнгэл манай ахтай уулзаж мөнгө олдохгүй байна машин өгье гэж ярьсан байдаг. Манай ах үгүй ээ дүү ийм болчихоод байхад тийм зүйл байхгүй гэж хэлсэн. Хэсэг хугацааны дараа ах 5 сая төгрөг өгсөн гэж хэлж байсан. Тэгээд үүнийг авсан байдаг. Эрхэмбаяр бид 2-ын хооронд 3 метр гаран зай байсан. Эрхэмбаяр намайг ардаа явж байгааг харсан. Бид 2-ын мотоцикль хавиралдаад би баруун гар талруугаа боржуур даваад шонгийн мод мөргөөд унасан. Мотоцикль яг эгц урагшаагаа юм мөргөвөл урагшаагаа даваад унана. Хажуу тийш шонгийн мод мөргөж унахгүй ээ. Зорчих хэсгийн нэгдүгээр эгнээний зүүн урд Эрхэмбаяр, баруун хойд талд нь би явж байсан. Би улаан гэрэл ассан байхыг хараад хурдаа хассан. 30-40 километр цагийн хурдтай явж байсан. Эрхэмбаяр зогсох үйлдэл хийгээгүй шууд баруун гар тийш огцом дарсан. Тэгээд миний урд дугуйг шүргээд би боржуур даваад унасан. Мөнхжаргал бид 2 замаас 2, 3 метрийн зайтай унасан байсан. Би хөлийнхөө гуя хэсгээр шонгийн мод мөргөсөн байх. Мөнхжаргал миний доод талд унасан байсан. Эрхэмбаяр хажуу тийшээ дарсанаас болоод би унасан. Чигээрээ зогссон зүйл байхгүй ээ. Би нийт 9 удаа хагалгаанд орсон. Энэ хугацаанд Эрхэмбаяр над дээр нэг ч удаа ирээгүй. Би ирэх болов уу гэж харж байсан. Би тухайн өдөр жолооны эрхийн А үнэмлэхтэй явж байсан. Осол болсоны дараа миний үнэмлэх гар утас алга болсон байсан. Одоо 13 сая төгрөгийн үлдэгдэл 8 сая гаран төгрөг нэхэмжилж байна. Яг тодорхой мэдэхгүй байна” гэв.

Иргэний хариуцагч Б.Батцэнгэл шүүхийн хэлэлцүүлэгт: Би хохирогчид учирсан хохиролд нийт 5.000.000 төгрөгийг өгсөн. Үлдсэн хохирлын хувьд хурлын шийдвэрийг харж байна гэв.

Гэрч Г.Мөнхжаргал шүүхийн хэлэлцүүлэгт: “Тухайн өдөр 18 цагийн үед Батбаяр намайг гэрээс дуудсан. Гарч ирэхэд Батбаяр, Эрхэмбаяр 2 мотоцикльтой ирсэн байсан. Эрхэмбаярын найз охин согтуу байна машин бариад өгөөч гэсэн шалтгаанаар намайг дуудсан байсан. Осол болох үед би Батбаярын хойно сууж явсан. Эрхэмбаяр нэгдүгээр эгнээний зүүн урд, Батбаяр бид 2 баруун хойд талд нь явж байсан. Гэрлэн дохио дөхөөд ирэхэд зүүн талаас ямар нэгэн зүйл ирж мөргөн бид 2 боржуур даваад унасан. Би Батбаярыг хойд талаас нь тэвэрч явсан болохоор яг сайн санахгүй байна. Бид 2 боржуурнаас 50 см зайтай явсан. Мөргөлдсөний улмаас замын хажуу тал руу 1 метр гаран шидигдсэн байсан. Батбаяр болохоор тэмдэглэгээний шон гуядаад унасан байсан. Батбаяр намайг чи зүгээр үү гэхэд би зүгээрээ гээд очиход Батбаярын нэг хөл хугарсан байсан. Түргэн тусламж би өөрийнхөө утсаар өөрөө дуудсан. Гэхдээ дуудсан түргэн ирэхгүй байхаар нь замд явж байсан өөр түргэний машиныг гараа өргөж байгаад зогсоож суулгасан. Осол болсоны дараа Батбаяр Эрхэмбаярыг чи яагаад хажуу тийшээ шахаж байгаа юм бэ гэж байсан. Би ойлгохдоо Эрхэмбаяр хажуу талаас шахсан гэж ойлгосон. Эрхэмбаяр хариуд нь юу ч хэлэхгүй зогсож байсан. Түргэн тусламжийн машин ирэхэд би Батбаяртай хамт явсан. Эрхэмбаяр мотоциклио хараад үлдсэн. Тэгээд очоод түргэн тусламжийн цагдаад мэдэгдсэн. Тэгээд цагдаагийн бүрэлдэхүүнтэй хэргийн газар очсон. Батбаярын мотоциклийг цаана хашаанд тавиад Эрхэмбаяр өөрөө явсан байсан” гэв.

Шинжээч Н.Шинэбаатар шүүхийн хэлэлцүүлэгт: Замын хөдөлгөөний дүрмийн 2.3 дахь заалтыг хохирогч Г.Батбаярыг зөрчсөн гэж үзсэн. Энэ дүгнэлтийг хавтаст хэргийн материал дээр тулгуурлан гаргасан. Батбаяр нь хамгаалах малгай өмсөөгүй зөрчигч тээвэрлэж явсан. Мөн Батбаяр нь замын хөдөлгөөний дүрмийн 8.11 дэх заалтыг зөрчсөн. Шүүхийн шинжилгээний төвийн шинжээч Мөнхдалайн дүгнэлтэд тулгуурлаж энэ дүгнэлтийг гаргасан. Миний гаргасан дүгнэлт дээр хурд хэтрүүлсэн гэсэн асуудал яригдаагүй. Эрхэмбаяр гэрэл дохио дээр Замын хөдөлгөөний дүрмийн 7.6-т заасныг зөрчиж зогссон. Учир нь хөдөлгөөний чиг өөрчилж зогссон учраас буруутай. Эрхэмбаяр замын хөдөлгөөний дүрмийн 7.6 дугаар заалтыг зөрчсөний улмаас хойно яваа Батбаяр мөн дүрмийн 8.11 дэх заалтыг зөрчихөд хүргэсэн ийм шалтгаант холбоо байгаа. Батбаяр урд байгаа мотоциклийг огцом зогсохыг мэдэх боломжгүй байсан байх. Шүүгдэгч, хохирогч нарын анхны тайлбарыг уншсан, хохирогч шүүгдэгч нар баруун талаараа диагональдаж явж байсан. Энэ байдлаараа яваад зогссон бол Батбаяр, Эрхэмбаярын араас ирж мөргөх боломжгүй. Эрхэмбаярын буруутай үйлдлээс энэ хэрэг гарсан. Замын хөдөлгөөний дүрмийн 7.6-г зөрчсөн гэв.

Шүүгдэгч Б.Эрхэмбаяр мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Хууль сахиулахын их сургуулийн урд талын 3 замын уулзварын гэрлэн дохион дээр улаан гэрэл асаж зогссон чинь Батбаяр мотоцикльтойгоо араас орилж орж ирээд миний мотоциклийн баруун хойд хэсгийг мөргөөд замын хажууруу уначихсан. Батбаяр араас мөргөсний улмаас би урагшаагаа нилээн хэдэн метр түрэгдэж зогссон. ...Батбаярын найз өөрийнхөө гар утасаар 103 руу залгаж байсан...” гэжээ. /хх-ийн 86-87/,

Гэрч Г.Мөнхжаргал мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...би Г.Батбаярын мотоциклийн ард сундлаад, нөгөө залуу нь мотоцикльтойгоо миний араас дагаад явсан. Ингээд Амгалангийн зам буюу хууль сахиулахын их сургуулийн урд талын 3 замын уулзвар  дөхөж явсан. Тэгтэл гэнэт яагаад ч юм мэдэхгүй замын урагшаа буюу хашлага тал руу /баруун гар тал руу/ мотоцикль унаад, би явган хүний зам дээр уначихсан. Босоод ирсэн чинь Г.Батбаяр замын хажуу талын ус зайлуулах хоолойн дэр хэвтэж байсан. Тухайн үед Г.Батбаярын хөл аймаар хугарчихсан харагдаж байсан болохоор сандраад би өөрийнхөө 9111**** дугаараас 102 руу залгасан, дараа нь 103 руу залгасан. “...Би Г.Батбартай хамт 103-ын машинд сууж явсан. Харин нөгөө залуу 2 мотоциклио хараад үлдсэн. Гэмтлийн эмнэлэг дээр очоод замын цагдаад мэдэгдсэн. Орой 23:00 цагийн үед замын цагдаа намайг дагуулаад осол гарсан газар очсон. Тэгэхэд нөгөө мотоцикльтой залуу мотоциклио унаад явчихсан. Г.Батбаярын мотоциклийг замын урд байх зогсоолд оруулаад тавьчихсан байсан. “...103 хүлээгээд бид гурав байж байхад Батбаяр нөгөө мотоцикльтой залуугаа “чи тэгж мотоциклио дараад байхдаа яадаг юм бэ” гэж хэлж байсан. Миний ойлгож байгаагаар нөгөө мотоцикльтой залуу нь Батбаярын мотоциклийг шахсан юм шиг байна лээ, тэгээд Г.Батбаяр баруун гар тал руугаа унасан байх гэжээ. /хх-ийн 29-30х/

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Батцэнгэл мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Г.Батбаяр зүүн хөлөө тайруулсан, 8 удаа хагалгаанд орж, норкозонд орсон, зарим юмнуудаа санахгүй байгаа. Одоо хэвтрийн дэглэм сахиж байгаа, учраас би оролцож байгаа юм. Одоогийн байдлаар эмчилгээнд баримттай 12 сая төгрөг, баримтгүй 13 орчим сая төгрөг, нийт 24 сая төгрөг байгаа. Гэхдээ энэ 24 сая төгрөг нь 2015 оны 08 дугаар сарын 23-наас 2015 оны 10 дугаар сарын 05-ны хооронд гарсан зардал, 2015 оны 10 дугаар сарын 05-наас хойш бас өөр зардал гарна. Бидний хувьд гомдолтой байна. Одоо Г.Батбаярт хөл хийлгүүлэх гээд гадны эмнэлгүүдэд хандсан байгаа… гэжээ. /хх-ийн 244-245/

Гэрч Б.Батцэнгэл мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Би №2 гэж дугаарласан мотоциклийг үзлээ, миний хүү Эрхэмбаярын унаж байсан мотоцикль мөн байна, миний мотоцикль байгаа юм. 2010 оны 06 дугаар сард санагдаж байна. Герман улсаас Бямба овогтой Гантулга гэх хүнээс захиулж авчруулсан. Тэр цагаас хойш уг мотоциклийг би эзэмшиж байгаа. Улсын дугаар аваагүй, учир нь уг мотоцикльтой замын хөдөлгөөнд оролцдоггүй, зөвхөн уралдааны зориулалтаар ашигладаг. Би “Хурд автомат” клубтэй. КТМ 530 маркийн мотоцикль байгаа юм... гэжээ. /хх-ийн 35-36х/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн №4343 тоот дүгнэлтэд:

1. Шинжилгээнд хүргүүлсэн №1, №2 дугаартай мотоциклын эд анги гэрлийн шил хагарсан бүрэн гэмтэлтэй байна.

2. Шинжилгээнд хүргүүлсэн №1 дугаартай мотоциклын хөдөлгүүрийн хаалт цоорсон, нүүр салсан, урд гэрэл байхгүй, гэрлийн шил хагарсан, зэрэг гэмтлүүдтэй байна. №2 дугаартай мотоциклын тулгуур /дамкрат/ салж хугарсан, яндан зурагдаж, хонхойсон зэрэг гэмтлүүдтэй байна.

3. 3, 4, 5 дугаар асуултад осол хэргийн материал ирүүлээгүй тул хариулах боломжгүй байна.

4. №1, №2 гэж дугаарласан КТМ маркийн мотоциклууд нь тоормосны шингэн дамжуулгатай байна. Тоормосны механизм ажиллаж байна. Тухайн 2 мотоциклын тоормосны хүч болон идэвхжилтийг тогтоох боломжгүй байна.

5. Шинжилгээнд хүргүүлсэн №1, №2 дугаартай мотоцикль нь КТМ маркийн хөдөлгүүрийн багтаамж өөр өөр мотоцикль байна. /хх-ийн 65-66х/

Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн №12471 тоот дүгнэлтэд:

            1. Батбаярын биед зүүн гуяны доод 1/3 хэсгээр тайрсан мэс заслын дараах байдал, баруун хөлийн шаант, тахилзуур ясны далд зөрөөтэй хугарал, баруун хөлийн тахимд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

            2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

            3. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.17, 103.2-д зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 65% алдагдуулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. /хх-ийн 44/,

Шүүх эмнэлгийн дахин шинжилгээний 1315 дугаартай дүгнэлтэд:

            1. Урьд гарсан 12471 тоот акт үндэслэлтэй байна. Батбаярын биед зүүн гуяны доод 1/3 хэсгээр тайрсан мэс заслын дараах байдал, баруун хөлийн шаант, тахилзуур ясны далд хугарал, баруун хөлийн тахимд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.17, 103.2-д зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги 65%-иар алдагдуулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

            2. Г.Батбаярын 12 хуруу гэдэсний шархлаа нь гэмтэлтэй холбоогүй өвчин болно. /2 дугаар хавтас, хх-ийн 7х/,

Шүүх эмнэлгийн №741 шинжээчийн дүгнэлтэд:

            1. Г.Мөнхжаргал тархины доргилт, баруун шуу, гуя, шилбэ, шагай, зүүн шилбэний зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хэрэг болсон нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэж, эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ШЭГЗТЖ-ын 2.4.1-д заасан хөнгөн зэргийн гэмтэл болно.

            3. Уг гэмтлээс болж ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдахгүй эдгэрнэ. /хх-ийн 40х/,

Техникийн дахин шинжилгээний №793 дугаартай дүгнэлтэд:

            1. 00-16 улсын дугаартай КТМ маркийн мотоциклийн жолооч Г.Батбаяр нь МУ-ын ЗХД-ийн 2.3 Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ.

            в/ “мотоцикл жолоодохдоо хамгаалах малгай өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх” мөн ЗХД-ийн 8.11 “Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна” гэснийг зөрсөн байх үндэслэлтэй байна.

            2. Улсын дугааргүй КТМ маркийн мотоциклийн жолооч Б.Эрхэмбаяр нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 7.6 дахь заалт “Жолооч хөдөлгөөн эхлэхдээ зам, орчны байдлыг биеэр шалгаж, байр эзлэх, хөдөлгөөний чиг өөрчлөгдөхөд бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх бүх нөхцөлийг хангана”

а/ Тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрминй 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх,

в/ зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага /ажилтан/-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осол холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх” гэснийг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна.” гэсэн дүгнэлт. /2 дугаар, хх-ийн 18-20х/,

Замын цагдаагийн газар жолоочийн лавлагаа мэдээлэлд: Ховд овогт Ганболдын Батбаяр нь 2004 оны 06 дугаар сарын 14-ний өдөр В ангилал, 2015 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр А ангилал авсан байна. /1 дүгээр хавтас, хх-ийн 109х/,

Замын цагдаагийн газар жолоочийн лавлагаа мэдээлэлд: Хөх тайж овогт Батцэнгэлийн Эрхэмбаяр нь 2014 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр В ангилал, 2015 оны 05 дугаар сарын 10-ны өдөр А ангилал авсан байна. /1 дүгээр хавтас, хх-ийн 188х/,

Зам тээврийн осол хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-4-8, 13-15/, шүүгдэгч Б.Эрхэмбаярын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 86-87/, гэрч Т.Ганбаатарын мэдүүлэг /хх-28-30/, гэрч Р.Раднаагийн мэдүүлэг /хх-32/, гэрч Р.Энхтуяагийн мэдүүлэг /хх-33/, хохирогч Г.Батбаярын мэдүүлэг /хх-ийн 21-26/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Батцэнгэлийн мэдүүлэг /хх-ийн 244-245/, гэрч Г.Мөнхжаргалын мэдүүлэг /хх-ийн 29-30х/, гэрч, иргэний хариуцагч Б.Батцэнгэлийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 35-36/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн №4343 тоот дүгнэлт /хх-ийн 65-66х/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн №12471 тоот дүгнэлт /хх-ийн 44/, шүүх эмнэлгийн №741 шинжээчийн дүгнэлт /хх-ийн 40х/, шүүх эмнэлгийн дахин шинжилгээний 1315 дугаартай дүгнэлт /2 дугаар хавтас, хх-ийн 7х/, техникийн дахин шинжилгээний №793 дугаартай дүгнэлт /2 дугаар, хх-ийн 18-20х/, Замын цагдаагийн газрын жолоочийн лавлагаа мэдээлэл /1 дүгээр хавтас, хх-ийн 109х/, Замын цагдаагийн газар жолоочийн лавлагаа мэдээлэл /1 дүгээр хавтас, хх-ийн 188х/, болон шүүхэд шинээр гаргаж өгсөн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судалсан болно.

Шүүгдэгч Б.Эрхэмбаяр нь 2015 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 20 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг, Амгалангийн буюу Хууль сахиулахын их сургуулийн урд талын уулзвар замд Б.Батцэнгэлийн эзэмшлийн КТМ маркийн улсын дугааргүй мотоциклийг жолоодож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 7.6 дахь заалт “Жолооч хөдөлгөөн эхлэхдээ зам, орчны байдлыг биеэр шалгаж, байр эзлэх, хөдөлгөөний чиг өөрчлөхөд бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх бүх нөхцөлийг хангана” гэснийг зөрчсөнөөс Г.Батбаярын жолоодож явсан 00-16 УБ улсын дугаартай КТМ маркийн мотоцикльтой мөргөлдөж Г.Батбаярын биед хүнд гэмтэл, Г.Мөнхжаргалын биед хөнгөн гэмтэл учруулсан,

            Мөн Замын хөдөлгөөний дүрмийн 2.5 “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, в/ зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага /ажилтанд/-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог, нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх гэсэн заалтуудыг зөрчиж осол гарсан талаар зохих байгууллага, албан тушаалтанд мэдэгдэх үүргээ биелүүлээгүй гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд болон хавтаст хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Тээврийн прокурорын газраас шүүгдэгч Б.Эрхэмбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2, мөн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.1 дэх заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Б.Эрхэмбаярыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан, осол гарсан талаар зохих байгууллага, албан тушаалтанд мэдэгдэх үүргээ биелүүлээгүй гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар хохирогчийг буруутай гэж мэтгэлцдэг боловч шүүх хуралдааны хэлэлцүүлгээр шүүгдэгч Б.Эрхэмбаяр нь Замын хөдөлгөөний дүрмийн 7.6 дахь заалтыг зөрчиж хөдөлгөөний чигээ өөрчилж зогссоны улмаас хойно нь явсан Г.Батбаяр мөн дүрмийн 8.11 дэх заалтыг зөрчихөд хүрсэн шалтгаант холбоотой, түүнчлэн шүүгдэгчийн “…хохирогч миний чанх араас мөргөж би урагшаа түрэгдэн зогссон” гэх мэдүүлэг нь шинжээчийн “… мотоциклийн араас мөргөсөн бол хохирогч эгц урагшаагаа унах байсан” гэсэн мэдүүлэг, шинжээчийн 4343 тоот дүгнэлтэд:”… №2 дугаартай мотоциклын тулгуур /дамкрат/ салж хугарсан, яндан зурагдаж, хонхойсон зэрэг гэмтлүүдтэй байна” гэсэн дүгнэлт зэргээр шүүгдэгчийн мэдүүлэг үгүйсгэгдэж байгаагаас гадна Б.Эрхэмбаярын мотоциклыг Г.Батбаяр араас нь биш хажуу талаас нь мөргөсөн болох нь тогтоогдож байна гэж үзэж шүүгдэгч Б.Эрхэмбаярыг хөдөлгөөний чигээ өөрчлөхдөө бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх  нөхцөлийг хангаагүй гэм буруутай гэж шүүх дүгнэсэн болно.

Мөн шүүгдэгч Б.Эрхэмбаярын унаж явсан мотоцикль уралдааны зориулалттай учраас тольгүй, /улсын дугаар олгогддоггүй/ замын хөдөлгөөнд оролцох эрхгүй, хохирогч Г.Батбаярын мотоцикль зохих зөвшөөрөлтэй, дугаартай, аяллын зориулалттай байсан зэргийг дурьдаж байна.

Шүүгдэгч Б.Эрхэмбаярт прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт заасан хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш 6 сарын хугацаа өнгөрсөн бол “эрүүгийн хариуцлагад татаж болохгүй” үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Шүүх шүүгдэгч Б.Эрхэмбаярт ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, хохиролд 5.000.000 төгрөг төлсөн зэрэг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдлуудыг харгалзан үзэв.

Хохирогч Г.Батбаяр нь эмчилгээний зардалд нийт 24.000.000 төгрөг нэхэмжилж байсан боловч шүүхийн хэлэлцүүлгийн шатанд нотлох баримттай хохирол болох 9.415.213 төгрөгийг нэхэмжилж байгаагаас шүүгдэгч Б.Эрхэмбаярын ар гэр буюу иргэний хариуцагч Б.Батцэнгэлийн төлсөн 5.000.000 төгрөгийг хасч үлдэгдэл 4.415.213 төгрөгийг шүүгдэгч болон иргэний хариуцагч нараас гаргуулж олгохоор, хохирогч Г.Батбаяр нь цаашид гарах гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурьдаж шийдвэрлэв.

Хэрэгт хураагдан ирсэн Б.Эрхэмбаярын А, В ангиллын 953172 дугаартай жолооны үнэмлэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаар дамжуулан Замын цагдаагийн газарт хүргүүлэх шийдвэрлэв.

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн иргэний хариуцагч Г.Батцэнгэлийн КТМ-530 маркийн мотоциклийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлж хохиролд тооцуулан төлүүлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Эрхэмбаярт 2015 оны 09 дүгээр сарын 11-ний өдрөөс бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд уг батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, цагдан хорьж, ял эдлэх хугацааг энэ өдрөөс эхлэн тооцох нь зүйтэй.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.1, 283, 286, 291, 294, 297, 298 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөх тайж овогт Батцэнгэлийн Эрхэмбаярыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчиж осол гарган, бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан, осол гарсан талаар зохих байгууллага, албан тушаалтанд мэдэгдэх үүргээ биелүүлээгүй гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан Тээврийн прокурорын газраас шүүгдэгч  Б.Эрхэмбаярт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар Б.Эрхэмбаярын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Б.Эрхэмбаярт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт заасныг баримтлан Б.Эрхэмбаярын тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан нэмэгдэл ялыг үндсэн ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.

 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

 

7. Хэрэгт битүүмждэгдэн ирсэн КТМ-530 маркийн мотоциклийг хохиролд тооцон төлүүлэхээр шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлсүгэй.

 

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дугаар зүйлийн 499.1, 499.3, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан иргэний хариуцагч Б.Батцэнгэлээс 4.415.213 төгрөгийг гаргуулж хохирогч Г.Батбаярт, шүүгдэгч Б.Эрхэмбаяраас мөн хохирлыг гаргуулж иргэний хариуцагч Б.Батцэнгэлд

 тус тус олгосугай.

 

9. Хохирогч Г.Батбаяр нь цаашид гарах гэм хорын хохиролоо холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.  

 

10. Б.Эрхэмбаярын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн А/В ангиллын 953172 тоот үнэмлэхийг Замын цагдаагийн газрын Лицензийн төвд хүргүүлсүгэй.

 

11. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Б.Эрхэмбаярт авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, ял эдлэх хугацааг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

12. Шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч түүний өмгөөлөгч, иргэний хариуцагч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус  дурдсугай.

 

13. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Эрхэмбаярт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    С.ОЮУНГЭРЭЛ